Monday, September 30, 2013

Нигерийн оюутнууд элчин сайдын яамаа түйвээжээ

Москва дахь Нигерийн элчин сайдын яамнаас цагдаагийн газарт дуудлага иржээ. Санхүүгийн асуудлаа шийдүүлэхээр элчин сайдын яаман дээрээ ирсэн нигери оюутнууд уулзалтын дараа элчингийн байрыг орхин явахаас татгалзсан аж. Улмаар тэд элчингийн хурлын танхимийн тавилгыг эвдлэн түйвээж, бусад өрөө тасалгааг сүйтгэнэ хэмээн заналхийлсан байна. Оросын цагдаа 16 оюутныг баривчлан хууль дүрэм зөрчсөн хэмээн цагдаагийн хэсэг дээр хүргэжээ. Элчингийн ажилтнууд оюутнуудыг үл ойшоон доромжилж харьцсаны улмаас ийм юм болсон хэмээн үзэж байна.

Америкийн дипломатчдыг хөөжээ

Венесуэлийн эрх баригчид Америкийн гурван дипломатчийг тааламжгүй этгээдээр (persona-non-grata) зарлаж буйг Ерөнхийлөгч Николас Мадуро телевизээр зарлав. Америк дипломатчдыг Венесуэлийн эрчим хүчний сүлжээг доголдуулсан хэрэгт холбоотой хэмээн үзэж байгаа аж. Н.Мадуро “Тэд манай улсыг орхин гарахад 48 цаг үлдээд байна” гээд араас нь “Янки, го хоум” гэж нэмж хэлжээ.
Есдүгээр сарын эхээр Венесуэлийн эрчим хүчний систем доголдож, нийт улс орны 70 хувь нь гэрэл цахилгаангүй болсон юм. Үүнийг сөрөг хүчнийхэн АНУ-ын оролцоотойгоор хийсэн хэмээн Мадуро үзсэн билээ. АНУ Венесуэлийн эрчим хүчний систем, хоол хүнс, түлш шатахууны нийлүүлэлтийг доголдуулж, эрх мэдлийг солих гэж байна хэмээн Каракас үзэж байна.

Хятадын 74 загасчин алга болов

Өмнөд Хятадын тэнгист хүчтэй шуурга дэгдэж, загас агнуурын гурван хөлгийн 74 хүн сураггүй алга болоод байна. Сүйрсэн хэмээн үзэж байгаа гурван хөлөг онгоц бүгд Гуандун мужийн боомтоос загасчлахаар гараад байжээ. Тэд Хайнань арлаас 330 км-ийн зайтай явж байгаад шуурганд өртөн сүйрсэн бололтой.
Цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас аврах ажиллагаанд хүндрэл учирч байна. Хайнань мужийн захиргаанаас зургаан нисэх онгоц, арван аврах завийг ослын бүс рүү илгээжээ. Энэ хар шуурга Вьетнамын төвийн эрэг рүү дөхөж явна.

Хотын дарга ажилтнуудынхаа нүдэн дээр өөрийгөө бууджээ

Мексикийн Сакатекас мужид Тепетонго хотын дарга ажилтнуудынхаа өмнө өөрийгөө буудаж амиа егүүтгэжээ. Карлос Роблес ажил дээрээ ирээд хамгаалалтын ажилтнуудаас өөрийнхөө хувийн гар бууг үзүүлэхийг хүсчээ. Тэрээр буугаа авангуутаа өөрийгөө буудсан байна. Хотын дарга яагаад ийм үйлдэл хийх болсон нь тодорхойгүй. Роблесийн хүү хулгайлагдаад хэдэн жил болсон бөгөөд саяхан золиосны мөнгө төлж хүүгээ суллаж авсан байжээ.

Барьцаалагдсан 70 хүнийг чөлөөлөв

Мексикийн цагдаа Тамаулипас мужийн Рейноса хотод тусгай ажиллагаа явуулж гэмт бүлэглэлүүдэд барьцаалагдаад байсан 70 хүнийг чөлөөлжээ. Мексик, Гондурас, Сальвадор, Гватемал улсын иргэдийг барьцаанаас чөлөөлсний дотор насанд хүрээгүй хэд хэдэн хүүхэд байв. Цагдаа нар гурван хүнийг энэ хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус улсад Төв Америкийн иргэдийг барьцаалж, амь насанд хүрэх нь бараг энгийн үзэгдэл болсон юм. АНУ руу хууль бусаар орох гэж байгаа иргэд Мексикийн мафиудад барьцаалагдах нь их байдаг ажээ. 



АНУ-ын Засгийн газар “хаагдах” найман шалтгаан

Аравдугаар сарын 1-нд төсвийн жил эхлэхээс өмнө Конгресс тохиролцоонд хүрэхгүй байгаагийн улмаас АНУ-ын засаг захиргаа өчигдрөөс эхлэн хаалгаа хэсэгчлэн “бариад байна”. Аравдугаар сарын 17-нд өрийн дээд хязгаарыг дээшлүүлэхэд улс төрийн тохиролцоонд хүрч чадахгүй бол төсвийн санхүүгийн байгууллагууд дампуурлаа зарлаж болохоор болжээ.

-АНУ-ын засаг захиргаа хаагдана гэж юу гэсэн үг вэ?

Холбооны засаг захиргаа ажлаа хэсэгчлэн зогсооно гэсэн үг. Шинэ төсөв батлагдахгүй байгаагийн улмаас төвийн Засгийн газрын үйл ажиллагаа хамгийн бага түвшинд очно. Тээвэр, эрүүл мэнд, боловсрол зэрэг гол үйлчилгээ үргэлжилж, музей, хөшөө дурсгал, цэцэрлэгт хүрээлэн зэрэг чухал шаардлагагүй үйлчилгээ хаагдана. Зогсолтыг сунгавал энэ жагсаалт нэмэгдэх аж.

-Яагаад ийм зүйл болов?

Ардчилагчид болон бүгд найрамдахчууд холбооны төсвийг сунгах тал дээр тохиролцохгүй байгаагийн улмаас ийм нөхцөл байдал үүсч байна. Төлөөлөгчдийн танхимийг хянадаг Бүгд найрамдах нам аравдугаар сарын 1-нээс эхэлж байгаа Б.Обамагийн эрүүл мэндийн шинэчлэлийн бодлогын зардлыг төсвөөс хасах, эсвэл нэг жил хойшлуулах шаардлага тавьж байна. Сенатад олонхийг бүрдүүлдэг Ардчилсан нам Обамагийн Засгийн газрын гол ажлыг зогсоохыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

-Америкуудад ямар үр дагавар учрах вэ? Дэлхий дахинд яаж нөлөөлөх вэ?

Засаг захиргаа хаагдсанаар дундаж америк иргэнд тусах нөлөө бага. Хамгийн их ширвэгдэх хүмүүс нь засаг захиргаатай гэрээтэй ажилладаг хүмүүс. Засаг захиргааны 800 мянга, Пентагонд ажилладаг 400 мянган иргэн гэртээ суух хэрэгтэй болно. Тэдний сул өдрийн цалин, нөхөн төлбөрийг өгөх эсэх нь шийдэгдээгүй байна. Зогсолтын улмаас АНУ-ын эдийн засаг хүндрэхгүй л бол олон улсад нөлөөгүй.

-Засаг захиргаа яагаад дахин дампуурах гээд байна вэ?

-Энэ нь эдийн засгийн бус улс төрийн асуудал юм. Бусад улс оронд өрийн дээд хэмжээг тогтооход парламентын оролцоотойгоор баталдаг бол, АНУ-д Конгресс нь дангаараа баталж, дээд хэмжээг нь тогтоодог. Бүгд найрамдах намын баруун жигүүр болох Tea Party намынхан энэ “дайн”-д ташуур нэмснээр улс төрийн хямрал болон хувираад байна.

-Зардлыг яагаад сайн хянаж, бага түвшинд барьж болоогүй вэ?

АНУ-ын өр уламжлал ёсоор бага түвшинд явж байсан ч Ирак, Афганистаны дайн болон эдийн засгийн хямралын үеийн тусламж, тэтгэлгийн улмаас өр асар ихээр нэмэгджээ. Өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүнтэй тэнцэхүйц хэмжээнд очсон тухай ярьж байна. Тиймээс бүгд найрамдахчууд холбооны төсвийг мэдэгдэхүйц багасгаж, зардал хэмнэхийг шаардаж байгаа. Обама зарим таналтыг хийсэн ч хангалтгүй хэмээн үзэж байна. Аравдугаар сарын 17-нд өрийн хэмжээ 16 наяд 699 тэрбум (16.699.000.000.000) долларт хүрэх ажээ.

-Дампуурал, засаг захиргаа хаагдах хоёр ямар ялгаатай вэ?

Засгийн газар хууль ёсны дагуу зээл авах эрхгүй болвол дампуурлаа зарлаж, төсвийн зардлыг гуравны нэг хүртэл нь багасгах ёстой болно. Засаг захиргаа хаагдахаар болвол шинэ төсөв батлуулж авахгүй ч өрийн хэмжээг нэмж мөнгө зарцуулсаар байж болно. Харин өрийн хэмжээг нэмэх боломжгүй болвол эдийн засагт томоохон “доргилт” үүснэ. Улмаар АНУ-ын эдийн засаг болон баталгаа гаргах чадварт нь муугаар нөлөөлж, дэлхийн эдийн засагт муу үр дагавар учруулах юм.

-2011 оных шиг сүүлчийн мөчид дампуурлаас сэргийлэх үү?

Засаг захиргаа Клинтоны үед буюу 1996 онд хоёр ч удаа хаагдаж байсан ч хэзээ ч дампуурч байсангүй. 2011 оны наймдугаар сард дампуурлын тухай яригдаж байсан ч төсвийг багасгах тал дээр тохиролцоонд хүрснээр мөн л дампуурал болсонгүй. Энэ удаа бүгд найрамдахчууд Обамагийн эрүүл мэндийн шинэчлэлийг унагахыг оролдож байна. Харин Ерөнхийлөгч бууж өгөх бодолгүй байна.

-Олон нийтийн үйлчилгээ зогсвол эмх замбараагүй байдал үүсэх үү?


Одоогоор хэсэгчлэн, түр хаах тухай л ярьж байна. Жирийн иргэнд үзүүлдэг үйлчилгээний ихэнхийг мужийн засаг захиргаанаас үзүүлдэг. Нийтийн үйлчилгээ зогсвол үймээн үүсч, нөхцөл байдал хурцдах магадлалтай.

Sunday, September 29, 2013



Apple Coca-Cola-г гүйцжээ

Дэлхийн хамгийн үнэтэй брэндийн жагсаалтыг Apple компани тэргүүлж, байнгын лидер Coca-Cola-г гүйцлээ хэмээн Interbrand компаниас мэдэгдлээ. Өмнөх жагсаалтыг тэргүүлж байсан Coca-Cola энэ удаа гуравдугаар байрт оржээ.Өнгөрсөн жил дөрөвдүгээрт бичигдэж байсан Google компани хоёрдугаар байрт дэвшлээ. Дэлхийн хамгийн үнэтэй брэндийн эхний аравт Apple, Google, Microsoft, Samsung, Intel зэрэг технологийн таван компани орсон байна. Interbrand-ийн мэргэжилтнүүдийн тооцоолсноор, Apple брэнд 98.3 тэрбум доллараар үнэлэгдэж байгаа аж. Энэ нь 2012 оныхоос 28 хувиар илүү үзүүлэлт юм. Omnicom группт харъяалагддаг Interbrand компани 2000 оноос хойш дэлхийн шилдэг брэндүүдийн жагсаалтыг гаргаж байгаа билээ. Гүйцэтгэх захирал Жез Фрамптоны хэлж буйгаар, Apple компани нэгдүгээр байрт гарч ирэх зөвхөн цаг хугацааны асуудал байжээ. 




Хятадууд газар доор хот байгуулна

Хятадын баруун өмнөд хэсгийн Сычуань мужийн засаг захиргааны нийслэл Чэнду хотод газар доорх орон зайг ашиглах, эзэмших компанийг албан ёсоор байгуулжээ. Хятадын барилгын корпорацийн удирдлага дор энэ компани ажиллах аж. Тус компани Чэнду хот орчимд Хятад дахь анхны газар доорх хотыг байгуулахад бэлэн байгаагаа зарласан байна.
“Чэнду хотын Цзинью дүүрэг дахь Олимпийн цэцэрлэгт хүрээлэнгийн харалдаа газар доор барилгын ажил эхлүүлэх яриа хэлэлцээ ид үргэлжилж байна. Хотуудын газар доорх орон зайг цогц хэлбэрээр ашиглаж, эзэмших үлгэр жишээ төсөл болно хэмээн найдаж байна” хэмээн Хятадын барилгын корпорацийн орлогч захирал Пэн Цянь ярилаа. Тус корпорац Хятадын хотуудын газар доорх орон зайг ашиглах төсөлд ойрын ирээдүйд хэдэн арван тэрбум юань зарцуулахаар төлөвлөжээ. Чэндугаас гадна Шанхай, Сучжоу хотод газар доор хот байгуулахаар сонгож аваад байна.

Энэтхэг, Пакистан хилийн маргаантай асуудлаар хэлэлцээ хийлээ

Энэтхэг, Пакистаны Ерөнхий сайд Манмохан Сингх, Наваз Шариф нар Кашмир дахь маргаантай хил хязгаар дээрх мөргөлдөөнийг багасгах тал дээр тохиролцоонд хүрчээ. Хоёр лидерийн уулзалт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган болсон Нью-Йорк хотод болж, цаг орчим үргэлжлэв. 2010 оноос хойш хоёр улс ийнхүү дээд түвшинд анх удаа шууд уулзалт хэлэлцээ хийлээ. Өмнө нь Ерөнхий сайд хийж байгаад эрх мэдлээсээ хүчээр зайлуулагдан гадаадад цөлөгдөж байсан Наваз Шариф 2010 онд Пакистанд эргэн ирж улс төрийн амьдралд оролцож эхэлсэн юм. Ерөнхий сайд нар ойрын үед харилцан айлчлал хийхээр тохирчээ.

Siemens 15 мянган ажилтнаа хална

Германы Siemens компани 15 мянган ажилтнаа цомхотгохоор болсныг “ВВС” агентлаг уламжиллаа. Энэ нь компанийн нийт ажилтны ердөө дөрвөн хувь нь юм. Германд таван мянга, гадаадад арван мянган ажилтан халагдахаар болжээ. Компанийн орлого багассаны улмаас гүйцэтгэх захирал Петер Лешерийг халах шийдвэр гаргасны дараа ийнхүү дээрх тооны хүмүүсийг цомхотгох шийдвэр гарчээ. Германы Мюнхен, Берлин хотод төвтэй Siemens нь инженерчлэл, электроникийн дэлхийн томоохон компани билээ.

Австрийн сонгуульд эрх баригч эвсэл ялав

Австрид болсон парламентын сонгуульд таамаглаж байснаар эрх эвсэл ялалт байгуулжээ. Урьдчилсан дүнгээр, Эрх баригч эвсэлд багтдаг Социал-демократ нам 26.4, Ардын нам 23.8 хувийн санал авчээ. Эрх чөлөөний нам 22.5, Ногоон нам 11.2 хувийн санал авлаа. Сонгуульд анх удаа оролцож байгаа либерал үзэлтэй Шинэ Австри нам сонгогчдын 4.7 хувийн санал авсан нь хамгийн содон мэдээ болж байна.

Башар Асад: Би Ерөнхийлөгчийн суудлыг орхиход бэлэн, гэхдээ одоо биш


Сирийн Ерөнхийлөгч Башар Асад улс орон дахь нөхцөл байдал сайжирвал албан тушаалаа орхиход бэлэн байгаагаа мэдэгдлээ. “Улс орон дахь нөхцөл байдал сайжирч, дайн самуун зогсвол би Ерөнхийлөгчийн суудлаа орхих болно. Гэвч одоо явж болохгүй байна. Шуургатай байгаа үед хөлөг онгоцыг орхин явж болохгүй. Миний үүрэг бол энэ хөлөг онгоцыг орхилгүйгээр боомтод хүргэх” хэмээн Сирийн лидер ярьсан байна. Сирийн химийн зэвсгийг устгах НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг Дамаск хүндэтгэн биелүүлэх болно хэмээн Б.Асад мэдэгдээд байгаа билээ.


Египетийн Аялал жуулчлалын сайд: Бид хувьсгалаас залхаж байна

Египетэд тасралтгүй өрнөсөөр буй олон хувьсгалын улмаас тус улсад айлчилдаг жуулчдын тоо эрс багасчээ. Экс Ерөнхийлөгч Мохамед Мурсийг эсэргүүцэгчид болон дэжигчдийн хооронд мөргөлдөөн үүссэнээс хойш өнгөрсөн наймдугаар сард жуулчдын урсгал 45 хувиар багасчээ. Тэгвэл сүүлийн хоёр долоо хоногт бүр 70 хувиар багасаад байна. Египетийн Аялал жуулчлалын сайд Хишам Зазу ярьж байна.

-Египетэд үргэлжилсээр буй мөргөлдөөн, хямралын улмаас олон хүн тийшээ хийх аялалаасаа татгалзаж байна. Нөхцөл байдал ямар байна вэ?

-Наймдугаар сарыг бодвол нөхцөл байдал харьцангүй тайван болоод байна л даа. Гэхдээ эсэргүүцлийн жагсаал болж буй газрууд байж л байна. Хэдийгээр жагсаал, мөргөлдөөн аялал жуулчлалын бүсээс хол байгаа ч энэ салбарт сөргөөр нөлөөлсөөр байна.

-Зарим жагсаал цуглаан террорист заналхийлэл дагуулж байна. Суэцийн сувагт болсон дэлбэрэлт, Синайн хойгт босогчид идэвхжсэн г.м. Засгийн газар аюулгүй байдлыг хэрхэн хангаж байна вэ?

-Армийнхан босогчдыг устгах зорилгоор Синайн хойд хэсэгт томоохон ажиллагаа явуулж байна. Мөн манай тагнуул, нууц албаныхан улс орон даяар террорист сүлжээнүүдийг амжилттай илрүүлэн устгаж байна. Сүүлийн гурван жилд босогчдын үйл ажиллагааны улмаас жуулчдын амь нас үрэгдээгүй. Шинэ Засгийн газар аюулгүй байдлыг чангатгаж, жуулчдыг эргүүлэн татаж, аялал жуулчлалын орлогыг сэргээхээр ажиллаж байна.

-Египетийн аялал жуулчлал сүүлийн үед ямар хохирол амсаад байна вэ?

-2012 онд аялал жуулчлалаас улсын төсөвт ердөө арван тэрбум доллар орсон. Хувьсгалаас өмнөх буюу 2010 онд жуулчид манай улсад 12.5 тэрбум долларын орлого оруулж байлаа. Хувьсгал, үймээн самууны улмаас олон жуулчин Египетэд хийх гэж байсан аялалаа цуцалсан. Аялал жуулчлал бол манай улсын нийт эдийн засгийн 11.5 хувийг бүрдүүлдэг том салбар. Суэцийн сувгаас гэхэд л жилд 4-5 тэрбум долларын орлого ордог гээд бод доо. Аялал жуулчлалын салбар дөрвөн сая хүнийг ажлын байраар хангадаг. Египетийн 80 сая хүний 16 сая нь аялал жуулчлалаас хоолоо олж иддэг юм.

-Одоо Каир хот болон пирамид руу аялахад аюулгүй юу?

-Зарим компани тийшээ жуулчид явуулаад эхэлчихсэн байна. Ямар ч асуудал гараагүй байна. Гэхдээ тийшээ аялахгүй байхыг анхааруулж байгаа Засгийн газруудыг буруутгах аргагүй.

-Египетэд ойрын үед дахин хувьсгал гарахгүй гэсэн баталгаа байна уу?

-Египет орон хувьсгалаас залхаад байна. Хүмүүс энгийн амьдрал, ажил алба  хүсч байна. Бурууг засч залруулах үйл явц өрнөсөөр. Мохамед Мурсийг дэмжиж буй 2-3 сая хүн байна. Үлдсэн хэсэг нь одоогийн нөхцөл байдлыг дэмжиж байгаа юм. Одоо Египетэд гудамжны мөргөлдөөн бус, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт хэрэгтэй байна.