Tuesday, March 15, 2016




АНУ дахь испани хэлтнүүд 55 саяд хүрчээ

АНУ-ын 323 сая хүн амын 17 хувь нь буюу 55.2 сая нь испани хэлтэй иргэд байна. Африк гаралтай иргэд 12.6 хувийг эзэлж байгаа аж. Калифорни, Аризона, Нью-Мексико, Техас мужийн иргэдийн 30-47 хувь нь латинууд буюу испани хэлтэй хүмүүс ажээ. 55.2 сая латин иргэдийн 24 сая нь ирэх арваннэгдүгээр сард болох сонгуульд оролцох эрхтэй байна. Америк дахь латинуудын 63 хувь нь мексик, 10.1 хувь нь пуэрто-рико, 3.8 хувь нь сальвадор, 3.7 хувь нь куба гаралтай хүмүүс юм. Нью-Мексико мужид хамгийн олон испани хэлтэн амьдарч байна. Тус мужийн хоёр сая 58 мянган хүн амын 47.6 хувь нь латинууд ажээ.

Марко Рубио Ерөнхийлөгчийн сунгааг орхилоо

Бүгд найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдөж байсан сенатч Марко Рубио кампанит ажлаа дуусгаж, сунгаанаас гарч буйгаа мэдэгдлээ. Тэрээр сенатаар сонгогдсон Флорида мужид болсон сунгаанд ялагдал хүлээсний дараа ийнхүү сунгааг орхиж буйгаа зарлажээ. “Ерөнхийлөгчийн уралдаанаас гарч буйгаа зарлаж байна. Бурхны төлөвлөгөөнд байхгүй л бол улс орныг хэзээ ч толгойлж болохгүй” хэмээн Рубио дэмжигчиддээ хандаж ярилаа. Марко Рубио куба гаралтай улстөрч юм. Флоридад болсон сунгаанд Ардчилсан намаас Хиллари Клинтон, Бүгд найрамдах намаас Дональд Трамп нар ялалт байгуулжээ. Иллинойс, Миссури, Хойд Каролинад болсон сунгаанд мөн л Клинтон, Трамп нар ялалт байгуулсан бол, Охайод Бүгд найрамдах намын Жон Касич ялсан байна.

Атлетико Мадрид шилдэг наймд шалгарлаа

Аваргуудын лигийн шөвгийн найман баг тодроод байна. Өчигдөр Испанийн Атлетико Мадрид Голландын Эйндховен-тэй талбай дээрээ хариу тоглолт хийж 0:0-ээр тэнцэж, 11 метрийн цуврал цохилтоор ялагчаа тодруулжээ. Хоёр багаас тус бүр долоон тоглогч цохилтоо амжилттай гүйцэтгэж, Голландын багийн найм дахь тоглогч цохилтоо алдахад Атлетико-гийн Хуанфран цохилтоо амжилттай оруулснаар Испанийн клуб шилдэг наймд шалгарлаа. Английн Манчестер Сити мөн наймд шалгараад байна. Хамгийн өндөр шагналын сантай Аваргуудын лигийн шилдэг наймд Испанийн Реал Мадрид, Барселона, Атлетико, Германы Волфсбург, Байерн, Францын ПСЖ, Португалын Бенфика, Английн Манчестер Сити клуб шалгараад байна. 1/4 шигшээгийн сугалаа гуравдугаар сарын 18-нд Швейцарийн Ньон хотод болно. Эхний тоглолт дөрөвдүгээр сарын 4, 5, хариу тоглолт дөрөвдүгээр сарын 12, 13-нд болно.

Зэвсэглэсэн сэжигтэй этгээдийг устгажээ

Бельгийн цагдаа Брюссель хотын захад тусгай ажиллагаа явуулсны эцэст зэвсэглэсэн аюултай этгээдийг устгажээ. Энэ тухай тус улсын прокурорын газраас мэдэгдэв. Цагдаа нар Парисын халдлагатай холбоотойгоор нэгжлэг, самналт хийж байгаад уг этгээдтэй тулгарч устгажээ. Дөрвөн цагдаа шархадсаны нэг нь Францын хууль сахиулах байгууллагын ажилтан ажээ. Сэжигтэй этгээд цагдаа нар руу гал нээж зугтах гэж оролдсон байна. Тэрээр Калашниковын автомат буугаар зэвсэглэсэн байв. Парисын халдлагаас хойш Франц, Бельгийн цагдаа сэжигтэй, аюултай этгээдүүдийг хайсаар байгаа юм.

Эмэгтэй нисгэгчидтэй онгоц Саудын Арабт иржээ

Бруней улсын Royal Brunei авиакомпанийн дан эмэгтэй нисгэгчдээс бүрдсэн экипаж Саудын Араб руу анх удаа нислэг үйлджээ. Брунейн үндэсний баярын өдрийг тохиолдуулан Саудын Араб руу ийм нислэг хийх санаачилга гаргасан байна. Гурван жилийн өмнө Шарифа Царена Сураини Зүүн өмнөд Азид анх удаа агаарын хөлгийн ахмад болж байсан юм. “Хүмүүс нисгэгчийн мэргэжлийг зөвхөн  эрэгтэй хүний ажил гэж үздэг. Эмэгтэйчүүд, Брунейн эмэгтэйчүүдийн хувьд энэ нь том ололт юм. Энэ бол эмэгтэй хүн юунд хүрч болдгийн жишээ болж байна” хэмээн нисгэгч Шарифа ярьжээ. Эмэгтэйчүүдийн эрхийг хаан боогдуулдаг хэмээн ихээхэн шүүмжлэлд өртдөг Саудын Араб сүүлийн үед нээлттэй бодлого баримтлах болжээ. Саяхан Саудын Арабт болсон мужийн сонгуульд анх удаа эмэгтэйчүүд оролцсон байна.

No comments:

Post a Comment