Б.Обама П.Порошенко нар уулзахаар болов
АНУ-ын лидер Барак Обама, Украины Ерөнхийлөгч Петр
Порошенко нар НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд Варшавт уулзаж
ярилцана хэмээн АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Бен Родс
мэдэгдлээ. “Украины газар нутгийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт статусыг
дэмжих дахин нэг боломж гарч ирж байна. ОХУ-ын тал хүлээсэн үүргээ биелүүлэхгүй
байгаа тул Минскийн тохиролцоог мөрдөж, Оросын эсрэг хориг арга хэмжээг
хадгалахад бэлэн гэдгээ илэхийлэх нь чухал” хэмээн тэрээр онцолжээ. Дээд
хэмжээний уулзалтын үеэр НАТО-Украины хорооны хуралдаан болж Обама, Порошенко
нараас гадна Их Британи, Франц, Итали, Германы лидерүүд оролцох ажээ.
DuPont компани 5.1 сая долларын нөхөн төлбөрт уналаа
АНУ-ын химийн томоохон үйлдвэр DuPont тус үйлдвэрийн
химийн аюултай бодистой ус хэрэглэж хорт хавдартай болсон гэх нэг иргэний
гомдлоор 5.1 сая долларын нөхөн төлбөрт унаад байна. Охайо мужийн Колумбус
хотын шүүх, DuPont компани ундны усны эх үүсвэр болсон тефлоныг үйлдвэрлэхдээ перфторакт
хүчил хэмээх химийн бодис ашиглаж усыг бохирдуулсан хэмээн үзжээ. Виржини
мужийн Паркерсбург хотын ойролцоо тус компанийн үйлдвэр байдаг аж.
Үйлдвэрээс холгүй орших хотод амьдардаг 56 настай Давид
Фриман тус компанийн үйлдвэрлэсэн усыг хэрэглэсээр хорт хавдартай болсон хэмээн
шүүхэд гомдол гаргасан юм. DuPont компани перфторакт хүчлийн хор хөнөөлийг
мэдсээр байж усны үйлдвэрлэлд ашигласан, мөн химийн бодисын үлдэгдлээ Охайо гол
руу асгаж байсан хэмээн шүүхээс үзэж, Фриманд 5.1 сая долларын нөхөн төлбөр
олгох шийдвэр гаргажээ.
Месси ял сонссон ч давж заалдана
Испанийн шүүхээс дэлхийн шилдэг хөлбөмбөгч Лионель Месси
болон түүний эцэг Хорхе Мессид 4.1 сая еврогийн татвараас зайлсхийсэн хэмээн тус
бүр 21 сар шоронд хорих ял оноолоо хэмээн Каталоны El Periodico сонин мэдээлэв.
Мөн хоёр сая еврогоор торгохоор болсон аж. Хоёр жилээс бага ял шийтгэл, тэгээд
ч анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон хэмээн үзээд заавал шоронд эдлэх
шаардлагагүй ажээ. Нэрт хөлбөмбөгч 2007, 2008, 2010 онд орлогоо нуун дарагдуулж
татвараас зайлхийсэн, санхүүгийн хууль бус ажиллагаа явуулсан хэрэгт холбогдсон
юм. “Бид шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байна. Давж заалдах шатанд бид
буруугүй гэдэг үндэслэлээ гаргаж тавина. Месси хууль зөрчөөгүй” хэмээн
хөлбөмбөгийн өмгөөлөгч мэдэгджээ.
Финландад 14 мянган гадаадын иргэн жимс хураана
Энэ зун Финландад жимс хураах ажилд гадаадаас 14 мянган
ажилчин ирэхээр боллоо хэмээн тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдээлэв.
Финланд улс сүүлийн хэдэн жилд гадаадаас жимс хураагч нарыг авч байна. Гадаад
ажилчдын ихэнх нь Украин, Тайландаас ирэх аж. Тайландын Хөдөлмөрийн яам гэхэд л
гурван мянга 500 иргэндээ Финландад ажиллах зөвшөөрөл олгож, визийг нь авч
өгчээ. Жимс хураах улирал таримал нэрс болдог долдугаар сарын дундаас эхэлж
есөн сар хүртэл үргэлжилдэг аж. 2014 онд байгуулсан хэлэлцээрээр, Финландад
жимс хураах ажилд дайчлагдсан гадаадын иргэн бүх татвараа төлсний дараа өдөрт
30 еврогийн цалин авах юм.
Испанид Сан Фермин эхэллээ