Tuesday, September 6, 2016



Гэмт хэрэгтнүүд цагдаагийн нисдэг тэргийг буудаж унагажээ

Мексикийн Мичоакан мужид гэмт бүлэглэлийн гишүүд цагдаа нартай мөргөлдөх үеэрээ цагдаагийн нислэг тэргийг буудаж унагажээ. Мужийн захирагч Силвано, Аурелесийн хэлж буйгаар, Апацинган хот дахь гэмт бүлэглэлийн толгойлогчдыг баривчлах ажиллагаанд нисдэг тэрэг оролцож байсан аж. Мичоакан мужид хоёр том мафи байдаг. Харин аль мафи нь цагдаа нартай тулж, нисдэг тэрэг унагасан нь тодорхойгүй байна. Ажиллагааны үеэр цагдаа нарт агаараас дэмжлэг үзүүлж байсан нисдэг тэрэг суманд өртөн унасан аж. Нисгэгч, гурван цагдаа амь насаа алджээ. Мичоакан нь Мексиктээ гэмт хэргээр толгой цохьдог мужийн нэг юм. Хэд хоногийн өмнө гэмт хэрэгтнүүд цэргийнхэнтэй буудалцаж 11 хүн амиа алджээ.

Ф.Киркоров Дональд Трампыг дэмжив

Орос, Болгарын дуучин Филипп Киркоров АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшиж байгаа тэрбумтан Дональд Трампыг дэмжсэн зүйл ярьжээ. Тэрээр Британийн ВВС агентлагт ярихдаа “Трамп бид хоёр эртний танилууд. Бараг хорин жилийн өмнөөс түүнийг мэднэ. 1994 онд америк бизнесмэн Оросын нэрт дуучныг домогт Алла Пугачевагийн хамт Атлантик-Сити дахь “Таж-Махал” зугаа цэнгээний төвийнхөө нээлтэд урьж байжээ. Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдвол Оросын найз нөхөр болно хэмээн Киркоров өгүүлэв.
“Трамп Орост их ирдэг, тэр Орос оронд, оросуудад дуртай. Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялвал манай хоёр улсын харилцаа улам нэгдэж нягтарна. Би үүнд итгэлтэй байна. Яагаад гэвэл, бид хоёр том үндэстэн, хоёр том улс шүү дээ. Орос, Америк  хоёр найз нөхөр байх ёстой” хэмээн нэрт дуучин хэллээ.

“Аль-Кайда”-гийн 13 дайчныг устгажээ

Америкийн цэргийнхэн Арабын хойг дахь “Аль-Кайда”-гийн 13 дайчныг устгажээ. Наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 4-ний хооронд Йемений төвийн бүс нутагт терроризмын эсрэг тусгай ажиллагаа явуулж, агаараас довтолсны дараа ийнхүү хэт даврагчдыг устгажээ. Арабын хойг дахь “Аль-Кайда” өөрсдийн довтолгоо дайралтыг явуулахын тулд Йеменд иргэний дайн өдөөсөн хэмээн АНУ буруутгадаг аж. Тус улс дахь “Аль-Кайда”-гийн алан хядагчид бүс нутаг төдийгүй, бусад улс орон, АНУ-д хүртэл аюул занал учруулж байгааг Пентагон онцолжээ. 2011 оны Арабын хаврын дараа Арабын хойг дахь “Аль-Кайда”-гийн үйл ажиллагаа ихэд идэвхжсэн юм.

Өмнөд Солонгос руу зугтаасан хойдуудын тоо 15 хувиар өсчээ

2016 онд Өмнөд Солонгос руу зугтаж гарсан Хойд Солонгосын иргэдийн тоо 2015 онтой харьцуулахад 15 хувиар өсчээ. Энэ оны эхний найман сард Хойд Солонгосын 894 иргэн өмнөд хөрш рүүгээ зугтан гарсан байна. 2015 оны энэ хугацаанд 777 иргэн Өмнөд Солонгос руу зугтаж байжээ. Өнөөдөр Өмнөд Солонгост Хойд Солонгосын иргэншилтэй байсан 29 мянга 688 хүн амьдарч байна. 2016 оны эцэс гэхэд энэ тоо 30 мянгад хүрнэ хэмээн Өмнөд Солонгосын Нэгтгэлийн яам таамаглаж байгаа аж.

2009 онд Хойд Солонгосын хамгийн их иргэн өмнөд нутаг руу зугтан орж байсан юм. 2011 оноос хойш зугтагчдын тоо буурсан ч Пхеньяны элит ангийнхны төлөөлөгчид Сөүл рүү зугтан гарах нь нэмэгджээ. Пхеньяны дэглэм тогтворгүй, хямралтай байгаа учраас зугталт, урвалт үргэлжилсээр байна хэмээн өмнөдүүд үзэж байна. 


В.Путин: “Өвөө минь Сталины тогоочоор ажиллаж байсан”

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хэвлэлд өгсөн ярилцлагуудаас сонирхолтой хэсгийг нь түүвэрлэв.

Охидынхоо талаар

“Тэд аль хэдийнэ ажил мэргэжлээ сонгочихсон. Шинжлэх ухаан, хүмүүст хэрэгтэй таатай өөр ямар нэг үйл хэрэг эрхэлж байна. Тэд өөрсдийгөө хүмүүст хэрэгтэй гэж мэдэрч, ажлаасаа таашаал авч байгаад би баяртай байдаг. Тэд сонгосон ажил мэргэжилдээ сайн, үнэнч, тун хариуцлагатай ханддаг.
Бага охин минь Германд төрсөн. Тэр эхлээд германаар, дараа нь оросоор ярьж сурсан. Охид маань Ардчилсан Германд цэцэрлэгт явдаг байлаа. Тэд хоорондоо германаар ярьж, харин ээж, аавтайгаа оросоор ярьж өссөн юм. Одоо охид маань Европын гурван хэлээр чөлөөтэй ярьдаг. Нэг нь бүр дорны нэг хэлээр ярьж байсан шүү. Тэд хөгжимд их дуртай. Мэргэжлийн биш ч гэсэн хийл, төгөлдөр хуураар удаан хичээллэсэн. Тэд хамтдаа хөгжим тоглож, дуулж, нэг нь хийл, нөгөө нь төгөлдөр хуур тоглоод сууж байдаг байлаа.”

Өвөөгийнхөө тухай

“Өвөө маань Сталины тогоочоор ажиллаж байлаа. Харин өвөө минь ямар үзэл бодолтой, ямар улс төр сонирхдог талаар хэн ч ярьдаггүй байсан. Тэр үед өөр улс орон, өөр амьдрал байлаа. Одоо Орост ардчилсан зарчим, зах зээлийн чөлөөт эдийн засгийг дэмждэг олон нэртэй төрийн зүтгэлтэн, эдийн засагчдын эцэг эх өөр үзэл бодолтой, өөр бодлогыг дэмждэг хүмүүс байна. Одоо эцэг эх, өвөө минь тийм үзэлтэй, тэр талын хүн байсан гэж чөлөөтэй ярьдаг болж.
Би их энгийн, ажилчин гэр бүлд өссөн. Аав, ээж минь энгийн иргэд байсан. Бид гурвуулаа ямар нэг тохь тух байдаггүй нийтийн байранд амьдардаг байлаа. Тэр үед манай байранд угаалгын өрөө, шүршүүр ч байгаагүй. Эцэг эх минь их ажилладаг байсан. Би бол гудамжинд үеийнхэнтэйгээ тоглож л хүүхэд насаа өнгөрөөсөн дөө.”

Эхнэрийнхээ талаар


“Эхнэр минь улс төр сонирхдоггүй, хэзээ ч улс төр сонирхож байгаагүй. Би үүнд нь их талархдаг юм. Тэр өөр сонирхолтой, хэл бичгийн мэргэжилтэй хүн л дээ. Людмила герман, испани, франц, португал хэлээр чөлөөтэй ярьдаг. Люда жинхэнэ орчин үеийн эмэгтэй, энэ дэлхийд, орчин үеийн нийгэмд эмэгтэй хүн ямар байр суурьтай байх талаар бид ярилцаж, маргалддаг байсан. Нийгэм, төр улс эмэгтэйчүүдэд бага анхаарал тавьж байна, улсын, үндэсний, бүс нутгийн асуудлыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн оролцоог хангаж өгөхгүй байна гэж ярьдаг байлаа. Би ч энэ үзэл бодлыг нь хүлээн зөвшөөрдөг байсан. Миний үзэл бодол, хандлагад, ямар нэг шийдвэр гаргахад тэр нөлөөлсөн гэж хэлж болно.”

Зургийн тайлбар: Путин ээж, эмээгийн хамт

Monday, September 5, 2016




Бохир агаар Алцгеймер өвчин үүсгэдэг

Бохирдсон агаар нь Алцгеймер буюу ой санамжаа алдах өвчний нэг хүчин зүйл байж болохыг Британийн эрдэмтдийн шинэ судалгаа нотолж байна. Британи дахь Алцгеймерийн өвчнийг судлах төвийн мэргэжилтнүүд хүний тархины эд эсэнд булчирхайн соронзон ислийн жижиг хэсгүүд байдгийг илрүүлжээ. Агаар нь ихэд бохирдсон хотод амьдардаг хүмүүсийн тархины эд эсэн дахь хорт бодисын хэмжээ хавьгүй их байсан аж.
Хүний тархины эд эсэн дахь булчирхайн соронзон ислийн жижиг хэсгүүд болон ой санамжаа алдах өвчний хооронд шууд хамаарал байгааг судалгаагаар тогтоогоогүй ч хүрээлэн буй орчны бохирдлын нөлөөг цаашид судлах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тархины эд эс, нэхдэст хуримтлагддаг соронзон чулуу нь тархины эд эсийг гэмтээдэг бодис бүрэлдэх нөхцөлийг бий болгодог ажээ.

Рики Мартин: “Хүсэл байвал би эмэгтэйчүүдэд ч нээлттэй”

Нэрт дуучин Рики Мартин ижил хүйстэн гэдгээ хүлээн зөвшөөрсний дараа олон шүтэн бишрэгчид нь сэтгэлээр унаж байсан билээ. Гэвч бүх юм өнгөрчихөөгүйг Мексикийн “Fama!” сэтгүүл сануулж байна. Р.Мартин эмэгтэй хүнийг ч хүсдэг, харилцаа үүсгэсэн ч болно хэмээн тус сэтгүүлд ярьжээ. “Би ижил хүйстэн. Би эрэгтэйчүүдэд дуртай. Гэвч би сексээс таашаал авахдаа бүрэн эрх чөлөөтэй, нээлттэй байдаг. Тиймээс би хүсэх л юм бол эмэгтэй хүнтэй жаргаж чадна. Харин эмэгтэй хүнтэй хамтран амьдарна гэж огт боддоггүй. Эрчүүд л миний сонголт” хэмээн Мексикийн сэтгүүлд илэн далангүй өгүүлжээ. Пуэрто-Рико гаралтай нэрт дуучин эдүгээ иран найз залуу Жван Иосефийн хамт Испанийн Ибиза аралд амарч байна.

Кабулд дахин дэлбэрэлт болжээ

Афганистаны нийслэл Кабул хотод нэг хоногийн дотор гурван ч дэлбэрэлт болжээ. Сүүлчийн дэлбэрэлт, халдлагын дараа буудалцаан болсон хэмээн мэдээлж байна.
Өчигдөр Кабулд болсон хоёр дэлбэрэлтэд 30 хүн амиа алдаж, 100 орчим хүн шархдаж бэртжээ. Сүүлчийн дэлбэрэлт ямар хохирол учруулсан талаар мэдээлэл ирээгүй байна. Эхний халдлагыг алсын удирдлагын тусламжтайгаар үйлдсэн бол, хоёр дахь халдлагыг амиа золиослогч этгээд зохион байгуулжээ. Амь үрэгдсэн хүмүүсийн дунд нэг генерал, цагдаагийн өндөр албан тушаалын хоёр офицер байгаа аж. Эхний дэлбэрэлтийн дараа аюулгүй албаны олон ажилтан ирж цугласны дараа амиа золиослогч этгээд бөмбөгөө дэлбэлсэн байна. Халдлагын хариуцлагыг “Талибан” хөдөлгөөн хүлээн зөвшөөрчээ.

Крым дахь амралтын газар Европын шилдгээр шалгарчээ

World Travel Awards байгууллагаас ОХУ-ын хамгийн шилдэг зочид буудал, амралт сувилалыг шалгаруулж Италийн Сардини арал дээрх арга хэмжээний үеэр шагнал гардуулжээ. Крым дахь амралт-сувиллын Mriya Resort & Spa зочид буудал Европын хамгийн шилдэг амралт-сувилал гэсэн өргөмжлал хүртсэн юм. Оросын хамгийн шилдэг зочид буудлаар Москвагийн Ritz-Carlton, хамгийн өвөрмөц загвар, шийдэлтэй зочид буудлаар Санкт-Петербургийн Rossi Boutique Hotel & SPA, шилдэг бизнес зочид буудлаар Москвагийн Swissotel Krasnye Holmy шалгарчээ. Хамгийн шилдэг амралт-сувиллын газраар Сочигийн Radisson Blu Paradise Resort шалгарч өргөмжлөл авлаа. World Travel Awards-ийн шалгаруулалтаар, ОХУ-ын Санкт-Петербург хоёр жил дараалан Европын хамгийн шилдэг аялал жуулчлалын хотоор тодорчээ. 


Филиппины Ерөнхийлөгч Б.Обамаг “Зулбасаг” гэжээ

Филиппины жолоог атгаад хоёрхон сар болж буй Ерөнхийлөгч Родриго Дутерте гэмт хэрэгтнүүдтэй өршөөлгүй хатуу аргаар тэмцдэг төдийгүй хатуу ширүүн, маргаан дагуулсан мэдэгдлээрээ алдартай нэгэн ажээ. 1989 онд тус улсад Жаклин Хамилл хэмээх австрали эмэгтэй хүчирхийлэлд өртөн амь насаа алдсаны дараа Р.Дутерте “Би тэр эмэгтэйн төлөө харамсаж байна. Гэхдээ тэр их хөөрхөн бүсгүй байсан. Хотын дарга эхнийх нь байх байсан юм” хэмээн мэдэгдсэн нь ихээхэн шуугиан дэгдээж байсан юм. 1989 онд Дутертег Давао хотын дарга байхад шоронгоос оргосон этгээдүүд сүмийн таван номлогчдыг барьцаанд авсны дотор Жаклин бүсгүй байсан юм. Дутертегийн тушаалаар барьцааны хүмүүсийг хүчээр чөлөөлөх явцад 16 хүн амиа алдсан билээ. Филиппины шинэхэн Ерөнхийлөгч мөн “Хүний тоонд оруулах ёсгүй хүмүүсийг буудаж алах хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн нь бас л шуугиан дэгдээж байсан аж. “Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг ээ? Юуны түрүүнд би шударга, ил тод байхыг хүсч байна. Гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүс хүн төрөлтөн мөн үү? Хүн, хүн төрөлтөн гэдэг тодорхойлолтыг надад хэлээд өгөөч. Би гэмт хэрэгтнүүдийн эсрэг дайн өрнүүлэх болно. Алж хяддаггүй дайн гэж байдаггүй биз дээ” хэмээн Родриго Дутерте нэгэн цэргийн ангид зочлох үеэрээ онцолж байв.
Тэрээр өнгөрсөн даваа гаригт дахин нэг эрс, хатуу мэдэгдэл хийлээ. Зүүн өмнөд Азийн улс орнуудын холбоо буюу Лаост болж буй АСЕАН-ий дээд хэмжээний уулзалтын хүрээнд АНУ, Филиппины лидерүүдийн уулзалт болохоос хэдхэн цагийн өмнө Родриго Дутерте мэдэгдэл хийхдээ Цагаан ордны эзнийг “Өлөгчний хүүхэд” хэмээн нэрлэжээ. Барак Обама Филиппин дахь хар тамхины наймааны эсрэг цуст дайныг шүүмжлэн, Манилагийн эрх баригчдыг бодлогыг буруутгасны дараа Филиппины Ерөнхийлөгч ийнхүү хариуг нь барьжээ. Дутерте эрх мэдэлд гарч ирснээсээ хар тамхины наймаа, мафийн эсрэг тун хатуу бодлого баримталж, хоёрхон сарын дотор хоёр мянга 400 орчим хүн амь насаа алдаад байгаа билээ.
“Та хүндэтгэлтэй хандаж сурах хэрэгтэй. Би бол тусгаар тогтносон, бүрэн эрхт улсын Ерөнхийлөгч. Би асууж, мэдэгдэл хийгээд зогсохгүй ээ. Өлөгчний зулбасаг минь, энэ дээд хэмжээний уулзалт дээр би чамайг хараах болно” хэмээн Дутерте Лаос руу мордохоосоо өмнө мэдэгдсэн байна. Үүний дараа Хятадад болсон “Их-20”-ийн уулзалтын дараа АСЕАН-ий чуулганд оролцохоор ирсэн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Филиппины лидер Р.Дутертетэй хийхээр төлөвлөөд байсан уулзалтаа цуцалсан юм.

Родриго Дутерте Давао хотын дарга байхдаа гэмт хэрэгтнүүдийн эсрэг хайр найргүй тэмцэж “Шийтгэгч” гэдэг хочтой болжээ. Тэрээр хотын аюулгүй байдлыг хамгаалах эргүүл, харуулын бүлгийг ажиллуулан гэмт хэрэгтнүүдийг өчиггүй баривчлан буудаж, Давао хотыг айдас хүйдсийн хот болгож байсан аж. Тэрээр Филиппины Ерөнхийлөгч болсныхоо дараа энэхүү харгис, хатуу бодлогоо үргэлжлүүлж байгаа нь ихээхэн маргаан дагуулсаар байна. НҮБ-ын шинжээчид Манилагийн Засгийн газарт хандаж филиппин иргэдийг шүүхийн шийдвэргүй баривчилж, хорьж, цаазалж байгааг зогсоохыг шаарджээ. 

Sunday, September 4, 2016

Хойд Солонгос гурван пуужин туршлаа


Хойд Солонгос Япон тэнгис рүү гурван баллистик пуужин харвалаа хэмээн “Ионхап” агентлаг БНСУ-ын Штабын дарга нарын нэгдсэн хорооны эх сурвалжаас иш татан мэдээлэв. Пуужинг Хойд Солонгосын зүүн эргийн Хванжу нутгаас өчигдөр 12:14 цагт харвасан байна. Пхеньян наймдугаар сарын 24-нд шумбагч хөлөг онгоцноос баллистик пуужин харван туршсан юм. KN-11 загварын энэхүү пуужин 480 км зам туулаад Япон тэнгист унасан билээ. Хойд Солонгосын эрх баригчид энэ оны нэгдүгээр сард цөмийн туршилт хийсэн бол, хоёрдугаар сард хиймэл дагуул тээгч пуужин харвасан юм. Эдгээр нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчсөн тул тус улсын эсрэг хориг арга хэмжээг чангатгасан аж.

Б.Обама В.Путин хоёр тусдаа уулзлаа

Хятадын Ханжоуд болж өнгөрсөн “Их-20”-ийн уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Кремлийн тэргүүнд хандаж ганцаарчилсан уулзалт хийх санал тавьсан хэмээн зарим эх сурвалж мэдээлэв. Оросын талын төлөөлөгчид энэ тухай “Интерфакс” агентлагт уламжилжээ. Цагаан ордны эзэн өөрөө Путин дээр ирж дээрх саналыг тавьсан бололтой. Хэдийгээр хоёр улсын лидер “Их-20”-ийн уулзалтын хүрээнд уулзаж ярилцсан ч тусдаа яриа өрнүүлэх нь дээр гэж үзсэн аж.
ОХУ, АНУ-ын Ерөнхийлөгч нар хамгийн сүүлд 2015 оны арваннэгдүгээр сард Парист болсон цаг агаарын өөрчлөлтийн асуудлаарх бага хурал дээр уулзсан билээ. Энэ онд Путин, Обама нар хэд хэдэн удаа утсаар ярилцсан юм. Хятадын Ханжоу хотод болсон “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтын гол сэдэв нь шинэ технологид тулгуурласан эдийн засгийн хөгжил байсан юм.

Өчигдөр хоёр орны тэргүүн ганцаарчилсан уулзалт хийлээ. Тэдний хэлэлцэх сэдвийг албан ёсоор зарлаагүй ч Обама, Путин нар Сирийн мөргөлдөөн дахь АНУ, ОХУ-ын оролцооны талаар голчлон ярилцсан хэмээн хэвлэлүүд мэдээлж байна. Хоёр улсын лидер энэ талаар тохиролцоонд хүрэх гэж оролдсон ч үр дүнгүй болсон хэмээн зарим эх сурвалж уламжиллаа. Уулзалтад Кремлийн тэргүүнийг Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ерөнхийлөгчийн зөвлөх Юрий Ушаков нар дагалджээ. Үүний өмнөхөн С.Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар уулзаж ярилцсан юм.
 



Фредди Меркури 70 хүрч байна

“Бурхны элч” хэмээн алдаршсан Queen хамтлагийн гоцлол дуучин, хөгжмийн зохиолч Фредди Меркури 70 насыг зооглож байна. Тэрээр бидний цэнхэр гаригаас аль хэдийнэ явсан ч тэрээр амьд сэрүүн төдийгүй олимп, дэлхийн тэмцээнд түрүүлсэн баяр хөөр бүрийн дараа түүний дуулсан “We are the Champions” дуу эгшиглэдэг нь жам болсон билээ.
Фредди Меркури нэрээрээ дэлхийд алдаршсан Фаррук Булсара 1946 оны есдүгээр сарын 5-нд тэр үед Британийн ивээлд байсан Занзибарын хаант улс буюу одоогийн Танзани улсад энэтхэг гаралтай гэр бүлд мэндэлжээ. Гэвч тэрээр дэлхий нийтэд сод авьяасаа гайхуулж, олон сайхан дуу бэлэглэсний дараа цэл залуухан 45 насандаа өвчнөөр хорвоог орхисон билээ. Rolling Stone сэтгүүлээс гаргасан “Дэлхийн шилдэг 100 дуучны жагсаалт”-д Меркури 18-д бичигдсэн юм. Queen хамтлагийн хамгийн том амжилт олсон 17 дууны 10-ыг нь буюу “Bohemian Rhapsody”, “Seven Seas of Rhye”, “Killer Queen”, “Somebody to Love”, “Good Old-Fashioned Lover Boy”, “We Are the Champions”, “Bicycle Race”, “Don't Stop Me Now”, “Crazy Little Thing Called Love”, “Play the Game” дууг Меркури зохиосон юм.

Хоёр мянган авлигачинаас 1.1 тэрбум доллар хураажээ

Хятадын эрх баригчид 2014 оноос хойш гадаад руу зугтан гарсан хоёр мянга гаруй авлигачныг баривчлан авчирсан хэмээн China Daily сонин Хятадын коммунист намын Сахилга батын хорооны мэдэгдлээс иш татан мэдээлэв. “Гадаад руу зугтан гарсан авлигач түшмэлүүд, хил давж алга болсон хууль бус мөнгөний урсгал хууль сахиулах байгууллагад ноцтой хохирол учруулж, эдийн засгийн хөгжлийг боомилж байна” хэмээн Сахилга батын хорооны олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Цай Вэй мэдэгдлээ. Гадаад орнуудад бүгсэн авлигач нарыг баривчлан авчирч хууль бусаар олсон 1.1 тэрбум долларын орлогыг хураасан байна. Баривчлагдаж ирсэн хүмүүс дотор төрийн чухал алба хашиж байсан 342 хүн байгаа аж.

Турк-Сирийн хилийг “Исламын улс”-аас чөлөөлжээ

Туркийн арми болон Сирийн чөлөөт армийн цэргүүд Турк-Сирийн хилийг “Исламын улс” террорист бүлгийн дайчдаас чөлөөллөө хэмээн Anadolu агентлаг уламжлав. “Евфратын бамбай” хэмээх тусгай ажиллагааны явцад хил орчмын тосгон сууринг чөлөөлөөд байгаа аж. “Евфратын бамбай” цэргийн тусгай ажиллагааг Турк улс наймдугаар сарын 24-нд эхлүүлсэн билээ. Мөн Сирийн Ар-Раи хот орчимд босогчдын бүлэг Туркийн армийн дэмжлэгтэйгээр “Исламын улс” бүлгийн хяналтад байсан хэд хэдэн тосгон, сууринг чөлөөлжээ. Ирак, Сирийн газар нутагт “Исламын улс” террорист бүлгийг байгуулан ихэд нэр нөлөөтэй болоод байсан хэт даврагчид сүүлийн үед хүнд хүнд цохилт амсч нэр нөлөөгөө алдсаар байна.

Б.Обама В.Путинд тусдаа уулзах санал хүргүүлжээ

Хятадын Ханжоуд болж өнгөрсөн “Их-20”-ийн уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Кремлийн тэргүүнд хандаж ганцаарчилсан уулзалт хийх санал тавьсан хэмээн зарим эх сурвалж мэдээлэв. Оросын талын төлөөлөгчид энэ тухай “Интерфакс” агентлагт уламжилжээ. Цагаан ордны эзэн өөрөө Путин дээр ирж дээрх саналыг тавьсан бололтой. Хэдийгээр хоёр улсын лидер “Их-20”-ийн уулзалтын хүрээнд уулзаж ярилцсан ч тусдаа яриа өрнүүлэх нь дээр гэж үзсэн аж.
ОХУ, АНУ-ын Ерөнхийлөгч нар хамгийн сүүлд 2015 оны арваннэгдүгээр сард Парист болсон цаг агаарын өөрчлөлтийн асуудлаарх бага хурал дээр уулзсан билээ. Энэ онд Путин, Обама нар хэд хэдэн удаа утсаар ярилцсан юм. Хятадын Ханжоу хотод болсон “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтын гол сэдэв нь шинэ технологид тулгуурласан эдийн засгийн хөгжил байсан юм.

Палестинууд шуудангаа Израилиар дамжуулахгүй

Палестины засаг захиргааны шуудангийн үйлчилгээг шинэчлэх, палестинуудад хаягласан захидал, илгээмжийг Израилиар дамжуулахгүй шууд палестинуудад хүргэж байхаар болов. Энэ тухай санамж бичигт Израилийн Засгийн газар, Палестины автономийн удирдлага гарын үсэг зуржээ. Өмнө нь палестинуудад хаягласан шуудан, илгээмж заавал Израилийн шуудангийн албаар дамжсаны дараа эзэддээ хүрдэг байсан юм. Санамж бичгийн дагуу, эдүгээ захидал, илгээмжийг Иордантай залгаа хилийн Алленби шалган нэвтрүүлэх боомтоор дамжуулан Палестины газар нутаг руу оруулах ажээ. Мөн Палестины автономийн орон нутгийн шуудангийн албад санхүү, мөнгөний шилжүүлгийг бие даан хийхээр болсон байна.

Хятадууд Парист жагсчээ

Францын нийслэл Парис хотын төвд хэдэн зуун хятад гаралтай иргэн гудамжинд гарч цагдаа нар ази цагаачдыг илүү сайн харж, хамгаалах ёстой хэмээн шаарджээ. Тэдний олонх нь “Бүгдэд аюулгүй байдал” гэсэн бичигтэй цамц өмссөн байв. Франц дахь хятадуудын нэгдлийн гишүүн, 49 настай Шаолин Жан хэд хоногийн өмнө алуулсны дараа тус улс дахь хятадууд “Цагаачдыг, ази хүмүүсийг хамгаалах ёстой. Аюулгүй байдлыг бүгдэд” хэмээн уриалж, кампанит ажил өрнүүлж байгаа юм. Наймдугаар сарын 7-нд үл мэдэгдэх гурван этгээд Жан болон түүний танил руу халдаж зоджээ. Ихэд бэртсэн Жан хэд хоногийн дараа нас барсан юм. Сүүлийн үед Парист ази гаралтай иргэдэд халдах, зодох явдал эрс нэмэгдсэнийг жагсаалд оролцогчид анхааруулж байв.