Tuesday, September 27, 2011

Мөнхбат аа, энэ арын нүүрний цонх шүү!

Зүгээр л нэг амьдрахсан....


О.Чүнчиг


Нэгэн яруу найрагч “Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрахсан....” гэж шүлэглэсэн нь зүгээр ч нэг цээжинд нь орж ирсэн үг биш ажээ. Монголчууд өнө эртний цагаас л ёстой л зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л сайхан, ямар ч стрессгүй амьдарсаар ирсэн юм. Одоо ч энэ амьдрал хөдөө нутагт минь хадгалагдан үлджээ. Бид сайндаа ч дайтаж байгаагүй, зүгээр энгүүн сайхан амьдрах гэтэл хажуунаас хатгаж, элч төлөөлөгч нарыг нь хороож доромжилж байсан болохоор л тэдэнд “ойлгуулах” гэж хөвч саадгаа агсан, мориндоо мордож байсан.

Орчин үед стрессгүй амьдрал гэж байхгүй болсон, тэр тусмаа хот сууринд. Хотын түгжрэл, утаа, авлига, хулгай гээд амар тайван юм алга. Харин хөдөө нутгийнхан маань хэдийгээр мөнгө харж, бизнес сэтгэлгээтэй болсон ч ямар ч стрессгүй, санаа амар, жаргалтай амьдарсан хэвээрээ. Тэд хотын амьдралд нэг их дуртай биш. Малаа адгуулж, байгаль дэлхийгээ хайрлаж, ойрхон байж, малынхаа ашиг шимээр амьдарсаар ирсэн нүүдэлчин монгол ахуй хэдэн мянган жилийн өмнөөс тэр л чигээрээ хадгалагдсаар ирсэн нь Монголын гайхамшиг юм. Харин хот сууринд шигдэж, мөнгөний хойноос улайраад ирэхээр угаасаа амар тайван амьдарч чадахаа больдог. Уур бухимдалгүй, дутагдах гачигдах, илүү гарах юмгүй амьдрах боломж байсаар байтал заавал ийм цаг завгүй, улайрсан амьдралыг сонгож байдаг. Одоо бөөн бөөнөөрөө нээгдээд, олдоод байгаа алт, мөнгөний тэр уурхайнууд энэ амьдралд “ташуур өгч” байгаа нь лавтай. Уул уурхай, их мөнгөний хойноос хөөцөлдөж, нэг нэгэндээ эд хөрөнгөөрөө аархаж дээрэлхэх нь лав Монголын маань ирээдүй биш.

Энэ “хараал идсэн” баялаг нь бушуухан дуусчихаасай... Тэр цагт хотынхон нь тус тусын ажлаа хийгээд, хөөрхөн жижиг бизнес эрхлэх нь эрхлээд, хөдөөнийх нь сурснаараа малаа өсгөөд хотлоороо амар жимэр, ямар ч яарал, бухимдалгүй амьдрах болно. Ийм л стрессгүй, нүүдэлчин, малчин амьдрал, байгаль дэлхийгээ хадгалсан амьдрал, хэвшил Монголын маань ирээдүй гэдэгт бат итгэж байна. Эд хөрөнгө, баялагт шунаж, яарч адгасан, уур бухимдалтай амьдрал өрнөдөд моодноос аль хэдийнэ гарчихжээ. Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр сайхан амьдрах ёстой байтал заавал моодноос гарч буй онцгүй зүйл рүү тэмүүлэх хэрэг юун!

Monday, September 5, 2011