Saturday, December 19, 2015




Иракийн гоо бүсгүй тодорлоо

Багдадын нэгэн зочид буудалд Иракийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээн боллоо. Тус улс 1972 оноос хойш анх удаа гоо сайхны хатан хаанаа тодруулж буй нь энэ юм. Гоо бүсгүй шалгаруулах тэмцээнийг суннит, шийт шашинтнууд ихээхэн дэмжсэн нь тэмдэглүүштэй явдал болжээ. 150 бүсгүй оролцсон “Иракийн мисс” тэмцээнд Киркук хотын 20 настай Шайма Абдельрахман түрүүлсэн байна. “Манай улс ирээдүй рүү харж байгаад би их баяртай байна. Энэ тэмцээн иракуудын нүүрэнд инээмсэглэл авчирсан том үйл явдал боллоо” хэмээн тэрээр ярьжээ. Ирэх онд Иракийг төлөөлж “Дэлхийн мисс”-т оролцох Шайма курд үндэстэн юм. Хэд хэдэн гоо бүсгүй сүрдүүлгийн улмаас тэмцээнд оролцохоос татгалзжээ.

Майкл Жексон шинэ рекорд тогтоов

Майкл Жексон хорвоог орхиод зургаан жил болсон ч шинэ рекорд тогтоосоор байна. Түүний 1982 онд гаргасан шилдэг дууны цуглуулга болох Thriller цомог Америкт 30 сая хувиар зарагдаад байна. Энэ цомог хөгжмийн ертөнцийн бүх шагналыг авч байсан билээ. Thriller цомог эхний хоёр жилдээ 20 сая хувиар зарагдсан нь мөн л дээд амжилт юм. Eagles хамтлагийн Their Greatest Hits (1971-1975) цомог 29 сая хувиар борлогдож рекорд тогтоож байв. Майкл Жексоны шинэ амжилт түүнийг бүх цаг үеийн шилдэг дуучин гэдгийг дахин баталсан хэрэг боллоо хэмээн бичиж байна.

Б.Обама өвлийн амралтаа Хавайд

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама гэр бүлийн хамтаар Зул сарын амралтаа Хавай аралд өнгөрөөхөөр явлаа хэмээн Цагаан ордноос мэдээлэв. Төрийн тэргүүн ч, гэр бүлийн гишүүд нь ч амралтаараа олон нийтийн ямар нэг арга хэмжээнд оролцохгүй аж. Хавай арлын Хонолулу хот нь Обамагийн төрсөн нутаг юм. Тэрээр 1961 онд тэнд мэндэлжээ. Ерөнхийлөгч Цагаан ордонд жил тутмын хэвлэлийн бага хурлаа хийж, Калифорнийн Сан-Бернардинод аллагад өртсөн хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулзсаны дараа амралтаа авч Хавайг зорьжээ. 

No comments:

Post a Comment