Sunday, December 18, 2016

Saturday, December 17, 2016

Saturday, November 26, 2016



Стивен Жеррард: Зодог тайлах шийдвэр гаргах амаргүй байлаа

Лиерпүүл болон Английн шигшээ багийн домогт тоглогч Стивен Жеррард (35 настай) хөлбөмбөгөөс зодог тайлжээ. Түүний BT Sports сувагт өгсөн ярилцлагаас сонирхуулъя.

-Тоглогчийн хувиар замналаа эргэн харахад таны чадвар давуу тал нь юу байсан бэ?

-Би онгирч, өөрийгөө дөвийлгөх дуртай хүн биш л дээ... Би юм бүхэнд бага бага чадвартай гэж өөрийгөө боддог юм. Би өөрийгөө гоол их оруулдаг төвийн тоглогч гэж хэлэхгүй, хамгийн шилдэг хамгаалах чиглэлийн хагас гэж хэлэхгүй. Гэвч ямар ч зүйлийг хийх жаахан чадвартай гэж хэлнэ. Би мөргөж, такл хийж, гүйж, холын пасс өгч чадна. Би гоол хийнэ. Энэ л миний чадвар гэж бодож байна. Бие бялдар, тэсвэр тэвчээр байхад юм бүхнийг хийж чадна.

-Тэгвэл таны тоглолтын сул тал гэвэл?

-Эхний жилүүдэд Рафа Бенитес миний сул талыг тун сайн хэлж өгсөн юм. Төвийн тоглогчийн хувьд байрлалаа хадгалах тал дээр сайн биш байна, тун амархан байраа хаяж яваад байна гэж хэлж байсан. Дээр нь, сэтгэл зүй, биеэ барих тал дээр алдсан байж болох юм. Утгагүй шар хуудас, дэмий улаан хуудас гээд. Хэд хэдэн тохиолдолд улаан хуудас авч багийнхаа хүч, сэтгэл зүйг сулруулж байсан. Болдогсон бол цаг хугацааг буцаагаад тэр бүх алдааг засч бүгдийг сайнаар хийхсэн. Гэвч ийм төгс замнал өөр хэнд байсан юм бэ? Тийм ч олон хүнд биш байх аа.

-Ливерпүүл клуб таны хувьд юу вэ?

-Ертөнц. Хар багаасаа энэ клубыг дэмжиж эхэлсэн. Манай гэр бүлд Улаанууд их бий. Энэ л клуб хар багаас минь хурцалж, хүмүүжүүлж, намайг зөв хүн, сайн хөлбөмбөгч болгосон. Ливерпүүлдээ талархах зүйл надад их бий.

-Стиви, та дасгалжуулагч, телевизийн тоймч хоёрын алийг нь илүү сонирхож байна даа?

-Аль алийг нь хийхдээ дуртай байхсан. Одоогоор BT Sports телевизэд буцаж ирж Аваргуудын лиг, Премьер лиг дээр ажиллавал үнэхээр сонирхолтой санагдаж байна. Англид буцаж очоод хийхээр төлөвлөсөн зүйлийн минь нэг нь энэ. Цаашдаа дасгалжуулагч, туслах дасгалжуулагч хийх бодол мэдээж байгаа. Үүнийг л хийх гэж олон жил бэлтгэгдлээ.

-Та олон дасгалжуулагчтай ажиллаж байсан. Таныг дасгалжуулагчийн замнал руу хөтөлсөн хамгийн нөлөөтэй нь хэн байсан бэ?

-Хэн нэгнийг нь нэрлэчихвэл жаахан хүндэтгэлгүй юм болох биз. Би бүгдээс жаахан жаахан зүйл авчихмаар байна. Сайн болон муу тал. Чамтай яаж харьцаж байсан, чи санал зөрөлддөг байсан ч хамт ажиллаж байсан дасгалжуулагчдаас их зүйл сурч болдог. Хэлж, яриад байгаа зүйлийг нь арай өөрөөр хийчиж болох юм шиг санагддаг л даа. Миний ажиллаж байсан дасгалжуулагчдаас тактикийн хувьд хамгийн шилдэг нь яах аргагүй Рафа Бенитес байсан. Гэвч хэн ч мэдээж өөрийнхөөрөө л хийж, өөрийнхөө арга барилаар л дасгалжуулдаг. Тоглолтыг хараад, өөрөө тоглож байсан туршлага дээрээ үндэслээд, сурсан мэдсэн зүйлээ нэмээд өөрийн арга барилыг бий болгодог.

-Тантай хамт тоглож байсан хамгийн шилдэг тоглогч хэн бэ?

-Луис Суарес. Тэр үнэхээр хол тасархай. Гайхамшигтай. 

-Та Америкаас буцаад нүүж байна уу?

-Тийм ээ, гэр бүлтэйгээ Ливерпүүл рүүгээ буцаад нүүж байна.

-Зодог тайлах эцсийн шийдвэрийг гаргахад хэцүү байв уу?

-Тийм ээ, хэцүү байсан. “Би дахиад хэдэн тоглолтод оролцож тогломоор байна. Хөлбөмбөгөө, тоглолтоо санана даа” гэж өөртөө хэлсэн. “Жагсаалаас гарч”, хөдөлж чадахгүй болчихсон юм биш. Одоо ч тодорхой түвшинд тоглож чадна. Гэхдээ би топ түвшинд тоглох дуртай. Тогтмол сайн тоглох дуртай, муу тоглож хүмүүсийн уурыг барах дургүй. Яг ийм байдал байнга давтагдаад ирэхээр “За, хөлбөмбөгөөс зодог тайлах тэр өдөр иржээ” гэж өөртөө хэлсэн. 
11 дэх өрөг тэнцээгээр өндөрлөв

АНУ-ын Нью-Йорк хотод шатрын дэлхийн аваргын төлөөр өрсөлдөж байгаа Норвегийн Магнус Карлсен, Оросын Сергей Карякин нарын 11 дэх өрөг тэнцээгээр дуусч тоглолтын харьцаа 5.5-5.5 боллоо. Карякин цагаанаар тоглож, гурван цаг үргэлжилсний эцэст хайнцсан байна. Хоёр тоглогч 11 өрөг тоглосноос ес нь тэнцээгээр өндөрлөж, тус бүр нэг хожжээ. Сүүлчийн буюу 12-р өрөг тэнцээгээр өндөрлөвөл тэд богиносгосон цагаар таван өрөг тоглоно. Дэлхийн аварга цолоо хамгаалан тоглож буй Карлсен 25, Карякин 26 настай. 



“Түүх намайг цагаатгана”

Фидель Кастро өөд болжээ. Тэртээх 1959 онд АНУ-ын талыг баримтлагч Батистагийн дэглэмийг түлхэн унагаж эрх чөлөөний Куба арлын жолоог атгаснаас хойш социалист дэглэмийг цогцлоон бүтээх үзэл бодол, их үйлстээ үнэнч байсаар дуусав. Цогцос нь хөрж ч амжаагүй байхад есөн жорийн асуулт урган гарсаар. Кастрогийн дэглэм яагаад ийм удаан оршин тогтнож байна вэ? Яагаад Куба орон Латин Америкийн цорын ганц коммунист дэглэм болон хувирав аа? Таван аравны турш үргэлжилсээр байгаа энэ дэглэмийн мөн чанар, утга учир нь юу вэ? Куба улс Кастрогүйгээр оршин тогтнох уу? Кастризмийн төгсгөл ирэх нь энэ үү?
Энэхүү эгэлгүй сонирхолтой хүнийг ойлгохын тулд Кубын бүгд найрамдах улсын түүхийг эргэн санах хэрэгтэй болно. Фидель Кастро тэнгэрээс унаж ирээгүй, тамаас ч өгсөж гарч ирээгүй. Тэр бол кубачууд улс болон бүрэлдэж байх цаг үед оршиж байсан тодорхой үзэл бодол, хандлагын нэг бүтээгдэхүүн. Түүнийг Куба орон төрүүлсэн, учир нь эрх чөлөөний арал нь ийм хүн, иймэрхүү үр жимс ургахад бэлтгэгдсэн байсан юм.
1926 онд буюу хүний эрхийг нухчин дарж, харгис хатуу бодлого явуулж басан генерал Херардо Мачадогийн засаглалын үед төрсөн Фидель эрх баригчдыг эгдүүцсэн тэмцэгч, хувьсгалч орчин, нөхцөлд өсөн торнижээ. Түүнийг бага байхад Кубад Засгийн газрын эсрэг бослого гарч дарангуйлагч генерал Мачадо 1933 онд улс орноосоо зугтан гарлаа. Херардо Мачадог зайлуулан эрх мэдэлд гарч ирсэн Фулхенсио Батиста ч дарангуйлагч болон хувирч, үүнд эгдүүцсэн куба иргэд дахин өөрчлөлт, хувьсгалыг хүсч байв. Ийм л нөхцөл байдалд төрөх ёстой байсан хувьсгалч жамаараа гарч ирж, нэг хүн, нэг хувьсгалч төрөх ёстой байсан нь Фидель болж таарсан хэрэг.
1959 оноос хойш улс орноо 60 жил удирдахдаа боловсрол, эмнэлгийн үйлчилгээ, спорт, урлаг гээд ямар ч улс орон атаархам их амжилтад хүрчээ. АНУ тэргүүтэй улс орнууд Кастрогийнхны нэг намын систем, сөрөг хүчнийг нухчин дардаг зэргийг нь шүүмжлэн, төрөл бүрээр хавчин боосоор ирсэн ч тэрээр социализмыг байгуулах үйл хэрэгтээ дэндүү үнэнч байсан юм. Куба иргэд нийтээрээ ядуу, тун бага орлоготой  амьдарсаар ирсэнд мэдээж зөрүүд Кастрогийн “хувь нэмэр” их. Ердөө хамар дор нь байдаг жижигхэн Куба орон хэлсэн, ярьснаар нь хөдлөхгүй гөжүүдэлж, цэргийн хүчээр байлдан эзлэх гээд ч бүтэлгүйтсэн тул АНУ тус арлын эсрэг эдийн засаг, худалдааны хориг арга хэмжээ нь авсан нь одоо ч үргэлжилсээр, Кубын эдийн засгийн хөгжил, ард иргэдийнх нь элбэг, хангалуун амьдрах боломжийг хязгаарласаар байгаа билээ.
Дэлхийд хамгийн хүчирхэг гэгддэг америкуудын ч өмнө хугарч, нугараагүй, амийг нь хөнөөх гэсэн Тагнуулын төв газар, Холбооны мөрдөх товчооны олон оролдлого, халдлагыг тэсч амьд үлдэж урт удаан наслаад (90) өөд болсон Фиделийг дэлхий даяараа дурсаж, хүндэтгэж, гашуудаж буйн зэрэгцээ баярлаж, хөөрсөн хүмүүс ч их байна. Кубын хувьсгалын дараа эх орноосоо зугтан гарсан олон зуун мянган куба иргэн, тэдний үр хүүхэд “Кастро төгсгөл боллоо, Куба орон өөрчлөгдөх цаг нь ирлээ, Кастрогийн дэглэм төгслөө, Кубад ардчилал, чөлөөт нийгэм бий болох эхлэл тавигдлаа” хэмээн баярлаж байна. Цогтой хувьсгалч ахынхаа залгамж халааг авсан Кубын удирдагч Рауль Кастро эдүгээ 85 настай. Түүнийг “явсны” дараа Куба улсад эрс биш юм аа гэхэд, томоохон өөрчлөлт гарах нь гарцаагүй юм.

“Социализмыг байгуулах үйл хэргээсээ би хэзээ ч ухрахгүй. Энэ замналдаа би олон зүйлийг золиослосон. Та нар намайг уучилж, зөвтгөхгүй ч түүх намайг цагаатгана” хэмээн командлагч Фидель алдарт үгээ хэлж байв. Фидель өөд болсон ч Рауль байж байна. Хувьсгалч ахынхаа үнэнч дагуул, үйл хэргийг нь үргэлжлүүлэгч нь байхад Куба оронд эрс өөрчлөлт гарахгүй, тайван амгалан байх нь мэдээж. Харин хэдэн жилийн дараа, Кубын хувьсгалын дараа мэндэлсэн куба улстөрчид улс орноо хэрхэн удирдаж, хаашаа хөтлөх нь хамгийн сонирхолтой.      

Monday, November 7, 2016



Хиллари Клинтон уу, Дональд Трамп уу?

Сүүлчийн тулааны өмнөх нам гүм. АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр хэн сонгогдох вэ? Дэлхий нийтийн анхаарлыг өөрийн эрхгүй соронз мэт татдаг Америкийн нэгдсэн улсын лидерийн сонгуулийн сурталчилгаа, кампанит ажил дуусч санал хурааж, дүнг нь зарлах л үлдээд байна. Олон фирм, агентлагийн судалгааг нэгтгэж гаргадаг RealClearPolitics Хиллари 203 төлөөлөгчийн саналыг найдвартай авна гэж тооцжээ. Трамп 164 төлөөлөгчийн санал авч, 171 санал хаашаа ч эргэж магадгүй гэсэн дүр зураг харагдаж байна. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоход 270 төлөөлөгчийн санал шаардлагатай.
Ялах магадлалтай нэр дэвшигчээр яах аргагүй тэргүүн хатагтай, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан, сенатч Хиллари Клинтон нэрлэгдэж байгаа юм. Эмэгтэйчүүд болон латин гаралтай (испани хэлтнүүд) америкууд Хилларийг түлхүү дэмжиж байгаа бол, цагаан арьстай ажилчин анги болон мөнгөлөг хүмүүс Трампыг дэмжиж буй дүр зураг харагджээ. Сонгуулийн кампанит ажил хаагдахын өмнөхөн Цагаан ордны экс эзэн Билл Клинтон Америкийн ардчиллын өлгий гэгддэг Филадельфид очиж Ардчилсан намын нэр дэвшигчийг дэмжжээ. Олон нийтийн судалгаагаар өрсөлдөгчөөсөө хоцорч яваа Дональд Трамп эцсийн мөчид шийдвэрээ гаргадаг эргэлзэгч хэсгийнхэнд найдлага тавьж, горьдлогын нүдээ чилээсээр сууна. Холбооны мөрдөх товчоо сүүлчийн өдөр Хилларийн цахим шуудантай холбоотой хэргийг шалгахаа зогсоон уг хэргийг хааж буйгаа зарласан нь түүний ялалтад ихээхэн түлхэц болох нь тодорхой болов.

Тун ханатай дүн гаргадаг, бараг хэзээ ч алдаж үзээгүй судалгааны агентлагуудын дүн ар араасаа гарсаар. La Sabato´s Crystal Ball фирмийн судалгаагаар Хиллари 293, Трамп 214 төлөөлөгчийн санал авахаар байна. FiveThirtyEight Ардчилсан намын нэр дэвшигчийг 67.6 хувийн саналаар ялалт байгуулна гэсэн бол, The New York Times сонины дэргэдэх The Upshot төв экс тэргүүн хатагтайг 84 хувийн санал авна гэжээ.  

Sunday, October 30, 2016




Украины Ерөнхийлөгч 104 компанитай

Ерөнхийлөгч Петр Порошенко дотоод, гадаадад 104 компани эзэмшдэг нь Украины Авлигатай тэмцэх үндэсний агентлагт ирүүлсэн мэдүүлгээс харагдаж байна. Тэрээр 2015 онд хамтын эзэмшлийн бизнесээс 2.6 сая долларын ашиг олжээ. Дээрх компаниуд бүгд Ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнө байгуулагдсан хэмээн Порошенко мэдүүлэв. Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, орон сууц, газар, автомашин, уран зураг гээд бүгдийг төрийн алба хашихаасаа өмнө худалдаж авсан аж. Украины Ерөнхийлөгч банкинд 26 сая долларын хадгаламжтай, гэртээ бэлэн 60 мянган доллартай гэжээ. Түүний гэр бүл мөн хэд хэдэн зуслан, Одесс хотод амралтын газартай, найман автомашин, зургаан бугуйн цаг, хоёр булган дээл, эмэгтэй хүний гурван цүнх, 84 уран зургийн цуглуулгатай. Петр Порошенког чихэр, шоколадны Roshen компанийн эзэн гэдгээр дэлхий нийт мэддэг билээ.

National Geographic-ийн нүүрийг чимж байсан бүсгүйг суллажээ

Пакистаны эрх баригчид National Geographic сэтгүүлийн нүүрэнд заларч дэлхий нийтэд алдаршсан афган бүсгүй Шарбат Гулаг долоо хоног саатуулсны эцэст суллажээ. Түүнийг хуурамч бичиг баримтаар Пакистанд амьдарч байна хэмээн буруутгасан ч тэрээр үүнийг няцааж байна. Гулаг хүнлэг энэрэнгүйн үүднээс сулласан хэмээн Дотоод хэргийн сайд Чаудри Нисар мэдэгдэв. Гэвч энэ хэрэг хаагдаагүй, хэд хэдэн түшмэлийг холбогдуулан шалгаж байгаа аж. 12 настайдаа Пешавар дахь афган дүрвэгсдийн хуаранд амьдарч байсан Шарбат Гулагийн зураг 1985 онд National Geographic сэтгүүлийн нүүрэнд гарч дайны улмаас зовж шаналж буй олон мянган хүнийг төлөөлснөөр тэрээр дэлхий нийтэд алдаршсан юм. Америкийн гэрэл зурагчин Стив Маккарри энэ зургийг даржээ. Шарбат Гулаг баривчилж хорьсон нь иргэний эрхийг зөрчсөн хэрэг хэмээн гэрэл зурагчин үзэж байна.

Молдавын сонгуульд ОХУ-ын талыг баримтлагч тэргүүлж байна


Молдавын Ерөнхийлөгчийн сонгуульд социалистуудын тэргүүн Игорь Додон тэргүүлж байна. Нийт саналын 73.52 хувийг боловсруулан гаргахад тэрээр 51.45 хувийн санал аваад байна. Хамгийн ойрын өрсөлдөгч, барууны эвслийн Майе Санду 35.16 хувийн санал авчээ. Сонгуулийн ирц хуулинд заасан хэмжээнд хүрсэн, элдэв ноцтой зөрчил, маргаан гараагүй тул сонгуулийг хууль ёсны дагуу болж өнгөрлөө гэж үзжээ. Молдавын Ерөнхийлөгчийн сонгуульд есөн нэр дэвшигч өрсөлдөв. Эхний шатанд шууд ялалт байгуулахад 50-аас дээш хувийн санал авсан байх ёстой. Игорь Додон өөрийгөө ОХУ-д итгэдэг цорын ганц молдав улстөрч хэмээн нэрлэдэг аж. Тус улсад сүүлийн 16 жилд анх удаа Ерөнхийлөгчөө ард түмний шууд санал хураалтаар сонгож байна. Тэрээр НАТО-той ойртон нөхөрлөх, Европтой нэгдэхийг эсэргүүцэж, Оросын зах зээлгүйгээр Молдав улс хөгжихгүй гэж үздэг. 


Мерседес Барча: Маркес намайг дандаа л инээлгэж, хөгжөөж байдаг

Нобелийн шагналт, агуу Габриель Гарсия Маркестэй 56 жил ханилж, ядуурал, зовлон гачигдал болон суу алдрыг нь үнэнчээр хуваалцсан Мерседес Барча Пардо эдүгээ 84 насыг зооглож Мехико хотод энх тунх амьдарч байна. ­Египет өвөөгөөсөө Нил мөрний нууцлаг гоо үзэсгэлэнг уламжилж авсан дэндүү даруухан бүсгүй Мерседес амьдралдаа хэвлэлд хоёрхон удаа ярилцлага өгч байсан юм. Габо 1982 онд Нобелийн уран зохиолын шагнал авсны дараа Мерседесийн энэ ярилцлага Semana сэтгүүлд гарч байжээ.

-Та Гарсия Маркестэй яаж танилцаж байсан бэ?
-Яг санадаггүй юм аа. Бид хоёулаа жаахан хүүхэд байлаа. Хэн нэгнийг бодож өсч өндийж буйгаа мэдэрч эхэлсэн тэр цаг мөчийн нэг учрал байсан.
-Түүнтэй гэрлэнэ, амьдрана гэдгээ хэзээ, яаж мэдсэн бэ?
-Габо нэг өдөр давхиж ирээд “Чи надтай гэрлэх ёстой” гэж хэлж билээ. Би илүү романтик, гоё үг хэлэх байх гэж хүлээж байсан юм. Гэтэл тэр ингэж захирангүй маягаар хэлэхэд нь гайхсан. Гэвч эцэст нь жаахан айсан ч хүлээн зөвшөөрсөн.
-Маркестэй гэрлэхдээ түүнийг алдартай хүн болно гэж мэдэж байсан уу?
-Тэгэлгүй яахав! Тэгээд л түүнтэй гэрлэсэн хэрэг.
-Габриель Гарсия Маркесийн зохиолын ямар баатар танд илүү таалагддаг вэ? Яагаад?
-Урсула Игуаран. Гэхдээ яагаад таалагддагийг хэлж мэдэхгүй юм. Ямар ч байсан надад түүнтэй адил төстэй тал байхгүй.
-Габогийн уран бүтээлийн болон хувийн амьдралд хамгийн их нөлөөлсөн зүйл юу вэ?
-Уран бүтээлд нь юу нөлөөлснийг мэдэхгүй. Харин хувийн амьдралд нь намайг л их нөлөөлсөн гэж ярьдаг юм.
-Тэр мачист (эрэгтэй хүйсийг илүүд үзэх үзэлтэн) уу?
-Үгүй ээ, яалаа гэж дээ!
-Та феминист (эмэгтэй хүйсийг илүүд үзэх үзэлтэн) үү?
-Би феминизмийг үзэн яддаг.
-Та их өлсгөлөнгөөс бүдүүн, язрах шахсан үхрүүд гээд янз бүрийн цаг үед амьдарчээ. Таны амьдралын хамгийн жаргалтай үе юу вэ?
-Тэр их өлсгөлөн гэдэг чинь жаахан дэгсдүүлсэн яриа байсан л даа. Габо “Зуун жилийн ганцаардал”-аа бичиж байхад бид ядуу байсан. Тэр төлөвлөсөн хугацаандаа дуусгаж чадалгүй сунжирч бидний мөнгө дуусчихсан. Гэвч, одоо харахад тийм ч аймшигтай юм огт байгаагүй. Залуу явахад бэрхшээл зовлонг нэг их анзаардаггүй, хүндээр тусгаж авдаггүй юм байна. Хөгшрөөд ирэхээр асуудал, бэрхшээл өөрөө байхгүй болчихдог.
-Маркес зохиол бүтээлдээ худлаа юм их бичдэг байсан гэдэг. Танд том худлаа ярьж байсан тохиолдол байдаг уу?
-Тийм юм байдаггүй байсан. Надад худлаа ярьж байгаагүй.
-Габриель зохиолчийн хувиар их уран сэтгэгч, санаанаасаа зохиохдоо гаргуун. Амьдрал дээр ямар байсан бэ?
-Эсрэгээрээ, бодит байдалтай зохицсон, хөрсөн дээрээ буусан хүн.
-Таны дуртай зохиолч хэн бэ?
-Кафка.
-Габо зохиолч болоогүй бол юу болох байсан бол?
-Уран барилгач.
-Ийм алдартай хүнтэй хамт амьдрах хэцүү юу?
-Ямар ч хэцүү юм байхгүй.
-Түүний зохиолыг уншихад амттай байдаг шиг Маркестай амьдрах хөгжилтэй юу?
-Тун хөгжилтэй. Намайг дандаа л инээлгэж, хөгжөөж байдаг.
-Танд Нобелийн шагнал олгох эрх байлаа. Та хэнд өгөх вэ?
-Габод.
-Таныг, Мерседесийг Габогийн гэргий гэж бүгд мэднэ. Гэвч Мерседес Барча гэж хэн юм бэ?

-Би бол Мерседес Барча, Габогийн эхнэр.

Thursday, October 27, 2016

Монголчууд Колумбыг илүү сайн мэддэг боллоо

Давтагдашгүй үзэсгэлэнтэй байгаль, хосгүй баян амьтны аймаг, нэртэй дуучин Шакира, хөлбөмбөгч Вальдеррама, Игита, Нобелийн уран зохиолын шагналт Габриель Гарсия Маркес Колумб улсад бахархах зүйл их бий. Латин Америк дахь Колумб улс сүүлийн үед үсрэнгүй хөгжиж тивдээ манлайлж, дэлхийд нэр нь цуурайтаж байна. Сөүл хотноо Монгол улсыг хавсран суугаа Колумб улсын Элчин сайд Тито Сауль Пинильягийн санаачилгаар Улаанбаатар хотод Колумбын кино өдөрлөг боллоо. Колумб орныг монголчуудад улам сайн таниулах, хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд түлхэц болж буй тун сонирхолтой кино өдөрлөгт монголчууд төдийгүй Монголд амьдардаг колумб, латин иргэд оролцжээ. Колумбын гайхамшигтай байгаль, уулс өтгөн ширэнгэ ой, ан амьтдыг харуулсан киноноос гадна монголчуудын сайн танил, цуут Габриель Гарсия Маркесийн амьдрал, уран бүтээл, нэртэй хүмүүсийн санал сэтгэгдлийг багтаасан “Gabo: La Magia de lo Real” (“Габо: Бодит үнэний гайхамшиг”) баримтат киног толилуулсан юм.

Samsung-ийн ашиг 30 хувиар унажээ

Samsung компаниас хамгийн сүүлд зах зээлд гаргасан Galaxy Note 7 ухаалаг гар утас цэнэглэлтийн явцад хэт халж шатсан тохиолдол хэд хэд гарсны дараа Өмнөд Солонгосын компани энэ гар утсаа зах зээлээс эргүүлэн татаж, үйлдвэрлэлийг нь зогсоосон билээ. Гуравдугаар улиралд Samsung-ийн ашиг 4.6 тэрбум доллар байсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 30 хувиар буурсан үзүүлэлт юм. Сүүлийн хоёр жилд ийм бага ашигтай ажиллаж байгаагүй аж. Galaxy Note 7 өнгөрсөн наймдугаар сард худалдаанд гарч байв. Гэвч цэнэглэж байх үед шатсан тохиолдол ахин дахин давтагдсаны дараа АНУ иргэддээ хандаж энэ утсыг хэрэглэхгүй байхыг уриалжээ. Энэхүү таагүй шуугианы улмаас улмаас Samsung компанийн хувьцааны үнэ унаад байна.

АНУ анх удаа түдгэлзсэн санал өгчээ

НҮБ-ын чуулган дээр Кубын эсрэг АНУ-ын хориг арга хэмжээг цуцлах эсэх талаар болсон жил тутмын санал хураалтад Вашингтон анх удаа түдгэлзсэн санал өглөө. 1992 оноос хойш жил бүр болж буй энэхүү санал хураалтад АНУ үргэлж хоригийг цуцлахын эсрэг санал өгч байсан юм. Энэ удаа түдгэлзсэн санал өгсөн нь сайн санааны илэрхийлэл хэмээн АНУ-ын НҮБ дахь элчин сайд Саманта Пауэр мэдэгдэв. НҮБ-ын гишүүн орнууд санал нэгтэйгээр Кубын эсрэг хоригийг цуцлахыг дэмжсэн байна. Ерөнхийлөгч Барак Обама Кубатай дипломат харилцаагаа сэргээсэн ч хориг арга хэмжээ хэвээр үлдсэн. АНУ анх удаа түдгэлзсэн санал өгсөн нь Кубын эсрэг худалдаа эдийн засгийн хориг арга хэмжээ нь хоцрогдож, сөрөг үр нөлөөтэй болсныг хүлээн зөвшөөрсний илэрхийлэл боллоо хэмээн тоймч, ажиглагчид үзэж байна. 

Wednesday, October 26, 2016

Дэлхийн амьтад 60 хувиар цөөрчээ

Хөхтөн, жигүүртэн шувуу, загас, нялцгай биетэн, хэвлээр явагч амьтдын тоо толгой 1970 оны үеийнхээс бараг 60 хувиар багассан хэмээн Дэлхийн зэрлэг байгалийн сангийн илтгэлд онцолжээ. Тус сан Лондонд төвтэй Амьтны хүрээлэнтэй хамтран янз бүрийн амьтны өсөлт, оршин тогтнолд муугаар нөлөөлж буй хүчин зүйлс, индексийг тооцон гаргасан юм. 1970-2012 онд энэ индекс 58 хувиар багасчээ. 2020 гэхэд энэ үзүүлэлт 67 хувьд хүрнэ хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Дэлхийн зэрлэг байгалийн сан (WWF) амьтад улам бүр цөөрч, төрөл зүйлүүд мөхсөөр байгааг манай гаригийн хүн амын хэрэгцээний өсөлттэй холбон тайлбарлаж байгаа юм. Хүмүүс фермерийн үйл ажиллагаа явуулахдаа улам илүү газар орныг хамарч, байшин барилга, хот ихээр байгуулж байна. Хүрээлэн буй орчны бохирдол, цаг агаарын өөрчлөлт, ан агнуур, мөн хүн төрөлхтний ургамал, амьтанд халтай үйл ажиллагаа амьтдыг үхэл, мөхөлд хүргэж байгаа ажээ.
“Бид Anthropocene (Хүмүүний шинэ үе хэмээх грек үг) хэмээх дэлхий түүхийн шинэ эрин үе рүү орж байна” хэмээн WWF-ийн ерөнхий захирал Марко Ламбертини өгүүлэв. Манай гаригийн эко систем хүний үйл ажиллагаанаас ихээхэн хамаардаг геологийн эрин үеийг энэ хэллэгээр тодорхойлж байгаа аж. Эрүүл ой мод, гол мөрөн, далай тэнгис биологийн төрөл зүйлийн гол үндэс болж буйг илтгэлд онцолсон байна. Нуур, гол мөрөн, намганд амьдардаг амьтад хамгийн их хохирол амсчээ. Сүүлийн 40 жилд цэнгэг усны амьтдын 81 хувь нь устаж үгүй болжээ. Африкийн зааны сүрэг, мөн далайн аварга загасны тоо толгой ихээхэн цөөрснийг WWF анхааруулж байна. Хулгайн ан, амьтан хамгаалах нийгэмлэгийн санаачилгыг үл ойшоогч орнууд үүнд ихээхэн нөлөөлж байгаа аж. 

Tuesday, October 25, 2016

Колумбын элчин сайд Тито Сауль Пинилья: Колумбын ардчилал, тогтвортой засаглал дэлхийд үнэлэгддэг

Колумб улсаас Сөүл хотод суугаа Элчин сайд Тио Сауль Пнильятай уулзаж ярилцлаа.

-Ноён Элчин сайдын амгаланг айлтгая. Дипломат элчийн хувьд хамгийн түрүүнд хоёр улсын харилцааны түвшин, хөгжлийн талаар асуух нь зүй ёсны байх..?

-Баярлалаа. Тийм ээ, Монгол, Колумб улс алс хол, ертөнцийн хоёр талд оршдог ч бид энэ зайг багасгахыг хүсч байна. Хоёр улсын хоорондох эдийн засаг, боловсрол, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр ажиллаж эхлээд байна. Харилцааг шинэ шатанд гаргах хүсэл эрмэлмэл бидэнд байна. Би итгэмжлэх жуух бичгээ өргөн барьснаас хойш дөрөв дахь удаагаа Монголд ирж байна. Энэ удаа боловсрол, соёлын асуудлаар албаны хүмүүстэй уулзаж санал бодлоо солилцож, зарим арга хэмжээг зохион байгуулахаар ирлээ. Жилийн өмнө Монголын бизнесийн төлөөлөл манай улсад зочилж ямар бараа бүтээгдэхүүн импортлож болохыг судалж байсан. Тэд тун өндөр сэтгэгдэлтэй буцсан. Энэ тал дээр боломж их байгаа гэдгийг хэлэх байна.

-Саяхан Колумбын Засгийн газар босогчдын бүлэгтэй энхийн гэрээ байгуулсан нь дэлхий нийтийн анхаарлыг эрхгүй татаж байна. Гэвч үүний дараа бүх нийтийн санал асуулга болж колумб иргэдийн ихэнх нь энэ гэрээг дэмжсэнгүй. Одоо юу болох бол?

-Колумбын бүх иргэд энх амар амьдрахыг хүсдэг гэдгийг хэлье. Дотоодын зөрчил, мөргөлдөөн олон жил үргэлжилж их ч зовлон учруулж, олон ч хүний аминд хүрсэн. Колумбын Засгийн газар энэ байдлыг эцэс болгохоор шийдэж босогчдын эсрэг цэргийн хүчирхэг ажиллагааг арав гаруй жилийн өмнө эхлүүлсэн юм. Үүнээс таван жилийн дараа FARC-ийн (Колумбын хувьсгалт зэвсэгт бүлэг) дайчдыг хэлэлцээний ширээнд суухаас өөр аргагүй байдалд оруулсан. Засгийн газар болон босогчдын бүлгийн удирдагчид дөрвөн жилийн турш Кубын Гавана хотод хэлэлцээ хийж эзэмшил газар, хар тамхины наймаа, дайны золиос бологчид, мөргөлдөөнийг эцэс болгох, FARC-ийг улс төрийн нам болгон хувиргах гэсэн таван гол асуудлаар хэлэлцээ хийсэн юм. Босогчидтой энхийн гэрээ байгуулах үйл явц удаан үргэлжилсний эцэст дээрх таван асуудлыг нарийн тусгасан энхийн гэрээг байгуулж Ерөнхийлөгч Мануэл Сантос танилцуулсан. Тэгээд ардчилсан Ерөнхийлөгч энэхүү энхийн гэрээг ард түмнийхээ дунд хэлэлцүүлье, ард түмэн ч энэ гэрээнд санаа бодлоо нэмэрлэх ёстой гэж үзээд бүх нийтийн санал асуулга явуулсан юм. Гэвч санал асуулга тун богино хугацаанд болсон тул иргэд зохих мэдээллийг авч чадаагүй. Үүний хажуугаар сөрөг хүчний суртал ухуулга ч нөлөөлж колумб иргэдийн тал нь гэрээг дэмжиж, тал нь эсрэг санал өгсөн. Гэвч нэг зүйлийг онцолж хэлье. Колумб иргэд энх тайвныг эсэргүүцээгүй, зөвхөн гэмт хэрэг үйлдэж байсан хүмүүсийг шүүхэд шилжүүлэх, FARC улс төрд оролцох эсэх дээр санал зөрөлдсөн юм. “Үгүй” гэсэн санал үл ялиг давамгайлсан ч эцсийн эцэст иргэд энх тайвны төлөө санал өгсөн. “Үгүй” гэсэн хүмүүс гэрээний эдгээр заалтыг л эсэргүүцсэн болохоос энхийн гэрээг эсэргүүцээгүй. Энхийн гэрээ, энхийн үйл явц нэгэнт эхэлсэн. Одоо ямар ч ухрах зам байхгүй. Энэ өдрүүдэд хоёр талын төлөөлөгчид Кубад дахин уулзаж тэрхүү заалтын талаар дахин нухацтай ярилцаж байна.

-Босогчдын талд байлдаж явсан дайчид энгийн амьдралд шилжих нь тийм амар үйл явц биш байх. Энэ үйл явц удаан үргэлжлэх болов уу?

-Тэр мэдээж амаргүй л дээ. Гэхдээ босогчид энгийн амьдрал руу шилжих үйл явц хэзээ, хаана, хэрхэн эхлэх вэ, Засгийн газар ямар хувь нэмэр оруулах вэ, санхүүгээр хэрхэн тэтгэх, ажилд оруулах, ямар цалин өгөх гээд бүгдийг гэрээнд нарийн тусгасан байгаа.

-Колумбын иргэд ер нь Монгол орныг аль хэр мэддэг вэ?

-Колумб хүмүүс бүгдээрээ сургуульд байхаасаа л Монголын эзэнт гүрэн, Чингис хааны тухай судалж мэддэг. Цөмийн зэвсгийг эсэргүүцдэг гадаад бодлогоор нь бид Монголыг мэднэ. Бөхчүүд, нүүдлийн үнэт өв соёлоор нь мэднэ шүү. Ер нь колумбууд Монголыг сайн мэднэ. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, боловсролын салбарт хамтарч ажиллахад бидний хувьд нээлттэй байгаа.  Колумбын кафе, жимс, даавуу, гар урлалын бүтээгдэхүүн тун сайн. Колумбын кафе дэлхийд шилдэгт тооцогддог. Манай брэнд бүтээгдэхүүнүүд Орос, Хятад, Японд байна. Яагаад Монголд байж болохгүй гэж, тийм үү. Цаг хугацааны л асуудал. Бид энэ хугацааг наашлуулмаар байна.

-Монголд, Улаанбаатар хотод испани хэлт ертөнцөөс зөвхөн Кубын Элчин сайдын яам байдаг л даа. Колумб, Монгол улс улам ойртон нөхөрлөхөд сурталчилгаа хийх, мэдээлэл солилцох нь чухал. Монголчууд Колумб улсыг бас сайн мэдэхгүй нь үнэн л дээ. Хэдэн хөлбөмбөгчид, тэгээд хар тамхины мафиар нь л мэддэг...?

-Тийм ээ, манай улсын талаар буруу ойлголт байдаг нь үнэн. Колумб бол тэр чигээрээ хар тамхины мафи, дайн байлдаан, хүчирхийлэл ихтэй гэж ойлгодог. Манай улс сүүлийн арван жилд эрс өөрчлөгдсөн. Бид өнөөдөр эдийн засгаараа Латин Америкт дээгүүр орж байна. Хэдийгээр олон жил дайнтай байсан ч эдийн засаг тун сайн байгаа. Колумбын ардчилал, тогтвортой засаглал дэлхийд үнэлэгддэг. Батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт манайх өндөр түвшинд хүрсэн. Колумбын арми сүр хүчээрээ Америк тивдээ АНУ-ын дараа орж байна. Эдгээр салбарт Монгол улстай хамтран ажиллах, туршлага солилцохдоо бид нээлттэй байх болно. Танай улстай олон салбарт хамтын ажиллагааг хөгжүүлж болно гэж харж байгаа.

-Колумб улсад зочилж, аялж жуулчлахад аюулгүй юу?

-Тийм ээ, Колумбид аялал жуулчлал сайн хөгжсөн. Бид төгс төгөлдөр улс биш ч эдийн засаг, аюулгүй байдлын салбартаа Латин Америкт тэргүүлэх болсон.
Өнгөрсөн жил Монголын 30 орчим иргэн Колумб улсад зочилсон. Сэтгүүл зүй, аялал жуулчлалын курст ирсэн монгол оюутнуудын зардлыг Колумбын тал бүрэн даасан. Монголын уул уурхайн яамны төлөөлөгчид, Гадаад хэргийн яамны дэд сайд манай улсад зочиллоо. Батлан хамгаалах, аюулгүй байдал, хар тамхи, хууль бус наймаа терроризмын эсрэг тэмцлийн тал дээр бидэнд асар их туршлага байна. Энэ туршлагаа монголчуудтай харамгүй хуваалцмаар байна.

- Та дөрөв дэх удаагаа ирж байна. Хөдөө нутгаар аялж амжив уу?

- Нэг их явж чадаагүй ээ. Тэрэлжид очиж Монголын сайхан байгальтай танилцах боломж гарч байсан. Нэг гоё түүх ярихад, арваад жилийн өмнө АНУ-д батлан хамгаалах чиглэлээр курст сурч байхад нэг монгол залуу байсан. Бид танилцаж сайн найз болсон ч курсээ төгсөөд дахиж уулзаагүй. Нэрийг нь мартаж орхисон байсан. Хоёр жилийн өмнө УБ хотод ирж Монгол Улсын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ барьчихаад гарч ирэхдээ нөгөө найзтайгаа таарч билээ. Тэр Монголын армийн генерал болсон байсан. Их сайхан уулзалт болсон. Монгол найз минь намайг хэд хэдэн газраар авч явсан. Одоо Монгол сэрүүхэн, хүйтэн байна. Гэхдээ би Монгол оронд их дуртай, өвөл ирж үзэхийг хүсч байна.
Колумб нь онгон зэрлэг байгаль, ширэнгэ ойгоороо алдартай улс. Монголчуудыг манай улсад зочилж таньж мэдээсэй гэж хүсч байна. Үзэсгэлэнтэй хот, газар их бий. Картахена хот байна. Испанийн үеийн гоёмсог, уран барилга ихтэй орчин үеийн хот. Габриель Гарсия Маркес нэг хэсэг амьдарч уран бүтээлээ туурвиж байсан хот гэдгээрээ бас их алдартай. Нийслэл Богота хот ч мөн их гоё.

-Габриель Гарсия Маркесийг колумб хүн гэдгийг олон хүн мэддэггүй..?


-Колумб улсад хоёр Нобелийн шагналтан байдаг. Нэг нь Нобелийн уран зохиолын шагналт Габо, нөгөө нь одоогийн Ерөнхийлөгч Мануэл Сантос. Босогчидтой энхийн гэрээ байгуулж, 40 орчим жил үргэлжилсэн дайныг зогсоосныг нь ийнхүү үнэлсэн юм. Габо цэвэр колумб хүн, олон жил Мексикт амьдарсан л даа. Энэ өдрүүдэд Улаанбаатар хотод Колумбын хоёр киног үзүүлэх гэж байна. Колумбын байгаль, ургамал, амьтны дэндүү баян, хосгүй гайхамшгийг харуулсан киног танилцуулна. Мөн суут Габриель Гарсия Маркесийн тухай сонирхолтой баримтат киног монголчуудад үнэ төлбөргүй үзүүлэх юм. Монголчууд Габог тун сайн мэддэг. Суут зохиолчийг илүү сайн танилцуулах, түүний талаарх нэртэй хүмүүсийн санаа бодлыг сонсох боломж гарч ирж байгааг дуулгахдаа таатай байна. Эцэст нь, Колумб нь сайн хөгжсөн, хүчтэй эдийн засагтай, аюулгүй, үзэсгэлэнтэй бүсгүйчүүд, сайн хөлбөмбөгчидтэй, сайн хүмүүстэй улс шүү гэдгийг дахин хэлмээр байна. 

Monday, October 24, 2016




Пакистанд цагдаагийн хэсэг рүү халджээ

Пакистаны Кветта хотод зэвсэглэсэн этгээдүүд цагдаагийн сургууль руу дайрсны улмаас 59 хүн амь үрэгдээд байна. Цэргүүд, тусгай албаныхан ирж ширүүн байлдсаны эцэст сургуулийг босогчдоос чөлөөлж чаджээ. Шархдаж гэмтсэн хүний тоо зууг давжээ. Кветта дахь цэргийн сургуульд 500 орчим сонсогч суралцдаг аж. Балмад этгээдүүд сургуулийн байр дайран орж ирэхдээ автомат буугаар галлаж дотогшоо нэвтэрчээ. Буудалцаан, дэлбэрэлт хоёр цаг гаруй үргэлжилсэн аж. Амь үрэгдсэн хүмүүсийн ихэнх нь сонсогчид хэмээн Пакистаны армийн төлөөлөгч Шер Афган ярилаа. Халдлагыг Пакистанд нөлөө бүхий “Лашкар-э-Жангви” бүлэг үйлдсэн хэмээн таамаглаж байна. Балужистан мужийн нийслэл Кветта хот нь салан тусгаарлагчид, босогчид ихээхэн холхидог газар юм. Өнгөрсөн наймдугаар сард тус хотод дэлбэрэлт болж 88 хүн амиа алдаж байв.

Twitter 300  ажилтнаа цомхотгоно

Twitter компани цомхотгол явуулж ажилтнуудынхаа найман хувийг халахаар зэхэж байна хэмээн Bloomberg агентлаг уламжлав. Ойролцоогоор 300 орчим хүн ажилгүй болох аж. Twitter-ийг үндэслэгч Жек Дорси нэг жилийн өмнө компанийн тэргүүнээр эргэж ирэхдээ мөн томоохон цомхотгол хийж байсан билээ. Тус компанийн гуравдугаар улирлын тайлан тооцоо гарсны дараа цомхотгол хийгдэнэ хэмээн мэдээлж байна. Нэг зурвасыг 140 тэмдэгтэд багтаах ёстой олон нийтийн харилцааны энэхүү сүлжээ 2006 онд бий болжээ. Facebook сүлжээний дараа орох Twitter компанийн хөрөнгийг Forbes сэтгүүл 12 тэрбум доллар хэмээн үнэлж байв.

Жастин Бибер фэнүүддээ гоморхов

Канадын дуучин Жастин Бибер өнгөрсөн амралтын өдрөөр Английн Манчестер хотод ирж концертоо толилуулав. Гэвч тэрээр концертоо дуусгалгүй микрофоноо шидэж тайзны араар оржээ. Гэвч хэсэг хугацааны дараа эргэн гарч ирээд концертоо хаяж гарснаа тайлбарласан юм. Дууны завсраар фэнүүд нь дуугүй байж чадалгүй тасралтгүй орилж хашгирсаар байсанд тэрээр гомдож бухимдсан аж. “Дуу дуусчихаад байхад та нар орилолдсоор байсан. Би юм ярих гэхээр та нар хашгиралдаад байсан. Би одоо дахиж ярихгүй” хэмээн уурлажээ. Үүнийг нь сонссон фэнүүд нь бас бухимдан хашгирч, шүгэлдэж бөөн шуугиан дэгдсэн юм. Жастин Бибер анх удаа шүтэн бишрэгчидтэйгээ муудалцаж буй нь энэ биш. Сарын өмнө болсон нэг тоглолт дээр тэрээр мөн фэнүүддээ хандаж “Та нар дуугаа аядаач” хэмээн хашгирч уурыг нь барж байсан билээ. 



Бранжелина дундын эзэмшлийн хөрөнгөө худалдана

Холливудын хамгийн зартай хос хоёр тийш болсон талаарх дуулиан үргэлжилсээр байна. Жүжигчин Брэд Питт, Оскарын шагналт Анжелина Жоли нар 2012 онд Франц дахь Миравал эдлэнг 60 сая доллараар худалдан авч, 2014 оны наймдугаар сарын 23-нд тэнд нүргээнтэйхэн хуримаа хийж байсан билээ. Сэтгэл нь нэгэнт эргэсэн үзэсгэлэнт Жоли болон Брэд Питт нар энэхүү эдлэнгээ “үгүй хийх”-ээр үл хөдлөх хөрөнгийн газарт хандаад байна. Тэд хамтын, дундын гэсэн тодотголтой бүхнээ зарж үрэхээр шийдсэн бололтой. 500 га талбайг хамрах Миравал эдлэнд XVII зуунд хамаарах харш байдаг. Том, жижиг 35 өрөөтэй энэхүү дээд зэрэглэлийн тансаг ордонд Pink Floyd хамтлаг The Wall цомгийнхоо бичлэгийг хийлгэж байжээ.
Питт-Жолигийн гэр бүл Миравал эдлэндээ ирж амардаг байсан юм. Энд 2014 онд хуримаа хийсний дараа 2008 оноос эхлэн үе үе ирж цагийг өнгөрөөдөг байв. Тус эдлэн нь оршин суух бүсээс гадна 30 га усан үзмийн тариалантай. Бранжелина эдлэнгийнхээ усан үзмээр өөрсдийн нэртэй улаан дарс үйлдвэрлэдэг байжээ. Одоо тэндээс нэг ургац хурааж тэдний нэртэй дарс гаргаад дахиж хийхгүй хэмээн Paris Match сэтгүүл мэдээлэв. Салах үйл явц үргэлжилсээр буйн хажуугаар таагүй мэдээлэл ч хөврөх болов. Брэд Питт Францаас Лос-Анжелес руу нисч байхдаа хүү Маддокстойгоо эвгүй харилцаж зодсон гэх нэргүй гомдлыг Холбооны мөрдөх товчоо шалгаж байна. Мөрдөн байцаагчид Жоли болон хүүхдүүдээс нь энэ талаар гурван цагийн турш мэдүүлэг авсан юм. Мөн цуутай хосын экс бие хамгаалагч нар тэдний зарим нууцыг дэлгэж эхэлжээ. Армид 27 жил алба хашсан экс британи цэрэг Марк Биллинхам Бранжелинагийн хамгаалалтын албаны даргаар хоёр жил ажилласан юм. Тэрээр “Брэд Питт хүүхдүүдээ нэг их анхаардаггүй, цаг зав зарцуулдаггүй байсан. Бие хамгаалагч нар нь л хүүхдүүдийг нь ийш тийш хүргэж, харж ханддаг байсан. Миний хувьд би тэдний албан ёсны бус эцэг шиг нь л байсан. Ер нь бол хүүхдүүдийг нь хэн нэгэн этгээд хулгайлах, барьцаалах вий л гэж айдаг байлаа. Баргийн хүнийг тэдэнд ойртуулахгүй шүү. Хүүхдүүдийг нь ийш тийш нь зөөх ажлыг би л хийдэг байсан” хэмээн хэвлэлд ярьжээ. НҮБ-ын сайн санааны элч Анжелина Жоли Малибуд 27 сая доллараар худалдаж авсан байшин, эдлэн газраа өөрийн хяналт шалгалт дор засуулж, шинэчилж байна. Тэрээр зургаан хүүхэдтэйгээ тэнд амьдрахаар шийдээд байгаа билээ.

Гоо сайхны бүтээгдэхүүнийг амьтан дээр туршихыг хориглоно

Хүнд зориулан үйлдвэрлэж буй гоо сайхны бүтээгдэхүүн болон түүнд орж буй зарим бодисыг амьтан дээр туршихыг хориглосон орнуудын жагсаалтад Тайвань нэгдэж байна. Энэ хориг тус арал дээр 2016 оноос эхлэн хэрэгжиж эхлэх юм. Humane Society International байгууллага амьтдыг “туршилтын туулай” болгохыг эсэргүүцэж дэлхий даяар #BeCrueltyFree кампанит ажил өрнүүлж нэг тэрбум 700 сая хүний дэмжлэгийг хүлээгээд байна. Амьтадтай харгис ширүүн харилцахаас сэргийлэх нийгэмлэгээс (SPCA - Society for the Prevention of Cruelty to Animals) явуулсан судалгаагаар, Тайвань арлын оршин суугчдын 69.2 хувь нь дээрх шийдвэрийг дэмжиж байгаа аж. Иргэдийн 76.5 хувь нь “Амьтад хүний гоо сайхын өмнөөс зовох ёсгүй” хэмээн үзэж байна. “Хэдийгээр амьтдад харгис, зэрлэг хандах явдлыг тайвань иргэд буруутгаж байгаа ч харамсалтай нь тэд амьтад дээр туршсан гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэсээр байна. Гадаадаас их оруулж ирж байна. Бидний кампанит ажил үргэлжилнэ. Ийм бүтээгдэхүүнийг импортлохыг хориглох хүртэл нь тэмцэнэ” хэмээн Humane Society International байгууллагын төлөөлөгч ярилаа.
Гоо сайхны бүтээгдэхүүний хамгийн том зах зээл болох Европын холбоо, Норвеги, Израиль, Энэтхэг, Шинэ Зеланд, Өмнөд Солонгос, Турк, мөн Бразилийн хэд хэдэн муж бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцад амьтад дээр туршилт явуулахыг бүхэлд нь, эсвэл хэсэгчлэн хориглоод байна. АНУ, Канад, Австрали, Аргентин улс дээрх жагсаалтад нэгдэхээр зэхэж байгааг Humane Society International байгуулагаас мэдэгдлээ. 



Хэзээ ч бөхөшгүй, итгэмээргүй, гайхалтай хайрын түүх

Ди Каприо мөнгө угаах гэмт хэрэгт холбогджээ

АНУ-ын хууль хяналтын байгууллага өнгөрсөн долдугаар сард нэгэн хэргийн үзүүрээс атгаж мөрдлөг, шалгалт явуулж эхэлсэн юм. 2014 онд Мартин Скорсез найруулж, Леонардо ди Каприо гол дүрд нь тоглосон “Уолл Стритийн чоно” киноны санхүүжилтын асуудал ажээ. Уг киног мафийн хууль бус хэдэн сая доллараар санхүүжүүлж бүтээсэн байж болохыг мөрдөгчид олж мэдсэн бөгөөд энэ хэрэгт Ди Каприогийн найз, бизнесийн түнш Риза Азиз (АНУ-ын продюсер, Red Granite Pictures студийг үндэслэн байгуулагч), Малайзын санхүүгийн мэргэжилтэн Жо Лоу нар холбогдоод байна. Холливудын од Леонардо Ди Каприо ч киноны санхүүжилтэд хувь нэмрээ оруулж байсан юм. Хууль зүйн департамент малайз бизнесмэний АНУ-д оруулсан актив, Нью-Йорк, Калифорни дахь янз бүрийн үл хөдлөх хөрөнгийг царцаагаад байна. Мөн “Уолл Стритийн чоно” киног гаргахыг хоригложээ. Олон жилийн хүлээлтийн дараа Оскар авсан Холливудын алдарт жүжигчин ийнхүү анх удаа гэмт хэрэгт нэр дурдагдаж байна. Тэрээр мөдхөн энэ хэрэгт холбогдолгүй гэсэн албан ёсны мэдэгдэл гаргахаар зэхэж байгааг өмгөөлөгч нь хэлжээ.  

Хятадууд Байгаль нуурын аялал жуулчлалд хөрөнгө оруулалт хийнэ

Хятадын хэд хэдэн компани, бизнесмэн ОХУ-ын Байгаль нуур дахь аялал жуулчлалын төсөлд 11 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр боллоо хэмээн Оросын “Гранд Байкал” аялалын компанийн хэвлэлийн албанаас уламжлав. “Гранд Байкал” компани Хятадын хөрөнгө оруулалтын томоохон корпорацын нэг “Чунзинсинь”-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Хятадын талын олон тэрбум долларын хөрөнгө оруулалтын төсөл дэлхийн цэнгэг усны нөөцийн 40 хувийг дангаараа бүрдүүлдэг үзэсгэлэнт Байгаль нуурыг дэлхийн хэмжээний, орчин үеийн аялал жуулчлалын бүс болгох эхлэлийг тавьж байгааг Оросын компанийн захирал онцолсон юм.

Төслийн хүрээнд аялал жуулчлалд зориулсан зочид буудал, барилга байгууламж, мөн эдгээрийг холбосон зам тээврийн дэд бүтцийг бий болгох ажээ. Байгаль нуурыг зорих аялагч, жуулчдын урсгал эрс нэмэгдэх нь баталгаатай боллоо хэмээн хэвлэлүүд мэдээлж байна. Шанхайн хамтын ажиллагааны байгууллага дээрх төслийг сонирхож, дэмжиж буйгаа илэрхийлсэн аж. Байгаль нуурыг дэлхийн томоохон аялал жуулчлалын төв болгох төсөлд эдийн засаг-хөрөнгө оруулалтын таатай, давуу орчинг бүрдүүлж, зохих хөнгөлөлт эдлүүлэх боломжийг тус байгууллаг судалж байгаа юм. Хятадын аялал жуулчлалын холбоо нэг жилд Байгалт нуурт зочлох хятад жуулчдын тоог нэг саяд хүргэх зорилт тавьж буйгаа өнгөрсөн тавдугаар сард зарласан билээ. Эрхүү мужийн Аялал жуулчлалын агентлагаас гаргасан мэдээллээр, 2015 онд 180 мянган гадаадын жуулчин Байгаль нуурт ирж амарчээ. Улс орноор авч үзвэл, Хятад КНР 42.3 хувь, Герман 19.2, Монгол 11.9, Өмнөд Солонгос 6.6, Франц 5.1, АНУ 4.4 хувьтай байна. Харин Байгаль нуурт ирж амардаг орос иргэдийн тоо жилд нэг саяыг давдаг ажээ. ОХУ дахь аялал жуулчлалын хамгийн сайхан газрыг санал асуулгаар тодруулахад Калининград мужийн Куршкийн хошуу манлайлж, Байгаль нуур удаалж байв. 

Saturday, October 22, 2016




Алеппод дахин байлдаж эхэллээ

Сирийн Алеппо хотод зарласан “хүмүүнлэгийн гал зогсоолт” дуусч дайн, байлдаан эргэн сэргэлээ хэмээн Британид төвтэй Сирийн хүний эрхийн байгууллагаас мэдэгдлээ. Гал зогсоосон хугацаанд бүслэгдсэн хотын иргэдэд хүмүүнлэгийн тусламж хүрээгүй аж. Байлдааны талбар болоод байгаа хотын баруун өмнөд хэсэгт агаараас цохилт өгч, Алеппо хот орчимд босогчид болон Засгийн газрын цэргүүдийн хооронд ширүүн тулаан өрнөж байна хэмээн мэдээлж байна. НҮБ аюулгүй байдлын үүднээс тус хотоос шархадсан хүмүүсийг зөөх ажлаа хойшлуулжээ. Орос, Сирийн Засгийн газар гап зогсоолтыг ашиглаж хотыг орхин гарахыг иргэдэд уриалж байсан ч тийм боломж гарсангүй. Цагийн сайханд Сирийн худалдаа, аж үйлдвэрлэлийн томоохон хот байсан Алеппо 2012 онд эхэлсэн иргэний дайны улмаас сүйрчээ. Сирийн Ерөнхийлөгчийг дэмжигч хүчнүүд хотын баруун хэсгийг хянаж байгаа бол, нөгөө хэсгийг босогчид хяналтдаа байлгаж байна.

Дүрвэгчид үймээн дэгдээв

Францын Кале хот дахь дүрвэгсдийн хуаранд үймээн дэгдэж цагаачид, цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарчээ. Цагаачид цагдаа нар руу чулуу, лонх шидэж, цагдаа нар эсэргүүцлийг тараах утаа ашигласан аж. Кале дахь хуаранг өнөөдрөөс эхлэн буулгах юм. Зарим хүүхдийг Их Британи руу илгээнэ. Бусдыг нь Францын өөр хотуудад тараан байрлуулах юм. Калед байрлаж байсан хүүхдүүдийн эхний хэсгийг хэд хоногийн өмнө Британид авчирчээ. Британид хамаатан садан нь амьдардаг 39 хүүхдийг өнөөдөр хүргэж өгөхөөр болов. Кале дахь дүрвэгсдийн хуаранд Ойрхи Дорнодоос ирсэн долоон мянга гаруй цагаач амьдарч байгаа юм.

Д.Трамп Ерөнхийлөгчийн эхний 100 хоногийн төлөвлөгөөг танилцуулав


АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа Дональд Трамп ялалт байгуулсан тохиолдолд эхний 100 хоногт хийж гүйцээх ажлаа танилцуулжээ. Тэрээр Цагаан ордны экс ажилтнуудын лоббийг хязгаарлаж, Конгрессын гишүүн, сенатчдын бүрэн эрхийн хугацааг багасгана хэмээн мэдэгдлээ. Мөн НҮБ-ын цаг агаарын өөрчлөлтийн хөтөлбөрт хөрөнгө мөнгө хандивладгийн болиулж энэ хөрөнгийг АНУ-ын дэд бүтцийн салбарт зарцуулна хэмээн онцлов. Үүнээс гадна, Бүгд найрамдах намын нэр дэвшигч хоёр сая цагаачийг нутаг руу нь буцаана хэмээн хэлжээ. Тэрээр мөн өөрийг нь шалиг, зүй бус үйлдэл гаргасан хэмээн ярьж байгаа бүх эмэгтэйг шүүхэд өгнө хэмээн мэдэгдлээ. Одоогоор арван эмэгтэй Трампыг зүй бус авирласан, эргүүлж хоргоосон хэмээн гомдоллоод байгаа ч Трамп “Тэд бүгд худал ярьж байна. Тийм юм огт болоогүй” хэмээн мэдэгдэж байна. 
Азийн хаант засаглал: Аз жаргалын индексээс нефтийн доллар хүртэл

Саявтархан Тайландад арав гаруй төрийн эргэлт, 19 Үндсэн хуулийн нүүр үзсэн 88 настай хаан Пумибол Адуладей өөд болсноор дэлхий нийтэд Ази дахь хаант засаглалуудыг эргэн нэг сануулсан юм.

Бутан: Аз жаргалын индекс

1907 оноос хойш Ванчигийн удмынхны хаанчлал дор явж ирсэн Бутан улс дэлхийн хамгийн аз жаргалтай улс гэсэн тодотголтойгоор Хималайн өндөр уулсын дунд оршиж байна. Бутаны дөрөв дэх хаан Жигмэ Сэнгээ Ванчиг 1972 онд Дотоодын нийт аз жаргал хэмээх ойлголтыг бий болгож, эдийн засгаас бусад салбарт ч адил ач холбогдол өгөх ёстой хэмээн үзэх болжээ. Аз жаргалын индекс нь дөрвөн тулгууртай байх ёстой гэж үзэв. Сайн засаглал, нийгэм-эдийн засгийн тогтвортой хөгжил, соёл уламжлалаа хадгалах, байгаль, хүрээлэн буй орчноо хамгаалах. 2006 онд Жигмэ Сэнгээ хаан ширээгээ хүү Жигмэ Хэсар Намжилд шилжүүлэв. Хоёр жилийн дараа Бутан улс анхны ардчилсан Үндсэн хуулиа баталлаа.

Бруней:

Нэг хүнд ногдох орлогоороо (79 мянга 508 доллар) дэлхийд дээгүүр ордог Бруней улсад байгалийн хий, нефть харамгүй заяажээ. Бурнейн султанат улс XIV зуунд байгуулагдаж байсан ч 1984 онд Их Британийн колониос чөлөөлөгдсөнөөс хойш Хассанал Болкиах гэсэн ганц хаантай явж ирлээ. Болкиах ч сайн удирдагч ажээ. Forbes сэтгүүлд бичсэнээр, түүний хаант улс нь тун хүчирхэг эдийн засагтай бөгөөд хааны хувийн хөрөнгө чинээ 20 тэрбум долларт хүрчээ. Хааны эрүүл мэнд сайнгүй байсан ч ордон доторх хэрүүлд оролцоход нь нөлөөлөөгүй юм.
Хассанал, түүний дүү, хунтайж Жефри Болкиах нар улс орны хөрөнгө мөнгөнөөс болж маргалдан хаан Хассанал дүүгээ огцруулсан ч маргаан дууссангүй. Жефри 1986-1997 онд Сангийн сайд байхдаа улс орны нефть, хийн нөөцийг хяналтдаа авчээ. Тэрээр хааны шийдвэрээр огцорсон ч байгалийн баялагийн орлогоос асар их мөнгийг гадаад руу гаргасан байв. Өнөөдөр Засгийн газар хунтайжийн зувчуулсан мөнгийг эргүүлэн олж авахаар хөөцөлдөж байна.

Камбож:

ЮНЕСКО-гийн экс элчин сайд Нородом Сиамони өнөөдөр Камбожийн хаанаар сууж байна. Тэрээр 2004 онд хаан ширээнд заларчээ. Түүний эцэг Нородом Сианук өнгөрсөн зууны Азийн нэгэн чухал зүтгэлтэн, нөлөө бүхий хүн байсан билээ.

Малайз:

Малайзын тохиолдол бол онцгой. Тус улсад хааны сэнтийг үе залгамжлуулдаггүй, харин ээлжлэх зарчимтай байдаг. Есөн мужийн захирагчдаас таван жилд тутамд хааныг сонгож ээлжлэн төрийн тэргүүнд зална. Камбожид эрт дээр үеэс ийм уламжлал байжээ. Өнөөгийн хаан Абдул Халим нь Кедах мужийн захирагч юм. Дараагийн хаанаар Келантан мужийн захирагч V Мохаммед тодроно. Хаанд тийм их эрх мэдэл байхгүй, бараг бүх эрх мэдэл Ерөнхий сайд болон парламентад байдаг ч хаандаа ихэд хүндэтгэлтэй ханддаг аж. Хаан нь лалын шашны тэргүүн юм.

Япон:


Японы эзэн хаан Акихито өнгөрсөн наймдугаар сард “Миний эрүүл мэнд улам муудаад байвал би төрийн тэргүүний үүргээ биелүүлэхэд улам л хэцүү болно” хэмээн мэдэгдсэн юм. Тэрээр хаан ширээнээс татгалзах талаар дуугараагүй ч энэ нь хааны сэнтийг шилжүүлж өгөх гэж байна гэсэн сэтгэгдэл төрүүлсэн билээ. Хунтайж Нарухито хаан ширээг залгамжилж авах өдөр холгүй байна хэмээн зарим хүн үзэж байна. Нарухито 56 настай.