Tuesday, June 28, 2016




Лондонд Европын холбоог дэмжсэн жагсаал боллоо

Их Британийн нийслэл Лондон хотод Европын холбооноос гарч буйг эсэргүүцсэн хагас тайван жагсаал болжээ. Лондон хотын Трафалгар талбайг хэдэн мянган хүн дүүргэж “Европын холбоо, бид та нарыг орхихгүй” гэсэн уриа, зурагт хуудас барьсан байв. Жагсаалыг зохион байгуулагчид Facebook-ээр зар түгээсэн ч 50 мянган ирнэ хэмээн бүртгүүлэн тул энэ жагсаал, цуглааныг цуцалсан аж. Трафалгар талбай нь 10 мянган хүний багтаамжтай бөгөөд тэнд 50 мянган хүн цуглавал цагдаа нар аюулгүй байдлыг нь хангаж чадахгүй ажээ. Гэсэн хэдий ч олон хүн цуглаж, Их Британийг Европын холбооноос гарч буйг эсэргүүцсэн жагсаал болов. Лондон хотын иргэдийн ихэнх нь Британийг Европын холбооноос гаргахын төлөө саналаа өгсөн юм. Эсэргүүцэгчид ирэх хагас сайнд парламентын ордны өмнө томоохон жагсаал хийхээр төлөвлөж байна.

Садио Мане Африкийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч боллоо

Английн Премьер лигийн “Ливерпүүл” клуб “Саутхэмптон”-ы сенегал тоглогч Садио Манег 34 сая паундаар худалдаж авлаа. Ийнхүү 24 настай сенегал залуу хамгийн их үнэ хүрсэн Африкийн хөлбөмбөгч болов. Хөлбөмбөгийн хүрээнээс ирж буй мэдээллээс үзвэл, Манегийн шилжилт, наймааны үнэ 36 сая паундад хүрч магадгүй байна. Тэгвэл Садио Мане “Ливерпүүл”-ийн түүхэн дэх хамгийн үнэтэй тоглогч болох ажээ. Тус клуб 2011 онд Энди Кэрроллыг 35 сая паундаар худалдан авч байв. Европын хамгийн хүчтэй, том клубын нэгэнд тоглох болсондоо сэтгэл хангалуун байна хэмээн Садио Мане ярилаа. Өнгөрсөн улирлаас эхлэн герман дасгалжуулагч Юрген Клоппыг авчирсан “Ливерпүүл” клуб Премьер лигт наймдугаар байр эзэлсэн юм.

Казахстан Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн болов

Казахстан улс 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хоёр жилийн хугацаатайгаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн болж байна. Ерөнхий Ассамблей дээр болсон санал хураалтаар, Казахстан 138 орны санал авсан бол, түүний гол өрсөлдөгч Тайланд 55 орны санал авчээ. Мөн Швед, Этиоп, Болив улс Аюулгүйн зөвлөлийн шинэ гишүүн болсон байна. Тав дахь гишүүний эрхийн төлөө Итали, Голланд улс өрсөлдөж байгаа аж.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд НҮБ-ын тогтоолд хориг тавих эрхтэй Их Британи, Хятад, Орос, Америк, Франц гэсэн таван улс ордог. Байнгын бус арван гишүүн орныг хоёр жилийн хугацаатай сонгодог ажээ. Аюулгүйн зөвлөлд багтахын тулд тухайн орон Ерөнхий Ассамблейн гишүүдийн саналын гуравны хоёрыг авсан байх ёстой. 2017 онд Ангол, Венесуэль, Испани, Малайз, Шинэ Зеландын байнгын бус гишүүний эрх дуусах ажээ.

Ж.Ленноны цустай цамц 41 мянган доллараар зарагдав

“Битлз” хамтлагийг үүсгэн байгуулагч Жон Ленноныг алуулах үед хажууд нь зогсож байсан харуул Жей Гастингсийн цамц багагүй үнээр зарагдлаа. Ленноны цус үсэрсэн энэхүү цагаан цамцыг дуудлага худалдаагаар оруулж 41 мянган доллараар зарлаа хэмээн The Daily Mail сонин уламжлав. Леннон 1980 оны арванхоёрдугаар сарын 8-нд АНУ-ын Нью-Йорк хотын “Дакота” барилгын өмнө шүтэн бишрэгч Марк Чапманд буудуулан амиа алдсан юм. Аллаг болох үед ойрхон зогсож байсан хаалгач Гастингс цусанд будагдсан дуучинд туслахаар очсон аж. Ийнхүү түүний цагаан цамцан дээр нэрт дуучин, хөгжимчний цусны толбо үлдсэн ажээ. Энэхүү цамцыг дуудлага худалдаагаар оруулж есөн мянга 300 доллараас эхэлж дуудсан байна. Гастингс энэ цамцаа 30 жилийн турш хэнд хэлэлгүй шүүгээндээ хадгалж байжээ. Саяхан бас Жон Ленноны 10 см урт туг үсийг 35 сая доллараар зарж байсан билээ. 


Стамбулын нисэх буудалд дэлбэрэлт болж 28 хүн амиа алдлаа

Туркийн Стамбул хотын Ататюркийн нэрэмжит нисэх онгоцны буудалд халдлага болж дор хаяж 28 хүн амиа алдлаа хэмээн тус улсын Хууль зүйн яамнаас мэдэгдэв. Шархдаж гэмтсэн хүний тоо 60-д хүрчээ. Халдлага, дэлбэрэлтийг амиа золиослогч хоёр этгээд зохион байгуулсан хэмээн Туркийн хууль сахиулах байгууллага үзэж байна. Хууль зүйн сайд Бекир Боздагийн баталж буйгаар, хоёр этгээдийн нэг нь нисэх буудлын хамгаалалтын ажилтнууд руу Калашниковын автомат буугаар гал нээсэн аж. Бусад гэрчийн мэдүүлгээс үзвэл, алан хядагчид автомат буугаар хүмүүс рүү гал нээж, дараа нь өөрсдийгөө дэлбэлсэн ажээ.
Ататюркийн нэрэмжит нисэх онгоцны буудал дээр хоёр дэлбэрэлт болжээ. Нэг дэлбэрэлт нь нисэх буудлын гадаа байдаг металл илрүүлэгч бүсэд, олон хүний дунд болсон аж. Түргэн тусламжийн баг гэмтэж, шархадсан хүмүүсийг яаралтай зөөж, цагдаа нар хэргийг газрыг, нисэх буудлыг хамгаалалтад авлаа. Шархдаж бэртсэн зарим хүнийг таксигаар зөөж байсан хэмээн Reuters агентлаг мэдээлэв.

Стамбулд газардахаар ирж, агаарт эргэлдэж байсан нисэх онгоцнуудыг Ататюркийн нисэх онгоцны буудалд газардахыг зөвшөөрсөн аж. Мөн Стамбулаас хөөрөх гэж байсан нислэгүүдийг хойшлуулж, зорчигчдыг  нь зочид буудалд байрлуулжээ. Алан хядах ажиллагаа үйлдэгдсэнээс хойш хэдэн нислэг хойшлоод байгааг зарлахад эрт байна хэмээн нисэх буудлын төлөөлөгч мэдэгдэв. Туркийн эрх баригчид Курдын салан тусгаарлагчид болон “Исламын улс” бүлгийг энэ халдлагад сэжиглэж байна. Ататюркийн нисэх онгоцны буудал нь өнгөрсөн оноос эхлэн Лондоны Хитроу, Парисын Шарль де Голлийн хамт Европын гурван том нисэх буудлын нэг болсон билээ. 2015 онд 61 сая хүн энэ нисэх буудлаар үйлчлүүлжээ.

Sunday, June 26, 2016



Испанид Ардын нам ялалт байгуулжээ

Испанид сүүлийн хагас жилд хоёр дахь удаагаа болж буй парламентын сонгуулийн дүн гарчээ. Ямар ч улс төрийн нам Засгийн газрыг дангаараа бүрдүүлэх үнэмлэхүй олонх болж чадсангүй. Ерөнхий сайд Мариано Рахойн тэргүүлдэг Ардын нам Испанийн парламентын доод танхим болох депутатуудын конгрессын 350 суудлын 137-г авчээ. Социалист ажилчдын нам өнгөрсөн сонгуулиас таваар бага буюу 85 суудал авч хоёрдугаарт жагсчээ. “Podemos” (“Бид чадна”) зүүний эвсэл 71, барууны төвийн үзэлтэй “Иргэд” эвсэл 32 суудал авсан байна. 2015 оны арванхоёрдугаар сард болсон өмнөх сонгуульд парламентад багтсан дөрвөн гол намын аль нь ч үнэмлэхүй олонх болж чадаагүй байсан юм. Намууд эвсэл байгуулах талаар хэдэн сарын турш хэлэлцээ хийсэн ч эвслээ ч, Засгийн газраа ч байгуулж чадаагүй билээ. Ийнхүү тавдугаар сарын эхээр Испанийн хаан VI Фелипе парламентыг тарааж, шинэ сонгуулийг зарлахаас өөр аргагүй болсон юм.

Ерөнхий сайд Мариано Рахой сонгуулийн кампанит ажлын үеэр эдийн засгийн тогтвортой байдал, эсвэл “Podemos” намын санал болгож буй тодорхойгүй, эргэлзээтэй байдлын хооронд сонголт хийхийг иргэддээ уриалсан аж. Испани улс эдийн засгийн хямралаа давахын тулд Европын холбооны шаардлагыг биелүүлж, төсвөө хасч, “иргэдийн бүсийг чангалж” байх үед улс орон даяар үүссэн эсэргүүцлийн хөдөлгөөний суурин дээр хэт зүүний үзэлтэй “Podemos” нам үүсэн байгуулагдсан юм. Тус намынхан, Мариано Рахой тэргүүтэй Ардын нам 2008 оны санхүүгийн хямралын үр дагаварыг засч, залруулах чадваргүйн улмаас иргэдийн итгэлийг алдсан хэмээн үздэг аж. Гэвч Ардын нам, Испанийн эдийн засаг сэргэх шинж тэмдэг илт ажиглагдах болсон бидний бодлого амжилт олж буйн илрэл хэмээн сонгуулийн кампанийн үеэр цохон тэмдэглэж байсан билээ. Авлигын томоохон шуугианууд, эдийн засгийн уналтын үеэр сонгууль болж өнгөрлөө. 

Wednesday, June 22, 2016



Энэтхэгт 93 хүн аянганд цохиулж нас баржээ

Энэтхэгт сүүлийн хоёр өдөрт 93 хүн аянганд цохиулан нас барж, 20 орчим хүн шархдаж гэмтлээ хэмээн тус улсын эрх баригчид мэдээлэв. Зүүн хойд хэсгийн Бихар мужид 56, Жаркханд, Уттар-Прадеш, Мадхья-Прадеш мужид 37 иргэн тэнгэрийн ниргэлтэд өртжээ. Амь үрэгдсэн хүмүүсийн ихэнх нь талбай дээр ажиллаж байсан фермерүүд, хөдөө аж ахуйн тариаланчид байжээ. Энэтхэгт намар хүртэл үргэлжилдэг борооны улирал эхлээд байгаа юм. Есдүгээр сарын сүүлч хүртэл гурван сар хагас үргэлжилдэг энэ хугацаанд жилийн нийт хур тунадасын 80 хувь нь ордог ажээ.
“Амь үрэгдсэн хүмүүсийн дунд олон хүүхэд, эмэгтэйчүүд байна” хэмээн Бихар мужийн байгалийн гамшигтай тэмцэх төвийн ажилтан мэдэгдэв. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди байгалийн гамшигт амиа алдсан хүмүүсийн ар гэрт эмгэнэл илэрхийлэв. Тус улсад жил бүр хоёр мянган хүн аянганд ниргүүлж амиа алддаг ажээ.

Оросын хүндийг өргөгчдийг Риогийн олимпоос хасч магадгүй

ОХУ-ын хүндийн өргөлтийн шигшээ баг Рио-де-Жанейрогийн олимпоос хасагдаж магадгүй хэмээн Олон улсын хүндийн өргөлтийн холбооноос мэдэгдэв. Тбилисид болсон холбооны гүйцэтгэх зөвлөлийн сэргээшийн асуудлаарх хуралдааны эхний өдөр ийнхүү мэдэгдсэн юм. Сэргээшийн эсрэг дүрэм журмыг нэг бус удаа зөрчсөн бол үндэсний олимпийн хорооны олимпод оролцох эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасах тухай ярьж байгаа аж. 2008, 2012 оны олимпод оролцсон нэг улсын гурван тамирчнаас сэргээш илэрсэн бол Риогийн олимпод оролцуулахгүй. Одоогоор Риогийн олимпоос хасагдаж магадгүй байгаа улсууд нь Орос, Казахстан, Белорусь болж байна. Үүнээс гадна Орос, Белорусь, Солонгос, Молдав, Азербайжан улсын олимпийн квотыг хасчээ. Оросууд хоёр квотоо хасуулсан аж.

Д.Трамп Хилларийг “Худалч авгай” гэжээ

Бүгд найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөх нь бараг тодорхой болоод байгаа тэрбумтан Дональд Трамп өрсөлдөгч Хиллари Клинтоныг “Дэлхийн хэмжээний худалч авгай” хэмээн нэрлэв. Тэрээр Нью-Йоркийн сонгогчдын өмнө үг хэлэхдээ Ардчилсан намын нэр дэвшигчийг буруутгаж, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байхдаа хувийн ашиг сонирхлоо эрхэмлэж байсан гэжээ. Трамп өрсөлдөгчөө АНУ-ын Ерөнхийлөгч болох хэрсүү ухаан суугаагүй хэмээн шүүмжлэв. Х.Клинтон нэгэн уулзалт дээр Д.Трампыг хатуухан шүүмжилж, түүнд АНУ-ын эдийн засгийг сэргээх тодорхой төлөвлөгөө байхгүй хэмээн мэдэгдсэн юм. Мөн түүнийг АНУ-ыг дампууруулах хүн хэмээн нэрлэсэн ажээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд арваннэгдүгээр сарын 8-нд болно.

Нудистууд дүрвэгсдийн төлөө хувцас өмсөхийг эсэргүүцэв

Германы Familiensport und FKK нудист клубын гишүүд нуурын усанд орохдоо усны хувцас өмсч бай гэсэн эрх баригчдын зөвлөмж, зааврыг хүлээж авчээ. Энэ тухай The Independent сонин мэдээлж байна. Учир нь Дрезден хотоос хойд зүгт байдаг нуурын ойролцоо дүрвэгсдийн хуаран байгуулахаар төлөвлөж байгаа аж. Нүцгэн, шалдан сэлэх дуртай германууд бүр 100 жилийн өмнөөс энэ нууранд сэлдэг уламжлал тогтсон юм. Нудист клубын гишүүд эрх баригчдын санаачилгыг ихэд эгдүүцэн хүлээн авч “Хүний эрхийг зөрчиж байна. Бид энэ шаардлагыг биелүүлэхгүй” хэмээн мэдэгдэв. Европын орнууд 2015 онд цагаач, дүрвэгчдийн хөлд дарагдаж хямрал үүсээд байгаа билээ. Германд хамгийн их буюу нэг сая гаруй цагаач иржээ. НҮБ-ын тооцоолж буйгаар, 2016 онд Европ дахь цагаачлалын давалгаа 2-3 дахин нэмэгдэх ажээ.


М.Жексон Neverland эдлэндээ хүүхдийн порнографийн цуглуулгатай байжээ

АНУ-ын цагдаа нар попын хаан Майкл Жексоны Калифорни дахь Neverland эдлэнд нэгжлэг, шалгалт явуулах үеэр хүүхдийн порнограф, садар самууны өргөн цуглуулгыг олж байжээ. Энэ тухай Британийн The Daily Mail сонин мэдээлж байна. Нэгжлэг 2003 оны арваннэгдүгээр сард, дуучныг Лас-Вегаст байхад нь явагдаж байсан юм. Тухайн үед болсон шүүх хурал дээр попын хааны цуглуулгад байсан зураг, бичлэгийг харуулж, баримт болгон хавсаргаж байсан аж. Тэр үед 13 настай байсан Гэвин Арвизо хэмээх хөвгүүн нэрт дуучны садар самуун явдалд хэд хэдэн удаа уруу татагдсан хэмээн гомдол, хүсэлт гаргасны дараа цагдаа нар Жексоны эдлэн рүү нэвтэрч оржээ.
Майкл Жексоны унтлагын өрөө, угаалгын өрөөнд зарим нь насанд хүрээгүй өсвөр жаалуудын долоон порнограф цуглуулга байсан аж. Үүнээс гадна, амьтдыг тамалж, өргөл барьц болгосон гэрэл зургууд байжээ. “Хүүхэд, томчууд, нүцгэн хүүхдүүдийг тамалж, дур хүслээ хангаж байгаа эвгүй, аймшигтай зурагнууд байсан” хэмээн попын хааны хүүхдүүдийг садар самуунд уруу татсан хэргийг шалгаж байсан цагдаагийн багийн гишүүн ярьж байсан юм. “Майкл Жексон цус, эрээ цээргүй секс зургаас таашаал авч, хар тамхи хэрэглэж, амьтад, томчууд, хүүхдүүдийг тамалж, зовоож дур, хүслээ гүйцээсэн гэх баримт, нотолгоо олдож байсан” хэмээн хэргийг шалгасан хүн хэлж байсан удаатай.
Санта Барбара дүүргийн туслах прокурор Рон Зонен “Neverland зуслангаас олдсон баримт материалын ихэнх хэсэг нь хүүхдийн нүцгэн биеийг эрээ цээргүй харуулсан зураг, бичлэг байсан. Майкл хүүхдүүдийг орондоо хамт, зэрэг унтуулдаг байснаа хүлээн зөвшөөрсөн. Түүний садар хүсэлд уруу татагдсан таван хүүхдийг бид илүүлсэн. Миний хувьд, дуучин Майкл Жексон бага насны хүүхдүүдийг садар самуун хүсэлдээ уруу татсан гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн Зонен хэлж байв.

2003 оны арваннэгдүгээр сарын тэрхүү шалгалт, нэгжлэгийн дараа прокурор попын хааныг баривчлах шийдвэр гаргажээ. Жексон Лас-Вегасаас буцаж ирээд цагдаагийн газарт сайн дураараа очсон билээ. 2005 онд хүүхдүүдийг садар самуунд уруу татсан, 14-оос доош насны хүүхдэд хортой бодис нийлүүлсэн зэрэг долоон зүйл ангиар буруутгагдсан. Гэвч эцсийн шийдвэрийг гаргадаг ганц шүүгч эцсийн мөчид түүнийг гэм буруугүй хэмээн зарласнаар попын хаан Майкл Жексон 20 жил шоронд хоригдох ялаас аврагдаж байсан юм. Шийдвэрийг гаргасан шүүгчид эргэлзэх үндэслэл их байсан ч энэ нь эцсийн, давж заалдашгүй шийдвэр байсан билээ. 

Tuesday, June 21, 2016

Ливид дэлбэрэлт болж 25 хүн амь үрэгдэв

Ливийн нийслэл Триполи хотос холгүй орших Гарабулли хотод дэлбэрэлт болж дор хаяж 25 хүний аминд хүрчээ. 30 орчим хүн шархдаж гэмтсэн байна. Зарим мэдээллээр, орон нутгийн иргэд Мисрата хотын зэвсэгт бүлгийнхэнтэй маргалдсаны дараа зэвсгийн агуулах дэлбэрсэн аж. Тус бүлэг зэвсгийн агуулах, эргэн тойронд нь байрлах хуаранг хамгаалж байсан бололтой. Босогчид энэ хэрэг явдлын дараа хуаранг орхиж явжээ. Гарабулли хот орчим байгаа ВВС-ийн сурвалжлагч, тус бүс нутгийн уулын зам хаагдаж, дэлбэрэлт, байлдаан болж буй чимээ сонсогдож байна хэмээн мэдээлэв.
Гарабулли хотын нэг оршин суугч, дэлбэрэх бодистой ачааны машин дэлбэрсэн хэмээн баталж байна. Мисратагийн нэг босогч дэлгүүрээс юм аваад төлбөрөө хийхээс татгалзжээ. Дэлгүүрийн эзэн түүнийг буудсаны дараа босогчид орж ирээд дэлгүүрийг, дэлгүүрийн эзний гэрийг шатаасан аж. Энэ гал түймрийн улмаас тэсрэх бодис ачсан машин дэлбэрчээ. Энэ мэдээллийг бусад эх сурвалж батлаагүй байна. Гарабулли нь Триполи хотоос зүүн тийш 50 км-т оршдог. Тэнд байдаг хөдөлгөөн ихтэй шалган нэвтрүүлэх боомтыг нутгийн иргэд, босогчдын бүлэг хянадаг ажээ.

Хойд Солонгос дунд тусгалын пуужин туршлаа

Хойд Солонгос дунд тусгалын хоёр “Мусудан” пуужин харвалаа хэмээн Өмнөд Солонгосын мэдээллийн агентлаг уламжлав. Эхний пуужинг өглөөний 06.00 цагт, дараагийн пуужинг хэдэн цагийн дараа харважээ. Туршилт амжилтгүй болсон хэмээн Өмнөд Солонгосын цэргийн түшмэл ярьжээ. Хойдууд пуужин харвасныг АНУ-ын Номхон далайн цэргийн командлал бүртгэж авсан байна. Хоёр дахь пуужин 400 км зам туулаад тэнгист унасан бололтой. Японы зэвсэгт хүчин түгшүүр зарлаж, “Patriot” пуужингийн цогцолборыг бэлэн байдалд оруулсан аж. Хойд Солонгос дөрөв, тавдугаар сард “Мусудан” пуужинг туршиж байсан ч бүгд амжилтгүй болсон юм. Энэ нь гурван мянган км-т байгаа байг онож устгах үзүүлэлттэй пуужин. Өөрөөр хэлбэл, Японы хаана ч, мөн Америкийн мэдлийн Гуам аралд хүрэх чадалтай ажээ.

Х.Клинтон: Трамп Америкийг дампууруулна

Ардчилсан намын нэр дэвшигч Хиллари Клинтон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн гол өрсөлдөгч Дональд Трампыг “Тэр Америкийн дампууруулна” хэмээн хатуухан шүүмжлэв. “Тэр Америкийг дампууруулахыг бид зөвшөөрөх учиргүй. АНУ түүний дампуурсан казино шиг болох ёсгүй” хэмээн Хиллари Охайо мужид иргэдтэй уулзахдаа хэлсэн байна. Экс тэргүүн хатагтай Трампыг дахин егөөдөж “Тэр эдийн засгийг удирдах чадваргүй. Трамп бизнесийн олон ном бичсэн. Гэвч тэдгээр нь бүгд 11-р бүлгээр төгсдөг” гэжээ. АНУ-ын дампуурлын хууль 11 бүлэгтэй байдаг аж.
Financial Times сонин саяхан уншигчдынхаа дунд судалгаа явуулахад, Трампад Клинтоноос илүү итгэж байгаа нь харагджээ. Трампыг илүү их ажлын байр бий болгоно хэмээн үзсэн байна. Хиллари мөн Трампыг татвар төлөгчдийн мөнгөөр АНУ-ын санхүүгийн элит ангийн ашиг сонирхлыг хамгаалж байна хэмээн үзжээ. “Дональд Трамп тэрбумтнуудад гурван их наяд долларын хөнгөлөлт эдлүүлэх болно. Тэр Америкийн 120 мянган баян гэр бүлд 120 сая энгийн америк иргэнээс ч их мөн өгнө” хэмээн Хиллари хэлсэн байна.

Н.Мадурог огцруулах гарын үсгийг цуглуулж байна

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог огцруулах эсэх бүх нийтийн санал асуулга явуулахад шаардлагатай 195 мянган хүний гарын үсэг цуглуулах ажиллагаа эхэлж, эхний өдөр л 72 мянга 150 хүний гарын үсэг цуглаад байна.
Сөрөг хүчний лидер Энрике Каприлесийн хэлж буйгаар, бүх нийтийн санал асуулгын талыг баримтлагчид хоёр хоногийн дотор эдгээр гарын үсэг үнэн, жинхэнэ эсэхийг батлах шаардлагатай болж байгаа аж. Ерөнхийлөгч Мадурогийн бүрэн эрхийн хугацаа 2019 оны нэгдүгээр сард дуусна. Гэвч парламентын сонгуульд ялалт байгуулсан сөрөг хүчин түүнийг хугацаанаас нь өмнө буулгах сонирхолтой байна. Гарын үсэг маш хурдан цуглаж байгаа нь Венесуэлийн иргэд Мадурогоос залхаж байгаагийн илрэл хэмээн Каприлес хэллээ. 


Латин Америкийн орнуудын нэрний гарал үүсэл

Цуут аялагч Кристобал Колумб Америк тивийг нээхээс өмнө эдгээр улс орнууд үүсээгүй, байгаагүй нь тодорхой. Харин эдгээр улс орны нэр хаанаас, хэрхэн гарч ирсэн бэ? ВВС үүнд хариулж байна.

Аргентин (Argentina)

Тус улсын нэр нь мөнгө (металл) гэсэн утгатай. Латин хэлэнд “argentum”, испанид “argénteo” гэдэг нь мөнгө гэсэн үг ажээ. 1554 онд бичиг цаасан дээр анх Terra Argentea буюу Мөнгөтэй газар хэмээн тэмдэглэж байсан хэмээн Аргентины Батлан хамгаалах яамны веб сайтад бичсэн байдаг. Мөн Аргентины газар зүйн байрлал ч Río de la Plata буюу Мөнгөн голыг дагаж үүссэн ажээ.

Болив (Bolivia)

Латин Америкийн орнуудыг Испанийн дарлалаас чөлөөлөгч, цэргийн жанжин Симон Боливарын нэрийг авсан гэж ярьдаг ч яг тийм гэсэн баталгаа байхгүй.

Бразил (Brasil)

Шатаж буй гал, цог шиг улаан өнгөтэй нэгэн модны нэрнээс Бразил гэсэн нэр үүсчээ. Португалууд энэ газар нутаг дээр ирээд Pau Brasil хэмээн модных нь нэрээр нэрлэж байсан аж. Өмнөд Америкт элбэг таардаг энэ модноос уугуул индианууд улаан будаг гаргаж авдаг байжээ.

Чили (Chile)

Олон хувилбар байдгаас, уугуул кечуа, аймара омгийн индиануудын хэлэнд байдаг chilli буюу төгсгөл гэдэг үгнээс гаралтай гэж зарим түүхч үздэг. Тэр үед Чилийн газар нутгийг эрхшээлдээ байлгаж байсан инкүүдийн хаант улсын төгсгөлийг зөгнөж ийнхүү нэрлэсэн аж. Мөн tchili буюу “цас, хүйтэн” гэсэн утгатай үг ч гэж тайлбарлах нь бий.

Колумб (Colombia)

Энэ нь мэдээж аялагч, нээгч Кристобал Колумбийн дурсгалыг хүндэтгэснээс үүдэлтэй нэр. Түүний удирдсан испаничуудын хөлөг онгоц 1492 онд Америк тивийн эрэг дээр бууж байсан билээ. Колумб улс 153 жилийн өмнөөс энэ нэрээ авчээ. Тэрнээс өмнө Их Гранада, Их Колумб хэмээн нэрлэгдэж байв

Коста Рика (Costa Rica)

Баян эрэг гэсэн испани үг. Колумб анх энэ улсад ирээд ихээхэн алт олно гэж итгэхдээ ийм нэр өгсөн тухай Oxford толь бичигт тэмдэглэсэн байдаг.

Куба (Cuba)

Олон хувилбар байдаг. Тус арал дээр амьдардаг байсан таино индиануудын хэлэнд байдаг Ciba буюу “Чулуу, уул, агуй” гэсэн үг гэдэг. Мөн cohiba гэсэн таино үг ч гэх нь бий. Бас нэг хувилбар нь, таино хэлэнд “Төв газар”-ыг Cubanacan гэдэг аж.

Эквадор (Ecuador)

Мэдээж экваторын бүс буюу дэлхийн бөмбөрцгийг өмнөд, хойд хэмээн хуваадаг зааг дээр оршдог болохоор ингэж нэрлэжээ. Тус улс 1830 онд Их Колумб улсаас тусгаарласны дараа энэ нэрээ авчээ.

Ямайк (Jamaica)

Мөн л Xaymaca, эсвэл Yamaya гэсэн таино үгнээс үүсчээ. Сүүлд энэ үг испани хэлэнд орж ирэхдээ Jamaica буюу Ямайк (Испани хэлэнд Хамайка гэж дуудагдана) болон хувирчээ. “Ой модтой, устай газар” гэсэн утгатай.

Мексик (Mexico)

Ацтекууд өөрсдийн нийслэл хотоо Metztlixihtlico гэж нэрлэдэг байсан нь испани хэлэнд Мексик болон орж ирснээр энэ улсын нэр тогтжээ. Ацтек хэлэнд “Сарны төв дээр” гэсэн утга илэрхийлнэ.

Парагвай (Paraguay)


Тус улсын уугуул гуарани иргэдийн хэлэнд тэнгисийг Para, үүслийг Gua, усыг Y гэдэг ажээ. Тэгэхээр Paraguay гэдэг нь “Тэнгисээс ирж буй ус” гэсэн утгатай болж байгаа аж. Мөн испанинуудтай энхийн гэрээ байгуулсан индиануудын удирдагч Paragua буюу “Одон титэм” гэсэн нэртэй байжээ.