Monday, December 8, 2014




Apple-ийн экс менежер нууц задруулсан хэргээр ял сонслоо

Apple-ийн глобал нийлүүлэлт хариуцсан менежер асан Пол Дивайн компанийн нууц мэдээллийг дамжуулсан хэргээр нэг жилийн хоригдох ял сонсч, 4.5 сая долларын торгууль төлөхөөр болжээ. Дивайн Apple компанийн нууцыг Азийн сэлбэг, эд анги нийлүүлэгчдэд дамжуулж хэдэн сая долларын шан харамж авсан хэмээн шүүх үзсэн байна. Тэрээр 2005 онд Apple компанид глобал нийлүүлэлт хариуцсан менежерээр орж 2010 онд баривчлагдах хүртлээ ажиллажээ. Сан-Хосегийн холбооны шүүх Дивайнд оноох ялыг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр зарласан байна. Эхлээд 20 жилийн ял өгөхөөр төлөвлөж байсан ч яагаад ийм олон жилийн дараа нэгхэн жилийн ял оноож байгаа нь тодорхойгүй. Дивайн мөрдөн шалгалтад хамтран ажиллаж, хууль бус сүлжээнд оролцсон бусад хүмүүсийг илчлэхэд ихээхэн туслалцаа үзүүлсэн тул ийнхүү хөнгөн ял авсан хэмээн бичиж байна.

Эболагаас хамгаалах хувцас хэрэглэлийг Ганад хүргэв

Японы агаарын хүчний онгоцууд Эбола вирусээс хамгаалах 20 мянган хувцас, хэрэглэлийг Гана улсад хүргэлээ хэмээн Kyodo агентлаг мэдээлэв. Баруун Африкийн орнуудад халдварт өвчнөөс сэргийлэх 700 мянган иж бүрэн хувцас, хэрэглэл нийлүүлэх төслийн нэг хэсэг нь энэ юм. Либери, Сьерра-Леон, Кени, Мали улс тусламжаа хүлээж байна. Баруун Африкийн орнуудад 17 мянга 800 хүн Эбола вирусээр халдварлаад байна.

Израилийн парламент тарлаа

Израилийн парламент өөрийгөө тараах хуулийг баталж, хугацаанаас өмнөх сонгуулийг 2015 оны гуравдугаар сарын 17-нд явуулах шийдвэр гаргалаа. Парламентыг тарааж, хугацаанаас өмнө сонгууль явуулахыг 93 депутат дэмжжээ.
Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ийнхүү хэлсэндээ хүрлээ. Тэрээр мөн сөрөг хүчний төвийн намын Сангийн сайд Яир Лапид, Хууль зүйн сайд Ципи Ливни нарыг огцруулж буйгаа зарлав.

Энэтхэгийн Ерөнхий сайд Time сэтгүүлийн “Оны хүн”

Time  сэтгүүлийн уншигчдын санал асуулгаар Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди “Оны хүн”-ээр тодорлоо. Модигийн төлөө таван сая уншигчийн 16 хувь нь саналаа өгчээ. Хоёрдугаар байрт АНУ-ын Фергюсон хотод цагдаа, эрх баригчдыг эсэргүүцсэн хүмүүс оржээ. Хонконг дахь эсэргүүцлийн хөдөлгөөний лидер Жошуа Вонг гуравдугаар байрт орсон байна. Нобелийн энх тайвны шагналт Малала Юсуфзай, Эбола тахлаар халдварласан хүмүүсийг эмчилсэн эмч, сувилагч нар эхний тавд багтжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин санал асуулгын дүнгээр зургадугаарт бичигдсэн байна. 


Хосе Мухика: Мөнгөнд их дуртай хүмүүсийг улс төрөөс зайлуулах хэрэгтэй

Латин Америкийн жижигхэн Уругвай улсад сонинд мэдээний зай бараг олдохгүй байна. Амьдралын энгийн хэв маяг, үлгэрийн мэт намтартай, эд материалын шуналгүй, илэн далангүй яриатай экс партизан Хосе Мухика улс орныг таван жил удирдаад халаагаа өгч байна. Түүний хуучин Volkswagen, үнэнч Мануэла, гурван хөлтэй нохой нь Уругвайн үндэсний билэг тэмдэг мэт болжээ. ХХI зууны хамгийн өвөрмөц лидер эрх мэдлийг орхихоос хэдхэн долоо хоногийн өмнө “АВС” сонин уулзаж ярилцжээ.

-Та 79 настай. Түүхэнд таныг хэрхэн дурсах бол?

-Үгүй ээ, надад түүх хамаагүй. Тэр бол бусдын бичдэг зүйл. Надад өөр хийх юм байна. Би өөртөө ийм эмгэнэлтэй асуулт тавьдаггүй.

-Та илүү сайн улсыг үлдээж байна уу?

-Нийгмийн шударга ёсны үүднээс харвал арай илүү сайн улсыг үлдээж байна. Ядуу, гуйлгачин хүмүүс цөөрлөө. Ирээдүйд илүү сайн нийгэм харагдаж байна.

-Та партизаны бүлгийн нэг хэсэг байсан. Тэр үеийн нөхцөл байдал эргэн ирвэл та гартаа дахин зэвсэг барих уу?

-Бид тэр ертөнцөд буцаад орвол зэвсгээ бариад л босох байх шүү. Гэхдээ хэзээ ч өнгөрсөн үе рүү эргэж ордоггүй юм. Тэр үед хэд хэдэн онцлог байсан, өнөөдөр бол өөр. Ядуу улс оронд коммунист нийгэм байгуулж байна гээд өөр бүлэгт харъяалагддаг хүмүүсийн эрх чөлөөг хязгаарлах оролдлого хийдэг байлаа. Тэгээд үр дүнд нь аймшигтай хүнд суртал бий болж тэр нь эцэстээ бутарч унаад дууссан. Өнөөдөр түүх биднийг капиталист болгочихлоо. Гэхдээ бид социалист гарлын амьтад болохоор энэ сэтгэхүйтэйгээ л дэлхийгээр алхаад байна.

-Та цаашдаа уйдах юм биш биз?

-Би уйдна гэж үү? Харин ч эсрэгээрээ, надад цаг хугацаа дутагдаж байна. Би газарт дуртай. Амьдралыг, байгалийг харах, бодох хэв маяг минь тэр чигээрээ тариачин. Би газартай ажиллах дуртай. Хүмүүст ажил хэрэгтэй болсон хэцүү бэрх үед миний хийж чадах хамгийн сайн зүйл бол газар. Бид газрыг орхиж, салж явдаг ч идэж, уух маань хүртэл газраас хамааралтай байдаг.

-Та бусад лидерээс огт өөр амьдралын хэв маягаараа ялгарсан хүн. Таны хүрсэн ололтыг дараагийн удирдагчид үгүй хийчих вий гэж айдаг уу?

-Магадгүй л юм. Гэхдээ ололт, амжилтыг хадгалж, хөгжүүлж явах нь Засгийн газрын үүрэг. Хуучныг нэг уламжлал бидний дундуур орж ирэх гээд байдаг. Удирдагчид нийгмийн эрх ямбатай цөөнхийн эрх ашигт нийцүүлж ажиллах гээд байдаг юм. Улс төрийн ажил мэргэжил нь эд баялагт үйлчилж, түүнийг сайрхуулахад байдаг юм уу? Хэлэхийг хүссэн зүйлээ базаад хэлчихье: мөнгөнд их дурладаг хүмүүсийг улс төрөөс хөөж зайлуулах хэрэгтэй.

-Европ тив хоёр дахь хямралаа туулж байхад Уругвайн эдийн засаг зогсолтгүй өссөөр. Та ямар нэг зөвлөгөө өгөхгүй биз?

-Европ зөвхөн хасаж, танаад хямралаас гарчихна гэж эрмэлзсэн. Тийм гүнзгий байдлыг тэгж эргүүлж чадахгүй.

-Европ, Латин Америк хоёр эсрэг тэсрэг замаар яваад байх шиг. Эхнийх нь холбоо байгуулаад одоо ан цав үүсээд, нөгөөх нь нэгдэж нийлээд, өсөөд дэвжээд яваад байна...?


-Бид олон жил буруугаа Европ, Америк руу чихэж, бэртэгчин маягаар амьдарсан. Бид хариуцлагаа хүлээхийг хүсдэггүй байлаа. Бусдыг буруутгах их амархан л даа. Испаниуд та нар одоо германуудыг буруутгаад сууж байна. Латин Америк бол ганц биш, олуулаа, олон ялгаатай. Гэхдээ бид 15 жилийн өмнөөс ярилцаж, хамтдаа шийдвэр гаргаад явж байна.