Б.Нямдорж
2010 онд Европт хамгийн их яригдсан сэдвийн нэг нь Испанийн хамгийн хөгжилтэй бүс нутаг болох Каталоны статусын тухай асуудал байлаа. Он солигдохын өмнөхөн болсон орон нутгийн парламентын сонгуульд Каталоны ард иргэдийн бараг тал хувь нь тусгаар тогтнолыг дэмждэг намын төлөө саналаа өгсөн юм.
Барселона нийслэлтэй Каталон муж тусгаар тогтнох эрхтэй эсэх маргаан хэдэн зууны турш дамжиж иржээ. Энэ нутаг Испанитай нэгдмэл байх ёстой гэдгийг дэмжигчид болон эсэргүүцэгчдэд өөр өөрсдийн тайлбар бий. Жишээ нь, каталан хэл испани (кастиль) хэлний нэг төрөл, 80 хувь нь испанитай адилхан. Гэвч франц, итали хэлний нөлөө их байдаг тул Мадрид болон бусад бүс нутагт каталан хэлийг ойлгодоггүй. Энэхүү хэлний “өөр байдал” тусгаар тогтнох нэг шалтгаан болж байдаг ажээ.
Түүхийн хувьд ч наана, цаана ярих юмтай. Нэг талаас, каталонууд Пиринейн хойгийн бусад оршин суугчдын хамтаар Дундад зууны үед арабуудын эсрэг тэмцэж байсан. Нөгөө талаар, өнөөгийн Каталон нь удаан хугацааны турш Кастилийн хаант улсын (Испанийн төв нутаг байсаар ирсэн) хэсэг бус, харин Арагоны хаант улсын бүрэлдэхүүнд байсан юм. 1479 онд Кастилийн хатан хаан Арагоны хаантай ураг барилдсаны үр дүнд өнөөгийн Испани орны дүр төрх бий болсон байна.
Мадридын эрх мэдэл олон жилийн турш Каталоны автономит эрх рүү дайрч, байнга хасч, танасаар иржээ. Улмаар XIX зуунд каталонууд Барселонад төвтэй өөрийн төр улсаа байгуулахаар эрмэлзэх болов. Тэгсээр 1930 оны дундуур л автономит эрх олж авсан байна. Гэвч Испанид удалгүй иргэний дайн дэгдэж генерал Франко ялснаар Каталоны автономит эрхийг нь хураан авч, каталан хэлийг ашиглахыг албан ёсоор хоригложээ. 1970-аад оны сүүлчээр Испани орон өрнөдийн маягийн ардчилсан замд орлоо. Каталон, Баски нутаг зэрэг хэд хэдэн мужид автономит эрх олгож, каталан хэлэнд тавьж байсан хоригийг цуцалсан байна. Улмаар бүс нутагт салан тусгаарлагч үзэлтэй намууд ил тод үйл ажиллагаа явуулах хууль зүйн үндэстэй болсон юм.
Каталон бол Испанийн эдийн засгийн хамгийн өндөр хөгжилтэй бүс. Өндөр технологийн бүтээгдэхүүний гуравны нэгийг энд үйлдвэрлэдэг. Каталонуудын орлого нийт испани иргэдийн дунджаас 1.5 дахин их байдаг аж. Барселона хот Испанийн аялал жуулчлалын гол төв юм. Алдарт Коста Браво, Коста дель Сол амралтын газрууд Каталонд байдаг. Энэхүү бүс нутаг Испанийг тэжээгч гол эх үүсвэр болсон билээ. “Андалуз, Эктремадура, эсвэл Кастилиа-Леон зэрэг уулын цаадах, хөгжил дорой мужуудыг тэжээж ханалаа” гэж Каталонд яриад удаж байна.
Мадрид дахь төвийн эрх баригчид Испанид “Алтан өндөг” гаргаж өгдөг Каталон хэмээх тахиаг алдахгүйн тулд чадах бүхнээ хийж байна. Гэвч каталонуудыг уурлуулж хилэгнүүлэхгүйн тулд буулт хийхээс өөр аргагүй болдог. 2006 онд Испанийн парламент бүс нутгийн хууль сахиулах байгууллагуудын эрхийг өргөтгөх заалттай Статут буюу Каталоны Үндсэн хуулийг дэмжиж баталсан юм. Ийнхүү каталонууд орон нутаг дахь татварыг захиран зарцуулах эрхтэй болжээ.
2009 онд санхүүгийн хямралд цохигдсон Испанийн эдийн засаг хүнд байдалтай болж ирэв. Тухайн оны арванхоёрдугаар сард Каталонд шинэ Үндсэн хуулийн талаарх бүх нийтийн санал асуулга болоход бүс нутгийн иргэдийн 90 хувь нь “Каталан үндэстэн Европын холбооны бүрэлдэхүүн дэх тусгаар тогтносон, бүрэн эрхт, ардчилсан улс болох ёстой” хэмээн үзсэн юм. Ийнхүү тэд Испаниас тусгаарлах санаархлаа ил тод илэрхийлсэн билээ.
Харин санал асуулгын дүнг Мадридад хүлээн зөвшөөрөөгүй. 2010 онд Испанийн сөрөг хүчний Ардын намын нөхөд Каталоны шинэ Үндсэн хуулийг өөрчлүүлэхээр Үндсэн хуулийн цэцэд хандсан юм. Статут хүчин төгөлдөр хэвээр үлдсэн ч 2010 оны зургадугаар сард шүүгч нар тэндээс “Каталан бол Каталоны албан ёсны хэл”, “Бүс нутгийн иргэдийг каталонууд гэж нэрлэнэ” гэсэн заалтыг авч дөнгөсөн билээ.
Каталон үндэстний өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлэх ухамсар удаан дуугүй байсангүй. Испанийн хөлбөмбөгийн шигшээ баг анх удаа дэлхийн аварга болсон түүхэн өдөр буюу долдугаар сарын 11-нд сая орчим хүн Барселонын гудамжинд гарч жагссаны дотор “Бид бол үндэстэн. Бид шийдвэр гаргана” гэсэн уриа лоозон барьсан байв. Зарим нь “Тусгаар тогтнол” хэмээн хашгирч, Испанийн төрийн далбааг шатааж байсан юм. Испанийн хөлбөмбөгийн шигшээ багийн гол цөмийг каталон үндэстнүүд бүрдүүлж байсан. Тэд дэлхийн аваргаас буцаж ирэхдээ Испанийн бус, Каталон мужийн далбааг нөмөрчихсөн бууж ирсэн билээ. Ийнхүү их спортод ч улс төр цухалзаад амжсан юм.
2010 оны арваннэгдүгээр сарын 28-нд Каталонд парламентын сонгууль болов. Орон нутгийн үндсэрхэг нам, хөдөлгөөнүүд энэ сонгуулийн гол фон болж байлаа. Дэлхийн эдийн засгийн хямралын үр дагаварыг зогсоож чадахгүй байгаа эрх баригч социалистуудын нэр хүнд Мадрид ч, Барселонад ч унасан юм. Каталоны сонгуульд үндсэрхэг үзэлтэй “Convergencia y Union” (“Эв нэгдэл, холбоо”) нам 38 хувийн санал авч ялсан. Орон нутгийн парламентад өөр хоёр салан тусгаарлагч нам суудалтай болжээ.
Эдүгээ “Convergencia y Union” намын лидер Артур Мас Каталоны Засгийн газрыг толгойлохоор болж, Мадрид үүнтэй эвлэрэхээс өөр аргагүй болов. Гэвч сонгогчид түүнийг тусгаар тогтнолоос илүү ажилгүйдлийг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дээшлүүлэх тал дээр нь дэмжиж байгаа аж. Каталон дахь Ази, Африкийн цагаачид бас л шийдвэрлүүштэй асуудлын нэг болоод байгаа. Харин Каталоныг Испаниас даруй тусгаарлах санаа бодлыг иргэдийн 18 хувь нь л дэмжиж байгааг судалгаа харуулав.
Каталон мужийг тусгаар улс болохоос сэргийлэх боломж, арга зам Испанийн эрх баригчдад байгаа нь ойлгомжтой. Гэсэн хэдий ч Засгийн газар эдийн засгийн хямралыг ялж чадахгүй бол Каталоны үндсэрхэг үзлийг хөөрөгдөж, Барселона нийслэлтэй Европын шинэ улс бий болохыг үгүйсгэхгүй юм.
No comments:
Post a Comment