Wednesday, March 9, 2016

Хойд Солонгос эдийн засгийн хамтын ажиллагааг зогсоолоо

Сөүлийн эрх баригчид хойд хөршийнхөө эсрэг хориг арга хэмжээ авсны дараа Хойд Солонгосын тал эдийн засгийн хамтын ажиллагаагаа зогсоож, улс орны газар нутаг дээрх Өмнөд Солонгосын активыг хурааж авч буйгаа зарлав. “Энэ цаг мөчөөс хойш хоёр Солонгосын хоорондох эдийн засгийн хамтын ажиллагаа, солилцооны бүх гэрээ хүчин төгөлдөр бус болж байна” хэмээн Солонгос хоорондын харилцааг хариуцдаг хорооны мэдэгдэлд онцолсон байна. Хойд Солонгос дахь Кымгансан ууланд хийдэг өмнөд иргэдийн аялал, Кэсон үйлдвэрлэлийн бүс хаагдсаны дараа Пхеньян ч мөн өмнөд хөршийнхөө активыг худалдана хэмээн мэдэгдэв.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хориг арга хэмжээг өргөтгөсний дараа Өмнөд Солонгос мөн хойд хөршийнхөө эсрэг шинэ хориг арга хэмжээг зарлажээ. Хойд Солонгос өчигдөр бага тусгалтай хоёр пуужин харвасан нь Япон тэнгист унасан юм.

Бразилийн экс Ерөнхийлөгчийг хэрэгт буруутгав

Бразилийн прокурорын газар экс Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силваг авлигын хэрэгт буруутгав. Лула болон түүний эхнэр Гуаруха амралт дахь хувийн тансаг байшингаа хөрөнгө орлогын мэдүүлэгт багтаагаагүй хэмээн үзэж байна. Энэ тансаг сууцыг төрийн мэдлийн Petrobras компанитай холбоотой авлигын хэрэгт орооцолдсон барилгын OAS фирм барьж өгчээ. Petrobras-ын хэргээр арваад томоохон бизнесмэнийг олон тэрбум долларын авлигын хэргээр шүүхэд шилжүүлээд байна. Эдүгээ 70 настай Лула бизнесмэнүүдийг “ивээн тэтгэснийхээ” төлөө 30 сая реал (найман сая доллар) авсан хэмээн мөрдөн байцаагчид үзэж байна. Одоогийн Ерөнхийлөгч Дилма Руссефийг мөн энэ хэрэгт холбоотой хэмээн үзэж, шалгахаар зэхэж байгаа тухай мэдээлэл иржээ.

Зуны олимпийг 85 мянган ажилтан хамгаална


2016 оны Рио-де-Жанейрогийн зуны олимпийн тоглолтын аюулгүй байдлыг 85 мянган цагдаа, цэрэг хамгаална хэмээн Бразилийн Батлан хамгаалахын сайд Алдо Рибелу мэдэгдлээ. Аюулгүй байдлыг сахиулах ажилтнуудын 35 мянга нь цэргийн албан хаагчид байх аж. 20 мянган цэрэг Рио-де-Жанейрод ажиллах бол, олимпийн наадмын хөлбөмбөгийн тоглолт болох Бразилиа, Белу-Оризонту, Манаус, Сан-Паулу, Салвадор хотод 15 цэрэг хамгаалалтад гарах юм. Зуны олимпийн тоглолт 2016 оны намйдугаар сарын 5-21-нд болно. Гэвч тус улсад Зика вирус дэгдсэн нь ихээхэн түгшүүр төрүүлж байна. Энэ өвчний улмаас зарим улс орны спортын холбоо зуны олимпод тамирчдаа илгээхгүй хэмээн мэдэгдээд байгаа билээ. 

No comments:

Post a Comment