Monday, April 6, 2015



Малайзид 17 хүнийг терроризмд сэжиглэн баривчилжээ

Малайзын цагдаа 17 хүнийг Куала-Лумпур хотод аллага үйлдэхээр зэхэж байсан хэмээн баривчилжээ. Тэдний хоёр нь дөнгөж Сириэс буцаж ирээд байсан хэмээн цагдаагийн газрын дарга мэдэгдлээ. Дээрх хүмүүс цагдаагийн хэсэг, армийн хуаранд халдлага үйлдэхээр зэхэж байсан аж. Өнгөрсөн долоо хоногт Малайзын Засгийн газар терроризмтэй тэмцэх шинэ журам баталсны дотор терроризмд сэжиглэгдсэн хүмүүсийг шүүхийн шийдвэргүйгээр тодорхой бус хугацаагаар хорих заалт багтсан байна.

Америкийн сагсчид Кубад зочлоно

Үндэсний сагсан бөмбөгийн холбоо (NBA) Кубад анхны айлчлалаа хийхээр зэхэж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Куба аралтай дипломат харилцаагаа сэргээх шийдвэр гаргасны хүрээнд америк сагсчид ийнхүү айлчлахаар боллоо хэмээн Yahoo Sports мэдээлэв. Үндэсний сагсан бөмбөгийн холбоо Кубад дөрөвдүгээр сарын 23-26-нд залуу тоглогчдын бэлтгэлийн бааз байгуулан ажиллах юм. Дэлхийн хамгийн шилдэг лигийг NBA-ийн хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор хоёр удаа шалгарч байсан Стив Нэш, Алдрын танхимийн гишүүн Дикембе Мутомбо болон эмэгтэй NBA-ийн тоглогч асан Тиша Пеничейро нар Кубад сурталчлах юм.

Аден боомтод ширүүн тулаан өрнөж байна

Йемений Аден боомтод хусит босогчид болон Ерөнхийлөгч Мансур Хадид үнэнч цэргүүдийн хоорондох дайн тулаан ширүүсч байна. Саудын Араб тэргүүтэй олон улсын цэргийн хүчний байлдааны хөлөг онгоцноос хусит босогчдын байрлалыг бөмбөгджээ. Йеменд байлдааны ажиллагаа ширүүссэний улмаас хүмүүнлэгийн нөхцөл байдал хүндрээд байна. Олон улсын улаан загалмайн нийгэмлэг агаараас тусламжийн бараа шидэх оролдлог хийж байна.

Босогчид 16 украин цэргийг суллажээ


Украины зүүн хэсгийн босогчид олзонд байсан 16 украин цэргийг суллалаа хэмээн Киевийн эрх баригчид мэдээлэв. Чөлөөлөгдсөн цэргүүдийг Краматорск хотод авчраад байна хэмээн Украины Ерөнхийлөгч Петр Порошенко мэдэгдэв. Босогчид сайн санааны илэрхийлэл болгож цэргүүдийг чөлөөлсөн, олзонд өөр украин цэрэг байхгүй хэмээн онцолсон байна. Киевийн эрх баригчид үүнд итгэхгүй байгаа ч босогчдын гарт хэдэн украин цэрэг үлдсэнийг хэлсэнгүй. Өнгөрсөн хоёрдугаар сард  хоёр тал 200 орчим олзны хүмүүсийг солилцсон билээ. 


Тунисийн Ерөнхийлөгч Эссесби: “Тунис хэзээ ч шариатын хуульд захирагдахгүй”

Тунисийн дарангуйлагч Бургиба, Бен Али нартай хамт ажиллаж байсан Бежи Каид Эссебси (88 настай) өнгөт хувьсгалын дараахь Тунисийн гол хүн болжээ. Дотоод хэрэг, Батлан хамгаалах, Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан тэрээр ардчилсан замаар сонгогдсон Тунисийн анхны Ерөнхийлөгч юм. Эссебси нь өнөөдөр Тунис дахь лалын босогчдыг сөрөн зогсож чадах ганц хүнд тооцогдож байна.

-Арваад хоногийн өмнө Тунисийн үндэсний музейд аймшигт аллага болж 21 хүн амь насаа алдсан. Египет, Ливийн дараа Тунис бас хүчирхийлэлд живэх гээд байна уу?

-Тунис тэр аяараа эрэмдэг болчихоод байна. Бидний үнэ цэнэт зүйлсийн эсрэг довтолж байна. Бардогийн үндэсний музей бол Тунисийн, хүн төрөлхтний түүхийг өгүүлдэг. Энэ түүхийг гайхаж бишрэх гэж ирсэн олон хүний амийг авч одлоо. Бид үүнийг мартаж чадахгүй.

-Тунист томоохон аллага болж магадгүйг Франц, Дани улс сэрэмжлүүлж байсан...?

-Гэхдээ энэ сэрэмжлүүлэг хангалттай байгаагүй. Бид ч алдаа гаргасан. Манай аюулгүй албаныхан маш шуурхай ажиллаж өөр олон хүний амь үрэгдэхээс сэргийлж чадсан. Террористууд тэсрэх бодистой бүсээ идэвхжүүлсэн бол бүр ауюлтай байх байлаа. Үүнээс гадна, музейн аюулгүй байдлыг баталгаажуулах тагнуулын мэдээлэл хангалтгүй байсан. Бен Алийг эрх мэдлээс зайлуулснаас хойшх дөрвөн жилд засаглал эмх замбараагаа алдаж, суларсан байсан. Гэвч бид эргэн сэргэсээр, шинэчлэл хийсээр явна.

-Сирид “Исламын улс” бүлэгтэй холбогдсон гурван тунис иргэн “Тунис улс лал шашинд захирагдаж, шариатын хууль дор орохоос нааш амар тайвныг үзэхгүй. Бид олон хүнийг хөнөөсөөр байх болно” хэмээн видео мэдэгдэл гаргасан байсан. Энэ нь бодит заналхийлэл үү?

-Тунис хэзээ ч шариатын хуульд захирагдахгүй. Тийм оролдлого байсан ч бүтэлгүйтэж байсан. Тунис дахь лал шашин нь нээлттэй, эвлэрэл, ойлголцлын лал шашин юм. Нөхцөл байдал хэврэг байгаа ч улс орон ардчиллын замдаа ороод байна. Бид буруу замаар эрх мэдэлд хүрээгүй. Харин ардчилсан хувьсал, өөрчлөлтийн замаар гарч ирсэн.

-Тунист жихадист үзэл нэмэгдэж байгааг юугаар тайлбарлах вэ?

-Сүүлийн жилүүдэд засаглал суларсны гай. Олон тунис иргэн, тэр тусмаа залуусын хувьд эдийн засаг, нийгмийн муу байдал их нөлөөлсөн. Мөн Ливитэй залгаа хил хязгаарт иргэний дайн болж, “Исламын улс”-д үнэнчээ илэрхийлсэн хүчтэй зэвсэгт бүлэглэлүүд гарч ирлээ. Тунис нь ардчиллын замдаа орсон тайван амгалан газар болчихоогүй байна. Ажилгүй, цөхөрсөн залуусыг элсүүлэх ажиллагаа явсаар байна. Өнөөдөр дөрвөн мянга орчим тунис залуучууд Сири, Ливид жихад дайчдын эгнээнд нэгдчихэж. Тэдний 500 нь энд буцаж ирчихээд бидний эсрэг довтлох гэж оролдож байна. Гэхдээ бид 5-6 мянган залуусыг “Исламын улс”-ын эгнээнд нэгдэхээс сэргийлж чадсан юм шүү.

-Жуулчдыг тайвшруулж эргүүлэн татахын тулд ямар арга хэмжээ авсан бэ?

-Аллагын дараагийн өдөр Тунисийн цагдаагийн газрын дарга, Бардо музейн хамгаалалтын албаны даргыг огцруулах зэргээр өргөн арга хэмжээ авсан. Ийнхүү бид аюулгүй байдлыг бодлого, хил хязгаарын батлан хамгаалалт, томоохон хотууд дахь аюулгүй байдлаа шинэчилж, чангатгахыг эрмэлзэж байна.

-Цөхрөөд туйлдаад байгаа тунис залууст хандаж юу хэлэхсэн бол?

-Тэд цөхрөхөөс өөр арга алга. Учир нь бид тэдэнд ажил өгч чадахгүй байна. 620 мянган хүн ажилгүй байгаагаас 250 мянга нь залуус байна. Бидэнд туслахыг хүсч байгаа хүмүүс зөвхөн аюулгүй байдлын бус мөн эдийн засгийн талбарт туслах хэрэгтэй байна.

-Б.Обаматай Вашингтонд уулзахдаа юу ярихаар зэхэж байна?

-Ерөнхийлөгч Обама Тунисийн талаар хэд хэдэн амлалт авсан. АНУ бидний сайн сайхны төлөө ажиллаад эхэлсэн. Бид 400 залуусаа АНУ-ын их дээд сургуульд суралцуулахаар илгээгээд байна. Сирид “Исламын улс”-тай нэгдэхээр явсан дөрвөн мянган тунис залуусын дэргэд бол бага тоо л доо. Бид дөрвөн мянган залуусаа Америкт сургаж чадвал сайн байна.

-Арабын хаврын итгэл найдвараас юу үлдээд байна вэ?

-Арабын хавар гэж байгаагүй. Тунисийн хавар л гэж байсан. Хэрвээ энэ хавар Тунист батлагдахгүй бол өөр хаана ч байхгүй гэсэн үг. Бидний “Хавар” аюулд орсон хэвээр байна. Зөвхөн террористууд биш, бүгдэд ажил олгох арга хэрэгсэл дутмаг байгаа, зарим бүс нутагт ядуурлыг арилгаж чадахгүй байгаагаас Тунисийн хавар, Тунисийн хувьсгал аюулд ороод байна.

-Та ардчилсан замаар сонгогдсон. Өнөөдөр таны нэн тэргүүний зорилт юу вэ?


-Миний бүрэн эрхийн хугацаа дуусахад тунис иргэд эх орондоо амар тайван, сайн сайхныг мэдэрч байх нь миний гол зорилт болж байна.

Sunday, February 1, 2015



Хятадаас Вьетнам руу авч явсан хэдэн мянган муурыг хураажээ

Хятадаас хууль бусаар гаргаж, ачааны машинд хайрцаглан ачиж Вьетнам руу оруулах гэж байсан хэдэн мянган муурыг Вьетнамын  цагдаа илрүүлж хурааж авчээ. Вьетнамд хэдийгээр “бяцхан бар” буюу муурын мах хэрэглэхийг хориглодог ч ард иргэд өргөн хэрэглэдэг тансаг зоог юм. Нийтдээ гурван тн жинтэй амьд муурнууд тээвэрлэж явсан жолоочийг саатуулсан бөгөөд тэдгээрийг Вьетнам, Хятадын хил орчмын Куан Нин мужаас худалдаж авсан гэдгээ хүлээжээ. Муурнуудыг Ханой хотын зоогийн газруудад хүргэж өгөхөөр явж байсан хэмээн цагдаагийн газраас мэдээлэв. “Энэ олон муурыг яахаа мэдэхгүй байна. Вьетнамын хуулиар, контрбандын бараа бүтээгдэхүүнийг устгах ёстой. Гэвч амьд амьтад учраас яаж ч чадахгүй байна” хэмээн цагдаагийн ажилтан ярьжээ.
Ханой хотод олон арван зоогийн газар муурын махан хоолоор үйлчилдэг. Тус хотын гудамжинд муур бараг харагддаггүй. Учир нь муур харагдах л юм бол барьж аваад зоогийн газруудад худалдчихдаг тул хүмүүс муураа гэрээсээ гаргадаггүй ажээ. Вьетнамд муур, нохойн махаар тансаг зоог барьдаг тул ихээхэн ховордож, эдгээр амьтдыг Хятад, Тайланд, Лаос улсаас хууль бусаар оруулж ирэх болсон юм.

Украины 13 цэрэг амь эрсэджээ

Украины үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлөөс Донбасст амссан хохирлын талаар мэдээлэв. Сүүлийн нэг хоногийн дотор дайн байлдааны улмаас 13 украин цэрэг амь эрсдэж, 20 цэрэг шархадсан хэмээн зөвлөлийн төлөөлөгч Владимир Полевой мэдэгдлээ.
Украины зүүн нутагт дайн байлдааны ажиллагаа үргэлжилсээр байна. Хоёрдугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Счастье, Крымское, Трехизбенка, Петровское, Пески, Миуч, Чурнухино, Дебальцево тосгон буудалтад өртжээ. Нэгдүгээр сарын 30-31-ний хооронд Украины армийн 15 цэрэг амь үрэгдэж, 30 нь шархадсан байна.

28 жилийн дараа таван сая долларын нөхөн төлбөр авлаа

1986 онд цагдаа нарт алуулсан Николас Гвидогийн ар гэрийнхэн Нью-Йорк хотын захиргаанаас таван сая долларын нөхөн төлбөр авчээ. Гвидо эндүүрлээр мафийн захиалгыг гүйцэтгэсэн авлигач цагдаа нарын суманд өртөн амиа алдсан юм.
1986 оны сүүлчээр цагдаагийн ажилтан Луис Эпполито, Стивен Каракаппа нар нэгэн мафиас Николас Гвидо хэмээх гэмт хэрэгтнийг хороох заавар авчээ. Тэд албаны мэдээллийн санг ашиглан Гвидогийн оршин суугаа газрыг олсон ч энэ нь тэр гэмт хэрэгтэн биш, нэр нэгтэй гэм зэмгүй иргэн байжээ. Цагдаа нар ийнхүү ямар ч гэмгүй иргэнийг буудаж алсан аж.
Цагдаа нар үүнийхээ төлөө мафиас сар бүр дөрвөн мянган доллар авч байв. Тэд
1980-1990 онд гэмт бүлэглэлийн найман увайгүй шаардлагыг гүйцээсэн юм.
Цагдаа нарыг 2005 онд тэтгэвэртээ гарчихсан хойно нь баривчилжээ. Эдүгээ Луис
Эпполито, Стивен Каракаппа нар насаараа шоронд хоригдох ял эдэлж байна.

АНУ-д нефтийн салбарынхан ажил хаяна

АНУ-ын ган цутгах үйлдвэрлэлийн ажилчдын үйлдвэрчний эвлэл (United Steelworkers union) –ээс Америкийн нефть боловсруулах есөн үйлдвэрийн ажилчдыг оролцуулсан ажил хаялт зохион байгуулах болсныг зарлалаа. Энэ нь 1980 оноос хойшх хамгийн том ажил хаялт болох юм хэмээн Los Angeles Times сонин мэдээлэв. Даатгалын төлбөрийг нэмэгдүүлэх ажилчдын шаардлагыг Shell компани биелүүлэхээс татгалзсан нь ажил хаях шалтгаан болжээ. Үйлдвэрчний эвлэл ажил хаялт зарласны дараа нефть, хийн Shell компани “Харилцан ойлголцолд хүрэхийн тулд хэлэлцээний ширээний ард суухад бэлэн” гэсэн мэдэгдэл гаргажээ. 




Эрх мэдэл, эмэгтэйчүүд болон хүүхдүүд

Энэ дэлхийн 800 сая гаруй хүн ердөө л 11 эрэгтэйн, тэр дотроо Монголын эзэнт гүрнийг үндэслэгч Чингис хааны удам ажээ. Генетикийн судлаачид орчин үеийн Азийн оршин суугчдын Ү-хромосом дахь цөмийн үргэлжлэлийн хосгүй чанарыг илрүүлж, хэд хэдэн “Үндэслэгч-эцэг”-ийн удам угсааг мөшгин шалгажээ. Зарим эрчүүдийн өсөн үржих хосгүй амжилтын түүхэн шалтгааны талаар эрдэмтэд European Journal of Human Genetics сэтгүүлд бичсэн байна.
Ү-хромосом нь эрэгтэй хүйсийг тодорхойлж байдаг SRY генийг агуулж байдаг бөгөөд зөвхөн эцгээс хүүд дамждаг аж. Цаг хугацаа өнгөрөхөд бие организмийн эд эсийн амьдралд нөлөөлөхүйц тохиолдлын өөрчлөлт хромосомд явагддаг. Энэ нь өнгөрсөн хэдэн мянган жилийн садан төрлийн холбоог судлан шалгахад гол түлхүүр болж өгдөг ажээ.
Эрдэмтэд Баруун Туркээс Эвенк, Казахстанаас Вьетнам хүртэлх Азийн 127 бүс нутгийн 5321 эрэгтэйн Y-хромосомыг судалсны эцэст тэдний 37.5 хувь нь 11 эрийн үр удам болохыг тогтоосон байна. Энэ хувийг Азийн өнөө үеийн хүн амд шилжүүлэн тооцвол тэдний үр удам 830 саяд хүрэх юм. Эд эсийн тохиолдлын өөрчлөлтөд хийсэн шинжилгээ “Үндэслэгч-эцэг”-үүдийн амьдарсан нас, бүс нутгийг тодорхойлоход туслажээ.
2003 онд Британийн генетик судлаач Крис Тайлер-Смит хүн төрөлхтний түүхийн хамгийн үржилтэй эцгээр Чингис хааныг тодруулсан юм. Тэрээр олон эхнэр, татвар эмстэй байсны зэрэгцээ түүний хүү, ач нар нь мөн хүчирхэг байлдан дагуулагчид болж эзэнт гүрнийг үндэслэгчийнхээ өсөн үржих амжилтыг нь бас давтжээ. Тайлер-Смитийн үзэж буйгаар, манай дэлхийн бүх эрчүүдийн 0.5 хувь нь (16 сая хүн) чингизидүүд буюу Монголын эзэнт гүрнийг үндэслэгчийн эцгийн талын үр сад ажээ. Британи эрдэмтний 2003 оны дүгнэлт саяхан хийсэн шинэ судалгаагаар батлагдсан юм.
“Үржил шимтэй” хоёр дахь эцгээр Манжуурын хунтайж Гиочанг тодорчээ. Тэрээр Цин улсыг үндэслэгч Абахай хааны гуч, Хятадыг дайлаар мордсон Нурхаци хааны ач хүү юм. Гиочангийн эцгийн талын шууд угсааны хүмүүс эдүгээ 500 мянгаар тоологдож байна.
Бусад агуу эцгүүдийг ойролцоогоор тогтоожээ. Манай эрины өмнөх 2100-300 онд Зүүн өмнөд Ази, Түвд, Зүүн Энэтхэг, Дундад Азид амьдарч байсан зургаан удирдагчийн үр удам ихээхэн байдаг аж. Манай эрины 700-1100 онд амьдарч байсан дөрвөн эцгийн нэгнийх нь үр сад эдүгээ Левантаас Өмнөд Энэтхэг хүртэлх газар нутагт амьдарч байна. Энэ удирдагч VIII-X  зуунд лал шашныг Евразид дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг аж.
Судалгаанд хамрагдсан иргэдийн 80 хувь нь гурван эрэгтэйд хамааралтай байна. Эдгээр нь манай эрины 700-1200 онд амьдарч байсан алтайн язгуурын хэлийг авч явсан хүмүүс юм. Тэд Дорнод Азийг Газар дундын тэнгистэй холбож байсан алдарт Торгоны зам хавийн газар нутагт амьдарч байв. Чингис хаан, Гиочангаас гадна үр удмаа олноор нь үлдээж байсан түүхэн бас нэг хүн нь IX-X зуунд амьдарч байжээ. Тэр үед Торгоны замын хяналтын төлөө Тангуд, Жужан, Кидан улсууд тэмцэлдэж байлаа. Тэднээс Киданы Ляо улсыг үндэслэгч Абаоцзи (926 онд өөд болсон) гурав дахь үржил ихтэй эцгээр тодрох магадлалтай байгаа юм.

Нэртэй удирдагчдаас хэн нь олон эхнэр, олон хүүхэдтэй байсныг эрдэмтэд ДНК-ийн шинжилгээгээр тогтоож болно хэмээн эрдэмтэд үзэж байна. Дундад зууны Еврази болон хүрэл үеийн Зүүн өмнөд Азид нүүдэлчдийн том том гүрнүүд үүсэн бий болж байсан нь “Олон хүүхэдтэй” удирдагчдыг төрүүлсэн хэмээн үздэг ажээ.  

Monday, December 8, 2014




Apple-ийн экс менежер нууц задруулсан хэргээр ял сонслоо

Apple-ийн глобал нийлүүлэлт хариуцсан менежер асан Пол Дивайн компанийн нууц мэдээллийг дамжуулсан хэргээр нэг жилийн хоригдох ял сонсч, 4.5 сая долларын торгууль төлөхөөр болжээ. Дивайн Apple компанийн нууцыг Азийн сэлбэг, эд анги нийлүүлэгчдэд дамжуулж хэдэн сая долларын шан харамж авсан хэмээн шүүх үзсэн байна. Тэрээр 2005 онд Apple компанид глобал нийлүүлэлт хариуцсан менежерээр орж 2010 онд баривчлагдах хүртлээ ажиллажээ. Сан-Хосегийн холбооны шүүх Дивайнд оноох ялыг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр зарласан байна. Эхлээд 20 жилийн ял өгөхөөр төлөвлөж байсан ч яагаад ийм олон жилийн дараа нэгхэн жилийн ял оноож байгаа нь тодорхойгүй. Дивайн мөрдөн шалгалтад хамтран ажиллаж, хууль бус сүлжээнд оролцсон бусад хүмүүсийг илчлэхэд ихээхэн туслалцаа үзүүлсэн тул ийнхүү хөнгөн ял авсан хэмээн бичиж байна.

Эболагаас хамгаалах хувцас хэрэглэлийг Ганад хүргэв

Японы агаарын хүчний онгоцууд Эбола вирусээс хамгаалах 20 мянган хувцас, хэрэглэлийг Гана улсад хүргэлээ хэмээн Kyodo агентлаг мэдээлэв. Баруун Африкийн орнуудад халдварт өвчнөөс сэргийлэх 700 мянган иж бүрэн хувцас, хэрэглэл нийлүүлэх төслийн нэг хэсэг нь энэ юм. Либери, Сьерра-Леон, Кени, Мали улс тусламжаа хүлээж байна. Баруун Африкийн орнуудад 17 мянга 800 хүн Эбола вирусээр халдварлаад байна.

Израилийн парламент тарлаа

Израилийн парламент өөрийгөө тараах хуулийг баталж, хугацаанаас өмнөх сонгуулийг 2015 оны гуравдугаар сарын 17-нд явуулах шийдвэр гаргалаа. Парламентыг тарааж, хугацаанаас өмнө сонгууль явуулахыг 93 депутат дэмжжээ.
Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ийнхүү хэлсэндээ хүрлээ. Тэрээр мөн сөрөг хүчний төвийн намын Сангийн сайд Яир Лапид, Хууль зүйн сайд Ципи Ливни нарыг огцруулж буйгаа зарлав.

Энэтхэгийн Ерөнхий сайд Time сэтгүүлийн “Оны хүн”

Time  сэтгүүлийн уншигчдын санал асуулгаар Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди “Оны хүн”-ээр тодорлоо. Модигийн төлөө таван сая уншигчийн 16 хувь нь саналаа өгчээ. Хоёрдугаар байрт АНУ-ын Фергюсон хотод цагдаа, эрх баригчдыг эсэргүүцсэн хүмүүс оржээ. Хонконг дахь эсэргүүцлийн хөдөлгөөний лидер Жошуа Вонг гуравдугаар байрт орсон байна. Нобелийн энх тайвны шагналт Малала Юсуфзай, Эбола тахлаар халдварласан хүмүүсийг эмчилсэн эмч, сувилагч нар эхний тавд багтжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин санал асуулгын дүнгээр зургадугаарт бичигдсэн байна. 


Хосе Мухика: Мөнгөнд их дуртай хүмүүсийг улс төрөөс зайлуулах хэрэгтэй

Латин Америкийн жижигхэн Уругвай улсад сонинд мэдээний зай бараг олдохгүй байна. Амьдралын энгийн хэв маяг, үлгэрийн мэт намтартай, эд материалын шуналгүй, илэн далангүй яриатай экс партизан Хосе Мухика улс орныг таван жил удирдаад халаагаа өгч байна. Түүний хуучин Volkswagen, үнэнч Мануэла, гурван хөлтэй нохой нь Уругвайн үндэсний билэг тэмдэг мэт болжээ. ХХI зууны хамгийн өвөрмөц лидер эрх мэдлийг орхихоос хэдхэн долоо хоногийн өмнө “АВС” сонин уулзаж ярилцжээ.

-Та 79 настай. Түүхэнд таныг хэрхэн дурсах бол?

-Үгүй ээ, надад түүх хамаагүй. Тэр бол бусдын бичдэг зүйл. Надад өөр хийх юм байна. Би өөртөө ийм эмгэнэлтэй асуулт тавьдаггүй.

-Та илүү сайн улсыг үлдээж байна уу?

-Нийгмийн шударга ёсны үүднээс харвал арай илүү сайн улсыг үлдээж байна. Ядуу, гуйлгачин хүмүүс цөөрлөө. Ирээдүйд илүү сайн нийгэм харагдаж байна.

-Та партизаны бүлгийн нэг хэсэг байсан. Тэр үеийн нөхцөл байдал эргэн ирвэл та гартаа дахин зэвсэг барих уу?

-Бид тэр ертөнцөд буцаад орвол зэвсгээ бариад л босох байх шүү. Гэхдээ хэзээ ч өнгөрсөн үе рүү эргэж ордоггүй юм. Тэр үед хэд хэдэн онцлог байсан, өнөөдөр бол өөр. Ядуу улс оронд коммунист нийгэм байгуулж байна гээд өөр бүлэгт харъяалагддаг хүмүүсийн эрх чөлөөг хязгаарлах оролдлого хийдэг байлаа. Тэгээд үр дүнд нь аймшигтай хүнд суртал бий болж тэр нь эцэстээ бутарч унаад дууссан. Өнөөдөр түүх биднийг капиталист болгочихлоо. Гэхдээ бид социалист гарлын амьтад болохоор энэ сэтгэхүйтэйгээ л дэлхийгээр алхаад байна.

-Та цаашдаа уйдах юм биш биз?

-Би уйдна гэж үү? Харин ч эсрэгээрээ, надад цаг хугацаа дутагдаж байна. Би газарт дуртай. Амьдралыг, байгалийг харах, бодох хэв маяг минь тэр чигээрээ тариачин. Би газартай ажиллах дуртай. Хүмүүст ажил хэрэгтэй болсон хэцүү бэрх үед миний хийж чадах хамгийн сайн зүйл бол газар. Бид газрыг орхиж, салж явдаг ч идэж, уух маань хүртэл газраас хамааралтай байдаг.

-Та бусад лидерээс огт өөр амьдралын хэв маягаараа ялгарсан хүн. Таны хүрсэн ололтыг дараагийн удирдагчид үгүй хийчих вий гэж айдаг уу?

-Магадгүй л юм. Гэхдээ ололт, амжилтыг хадгалж, хөгжүүлж явах нь Засгийн газрын үүрэг. Хуучныг нэг уламжлал бидний дундуур орж ирэх гээд байдаг. Удирдагчид нийгмийн эрх ямбатай цөөнхийн эрх ашигт нийцүүлж ажиллах гээд байдаг юм. Улс төрийн ажил мэргэжил нь эд баялагт үйлчилж, түүнийг сайрхуулахад байдаг юм уу? Хэлэхийг хүссэн зүйлээ базаад хэлчихье: мөнгөнд их дурладаг хүмүүсийг улс төрөөс хөөж зайлуулах хэрэгтэй.

-Европ тив хоёр дахь хямралаа туулж байхад Уругвайн эдийн засаг зогсолтгүй өссөөр. Та ямар нэг зөвлөгөө өгөхгүй биз?

-Европ зөвхөн хасаж, танаад хямралаас гарчихна гэж эрмэлзсэн. Тийм гүнзгий байдлыг тэгж эргүүлж чадахгүй.

-Европ, Латин Америк хоёр эсрэг тэсрэг замаар яваад байх шиг. Эхнийх нь холбоо байгуулаад одоо ан цав үүсээд, нөгөөх нь нэгдэж нийлээд, өсөөд дэвжээд яваад байна...?


-Бид олон жил буруугаа Европ, Америк руу чихэж, бэртэгчин маягаар амьдарсан. Бид хариуцлагаа хүлээхийг хүсдэггүй байлаа. Бусдыг буруутгах их амархан л даа. Испаниуд та нар одоо германуудыг буруутгаад сууж байна. Латин Америк бол ганц биш, олуулаа, олон ялгаатай. Гэхдээ бид 15 жилийн өмнөөс ярилцаж, хамтдаа шийдвэр гаргаад явж байна.

Monday, October 20, 2014

ncelotti deberá hacer en su pizarra una modificación tras la lesión de Gareth Bale. Isco se ha ganado ocupar el puesto del de Gales ante el Liverpool y ante el Barça.