Sunday, March 13, 2016




Жохорын султаны тансаг “тоглоомууд”

-Малайзын султаны эзэмшилд алтадсан Боинг 737, үнэтэй, чамин 300 орчим автомашин бий-

Малайзын хойгийн өмнөд хошууг эзлэн оршдог Жохор мужийн (Малайз улсын нэг хэсэг) султан Ибрахим Исмаил тансаг хөдлөх дуртай нэгэн. Аялж, зугаалах тун дуртай тэрээр шинэ, хуучин хэдэн арван Rolls-Royce, Bentley, Aston Martin, Mercedes, BMW зэрэг 300 орчим тансаг зэрэглэлийн автомашиныг ордондоо сойж байдаг бол хамгийн сүүлд алтадсан Боинг 737 нисэх онгоц худалдаж авчээ. 30 зорчигчийн багтаамжтай, хооллох танхим, унтлагын өрөө, шүршүүртэй, гурван гал тогоотой энэхүү хувийн нисэх онгоц нь XVI зуунаас хойш Малайзын өмнөд нутгийг захирч байсан хаадын удам угсааны 25 дахь үеийн залгамжлагч Ибрахим Исмаилийн хамгийн сүүлчийн тансаглал болж байна. Боинг компани хоёр жилийн дотор түүний таалалд нийцсэн нисэх онгоцыг хийж өгсөн бөгөөд султан байгалийн баялаг ихтэй, дийлэнх хүн ам нь лал шашинтай Малайзаар зугаалах шинэ “тоглоом”-той болоод байна. “Алтадсан Боингоор хараахан нээлтийн аялал хийгээгүй байна. Магадгүй султан наси кандар зоог (карритай будаа, ногоо, махтай хоол) барихын тулд Пенанг (Малайзын хойд хэсгийн нэгэн арал) руу нисч магадгүй” хэмээн The Star сонинд бахархалтайяа бичжээ. Доторх тансаглалыг нь тооцолгүйгээр 100 сая доллараар бүтсэн энэхүү агаарын хөлгийн анхны аялалаар нэгэн арал дээр очиж гүнцэг барих нь султаны хувьд нэн таатай зүйл болж байгаа аж.
Хэдийгээр Ибрахим Исмаил нисгэгчийн үнэмлэхтэй ч шинэ онгоцныхоо жолооны ард суухаасаа өмнө Австралийн дууриалгагч онгоц дээр сургуулилт хийх хэрэгтэй болов. Энэ хооронд тэрээр олон тансаг автомашин, мотоцикл, эсвэл өнгөрсөн сард хамгийн өндөр үнээр худалдаж авсан том автомашинаар Пенанг хүртэл аялж болох юм. Султан Ибрахим 1.4 сая рингитээр (320 мянган евро) алтан суудал, телевизийн дэлгэц, хос ор, гал тогоотой Mack Truck худалдаж авсан аж. Түүний автомашины цуглуулгад гэр бүлээсээ өвлөн авсан сонгодог машинууд ч байдаг. 1936 оны Mercedes JF2 төмөр хүлгээ Филиппины телевизээр харуулж байсан бөгөөд дэлхийд цор ганц байдаг энэ загварыг нацистын удирдагч Гитлер дэлхийн II дайнаас өмнө гэр бүлд нь бэлэглэж байсан ажээ. Мөн 1960 оны Mercedes лимузин, Rolls-Royce Phantom түүний цуглуулгад бий. Rolls-Royce Phantom дээр хааны сүлдийг сийлж, Жохорын далбааны өнгөтэй болгох гэж зургаан сарын турш урчууд, дархчуудаа ажиллуулж байв. Автомашинуудаа Малайзын өмнөд нутгийн халуун, чийглэг агаарт зовоохгүйн тулд агааржуулагчтай гараашт байлгадаг бөгөөд үргэлж цэвэр, гял цал байлгахын тулд механикчдын баг харж хамгаалдаг.
Музейд хүндтэй байр суурь эзлэх гавъяатай Британийн тансаг зэрэглэлийн домогт загвар болох 1938 оны Lagonda-гаас авахуулаад 4.3 секундэд 100 км/цаг хурд авч, 6000 см куб, 325 морины хүчин чадалтай мотороороо 295 км/цаг хурдлах чадалтай Aston Martin DBS зэрэг орчин үеийн спортын загварууд ч бий.

Жохорын султан тансаг автомашин цуглуулахаас гадна хаант улсынхаа цагдаагийн албанд мотоцикл болон арын суудал дээрээ iPad дэлгэцтэй Range Rover жийпнүүдийг авч өгчээ. Хэдийгээр султан Ибрахим ийнхүү тансаглаж, эд хөрөнгөөрөө гайхуулдаг ч тун ч өгөөмөр сэтгэлтэй нэгэн ажээ. Тэрээр лал шашинтнуудын ариун орон болох Мекка хүртэл аялж чадахгүй ядуу мөргөлчдийг алтадсан онгоцоороо авч явна хэмээн амлаж байна.

No comments:

Post a Comment