Wednesday, March 16, 2016



Хятадад эдийн засгийн уян хатан өсөлтийг батлав

Бээжинд улс төрийн улирал дуусав. Бүх Хятадын ардын их чуулган өндөрлөхдөө гурван чухал баримт бичгийг баталжээ. Ерөнхий сайд Ли Кэцяны Засгийн газрын үйл ажиллагааны илтгэл, Шинэчлэл, хөгжлийн улсын хорооны илтгэл, Сангийн яамны төсвийн талаарх илтгэлийг хэлэлцэж баталсан байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн өсөлтийг таван жилийн хугацаанд уян хатан байлгах шийдвэр гаргасан нь хамгийн чухал үйл явдалд тооцогдож байна. Эдийн засгийн өсөлт 6.5-аас долоон хувь байхаар тооцжээ. Ийнхүү дарга, түшмэлүүд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх үүрэг хүлээгээд зогсохгүй эмзэг, хатуу шинэчлэл хийх хэрэгтэй болов.
Өрнөдөд Бүх Хятадын ардын их чуулганыг намын үүрэг даалгаврыг биелүүлэгч байгууллага хэмээн нэрлэдэг. Үнэхээр депутатуудын сонголтыг Хятадын Коммунист нам хянаж байдаг. Гэвч энэ нь чуулган дээр нийгэм, эдийн засгийн хөгжил, дээд, доод ангийнхны амьдралын түвшний ялгааг арилгах шаардлагын талаар маргалдаж, мэтгэлцдэггүй гэсэн үг биш юм. Үүнээс л ард түмний нүдэн дээр Коммунист намын хууль ёсны байдал хамаарч байдаг аж.
Таван жилийн төлөвлөгөөнд уян хатан өсөлтийг баталж өгсөн нь яг таг тоо баримт зааж өгдөг байсан өмнөх туршлагаасаа ухарч буйн тод илрэл хэмээн Asia Times сонины тоймч Фон Так Хо бичиж байна. Дундад улсын эдийн засаг өнгөрсөн онд 6.9 хувийн өсөлттэй байсан нь ийм алхам хийхэд хүргэжээ. Эдийн засгийн даруухан өсөлтийг Ли Кэцян “хэвийн” хэмээн нэрлэв. 1990, 2000 онтой харьцуулахад эдийн засгийн нийт хэмжээ өссөн тул Хятад улс иймэрхүү хэмжээний өсөлтөд дасах хэрэгтэй болж байна. Гэвч үүний хажуугаар хүндрэл, бэрхшээл гарах нь зайлшгүй хэмээн хүлээн зөвшөөрчээ. “Энэ онд биднийг илүү хүнд, бэрх зүйл хүлээж байна. Уриа дуудлага улам л том болж байна. Бид хүнд тулаанд бэлэн байх ёстой” хэмээн Төрийн зөвлөлийн дарга илтгэлдээ онцолжээ.
Таван жилээр төлөвлөдөг бодлого, зорилт биелсэн үү гэсэн асуулт гарч ирнэ. “Эдийн засгийн өсөлт бүр нөр их хөдөлмөрийн үр дүнд ирдэг. Жилийн 6.5-7.0 хувийн өсөлт гэдэг нь бүрэн бодитой, муугүй үзүүлэлт. Дотоодын нийт бүтээгдэхүүн өссөн ч экологи, шинжлэх ухаан, техникийн салбарт зорилгоо биелүүлээгүй байж болох юм. Нийгмийн хөтөлбөрүүд нь ДНБ-ий өсөлттэй л холбоотой байдаг. Хүчтэй эдийн засаг байхгүй бол ядууралта яаж тэмцэх билээ? Хаанаас санхүүжилт гаргах вэ? Тиймээс Хятадын эрх баригчид хөрөнгө оруулалтыг бууруулах алхам хийхгүй байх” хэмээн Алс Дорнодын судалгааны хүрээлэнгийн дэд захирал Андрей Островский ярилаа.
Бүх Хятадын ардын их чуулган 2020 он гэхэд иргэдээ чинээлэг болгоно гэсэн зорилт тавьжээ. Нэг иргэний жилийн орлогыг гурван мянган доллараас илүү гаргана хэмээн ярьж байна. Эдийн засгийн хөгжлөөр хоцрогдонгуй Түвд, Юннань, Ганьсу, Гуйчжоу, Цинхай муж ийм үзүүлэлтэд хүрч чадаагүй байгаа билээ. Мөн эрх баригчид ажилгүйдлийг нэмэгдүүлэхгүй байх зорилт тавилаа. Өнгөрсөн таван жилд 65 сая ажлын байрыг шинээр бий болгожээ. Өнөөдөр хот дахь ажилгүйдэл 4.1 хувьтай байгаа нь тун бага үзүүлэлт юм. Гэвч өөр нэг асуудал гарч ирсэн нь ажиллах насны иргэдийн тоо цөөрч буй явдал ажээ. Ажилчдын орон тоог хэн дүүргэх вэ? Тиймээс нэг гэр бүлийг хоёр хүүхэдтэй байхыг зөвшөөрөх болсон аж.
Өнгөрсөн онд Хятад улсын импорт буурсан нь тус улс гадаад ертөнцөөс улам бүр хараат бус болсоор буйн илрэл хэмээн тоймчид үзэж байна.
Хятад улсын дарга Си Зиньпин Шанхай хотын депутатуудын өмнө үг хэлэхдээ “Үйлдвэрлэлийн ажилчид, цагаач-ажилчдын үр дүнг сонирхох хэрэгтэй. Ажилчин анги бол эзэн юм” хэмээн хэлжээ. Оростой хил залгадаг Хэйлунцзян мужийн хэдэн мянган уурхайчин хотын гудамжинд жагсаж, үйлдвэрийн эздээс хэдэн сар хоцорсон цалингаа нэхжээ. Ажилчдын эсэргүүцэл энэ салбарыг сэргээн босгоход ихээхэн саад болж байгаа аж. Учир нь нүүрсний үнэ хямдарч, эрэлт хэрэгцээ буурсан нь хүнд цохилт болж байна. Бүтцийн шинэчлэл хийж, ажилчид, боловсон хүчнээ цомхотгох шаардлагатай болж байх шиг. Гэвч Хятадын Засгийн газар эсэргүүцэл, жагсаал цуглаанаас айхдаа үүнийг хийхийг хүсэхгүй байгаа юм. 

Tuesday, March 15, 2016




АНУ дахь испани хэлтнүүд 55 саяд хүрчээ

АНУ-ын 323 сая хүн амын 17 хувь нь буюу 55.2 сая нь испани хэлтэй иргэд байна. Африк гаралтай иргэд 12.6 хувийг эзэлж байгаа аж. Калифорни, Аризона, Нью-Мексико, Техас мужийн иргэдийн 30-47 хувь нь латинууд буюу испани хэлтэй хүмүүс ажээ. 55.2 сая латин иргэдийн 24 сая нь ирэх арваннэгдүгээр сард болох сонгуульд оролцох эрхтэй байна. Америк дахь латинуудын 63 хувь нь мексик, 10.1 хувь нь пуэрто-рико, 3.8 хувь нь сальвадор, 3.7 хувь нь куба гаралтай хүмүүс юм. Нью-Мексико мужид хамгийн олон испани хэлтэн амьдарч байна. Тус мужийн хоёр сая 58 мянган хүн амын 47.6 хувь нь латинууд ажээ.

Марко Рубио Ерөнхийлөгчийн сунгааг орхилоо

Бүгд найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдөж байсан сенатч Марко Рубио кампанит ажлаа дуусгаж, сунгаанаас гарч буйгаа мэдэгдлээ. Тэрээр сенатаар сонгогдсон Флорида мужид болсон сунгаанд ялагдал хүлээсний дараа ийнхүү сунгааг орхиж буйгаа зарлажээ. “Ерөнхийлөгчийн уралдаанаас гарч буйгаа зарлаж байна. Бурхны төлөвлөгөөнд байхгүй л бол улс орныг хэзээ ч толгойлж болохгүй” хэмээн Рубио дэмжигчиддээ хандаж ярилаа. Марко Рубио куба гаралтай улстөрч юм. Флоридад болсон сунгаанд Ардчилсан намаас Хиллари Клинтон, Бүгд найрамдах намаас Дональд Трамп нар ялалт байгуулжээ. Иллинойс, Миссури, Хойд Каролинад болсон сунгаанд мөн л Клинтон, Трамп нар ялалт байгуулсан бол, Охайод Бүгд найрамдах намын Жон Касич ялсан байна.

Атлетико Мадрид шилдэг наймд шалгарлаа

Аваргуудын лигийн шөвгийн найман баг тодроод байна. Өчигдөр Испанийн Атлетико Мадрид Голландын Эйндховен-тэй талбай дээрээ хариу тоглолт хийж 0:0-ээр тэнцэж, 11 метрийн цуврал цохилтоор ялагчаа тодруулжээ. Хоёр багаас тус бүр долоон тоглогч цохилтоо амжилттай гүйцэтгэж, Голландын багийн найм дахь тоглогч цохилтоо алдахад Атлетико-гийн Хуанфран цохилтоо амжилттай оруулснаар Испанийн клуб шилдэг наймд шалгарлаа. Английн Манчестер Сити мөн наймд шалгараад байна. Хамгийн өндөр шагналын сантай Аваргуудын лигийн шилдэг наймд Испанийн Реал Мадрид, Барселона, Атлетико, Германы Волфсбург, Байерн, Францын ПСЖ, Португалын Бенфика, Английн Манчестер Сити клуб шалгараад байна. 1/4 шигшээгийн сугалаа гуравдугаар сарын 18-нд Швейцарийн Ньон хотод болно. Эхний тоглолт дөрөвдүгээр сарын 4, 5, хариу тоглолт дөрөвдүгээр сарын 12, 13-нд болно.

Зэвсэглэсэн сэжигтэй этгээдийг устгажээ

Бельгийн цагдаа Брюссель хотын захад тусгай ажиллагаа явуулсны эцэст зэвсэглэсэн аюултай этгээдийг устгажээ. Энэ тухай тус улсын прокурорын газраас мэдэгдэв. Цагдаа нар Парисын халдлагатай холбоотойгоор нэгжлэг, самналт хийж байгаад уг этгээдтэй тулгарч устгажээ. Дөрвөн цагдаа шархадсаны нэг нь Францын хууль сахиулах байгууллагын ажилтан ажээ. Сэжигтэй этгээд цагдаа нар руу гал нээж зугтах гэж оролдсон байна. Тэрээр Калашниковын автомат буугаар зэвсэглэсэн байв. Парисын халдлагаас хойш Франц, Бельгийн цагдаа сэжигтэй, аюултай этгээдүүдийг хайсаар байгаа юм.

Эмэгтэй нисгэгчидтэй онгоц Саудын Арабт иржээ

Бруней улсын Royal Brunei авиакомпанийн дан эмэгтэй нисгэгчдээс бүрдсэн экипаж Саудын Араб руу анх удаа нислэг үйлджээ. Брунейн үндэсний баярын өдрийг тохиолдуулан Саудын Араб руу ийм нислэг хийх санаачилга гаргасан байна. Гурван жилийн өмнө Шарифа Царена Сураини Зүүн өмнөд Азид анх удаа агаарын хөлгийн ахмад болж байсан юм. “Хүмүүс нисгэгчийн мэргэжлийг зөвхөн  эрэгтэй хүний ажил гэж үздэг. Эмэгтэйчүүд, Брунейн эмэгтэйчүүдийн хувьд энэ нь том ололт юм. Энэ бол эмэгтэй хүн юунд хүрч болдгийн жишээ болж байна” хэмээн нисгэгч Шарифа ярьжээ. Эмэгтэйчүүдийн эрхийг хаан боогдуулдаг хэмээн ихээхэн шүүмжлэлд өртдөг Саудын Араб сүүлийн үед нээлттэй бодлого баримтлах болжээ. Саяхан Саудын Арабт болсон мужийн сонгуульд анх удаа эмэгтэйчүүд оролцсон байна.


Брейвикт юу таалагдахгүй байна вэ?

2011 онд 77 хүнийг алсан хэргээр 21 жилийн ял эдэлж байгаа Норвегийн иргэн Андерс Брейвик шоронгийн нөхцөл байдлын талаар Норвегийн эрх баригчдад гомдол гаргасныг шүүх хэлэлцэж байна. Гомдлыг хэлэлцэх шүүх хурлын анхны сонсгол өчигдөр болж Брейвик шүүхийн танхимд орж ирэхдээ гараа өргөн нацист маягаар мэндчилжээ. Тэрээр шоронгийн нөхцөл тамлан зовоолттой адилхан байна, Норвегийн Засгийн газар Европын хүний эрхийн конвенцийн хоёр заалтыг зөрчиж байна хэмээн ярилаа. Нийслэл Осло хотоос 100 км-т байдаг Шиен шоронд хоригдож байгаа Брейвик камерт тусгаарлагдсаны улмаас сэтгэл санааны хүчтэй хямралд ороод байна хэмээн өмгөөлөгч нь мэдэгдэв. Эрх баригчид түүнийг террорист сүлжээ байгуулахаас сэргийлж гадаад ертөнцтэй интернэтээр холбогдохыг хориглосон юм. Эргэлт, уулзалтыг нь шилэн цонхоор байнга хянадаг аж. Ерөнхий прокурорын газраас, гэмт хэрэгтний хоригдох нөхцөл байдал хүний эрхийн конвенцийн шаардлагыг хангаж байгаа хэмээн мэдэгдэв. Андерс Брейвикийн гомдлыг хэлэлцэх шүүх хурал баасан гариг хүртэл үргэлжилнэ. Шоронгийн нөхцөл байдал түүний эрхийг зөрчиж, сэтгэцийн эрүүл мэндэд нь муугаар нөлөөлж байна гэж үзвэл хорих нөхцөлийг нь зөөлрүүлэх ажээ.

А.Брейвик шоронгийн нөхцөлийн талаар анх удаа гомдоллож буй нь энэ биш. Тэрээр өмнө нь гянданд ганцааранг нь хорьж, өдөрт гадаа нэгхэн цаг гаргаж байна хэмээн гомдол гаргаж байжээ. Өнгөрсөн жилээс улс төрийн ухааны хичээл үзэж байснаа больсон аж. Брейвик гяндангийн дотоод тохижилт уйтгартай байна, цонхоор алсын бараа харагдахгүй байна, хүйтэн кофе, цөцгийн тос багатай талх өгч байна хэмээн гомдоллож байв. 

Monday, March 14, 2016



Пентагон Умар Шишанийн үхлийг батлав

“Исламын улс” бүлгийн лидерүүдийн нэг Умар Шишани Сирийн зүүн хойд хэсэгт Америкийн цэргийн бөмбөгдөлтөд өртөн амь үрэгдсэнийг Пентагон баталлаа. Тархан Батирашвили хэмээх жинхэнэ нэртэй (тэрээр Гүржийн уугуул юм) 30 настай Шишани хүнд шархдаж, клиник үхлийн байдалд байгаа хэмээн мэдээлж байсан билээ. Тэрээр амьсгал хураасныг АНУ-ын Батлан хамгаалахын төлөөлөгч ВВС-д  ярьжээ. Түүний сууж явсан автомашины цуваа гуравдугаар сарын 4-нд Сирийн  Шаддади хотын ойролцоо агаарын дайралтад өртсөн юм. Умар Шишани “Исламын улс” бүлгийн удирдлагад хэд хэдэн томоохон тушаал хашиж байсны дотор “Цэргийн сайд” хэмээх алба хашиж байжээ. Шишани 1986 оны нэгдүгээр сард Гүржийн Панкис хавцал дахь Биркиани тосгонд мэндэлжээ. Тэрээр 2008 онд Өмнөд Осетид болсон Орос-Гүржийн цэргийн мөргөлдөөнд оролцож байсан аж.

Анкарагийн дэлбэрэлтэд курдуудыг буруутгалаа

Анкара хотод амиа золиослогч этгээдийн үйлдсэн халдлагыг Курдистаны Ажилчны нам зохион байгуулсан нь хэргийн газраас олдсон ул мөр баталж байна хэмээн  Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу мэдэгдлээ. Өнгөрсөн бүтэн сайнд Туркийн нийслэл хотын гол автозамын уулзвар дээр дэлбэрэх бодистой авомашин дэлбэрч 37 хүний аминд хүрсэн юм. Цагдаагийн газраас мэдэгдэж буйгаар халдлагад 11 хүнийг сэжиглэн баривчлаад байна. Халдлагын хариуд Туркийн нисэх хүчин Курдистаны Ажилчны намын байрлал, зэвсгийн агуулахад цохилт өгчээ. Анкарагийн эрх баригчид курдууд голдуу оршин суудаг зүүн өмнөд хэсгийн Ширнак хотод хөл хорио тогтоожээ.

Хойд Солонгос цөмийн шинэ туршилт хийхээ зарлав

Хойд Солонгос цөмийн шинэ туршилт хийж, цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадалтай баллистик пуужин турших гэж буйг тус улсын лидер Ким Чен Ун мэдэгдлээ. Тэрээр баллистик пуужин хөөргөх туршилтын үеэр ийнхүү мэдэгдсэн байна. Цөмийн цэнэгт хошуу болон баллистик пуужингийн туршилтыг ойрын өдрүүдэд хийнэ хэмээн Пхеньяны төрийн мэдээллийн агентлаг уламжлав. Өмнөд Солонгос, АНУ хамтарсан хээрийн сургууль хийвэл цохилт өгнө хэмээн Хойд Солонгос сануулж байсан юм. Пхеньян нэгдүгээр сард цөмийн туршилт хийсний дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хориг арга хэмжээ авчээ. Өмнөд Солонгос, Хятад, Орос, Америк, Австрали, Япон хориг арга хэмжээг дэмжжээ. 



В.Путин Сириэс цэргээ татах шийдвэр гаргалаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гуравдугаар сарын 15-наас эхлэн Сири улсаас Оросын цэргийн үндсэн хүчийг татах шийдвэр гаргажээ. Түүний хэлж буйгаар, Оросын Батлан хамгаалах яамны тавьсан зорилго үндсэндээ биелсэн аж. Гэхдээ Сирийн Тартус дахь орос цэргүүд, Хмейм аэродром дахь агаарын хүчний онгоцууд үүргээ гүйцэтгэсээр байх юм. ВВС агентлаг өрнөдийн болон Оросын шинжээчдэд хандаж ОХУ-ын удирдлагын шийдвэрт үнэлэлт, дүгнэлт өгөхийг хүсчээ. В.Путин Сирид Оросын цэргийн ажиллагааг эхлүүлэхдээ ямар зорилго тавьж байсан бэ, энэ зорилго биелсэн үү?

Жонатан Маркус, ВВС-ийн тоймч:

Владимир Путин одоо явж болно хэмээн хэлж байна. Оросын цэргүүд өмнөө тавьсан зорилгынхоо гол хэсгийг биелүүлсэн, тиймээс Путин цэргийнхээ гол хүчийг гаргаж болно гэж хэллээ. Гэвч Сирийн Тартуст Оросын тэнгисийн цэргийн бааз, Хмейм дахь аэродромд агаарын цэргийн бааз нь үлдэж байгаа тул Сириэс цэргээ бүрэн гаргасан гэж хэлж болохгүй. Владимир Путиний гэнэтийн шийдвэр Женевт Сирийн талаарх энхийн хэлэлцээний шинэ шат эхэлсэнтэй давхацсан нь Кремлийн удирдагчийн үр дүнтэй дипломат арга барилыг харуулсан явдал боллоо. Сирид Оросын 30 орчим байлдааны онгоц, тэдгээрийг хамгаалах хуурай замын багахан цэрэг байна. Мөн Сирийн армитай хамтран ажиллаж байгаа цэргийн хэд хэдэн зөвлөх байгаа. Оросын тал Сирийн хямрал, мөргөлдөөнд оролцсоноор үндсэн зорилгоо биелүүлсэн. Москва Башар Асадын байр суурийг бэхжүүлж, түүний цэргүүд стратегийн хэд хэдэн чухал газрыг хяналтаад авахад тусласан. Б.Асадыг Сирийн хямралыг зохицуулах ямар ч хэлэлцээнд гол тоглогчоор үлдээсэн нь чухал үр дүн юм.

Игорь Сутягин, RUSI судалгааны хүрээлэнгийн ахлах мэргэжилтэн:

Надад юуны түрүүнд мөнгө нь дууссан гэдэг сэтгэгдэл төрлөө. Хоёрдугаар шалтгаан нь эхнийхтэй холбоотой, айлган сүрдүүлэх оролдлого байж болох юм. Оросууд эхлээд Сирийн мөргөлдөөнд орлуулшгүй тоглогч, хэрэгтэй хамтрагч болох зорилго тавьж байсан. Мөнгө нь дуусч, нөхцөл байдал муудсан тул ийм юм болсонгүй. Тиймээс дарамт шахалтаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Одоогийн төлөвлөгөөний Б хувилбар нь “Бид ингээд явлаа. Бид нартай ямар сайн байлаа, бид наргүй ямар муу байна. Тэгээд эргээд хандахаар бид илүү үнэ шаардах болно” байж болох юм. Цэргээ татах таатай цаг үе биш. Ердөө сарын өмнөхөн л, манай цэргүүд Сири дахь терроризмыг бүрэн ялан дийлэх хүртэл тэнд байх болно гэж мэдэгдэж байсныг санаж байгаа биз дээ. Одоо үүнийг нь асууя:  Сири дахь “Исламын улс” бүлгийг устгаад сөнөөчихсөн үү? Та нар яагаад гараад явчихав аа?
Тиймээс тохиромжтой цаг үе ирсэндээ бус, харин үүнийг хийх шаардлагатай болоод Сирийг орхин гарч байна гэж бодож байна.
Сирид байгаа байлдааны онгоцууд бараг жагсаалаас гарах болчихсон. Шинэ онгоц хаанаас авах вэ? Нисгэгчдээ сургачихсан, мөнгө их зарцуулсан... Оросын цэргийн бааз тэнд үлдсэн ч тэд дуртай цагтаа орхиод явчихаж чадна.

Глеб Павловский, улс төр судлаач:


АНУ болон Дамаскийн Засгийн газартай урьдчилан тохиролцсоны дараа ийм шийдвэр гаргасан гэж бодож байна. Цэргээ гаргах талаар их болгоомжтой дуугарлаа. Цэргээ татахтай зэрэгцээд ямар үйл явдал болох вэ гэдэг нь тодорхойгүй байна. Зөвхөн хойш ухарсан зүйл биш байх, харин Сирид илүү хамтарсан, үр дүнтэй хамтран ажиллахаар буцаж ирэх байх. Энэ талаар АНУ-тай ярилцаж, хэлэлцэх ёстой. Оросууд хэнтэй ч зөвшилцөлгүйгээр Сирид дангаараа үйл ажиллагаа явуулж байсан. Хэн ч тэдэнтэй ярилцаж, тохиролцож чадаагүй. Энэ нь Оросыг Сирийн үйл хэрэгт улам л гүнзгий хутгаж, таагүй нөхцөл байдалд хүргэж байсан гэж үзэж байна. Одоо хэдийгээр байгуулж, цаашид дэмжээд явахад хэцүү ч найрал хөгжмийн бүрэлдэхүүнд орж тоглох боломж гарч ирж байна.

Sunday, March 13, 2016



Бразилийн Ерөнхийлөгчийг эсэргүүцсэн томоохон жагсаал болов

Бразилийн Сан-Паулу хотод Ерөнхийлөгч Дилма Русефийг огцрохыг шаардсан томоохон жагсаал болж 1.4 сая хүн оролцлоо хэмээн хотын эрх баригчид мэдэгдэв. Эсэргүүцлийн жагсаал улс орон даяар болжээ. Зарим мэдээллээр, 150 орчим хот сууринд гурван сая гаруй хүн гудамжинд гарч жагсчээ. Жагсаалд оролцогчид Русефийг эдийн засгийг зогсонги байдалд оруулсан, авлигад автсан хэмээн буруутгаж байна. Гэвч Ерөнхийлөгч бүх буруутгалыг няцааж, огцрохгүй хэмээн мэдэгджээ. “Ням гаригт болсон тайван жагсаал нь хууль, эрхийг хүндэтгэсэн янз бүрийн санаа бодол давамгайлсан боловсорч гүйцсэн нийгмийн баталгаа болж байна” хэмээн Русеф мэдэгдэлдээ онцолжээ.

Цацраг идэвхт бодисын хаягдал овоорчээ

Японы төв болон зүүн хойд хэсэгт албан ёсоор бүртгэлд ороогүй 3.1 мянган тн цацраг идэвхт бодисын үлдэгдэл цуглараад байна. Ибараки, Ивата, Мияги, Сайтама, Чиба, Токио, Фукушима мужийн засаг захиргаанаас асууж тодруулсны үндсэн дээр ийм үр дүн гарлаа хэмээн NHK телевиз мэдээлэв. Эдгээр нь Фукушима-1 цөмийн цахилгаан станц дээр осол гарсны дараа цэвэрлэх, аюулгүй болгох ажиллагаа явуулсны үр дүнд цугларсан цацраг идэвхт хөрс болон бусад халдвартай хог, үлдэгдэл юм. Эдгээр хаягдлыг түр агуулахад хадгалж байгаа бөгөөд тэдний цацраг идэвхт бодисын түвшин нэг кг-д найман мянган беккерель байгаа аж. Мияги мужийн Курихара хотод хамгийн их цөмийн хаягдал байгаа юм. Японы хуулиар орон нутгийн эрх баригчид цөмийн хог, хаягдлынхаа талаар Засгийн газарт илтгэх ёстой. Гэвч Фукушима-1 цөмийн цахилгаан станц дээр осол гараад таван жил өнгөрсөн ч олон муж, орон нутаг үүнийг хийгээгүй байна.

Он гарсаар Кубад нэг сая жуулчин зочилжээ

2016 он гарсаар Кубад нэг сая гаруй жуулчин хөл тавиад байна хэмээн Кубын аялал жуулчлалын газраас мэдээлэв. Өмнөх онтой харьцуулбал Куба улс арав хоногийн өмнө энэ үзүүлэлтэд хүрээд байгаа нь өндөр амжилт юм. Куба арал энэ онд дөрвөн сая жуулчин хүлээж авах зорилт тавиад байна. 2015 онд Куба улсад 3.7 сая жуулчин зочилж рекорд тогтоосон юм. Үндэсний статистик, мэдээллийн төвөөс гаргасан тооцоогоор, өнгөрсөн онд аялал жуулчлал 1.94 тэрбум долларын орлого оруулсан нь 2014 оныхоос 10.7 хувиар их байгаа ажээ.

2016 оны эхний хоёр сард Кубад ирсэн жуулчид нь голдуу Герман, Их Британи, АНУ, Франц, Итали, Аргентины иргэд байна. Гэвч Кубад жуулчид “нийлүүлдэг” орнуудаас Канад тасархай тэргүүлдэг. 2016 оны эхний сард гэхэд л Канадын 173 мянган жуулчин Кубад ирж амарчээ.



Жохорын султаны тансаг “тоглоомууд”

-Малайзын султаны эзэмшилд алтадсан Боинг 737, үнэтэй, чамин 300 орчим автомашин бий-

Малайзын хойгийн өмнөд хошууг эзлэн оршдог Жохор мужийн (Малайз улсын нэг хэсэг) султан Ибрахим Исмаил тансаг хөдлөх дуртай нэгэн. Аялж, зугаалах тун дуртай тэрээр шинэ, хуучин хэдэн арван Rolls-Royce, Bentley, Aston Martin, Mercedes, BMW зэрэг 300 орчим тансаг зэрэглэлийн автомашиныг ордондоо сойж байдаг бол хамгийн сүүлд алтадсан Боинг 737 нисэх онгоц худалдаж авчээ. 30 зорчигчийн багтаамжтай, хооллох танхим, унтлагын өрөө, шүршүүртэй, гурван гал тогоотой энэхүү хувийн нисэх онгоц нь XVI зуунаас хойш Малайзын өмнөд нутгийг захирч байсан хаадын удам угсааны 25 дахь үеийн залгамжлагч Ибрахим Исмаилийн хамгийн сүүлчийн тансаглал болж байна. Боинг компани хоёр жилийн дотор түүний таалалд нийцсэн нисэх онгоцыг хийж өгсөн бөгөөд султан байгалийн баялаг ихтэй, дийлэнх хүн ам нь лал шашинтай Малайзаар зугаалах шинэ “тоглоом”-той болоод байна. “Алтадсан Боингоор хараахан нээлтийн аялал хийгээгүй байна. Магадгүй султан наси кандар зоог (карритай будаа, ногоо, махтай хоол) барихын тулд Пенанг (Малайзын хойд хэсгийн нэгэн арал) руу нисч магадгүй” хэмээн The Star сонинд бахархалтайяа бичжээ. Доторх тансаглалыг нь тооцолгүйгээр 100 сая доллараар бүтсэн энэхүү агаарын хөлгийн анхны аялалаар нэгэн арал дээр очиж гүнцэг барих нь султаны хувьд нэн таатай зүйл болж байгаа аж.
Хэдийгээр Ибрахим Исмаил нисгэгчийн үнэмлэхтэй ч шинэ онгоцныхоо жолооны ард суухаасаа өмнө Австралийн дууриалгагч онгоц дээр сургуулилт хийх хэрэгтэй болов. Энэ хооронд тэрээр олон тансаг автомашин, мотоцикл, эсвэл өнгөрсөн сард хамгийн өндөр үнээр худалдаж авсан том автомашинаар Пенанг хүртэл аялж болох юм. Султан Ибрахим 1.4 сая рингитээр (320 мянган евро) алтан суудал, телевизийн дэлгэц, хос ор, гал тогоотой Mack Truck худалдаж авсан аж. Түүний автомашины цуглуулгад гэр бүлээсээ өвлөн авсан сонгодог машинууд ч байдаг. 1936 оны Mercedes JF2 төмөр хүлгээ Филиппины телевизээр харуулж байсан бөгөөд дэлхийд цор ганц байдаг энэ загварыг нацистын удирдагч Гитлер дэлхийн II дайнаас өмнө гэр бүлд нь бэлэглэж байсан ажээ. Мөн 1960 оны Mercedes лимузин, Rolls-Royce Phantom түүний цуглуулгад бий. Rolls-Royce Phantom дээр хааны сүлдийг сийлж, Жохорын далбааны өнгөтэй болгох гэж зургаан сарын турш урчууд, дархчуудаа ажиллуулж байв. Автомашинуудаа Малайзын өмнөд нутгийн халуун, чийглэг агаарт зовоохгүйн тулд агааржуулагчтай гараашт байлгадаг бөгөөд үргэлж цэвэр, гял цал байлгахын тулд механикчдын баг харж хамгаалдаг.
Музейд хүндтэй байр суурь эзлэх гавъяатай Британийн тансаг зэрэглэлийн домогт загвар болох 1938 оны Lagonda-гаас авахуулаад 4.3 секундэд 100 км/цаг хурд авч, 6000 см куб, 325 морины хүчин чадалтай мотороороо 295 км/цаг хурдлах чадалтай Aston Martin DBS зэрэг орчин үеийн спортын загварууд ч бий.

Жохорын султан тансаг автомашин цуглуулахаас гадна хаант улсынхаа цагдаагийн албанд мотоцикл болон арын суудал дээрээ iPad дэлгэцтэй Range Rover жийпнүүдийг авч өгчээ. Хэдийгээр султан Ибрахим ийнхүү тансаглаж, эд хөрөнгөөрөө гайхуулдаг ч тун ч өгөөмөр сэтгэлтэй нэгэн ажээ. Тэрээр лал шашинтнуудын ариун орон болох Мекка хүртэл аялж чадахгүй ядуу мөргөлчдийг алтадсан онгоцоороо авч явна хэмээн амлаж байна.