Wednesday, January 10, 2018

“Anfield Road” шүтээнийг бүтээгч Билл Шанкли

Хувцас солих өрөөнөөс талбай руу гарахаар шатаар явахад "This is Anfield" гэсэн бичигтэй самбар байдаг. “Anfield”-д тоглохоор ирсэн “Ливерпүүл” болон өрсөлдөгч багийн хөлбөмбөгчид ийнхүү хаана тоглох гэж буй, цэнгэлдэхэд ямар фэнүүд хүлээж байгааг санаж, мэдэрдэг юм. “Ливерпүүл”-ийг анх хөл дээр нь босгож, аугаа клуб болгож чадсан шотланд үндэстэн Билл Шанкли “Хөлбөмбөгийн ариун талбай-шүтээн хөлбөмбөгчдийн дээр заларч байх ёстойг хэн ч мартах учиргүй” хэмээгээд тэрхүү уриаг хадахыг тушаасан гэдэг. Клубын алдрын доор байгаа домгийн шувуутай бамбай тэрхүү ариун шүтээн болсон талбайг хамгаалж байдаг билээ. Гагцхүү Шанкли л Копуудын багаа гэсэн сэтгэл зүрхийг шашин мэт ариун итгэл үнэмшил, хувиршгүй үнэнч сэтгэл болгож чадсан юм. Тэрээр байхгүй болоод гурван арван өнгөрсөн ч Их Британид түүнийг бүх цаг үеийн хамгийн шилдэг дасгалжуулагч гэж дурссан хэвээр.
“Anfield Road-ын гадна ялалтыг билэгдэн гараа алдалж, нүүрэндээ инээмсэглэл тодруулсан нэгэн эрийн хөшөө бий. Түүний хөл доор "He made the people happy" гэж бичсэнийг уншиж болно. Билл Шанкли хөлбөмбөгийн клубынхээ хувьд мартагдаж “алга болоод” байсан “Ливерпүүл”-ийг ангалаас татан гаргаж, дэлхийн хамгийн том, нэр нь дуурсгалтай клубын нэг болгох анхны үрийг цацсанаараа дүр төрхөө мөнхөлж чадсан билээ. Хөлбөмбөг бол түүний хувьд амьдрал, эсвэл үхэл ч бус, харин эдгээрээс хавьгүй чанад оршдог гайхалтай төсөөлөл, мөрөөдлийн ертөнц мэт зүйл байлаа. Тэрээр энэ л агуу итгэл, сэтгэлээрээ 1959 онд “Ливерпүүл”-д ирснээсээ хойш тус клубын хэцүүхэн хувь заяаг эргүүлж эхэлсэн юм.
Тэрээр товч бөгөөд тодорхой, хатуу, зарчимч арга барилтай дасгалжуулагч байсан. Цөөн үгтэй, эрмэлзэл ихтэй, нэр төрөө шууд л тунхаглаж чаддаг. Түүний хөндий, зэвүүн ч гэмээр зан байдал хэцүү, тарчиг амьдралд өссөн хүүхэд настай нь холбоотой байж болох. Глазгогоос өмнө зүгт орших Гленбук хэмээх Шотландын жижигхэн тосгонд мэндэлсэн Билл хөвгүүн 14 хүрэхдээ сургуулиа хаяж нүүрсний уурхайд ажилчнаар оржээ. Ажлын завсарлагаар хөлбөмбөг тоглон бараан амьдралаа түр ч атугай мартагнаж байхдаа “Хөлбөмбөг надад илүү тухтай амьдралыг өгөх юм байна” гэдгийг ойлгосноор хөлбөмбөгийн хүн болох эхлэл нь тавигдсан гэдэг. Түүний арван ах дүүгийн тав нь хөлбөмбөгтэй амьдралаа холбосон юм.
Билл Шанкли дэлхийн II дайны үед тоглогчийн хувиар хэд хэдэн багт хүчин зүтгэж амжсаны дотор “Ливерпүүл” байсан. Дараа нь “Ливерпүүл”-ийг удирдаж (1959–1974) гайхамшигтай амжилт үзүүлж Британи төдийгүй дэлхий даяар цуурайтаж явахад Эмилин Хюьз, Жон Тошак, Кевин Киган, Рай Клеменс (хаалгач) нар багийн гол амин сүнс нь байсан билээ. 2011-2012 онд Мерсисайдын домогт клубын жолоог гартаа атгасан King Kenny 1977 онд нутгийн ах Билл Шанклигийн (Кенни Далглиш бас шотланд үндэстэн) босгосон агуу багт тоглогчоор ирж, тус багийн түүхэн амжилтын буухианы хоёрдугаар хуудсыг нээсэн юм.
“Carlisle United”, “Preston North End”, болон “Northampton Town”, “Liverpool”, “Arsenal”, “Cardiff City”, “Bolton Wanderers”, “Luton Town”, “Partick Thistle”, ”King's Park” тоглоод амжсан Шанкли бөмбөг эзэмшилт, техник сайтай, зоригтой тоглогч байсан. Даруухан багуудад тоглож байсан ч Шотландын шигшээд багтаж хэд хэдэн тоглолтод оролцжээ. Билл Шанклигийн ид гялалзах ёстой хамаг залуу нас дэлхийн II дайнтай давхацсан юм. Дэлхийн II дайнд чухал үүрэгтэй оролцож байсан Их Британи хөлбөмбөгийн уралдаан тэмцээнээ хаахаас өөр аргагүй болсон билээ. Тэгээгүй бол Шанкли тоглогчийнхоо хувьд цойлж гарах нэгэн байсан гэдгийг мэргэжилтнүүд санал нэгтэй хүлээн зөвшөөрдөг. Багт, багийн тоглолтод нөлөөлөх онцгой авъяас чадвар нь анхнаасаа л харагддаг байжээ. Тухайн үед Шанклийг таньж, мэддэг байсан хүмүүс түүнийг гайхалтай сайн дасгалжуулагч болно гэдгийг шууд л хэлдэг байсан гэдэг.
Дасгалжуулагчаар ажиллах анхны боломж 1949 онд гарч ирж, хамгийн сүүлд тоглож байсан “Карлайл” багаа удирдан тоглолтод оролцуулах болов. Дараа нь “Гримсли Таун” (1951-54), тэгээд “Хаддерсфилд Таун”-ыг (1956-59) дасгалжууллаа. Энэ хоёрын алинтай нь ч хоёрдугаар лигийн 12-р байрнаас дээшилж чадаагүй юм. Гэсэн хэдий ч шийдвэр гаргах, нөлөөтэй дуугарах, шинэ авъяаслаг тоглогчдыг зоригтой гаргаж ирэх тал дээр бүхний хүндэтгэлийг хүлээсэн нэгэн байв.
1959 оны арваннэгдүгээр сарын нэгэн орой Билл Шанкли нэгэн тоглолт дуусгаад гарч ирэхэд түүнийг хоёр хүн хүлээж байлаа. Тэд бол “Ливерпүүл” клубын эзэн, спортын албаны дарга Том Уильямс, Харри Латэм нар байсан юм. “Та Английн шилдэг багийг дасгалжуулахдаа дуртай байхсан болов уу?” гэж тэд Шанклигээс асуухад тэрээр шууд л “Яагаад үгүй гэж?” хэмээн хариулсан гэдэг. Магадгүй тэрээр “Ливерпүүл”-ийг дасгалжуулахыг хүсдэг, гэхдээ үүнийгээ ил тод ярьдаггүй байсан, тэгээд тус багаас санал тавихад шууд зөвшөөрсөн хэмээн Рай Клеменс дурсан ярьж байв.   
Амжилт шууд л ирлээ. Шанкли “Ливерпүүл”-д ирсэн анхныхаа жилд багаа First Division(одоогийн Premier League) буцааж авчирчээ. Залгуулаад лигийн гурав, FA Cup-ийн хоёр, UEFA-гийн нэг түрүү авлаа. Мерсисайдын агуу клубын үндэс суурь нь хөлнөөс хөлний хооронд эргэлдэх passing game-ийн сэтгэл татам тоглолт дээр сууж өгсөн юм. “Ливерпүүл” ийнхүү олон түрүүтэй болсноор Шанклигийн үг жаахан дээрэнгүй, тэр тусмаа хөршөө даапаалах маягтай болсон гэдэг. “Надад хийх юм байхгүй бол би “Эвертон” хүснэгтийн доор явж байгааг хардаг” хэмээн хэлдэг байв.
1974 онд дасгалжуулагчийн ажлаа орхив. Энэ нь түүний амьдралын хамгийн том алдаа байсныг тэрээр дараа нь хүлээн зөвшөөрсөн юм. Шанкли “Ливерпүүл”-ээс явахдаа ямар нэг хүндэт албан тушаалтай үлдэж, багтайгаа холбоотой байна гэж боджээ. Гэвч тэгсэнгүй. Харин ч эсрэгээрээ болж, копуудын хайрыг хязгааргүйгээр татдаг түүнийг клубын эзэд “Яах нь вэ” гэж хардсан аж. Шанкли “чөлөөнд гарсан” эхнийхээ жилд бэлтгэлийн бааз дээр очиж багийнхаа бэлтгэлийг ажигладаг байв. Тэр үед бэлтгэлийг хэний ч өмнө, хаалгаа нээлттэй хийдэг байсан. Гэвч хуучин дасгалжуулагчийн ирэлт шинэ дасгалжуулагч Боб Пейслиг “сүүдэртүүлэх” болсон тул Пейсли түүнийг бэлтгэл дээр дахиж ирэхгүй байхыг хүсчээ. “Энэ бол миний баг, надад хийх шинэ зүйл байна” хэмээн Боб Пейсли учирласан байна. Боб ч багаа ч гайхалтай удирдаж лигийн зургаа, Европын гурван (Аваргуудын лиг) түрүүг авчирсан юм.
Аугаа Шанкли 1981 оны есдүгээр сарын 29-нд хорвоог орхижээ. Архаг тамхичин байсан нь түүний зүрхийг муутгаж орхисон юм. Түүний үхэл Ливерпүүл хотыг тэр чигт нь долгилуулж, хөлбөмбөгийн сэтгэл хөдөлгөм гэрээслэлийг үлдээсэн билээ. “Ливерпүүл” клубыг ивээн тэтгэгч Carlsberg компани 1997 онд Копуудад зориулж домогт дасгалжуулагч Билл Шанклигийн хүрэл хөшөөг “Anfield” цэнгэлдэхийн гадаа босгожээ. Гараа алдлан инээмсэглэх Билл Шанкли “Ливерпүүл” клуб болон үнэнч Копуудыг үргэлж ялалт, амжилтад уриалан дуудаж байдаг билээ. Хөлбөмбөгийн жирийн нэгэн клубыг дэлхийн томоохон, аварга клубүүдын эгнээнд авчирсан нь хөлбөмбөгийн нэгэн гайхамшиг хэмээн тэмдэглэгдэж үлдсэн юм.


Tuesday, January 2, 2018

You’ll never walk alone дууны түүх

You'll never walk alone” буюу “Чи хэзээ ч ганцаараа алхахгүй” дууны аяыг хөгжмийн зохиолч Ричард Рожерс , үгийг нь дуурийн жүжгийн зохиолч Оскар Хаммерштейн бичиж, анх 1945 онд Carousel дуулалт жүжиг дээр эгшиглүүлэн олны хүртээл болгосон аж. Америкийн уугуул Рожерс, Хаммерштейн нар 1940-50 он буюу дуулалт жүжгийн (мюзикл) театрын “Алтан үе”-д алдарт Бродвейн мюзикл театрыг үндэслэсэн хүмүүс юм.
1960-аад онд Английн хөлбөмбөгийн “Ливерпүүл” клуб энэ дууг цэнгэлдэхэд тоглолтын өмнө бөөнөөрөө дуулдаг сүлд дуу болгон сонгож авсны дараа өөр олон клуб мөн сүлд дуугаа болгожээ.
You'll never walk alone” дуу Carousel-д тоглогдсоноос гадна Фрэнк Синатра, Gerry & the Pacemakers хамтлаг, Элвис Пресли, Дорис Дэй зэрэг олон алдартнууд дуулж, студид бичүүлсэн байна. Америкийн Concert for America, Лондоны Royal Albert Hall, Hyde Park, Salford, Greater Manchester, Hillsborough Castle, Хойд Ирландын Caird Hall, Шотландын Dundee гээд бараг бүх л алдартай театр, задгай талбайд энэ дуу цууриатаж байсан юм.
Их Британид төдийгүй дэлхий даяар энэ дууг хамгийн их алдаршуулсан хамтлаг нь Merseybeat стилээр тоглодог Ливерпүүлийн Gerry and the Pacemakers хамтлаг юм. Merseybeat стилийг домогт Жон Ленноны ангийн анд Билл Харри бий болгосон гэдэг.

Gerry and The Pacemakers хамтлагийг үүсгэн байгуулагч, Liverpool FC-ийн “час улаан” фэн Жерри Марсден 1963 онд энэ дууг дуулж бичүүлсэн нь Анфилд дахь тоглолт бүрийн өмнө эгшиглэж, копайтуудын сэтгэл зүрхийг хөглөсөөр байгаа билээ. Тухайн үедээ Жерригийн “You’ll never walk alone” Британийн шилдэг дууны жагсаалтыг дөрвөн долоо хоногийн турш тэргүүлж байжээ.
Энэ дуу тэр даруйдаа Английн хамгийн суутай Ливерпүүл хөлбөмбөгийн клубын сүлд дуу болон хувирч клуб болон үнэнч хөгжөөн дэмжигчдийнх нь салшгүй нэгэн хэсэг болсон юм. “You’ll never walk alone” хэмээх үг Мерсисайдын агуу клубын гэр болсон Анфилд цэнгэлдэхийн Shankly Gate хаалга болон сүлдэн дээр байраа эзэлсэн билээ.
Жерри Марсден 1963 оны зун Ливерпүүлийн дасгалжуулагч Билл Шанклид бичүүлэх гэж буй дууныхаа талаар ярьж танилцуулсан хэмээн бидний хайртай клубт 1965-1977 онд тоглож, ахлагчийн туузыг нь ч зүүж явсан Томми Смит дурсан ярьсан байдаг. Дашрамд сонирхуулахад, домогт Шанкли уян хатан, ухаалаг тоглолтоороо бүхнийг бишрүүлсэн энэхүү хамгаалагчийг “Тэр бол төрсөн биш, нухлагдаж, шигшигдэж гарч ирсэн тоглогч” хэмээн тодорхойлж байв.
“Шанкли тэр дууг сонсоод шууд л дуу алдан биширсэн. Ингээд л тэр даруйдаа энэ дуу манай клубын сүлд дуу болсон доо. Бидний тоглолтыг дагаж явдаг спортын сэтгүүлчид Ливерпүүл клуб Жерри Марсдений дууг клубынхээ сүлд дуу болгосны дараа тоглолтод нь ямар их нөлөө үзүүлж байгаа талаар уралдан бичдэг байсансан” хэмээн Томми Смит ярьсан удаатай. Дараа нь “You'll Never Walk Alone” Top-chart.-аас алга болсон ч копайтууд дуулсаар ирсэн ажээ. Мэндэлсэн цагаасаа хойш бараг хагас зууны турш мартагдалгүй эгшиглэж, үнэнч копайтууд төдийгүй бусдыг ч “ирлэн хурцалж”, зоригжуулсаар ирсэн хуруу дарам цөөхөн дууны нэг нь яахын аргагүй “When you walk through a storm .......... юм. Ливерпүүлийн фэнүүд хамгийн шилдэг, хамгийн үнэнч, хамгийн их дуулдаг хэмээх алдрыг хүртэхэд энэ дууны нөлөө их байсан нь ойлгомжтой.
Дараагаар нь энэ дууг Шотландын Селтик, Голландын Фейенорд, Твенте, Гамбуур, Германы Боруссиа Дортмунд, Кайзерслаутерн, Боруссиа Мюнхенгладбах, Алеманиа Аахен, Сент Паули, Дармстад, Японы FC Tokyo клубууд сүлд дуугаа болгожээ.
Алдарт Pink Floyd 1971 онд гаргасан Fearless цомогтоо “You’ll never walk alone”-ийг багтааж байв. 1985 онд Брэдфорд хотын Valley Parade цэнгэлдэхэд лигийн тоглолтын үеэр гал гарч 56 хөгжөөн дэмжигч амиа алдсан. Тэдний дурсгалыг хүндэтгэсэн олон нийт “You'll Never Walk Alone”-ийг дуулахад Жерри Марсден, Пол Маккартни, Ролф Харрис нар дунд нь байсан юм. Хэдэн жилийн дараа Испанийн олимпийн хорооны ерөнхийлөгч Алехандро Бланко Анфилдэд “You'll Never Walk Alone”-г сонссоныхоо дараа “Ийм гоё үгтэй сүлд дуу сонсоод өөрийн эрхгүй дотор нь орчих шиг боллоо. Испаниуд бид төрийн сүлд дууллаа үгтэй болгох хэрэгтэйг ойлголоо” хэмээн өчжээ.
2009 оны арваннэгдүгээр сарын 15-нд Хановер клубын цэнгэлдэхэд харамсалтайгаар хорвоог орхисон залуу хаалгач Роберт Энкег (Германы шигшээд дуудагдаж явсан) амарлингуйн замд нь үдэх ёслол болоход 17 настай сурагч бүсгүй Алина Шмидт “You'll Never Walk Alone”-ийг дуулжээ.
2012 оны есдүгээр сард Хилсборогийн хэргийг шалгах хараат бус комиссын дүгнэлт гарсны дараа “You'll Never Walk Alone” Британийн шилдэг дууны жагсаалтад дахин орж ирсэн байна. 1989 оны дөрөвдүгээр сарын 15-нд Шеффилд хотын цэнгэлдэхэд амиа алдсан Ливерпүүлийн 96 үнэнч хөгжөөн дэмжигчийн 41-ийнх нь амийг аврах боломжтой байсан, эрх баригчид өөрсдийгөө “цэвэр үлдээж”, энэхүү эмгэнэлт явдалд зөвхөн хөгжөөн дэмжигчид буруутай хэмээн харагдуулахын тулд цагдаа нарын мэдүүлгийг өөрчилж байсан нь тодорхой болсон билээ. 2012 оны есдүгээр сард iTunes-ээс хамгийн их татагдсан дуугаар Жерри Марсдений дуулсан “You’ll never walk alone” тодорчээ. Марсден iTune-ээс татагдсан дууныхаа бүх орлогыг Хилсборогийн буяны санд хандивлах шийдвэр гаргасан нь бүх британичууд, копайтуудын сэтгэлийг хөдөлгөсөн юм. Жерри Марсдений дээрх шийдвэрийг Ливерпүүл хотын экс дарга, Ливерпүүлийн парламентын гишүүн Стив Ротерам “Агуу үйлс, агуу хүн” хэмээн тодорхойлжээ. 2012 оны есдүгээр сарын 16-нд “You’ll never walk alone” дуу UK Singles Chart-д 12-р байранд орж ирж, 24-хөн цагийн дотор 28 мянган удаа татагдаж (зарагдаж) байсан аж.

Хилсборогийн дурсгалыг хүндэтгэх 20 жилийн ойн арга хэмжээ Анфилдэд болоход Жерри Марсден хүүтэйгээ гарч ирж “You’ll never walk alone”-ийг дуулаад дуусахдаа уйлж байсан юм. Бидний хайртай Ливерпүүл клубыг үргэлж ялалт, амжилтад уриалан дуудаж байдаг, копуудын сэтгэл зүрхэнд хоногшсон сүлд дууг амилуулсан Жерри Марсденд талархаад талархаад ханашгүй. You’ll never walk alone!