Wednesday, January 10, 2018

“Anfield Road” шүтээнийг бүтээгч Билл Шанкли

Хувцас солих өрөөнөөс талбай руу гарахаар шатаар явахад "This is Anfield" гэсэн бичигтэй самбар байдаг. “Anfield”-д тоглохоор ирсэн “Ливерпүүл” болон өрсөлдөгч багийн хөлбөмбөгчид ийнхүү хаана тоглох гэж буй, цэнгэлдэхэд ямар фэнүүд хүлээж байгааг санаж, мэдэрдэг юм. “Ливерпүүл”-ийг анх хөл дээр нь босгож, аугаа клуб болгож чадсан шотланд үндэстэн Билл Шанкли “Хөлбөмбөгийн ариун талбай-шүтээн хөлбөмбөгчдийн дээр заларч байх ёстойг хэн ч мартах учиргүй” хэмээгээд тэрхүү уриаг хадахыг тушаасан гэдэг. Клубын алдрын доор байгаа домгийн шувуутай бамбай тэрхүү ариун шүтээн болсон талбайг хамгаалж байдаг билээ. Гагцхүү Шанкли л Копуудын багаа гэсэн сэтгэл зүрхийг шашин мэт ариун итгэл үнэмшил, хувиршгүй үнэнч сэтгэл болгож чадсан юм. Тэрээр байхгүй болоод гурван арван өнгөрсөн ч Их Британид түүнийг бүх цаг үеийн хамгийн шилдэг дасгалжуулагч гэж дурссан хэвээр.
“Anfield Road-ын гадна ялалтыг билэгдэн гараа алдалж, нүүрэндээ инээмсэглэл тодруулсан нэгэн эрийн хөшөө бий. Түүний хөл доор "He made the people happy" гэж бичсэнийг уншиж болно. Билл Шанкли хөлбөмбөгийн клубынхээ хувьд мартагдаж “алга болоод” байсан “Ливерпүүл”-ийг ангалаас татан гаргаж, дэлхийн хамгийн том, нэр нь дуурсгалтай клубын нэг болгох анхны үрийг цацсанаараа дүр төрхөө мөнхөлж чадсан билээ. Хөлбөмбөг бол түүний хувьд амьдрал, эсвэл үхэл ч бус, харин эдгээрээс хавьгүй чанад оршдог гайхалтай төсөөлөл, мөрөөдлийн ертөнц мэт зүйл байлаа. Тэрээр энэ л агуу итгэл, сэтгэлээрээ 1959 онд “Ливерпүүл”-д ирснээсээ хойш тус клубын хэцүүхэн хувь заяаг эргүүлж эхэлсэн юм.
Тэрээр товч бөгөөд тодорхой, хатуу, зарчимч арга барилтай дасгалжуулагч байсан. Цөөн үгтэй, эрмэлзэл ихтэй, нэр төрөө шууд л тунхаглаж чаддаг. Түүний хөндий, зэвүүн ч гэмээр зан байдал хэцүү, тарчиг амьдралд өссөн хүүхэд настай нь холбоотой байж болох. Глазгогоос өмнө зүгт орших Гленбук хэмээх Шотландын жижигхэн тосгонд мэндэлсэн Билл хөвгүүн 14 хүрэхдээ сургуулиа хаяж нүүрсний уурхайд ажилчнаар оржээ. Ажлын завсарлагаар хөлбөмбөг тоглон бараан амьдралаа түр ч атугай мартагнаж байхдаа “Хөлбөмбөг надад илүү тухтай амьдралыг өгөх юм байна” гэдгийг ойлгосноор хөлбөмбөгийн хүн болох эхлэл нь тавигдсан гэдэг. Түүний арван ах дүүгийн тав нь хөлбөмбөгтэй амьдралаа холбосон юм.
Билл Шанкли дэлхийн II дайны үед тоглогчийн хувиар хэд хэдэн багт хүчин зүтгэж амжсаны дотор “Ливерпүүл” байсан. Дараа нь “Ливерпүүл”-ийг удирдаж (1959–1974) гайхамшигтай амжилт үзүүлж Британи төдийгүй дэлхий даяар цуурайтаж явахад Эмилин Хюьз, Жон Тошак, Кевин Киган, Рай Клеменс (хаалгач) нар багийн гол амин сүнс нь байсан билээ. 2011-2012 онд Мерсисайдын домогт клубын жолоог гартаа атгасан King Kenny 1977 онд нутгийн ах Билл Шанклигийн (Кенни Далглиш бас шотланд үндэстэн) босгосон агуу багт тоглогчоор ирж, тус багийн түүхэн амжилтын буухианы хоёрдугаар хуудсыг нээсэн юм.
“Carlisle United”, “Preston North End”, болон “Northampton Town”, “Liverpool”, “Arsenal”, “Cardiff City”, “Bolton Wanderers”, “Luton Town”, “Partick Thistle”, ”King's Park” тоглоод амжсан Шанкли бөмбөг эзэмшилт, техник сайтай, зоригтой тоглогч байсан. Даруухан багуудад тоглож байсан ч Шотландын шигшээд багтаж хэд хэдэн тоглолтод оролцжээ. Билл Шанклигийн ид гялалзах ёстой хамаг залуу нас дэлхийн II дайнтай давхацсан юм. Дэлхийн II дайнд чухал үүрэгтэй оролцож байсан Их Британи хөлбөмбөгийн уралдаан тэмцээнээ хаахаас өөр аргагүй болсон билээ. Тэгээгүй бол Шанкли тоглогчийнхоо хувьд цойлж гарах нэгэн байсан гэдгийг мэргэжилтнүүд санал нэгтэй хүлээн зөвшөөрдөг. Багт, багийн тоглолтод нөлөөлөх онцгой авъяас чадвар нь анхнаасаа л харагддаг байжээ. Тухайн үед Шанклийг таньж, мэддэг байсан хүмүүс түүнийг гайхалтай сайн дасгалжуулагч болно гэдгийг шууд л хэлдэг байсан гэдэг.
Дасгалжуулагчаар ажиллах анхны боломж 1949 онд гарч ирж, хамгийн сүүлд тоглож байсан “Карлайл” багаа удирдан тоглолтод оролцуулах болов. Дараа нь “Гримсли Таун” (1951-54), тэгээд “Хаддерсфилд Таун”-ыг (1956-59) дасгалжууллаа. Энэ хоёрын алинтай нь ч хоёрдугаар лигийн 12-р байрнаас дээшилж чадаагүй юм. Гэсэн хэдий ч шийдвэр гаргах, нөлөөтэй дуугарах, шинэ авъяаслаг тоглогчдыг зоригтой гаргаж ирэх тал дээр бүхний хүндэтгэлийг хүлээсэн нэгэн байв.
1959 оны арваннэгдүгээр сарын нэгэн орой Билл Шанкли нэгэн тоглолт дуусгаад гарч ирэхэд түүнийг хоёр хүн хүлээж байлаа. Тэд бол “Ливерпүүл” клубын эзэн, спортын албаны дарга Том Уильямс, Харри Латэм нар байсан юм. “Та Английн шилдэг багийг дасгалжуулахдаа дуртай байхсан болов уу?” гэж тэд Шанклигээс асуухад тэрээр шууд л “Яагаад үгүй гэж?” хэмээн хариулсан гэдэг. Магадгүй тэрээр “Ливерпүүл”-ийг дасгалжуулахыг хүсдэг, гэхдээ үүнийгээ ил тод ярьдаггүй байсан, тэгээд тус багаас санал тавихад шууд зөвшөөрсөн хэмээн Рай Клеменс дурсан ярьж байв.   
Амжилт шууд л ирлээ. Шанкли “Ливерпүүл”-д ирсэн анхныхаа жилд багаа First Division(одоогийн Premier League) буцааж авчирчээ. Залгуулаад лигийн гурав, FA Cup-ийн хоёр, UEFA-гийн нэг түрүү авлаа. Мерсисайдын агуу клубын үндэс суурь нь хөлнөөс хөлний хооронд эргэлдэх passing game-ийн сэтгэл татам тоглолт дээр сууж өгсөн юм. “Ливерпүүл” ийнхүү олон түрүүтэй болсноор Шанклигийн үг жаахан дээрэнгүй, тэр тусмаа хөршөө даапаалах маягтай болсон гэдэг. “Надад хийх юм байхгүй бол би “Эвертон” хүснэгтийн доор явж байгааг хардаг” хэмээн хэлдэг байв.
1974 онд дасгалжуулагчийн ажлаа орхив. Энэ нь түүний амьдралын хамгийн том алдаа байсныг тэрээр дараа нь хүлээн зөвшөөрсөн юм. Шанкли “Ливерпүүл”-ээс явахдаа ямар нэг хүндэт албан тушаалтай үлдэж, багтайгаа холбоотой байна гэж боджээ. Гэвч тэгсэнгүй. Харин ч эсрэгээрээ болж, копуудын хайрыг хязгааргүйгээр татдаг түүнийг клубын эзэд “Яах нь вэ” гэж хардсан аж. Шанкли “чөлөөнд гарсан” эхнийхээ жилд бэлтгэлийн бааз дээр очиж багийнхаа бэлтгэлийг ажигладаг байв. Тэр үед бэлтгэлийг хэний ч өмнө, хаалгаа нээлттэй хийдэг байсан. Гэвч хуучин дасгалжуулагчийн ирэлт шинэ дасгалжуулагч Боб Пейслиг “сүүдэртүүлэх” болсон тул Пейсли түүнийг бэлтгэл дээр дахиж ирэхгүй байхыг хүсчээ. “Энэ бол миний баг, надад хийх шинэ зүйл байна” хэмээн Боб Пейсли учирласан байна. Боб ч багаа ч гайхалтай удирдаж лигийн зургаа, Европын гурван (Аваргуудын лиг) түрүүг авчирсан юм.
Аугаа Шанкли 1981 оны есдүгээр сарын 29-нд хорвоог орхижээ. Архаг тамхичин байсан нь түүний зүрхийг муутгаж орхисон юм. Түүний үхэл Ливерпүүл хотыг тэр чигт нь долгилуулж, хөлбөмбөгийн сэтгэл хөдөлгөм гэрээслэлийг үлдээсэн билээ. “Ливерпүүл” клубыг ивээн тэтгэгч Carlsberg компани 1997 онд Копуудад зориулж домогт дасгалжуулагч Билл Шанклигийн хүрэл хөшөөг “Anfield” цэнгэлдэхийн гадаа босгожээ. Гараа алдлан инээмсэглэх Билл Шанкли “Ливерпүүл” клуб болон үнэнч Копуудыг үргэлж ялалт, амжилтад уриалан дуудаж байдаг билээ. Хөлбөмбөгийн жирийн нэгэн клубыг дэлхийн томоохон, аварга клубүүдын эгнээнд авчирсан нь хөлбөмбөгийн нэгэн гайхамшиг хэмээн тэмдэглэгдэж үлдсэн юм.


No comments:

Post a Comment