Асралт хайрханы орой дээр You’ll never walk alone
эгшиглэв
Копуудын сэтгэл, You’ll never walk alone уриа биднийг хөтөлж зөвхөн Ливерпүүлийн фэнүүдээс бүрдсэн баг Асралт хайрханыг зорилоо. Идэр ес
эхэлж байсан ч Хэнтийн нурууны ноён оргилыг байлдан дагуулах сэтгэл бүхнээс хүчтэй
байсан юм. Өвөл анх удаа багаараа уул руу авирахаар явж байгаа 20 орчим
Ливерпүүлийн фэн үүрийн 02.00 цагт ядах юмгүй “яс” цуглаад фургондоо суун
хөдөллөө.
Гачууртаар орж нэгэн даваа давснаар Заан голын хөндийд
орж, зун, намрын цагаар машин байтугай явган хүн ч явахад бэрх торлог, бут, ус
намгаар дүүрэн хөндийг урамтай гатлан давхина. Сурсан юм гэдэг энэ аж. Фургоны
жолооч Мөнхөө аж хөлдсөн гол дээгүүр огт сааталгүй давхих нь урамтай. Голын
мөсөн дээгүүр давхисаар замд нэг удаа цөмөрснийг эс тооцвол саадгүй зорьсон
газраа хүрлээ. Нил хуш болсон ой модонд тулаад зогсов. Хөнгөхөн цай ууж аваад
алхалт эхлэв. Аялалын ахлагч, Англид долоон жилийг, тэр тусмаа эхний хоёр жилээ
Ливерпүүл хотод өнгөрөөж домогт Майкл Оуэн, Стив Макманаман нартай уулзаж, хууч
хөөрч явсан коп Сэнгүү ах өвөл, цасанд, ууланд алхах бяцхан зөвлөгөө, заавар
өгөв. Копайтуудын ихэнх нь анх удаа хайрханд бараалхах гэж ирсэн тул цасанд,
ууланд хэрхэн, ямар техникээр алхах, өгсүүр дээр амрахдаа сууж болохгүй зэрэг
Сэнгүү ахын зөвлөгөө ихээхэн тусаа өгсөн билээ.
Ой модыг гаталж, чулуутай хөндийгөөр өгсөхөд л ихэнх нь
цуцаж эхэлсэн ч нэг нэгнийхээ мөрөөр доошоо харан урагшилсаар байлаа. Байгаль
дэлхий, өвлийн жавхаа бол ярих ч юм биш, гайхан бахадсаар, зураг дарсаар, хоорондоо
ганц нэг буу халсаар, өгссөөр... Маш эгц, өндөр уулын хөтөл өөд зүтгэн
чардайсаар гарахад цаана нь бас нэг сүрлэг хайрхан, оргил дүнхийж байсан нь
бидний зорин бараалхах гэж буй Асралт хайрхан маань байсан юм.
Зарим нь нарны эртэд хайрханы бараатай зургаа даруулж,
бас нэг бяцхан цайлснаар оргил өөд дайралт эхэллээ. Терешкова оргилын бэл болох
тэрхүү хөтөл дээрээс хайрхан маань ойрхон, гайгүй санагдаж байсан ч жаахан
өгсүүр нь эхлэхэд л чанга гэдэг нь ойлгогдсон юм. Яг хайрхан руугаа өгсөөд
ирэхээр үнэхээр л хүршгүй, дуусашгүй санагдаж байсныг нуух юун.. Гурван ес
эхэлсэн байсан ч тэнгэр хангай үнэхээр сайхан, бөртийх ч үүлгүй байлаа. Салхи
тогтуун, бараг байхгүй байсан ч өгсөх тусам хааяа нэг салхилна. Ийнхүү монгол
копууд шандас заан өгссөөр Асралт хайрхан дээр гарахад эргэн тойрны бараа,
сайхан Монгол орон минь алган дээр тавьсан мэт харагдаж, өөрийн эрхгүй сэтгэл
хөдөлсөн. Нийт 18 коп явсны гурав нь Тунгаа, Гэрлээ, Дээгий гэсэн зоригтой
бүсгүйчүүд. Зөвхөн Ливерпүүлийн фэнүүдээрээ гарах зорилго тавьсан нь сайхан
байлаа. Тэгээд ч манайхыг заналт өрсөлдөгч маань талбай дээрээ хүлээж авахын
өмнөхөн энэ аялал болсон тул бас ч гэж багийн болон өөрсдийн аз хийморийг
дуудах, копуудын анхны экстрим маягийн аялал гэдгээрээ онцлог байв. Бид
бүгдээрээ оргилд гарч, зарим нь хашгирч, гараа алдлан бахдаж, зарим нь гарч
ирээд шууд л хэвтэж амраад л... Мэдээж манай багийн сүлд
дуу You’ll
never walk alone! хайрханы орой дээр чангаар
эгшиглэсэн. Бүгд сэтгэл хангалуун, баяртай, инээд, ханамж тодроостой. Ингэж л
Ливерпүүлийн фэнүүд хамтаараа, багаараа Асралт хайрхандаа бараалхаж фэн клубын
болон хувийн намтартаа мартагдашгүй нэгэн түүхийг бүтээсэн юм. Хамгийн сайхнаар
угтаж авсан сайхан монгол нутгийнхаа сүрлэг, асралтай хайрхандаа “Баярлалаа, Таньдаа!” гэж
дахин нэг хэлье!
Хөлбөмбөг,
Ливерпүүл хэмээх энэ эрхмэ нандин зүйл л биднийг нэгтгэж, дурсгалтай нэгэн аялал, авралтыг хийж чадсан. Талархахгүй байхын аргагүй ээ!
You’ll never walk alone!