Sunday, December 20, 2015



Air France-ийн онгоцонд хуурамч тэсрэх бөмбөг байжээ

Францын Air France авиакомпанийн онгоцноос илэрсэн сэжиг бүхий зүйл нь дэлбэрэх төхөөрөмжийг дууриалган хийсэн хуурамч зүйл байсан, ямар нэг аюул учруулаагүй хэмээн мэдэгдэв. Маврики улсаас Парис руу нисч явсан Air France-ийн нисэх онгоцны бие засах өрөөнөөс сэжигтэй боодолтой зүйл илэрсний дараа тус онгоц Кений Мумбаса хотын нисэх буудалд яаралтай буулт хийсэн юм. Онгоцонд явсан зорчигч болон экипажийн гишүүдийг яаралтай гаргаж, мэргэжилтнүүд сэжигтэй зүйлийг онгоцноос гаргаж аюулгүй газар аваачжээ. Хэн нэгэн этгээд цаасан хайрцагтай боодолд цаг бэхэлж тавьсан байсан Францын авиакомпанийн удирдлагаас мэдэгдлээ. Энэ хэрэг явдлыг “Хэт түрэмгий үйлдэл” хэмээн үзсэн юм.
Маврики улсаас хөөрсөн “Боинга 777” нисэх онгоцонд 459 зорчигч, нисэх багийн 14 гишүүн явж байсан бөгөөд Парисын Шарль де Голль нисэх буудалд хүртэл шууд нислэг гүйцэтгэж байсан аж. Нислэгийн үеэр бие засах өрөөнд орсон нэгэн зорчигч тэнд электрон цаг бэхэлж уясан сэжигтэй хайрцаг байна хэмээн нисэх багт мэдэгджээ. Үүний дараа нисэх багийнхан Кенийн нисэх буудалд яаралтай буух шийдвэр гаргасан байна. Кенийн цагдаа хэд хэдэн зорчигчоос байцаалт авчээ. Энэ хэрэг явдлыг мөрдөн шалгаж, буруутай этгээдийг хариуцлагад татна хэмээн Air France-ийн удирдлага мэдэгдлээ.
Маврики улс дахь аюулгүй байдлын хяналт, шалгалт сул байсан тухай яриа гарсан ч тус улсын эрх баригчид үүнийг няцаажээ. Тэсрэх бөмбөг шиг харагдсан зүйл нь тэсрэх бодис агуулаагүй байсан тул нислэгийг өмнөх аюулгүйн үзлэгээр юу ч илрээгүй хэмээн мэдэгдэв. Францын авиакомпаниас дамжуулж буйгаар, цаасан хайрцагтай зүйлд гал тогооны ахуйн электрон цаг бэхэлж нисэх онгоцны бие засах өрөөний жижиг шүүгээнд хийсэн байжээ. Хуурамч тэсрэх бөмбөгийг хэзээ тийш нь оруулж тавьсан нь тодорхойгүй байна. Нисэх онгоц хөөрөхөөс өмнө бие засах өрөөний шүүгээг шалгасан, сэжигтэй юу ч байгаагүй хэмээн мэдээлж байна. Тиймээс нислэгийн үед хэн нэг нь айлган сүрдүүлэх зорилгоор тэр зүйлийг тавьсан хэмээн үзэж байгаа аж. Тус нислэгээр зорчиж явсан нэгэн зорчигчийн баталж буйгаар, нисэх онгоц техникийн доголдлын улмаас Кенид газардахаар боллоо хэмээн дуулгасны дараа бүх зорчигчид тайван байдлаа хадгалж байсан аж. Энэтхэгийн далайд оршдог Маврики арал нь франц жуулчдын амрах дуртай газрын нэг юм.

Арваннэгдүгээр сарын 18-нд Лос-Анжелес болон Вашингтоноос Парис руу нисч байсан хоёр онгоцонд тэсрэх бөмбөг тавьсан мэдээлэл ирж, хоёулаа ослын буулт хийсэн ч нисэх онгоцноос ямар ч тэсрэх бөмбөг олдоогүй. Арваннэгдүгээр сарын 13-нд Парис хотод аймшигт цуврал халдлага болж 130 хүн амиа алдсаны дараа Франц улс онцгой сонор сэрэмжтэй байгаа билээ. Хэт даврагч “Исламын улс” бүлэг энэ хэргийн хариуцлагыг хүлээсэн юм. Мөн аравдугаар сарын 31-нд Оросын авиакомпанийн онгоц Египетэд сүйрч 224 хүн амь үрэгдсэн. Мөрдөн шалгалтаар тус онгоцонд тавьсан бөмбөг дэлбэрсний улмаас онгоц сүйрсэн болох нь тогтоогджээ. Гэвч Египетийн эрх баригчид Оросын нисэх онгоцыг дэлбэлсэн гэх нотолгоо олдоогүй хэмээн мэдэгдэж байгаа аж. 

No comments:

Post a Comment