Monday, July 4, 2016



Исландын хөлбөмбөгчдийг эх оронд нь баатрын ёсоор угтаж авчээ

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийн шөвгийн наймд үлдэж томоохон шуугиан дэгдээсэн Исландын хөлбөмбөгийн шигшээ баг эх орондоо буцаж ирэхэд нийслэл Рейкьявик хотын төвд арваад мянган хүн цугларч баяр хүргэлээ. Тоглогчид задгай автобусанд сууж хотыг тойрсон юм. Исландын хөлбөмбөгийн шигшээ баг Европын аваргын тэмцээнд анх удаа оролцохдоо хэсгээсээ гарч, шөвгийн 16-д хүчирхэг Английн шигшээ багийг хожоод шөвгийн дөрөвт Францын багт хожигдсон билээ. Исланд нь ердөө 329 мянган хүн амтай, шигшээ багийн тоглогчид нь хагас мэргэжлийн, дасгалжуулагч нь гэхэд шүдний эмч хүн ажээ.

Медина дахь лалын сүмийн гадаа дэлбэрэлт болжээ

Саудын Арабын Медина хот дахь лалын сүмийн гадаа амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлж таван хамгаалагчийн аминд хүрчээ. Нар жаргаж, сүсэгтнүүд мөргөлөө эхэлж байх үед дэлбэрэлт болжээ. Нэг этгээд мүсийн урд талын автомашины зогсоол дээр машинтайгаа ирээд шууд дэлбэлсэн байна. Лалын шашны зүтгэлтэн Масжид Набавийн бунхан байдаг Мединагийн сүм нь Меккагийн дараа орох лалын шашны чухал сүм юм. Хамгаалагч нар тэрхүү автомашиныг сэжиглэн шалгах гэж байхад тэр этгээд тэсрэх бөмбөгөө ажиллагаанд оруулсан бололтой. Үүний өмнө Саудын Арабын Жидда хот дахь сүмд, Америкийн консулын газраас холгүй дэлбэрэлт болж хамгаалалтын хоёр ажилтан өртсөн юм. Медина хотод болсон алан хядах ажиллагаа лалын Рамадан баярын үеэр болсон нь дэлхийн лал шашинтнуудын эгдүүцлийг хүргэжээ. “Исламын улс” бүлэг энэ халдлагыг зохион байгуулсан аж.

Египетийн экс Ерөнхийлөгчийг террористуудын жагсаалтад оруулав

Каир хотын эрүүгийн хэргийн шүүх экс Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг террористуудын жагсаалтад орууллаа хэмээн Anadolu агентлаг мэдээлэв. Мурсигаас гадна “Лалын ахан дүүс” хөдөлгөөний өндөр тушаалын 35 гишүүнийг шүүхийн шийдвэрээр дээрх жагсаалтад оруулсан байна. Тэдний дунд тус хөдөлгөөний дээд удирдагч Мохамед Бадиа, Египетийн парламентын дарга асан Саад Кататни нар байгаа аж. Зургадугаар сарын дундуур экс Ерөнхийлөгч Мухаммед Мурси болон түүний хоёр хамсаатанд Катарын талд тагнуулын ажиллагаа явуулсан хэмээн бүх насаар нь шоронд хорих ял оноосон юм.

Испани хос түргэн тусламжийн машин дотор гэрлэжээ

Испанид сүйт хархүү, сүйт бүсгүй хоёр түргэн тусламжийн машинд гэрлэсэн тохиолдол гарлаа хэмээн The Local сайт мэдээлэв. Иргэнийн журмаар гэрлэх ёслол долдугаар сарын 2-нд Мадрид хотын захиргааны ордонд болох ёстой байв. Гэвч 50 настай сүйт хархүүгийн даралт ихэсч, бие нь тавгүйрхсэн тул төрөл садан нь түргэн тусламж дууджээ. Эмч нар ирээд мань эрийг үзэж, сайжрах нь уу гэж жаахан хүлээсэн ч эмнэлэгт аваачих шийдвэр гаргасан аж.
Эмч нар гэрлэлтээ хойшлуулах санал гаргасан ч сүйт хархүү “Би зөвхөн энэ л өдөр хайртай бүсгүйтэйгээ гэрлэх учиртай” гэж хэлсэн байна. Ийнхүү хотын зөвлөлийн төлөөлөгч Эстер Гомесийг дуудаж авчраад түргэн тусламжийн машин дотор гэрлэлтээ батлуулжээ. Шинэхэн хос эхнэр, нөхөр болсны дараа будаа цацаж, урт удаан, жаргалтай амьдралыг ерөөгөөд амжсан юм. 

No comments:

Post a Comment