Wednesday, May 13, 2015



Газар, тэнгэр шиг ялгааг нэгтгэж уусгахад олон жил шаардлагатай

Өмнөд Солонгосын зүрх сэтгэл далбаан дээрх арга билэг шигээ хоёр хуваагдсан байдаг. Хуваагдсан, хүйтэн дайны үлдэгдэл оршсоор байгаа дэлхийн цорын ганц үндэстэн бол солонгос. 1945 онд, дэлхийн II дайны дараа тус хойг хоёр хуваагдаж, 1948 онд 38-р өргөрөг нь өмнөд, хойдын албан ёсны хил хязгаар болон хувирсан билээ. Энэ салалт, хуваагдал өнөөдөр 70 жилийнхээ ойтой золгож байгаа ч олон мянган гэр бүл хагацсан хэвээрээ, утсаар ч, захидлаар ч хоорондоо харилцаж чадахгүй байсаар байна. “Миний гэр бүл Хойд Солонгост бий. Энэ бол зохиомол хагацал. Улс төр, цөмийн зэвсгийн ямар ч асуудлаас өмнө хүнүүнлэгийн асуудлыг ярих ёстой” хэмээн Нэгдлийн асуудал хариуцсан Солонгосын үндэсний хорооны тэргүүн асан Жин Парк өгүүлж байна. Одоогийн тэргүүн Чон Хва “Солонгос бол нэг гэр бүл, тиймээс салангид байж болохгүй. Тиймээс л бид улс орноо нэгтгэх гэж энэ 70 жилийн ихэнхийг зориуллаа. Дэлхийн бусад улс орны хувьд эргэн нэгдэл нь хэцүү, бүтэшгүй мэт санагдаж болох ч солонгосууд бидний хувьд тийм биш юм. Учир нь энэ бол бидний явах зам” хэмээн хэллээ.
Гэвч нэг Солонгос дангаараа үүнд хүрч чадахгүй нь үнэн билээ. Дэлхийн хамгийн нууцлаг, хаагдмал улсыг төмөр гараар удирдаж байгаа Ким Чен Ун өмнөд ахан дүүсээ байнга цөмийн довтолгоогоор заналхийлсээр.. Хөршүүд одоо ч дипломат харилцаагүй хэвээр. Хоёр гүрний улс төр, нийгэмд асар их ялгаа байгааг хэлэхгүй байж болохгүй. Өмнөд Солонгосын эдийн засаг их наяд 600 тэрбум 963 сая долларт эргэлдэж байгаа бол хойд коммунист дэглэмийнх 40 сая долларт дөнгөж хүрдэг. Өмнөдийн хүн ам 49.4 сая, хойдууд 24 сая. Газар, тэнгэр шиг ийм их ялгааг нэгтгэж уусгахад олон жил шаардлагатай хэмээн цөөнгүй хүн үздэг ажээ.
Гэвч боломжгүй зүйлийг нөр их ажил, зүтгэлээр гүйцээж болох талаар солонгосууд зарим зүйлийг мэднэ. Дайны дараа үгээгүй дорой байсан өмнөдүүд эдийн засгаа хэрхэн гайхалтай хөгжүүлсэн нь нэг тод жишээ ажээ.
Нэгдлийн зүг хөтлөх зам нь улс төрийнх бус, харин эдийн засгийнх байх болно хэмээн Солонгос дахь туршлагатай сэтгүүлч Эндрю Салмон үзэж байна. Хятад, Хойд Солонгосын хил дамнан явагддаг хууль бус наймаа энэ өөрчлөлтийг аль хэдийнэ үүсгэх болсон аж. Салмоны үзэж буйгаар, хар захын наймаа компьютерийн вирус мэт л капитализмийн “сайн тал”-ыг Пхеньяны дэглэм рүү оруулна гэж байна. “Итгэл найдвар бизнесмэнүүдийн гарт байна” хэмээн тэрээр үгээ төгсгөлөө. Худалдаа наймааны харилцаа нь урт удаан хугацааны яриа хэлэлцээний үүдийг нээж, Хойд Солонгосын цөмийн заналхийлэлд цэг тавих тохиролцоонд хүргэнэ хэмээн Өмнөд Солонгосын парламент дахь Гадаад харилцаа, Нэгдлийн асуудаарх хорооны тэргүүн На Кюн Вон санал нийлэв.
Хоёр Солонгосыг нэгтгэхэд дөрвөн алхам хэрэгтэй хэмээн На үзэж байна. Нэгдүгээрт, Өмнөд болон Хойд нутаг дахь нийгмийн ялгааг аажим аажмаар арилгах, хоёрдугаарт, салсан гэр бүл, хүний эрх зэрэг хүмүүнлэгийн асуудал бэрхшээлийг шийдвэрлэх, гуравдугаарт, Хойд Солонгосын эдийн засгийг  сайжруулж, иргэдийнх нь амьдралын чанарыг дээшлүүлэх, дөрөвдүгээрт, Солонгосын хойгт тогтвортой байдлыг авчрахын тулд хойдуудын цөмийн заналхийлэл, цөмийн хөтөлбөрийг зогсоох.
Сөүлийн Засгийн газар хоёр Солонгосыг нэгтгэхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж байна. Тэд саяхан Нэгдлийн шинэ сайдыг томилсон нь Ерөнхийлөгч Пак Гын Хе энэ асуудлыг ихэд чухалчилж буйн илрэл юм. Улам бүр сайн харилцаатай болсоор байгаа Хятад, Япон улс Сөүлийн бодлогыг дэмжиж, түлхэж өгнө хэмээн тэд найдаж байгаа аж. Өмнөдүүд Хойд Солонгосын ард түмний хүмүүнлэгийн зовлон бэрхшээлийг сонсож, хойдуудын амьдралыг сайжруулахад тустай дэд бүтцийг барьж өгөхөд бэлэн хэмээн Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайдын орлогч Чо Тае Юл мэдэгджээ. “Хойд Солонгос ямар нэг сонирхлоо илэрхийлбэл эдгээр төслийг яг одоо хэрэгжүүлсэн ч болж байна” хэмээн тэрээр онцолсон юм.
Хоёр Солонгосын нэгдэл нь Сөүлийн Засгийн газрын нэг гол зорилго болж байгаа бол залуучууд нь тэгж их сонирхохгүй байгаа аж.
Сөүлийн их сургуулиудад англи хэл төгс сурч, найзуудтайгаа америк маягийн орчинд кофе ууж, брэндийн хувцас өмсч, ухаалаг гар утастай харьцдаг залууст интернэтгүй, эрх чөлөөгүй нийгэм тун хол хөндий сонсогдож байгаа. Өмнөд иргэдийн 27,7 хувь нь хоёр улсыг 6-10 жилийн дотор нэгтгэх боломжтой гэж үзэж байна. 22,4 хувь нь 10-20 жил, 18,6 хувь нь 50 жил болно хэмээн үзэж буйг Асаан хүрээлэнгийн судалгаа харуулжээ.

“Арван жилийн дотор гол мөрөн, уул ус ч байрлалаа өөрчилж болно” гэсэн хуучны солонгос зүйр үг байдаг ажээ. Хил хязгаарыг авч хаяхад дахиад ямар нэг зүйл хийх хэрэгтэй ч байж магад. Гэвч бүхний дараа Солонгос нь гайхамшгийн орон болон хувирах эсэхийг хэн, яахан мэдэх билээ.  

No comments:

Post a Comment