Tuesday, July 5, 2016



Багдадад амиа алдсан хүний тоо 250-д хүрлээ

Өнгөрсөн бүтэн сайнд Багдадад болсон дэлбэрэлтэд амиа алдсан хүний тоо 250-д хүрлээ хэмээн эрх баригчид мэдэгдэв. Дэлбэрэх бодистой ачааны машин Эль-Каррада дүүрэгт Рамадан сар дууссаныг тэмдэглэж байсан олон хүний дэргэд дэлбэрсэн юм. “Исламын улс” бүлэг энэ халдлагыг зохион байгуулснаа хүлээн зөвшөөрчээ. Иракт дэлбэрэлт, халдлага гарах нь хэвийн үзэгдэл болсон юм. Гэвч 2003 онд АНУ тэргүүтэй холбоотны цэрэг Иракт нэвтэрч орсноос хойш ийм аймшигтай, олон хүний аминд хүрсэн халдлага гарч байгаагүй билээ. Хоёр жилийн өмнө Иракт үүрэг гүйцэтгэж байсан АНУ болон НАТО-гийн цэргүүд нутаг буцаж, зөвхөн АНУ болон гадаадын дидломат төлөөлөгчийн газрын аюулгүй байдлыг хамгаалах цөөн тооны цэргүүд үлдсэн юм.

Б.Обама Хилларийн уулзалт дээр гарч ирэв


Ерөнхийлөгч Барак Обама Ардчилсан намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь тодорхой болоод байгаа Хиллари Клинтоны сонгуулийн өмнөх кампанит ажлын арга хэмжээн дээр анх удаа иржээ. Хойд Каролинагийн Шарлотт хотод болсон цуглаан дээр Обама “Би Хиллари Клинтонд итгэдэг учраас өнөөдөр энд ирлээ. Энэ албан тушаалд хамгийн их тохирсон эрэгтэй, эмэгтэй хүний аль нь ч өмнө нь байгаагүй, хэзээ ч байгаагүй” гэж хэлжээ. Бүгд найрамдах намын нэр дэвшигч Дональд Трампын нэр хүнд өсч буйн улмаас Цагаан ордны эзэн Хилларид ийнхүү дэмжлэг үзүүлэхийг хүссэн бололтой. “Хиллари бол агуу хүн. Энэ бол өнгөрсөнтэйгээ зууралдаад үлдэх үү, ирээдүй рүү алхах уу гэдэг сонголт юм” хэмээн Обама онцолжээ. Ардчилсан нам АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хүнээ долдугаар сарын 25-28-нд Филиадельфид болох их хурлаараа эцэслэн батлах юм. 

No comments:

Post a Comment