Sunday, February 1, 2015



Эрх мэдэл, эмэгтэйчүүд болон хүүхдүүд

Энэ дэлхийн 800 сая гаруй хүн ердөө л 11 эрэгтэйн, тэр дотроо Монголын эзэнт гүрнийг үндэслэгч Чингис хааны удам ажээ. Генетикийн судлаачид орчин үеийн Азийн оршин суугчдын Ү-хромосом дахь цөмийн үргэлжлэлийн хосгүй чанарыг илрүүлж, хэд хэдэн “Үндэслэгч-эцэг”-ийн удам угсааг мөшгин шалгажээ. Зарим эрчүүдийн өсөн үржих хосгүй амжилтын түүхэн шалтгааны талаар эрдэмтэд European Journal of Human Genetics сэтгүүлд бичсэн байна.
Ү-хромосом нь эрэгтэй хүйсийг тодорхойлж байдаг SRY генийг агуулж байдаг бөгөөд зөвхөн эцгээс хүүд дамждаг аж. Цаг хугацаа өнгөрөхөд бие организмийн эд эсийн амьдралд нөлөөлөхүйц тохиолдлын өөрчлөлт хромосомд явагддаг. Энэ нь өнгөрсөн хэдэн мянган жилийн садан төрлийн холбоог судлан шалгахад гол түлхүүр болж өгдөг ажээ.
Эрдэмтэд Баруун Туркээс Эвенк, Казахстанаас Вьетнам хүртэлх Азийн 127 бүс нутгийн 5321 эрэгтэйн Y-хромосомыг судалсны эцэст тэдний 37.5 хувь нь 11 эрийн үр удам болохыг тогтоосон байна. Энэ хувийг Азийн өнөө үеийн хүн амд шилжүүлэн тооцвол тэдний үр удам 830 саяд хүрэх юм. Эд эсийн тохиолдлын өөрчлөлтөд хийсэн шинжилгээ “Үндэслэгч-эцэг”-үүдийн амьдарсан нас, бүс нутгийг тодорхойлоход туслажээ.
2003 онд Британийн генетик судлаач Крис Тайлер-Смит хүн төрөлхтний түүхийн хамгийн үржилтэй эцгээр Чингис хааныг тодруулсан юм. Тэрээр олон эхнэр, татвар эмстэй байсны зэрэгцээ түүний хүү, ач нар нь мөн хүчирхэг байлдан дагуулагчид болж эзэнт гүрнийг үндэслэгчийнхээ өсөн үржих амжилтыг нь бас давтжээ. Тайлер-Смитийн үзэж буйгаар, манай дэлхийн бүх эрчүүдийн 0.5 хувь нь (16 сая хүн) чингизидүүд буюу Монголын эзэнт гүрнийг үндэслэгчийн эцгийн талын үр сад ажээ. Британи эрдэмтний 2003 оны дүгнэлт саяхан хийсэн шинэ судалгаагаар батлагдсан юм.
“Үржил шимтэй” хоёр дахь эцгээр Манжуурын хунтайж Гиочанг тодорчээ. Тэрээр Цин улсыг үндэслэгч Абахай хааны гуч, Хятадыг дайлаар мордсон Нурхаци хааны ач хүү юм. Гиочангийн эцгийн талын шууд угсааны хүмүүс эдүгээ 500 мянгаар тоологдож байна.
Бусад агуу эцгүүдийг ойролцоогоор тогтоожээ. Манай эрины өмнөх 2100-300 онд Зүүн өмнөд Ази, Түвд, Зүүн Энэтхэг, Дундад Азид амьдарч байсан зургаан удирдагчийн үр удам ихээхэн байдаг аж. Манай эрины 700-1100 онд амьдарч байсан дөрвөн эцгийн нэгнийх нь үр сад эдүгээ Левантаас Өмнөд Энэтхэг хүртэлх газар нутагт амьдарч байна. Энэ удирдагч VIII-X  зуунд лал шашныг Евразид дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг аж.
Судалгаанд хамрагдсан иргэдийн 80 хувь нь гурван эрэгтэйд хамааралтай байна. Эдгээр нь манай эрины 700-1200 онд амьдарч байсан алтайн язгуурын хэлийг авч явсан хүмүүс юм. Тэд Дорнод Азийг Газар дундын тэнгистэй холбож байсан алдарт Торгоны зам хавийн газар нутагт амьдарч байв. Чингис хаан, Гиочангаас гадна үр удмаа олноор нь үлдээж байсан түүхэн бас нэг хүн нь IX-X зуунд амьдарч байжээ. Тэр үед Торгоны замын хяналтын төлөө Тангуд, Жужан, Кидан улсууд тэмцэлдэж байлаа. Тэднээс Киданы Ляо улсыг үндэслэгч Абаоцзи (926 онд өөд болсон) гурав дахь үржил ихтэй эцгээр тодрох магадлалтай байгаа юм.

Нэртэй удирдагчдаас хэн нь олон эхнэр, олон хүүхэдтэй байсныг эрдэмтэд ДНК-ийн шинжилгээгээр тогтоож болно хэмээн эрдэмтэд үзэж байна. Дундад зууны Еврази болон хүрэл үеийн Зүүн өмнөд Азид нүүдэлчдийн том том гүрнүүд үүсэн бий болж байсан нь “Олон хүүхэдтэй” удирдагчдыг төрүүлсэн хэмээн үздэг ажээ.  

No comments:

Post a Comment