Wednesday, March 16, 2016



Хятадад эдийн засгийн уян хатан өсөлтийг батлав

Бээжинд улс төрийн улирал дуусав. Бүх Хятадын ардын их чуулган өндөрлөхдөө гурван чухал баримт бичгийг баталжээ. Ерөнхий сайд Ли Кэцяны Засгийн газрын үйл ажиллагааны илтгэл, Шинэчлэл, хөгжлийн улсын хорооны илтгэл, Сангийн яамны төсвийн талаарх илтгэлийг хэлэлцэж баталсан байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн өсөлтийг таван жилийн хугацаанд уян хатан байлгах шийдвэр гаргасан нь хамгийн чухал үйл явдалд тооцогдож байна. Эдийн засгийн өсөлт 6.5-аас долоон хувь байхаар тооцжээ. Ийнхүү дарга, түшмэлүүд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх үүрэг хүлээгээд зогсохгүй эмзэг, хатуу шинэчлэл хийх хэрэгтэй болов.
Өрнөдөд Бүх Хятадын ардын их чуулганыг намын үүрэг даалгаврыг биелүүлэгч байгууллага хэмээн нэрлэдэг. Үнэхээр депутатуудын сонголтыг Хятадын Коммунист нам хянаж байдаг. Гэвч энэ нь чуулган дээр нийгэм, эдийн засгийн хөгжил, дээд, доод ангийнхны амьдралын түвшний ялгааг арилгах шаардлагын талаар маргалдаж, мэтгэлцдэггүй гэсэн үг биш юм. Үүнээс л ард түмний нүдэн дээр Коммунист намын хууль ёсны байдал хамаарч байдаг аж.
Таван жилийн төлөвлөгөөнд уян хатан өсөлтийг баталж өгсөн нь яг таг тоо баримт зааж өгдөг байсан өмнөх туршлагаасаа ухарч буйн тод илрэл хэмээн Asia Times сонины тоймч Фон Так Хо бичиж байна. Дундад улсын эдийн засаг өнгөрсөн онд 6.9 хувийн өсөлттэй байсан нь ийм алхам хийхэд хүргэжээ. Эдийн засгийн даруухан өсөлтийг Ли Кэцян “хэвийн” хэмээн нэрлэв. 1990, 2000 онтой харьцуулахад эдийн засгийн нийт хэмжээ өссөн тул Хятад улс иймэрхүү хэмжээний өсөлтөд дасах хэрэгтэй болж байна. Гэвч үүний хажуугаар хүндрэл, бэрхшээл гарах нь зайлшгүй хэмээн хүлээн зөвшөөрчээ. “Энэ онд биднийг илүү хүнд, бэрх зүйл хүлээж байна. Уриа дуудлага улам л том болж байна. Бид хүнд тулаанд бэлэн байх ёстой” хэмээн Төрийн зөвлөлийн дарга илтгэлдээ онцолжээ.
Таван жилээр төлөвлөдөг бодлого, зорилт биелсэн үү гэсэн асуулт гарч ирнэ. “Эдийн засгийн өсөлт бүр нөр их хөдөлмөрийн үр дүнд ирдэг. Жилийн 6.5-7.0 хувийн өсөлт гэдэг нь бүрэн бодитой, муугүй үзүүлэлт. Дотоодын нийт бүтээгдэхүүн өссөн ч экологи, шинжлэх ухаан, техникийн салбарт зорилгоо биелүүлээгүй байж болох юм. Нийгмийн хөтөлбөрүүд нь ДНБ-ий өсөлттэй л холбоотой байдаг. Хүчтэй эдийн засаг байхгүй бол ядууралта яаж тэмцэх билээ? Хаанаас санхүүжилт гаргах вэ? Тиймээс Хятадын эрх баригчид хөрөнгө оруулалтыг бууруулах алхам хийхгүй байх” хэмээн Алс Дорнодын судалгааны хүрээлэнгийн дэд захирал Андрей Островский ярилаа.
Бүх Хятадын ардын их чуулган 2020 он гэхэд иргэдээ чинээлэг болгоно гэсэн зорилт тавьжээ. Нэг иргэний жилийн орлогыг гурван мянган доллараас илүү гаргана хэмээн ярьж байна. Эдийн засгийн хөгжлөөр хоцрогдонгуй Түвд, Юннань, Ганьсу, Гуйчжоу, Цинхай муж ийм үзүүлэлтэд хүрч чадаагүй байгаа билээ. Мөн эрх баригчид ажилгүйдлийг нэмэгдүүлэхгүй байх зорилт тавилаа. Өнгөрсөн таван жилд 65 сая ажлын байрыг шинээр бий болгожээ. Өнөөдөр хот дахь ажилгүйдэл 4.1 хувьтай байгаа нь тун бага үзүүлэлт юм. Гэвч өөр нэг асуудал гарч ирсэн нь ажиллах насны иргэдийн тоо цөөрч буй явдал ажээ. Ажилчдын орон тоог хэн дүүргэх вэ? Тиймээс нэг гэр бүлийг хоёр хүүхэдтэй байхыг зөвшөөрөх болсон аж.
Өнгөрсөн онд Хятад улсын импорт буурсан нь тус улс гадаад ертөнцөөс улам бүр хараат бус болсоор буйн илрэл хэмээн тоймчид үзэж байна.
Хятад улсын дарга Си Зиньпин Шанхай хотын депутатуудын өмнө үг хэлэхдээ “Үйлдвэрлэлийн ажилчид, цагаач-ажилчдын үр дүнг сонирхох хэрэгтэй. Ажилчин анги бол эзэн юм” хэмээн хэлжээ. Оростой хил залгадаг Хэйлунцзян мужийн хэдэн мянган уурхайчин хотын гудамжинд жагсаж, үйлдвэрийн эздээс хэдэн сар хоцорсон цалингаа нэхжээ. Ажилчдын эсэргүүцэл энэ салбарыг сэргээн босгоход ихээхэн саад болж байгаа аж. Учир нь нүүрсний үнэ хямдарч, эрэлт хэрэгцээ буурсан нь хүнд цохилт болж байна. Бүтцийн шинэчлэл хийж, ажилчид, боловсон хүчнээ цомхотгох шаардлагатай болж байх шиг. Гэвч Хятадын Засгийн газар эсэргүүцэл, жагсаал цуглаанаас айхдаа үүнийг хийхийг хүсэхгүй байгаа юм. 

No comments:

Post a Comment