Monday, December 14, 2015




Сири иргэдэд хуурамч бичиг баримт бүрдүүлдэг байжээ

Бразилийн цагдаа Сирийн иргэдэд хуурамч бичиг баримт бүрдүүлж өгдөг бүлэглэлийг илрүүлжээ. Тэд Сирийн 70 орчим иргэдэд Бразилийн паспорт, төрсний гэрчилгээг хуурамчаар гаргаж өгсөн болохыг тогтоогоод байна. Хуурамч биеийн байцаалттай болсон иргэдийн зарим нь Европ болон АНУ-д хөл тавиад амжжээ. Тэдний дотор Сирийн армийн төлөөлөгчид хүртэл байсан хэмээн мэдээлж байна. Хэд хоногийн өмнө Гондураст хуурамч паспорттай явж байсан Сирийн таван иргэнийг саатуулжээ. Тэд Америк орохоор явж байснаа хүлээсэн байна.

Саудын Арабын байгуулсан эвсэл терроризмын эсрэг тэмцэнэ

Саудын Арабын байгуулсан цэргийн эвсэл дэлхийн тэргүүлэх гүрнүүд, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллана хэмээн тус улсын Батлан хамгаалахын сайд Мухаммад ибн Салман Аль Сауд мэдэгдлээ. Терроризмын эсрэг лалын орнуудын эвсэлд 34 орон багтаж байна хэмээн Саудын Араб зарлажээ. Коран сударт терроризмын ямар ч үйлдлийг буруутгадаг хэмээн тус эвслийн мэдэгдэлд онцолсон байна. “Дэлхий даяар аллага, хүчирхийлэл, хагарал бутралыг сурталчилж, гэм буруугүй хүмүүсийг айлган сүрдүүлдэг террорист бүлэг, зэвсэгт отрядуудаас ард иргэд, улс үндэстнийг хамгаална” хэмээн тус эвсэл зорилгоо тодорхойлжээ. Лалын цэргийн эвсэл Аллахын нэрийн өмнөөс байгуулагдсан хэмээн онцолсон байна. Саудын Араб санаачилсан цэргийн эвсэлд Саудын Араб, Иордан, Арабын нэгдсэн эмират, Пакистан, Бангладеш, Бахрейн, Бенин, Турк, Чад, Того, Тунис, Жибути, Сенегал, Судан, Сьерра-Леон, Сомали, Габон, Гвиней, Палестин, Коморын арал, Катар, Кот-д'Ивуар, Кувейт, Ливан, Ливи, Мали, Мальдив, Малайз, Египет, Марокко, Мавритани, Нигер, Нигери, Йемен улс багтжээ.

Б.Обама: Бид улам хүчтэй цохилт өгнө

Олон улсын цэргийн эвслийн довтолгооны улмаас Ирак дахь террористууд хянаж буй газар нутгийнхаа 40 хувийг алдлаа хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Пентагонд зөвлөлгөөнд оролцсоны дараа мэдэгдлээ. “Бид лалын босогчдын байрлалыг улам хүчтэй бөмбөгдөж байна. Олон улсын цэргийн эвсэл террористуудын голомтыг довтолж байна” хэмээн онцоллоо. Холбоотны эвсэл цохилтынхоо тоог нэмэгдүүлж, мөн газраар давшиж буй түншүүддээ агаараас дэмжлэг үзүүлж байгаа аж. Алан хядагчид хот тосгонд бүгж, энгийн иргэдийн ард нуугдах болсон нь терроризмын эсрэг тэмцлийг хүндрүүлж байна хэмээн Б.Обама ярилаа. “Исламын улс” бүлгийн эсрэг тэмцэлд хурд хэрэгтэй байгааг тэрээр анхаарууллаа.

Б.Нетаньяхугийн нохойг тусгаарлана

Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн Кай хэмээх нохой Ханукка баярын үеэр өндөр хэмжээний зочныг хазсан тул түүнийг хорионд оруулж тусгаарлахаар болжээ. Энэ тухай Нетаньяху фейсбук хуудсандаа бичсэн байна. “Харамсалтай нь Кайг хуулийн дагуу тусгаарлахаар боллоо” хэмээн мэдээлжээ. Израилийн хуулиар хүн хазсан нохойг вакцинд хамрагдсан байсан ч наад зах нь арав хоног тусгаарладаг. Вакцин хийлгээгүй бол 30 хоног хорьдог аж. Ерөнхий сайдын арван настай монгрел үүлдрийн цагаан нохой Ханукка баярын үеэр парламентын гишүүн Шаррен Хаскел, Гадаад хэргийн орлогч сайдын нөхөр Ципи Хотовелийн гуянд соёогоо зоосон ажээ.

В.Путин хакас охинд хаски бэлэглэжээ


ОХУ-ын Хакасийн бүгд найрамдах улсын Белый Яр тосгоны 12 настай оршин суугч Ольга Марущенко Ерөнхийлөгч В.Путинаас цэнхэр нүдтэй хаски гөлгийг шинэ жилийн бэлгэнд авчээ. Бүгд найрамдах улсын бүрэн эрхт төлөөлөгч Михаил Побызаков Ерөнхийлөгчийн даалгавраар хаски гөлгийг охинд гардуулж өгчээ. Марущенкогийн гэр бүл Казакстанаас Хакасид ирж суурьшжээ. Ольга охин шинэ жилээр хаски гөлөгтэй болохыг хүссэн ч аав, ээж нь авч өгч чадахгүй гэсэн тул Путинд захидал бичсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч өмнө нь Тула хотын долоон настай жаалд лабрадор, Киргизийн тавдугаар ангийн сурагчид ньюфаундленд үүлдрийн гөлөг бэлэглэж байжээ. 

No comments:

Post a Comment