Wednesday, December 18, 2013

Wednesday, November 27, 2013




Фукушимагийн цагаан будаа эзэн хааны ширээн дээр

2011 оны хавар “Фукушима” цөмийн цахилгаан станц дээр осол гарсны дараа анх удаа ижил нэртэй цагаан будаа Японы эзэн хаан Акихитогийн ширээн дээр заларлаа. Эзэн хаан өөрөө “Фукушима” сортын будаа зооглохыг хүссэн аж. Ийнхүү Фукушима мужид тариалсан цагаан будаа цаашдаа төрийн цайллага, бусад албан ёсны арга хэмжээний зоогний нэг хэсэг болж байна.
Эзэн хааны ордны үйл хэргийг удирдах албаны дарга мэдэгдэж буйгаар, осол болсон станцаас ердөө 20 км-ийн зайтай Хирано хотод тариалсан 120 кг цагаан будааг захиалж авчээ. Фукушимагийн ослоос хойш гурван жилийн дараа энэ хот цагаан будааны тариалангаа сэргээсэн юм. Өнгөрсөн сард Хирано хотын хоёр тн цагаан будааг Ерөнхий сайд Шинзо Абэд илгээжээ. Фукушимагийн цагаан будааг эхлээд Засгийн газрын тэргүүн, дараа нь эзэн хаан захиалж авсан  нь тус мужийн газар тариаланг сэргээхэд ихээхэн түлхэц боллоо хэмээн Хирано хотынхон үзэж байна.

Францууд биеэ үнэлэлтийн эсрэг тэмцэнэ

Францын эрх баригч Социалист нам улаан дэнлүүний газраар үйлчлүүлж буй хүмүүсийг гэмт хэрэгтэн гэж үзэх хуулийн төслийг санаачлан парламентад оруулаад байна. Биеэ үнэлэгч авч байгаад баригдвал эхний удаа 1500 евро, дараагийн удаа хоёр дахин их мөнгөөр торгох заалтыг хуулийн төсөлд тусгажээ. Энэ санаачилга биеэ үнэлэгчид болон эрчүүдийн уур цухлыг бараад байна. Нэрт зохиолч Фредерик Бегбедерээр ахлуулсан францууд жагсаал зохион байгуулж “Биеэ үнэлэгчдээс минь савраа тат” хэмээн хашгиралджээ. “Эрх чөлөө аюулд ороод байна. Төр засаг бидний бие бялдрын нандин хэсгийг хяналтдаа авах гээд байна. Бид насанд хүрсэн хүмүүс шиг амьдармаар байна. Улс төртэй хутгалдсан тэнэг сексийн амьдрал бидэнд хэрэггүй” хэмээн Бегбедер ярилаа.

Washington Post-ийн редакцийг 159 сая доллараар худалдлаа

Washington Post сонин Вашингтон хотын төвд орших төв редакцийн байраа худалдах тохиролцоонд хүрчээ. Цагаан ордонтой тун ойрхон байдаг тус сонины редакцийг үл хөдлөх хөрөнгийн нэгэн компани 159 сая доллараар авч байгаа аж. Тус сонин шинэ байр олтол өөр газар байр түрээслэх бололтой. Amazon.com интернэт дэлгүүрийг үндэслэгч Жефф Безос 2013 оны намйдугаар сард Washington Post сониныг 250 сая доллараар худалдаж авсан юм. Энэ сонины сэтгүүлчид нэр хүнд бүхий Пулитцерийн шагналыг 47 удаа авсан байдаг. Гэвч сүүлийн үед рекламны орлого, захиалга багасч санхүүгийн бэрхшээлтэй тулгарах болжээ. Улмаар хэдэн зуун ажилтнаа халж, салбар редакцуудаа хаах болсон юм.

Ираны нефтийн даатгалд тавьсан хоригийг цуцлана

Европын холбоо Ираны нефтийн экспортын даатгалд тавьсан хоригийг цуцлах үйл явцыг эхлүүллээ хэмээн Японы NHK телевиз мэдээлэв. Иран болон бусад зургаан улс Тегераны цөмийн хөтөлбөрийн асуудлаар тохиролцоонд хүрсний үр дүнд даатгалын хоригийг цуцлахаар болж байгаа аж. Иран улс цөмийн хөтөлбөрөө зогсоож буйн хариуд өрнөдийн орнууд хориг арга хэмжээгээ цуцалж эхлээд байгаа билээ. Япон улс Иранаас багагүй нефть худалдаж авдаг бөгөөд даатгалыг нь Европын компаниудаар хийлгэдэг аж. Ираны лидерүүд зургаан талт хэлэлцээний тохиролцоог батласны дараа даатгалд тавьсан хориг шууд цуцлагдана хэмээн Европын холбооны төлөөлөгч мэдэгдлээ.

Шотландыг Европын холбоонд хүлээж авах ёсгүй

Испанийн Ерөнхий сайд Мариано Рахой Шотландын иргэд тусгаар тогтнолын төлөө саналаа өгвөл Шотландыг Европын холбоонд элсүүлэх ёсгүй хэмээн мэдэгдлээ. Европын холбооны бүрэлдэхүүнд багтдаг улсын аль нэг хэсэг нь тусгаар тогтновол тэр хэсэг нь Европын холбооны гадна үлдэнэ гэсэн дүрмийг Рахой иш үндэс болгожээ. Шотландын тусгаар тогтнолын талаарх бүх нийтийн санал асуулга 2014 оны ёсдүгээр сард болохоор төлөвлөгджээ. Шотландын иргэд Их Британиас тусгаар тогтнохын төлөө санал өгвөл Шотландыг Европын холбоонд элсүүлэх асуудлыг 28 гишүүн орны саналаар шийдэх юм. Испанид салан тусгаарлахыг хүсдэг Каталон муж байдаг. Каталоны иргэд мөн тусгаар тогтнолын талаар бүх нийтийн санал асуулга явуулахыг хүсдэг ч төвийн Засгийн газар нь хүлээн зөвшөөрдөггүй билээ.


Гудамжны шорлогийг хааж агаараа цэвэршүүлэхээр шийджээ

Хятадын нийслэл Бээжин хотын эрх баригчид агаар цэвэршүүлэх тэмцлийн хүрээнд гудамжны хэдэн зуун шорлогийг хааж байна. Хотын агаарыг шорлогний утаанаас чөлөөлөх ажиллагаа гурван сар үргэлжилж байгаа аж. Энэ хугацаанд шорлогний 500 орчим метал суурийг хурааж, дахин ашиглуулахгүйн тулд хэрчиж жижиглэн устгал хийсэн байна. Бээжин  хотын гудамжны шорлог дээр ихэвчлэн Шинжаан –Уйгурын автономит бүсийн лал шашинтай уйгурууд ажилладаг хэмээн зарим эх сурвалж мэдээлэв.
Хятадын хүрээлэн буй орчныг хамгаалагчдын хэлж буйгаар, Бээжин хотын иргэд шорлогны үнэр, утаанаас ихэд залхаж гомдол гаргасан аж. Гэвч зарим идэвхтнүүдийн үзэж буйгаар, агаарын бохирдол зэрэг томоохон асуудал, бэрхшээлтэй илүү өргөн хүрээтэй арга хэлбэрээр тэмцэх ёстой ажээ. Бээжин хотын захиргаа өмнө нь агаарын бохирдлын түвшинг тогтоох онцгой хэмжүүрийг гаргаж байсан. Хотод энэ хэмжүүр дээд цэгтээ хүрвэл онцгой арга хэмжээ авч эхэлнэ хэмээн зааж өгсөн юм. Тухайлбал энэ үед автомашиныг тэгш, сондгой дугаараар нь ялган хөдөлгөөнд оролцуулна гэжээ. Мөн боловсролын байгууллагууд үйл ажиллагаагаа зогсоох ёстой.
Хотын эрх баригчид энгийн өдрүүдэд ч агаарын бохирдлын түвшинг бууруулахаар чармайж байна. Жишээлбэл, автомашинуудыг дугаарийнх нь сүүлчийн орноор харгалзан ажлын нэг өдөр хөдөлгөөнд оролцохыг хоригложээ. Мөн нийслэл хотын ойр орчимд байдаг хэд хэдэн үйлдвэрийн үйл ажиллагааг бүрэн зогсоож хаах бодолтой байна.
Бээжин хотын агаар ихээхэн бохирдолтой байгаа нь иргэдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлж, уушигны хорт хавдраар өвчлөх магадлалыг нэмэгдүүлж байгааг судалгааны дүн харуулж байна. Салхигүй өдөр хотын агаар мандалд утаа тортог ихээр хуримтлагдаж, хот тэр чигээрээ өтгөн манантай юм шиг харагддаг. Хотын агаар бохирдож буй гол шалтгаан нь автомашин болон үйлдвэрээс гарч буй утаа тортог, хаягдал ажээ.

Tuesday, November 26, 2013






Чонотой тэмцэхэд 34 сая рубль гаргана

ОХУ-ын Якутийн бүгд найрамдах улсын эрх баригчид 2014 онд чонотой тэмцэх төлөвлөгөөг батлав. Чонын тоо толгойг зохистой хэмжээнд барих, мал сүргийг чононоос хамгаалах ажилд бүгд найрамдах улсын төсвөөс 34 сая рубль гаргахаар болжээ. 2013 онд энэ зорилгоор 28 сая рубль зарцуулж байсан аж. Ирэх жил Якутийн анчид “Аэрошют” хэмээх хөнгөн нисдэг тэрэг ашиглан чоно агнах санаатай байна. Сүүлийн гурван жилд Яуктад хээрийн боохой 400 сая рублийн хохирол учруулжээ. Энэ нутагт чонын ав хомрогыг байнга зохион байгуулж байхгүй бол тоо толгой, учруулах хохирол нь дийлддэггүй ажээ.

Битлз, Эминема, Бейонс Филиппины төлөө

Өрнөдийн нэртэй дуучид Songs for the Philippines хэмээх буяны цомог гаргаж, орлогыг нь “Хайян” шуурганд өртсөн иргэдэд зориулахаар болов. Цомогт 39 дуу багтжээ. Тэдгээрийн дотор Битлз, Боб Дилан, Жастин Бибер, Леди Гага, Эминем, Бейонс болон бусад алдартнуудын дуу байна. Цомгийн борлуулалтын орлогыг Филиппины Улаан загалмайн нийгэмлэгт хандивлах аж. 20-оод хоногийн өмнө Филиппиныг дайрсан далайн шуурга таван мянга орчим хүний аминд хүрч, олон зуун мянган хүнийг орон гэргүй болгосон юм.

Нью-Йоркийн хүүхдүүдийн 20 хувь нь өлсөж байна

Нью-Йорк дахь таван хүүхэд тутмын нэг нь өлсөж байна хэмээн Өлсгөлөнгийн эсрэг Нью-Йорк хотын холбооны илтгэлд онцолжээ. Тус хотын хүн амын 16 хувь нь хоол тэжээлийн дутагдалд орсны 406 мянга 260 нь хүүхэд байна. Жилийн турш бүрэн хооллож чаддаггүй, боломжгүй гэр бүлд нийт хүүхдүүдийн 21.8 хувь нь амьдарч байгаа гэсэн тооцоо гарчээ. Хотын хамгийн “өлсгөлөн” дүүргээр Бронкс, Манхэттан тодров. Өнгөрсөн онд “Сэнди” хар салхи Нью-Йорк хотыг дайрч ихээхэн хохирол учруулсан нь ийнхүү нөхцөл байдал муудахад хүргэсэн хэмээн илтгэлд бичсэн байна.   





Венесуэльд супермаркетийн сүлжээг улсын мэдэлд авлаа

Венесуэлийн эрх баригчид үнээ буулгахаас татгалзсан супермаркетийн Daka сүлжээг улсын мэдэлд авчээ. Daka нь нийслэл Каракас болон Венесуэлийн бусад хотод гэр ахуйн цахилгаан бараа борлуулдаг томоохон сүлжээ юм. Ерөнхийлөгч Николас Мадуро тус сүлжээг барааныхаа үнийг буулга, эс бөгөөс бүх барааг нь хураана хэмээн шаардаж байжээ. Daka-д зарагдаж буй гэр ахуйн барааны үнэ улс оронд зөвшөөрсөн үнээс 10 дахин их үнэтэй байсан юм. Тус дэлгүүрийн сүлжээг улсын мэдэлд авч, бүх барааг нь хураасны дараа эздийг нь баривчилжээ.
Үүний дараа хураагдсан бүх барааг цэргийнхний хараа хяналт дор “шударга үнэ”-ээр борлуулах ажиллагаа эхэлсэн ч эмх замбараагүй байдал үүсч иргэд барааг тоноод дуусчээ. Үүний улмаас зөвхөн Daka төдийгүй өөр олон дэлгүүр дээрэм, тонуулд өртсөн байна. Венесуэльд инфляц 50 хувьд хүрсэн нь Латин Америкийн орнууд дотроос хамгийн өндөр байгаа юм.

Гаитийн 30 гаруй цагаач амиа алдлаа

Гаити улсын хууль бус цагаачдыг суулгаж явсан хөлөг онгоц өчигдөр Багамын арлын орчимд сүйрч 30 гаруй хүн амь насаа алдаад байна. 140 хүнтэй хөлөг онгоц усан доорх хад мөргөн сүйрчээ. Багамын арлын эргийн харуулын аврагчид 110 хүнийг уснаас эсэн мэнд гаргаж авсан байна. Цагаачид АНУ, эсвэл Багамын арал руу явж байсан бололтой. Ес хоног далайд байсан гаити цагаачид тэнхээ тамиргүй болсон байв. Аравдугаар сарын сүүлчээр Майами хот орчимд гаити цагаачдын хөлөг сүйрч  дөрвөн эмэгтэй амь насаа алдсан юм.
Дэлхийн хамгийн ядуу улс гэгдэж буй Гаитийн эдийн засаг 2010 оны нэгдүгээр сарын гамшигт газар хөдлөлтөөс хойш сэхэл авч чадахгүй хэвээр байна. Уг газар хөдлөлт 225 мянган хүний аминд хүрсэн билээ. Тэр цагаас хойш гаити иргэд Багамын арал болон АНУ руу хууль бусаар цагаачлах нь эрс нэмэгджээ.

Улаан талбай дахь Louis Vuitton авдрыг буулгахыг шаардав

ОХУ-ын Төрийн Думын депутат Александр Сидякин Монополийн эсрэг албаны Москва дахь салбарт хандан Улаан талбай дээр босгосон Louis Vuitton компанийн аварга авдар буюу моодны ордныг хууль ёсны эсэхийг шалгуулах хүсэлт гаргажээ. Есөн метр өндөр, 30 метр урт авдар нь Москвагийн соёлын өв болсон Спасскийн цамхаг, Василийн дуганын царай зүсийг гутааж байна хэмээн үзжээ. Уг авдар дээр Louis Vuitton компанийн лого төдийгүй Оросын далбааны гурван өнгийг дүрсэлсэн нь Рекламны тухай хуулийг зөрчиж байна хэмээн “Единая Россия” намын депутат ярилаа. Louis Vuitton-ий авдрыг даруй буулгахыг тэрээр шаардаж байна.




“Кубад өөрчлөлт авчрах цорын ганц сонголт нь ард түмний бослого”

Кубын зохиолч Армандо де Армас хүний эрхийн төлөө тэмцсэнийхээ төлөө шоронд хоригджээ. 1989 онд тэрээр нэгэн хуягийн тусламжтайгаар шоронгоос оргож, 1994 онд Коммунист намын нэгэн түшмэлийн дарвуулт хөлгийг хулгайлан Кубын эргийн харуул, нисдэг тэрэгнээс бултан Мексикийн Кинтана Род хүрчээ. Дараа нь Армандо АНУ-ын Майами хотод очиж суурьшин, Кубын дэглэмийг хүчтэй шүүмжлэгчдийн нэг болсон юм. Тэрс үзэлтэн Армандо де Армас өнөөдрийн Куба орны талаар ийнхүү ярьж байна.

-Рауль Кастрогийн шинэчлэлээс юу хүлээж байна вэ?

-Юу ч биш. Рауль Кастрогийн засаг захиргаа зарим шинэчлэл хийсэн. Гэвч зөвхөн өнгөн хэлбэрийн. “Шүүмжлэгч” хочоороо алдаршсан рэппер Анхель Юниер, “Цагаан хатагтай нар” бүлгэмийн Соня Гарро болон улс төрийн хэдэн арван хоригдол шоронд байсаар. Кубад өөрчлөлт, шинэчлэлт авчрах ганцхан боломж нь ард түмний бослого л болж байна. Засгийн газар ганцхан ийм боломжийг л үлдээсэн. Куба орон Фиделиэс Рауль Кастро руу, дараа нь хүүхдүүд рүү нь шилжих марксист хаант улс болчихлоо. Эрх баригчдын зүгээс дорвитой өөрчлөлт хийх ямар ч хүсэл зориг алга. Кубын дэглэм нь Кастрогийн гэр бүлийн марксист цэргийн хаант улс болсон.

-Ирэх арванхоёрдугаар сарын 2-нд “Гранма” хөлгөөр Кубын эрэг дээр буусны ой тохиож байгаа. Өнөөгийн лидерийн хүү, хурандаа Алехандро Кастро Эспин цол ахина гэж ярьж байна..?

-Тэр цол ахихгүй байх. Энэхүү марксист хаант улсад албан тушаал, цэргийн цол чухал биш, харин хаант гэр бүлд хэн ойр дотно байна вэ гэдэг л чухал. Сексийн боловсролын Үндэсний төвийн дарга Мариэла Кастро Эспин (Рауль Кастрогийн охин) генералаас илүү эрх мэдэлтэй. Фиделийн хүү Антонио Кастро Сото генералтай цэрэг шиг л харьцаж чадна.

-55 жилийн дарангуйллыг дуусгахдаа тэрс үзэл болон цөллөг дахь кубуудын тусламжийг авах ёстой юу?

-Хамгийн тохиромжтой арга нь Кубын Засгийн газар, сөрөг хүчин, цөллөг дахь кубуудыг хэлэлцээний ширээнд суулгах. Энэ гурван багана Куба орныг ардчилалд хүргэж болох юм. Тэдний нэг нь ийм юм болоосой гэж хүсэхгүй байна. Засгийн газар энэхүү энхийн арга замыг олох гарцыг хагас илүү зууны турш хааж боож байна.

-Тэрс үзэлтэн Антонио Родилес “Кубын сөрөг хүчин зөвхөн мэдэгдэж, илчлэх үүрэг гүйцэтгэх бус, улс төрийн хүчин болж бүрэлдэх хэрэгтэй” гэж хэлсэн. Та юу гэж бодож байна?

-Түүний зөв. Гэвч би дахин нэг алхам хийхийг хүснэ. Сөрөг хүчнийхэн мэдээ, мэдээлэл дамжуулагч байхаа больж, мэдээний гол жүжигчид болох ёстой.

-Кубын сөрөг хүчнийг аваад явах шинэ хүмүүс гарч ирж байна уу?

-Цагаан хатагтай бүлгэм байна. Кубын эх оронч холбооны Хосе Даниэль Феррер, Хорхе Луис Гарсия... гээд эрч хүчтэй залуус байна. Тэд олныг хамарсан сөрөг хүчнийг бүрдүүлэх чадвартай хүмүүс.

-АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама саяхан Майами хотод Кубын тэрс үзэлтэн Берта Солер, Гильермо Фариньяс нарыг хүлээн авч уулзахдаа “Вашингтон Кубын талаар баримтлах бодлогоо эргэн харах ёстой” гэж хэлсэн...?

-Тийм ээ, эргэн харах ёстой гэж бодож байна. Кубын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ, Хелмс-Буртоны хуулийг бүрэн хэрэгжүүлэх ёстой. Куба арлыг олон улсын байгууллагуудаас тасалж, ганцаардуулж, сөрөг хүчинд нь илүү туслах ёстой. Жорж Бушийн үед бараг сар бүр Цагаан ордонд Кубын сөрөг хүчний нэг төлөөлөгчийг хүлээн авдаг байсан.

-Кубын олон залуус өсч, хөгжих боломжоор хязгаарлагдмал байх шиг байна?

-Кубын залуу үе бол их тэмцэгч, босогч чанартай. Гэвч яаж босч, тэмцэх ухаанаа олохгүй байна. Өөрөөр хэлбэл, яаж мөнгө олох вэ, яаж амьдрах вэ гэсэн бодолдоо дарагдчихсан. Тэд Засгийн газрыг дэмждэггүй, сөрөг хүчинтэй ч нэгддэггүй. Хэрхэн амьдрах вэ л гэж бодож байна. Энэ залуус нийтээрээ сөрөг хүчин рүү хэлтийвэл өнөөгийн дэглэм төгсгөл болно. Залуусыг нийтээр нь эгнээндээ нэгтгэх нь Кубын сөрөг хүчний даалгавар юм.

Monday, November 25, 2013

Спортын нүүрт ............



Спортын шилдэг брэндүүд

Forbes сэтгүүл их мөнгө эргэлддэг спортын тэмцээн буюу спортын шилдэг брэндийн жагсаалтыг гаргажээ. Телевизийн дамжуулах эрх, ивээн тэтгэгч, тасалбарын худалдаа, дахин дамжуулах эрхээс олдог орлогоор нь спортын уралдаан тэмцээнийг жагсаасан байна.

1. Супер Боул (америк хөлбөмбөг) – 464 сая доллар
2. Зуны олимпийн тоглолт – 348 сая доллар
3. Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн – 160 сая доллар
4. NCAA (Америкийн оюутны сагсан бөмбөгийн холбоо) – ийн шөвгийн дөрөв – 137 сая доллар
5. MLB (бейсбол)-ийн дэлхийн цуврал – 135 сая доллар
6. Зуны олимпийн тоглолт – 123 сая доллар
7. УЕФА-гийн Аваргуудын лиг – 117 сая доллар
8. NASCAR автомашины уралдаан – 98 сая доллар
9. Kentucky Derby морины уралдаан – 97 сая доллар

10. MLB-ийн Бүх оддын тоглолт – 86 сая доллар



К.Мюррей Майкл Жексоны нууцыг илчлэв

Попын хаан Майкл Жексоны хувийн эмч байсан Конрад Мюррей нэгэн шуугиантай мэдэгдэл хийж олныг алмайруулав. Тэрээр санамсаргүйгээр хүний аминд хүрсэн хэргээр дөрвөн жилийн ял сонсоод хоёр жил хоригдоод 20 хоногийн өмнө суллагдсан юм. “Бидний харилцаа ямар нарийн ширийн байсныг та нар мэдмээр байна уу. Би Майкл Жексоныг хэвийн шээлгэхийн тулд шөнө бүр бэлэг эрхтнийг нь зөв барьж тогтоож өгдөг байсан. Тэр шээс алддаг өвчнөөр шаналдаг байсан. Түүнийг өөрийн мэдэлгүй “шингэн”-ээ гаргаж байхын тулд би түүнд өдөр бүр катетер маягийн юм тавьдаг байлаа” хэмээн Конрад Мюррей “Mail on Sunday” сонинд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Попын хаан үргэлж хар өмдтэй явдаг байсан, өөрийн мэдэлгүй шээс алдчихдаг учраас мэдэгдэхгүйн тулд хар өмд өмсдөг байсан хэмээн Конрад эмч өгүүлж байна.
Тэрээр мөн Жексоны гурван хүүхдийн аль нь ч түүний биологийн хүүхэд биш хэмээн ярьжээ. “Майкл Дебби Роутай хэзээ ч унтаагүй гэдгээ надад хэлдэг байсан. Энэ мэтийн зүйлээ итгэж ярьдаг цөөхөн хүн нь би байсан. Бланкетийн ээжтэй ч тийм юм болоогүй. Энэ дэлхий дээр Деббитэй унтах хэн ч байхгүй гэж бид хоорондоо марзагнаж ярьдаг байлаа. Майкл хүүхэдтэй болохын тулд зарим найз, танилуудаасаа тусламж авсан. Хүүхдүүд нь надаас шаардахаас нааш би тэдгээр хүмүүсийн нэрийг илчлэхгүй” хэмээн Конрад Мюррей ярьжээ.

Чулуугаар шидэж цаазалдгийг дахин хэрэглэх үү

Афганистаны Засгийн газар гэр бүлээс гадуур бэлгийн харилцаа тогтоосон хүнийг “ёс суртахууны хэрэг” үйлдсэн хэмээн үзэж чулуугаар нүүлгэж алах шийтгэлийг эрүүгийн хуулиндаа оруулахаар бэлтгэж байна хэмээн хүний эрхийг хамгаалах Human Rights Watch (HRW) байгууллага мэдэгдлээ. Афганы Хууль зүйн яам боловсруулан бэлтгэж байгаа шинэ эрүүгийн хуулинд гэр бүлээс гадуур сексийн харилцаанд орсон эрэгтэй, эмэгтэйг олон нийтийн өмнө чулуугаар нүүлгэж шийтгэх заалт орж магадгүй байна хэмээн HRW үзэж байна. Завхайрагч нь гэрлээгүй бол 100 удаа ташуурдан шийтгэнэ хэмээн зааж өгчээ. “Талибуудын дэглэм нурж унаад 12 жил өнгөрч байхад Карзайн засаг захиргаа чулуугаар нүүлгэх, ташуурдах заалтыг эрүүгийн хуульд дахин оруулах сонирхолтой байгаа нь ичгэвтэр хэрэг” хэмээн HRW-ийн Ази дахь төлөөлөгч Брэд Адамс хэллээ. Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзай энэ заалтыг хуульд оруулахгүй гэдэг баталгааг өгөх ёстой хэмээн хүний эрхийг хамгаалагчид үзэж байна.
Чулуугаар шидэж цаазаар авдаг шийтгэлийг талибуудын засгийн газар 1990-ээд оны дундуур, мөн 2001 онд олон улсын цэргийн хүчинд бут цохигдон эрх мэдлээ алдах хүртлээ хэрэглэж байсан юм. Афганистаны одоогийн эрүүгийн хуульд ийм заалт байхгүй ч талибуудын мэдэлд байдаг алс бөглүү зарим нутагт энэ шийтгэлийг хэрэглэсээр байгаа ажээ. “Афганистаны эрх баригчид талибуудын үеийн харгис арга барилыг буцааж авчрах ёсгүй. Олон улсын тусламж дэмжлэгийг авахын тулд Кабулын Засгийн газар хүний эрхийг хүндэтгэх ёстой. Эс бөгөөс хандивлагч орнууд тусламжаа зогсоох ёстой” хэмээн хүний эрхийн байгууллагууд мэдэгдэж байна.

Хятадад есөн хүнийг баривчилжээ

Хятадын Циндао хотод нефть дамжуулах хоолой дэлбэрсэн хэрэгт есөн хүнийг сэжиглэн баривчилжээ. Тэдний долоо нь нефтийн хоолойг эзэмшдэг Sinopec компанийн ажилтнууд юм. Нөгөө хоёр нь Циндаогийн эдийн засаг, технологийн салбарт ажилладаг аж. Тэднийг ямар зүйл ангиар буруутгаж байгаа нь тодорхойгүй байна.
Sinopec компанийн нефть дамжуулах хоолойд 22-нд дэлбэрэлт болж нефть асгарчээ. Дэлбэрэлтийн улмаас 55 хүн нас барж, 145 хүн гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн аж. Есөн хүн олдохгүй байгаа ажээ.

Шотланд 2016 онд тусгаар тогтнолоо зарлана

2014 оны бүх нийтийн санал асуулгаар шотландуудын ихэнх нь тусгаар тогтнолын төлөө санал өгвөл Шотланд 2016 оны гуравдугаар сарын 24-нд Их Британиас тусгаар тогтнож буйгаа зарлана хэмээн ВВС мэдээлэв. Тусгаар тогтносон Шотландын төр улсыг байгуулах Шотландын Засгийн газрын “Цагаан ном”-д тусгаар тогтнолыг зарлах өдрийг оруулжээ. Энэ ном арваннэгдүгээр сарын 26-нд хэвлэгдэх юм. Тусгаар тогтносон Шотландын анхны парламентын сонгууль 2016 оны тавдугаар сард болно хэмээн “Цагаан ном”-д заажээ.
1603 оны гуравдугаар сарын 24-нд Шотланд, Англи хоёр хаант засаглал дор нэгдэж, 100 жилийн турш хаант улсын бүрэлдэхүүнд байна хэмээн тохиролцож байжээ.

Египетэд жагсаал цуглаан хийхийг хориглов

Египетийн эрх баригчид жагсаал цуглаантай холбоотой хуулийг чангатгав. Түр үүрэг гүйцэтгэгч Ерөнхийлөгч Адли Мансурын баталсан зарлигаар, зөвхөн Египетийн Дотоод хэргийн яам зөвшөөрсөн тохиолдолд эсэргүүцлийн цуглаан зохион байгуулж болохоор болжээ. Жагсаал зохион байгуулах хүсэлтийг Дотоод хэргийн яам хүлээж авахгйү бол яаралтай хэрийг тусгай шүүхэд хандаж болох аж. Хууль бус, зөвшөөрөлгүй жагсаал цуглааныг цагдаа нар хүчээр тарааж, зохион байгуулагчдыг нь баривчлах эрхтэй болсон байна.

Есөн босогчийг устгалаа

Колумбийн армийн цэргүүд “Чөлөөлөх арми” босогчдын бүлгийн есөн гишүүнийг устгажээ. Венсуэльтэй залгаа Араука мужид цэргүүд, босогчдын хооронд тулалдаан болсон байна. Цаашдын мөргөлдөөн, золиосоос зайлсхийхийн тулд энхийн хэлэлцээг өргөтгөх шаардлагатай хэмээн Колумбийн Ерөнхийлөгч Хуан Сантос мэдэгдэв.
Боготагийн эрх баригчид Колумбийн хамгийн том зэвсэгт бүлэг FARC-тай хэлэлцээ хийж байгаа билээ. Хагас зууны турш үргэлжилж байгаа аллага, тэмцлийг зогсоохоор энэ хэлэлцээг хийж байгаа юм. Засгийн газар мөн босогчдын бас нэг том бүлэг ELN-тэй хэлэлцээ хийх сонирхолтой байна. Сүүлийн үед Колумбид босогчдын довтолгоо дахин сэргэж, цагдаа, цэргүүд рүү халдах нь ихсээд байна.

Францын парламент 75 хувийн татварыг баталсангүй


Францын парламент хэт өндөр орлогоос 75 хувийн татвар авах хуулийн төслийг баталсангүй. Энэ санаачилга Францад өндөр цалинтай тоглодог хөлбөмбөгчдийн дунд томоохон маргаан дэгдээгээд байсан юм. Өндөр орлогоос 75 хувийн татвар авах хуулийг баталвал улс орны авъяас, капитал гадагшаа урсана хэмээн депутатууд үзсэн байна. Жилд нэг сая еврогоос дээш орлого, цалинтай иргэдээс 75 хувийн татвар авах ёстой хэмээн Францын социалистууд үзсээр байна. Үүнд ихэвчлэн хөлбөмбөгчид болон жүжигчид өртөхөөр байсан юм.