Sunday, December 6, 2015



Яков Кедми: Туркийн хамгийн том бэрхшээл нь курдууд

Анкара Оросын Су-24 онгоцыг устгахаас сар хагасын өмнө Оросын онгоцыг буудаж унагахаар төлөвлөсөн байж болзошгүй талаар WikiLeaks сайт Twitter хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Энэ тухай мөн fuat avni гэдэг нэрээр бичдэг Туркийн эх сурвалж блогоороо дамжуулан мэдээлж байв. “Туркийн Ерөнхийлөгч Эрдоган Орос, Туркийн харилцааг дайны ирмэг дээр аваачихын тулд Сири дахь Оросын онгоцыг сөнөөхөөр зэхэж байна” хэмээн турк блогч мэдээлж байжээ. Туркийн Засгийн газрын төлөвлөгөөг илчилдэг энэхүү эх сурвалжийн мэдээлэл ихэвчлэн үнэн болж таардаг ажээ.
Турк улс яагаад ийм түрэмгий бодлого баримталж байгаа талаар Израилийн “Натив” тусгай албаны тэргүүн асан Яков Кедми “КП”-д ярьж байна.

-Эрдоган яагаад ийнхүү түрэмгий авирлаж байна вэ. Ямар шалтгаан байна?

-Зөвхөн түрэмгий биш, бас өдөөн хатгасан авир гаргаж байна. Израильтай мөн ингэж харилцаж, маш хурц байдалд хүргэж байсан. Тэрээр Газын зурвас руу явж байсан хөлөг онгоцнуудыг дагалдуулан флотоо илгээнэ хэмээн ил тод мэдэгдэж байсан. Израиль “Танай флотод харамсалтай биш бол тэг тэг” хэмээн тайван хариулж байлаа. Ингээд л бүх юм зогсож байсан.
Нөгөө талаар, түрэмгий үг нь түүний арчаагүй, ямар нэг юм хийх чадваргүй байдлыг нь халхавчилж байгаа юм. Иймэрхүү зан байдлыг сэтгэлзүйчид сайн мэддэг. Ард түмэндээ харагдаж, өртөхөөр ямар нэг юм хийх чадал түүнд алга. Зөвхөн үгээр л ажлаа явуулж байна. Гэвч хамгийн гол нь энэ нь Эрдоганы үг биш, харин түүний үзэл суртал юм. Турк улсын лалын шашны соёл иргэншлийг дэлхий даяар түгээх нь Туркийн түүхэн зорилго гэж үздэг үзэл суртал л даа. Тэр эрх мэдэлд гарч ирсэн цагаасаа л энэ бодлогыг явуулах болсон. Эрдоган арабуудад “Османы эзэнт гүрэн та нарыг колончлоогүй. Туркийн зорилго бол арабуудыг Европын соёл иргэншлээс ангижруулах” гэж ярьдаг юм. Тэрээр өөрийгөө арабын уламжлалт үнэ цэнэт зүйлсийг Европоос хамгаалагч гэж харагдуулахыг хүсдэг. Өрнөдийн ертөнцийг эзлэх нь Туркийн түүхэн даалгавар гэж тэр үздэг бололтой. Цагтаа Османы эзэнт гүрэн үүнийг гүйцэлдүүлэх гэж Вена хүртэл явсан ч чадаагүй. Араб, лалын ертөнц дахь түүний нэр нөлөөний гол үндэс нь “Лалын ахан дүүс” нам юм. Эрдоган өнөөдөр энэ намын гол ивээн тэтгэгч, эзэн нь юм. Тиймээс тэрээр Египет дахь төрийн эргэлт болон Ерөнхийлөгч Мурсийг дэмжиж, үр дүнд нь эрх мэдэлд “Лалын ахан дүүс” нам гарч ирж байсан. Тиймээс л тэр Тунис дахь төрийн эргэлтийг дэмжсэн. Сирид энэ намын ард зогсож байдаг туркменуудыг дэмжиж байна. Тиймээс Эрдоган Сирид Башар Асадыг зайлуулах гэж оролдсон. Учир нь Асад “Лалын ахан дүүс” намыг идэвхтэй няцаадаг юм.

-Туркийн дотоодын нөхцөл байдал тун амаргүй байдаг нь Эрдоганы ийм бодлого явуулах нэг шалтгаан гэж үзэх нь бий. Тэрээр иргэдийнхээ анхаарлыг өөр тийш нь хандуулахын тулд...?

-Турк бол олон үндэстний, олон итгэл үнэмшлийн орон. Туркийн хамгийн том бэрхшээл нь курдууд юм. Тус улсын бүрэн бүтэн байдал, тогтвортой байдал үндэстний цөөнх болсон курдуудын зан байдлаас ихээхэн хамаардаг. Анкарагийн нэг зорилго бол курдуудыг нухчин дарах. Курдистаны Ажилчны нам Сирид үүсч бий болсон. Курд үндэстнүүд түүний эсрэг чиглэх вий гэдгээс Эрдоган айдаг юм. Тиймээс тэрээр “Исламын улс” бүлэгтэй тэмцэх шалтгийн дор Сири дахь курдуудыг бөмбөгдөж, курдуудтай холбоотой нөхцөл байдлыг хурцатгасан л даа. Аюул заналыг хараа бараатай болгож, Турк дахь курдуудыг нухчин дарах нь түүнд хэрэгтэй байгаа.

No comments:

Post a Comment