Monday, April 6, 2015



Тунисийн Ерөнхийлөгч Эссесби: “Тунис хэзээ ч шариатын хуульд захирагдахгүй”

Тунисийн дарангуйлагч Бургиба, Бен Али нартай хамт ажиллаж байсан Бежи Каид Эссебси (88 настай) өнгөт хувьсгалын дараахь Тунисийн гол хүн болжээ. Дотоод хэрэг, Батлан хамгаалах, Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан тэрээр ардчилсан замаар сонгогдсон Тунисийн анхны Ерөнхийлөгч юм. Эссебси нь өнөөдөр Тунис дахь лалын босогчдыг сөрөн зогсож чадах ганц хүнд тооцогдож байна.

-Арваад хоногийн өмнө Тунисийн үндэсний музейд аймшигт аллага болж 21 хүн амь насаа алдсан. Египет, Ливийн дараа Тунис бас хүчирхийлэлд живэх гээд байна уу?

-Тунис тэр аяараа эрэмдэг болчихоод байна. Бидний үнэ цэнэт зүйлсийн эсрэг довтолж байна. Бардогийн үндэсний музей бол Тунисийн, хүн төрөлхтний түүхийг өгүүлдэг. Энэ түүхийг гайхаж бишрэх гэж ирсэн олон хүний амийг авч одлоо. Бид үүнийг мартаж чадахгүй.

-Тунист томоохон аллага болж магадгүйг Франц, Дани улс сэрэмжлүүлж байсан...?

-Гэхдээ энэ сэрэмжлүүлэг хангалттай байгаагүй. Бид ч алдаа гаргасан. Манай аюулгүй албаныхан маш шуурхай ажиллаж өөр олон хүний амь үрэгдэхээс сэргийлж чадсан. Террористууд тэсрэх бодистой бүсээ идэвхжүүлсэн бол бүр ауюлтай байх байлаа. Үүнээс гадна, музейн аюулгүй байдлыг баталгаажуулах тагнуулын мэдээлэл хангалтгүй байсан. Бен Алийг эрх мэдлээс зайлуулснаас хойшх дөрвөн жилд засаглал эмх замбараагаа алдаж, суларсан байсан. Гэвч бид эргэн сэргэсээр, шинэчлэл хийсээр явна.

-Сирид “Исламын улс” бүлэгтэй холбогдсон гурван тунис иргэн “Тунис улс лал шашинд захирагдаж, шариатын хууль дор орохоос нааш амар тайвныг үзэхгүй. Бид олон хүнийг хөнөөсөөр байх болно” хэмээн видео мэдэгдэл гаргасан байсан. Энэ нь бодит заналхийлэл үү?

-Тунис хэзээ ч шариатын хуульд захирагдахгүй. Тийм оролдлого байсан ч бүтэлгүйтэж байсан. Тунис дахь лал шашин нь нээлттэй, эвлэрэл, ойлголцлын лал шашин юм. Нөхцөл байдал хэврэг байгаа ч улс орон ардчиллын замдаа ороод байна. Бид буруу замаар эрх мэдэлд хүрээгүй. Харин ардчилсан хувьсал, өөрчлөлтийн замаар гарч ирсэн.

-Тунист жихадист үзэл нэмэгдэж байгааг юугаар тайлбарлах вэ?

-Сүүлийн жилүүдэд засаглал суларсны гай. Олон тунис иргэн, тэр тусмаа залуусын хувьд эдийн засаг, нийгмийн муу байдал их нөлөөлсөн. Мөн Ливитэй залгаа хил хязгаарт иргэний дайн болж, “Исламын улс”-д үнэнчээ илэрхийлсэн хүчтэй зэвсэгт бүлэглэлүүд гарч ирлээ. Тунис нь ардчиллын замдаа орсон тайван амгалан газар болчихоогүй байна. Ажилгүй, цөхөрсөн залуусыг элсүүлэх ажиллагаа явсаар байна. Өнөөдөр дөрвөн мянга орчим тунис залуучууд Сири, Ливид жихад дайчдын эгнээнд нэгдчихэж. Тэдний 500 нь энд буцаж ирчихээд бидний эсрэг довтлох гэж оролдож байна. Гэхдээ бид 5-6 мянган залуусыг “Исламын улс”-ын эгнээнд нэгдэхээс сэргийлж чадсан юм шүү.

-Жуулчдыг тайвшруулж эргүүлэн татахын тулд ямар арга хэмжээ авсан бэ?

-Аллагын дараагийн өдөр Тунисийн цагдаагийн газрын дарга, Бардо музейн хамгаалалтын албаны даргыг огцруулах зэргээр өргөн арга хэмжээ авсан. Ийнхүү бид аюулгүй байдлыг бодлого, хил хязгаарын батлан хамгаалалт, томоохон хотууд дахь аюулгүй байдлаа шинэчилж, чангатгахыг эрмэлзэж байна.

-Цөхрөөд туйлдаад байгаа тунис залууст хандаж юу хэлэхсэн бол?

-Тэд цөхрөхөөс өөр арга алга. Учир нь бид тэдэнд ажил өгч чадахгүй байна. 620 мянган хүн ажилгүй байгаагаас 250 мянга нь залуус байна. Бидэнд туслахыг хүсч байгаа хүмүүс зөвхөн аюулгүй байдлын бус мөн эдийн засгийн талбарт туслах хэрэгтэй байна.

-Б.Обаматай Вашингтонд уулзахдаа юу ярихаар зэхэж байна?

-Ерөнхийлөгч Обама Тунисийн талаар хэд хэдэн амлалт авсан. АНУ бидний сайн сайхны төлөө ажиллаад эхэлсэн. Бид 400 залуусаа АНУ-ын их дээд сургуульд суралцуулахаар илгээгээд байна. Сирид “Исламын улс”-тай нэгдэхээр явсан дөрвөн мянган тунис залуусын дэргэд бол бага тоо л доо. Бид дөрвөн мянган залуусаа Америкт сургаж чадвал сайн байна.

-Арабын хаврын итгэл найдвараас юу үлдээд байна вэ?

-Арабын хавар гэж байгаагүй. Тунисийн хавар л гэж байсан. Хэрвээ энэ хавар Тунист батлагдахгүй бол өөр хаана ч байхгүй гэсэн үг. Бидний “Хавар” аюулд орсон хэвээр байна. Зөвхөн террористууд биш, бүгдэд ажил олгох арга хэрэгсэл дутмаг байгаа, зарим бүс нутагт ядуурлыг арилгаж чадахгүй байгаагаас Тунисийн хавар, Тунисийн хувьсгал аюулд ороод байна.

-Та ардчилсан замаар сонгогдсон. Өнөөдөр таны нэн тэргүүний зорилт юу вэ?


-Миний бүрэн эрхийн хугацаа дуусахад тунис иргэд эх орондоо амар тайван, сайн сайхныг мэдэрч байх нь миний гол зорилт болж байна.

No comments:

Post a Comment