Tuesday, March 29, 2016




Пентагон: ОХУ Сирид илүү үр бүтээлтэй үүрэг гүйцэтгэж байна

ОХУ Сирид илүү үр бүтээлтэй үүрэг гүйцэтгэх боллоо хэмээн АНУ-ын Батлан хамгаалах яам үзэж байна. Пентагоны албан ёсны төлөөлөгч Питер Кук “Одоо Орос улс Сирид хэт даврагч “Исламын улс” бүлгийн дайчдын эсрэг тэмцэж байна. Үүнийг нааштайгаар дүгнэхээс өөр арга алга” хэмээн мэдэгджээ. Москва Сирийн Ерөнхийлөгч Башар Асадад үзүүлэх нэр нөлөөгөө ашиглаж хямрал, мөргөлдөөнийг намжаана гэдэгт АНУ найдаж байгааг тэрээр онцлов. Сирид гал зогсоох хэлэлцээг дагаж мөрдөхөд оросууд чухал үүрэг гүйцэтгэх боллоо хэмээн Кук хэлэв. Сирийн арми Оросын нисэх хүчний дэмжлэгтэйгээр эртний түүхт Пальмира хотыг чөлөөлснийг АНУ-ын Төрийн департамент дэмжиж баяр хүргэсэн юм. Хэдийгээр Башар Асадын дэглэм энэ ялалтыг байгуулсан ч энэ нь “Исламын улс”-ыг буулгаж авсан чухал ялалт хэмээн Пентагон үзэж байна.

Бразилийн шүүх олимпийн байгууламжийн санхүүжилтыг зогсоов

2016 оны зуны олимпийн тоглолтын 11 төрлийн уралдаан тэмцээн болох Deodoro олимпийн цогцолборыг барих санхүүжилтыг Бразилийн шүүх зогсоолоо. Төрийн банкнаас барилгын ажилд гаргаж өгөх ёстой 35 сая доллар ийнхүү Рио-де-Жанейрогийн  олимп эхлэхээс дөрвөн сарын өмнө гацав. Барилгын ажлын явцад хөрөнгө мөнгө үрэн таран хийсэн баримтыг мөрдөн байцаагчид илрүүлсэн тул шүүх ийнхүү шийдвэр гаргасан байна. Deodoro нь Риогийн зуны олимпийн хоёр дахь том байгууламж болох бөгөөд тус хотын хамгийн ядуу дүүргийн нэгэнд баригдаж байгаа аж. Бразил дахь зуны олимпийн бэлтгэл ажил тун олон асуудал, бэрхшээлтэй тулгарсаар байна. Латин Америкт дэгдсэн Зика вирус, усан спорт, дарвуулт завины тэмцээн болох хоолой маш их бохирдсон гээд асуудал мундахгүй байна.

Банкны топ-менежерүүдийн цалинд хязгаарлалт тавилаа

Израилийн парламент банк, даатгалын компанийн өндөр тушаалын ажилтнууд, топ-менежерүүдийн цалинд хязгаарлалт тавих хуулийг баталжээ. Ийнхүү Израилийн санхүүгийн байгууллагын топ-менежерүүд жилд 658 мянган доллараас (сард 58 мянган доллар) илүү авч болохгүй болов. Хэтэрхий өндөр цалинтай хүмүүст зориулж ёс зүйн онцлогтой хууль баталлаа хэмээн парламентын мэдэгдэлд онцолжээ. Сангийн сайд Моше Кахлоны хэлж буйгаар, энэ хуулийн ёс зүйн утга агуулга нь эдийн засгийн ач холбогдлоос давж байгаа аж.
Израилийн банкны холбоо энэ хуулийг эсэргүүцэн дээд шүүхэд давж заалдах боломжийг судалж байна.

Амурт татсан махтай бялуу бэлэглэнэ

Приморийн хязгаарын дархан цаазат ууланд Тимур ямааны хамт амьдардаг Амур баранд төрсөн өдрөөр нь татсан махтай бялуу бэлэглэхээр болжээ. “Амур дөрөвдүгээр сарын 2-нд дөрвөн нас хүрнэ. Бид төрсөн өдрийг нь тэмдэглэхээр бэлтгэж байна. Амурт татсан махтай амтат бялуу бэлтгэх болно” хэмээн Приморийн сафари-паркийн дарга Дмитрий Мезенцев ярилаа. Мөн Амур, Тимурын интернэт сайтад тэдний тухай мэдээ, материал, нөхөрлөлийн түүхийг оруулахаар бэлтгэж байна. Саяхан Тимурыг гурван эм ямаатай нийлүүлэх гэж оролдсон ч тэрээр тэднийг хаяж Амур дээр эргэж иржээ. Сарын өмнө Тимурын бие чилээрхэж хэд хоног тусгаарлагдан эмчлүүлж байгаад Амур дээрээ эргэж очсон юм. Хажуудаа байгаа “бэлэн зоог”-ийг хүртчихэлгүй жил гаруй нөхөрлөж байгаа бар, ямааны түүх дэлхий дахинд танил болсон билээ.



Аялж зугаалсан хэмээн эвлүүлдэг бүсгүйн жаргалтай төгсгөл

Тэрээр Дональд Трампын хажууд зогсч, Хятадын Цагаан хэрмэн дээгүүр алхаж, Тор, Ким Кардашьян, Кейн Уэст нартай хамт зургаа авахуулж “явсан” бүсгүй. Түүнийг Севлин Гат гэдэг, Кенид амьдардаг. Түүнд паспорт, мөнгөний аль нь байхгүй, хэзээ ч хилийн дээс алхаж үзээгүй аж. Харин тэр одоо алдартай болжээ.
Дэлхийг таньж мэдэх хэмжээлшгүй их хүсэлтэй, Photoshop-ийн багахан мэдлэгтэй кени бүсгүйн түүх ингэж эхэлсэн юм. Найзуудынхаа дунд Севе хэмээн дуудагддаг тэрээр энд, тэнд амарч зугаалж явна хэмээн зургандаа эвлүүлэг хийн Facebook хуудсандаа тавьдаг нь интернэт хэрэглэгчдийн инээд, доог тохуу, эгдүүцэл хайрыг зэрэг төрүүлдэг байв. Гэвч хэн ч харсан эвлүүлэг гэдэг нь шууд л мэдэгддэг түүний зургууд Нүүрномыг байлдан дагуулсан юм. Тэрээр хөшөө мэт зогссон нэг л дүрсээ өөрөөс нь алс хол орших гайхалтай, гоё газрууд, алдартай хүмүүсийн хажууд тавьж “аялдаг” байлаа. Аялж зугаалах мөнгөгүй ч Photoshop-ийн тусламжтайгаар мөрөөдлөөрөө нисч, Хятадаар мөн ч их аялжээ.
Энэ бүгдийн эцэст Севе бүсгүй итгэмээргүй үр дүнтэй учирлаа. Тэрээр хэдэн мянган Like цуглуулж интернэтийн од болсон юм. Зураг нийтлэх хэв маяг нь хэтэрхий ил, өрөвдмөөр байсан уу, яасан, түүнийг дайрч доромжилж буй сэтгэгдэл бараг байсангүй.

Севегийн зурагнууд Кенийн бизнесмэн Сам Гичуругийн сэтгэлийг хөдөлгөж, тэрээр бүсгүйн мөрөөдлийг биелүүлэхээр иржээ. Гичуру Севлин Гатыг Хятад руу мөрөөдлийн аялалд илгээхээр хандивын аян зарлаж, кени бүсгүйг Kenya Airways-ээр нисгэж, дөрвөн одтой зочид буудалд тухлуулах мөнгийг түвэггүй босгосон байна. Севегийн амьдрал ч өөр хэмнэлийг олов. Паспорт авахаар бичиг баримтаа бүрдүүлж өгсний дараа түүнийг нэгэн компани төслийн менежерийн дадлагажигчаар ажилд авчээ. Дэлхийн интернэт хэрэглэгчид #WhereIsSeveGatsNow гэсэн хаштагаар бүсгүйг “дэлхийгээр аялуулан” саран дээр хүртэл буулгаж зургийг нь нийтлэх болжээ. Одоо тэрээр Парис, Лондон, Мексик, Буэнос-Айресээр үнэнч таних тэмдэг нь болсон муу Photoshop-той “тэнүүчилж”, бүгдэд инээд хөөр бэлэглэсээр явна.

Monday, March 28, 2016

Сицилийн эргээс 500 орчим цагаачийг аварчээ

Италийн эргийн харуулаас мэдэгдэж буйгаар, сүүлийн хоёр хоногт Сицилийн эрэг орчмын Газар дундын тэнгисээс 500 орчим цагаачийг аварчээ. Италийн Дотоод хэргийн яамны мэдээллээс үзвэл, он гарсаар 13 мянга 829 ц агаач Италид ирсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 38 хувиар их байна. Ойрхи Дорнод, Хойд Африкийн орнуудын хууль бус цагаачид Газар дундын тэнгисийн аюултай замыг сонгож Италид ирдэг аж. Турк, Грекээр дамжиж Европ руу тэмүүлсэн цагаачдын тоо байнга буурсаар байгаа юм. Европын  холбоо, Туркийн хооронд байгуулсан тохиролцоогоор, Грект орж ирсэн цагаачдыг Турк руу буцаан цөлөхөөр болсон билээ. Гэвч цагаачид Туркаас Болгар руу орж ирэх хандлагатай болоод байна.

Хойд Солонгосын нисгэгчгүй онгоцууд идэвхжжээ

Хойд Солонгос хөршийнхөө хил орчмоор нисгэгчгүй нисдэг төхөөрөмжийн нислэгээ нэмэгдүүлж байна. Пхеньяны дронуудын баруун фронт дахь нислэг эрс нэмэгдлээ хэмээн Өмнөд Солонгосын түшмэл “Ренхап” агентлагт ярьжээ. Хоёр Солонгосын хил орчмоор өдөр бүр том, жижиг 7-8 дрон нисч байгааг тэрээр нэмж хэлэв. Одоогоор Хойд Солонгосын нисдэг төхөөрөмжүүд хөршийнхөө агаарын орон зайд нэвтрээгүй байна.
Америк, Япон, Өмнөд Солонгосын лидерүүд маргааш уулзаж Хойд Солонгосын асуудлаар ярилцахаар болжээ. Харин Пхеньян Америк, Өмнөд Солонгост цөмийн цохилт өгнө хэмээн сүрдүүлсээр байна. Хойдууд нэгдүгээр сард цөмийн туршилт, хоёрдугаар сард пуужин туршсанаар дэлхий нийттэй дахин муудалцсан юм. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл гуравдугаар сарын эхээр Хойд Солонгосын эсрэг шинэ хориг арга хэмжээг санал нэгтэй батласан билээ.

Сирийн арми Эль-Карят хот руу давшиж байна

Сирийн арми Оросын агаарын хүчний дэмжлэгтэйгээр “Исламын улс”-ын дайчдын эсрэг давшсаар байна. Цэргүүд Эль-Карят хотыг чөлөөлөхөөр хөдөлжээ. Ирж буй мэдээллээр, Пальмира  хотоос баруун өмнө зүгт орших хот орчим “Исламын улс”-ын дайчид хориглон байлдсаар байгаа аж. Сирийн арми Пальмира хотыг чөлөөлсний дараа тэнд суурилж лалын босогчдын ханган нийлүүлэлтийн замыг таслахаар зэхэж байна. Пальмира хотыг чөлөөснөөр Сирийн цэргүүд Пальмира болон “Исламын улс”-т эзлэгдсэн Дейр эз-Зор хотын хоорондох замыг хяналтдаа авсан юм. НҮБ-ээс мэдэгдэж буйгаар, тус хотын 200 мянган иргэн хоол хүнсний хурц дутагдалд ороод байгаа аж. Оросын байлдааны онгоцууд Дейр эз-Зор хот дахь лалуудын байрлалыг бөмбөгдөөд эхэлсэн хэмээн Сирийн хүний эрхийн төвөөс мэдээллээ. 


“Европт, Парис, Лондон, Мадридад хэдэн зуун Моленбек байгаа”

Итали аав, ээжтэй Марко Мартинелло Бельгид төрж өссөн юм. Льежийн их сургуулийн цагаачлалын нийгэмшлийн багш Мартинелло Парис болон Бельгийн нийслэлийг доргиосон алан хядлагыг үйлдсэн жихадистуудын заримыг нь төрүүлэн гаргасан Брюссель дахь Моленбек дүүрэгт 10 жил амьдарчээ. Мадридад галт тэрэг дэлбэлсэн алан хядлагатай холбоотой хоёр этгээд хүртэл Моленбект амьдарч байсан юм. El Mundo сонин түүнтэй уулзаж ярилцжээ.

-Бельги улс яагаад жихадист дайчдын хараанд өртчихөв өө?

-Зөвхөн Бельгид алан хядагчид үүрлэсэн юм биш. Брюссель дахь халдлагын дараа Ирак, Пакистанд аймшигт халдлага гарлаа... Өмнө нь Парис, Мадрид, Лондонд гарсан. Жихадизм бүх дэлхийн үзэгдэл болчихлоо. Террористууд нисэх буудал, Европын холбооны байртай ойрхон метроны буудал зэрэг олон улс үндэстний билэгдэл болсон газрыг сонгож байгаа нь тохиолдлын зүйл биш. Бельгид халдлага гарах гэж байна гэж ярьсаар, анхааруулсаар байтал гарлаа. Террористууд ямар ч газар, ямар ч үед цохилт өгч чадна гэдгээ харууллаа.

-Бельги дахь лал нийгэм уусч, нэгдэх тал дээрээ асуудалтай байх шиг байна?

-Тийм ээ, Бельгид лалуудыг уусгах, нийгэмшүүлэх тал дээр асуудал, бэрхшээл байна. Европ бус цагаачид дотор марокко, турк үндэстнүүд хамгийн их жин дардаг, их ч асуудал дагуулдаг. Ялгаварлан гадуурхах, чанартай боловсрол эзэмших боломж дутмаг, өндөр ажилгүйдэл, ажлын талбарт гадуурхагдах гээд тэдэнд учирч буй бэрхшээл их. Гэвч бэрхшээл, терроризм хоёр шууд холбогдоно гэж байхгүй гэж боддог. Лал хүмүүсийн үнэмлэхүй олонх нь хэзээ ч террорист санаа агуулдаггүй. Аллага үйлдэх санаатай жихадистууд тун цөөхөн байгаа ч тэдний аллагаас сэргийлж, хамгаалах тун хэцүү болчихлоо.

-Брюссель дахь халдлага Бельги дахь хэт үндсэрхэг, лал шашныг үзэн ядах үзлийг дэвэргэх болов уу?

-Ийм аюул байгаа. Бельгийн ард түмэн одоо маш их туйлширч байна. Терроризмын эсрэг хүчээ нэгтгэх хэрэгтэй гэж үзэх олон байгаа бол, мөн лал нийгмийг тэр чигт нь буруутган, устгахыг шаардаж байгаа хүмүүс олон байна. Лалуудыг эсэргүүцэж, хөөж гаргахыг шаарддаг хэт үндсэрхэг үзэлтэй нам, хүчин Бельгийн нийгэм, улс төрд байгаа.

-Нэг үндсэрхэг хөдөлгөөн “Лалуудыг хөөж гаргая” уриан дор Моленбек дүүрэгт жагсаал зохион байгуулах уриалга гаргасан...?

-Тийм ээ, тэгсэн. Тэд өдөөн хатгах стратеги баримталж байна. Би Моленбек дүүргийн даргад хандаж жагсаалыг хориглох хэрэгтэй гэж зөвлөсөн. Тэд лал нийгмийн эсрэг үзэн ядалтыг дэвэргэж, Моленбек дүүргийг үзэн ядах тулааны талбар болгохыг л хүсч байна. Ийм нөхцөл байдлыг зөвшөөрч болохгүй.

-Алан хядагчдын үүр уурхай болсон, Парис, Брюссель дахь халдлагыг үйлдсэн этгээдийг төрүүлсэн Моленбек дүүргийг яах ёстой вэ?


-Би Моленбект 10 жил амьдарсан, долоо хоногт нэг удаа тэнд очдог. Тэр бол дүүрэг биш, 100 мянган оршин суугчтай хот л доо. Түүхийн хувьд Бельгийн ажилчин анги амьдарч байсан үйлдвэрлэлийн хот. Гэвч нийгэм өөрчлөгдөж, олон бельги ажилчин өөр илүү сайн дүүрэг рүү шилжсэнээр цагаачид энд ирж суурьшсан юм. 1940, 50-аад онд испани, италиуд турк, марокко цагаачдын хамтаар энэ дүүрэгт ихээр ирж суурьшсан. Моленбект асуудал их байгаа нь үнэн. Хүн ам шигүү суурьшсан, бүртгэлгүйгээр оршин суухыг зөвшөөрдөг тул хэт радикал лал шашинтнууд үүрлэсэн газар. Гэвч Европын олон хотод, Амбер, Парис, Лондон, Мадридад хүртэл өөрийн гэсэн Моленбек бий. Брюсселийн Моленбекийг Европын жихадизмийн төв гэж үзэх нь стратегийн алдаа юм. Алан хядагчдын үүр уурхай гэдэг нь тодрхой гэвч цорын ганц нь биш.

Sunday, March 27, 2016




Францад халдлага үйлдэх гэж байсан этгээдийг баривчилжээ

Голландын цагдаагийн газраас мэдэгдэж буйгаар, Францад террорист халдлага үйлдэхээр бэлтгэж байсан 32 настай Францын иргэнийг Роттердам хотод баривчилжээ. Түүнийг баривчлан саатуулах ажиллагааг Францын эрх баригчдын хүсэлтээр гүйцэтгэсэн аж. Ажиллагааг явуулахын өмнө ойрын хоёр гудамжин дахь байшингийн хүмүүсийг гэрээс нь гаргаж аюулгүй газар аваачжээ.
Баривчлагдсан этгээдийг Францад шилжүүлж өгөх юм. Түүний хамтаар гурван хүнийг баривчилсан бөгөөд хоёр нь Алжирийн харъяат ажээ. Гурав дахь этгээдийн иргэншил тодорхойгүй байна. Энэ хэргийг Францын тал мөрдөн шалгахаар болжээ.

Белградад НАТО-г эсэргүүцсэн жагсаал болов

НАТО-гийн нисэх хүчин Сербийг бөмбөгдсөний 17 жилийн ойгоор Белград хотод эсэргүүцлийн жагсаал болж хэдэн мянган хүн оролцжээ. Жагсагчид НАТО-гийн эсрэг зурагт хуудас, мөн Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний хөргийг барьсан байв. Дөрөвдүгээр сард парламентын ээлжит бус сонгууль болох гэж буйтай холбогдуулан Европын талыг баримтлагч сөрөг хүчний намууд идэвхжиж байна. Үүнээс гадна хуучин Югославын асуудал хариуцсан олон улсын шүүхээс Боснийн Сербийн экс лидер Радован Каражичид 40 жилийн хорих ял оноосныг Сербийн үндсэрхэг үзэлтнүүд ихэд дургүйцэн хүлээж авчээ. Нэг сарын өмнө Белградад НАТО-тай хамтын ажиллагааг өргөжүүлэхийг эсэргүүцсэн жагсаал болсон юм. Эрх баригчид НАТО-гийн цэргийн хүчинд улс орноор чөлөөтэй хөдөлж, шилжих эрх олгосныг эсэргүүцэж байгаа аж.

Пальмира хотыг чөлөөлөхөд Оросын нисэх хүчин оролцжээ

Өнгөрсөн бямба гаригт Оросын агаарын хүчин Сирийн Пальмира хотод 40 орчим нислэг хийж, жихадистуудын 117 байгууламжид цохилт өгснийг ОХУ-ын Батлан хамгаалах яам онцоллоо. Сирийн Ерөнхийлөгч Башар Асад эртний түүхт Пальмира хотыг чөлөөлсөн зэвсэгт хүчиндээ баяр хүргэхдээ “ОХУ-ын агаарын дэмжлэггүйгээр энэ ялалт боломжгүй байлаа” хэмээн мэдэгдсэн юм. Оросууд мөн “Исламын улс” бүлгийнхэнд бүслэгдсэн орон нутгийн иргэдэд хүмүүнлэгийн хэдэн арван тн ачааг агаараас шидэж өгчээ. Гуравдугаар сарын дундуур Ерөнхийлөгч В.Путин Сири дахь байлдааны хүчээ эргүүлэн татах зарлиг гаргасан билээ. Оросууд гурав хоногийн дараа Сириэс цэргээ татаж дуусах юм. Гэвч барууны тусгай албадын үзэж буйгаар, оросууд Сири улсаас байлдааны онгоцныхоо үндсэн хүчийг эргүүлэн татаж, хязгаарлагдмал нисэх отрядыг үлдээж байгаа ажээ.

Хоакин Гусманы мөнгийг угааж байсан этгээдийг баривчлав

Месксикийн баруун өмнөд хэсгийн Оахака мужид цагдаа нар хар тамхины Синалоа мафийн толгойлогч Хоакин Гусманы бохир мөнгийг угааж байсан этгээдийг баривчилжээ. Энэ хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан Хуан Мануэль Алварес Мексик, Колумб, Панам, АНУ-ын хооронд мөнгө угаадаг олон улсын сүлжээг удирддаг байсан хэмээн Мексикийн цагдаа үзэж байна. Мексикийн алдарт жүжигчин Кейт дель Кастильо хар тамхины мафийн толгойлогч Хоакин Гусманы мөнгө угаах хэрэгт холбоотой хэмээн мэдээлж байсан юм. Гусман баривчлагдахаасаа өмнө Кейт дель Кастильо, Холливудын жүжигчин Шон Пенн нарт ярилцлага өгч байсан юм.

Шанхайн “Диснейленд”-ийн тасалбар зарагдаж эхэллээ

Хятадын Шанхай хот дахь “Диснейленд”-ын тасалбар гуравдугаар сарын 28-наас эхлэн зарагдаж эхэлжээ. Энэ тухай “Синьхуа” агентлаг цэцэрлэгт хүрээлэнгийн захиргааны эх сурвалжаас иш татан мэдээлжээ. Disney компанийн дэлхийн хэмжээний зугаа цэнгээний зургаа дахь цэцэрлэг нь Шанхай дахь “Диснейленд” юм. Албан ёсны нээлт нь зургадугаар сарын 16-нд болохоор төлөвлөгджээ. Шанхайн “Диснейленд”-ийн ердийн өдрийн тасалбар нь 370 юань (57 доллар). Оргил өдрүүдэд 499 юань (77 доллар) байх ажээ. Disney компани Калифорни дахь Disneyland, Флорида дахь Walt Disney World зугаа цэнгээний паркийнхаа үнийг анх удаа нэмэхээр болсон байна. 


Пакистанд аймшигт халдлага болов

Пакистаны Лахор хотод амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлж 70 орчим хүний аминд хүрчээ. 300 орчим хүн шархдаж гэмтээд байна. Алан хядагч хүүхдийн тоглоомын газраас хэдхэн метрийн зайд, цэцэрлэгт хүрээлэнгийн авто зогсоол дээр бөмбөг дэлбэлсэн хэмээн Пакистаны аюулгүйн албаны төлөөлөгч мэдэгдлээ. Энэ үеэр нутгийн олон зуун христос шашинтан Улаан өндөгний баярыг тэмдэглэхээр цугласан байжээ. Аврах албаныхан 100 орчим хүнийг эмнэлэгт хүргэсний ихэнх нь хүүхэд байгаа аж. Пунжаб мужийн нийслэл Лахор хотод гурван өдрийн гашуудал зарлалаа. Амиа золиослогч этгээд өнхрөгч металлтай задардаг бөмбөг ашигласан нь аль болох олон хүний аминд хүрэх зорилготой байсан хэмээн цагдаагийн газар үзэж байна. Халдлагын золиос болсон хүмүүсийн ихэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байна. Гэрчүүдийн мэдүүлж буйгаар, тус цэцэрлэгт хүрээлэнд ямар ч цагдаа, хамгаалалтын албаныхан байгаагүй аж. “Олон хаалгатай цэцэрлэг. Хамгаалалтын, аюулгүйн албаныхан байхгүй байсан” хэмээн нэг гэрч ярилаа.
Энэхүү аймшигт халдлага Пакистаны Ерөнхий сайд Наваз Шарифийн засаглал, улс төрийн сууринд хүнд цохилт боллоо. Пунжаб мужийн нийслэл Лахор хот нь ихээхэн тайван амгалан газарт тооцогддог. Гэвч Ерөнхий сайдыг улс төрийн нэр хүндээ алдахгүйн тулд зэвсэгт бүлэглэлүүдийг хүлээн зөвшөөрсөн хэмээн буруутгаж байгаа аж.

“Талибан” хөдөлгөөний нэг салбар болох “Жамаат ул-Ахрар” бүлэг халдлагыг зохион байгуулснаа мэдэгдлээ. Тэд христосуудын баярыг онилж байсан аж. “Улаан өндөгний баяр тэмдэглэж байсан христосуудын эсрэг бид аллага үйлдсэн. Бид энэ боломжийг хүлээж байлаа. Бид Пунжабт газардсанаа Лалын нийгэмлэгийн удирдагч болон Ерөнхий сайдад дуулгаж байна. Бид та нарыг гүйцэж барьж авах болно” хэмээн лалын бүлгийн төлөөлөгч Эхансулла Эхсан Пакистаны “The Express Tribune” сонинд ярьжээ. 

Wednesday, March 23, 2016




Украины хилчид 147 сая рубльтэй автомашиныг саатуулжээ

Украины хилчид Орос руу нэвтрэх гэж байсан нэг автомашиныг саатуулахад дотроос нь 147 сая рубль (2.1 сая доллар) гарч иржээ. Украины нэг иргэн “Волга” автомашинаар уг мөнгийг Орос руу авч орох гэж байжээ. Мөнгийг гялгар уутаар бүрж түлшний саванд нааж бэхэлсэн байв. Жолооч эр дараа нь хэвлэлд ярихдаа “Нийтдээ 500 сая рубль байсан” гэжээ. Гэвч Украины хилийн албаныхан, нуусан мөнгө нь 147 сая рубль байсан хэмээн мэдээлэв. Энэ үйл явдалтай холбогдуулан Украины хил, гаалийн хуулийг зөрчсөн хэргээр жолоочийг эрүүгийн хариуцлагад татаад байна.

Хятад бизнесмэн АНУ-ын цэргийн нууцыг хулгайлснаа хүлээн зөвшөөрөв

Хятадын бизнесмэн Су Бинь Америкийн цэргийн томоохон компанийн компьютерийн сүлжээнд нэвтэрч, нууц мэдээллийг нь хулгайлсан хэргээ хүлээн зөвшөөрөв.  Тэрээр 2014 онд Канадад баривчлагдсан бөгөөд тав хүртэл жил хоригдох ял авч, ихээхэн хэмжээний торгуульд унахаар болжээ. АНУ-ын Батлан хамгаалах яамны цэргийн захиалгыг гүйцэтгэж байсан Боинг зэрэг томоохон компанийн компьютерийн сүлжээнд нэвтрэхийн тулд бизнесмэн эр Хятадын өөр хоёр иргэнтэй хуйвалдсан хэрэгт буруутгагдаж байна. Тэрээр 2014 онд баривчлагдах хүртлээ хакеруудын олж авсан цэргийн нууц мэдээллийг орчуулж, хөрвүүлэхэд тусладаг байжээ. Су Бинь хоёр сөнөөгч онгоц, тээврийн онгоцны мэдээллийг хулгайлж Хятадын төрийн мэдлийн компанид дамжуулсан нь тогтоогдсон юм.

Мозамбикт олдсон сэг нь MH370 онгоцных байж магалгүй

Мозамбикийн эрэг орчмоос олдсон нисэх онгцоны сэг нь Malaysia Airlines авиакомпанийн сураггүй алга болсон MH370 онгоцных байх магадлал тун өндөр байна хэмээн Австралийн эрх баригчид мэдэгдлээ. Мозамбикээс олдсон хоёр сэг нь Malaysia Airlines-ийн Boeing 777 онгоцных мөн гэсэн дүгнэлтийг Малайзын мөрдөгчдийн баг хийжээ. Энэ тухай Австралийн дэд бүтэц, тээврийн сайд Честер мэдэгдсэн байна. 227 зорчигч, нисэх багийн 12 гишүүнтэй аялж явсан Boeing 777 онгоц 2014 оны гуравдугаар сарын 8-нд радараас алга болсон юм. Куала-Лумпураас Бээжин орохоор нисч явсан онгоцны хувь заяа одоо болтол тодорхойгүй байгаа юм. Арваад хоногийн өмнө Энэтхэгийн далайн Реюнион арал орчмоос мөн энэ онгоцны сэг олджээ.

“Исламын улс”-т нэгдэх гэж байсан япон иргэнийг саатуулав

Туркт Сиритэй залгаа хил дээр “Исламын улс” бүлэгт нэгдэх гэж явсан зургаан хүнийг баривчиллаа хэмээн Anadolu агентлаг мэдээлэв. Саатуулагдсан хүмүүсийн нэг нь Японы 24 настай иргэн байжээ. Тэрээр интернэтээр Сири дахь “Исламын улс” бүлгийн гишүүнтэй холбоо тогтоож, лалын босогчдын эгнээнд нэгдэхээр шийдсэн аж. Японы  Гадаад хэргийн яам өөрийн иргэнийг Туркт баривчлагдсаныг батлав. Япон иргэнийг эх оронд буцааж цөлөх юм. “Исламын улс” бүлэг Евролт алан хядах ажиллагаа үйлдэх зуу гаруй дайчныг бэлтгэж сургасан тухай мэдээ ирж байна. Уржигдар Бельгид болсон цуврал халдлагыг ах дүү хоёр үйлдсэн нь тогтоогдоод байна. Тэдний нэг нь Сирид очиж бэлтгэгдсэн байж магадгүй байгаа юм.

Уурхайн дэлбэрч 19 хүн амиа алдлаа

Хятадын хойд хэсгийн Шаньси мужид нүүрсний уурхай дэлбэрсний улмаас дор хаяж 19 амиа алдаад байна хэмээн Синхуа агентлаг дамжуулав. Shanxi Datong Coal Mine Group-ийн уурхайд осол болох үед 129 уурхайчин ажиллаж байжээ. Бусад уурхайчин эсэн мэнд газар дээр гарч чаджээ. Аврах ажиллагаа үргэлжилсээр байна.
Хятад дахь уурхайн аюулгүй байдал дэлхийд доогуур ордог. 2015 оны арванхоёрдугаар сард Шаньдун мужийн уурхайд нуралт болж 29 хүн амиа алдсан юм. Мөн энэ үед Хэйлунцян мужийн нүүрсний уурхайд гал түймэр гарч 21 уурхайчин амь үрэгдэж байжээ. Сүүлийн нэг жилд тус улсад 900 орчим хүн уурхайн ослоор амь үрэгдээд байна.

Роналдо дахин эцэг болно


Реал Мадрид болон Португалын шигшээ багийн довтлогч Криштиано Роналдо дахин эцэг болохоор зэхэж байна хэмээн Португалын хоёр ч хэвлэл мэдээлэв. Тэрээр мөдхөн зургаан нас хүрэх гэж буй хүү Криштианиногийн адилаар түрээсийн эхийн тусламжтайгаар дахин хүүхэдтэй болох бололтой. Хүүхэдтэй байх нь түүнд ихээхэн таашаал өгч байгаа тул тэрээр энэ чиглэлд дахин нэг зүтгэхээр болсон хэмээн эх сурвалж мэдээлж байна. “Correio da Manha” сонин баталж буйгаар, Роналдо өнгөрсөн шинэ жилээр хүүгээ эмээтэй нь Мадейра арал дээр орхиод Майами руу явахдаа шинэ хүүхдийнхээ эхийг сонгох ажилтай явсан аж. Нэрт хөлбөмбөгч 2010 онд нэгэн америк бүсгүйн хэвлийг нэг сая доллараар түрээсэлж хүүхэдтэй болсон билээ. Хүүхдийн эхийг нууцлах нь гэрээний хамгийн гол заалт байдаг ажээ.



Шинзо Абэ: Оростой энхийн гэрээ байгуулах нь японуудын өнө эртний хүсэл

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, ОХУ-тай энхий гэрээ байгуулж, “хойд нутаг”-т буцаж ирэх нь японуудын өнө эртний хүсэл хэмээн мэдэгдлээ. “Хойд нутаг” гэдэг нь Курилийн арлуудыг хэлж байгаа аж. “Хойд нутгийн буцаан авч, энхийн гэрээ байгуулах нь Японы ард түмний хүсэл юм. Арлын анхны, уугуул оршин суугчид амьд мэнд байгаа дээр эрх баригчид үүнийг гүйцээхийг хүсч байна” хэмээн тэрээр хоёр улсын хоорондох газар нутгийн маргааны сэдэвтэй сургуулийн уралдаанд түрүүлсэн сурагчидтай уулзахдаа онцолжээ.
Токио Курилийн арал буюу Итуруп, Кунашир, Шикотан, болон Хабомаи бүлэг арлыг буцаан авахыг эрмэлзсээр ирсэн юм. Японы тал Москватай энхийн гэрээ байгуулах нөхцөл болгож арлыг буцааж өгөхийг шаардсаар байдаг тул дэлхийн II дайны дараа хоёр улсын хооронд одоо болтол энхийн гэрээ байгуулаагүй байна. Дэлхийн II дайны үр дүнгээр Курилийн арлууд нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд орсон, Орос улс олон улсын хууль эрхийн хүрээнд тэдгээр арал дээр бүрэн эрхээ тогтоосон билээ. Тиймээс арлын талаарх ямар нэг маргаан байхгүй хэмээн Москва үздэг ажээ.

Tuesday, March 22, 2016

Арын нүүрт!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!



Ж.Клунийн гэрт 40 мянган доллараар зоог барьж болно

Холливудын нэрт жүжигчин Жорж Клуни 40 мянган доллар төлсөн хүнийг гэртээ урьж зоог барихад бэлэн хэмээн зарлав. Тэрээр энэ орлогоо Хиллари Клинтоны сонгуулийн кампанит ажилд хандивлах аж. Тэрээр Хилларийг дэмжигчдийн црхим шуудан руу энэ саналаа илгээжээ. Ардчилсан намыг дэмждэг гэдгээ ил тод мэдэгддэг жүжигчин, найруулагч Ж.Клуни хэдэн жилийн өмнөөс экс тэргүүн хатагтайг дэмжих болсон юм. Жорж Клуни Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд ийм хэлбэрээр мөнгө босгож буй нь анх удаа биш ажээ. Тэрээр өмнө нь Барак Обамаг дэмжсэн оройн зоог зохион байгуулахад нэг хүнийг 50 мянган доллараар оруулж байсан билээ. Клуни энэ зоогноос 12.5 сая доллар олж Ардчилсан намд хандивлаж байжээ. Одоо 40 мянган доллар төлсөн хүн нэрт жүжигчний гэрт зочилж эхнэр Амал Клунийн хамтаар оройн тансаг зоог барих юм. 


Америк иргэдийг Европт болгоомжтой зорчихыг уриалав

Брюссельд цуврал халдлага болсны дараа АНУ-ын Төрийн департамент иргэддээ хандаж Европ руу аялахдаа болгоомжтой байхыг сануулав. Вашингтоны Гадаад хэргийн яамны Твиттер хуудсанд Европын орнууд руу аялах нь өндөр эрсдэлтэй болсныг анхааруулжээ. Террористууд ойрын үед спортын арга хэмжээ, аялал жуулчлалын газрууд, олон нийтийн хоолны сүлжээ, тээврийн хэрэгсэл рүү довтлохоор төлөвлөж байж магадгүйг сануулсан байна. Брюссельд болсон халдлагад Америкийн хэд хэдэн иргэн өртсөн тухай мэдээлж байсан юм. Парис, Турк, Бельгид болсон халдлага, дэлбэрэлтэд бүгдэд нь Америкийн иргэд өртсөн билээ.

Толгой жижигрэх өвчний тохиолдол нэмэгдсээр байна

Бразил улсад микроцефали буюу шинээр төрсөн хүүхдийн толгой жижгэрдэг өвчний тохиолдол нэмэгдсээр таван мянга хоёр зууд хүрлээ хэмээн Reuters агентлаг уламжлав. Энэ өвчин Зика вирустай холбоотой байж болзошгүй хэмээн эрх баригчид үзэж байна. Гуравдугаар сарын 19-ний байдлаар хүүхдүүдэд 907 микроцефали өвчин шинээр бүртгэгдэж, дахиад дөрвөн мянга 300 хүүхдийг шинжилгээнд хамруулахаар зэхжээ. Хоёрдугаар сард Бразилд Зика вирусны улмаас гурван хүн амь насаа алдаад байна. Тус улсад Зика вирус болон шинээр төрсөн хүүхдийн толгой жижгэрдэг өвчний хоорондох хамаарлыг идэвхтэй судалж байна.

Б.Обама Кубын тэрс үзэлтнүүдийг магтжээ


АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Кубад айлчилсан сүүлчийн өдрөө Кубын тэрс үзэлтнүүдийн төлөөлөгчидтэй уулзахдаа жагсаал, цуглаан хийж байгаа гайхалтай эр зоригийг нь магтжээ. “Кубад иргэний амьдралд идэвхтэй байхын тулд үргэлж гайхалтай эр зоригтой байх хэрэгтэй” хэмээн Обама хэлжээ. Куба иргэд аз жаргалтай, амжилттай амьдрахад Вашигтоны хүчин чармайлт туслана гэдэгт итгэж буйгаа Обама илэрхийлэв. Цагаан ордны эзэн үүний өмнө кубуудад хандаж үг хэлэхдээ өөрчлөлт шинэчлэлийг хүлээн авч, ирээдүйгээ итгэл найдвараар харахыг уриалсан юм. Хүний эрх, ардчиллын асуудлаар санал зөрөлдөөнтэй байгаа нь Куба, Америкийн харилцааг бэхжүүлэхэд саад болсоор байгааг тэрээр онцолсон билээ. Харин Кубын удирдагч Рауль Кастро хоёр улсын харилцааг бүрэн хэвийн болгохын тулд 60 орчим жил үргэлжилж байгаа Кубын эсрэг хориг арга хэмжээг цуцлахыг шаарджээ.


ОХУ-ын Гадаад тагнуулын албаны тэргүүн асан: Тэд чимээгүй, нууц байж байгаад тушаал ирэхээр ил гарч аллага үйлддэг боллоо

Бельгийн нийслэл Брюссель хотод нисэх буудал, метронд цуврал халдлага болж 34 хүн амиа алдаж, 170 орчим хүн шархдаад байна. ОХУ-ын Гадаад тагнуулын албаны дарга асан Вячеслав Трубников “Известия”-д Бельги дахь аллагын талаар санаа бодлоо хуваалцав.

-Брюссель дахь халдлагыг өрнөдийн тусгай албадын бүтэлгүйтэл гэж үзэж болох уу?

-Эдгээр халдлагыг аль эртнээс төлөвлөж байсан нь харагдаж байна. Аль хэдийнэ боловсруулсан төлөвлөгөөг хэрэгжүүллээ. Терроризм нь тусгай албад, хууль сахиулах байгууллагуудаас нэг алхмын урд яваад байгаа нь гол аюул болж байна.  Шашны, угсаатны авсаархан бүлэг хүмүүс амьдардаг газарт орогнож, нуугдахад амархан байна. Бельги, Франц, Германы тусгай албад урьдчилан сэргийлэх, тагнах ажилд анхаарлаа илүү хандуулах хэрэгтэй. Террористуудын санаа сэдэлд нэвтрэх хэрэгтэй. Нuman intelligence буюу хүмүүстэй ажиллах шаардага гарч ирж байна.

-Европт жихадист нууц бүлгэм бий болчихов уу даа?

-Тушаал хүлээгээд байж байдаг жихадист, хэт харгис үзэлтэй нууц бүлгэм, нойрсож буй үүрнүүд оршсоор байгаа. Тэд чимээгүй, нууц байж байгаад тушаал ирэхээр ил гарч аллага үйлддэг боллоо. Бельги дахь халдлага үүнийг дахин нотоллоо. Бельгийн тусгай албадын ажлыг үнэлж дүгнэмээргүй байна. Тэд алан хядагчдын нэг толгойлогчийг баривчилж чадсан. Гэвч үүнд хэтэрхий их цаг зарцууллаа.

-Террорист сүлжээ байгуулагдахад ямар хугацаа шаардагддаг юм бэ?

-Жихадист үүрнүүд 2000 оноос эхлэн идэвхтэй байгуулагдаж эхэлсэн. Тэд аль хэдийнэ байгуулагдчихсан байсныг 2001 оны есдүгээр сарын 11-ний АНУ дахь халдлага батлан харуулсан. Европ дахь Ойрхи Дорнодын цагаачид АНУ дахь цагаачдаас их болж, өрнөдийнхөн бүс нутагт цэргээ оруулж, мөн “Арабын хавар”-ын улмаас террорист нууц бүлэг, үүрүүд идэвхтэй байгуулагдах болсон.

-Брюссель дахь халдлага дэлхий дахинд ямар сургамж өгч байна вэ?

-Брюссель дахь үйл явдал терроризм улам глобал шинжтэй болсныг харууллаа. Тэдэнтэй глобал түвшинд тэмцэх хэрэгтэй. Оросын Ерөнхийлөгч В.Путин терроризмтэй тэмцэхэд бүхнийг хамарсан эвсэл байгуулах ёстой гэж уриалсныг сана. Нэг улс ямар их хүчтэй байлаа гээд олон улсын терроризмтэй ганцаараа тэмцэж чадахгүй. Хүчээ, тэр тусмаа тусгай албадын хүчийг нэгтгэх хэрэгтэй боллоо.

-Парис дахь халдлагын дараа францууд Сирийн эрэг рүү байлдааны онгоцуудаа илгээж лалын алан хядагчдын байрлалыг бөмбөгдсөн. Бельги болон түүний НАТО дахь холбоотнууд ямар хариу барих бол?


-Тусгай албад чухал үүрэг гүйцэтгэх ёстой. Террористуудын эгнээнд нэвтрэлгүйгээр тэдний санаа сэдэл, төлөвлөгөөг мэдэх боломжгүй. Мэдээлэл солилцоог идэвхжүүлэх хэрэгтэй. Улс орнуудын хууль сахиулах байгууллагууд дангаараа, салангид ажиллаад, мэдээллээ солилцохгүй байвал үр дүн гарахгүй.

Monday, March 21, 2016




Б.Обама: Хоригийг цуцлах нь Куба дахь дахь хүний эрхийн байдлаас хамаарна

Кубад айлчилж байгаа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хамтарсан хэвлэлийн хурал дээр мэдэгдэхдээ, хэдэн арван жилийн турш үргэлжилж байгаа Кубын эсрэг хориг арга хэмжээ цуцлагдах болно хэмээн мэдэгдэв. Гэвч хэзээ гэдгийг тодорхой хэлсэнгүй. Түүний хэлж буйгаар, Куба дахь хүний эрхийн байдлаас хамаарч хориг арга хэмжээ цуцлагдах асуудал шийдэгдэнэ гэжээ. Б.Обама хүний эрхийн тал дээр илүү анхаарал хандуулахыг Гаваны эрх баригчдад уриалжээ. Нэгэн сурвалжлагч Рауль Кастрогоос Куба дахь улс төрийн хоригдлуудын талаар асуухад тэрээр “Манай улсад улс төрийн хоригдол гэх ангилалд орох хүн нэг ч байхгүй. Юун улс төрийн хоригдол вэ? Байгаа бол нэрийг нь надад өгөөтөх. Хэрвээ улс төрийн хоригдол байвал өнөө шөнөөс өмнө суллагдах болно” хэмээн хариулжээ.

Нью-Йоркийн саятнууд баячуудын татварыг нэмэхийг хүсчээ

АНУ-ын Нью-Йорк мужийн 40 орчим саятан захирагч Эндрю Куомо болон хууль сахиулагчдад хандаж чинээлэг иргэдэд оноос татварыг нэмэхийг уриалжээ. Ядууралтай тэмцэх, эвдэрч сүйрсээр буй дэд бүтцийг сэргээхэд ийм арга хэмжээ тустай хэмээн үзэж байна. “Мужийн хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрийг оруулж, эрчимтэй эдийн засгаас нь ашиг тусыг нь хүртсэн Нью-Йоркийн оршин суугчдын хувьд бид шударга хувиа төлөх үүрэгтэй, боломжтой. Бид илүү их татвар төлж чадна” хэмээн саятнууд захидалдаа онцолжээ. Тэрбумтан Рокфеллерийн удмын Стивен Рокфеллер, Уолт Диснейн ач охин Абигейл Дисней, хөрөнгө оруулалтын компанийн эзэн Лео Хендри зэрэг саятнууд захидалд гарын үсэг зурсан байна. Тэд чинээлэг иргэдийн татварыг нэг хувиар нэмэхийн төлөө байгаа юм.

Зика вирус Өмнөд Солонгост илэрчээ

Дэлхийн нийтийг түгшээгээд байгаа Зика вирус Өмнөд Солонгост анх удаа илэрлээ хэмээн “Ренхап” агентлаг мэдээллээ. Эмч нарын батлан хэлж буйгаар, Бразилаас ирсэн 43 настай эрэгтэйгээс Зика вирусын халдвар илэрчээ. Дөнгөж төрсөн хүүхдийн толгойг жижигрүүлж, сэтгэцэд нь муугаар нөлөөлдөг энэ өвчин Бразил улсад хамгийн их тархаад байгаа юм. Эрдэмтэд Зика вирусын эсрэг вакцин гаргаж авахаар ажиллаж байгаа ч ойрын зургаан сард энэ нь боломжгүй хэмээн үзэж байна. Зика вирусын халдвар хэд хоногийн өмнө Куба улсад анх удаа бүртгэгдсэн юм.

400 кг жинтэй эрийг гал командын машинаар эмнэлэгт хүргэжээ

Оскар Моралесийг эмнэлэгт хүргэхийн тулд 20 орчим хүн, гал командын машин хэрэгтэй болжээ. 400 орчим кг татдаг колумб эрийн бие гэнэт муудсан тул эмнэлэгт яаралтай хүргэх хэрэгтэй болсон юм. Тэрээр хоолоо сойхгүй бол амь насанд нь аюултай болсон тул эмчийн байнгын хяналтад байна. Оскар хэвийн амьдралдаа эргэж ороход 300 кг жин хаях хэрэгтэй болсон бөгөөд тэрээр дөрвөн жилийн хугацаанд энэ зорилгодоо хүрч чадна хэмээн тооцоолж байна.
ДЭМБ-аас анхааруулж буйгаар, ойрын жилүүдэд Европ тив дэлхийн хамгийн тарган бүс нутаг болж магадгүй байгаа юм. Зөв бус хооллолтод нэрвэгдээд байгаа европуудын бие галбир улам алдагдсаар байна. 2030 он гэхэд Европ тивийнхны насанд хүрсэн иргэдийн тал хувь нь эрүүл мэндэд муугаар нөлөөлөх илүүдэл жинтэй болох ажээ.

Грозный Оросын хамгийн аюулгүй хотоор нэрлэгдэв


Саяхан явуулсан судалгаагаар, Оросын хамгийн аюулгүй хотоор Чеченийн нийслэл Грозный хот тодорчээ. Domofond.ru сайт Avito фирмтэй хамтран энэ судалгааг явуулж, 310 мянган хүний санаа бодлыг тандсан байна. “Аюулгүй, тайван хотуудыг Ханты-Мансийскийн автономит тойрог, Приволгийн холбооны тойрог, Краснодарийн хязгаарын хотууд тэргүүлж байна. Гэвч судалгаанд хамрагдсан хүмүүс хамгийн аюулгүй хотоор Грозныйг тодрууллаа” хэмээн судалгааны илтгэлд онцолжээ. Санал асуулгад хамрагдсан хүмүүст “Би аюулгүй тайван газар амьдардаг. Харанхуйд гэр рүү явахдаа айдаггүй” гэсэн үзүүлэлтийг 1-10 оноогоор дүгнэхийг хүсэхэд Грозный хот 9.1 оноо авч тэргүүлжээ. Нижневартовск хот 7.6 оноогоор удаалсан байна. Саранск, Сочи, Мурманск, Армавир хот 7.5, Чебоксар, Сургут, Нижнекамск 7.4, Киров  хот 7.3 оноо авч эхний аравт жагслаа. Аюулгүй байдлаараа Москва 39, Санкт-Петербург 49-р байрт оржээ. 


Абдесламын мэдүүлэг алтнаас үнэтэй

Парисын халдлагын гол сэжигтэн, өнгөрсөн долоо хоногт Бельгийн нийслэлд баривчлагдсан Салах Абдеслам тун үнэтэй мэдүүлэг өгч байгааг түүний өмгөөлөгч мэдэгдлээ. “Тэр мөрдөгч нартай хамтран ажиллаж байгаа. Мэдүүлэг өгөхгүй байх эрхээ хадгалахыг хүсээгүй” хэмээн өмгөөлөгч Свен Мари сэтгүүлчдэд ярилаа.  Абдеслам ял шийтгэлээ хөнгөрүүлэхийн тулд цагдаа нарт мэдээлэл өгөх болсон гэх яриаг тэрээр няцаажээ.
Бельгид төрж, Францын иргэншилтэй болсон 26 настай Салах Абдеслам Парисыг довтолсон алан хядагчдаас амьд үлдсэн хоёр этгээдийн нэг байсан бөгөөд Европ даяар эрэн сурвалжлагдаж байсан хамгийн аюултай гэмт хэрэгтэн байжээ. Өнгөрсөн долоо хоногт цагдаа нар Брюссель хотод тусгай ажиллагаа явуулж түүнийг шархдуулан баривчилсан. Франц улс Абдесламыг шилжүүлэн авахаар хөөцөлдөж байна. Парисын прокурор Франсуа Молен “Абдеслам бусад алан хядагчийн хамт амиа золиослон өөрийгөө дэлбэлэхээр зэхэж байсан ч энэ бодлоосоо ухарсан” хэмээн мэдэгдсэн юм. Харин өмгөөлөгч Мари “Мөрдөн байцаалтын нууцыг хадгалах зарчмыг тэр мартсан бололтой. Молен нууцыг задруулж буйгаа мэдэж байгаа биз” хэмээн ярьжээ. Салах Абдеслам өөрийг нь Францад шилжүүлж өгөхийг эрс эсэргүүцэж байгаа аж. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд “террорист сүлжээнд хамрагдсан хүмүүс санаснаас хавьгүй их байна” хэмээн мэдэгдээд Абдесламыг нэн даруй шилжүүлэн авч, шүүхэд шилжүүлэх хэрэгтэй гэжээ. 26 настай залуу Парисын халдлагад голлох үүрэг гүйцэтгэсэн нь батлагдаж байгаа. Тэрээр бусад террористуудыг Европоор зөөж тээвэрлэсэн. Халдлага болохоос өмнө гурван сарын хугацаанд нааш цааш олон удаа явж, террористуудыг авчирчээ. Хэд хэдэн бүлэглэлийн ашигласан автомашиныг түрээслэж, дэлбэрэх бодис худалдан авч, халдлагын өмнө ашиглаж байсан байрыг түрээслэх ажлыг тэр зохион байгуулсан юм.  

Sunday, March 20, 2016

Н.Назарбаевийн нам сонгуульд ялжээ

Казахстанд парламентын ээлжит бус сонгууль болж Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевийн “Нур-Отан” нам 82 хувийн санал авч ялалт байгуулжээ. Пропорционал системээр болсон сонгуульд зургаан нам ороцлсон ч “Нур-Отан” намд сөрөг хүчин болох улс төрийн хүчин тодорсонгүй. Коммунист нам, “Ак-Жол” нам тус бүр долоон хувийн санал авчээ. Ийнхүү парламентад гурван нам суудалтай болж байна. Өөр гурван нам хоёр хүрэхгүй хувийн санал авчээ. 1991 оноос хойш Казахстаны Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа Нурсултан Назарбаев “Нур-Отан намын ялалт бол Казахстаны ард түмний ялалт” хэмээн мэдэгдлээ.

Д.Трампын эгчид цагаан нунтагтай захиа иржээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшихээр өрсөлдөж байгаа тэрбумтан Дональд Трампын эгчид цагаан нунтагтай захидал ирсэн тухай Associated Press агентлаг мэдээлэв. Филадельфид тойргийн шүүгчээр ажилладаг Мариан Трамп  Баррид үл мэдэгдэх этгээдүүд сэжигтэй дугтуй илгээсэн байна. Холбооны мөрдөх товчооныхон энэ хэргийг анхааралдаа авч, АНУ-ын нууц тагнуулын алба, Хууль зүйн яамны хэлтэстэй нягт хамтран ажиллаж байна. Цагаан нунтагтай захидлын талаар өөр дэлгэрэнгүй мэдээллийг ХМТ өгсөнгүй. Хэд хоногийн өмнө Трампын хүү Эрикт мөн үл мэдэгдэх цагаан нунтагтай захидал ирсэн юм. Арваад жилийн өмнө АНУ-д боомын халдвар түгээдэг цагаан нунтагтай захидлын хэрэг хэд хэдэн удаа гарч байсан билээ.

Грект Туркээс цагаачид ирсээр байна

Европын холбоо Туркийн эрх баригчидтай тохиролцоонд хүрч Туркээс орж ирсэн хууль бус цагаачдыг Турк руу буцаахаар болсон ч хэдэн зуун цагаач Грект орж ирсээр байна. Сүүлийн хэд хоногт Туркээс Грек рүү орж ирсэн цагаачдын тоо 900-д хүрчээ. Эгийн тэнгисийг гаталж яваад амь үрэгдсэн цагаачдын дотор бага насны хоёр хүүхэд байгаа аж. Грекийн хилчид хүмүүсийг хууль бусаар тээвэрлэж байсан хөлгийн хоёр эзнийг саатуулаад байна.
Европын холбоо, Туркийн хооронд байгуулсан гэрээ өчигдрөөс эхлэн хүчин төгөлдөр болжээ. Тохиролцооны дагуу Грект орж ирсэн бүх цагаачид орогнол олгохоос татгалзаж, Турк руу буцаах юм. Европын холбоо Балканы орнуудад хилээ хаасны дараа Мөн Турк, Болгарын хилийн хамгаалалтыг чангатгах ёстой хэмээн Австрийн Гадаад хэргийн сайд Йоханна Микль-Летнер мэдэгдлээ.



Барак Обама Кубад айлчилж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама түүхэн айлчлалаар Кубад ирлээ. Саяхан болтол энэ айлчлал боломжгүй мэт санагдаж байсан билээ. Энэ нь АНУ-ын төрийн тэргүүний сүүлийн 88 жилд Кубад хийж буй анхны айлчлал юм. Хамгийн сүүлд 1928 онд АНУ-ын Ерөнхийлөгч Калвин Кулиж Кубад хөл тавьж байжээ. Б.Обама хоёр өдрийн айлчлалынхаа явцад Кубын лидер Рауль Кастротой уулзаж хэлэлцээ хийнэ. Харин хувьсгалын удирдагч Фидель Кастротой уулзахгүй бололтой. Цагаан ордны эзэн Эрх чөлөөний арал дээрх худалдаа наймаа, улс төрийн шинэчлэлийн асуудлаар ярилцахаар төлөвлөж байна. Б.Обамаг Гаванад газардахаас хэдэн цагийн өмнө “Цагаан хатагтай нар” бүлгэмийн хэдэн арван гишүүнийг баривчилжээ. Кубын улс төрийн хоригдлуудын гэргий нараас бүрдсэн тус бүлгэм жагсаал зохион байгуулж байсан аж.
Вашингтоны удирдагчийн айлчлал Америк-Кубын харилцаанд эргэлт авчирна хэмээн тоймч, ажиглагчид үзэж байна. Ердөө хагас жилийн өмнө л АНУ-ын Ерөнхийлөгч Кубад айлчлах нь боломжгүй санагдаж байлаа. Гэвч Ерөнхийлөгчийн Air Force One агаарын хөлөг Гаванад газардахад хоёр улсын харилцаанд шинэ хуудас нээгдлээ хэмээн ВВС мэдээлэв. Барак Обама, Рауль Кастро нар төрийн хүлээн авалтын үеэр зэрэгцэн сууж, хамтарсан хэвлэлийн хурал хийж, хоёр улсын хоорондох эдийн засаг, худалдааны асуудлыг хэлэлцэх юм. Гаваны эрх баригчид тэрс үзэлд хэрхэн ханддагаас үл хамааран Обама Кубын тэрс үзэлтнүүдтэй уулзах бодолтой байгааг Цагаан ордон тодорхой мэдэгдсэн. Энэ уулзалтад “Цагаан хатагтай нар” бүлгийн гишүүд оролцох бололтой.
Хоёр улсын хоорондох ажил хэргийн, дипломат харилцаа холбоо эрс сайжирч, шинэ түвшинд гарч байгаа ч Америк-Кубын харилцаа бүрэн хэвийн болох тухай ярихад эрт байна. 54 жилийн өмнө АНУ-аас Кубын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээ одоо ч үйлчилсэн хэвээр. Энэ хоригийг зөвхөн АНУ-ын Конгресс л цуцлах эрхтэй юм. Куба улс газар нутгийнхаа нэг хэсэг нь эзлэгдсэн хэвээр байгаадгомдоллосон хэвээр байна. Энэ нь Гуантанамо дахь Америкийн тэнгисийн цэргийн бааз юм. АНУ-ын Starwood Hotels & Resorts Worldwide компани өнгөрсөн Кубад хоёр зочид буудлаа барих болсноо өнгөрсөн ням гаригт зарласан нь 1959 онооос хойш Америкийн компани анх удаа Кубын эрх баригчидтэй гэрээ байгуулсан хэрэг болжээ.
Америк-Кубын харилцааны товч түүхийг танилцуулбал:

-1960-аад оны эхээр АНУ Кубатай дипломат харилцаагаас тасалж, Кубын эсрэг эдийн засаг, худалдааны хориг арга хэмжээ авлаа. Кубад хувьсгал гарч, коммунист дэглэм тогтсоны хариуд АНУ ийм арга хэмжээ авсан юм.
-Хориг арга хэмжээ Америкийн эдийн засагт жилд 1.2 тэрбум долларын хохирол учруулдаг.
-2014 оны арванхоёрдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Кубатай дипломат, эдийн засгийн харилцаа холбоогоо хэвийн болгох арга хэмжээг зарлав.
-Үүний өмнө хоёр жилийн турш Канад, Ватиканд Ромын пап лам Франсискогийн оролцоотой хэлэлцээ амжилттай өрнөсөн нь гол түлхэц болжээ.
-Куба улсыг терроризмыг дэмждэг орнуудын жагсаалтаас гаргаж, АНУ-ын иргэд Кубад айчлахад тавьж байсан хоригийг цуцлав. Кубын талаарх санхүүгийн хязгаарлалтыг зөөлрүүлж, харилцаа холбоог нэмэгдүүлж, худалдааны хоригийг цуцлах чармайлтыг идэвхжүүлэв.

-2015 оны наймдугаар сард АНУ Гаванад Элчин сайдын яамаа дахин нээлээ. Сарын дараа Вашингтонд Кубын Элчин сайдын яам нээгдэв.

Saturday, March 19, 2016

Ар гэрт нь 20 мянган доллар олгоно

FlyDubai авиакомпани ОХУ-д сүйрсэн онгоцны ослоор амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрт 20 мянган долларын тусламж олгохоор болжээ. Мөн Ростов мужийн захирагч Василий Голубев ослын золиос болсон хүмүүсийн төрөл төрөгсдөд нэг сая рубль олгоно хэмээн мэдэгдэв. Өнгөрсөн долоо хоногт FlyDubai авиакомпанийн 55 зорчигчтой нисэх онгоц Донын Ростов хотын нисэх буудалд сүйрсэн юм. 44 нь ОХУ-ын иргэн байжээ. 55 зорчигч, нисэх багийн долоон гишүүн бүгд амь үрэгджээ. ОХУ-ын мөрдөн шалгах хороо, Олон улс хоорондын нислэгийн хороо ослын шалтгааныг судлан шалгаж байна. Сүйрсэн нисэх онгоцны хар хайрцгийг Москва хотод авчирчээ.

Стамбулд болсон дэлбэрэлтэд Америк, Израилийн иргэд өртжээ

Гуравдугаар сарын 19-нд Стамбулд болсон дэлбэрэлтэд АНУ-ын хоёр иргэн амиа алдлаа хэмээн Цагаан ордны төлөөлөгч мэдэгдэв. Мөн Израилийн хоёр иргэн ами алдсан тухай мэдээ ирж байна. Шархадсан хүмүүсийн дотор Израилийн 11 иргэн байгаа тул тус улс иргэдээ авахаар хоёр нисэх онгоц илгээжээ. 19-нд Стамбулын жуулчид хамгийн их зочилдог Истикляль гудамжинд амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлж таван хүний аминд хүрчээ. 36 хүн шархадсаны 12 нь гадаадын иргэн байна. Туркийн цагдаа халдлагад холбоотой этгээдийг баривчилсан хэмээн мэдэгдэв. Гуравдугаар сарын 13-нд Анкара хотод автобусны буудлын ойролцоо халдлага болж 37 хүн амиа алдсан билээ. Дэлбэрэлтийг “Курдистаны эрх чөлөөний харцагууд” бүлэг зохион байгуулснаа хүлээн зөвшөөрчээ.

Улсаас 25 сая доллар хулгайлсан хүмүүсийг илрүүлжээ

Малайзид улсын сан хөмрөгөөс 25 сая гаруй доллар хулгайлсан гэмт бүлэглэлийг илрүүлжээ. Цагдаагийн тусгай ажиллагааны үеэр найман хүнийг баривчилсны дотор өндөр тушаалын түшмэд ч байгаа аж. Тэд төсвөөс мөнгө хулгайлах үйлдлээ далдлахын тулд хэд хэдэн хуурамч компани байгуулж, гүйцэтгээгүй ажил, төслийнхөө төлөө улсын сангаас мөнгө авдаг байжээ.
2015 онд Ерөнхий сайд Нажиб Разакийг тойрсон авлигын томоохон хэрэг дэгдсэн юм. 2013 оны парламентын сонгуулийн өмнө Ракакийн хувийн дансанд 681 сая доллар орж ирсэн нь тогтоогдож бөөн шуугиан дэгдэж байв. Гэвч Разакийн эсрэг авлигын хэргийг хэрэгсэхгүй болгож хаасныг Малайзын ерөнхий прокурор мэдэгджээ. Түүний хэлж буйгаар, Нажиб Разакийн хувийн дансанд орж ирсэн 681 сая доллар нь Саудын Арабын хааны гэр бүлийн зүгээс ирсэн бэлэг байсан аж. 



Салах Абдеслам Стад де Франс цэнгэлдэхийг дэлбэлэх ёстой байжээ

2015 оны арваннэгдүгээр сарын 13-нд Парист үйлдэгдсэн халдлагын дараа зугтаж алга болсон Салах Абдеслам Франц-Английн нөхөрсөг тоглолт болж байсан Стад де Франс цэнгэлдэхийг дэлбэлэх террористуудын бүлэгт багтаж байсан ч энэ санаагаа орхисон хэмээн мөрдөн байцаагч нарт мэдүүлжээ. Францын нийслэлд 130 хүний аминд хүрсэн алан хядлагад бэлтгэх ажилд тэрээр голлох үүрэг гүйцэтгэсэн юм. Өнгөрсөн долоо хоногт Бельгийн Брюссель хотын Моленбек дүүрэгт баривчлагдсан 26 настай жихад дайчин Салах Абдесламд Бельгийн прокурорын газраас “Террорист халдлагад оролцсон” хэмээн хэрэг үүсгээд байна. Францын Хууль зүйн яам түүнийг баривчлах, хүлээлгэж өгөх тушаал гаргасан ч Салах энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаа хэмээн өмгөөлөгч нь мэдэгдлээ. Тиймээс түүнийг Францын талд хүлээлгэж өгөх асуудал гурван сар хүлээгдэж магадгүй болов.
Анхны төлөвлөгөөний дагуу Абдеслам Стад де Франс цэнгэлдэхийн гадаа бөмбөг дэлбэлж нэг хүний аминд хүрсэн өөр гурван камиказетэй хамтрах ёстой байжээ. Гэвч тэрээр эцэст нь хүртэл явж чадаагүй аж. “Тэрээр анхны мэдүүлгээрээ ингэж ярьсан. Үүнд болгоомжтой хандаж, түүнээс асууж тодруулах зүйл байгаа” хэмээн Францын прокурорын газраас мэдэгдэв. Абдеслам мөн Парисын 18-р дүүрэгт бөмбөг дэлбэлэх байсан ч дэлбэлээгүй, амиа золиослогч гурван этгээдийг Стад де Франс цэнгэлдэхэд авчирсан автомашинаа энэ дүүрэгт орхисон байжээ. Түүний дэлбэрэх бодистой хантааз нь Парисын Монруж дүүргээс олдсон юм. Ямартай ч 26 настай залуу Парисын халдлагад голлох үүрэг гүйцэтгэсэн нь батлагдаж байгаа. Тэрээр бусад террористуудыг Европоор зөөж тээвэрлэсэн. Халдлага болохоос өмнө гурван сарын хугацаанд нааш цааш олон удаа явж, террористуудыг авчирчээ. Хэд хэдэн бүлэглэлийн ашигласан автомашиныг түрээслэж, дэлбэрэх бодис худалдан авч, халдлагын өмнө ашиглаж байсан байрыг түрээслэх ажлыг тэр зохион байгуулсан юм. Харин халдлага болдог шөнө Абдеслам яг ямар үүрэгтэй байсныг тодруулах хэрэгтэй болж байна. Баривчлах ажиллагааны үеэр хөлөндөө хөнгөн шархадсан Абдеслам хагас сайнд эмнэлгээс гарч, Брюж дахь шоронд анхны мэдүүлгээ өгчээ.
Өнгөрсөн мягмар гаригт Брюссель хотын Форест дүүргийн нэгэн байрыг нэгжсэний дараа Салах Абдесламыг эрж хайх ажиллагааг идэвхжүүлсэн юм. Түүнийг тэнд байсныг мөрдөгчид эхлээд мэдээгүй аж. Гэвч тэнд нуугдаж байсан босуул этгээд хамсаатныхаа хамтаар загтаж амжжээ. Энэхүү нэгжлэгээс хэдэн цагийн дараа аюулгүйн албаныхан нэгэн утасны дуудлагыг барьж авсан нь Абдесламын найз хэмээх этгээд байв. Жихадист эр түүнтэй холбогдож шинэ нуувч олж өгөхийг хүсчээ. Мөрдөгчид утасны дугаараар хөөж түүний шинэ оромжийг илрүүлснээр баривчилж чаджээ.

Абдесламыг баривчилснаар “Исламын улс” бүлэгт хүчтэй цохилт өглөө хэмээн Францын Дотоод хэргийн сайд Бернар мэдэгдээд “Гэвч бид хараа хяналтаа сулруулж болохгүй. Бусад алан хядагчдыг хайсаар байх болно” хэмээн онцоллоо. Интерпол 190 гишүүн орнууддаа хандаж Абдесламын баривчилгаа түүний хамсаатнуудын зугталтыг идэвхжүүлж магадгүй тул хамгаалалт, хяналтаа дээшлүүлэхийг уриалжээ.

Wednesday, March 16, 2016




Б.Обама Кубын ард түмэнд хандаж үг хэлнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ирэх долоо хоногт Кубад айлчлах үеэрээ Кубын ард түмэнд хандаж үг хэлнэ хэмээн Цагаан ордноос мэдээлэв. Тэрээр Кубын лидер Рауль Кастротой уулзалт хийсний дараа хамтдаа сэтгүүлчдийн өмнө үг хэлэх аж. Б.Обама сүүлийн 90 жилд Кубад айлчилж буй АНУ-ын анхны Ерөнхийлөгч болж байгаа билээ. Өнгөрсөн оны долдугаар сард Вашингтон, Гавана хоёр 1961 оноос хойш тасалдаад байсан дипломат харилцаагаа сэргээсэн. Хэд хоногийн өмнө америк иргэд Куба аралд зорчиход тавьдаг хэд хэдэн хязгаарлалтыг цуцалж, куба иргэдэд АНУ-ын санхүүгийн байгууллагатай харилцах боломжийг нээж өгсөн юм. Куба, Америкийн хооронд шуудангийн шууд харилцаа холбоог сэргээсний дараа Америкийн шуудангийн анхны онгоц Кубад газарджээ. Сүүлийн 50 жилд анхны шуудангийн онгоц Кубад газардаж байгааг Кубын Гадаад хэргийн яамнаас мэдэгдлээ.

Дани – хамгийн жаргалтай орон

World Happiness Report байгууллагаас явуулсан судалгаагаар, дэлхийн хамгийн жаргалтай улсаар Дани тодорчээ. Харин хамгийн жаргалгүй ард иргэдээс Бурунди улсын харъяатууд нэрлэгдсэн байна. Нийгмийн тэгш бус байдлын үзүүлэлт бага байх тусам оршин суугчид аз жаргалтай байгааг мэргэжилтнүүд онцолжээ. Хамгийн жаргалтай таван улсад Швейцарь, Исланд, Норвеги, Финланд багтлаа. Эдгээр улсад нийгмийн хамгаалал, тэгш байдал хамгийн өндөр хөгжсөн аж. АНУ 13, Их Британи 23, Орос 56,  Хятад 83, Монгол 101-р байрт оржээ. 156 орноос бүрдсэн жагсаалтын сүүлд бослого, эмх замбараагүй байдал тасардаггүй Бурунди улс бичигджээ. Сүүлийн таван жилд иргэний дайнд нэрвэгдэж, 250 мянган хүнээ алдаад байгаа Сири 156-д орсон байна.

Барбитэй адилхан болох гэж 500 мянган доллар зарцуулжээ

АНУ-ын Охайо мужийн оршин суугч, таван хүүхдийн ээж Наннетт Хаммонд Барби хүүхэлдэйтэй адилхан болохын тулд 500 мянган доллар зарцуулжээ. 42 настай америк бүсгүй цээж томруулах гурван ч хагалгаанд орсон байна. “Бусад ээжүүд намайг харааж, зүхэж байгааг мэдэж байна. Гэвч хамаа алга. Эцэг эхчүүд миний гадаад төрхийн талаар юу ч ярьж болно. Би хүүхдүүдээ үүнийг тоохгүй байхад сургасан” хэмээн Хаммонд  ярилаа. Түүний батлан хэлж буйгаар, нөхөр, хүүхдүүд нь түүгээр бахархдаг аж. “Одоо би Барбигаас илүү сайхан амьдралтай болсон” хэмээн Хаммонд хэллээ. Тэрээр 21 настайгаасаа эхлэн гадаад төрхөө өөрчилж эхэлсэн бөгөөд 70 хүртлээ Барбитай адилхан байх бодолтой байгаа аж.