Wednesday, May 13, 2015



Сара Брайтман сансарт нисэхээ хойшлуулжээ

Британийн дуучин Сара Брайтман сансрын жуулчны хувиар Олон улсын сансрын станцад зочлох нислэгээ хйошлуулжээ. Тэрээр 2015 оны есдүгээр сарын 1-нд сансарт нисэхээр төлөвлөж байсан юм. Брайтман хувийн учир шалтгааны улмаас нислэгийн бэлтгэлээ хойшлуулахаар шийдсэнээ мэдэгдэв. Британи дуучин Оросын сансрын агентлаг, Оддын хотхон, Америкийн сансрын агентлаг болон өөрийг нь дэмжиж буй сансрын нисэгчдэд талархал илэрхийлжээ.  
Брайтман Олон улсын сансрын станц дээр 10 хонохоор төлөвлөж байна. Албан бус мэдээллээр, тэрээр энэ нислэгт 30 сая доллар төлж байгаа аж. Дуучин бүсгүй сансрын тойрог замд экс нөхөр, нэртэй хөгжмийн зохиолч Эндрю Ллойд Вебберийн дууг дуулахыг хүсч байна.

Украиныг шинэчлэх зөвлөлийг М.Саакашвили тэргүүлнэ

Украины Ерөнхийлөгч П.Порошенкогийн тушаалаар баталсан шинэчлэлийн олон улсын зөвлөлийг Гүржийн төрийн тэргүүн асан Михаил Саакашвили тэргүүлэхээр болов. Зөвлөлд Шведийн Гадаад хэргийн сайд асан Карл Бильдт, АНУ-ын сенатч Жон Маккейн, Европарламентын гишүүн Элмар Брок, Яцек Вольский нар орж байна. Шинэчлэлийн олон улсын зөвлөл нь Украины Ерөнхийлөгчид зөвлөх байгууллага байх бөгөөд олон улсын туршлага дээр үндэслэсэн туршлагыг нэвтрүүлэх санал, зөвлөгөөг өгөх ажээ. Зөвлөл Украины хууль, эрх зүйг шинэчлэх гадаадын шинжээч, мэргэжилтнүүдийг урьж ажиллуулахаар төлөвлөж байна.

Афганууд Пакистаны дүрвэгсдэд туслана

Афганистаны Засгийн газар Пакистанаас ирж буй олон мянган дүрвэгсдэд тусламж үзүүлэхийг анх удаа зөвшөөрлөө. НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан хорооны дарга Антонио Гутеррешийн хэлж буйгаар, Афганы лидер Ашраф Гани дүрвэгсдэд зориулж орон сууц босгох, ажлын байр бий болгохыг зөвшөөрчээ. Өмнөх Ерөнхийлөгч Хамид Карзай пакистан дүрвэгсдэд огт гараа сунгадаггүй нэгэн байжээ.
Сүүлийн үед Пакистанд амьдардаг афган иргэд олноороо буцан ирэх болов. 2014 оны эцсээр Пешавар дахь сургуульд болсон аллагын дараа дүрвэгсэд хэдэн мянгаараа Афганистанд ирэх болсон юм. Мөн Пакистан дахь дотоодын мөргөлдөөн, самууны улмаас дүрвэгсэд тасрахгүй байна. 

No comments:

Post a Comment