Monday, June 20, 2011

Ярилцлага

Б.Нямдорж: Англи, орос хэл дээрхээс нь өрсөж орчуулъя л гэж бодсон

Ярилцсан Б.Бат-Амгалан, "Өдрийн шуудан"

Колумбын суут зохиолч, Нобелийн шагналт Габриель Гарсия Маркесийг монголчууд “Зуун жилийн ганцаардал”-аар нь андахгүй. Мөн түүний “"Хурандаад хэн ч бичихгүй байна", "Дурлал хийгээд бусад чөтгөрүүдийн тухай", “Бальтасарын гайхамшигт үдэш” зэрэг зохиол, бүтээл монгол хэл дээр уншигчдад хүрсэн юм. Тэгвэл Г.Г.Маркесийн 2004 онд хэвлүүлж шуугиан тарьж байсан “Гунигт янхнуудаа дурсахуй” (Memoria de mis putas tristes) роман монгол хэл дээр хэвлэгджээ. Энэ удаа нэрт зохиолчийн бүтээл анх удаа эх хэлнээсээ хөрвүүлэгдэж Монголын уншигчдад хүрч байгааг тэмдэглүүштэй юм. Орчуулагч Б.Нямдоржтой уулзлаа.

За, ямар ч байсан шинэ, содон ном орчуулж уншигчдад хүргэсэнд баяр хүргэе! Энэ нь таны анхны ном гэсэн. Яаж яваад зориглож, ийм мундаг зохиолчийн номыг бариад авав аа?

Тийм ээ, анх удаа л ном орчуулж, гаргалаа. Ном орчуулна гэдэг амаргүй зүйл байдаг юм байна. Габриель Гарсия Маркесийг монголчууд сайн мэддэг. Латин Америк, Испанид асар их амжилт олсон “Гунигт янхнуудаа дурсахуй” нь түүний хамгийн сүүлчийн роман. Үүнээс хойш уран зохиол бичээгүй. Ийм нэртэй ном гарч шуугиулж байна гэж сонсож байсан л даа. Тэгээд ер нь энэ мундаг хүний ядаж нэг ном испани хэлнээсээ орчуулагдах ёстой гэж үзсэн. Испаниас нь орчуулахгүй бол хэн нэг нь өөр хэлнээс орчуулах нь ойлгомжтой. Ер нь бол англи, орос хэл дээрхээс нь өрсөж орчуулъя л гэж бодсон.

Долоон жилийн дараа монгол хэл дээр орчуулагдаж байгаа юм байна. Энэ хугацаанд испани хэлнээс орчуулчих хүн байгаагүй гэж үү?

Манайд испани хэлтэй хүн их цөөн шүү дээ. Ном зохиол орчуулдаг нь байхгүй. Хэлмэрч хийдэг хэдэн хүн л байдаг. Миний багш Б.Чулуун дээр үед Кубын хэдэн зохиол орчуулж байсан. Өөр испаниас монгол руу орчуулсан ном, зохиол гэж сонсоогүй.

Испани хэлийг хаана, ямар сургуульд сурсан юм бэ?

Багшийнхаа байгуулсан сургуульд сурсан. Зөвхөн испани хэл л сурна гэсэн хэдэн хөвгүүд, 
охид Б.Чулуун багштайгаа нийлж сургуулиа байгуулж байлаа. Угаасаа би дунд сургуульд байхдаа л гэртээ үздэг байсан. Бүгд англи хэл гэж хошуурч байсан цаг. Тэгээд ерөөсөө англи бус, испани хэл л сурна гэсэн бодолтой байсан болохоор тийшээ орж сурсан хэрэг. Тэрнээс их сургуульд ч, гадаад хэлний дээд сургуульд ч (одоогийн Хүмүүнлэгийн ухааны их сургууль) испани хэлний анги байгаагүй.

Тэгвэл Та “дотоодын бүтээгдэхүүн” юм байна. Монголд испани хэл сурсан, тэгээд ийм мундаг хүний номыг орчуулсан гэхээр хүмүүс юу гэж байх юм?

Таны зөв өө! Угаасаа хүмүүс тэгж боддог юм. Монголд испани хэл сурсан гэхээр гайхаад байдаг. Хичээл зүтгэлийн л асуудал шүү дээ, хэл сурна, эзэмшинэ гэдэг. Одоо жишээ нь, англи хэлийг Монголд сурсан бол ер нь тааруу, Англид сургууль төгссөн бол англи хэлэндээ “тасарчихсан” байх уу. Яг ингэж эргэлздэг хүмүүс цөөнгүй таардаг. “Монте Кристо гүн”-д Фариа лам гянданд Эдмон Дантест олон хэл зааж сургадаг. Тэгээд Дантес шоронгоос оргосныхоо дараа “Би испани хэлийг кастиль хөвгүүн шиг эзэмшсэн” гэж гардаг даа. Ямар ч хэлийг суръя гэх юм бол Африкийн ширэнгэ ойд ганцаараа сууж байгаад ч сурч болно, унаган хэлтэй иргэдээс нь ч илүү сайн сурч болдог.

За за, номын тухай яриандаа эргэж оръё. Ямар сэдэвтэй, ямар ном орчуулчихав аа?

Энэ бол дурсамж, хүүрнэл. Ер нь бол ганцаардал, хөгшрөлт, хайр сэтгэлийн тухай л даа. Нэр шигээ айхтар, муухай ном биш (инээв). Зарим хүн нэрнээс нь жийрхээд байх юм байна лээ.

Тийм байх шүү. Өөрөөр орчуулж болоогүй гэж үү?

Яг үгчилж орчуулах юм бол “Миний уйтгартай, гунигтай янхнуудын тухай дурсамж” гэж бууна. Тэр том зохиолчийн номын гарчигийг жишээлбэл, “Биеэ үнэлэгч, эсвэл хөнгөмсөг хүүхэн” ч юм уу, жийрхсэн маягаар орчуулж болохгүй байх аа. Англи, орос дээр яг тэрүүгээр нь л орчуулсан байдаг. Тэгээд ч энэ бол номын нэр, гарчиг. Дотор нь ийм үг байсан бол арай өөр үгээр орлуулж болох юм. Тэгээд яг үгчилж орчуулахаар арай л биш, урт болоод байхаар нь ингээд буулгачихсан. Гэхдээ үнэндээ бол тэр уйтгартай янхнуудынх нь тухай дурсамж биш, тэр хүүхнүүдийг амьдралаа болгосон 90 настай ганц бие өвгөний уйтгартай, гунигтай амьдрал гэсэн утгатай байх л даа. Латин Америк, Испанид Маркесийн зохиол, бүтээл бүр бүхэл бүтэн судалгааны сэдэв болдог. “Зуун жилийн ганцаардал”-аар нь том том зохиолч, судлаачид судалгааны ном гаргаж, Маркесийн бичдэг шидэт реализм бараг тусдаа шинжлэх ухаан болоод хөгжчихсөн. “Гунигт янхнуудаа дурсахуй” 2004 онд хэвлэгдсэний дараа түүн дээр гардаг 90 настай өвгөн хэн бэ, Маркесийн найз уу, бодит хүн үү гээд маргаан өрнөж, бас л судалгааны өргөн сэдэв болчихсон.

Цаашдаа испани хэлнээс ном зохиол орчуулах уу?

Ер нь испани бол бас л гайхамшигтай уран зохиолын хэл шүү дээ ... Испани, Латин Америкийн уран зохиол гэж агуу том, дундаршгүй далай шиг ертөнц байна. Испани хэл дээр маш олон гайхамшигтай ном зохиол, уран бүтээл гарч байдаг. Тэрний зах зухаас чадах ядахаараа хүргэе гэсэн бодол байгаа. Харин ийм том хүний номоос эхэлсэндээ өөртөө бяцхан баяртай байгаа шүү!

No comments:

Post a Comment