Tuesday, November 3, 2015



Хятадын онлайн дэлгүүрийн барааны 41 хувь нь чанаргүй

Хятадын түшмэдэд зориулж гаргасан тайланд тус улсын интернэт дэлгүүрийн барааны 59 хувь нь л чанарын шаардлага хангаж байна хэмээн онцолжээ. Үлдсэн 41 хувь нь чанаргүй, хуурамч бараа бүтээгдэхүүн байдаг аж. Онлайн худалдааны хуулийг чангатгаж, худалдан авагчдын эрх ашгийг хамгаалах алхам үгүйлэгдэж байгааг илтгэлд дурдсан байна. Хятадад онлайн худалдаа сүүлийн нэг жилд 40 хувиар өсч, нийт эргэлт нь 441 тэрбум долларт хүрчээ. Үүний хажуугаар барааны чанарын асуудал босч ирж, гомдол санал тавих хүний тоо нэмэгдсэн юм. Өнгөрсөн онд гэхэд л барааны чанартай холбоотой 80 мянган гомдол ирсэн байна.

Хятад,  Тайванийн лидерүүд Сингапурт уулзана

Тайванийн Ерөнхийлөгч Ма Инцю, Хятадын удирдагч Си Зиньпин нар ирэх хагас сайнд Сингапурт уулзахаар тохиролцжээ. 1949 оны иргэний дайнаас хойш дайсагнагч хоёр тал анх удаа ийнхүү түүхэн уулзалт хийх гэж байгааг Тайванийн Засгийн газраас зарласан байна.
“Энх тайвныг баталгаажуулж, Формосын хоолой дахь одоогийн нөхцөл байдал, харилцааг (Status quo) хадгалж үлдэх нь Ерөнхийлөгч Ма Инцюгийн айлчлалын зорилго юм” хэмээн Тайванийн Ерөнхийлөгчийн төлөөлөгч Чарльз Чэн мэдэгдлээ. Гэвч хоёр лидер ямар нэг тохиролцоо, баримт бичигт гарын үсэг зурахгүй, ямар нэг хамтарсан мэдэгдэл гаргахгүй ажээ. Тайван, Хятадын удирдагчид хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал бодлоо солилцоно хэмээн Тайпей уламжилж байна. Тайванийн Ерөнхийлөгч өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж дотоод, гадаадын сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөх юм.
Тайванийн сөрөг хүчний намууд ирэх бямба гаригийн уулзалтад санаа зовниж, Тайваны парламентын ордны өмнө эсэргүүцлийн жагсаал зохионй байгуулахаар болжээ. Бээжингийн Засгийн газар энэхүү түүхэн уулзалтын талаар ямар нэг мэдэгдэл, тайлбар хийсэнгүй

“Исламын улс”-ын эгнээнд 25-30 мянган гадаад байлдаж байна

“Исламын улс” террорист бүлгийн эгнээнд 25-30 мянган гадаадын иргэн, тэдний дотор ОХУ, Ази, Номхон далайн орнуудын иргэд байлдаж байна хэмээн ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын орлогч Анатолий Антонов мэдэгдлээ. “Тэд эх орондоо буцаж ирвэл хүчирхийлэл, хэт даврах үзлийг өөртөө тээж, энэ үзэл бодлоо сурталчлан түгээж, хорлон сүйтгэх ажиллагаа явуулах магадлалтай” хэмээн тэрээр онцоллоо. Сирид лалын босогчдын эгнээнд тулалдаж байгаа хүмүүс эх орондоо буцаж ирэхийг зөвшөөрч болохгүй, улс орнууд энэ тал дээр хамтран ажиллах ёстой хэмээн үзэж байна. ОХУ-ын нисэх хүчин есдүгээр сарын 30-наас Сири дахь лалын босогчдын байрлалыг бөмбөгдөж байгаа. Терроризмын эсрэг тэмцэх олон хүчнээс тусдаа энэ ажиллагааг явуулж байгаа юм. 


Вашингтон Хятадын бүрэн эрхт байдалд халдахгүй байхыг уриалав

АНУ Хятадын бүрэн эрхт байдалд заналхийлсэн ауюлтай алхам хийхээ зогсоох ёстой хэмээн БНХА-ын Батлан хамгаалахын сайд Чан Ванцюань мэдэгдлээ. Тэрээр Куала-Лумпур хотод аюулгүй байдлын бага хуралд оролцож байгаа Пентагоны тэргүүн Эштон Картерт хандан ийнхүү мэдэгдсэн байна.
Э.Картер Хятадын зиндаа нэгтэйгээ уулзахдаа, АНУ Өмнөд Хятадын тэнгис дахь газар нутгийн маргаантай асуудалд ямар нэг байр суурь илэрхийлэхгүй байгаа хэмээн онцолсон аж. Тэрээр талуудад хандаж маргаантай бүс нутагт хиймэл арал байгуулах, бүс нутагт цэрэг зэвсгээ байрлуулахыг зогсоохыг уриалсан билээ. Ингэхдээ АНУ Өмнөд Хятадын тэнгист хөлөг онгоц чөлөөтэй зорчих олон улсын хууль эрх зүйг хүндэтгэх зарчим барина хэмээн мэдэгдсэн байна.
Аравдугаар сарын 27-нд АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний “Лассен” тээвэрлэгч хөлөг Өмнөд Хятадын тэнгис дахь маргаантай арал руу ойртсон юм. Бээжингийн мэдэгдэж буйгаар, Америкийн тээвэрлэгч хөлөг дор хаяж нэг удаа Хятадын эзэмшлийн усанд зөвшөөрөлгүйгээр орсон аж. Америкууд маргаантай бүс нутагт баригдсан хятадуудын нэгэн аралд 12 бээр ойртож очсон хэмээн Бээжин үзэж байгаа аж. Америкууд хиймэл арал руу ойртож очсоноо хүлээн зөвшөөрсөн  ч үүнийг олон улсын далай тэнгисийн хууль дүрмийг зөрчсөн гэж үзэхгүй байгаагаа мэдэгджээ. Учир нь хятадуудын маргаантай бүс нутагт хиймэл арал байгуулах эрхийг америкууд хүлээн зөвшөөрдөггүй байна.
Хятадын адмирал У Шэнли Америкийн тэнгисийн цэргийн хүчний тэргүүн, адмирал Жон Ричардсонтой уулзаж ярилцахдаа маргаантай бүс нутагт аюултай өдөөн хатгалга хийхээ зогсоохыг шаарджээ. “АНУ-ын тал маргаантай усанд сэлгүүцэж, Хятадын анхааруулгыг үл ойшоосоор байвал Бээжингийн Засгийн газар улс орны бүрэн эрхт, аюулгүй байдлыг батлан хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авах болно” хэмээн хятад адмирал онцолсон байна. Харин барууны хэвлэлд У Шэнли бүр ноцтой анхааруулга өгсөн хэмээн уламжлах болов. Вашингтон аюултай, өдөөн хатгасан үйлдлээ үргэлжүүлсээр байвал бүс нутгийн байдалд ноцтойгоор нөлөөлж, далай тэнгис, агаар дахь хоёр талын хүчнүүдийн хооронд том биш мөргөлдөөн гарч, улмаар дайн дэгдэхэд ч хүрч мэднэ хэмээн анхааруулсан бололтой.

Хятад улс 2014 оны зургадугаар сараас хойш маргаантай бүс нутагт хиймэл арал байгуулах болсон билээ. Өмнөд Хятадын тэнгис дахь энэхүү маргаантай усны төлөө Япон, Хятад, Тайвань, Малайз, Филиппин, Бруней, Вьетнам улс өрсөлддөг. Нефть, хийн ордоор баялаг Скарборо, Спратл бүлэг арлыг тойрсон газар нутгийн маргаан ихээхэн хурцадмал байдаг аж. Тэр тусмаа хятадууд уг арал дээр нисэх, буух зурвас байгуулах гэж байгаа нь маргааныг улам дэвэргэж, бүс нутаг дахь Бээжингийн байр суурийг бататгаж байгаа юм. 

Monday, November 2, 2015


Хятадын онлайн дэлгүүрийн барааны 41 хувь нь чанаргүй

Хятадын түшмэдэд зориулж гаргасан тайланд тус улсын интернэт дэлгүүрийн барааны 59 хувь нь л чанарын шаардлага хангаж байна хэмээн онцолжээ. Үлдсэн 41 хувь нь чанаргүй, хуурамч бараа бүтээгдэхүүн байдаг аж. Онлайн худалдааны хуулийг чангатгаж, худалдан авагчдын эрх ашгийг хамгаалах алхам үгүйлэгдэж байгааг илтгэлд дурдсан байна. Хятадад онлайн худалдаа сүүлийн нэг жилд 40 хувиар өсч, нийт эргэлт нь 441 тэрбум долларт хүрчээ. Үүний хажуугаар барааны чанарын асуудал босч ирж, гомдол санал тавих хүний тоо нэмэгдсэн юм. Өнгөрсөн онд гэхэд л барааны чанартай холбоотой 80 мянган гомдол ирсэн байна.

Ширхэг бүр нь 37 паундын үнэтэй зайдас

Британийн махны худалдаачин Кевин Тернер дэлхийд хамгийн үнэтэй зайдас үйлдвэрлэж байна. Тэрээр төрөлх Олдершот хотдоо унгар гахайн мах, газар доорх мөөг, бяслаг, 1947 оны дарс болон бусад орцоор амталсан зайдас хийж, нэг ширхгийг нь 37 паундаар борлуулж байна. Их Британид ердийн зайдас 35 пенс (задгай мөнгө) байдаг. “Яагаад миний зайдас 100 дахин их үнэтэй байгаа юм гэж үү.. Би л тэгж үнэллээ. Онцгой амт, чанарт дуртай хүмүүст таалагдах байх” хэмээн Тернер хэллээ. Тэрээр арваннэгдүгээр сарын 2-8-нд болох British Sausage Week-т зориулж энэхүү зайдасаа үйлдвэрлэж байгаа аж.

Б.Обама АНУ-ын хоёр жилийн төсвийг батлав

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама дараагийн хоёр жилийн төсвийг баталжээ. Улсын өр зээлийн дээд хязгаарыг нэмэгдүүлэх хугацаа өчигдөр дууссан аж. Өнгөрсөн долоо хоногт баталсан хуулийн дагуу, төрийн зардлыг дахиад 80 тэрбум доллараар нэмэгдүүлэх боломжтой болж байна. Ерөнхийлөгч Обама ардчилагч болон бүгднайрамдахчуудын лидерт талархал илэрхийлэв. Намууд тохиролцсоноор Америкийн ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүллээ хэмээн Б.Обама онцолжээ. Улсын өр зээлийн хэмжээг 2017 оны гуравдугаар сараас нааш буюу Цагаан ордон шинэ эзэнтэй болтол хэлэлцэхгүй хэмээн тогтлоо. Харин Б.Обама Коннрессын баталсан батлан хамгаалахад 612 тэрбум доллар зарцуулах хуулийн төсөлд хориг тавьсан байна. 
Зургийн тайлбар: Норберто Фуэнтес ах дүү Кастрогийн хамт

Норберто Фуэнтес: Куба илүү амттай, хорхой хүргэм байх болно

Норберто Фуэнтес (Гавана, 1943) хоёр удаа тэрс үзэлтэн хэмээн нэрлэгдсэн хүн. 1980-аад онд ах дүү Кастрогийн зөвлөх, анд, итгэлт хүн болж явсан Норберто сүүлдээ ад үзэгдэж, Майами руу гарчээ. Тэрээр тэрс үзэлтэн хэмээн зарлагдсаны дараа Кубад байхдаа 1968 онд “Condenados de Condado” буюу “Гүнлэгийн яллагдагсад” хэмээх Кубын дэглэмийг шүүмжилсэн ном бичжээ. 1989 онд Фидель Кастро сэтгэлийн найз Антонио де ла Гуардиа болон өөр хэдэн хүнийг хар тамхи авлигын хэргээр (Очоагийн хэрэг гэдэг) буудан цаазлах тушаал гаргасны дараа тэрээр хоёр дахь номоо гаргасан юм.
Тэр үед гэрийн хорионд орчихсон байсан Норберто Фуэнтес өлсгөлөн зарлаж, салаар арлаас зугтах гэж оролдсон ажээ. 1994 онд Нобелийн шагналт зохиолч Габриель Гарсия Маркес зуучилснаар Фуэнтес Америк руу гарчээ. “Фидель үзэл бодлын шалтгаанаар намайг дарамталж, маш өөдгүй зан гаргаж намайг цөлж байсан. Кубын хувьсгалын эсрэг хөдөлгөөн бол Америкаас санхүүждэг бизнес л дээ. Би үүнд оролцдоггүй” хэмээн өгүүлж байна. Н.Фуэнтес саяхан “Фидель Кастрогийн намтар” хэмээх ном гаргасан юм. Кубын экс удирдагчийн нууц, далд тал, гэрчүүдийн яриа зэргийг номдоо багтаажээ. АВС сонин түүнтэй уулзсан байна.

-Фидель Кастро Куба, Америкийн харилцааны мөсийг яаж хайлуулж чадав аа, юу гэж бодож байна?

-Тэд үргэлж үүнийг зөгнөж, хүссээр ирсэн. Хоёр талын харилцааг сэргээх нь эцсийн зорилго байсан.

-Кубын кастрист дэглэм АНУ-ын “судсыг нь барьчихав” уу даа?

-Тийм ээ, яг тэгсэн. Бид ялна, дийлнэ гэж яриад байдаг тэр зүйлээс бас хамаарна л даа. Тэсч, гүрийж үлдэнэ гэдгийг ялалт гэж байгаа бол ялалт л байх. 50 жил тэсч байна гэж Куба орныг сүйрүүлж, эдийн засгийг нь нураах үйл явцыг ялалт гэж хэлэх үү. Өөр олон шалтаг, шалтгаан гаргаж ирж болох ч дийлэнх нь арал дээр л байгаа шүү дээ. Тэр ялалт гэж яриад байгаа зүйл нь Фидель Кастрогийн хувийн ялалт юм. Тэд эрх мэдэлдээ байсаар байгаад үхэх ялалт л байгуулсан.

-Барак Обамагийн хүссэнчлэн АНУ-ын Конгресс Кубын эсрэг хориг арга хэмжээг цуцлах болов уу?

-АНУ дахь олон хүн аль этрнээс шаардсаар байгаа энэ асуудлыг нэг тийш болгох цаг болсон. Барууны нам, куба-америк Конгрессын гишүүд Кубын асуудлаар наймаа хийхийг л хүсч байгаа юм. Мөнгөний л асуудал л даа.

-Хориг арга хэмжээ нь Кубын эрх баригчдын хувьд сайхан шилтаг болж өгдөг, тийм үү. Сул, дорой хөгжилд нь ч юм уу?

-Зөвтгөх шалтаг биш, Кубын хувьсгалын нэг чухал механизм юм. Сөрөг цохилт гэсэн үг. Чи намайг цохих юм бол би урагшилна. Кочиносын буланг эзэлсэн нь Кубын хувьсгалын үйл явцад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн юм. Энэ нь Фидель Кастрогийн дэглэмийг үүрд батжуулж өгсөн.

-Пап лам Франциско есдүгээр сард Кубад айлчлахдаа Рауль Кастротой уулзаж, Фидель Кастрогийн гэрт нь оччихоод яагаад сөрөг хүчнийхэнтэй уулзаагүй юм бэ?

-Сөрөг хүчнийхэн юу ч илэрхийлдэггүй, тэдэнд ямар хүч, эрх мэдэл байхгүй. Пап лам улс төрийн хувьд ихэд чадварлаг хүн л дээ. Тэр Куба, Америкийн харилцаа зөөлрөхөд гол үүрэг гүйцэтгэсэн. Франциско эрх мэдэл биш, өөр зүйл харах гэж явсан. Учир нь Фидель ямар ч эрх мэдэлгүй байгаа. Түүнд түүх, хууч сонин санагдаад л Фидельтэй уулзсан. Пап лам чинь латинамерик хүн, тэр үед юу болж, юу өрнөж байсныг мэднэ.

-Кастро 1989 онд авлига, хар тамхины хэргээр буруутгагдсан генерал Арналдо Очоаг буудан хороох тушаал өгөөгүй бол Кубад юу болох байсан бол?

-Фидель Кастро хаана хүрч чадах вэ гэдгээ л харуулсан. Анд нөхдөө алаад эхэлбэл бүх юм өөр болно. Фидель Кастротой яагаад муудалцсан бэ гэвэл Кубын хувьсгал, замнал ч биш, түүний сонгосон замд байсан юм.

-Фидель Кастро Очоагийн хар тамхины мафийн толгойлогч байсан уу?

-Фидель хувьдаа нэг ч зоосгүй байсан. Очоагийн мафи Бүгд найрамдах Куба улсаас ч илүү мөнгөтэй байсан. Гэвч эрх мэдэл, мөнгө гэдэг хоёр өөр зүйл юм. Хэн эрх мэдэлтэй нь ялдаг жамаар л явсан.

-Та Кубын нууц тагнуулын албанд ажиллаж байсан уу?

-Үүнийг домог болгон үлдээе дээ.

-Фидель Кастрог тодорхойлооч, сайн, муу тал нь?

-Ухаалаг, улс төрийн хувьд их зөнтэй, сүйхээтэй. Юу болох гээд байгааг мэдчихдэг хүн байсан. Улс төрийн ухаанд гаргуу хүн. Бусад нь бол тэгээд онцгүй тал нь. Сайрхуу, заримдаа их зөрүүд гөжүүд нөхөр. Юмаа дуусгалгүй орхичихдог байсан.

-Одоо Кубад хэн эрх барьж байна вэ?

-Рауль Кастро, тэр халаагаа өгтлөө захирсаар байх болно. Түүний дараа 2-3 жилд хамтын, хэд хэдэн хүний засаглал байх биз. Бүгд цэргийнхэн. Цэргийн шинж чанар гол суурь нь болсон хувьсгал л даа, Кубын хувьсгал. Хятадтай л адилхан юм болно. Эрх мэдэл шилжихэд онц, гойд юм ер болохгүй. Рауль цэргийнхэн дээр тулгуурлаж, тэднийг бэлтгэж байгаа, гэхдээ одоо тэр дангаараа эрх мэдлийг атгаж байна. Раулийн эрх мэдэл нь Фиделийн амар тайван үхэх баталгаа юм.

-Та хэнтэй нь илүү дотно, итгэлтэй байсан бэ?

-Хоёулангийнх нь анд байсан ч би Фиделийг их биширдэг байсан. Раультай нэг өөр, Фидельтэй тэс өөр яриа өрнүүлдэг байлаа.

-Рауль Кастро 2018 онд эрх мэдлээс бууна гэдгээ хэлсэн. Тэгээд чөлөөт сонгууль зарлах болов уу?

-Тэр амьд байвал улс төрөөс бууна. Тэр хэлсэндээ хүрдэг хүн. Шинээр эрх мэдэлд гарч ирсэн хүмүүс чөлөөт сонгууль явуулахыг хүсвэл тэд нарын л мэдэх хэрэг. Чөлөөт сонгууль зарлагдсан үед хувьсгал болон хувьсгалын эсрэг хөдөлгөөний хоорондох тэмцэл байхгүй болно. Тэр үед хэн ч лидер болсон ялгаагүй болно, Гадаад хэргийн сайд Бруно Родригес, эсвэл тэрс үзэлтэн Иоани Санчес ч юм уу.

-Арван жилийн дотор Куба ямар болох бол?

-Мөнгө баялаг, казино, зочид буудлын төв болно. Бүр наана нь ч ийм болох биз. Эдийн засаг, улс төрийн загвар нь хятад байна уу, вьетнам байна уу хамаагүй. Харин Куба илүү амттай, хорхой хүргэм байх болно, учир нь бид АНУ-д дэндүү ойрхон.

-Майамийн кубууд яах вэ?


-Тэд бизнесийг улстөржүүлдгээ больж чадах нь уу харж байя. Майамийн кубууд бизнесийг улс төртэй хутгахаа боливол Кубын хаалга нээлттэй байх болно.

Sunday, November 1, 2015

“Аль-Каиды”-гийн тэргүүн Оросыг заналхийлэв

Террорист “Аль-Кайда” байгууллагын лидер Айман аз-Завахири өөрийн талынханд хандаж дотоод мөргөлдөөнөө зогсоож, бүх хүчээ америк, орос, иран, алавитууд болон “Хезболла” бүлгийн эсрэг чиглүүлэхийг уриаллаа. “Америк, орос, иранууд бидний эсрэг дайн өдөөж байна. Бид бүх хүчээ тэдний эсрэг нэгтгэх хэрэгтэй байна” хэмээн тэрээр мэдэгдэлдээ дурджээ. Оросын нисэх хүчин Сирид тусгай ажиллагаа явуулж эхэлсний дараа энэ мэдэгдлийг хийсэн бололтой. Завахири мөн өрнөдөд аллага, хядлага үйлдэхийг уриалсан юм. “Аль-Кайда” нь “Исламын улс”-ыг хүлээн зөвшөөрдөггүй ч тусламж үзүүлнэ хэмээн амладаг. Харин “Аль-Кайда”, “Талибан” нягт холбоо сүлбээтэй ажилладаг аж.

Оросын онгоц нуруугаараа унажээ

Оросын А321 нисэх онгоц унахаасаа өмнө дээшээ харсан байсан хэмээн Интерфакс агентлаг Каир дахь эх сурвалжаас иш татан мэдээлэв. “Онгоц нуруугаараа газар унасан. Гэвч ямар нэг дүгнэлт хийхэд эрт байна. Мөрдөн шалгах ажиллагаа хийж байгаа хүмүүс ослын талаар ямар нэг хувилбар гаргаагүй байна” хэмээн мэдээлжээ. Эх сурвалж дамжуулж буйгаар, агаарын хөлөг аюулын ямар нэг дохио өгөөгүй, онгоц доголдсон талаар ямар нэг мэдээлэл өгөөгүй, ослын буулт хийх тухай мэдэгдээгүй аж.
Аравдугаар сарын 31-нээс Египетийн Шарм-эль-Шейхээс Санкт-Петербург хот руу нисч явсан “Когалымавиа” авиакомпанийн Airbus A321 онгоц Синайн хойг орчимд осолдсон юм. Дотор нь явсан 217 зорчигч, нисэх багийн долоон гишүүн бүгд амь үрэгдсэн байна. Уг онгоцонд Оросын 214 иргэн (25 нь хүүхэд) явж байжээ.

Муурны төлөө таван жил шүүхдээд ач охиндоо ялагджээ

Швед эмээ нэгэн муурны төлөө ач охинтойгоо таван жил шүүхдэлцсэний эцэст ялагдлаа. 2002 онд ээж нь 12 настай охиндоо гурван сартай муурын зулзага бэлэглэжээ. Хэдэн жилийн дараа охин амьтнаа асарч чадахаа больж эмээдээ хандсан байна. Эмээ ч муурыг гэртээ байлгахыг зөвшөөрсөн аж. 2010 онд муурын анхны эзэн эмээ дээрээ ирж муураа эргүүлж авах гэсэн ч эмээ нь зөвшөөрсөнгүй. 20 настай ач охин муураа авахын тулд эмээгээ шүүхэд өгчээ. Муурны төлөөх урьд хожид байгаагүй ер бусын, ширүүн тулаан таван жил өрнөсний эцэст Седертерний тойргийн шүүх ач охины талд шийдвэр гаргасан байна. Муурыг харж бай гэж эмээдээ өгсөн болохоос бүр өгөөгүй, анхны эзэн нь амьтнаа эргүүлж авах эрхтэй хэмээн шүүх үзэж муурыг оч охиндоо даруй буцааж өгөх шийдвэр гаргажээ. 




Бухтай тулалдагч Хулиан Лопес: Бухын тулааныг үгүйсгэх нь өв соёлоо үгүйсгэж байгаатай адил

Хулиан Лопес 14 насандаа л догшин бухнуудын эрлэг болж, матадоруудын ертөнцөд нэрээ цууриатуулсан юм. Бух наадуулах нь Испанийн, кастиль үндэстний салшгүй өв соёл билээ. Бухыг хэрхэн уран гоё хуурч эргэлдүүлж, picador буюу морьтой хатгагчид морины уран гоё явдал дунд сэрвээнд нь зоож, torero буюу бухтай тулалдагч яруу тансаг байрлал, хөдөлгөөн авч бухыг өдөн дуудаж байгаад урт мэсээ сэрвээнээс нь зүрхэнд тултал зоох зэрэг нь аймшигтай мэт боловч кастиль хүмүүсийн хайрлан дурладаг урлаг, соёл юм. Сайн бухтай тулалдагчийг хүсдэггүй бүсгүй, тойрдоггүй мөнгө гэж байдаггүй гэдэг. Хулиан Лопес 14 насандаа л тодорч бухын тулааны урлагт хувьсгал хийсэн юм. Сүүлийн үед Испанид бух, хүн хоёрын тулааныг буруутган, хаах, хориглох ёстой гэсэн дуу хоолой нэлээдгүй гарч байна. Энэ болон бусад сэдвээр бухтай тулалдагч Хулиан Лопес (33 настай) ярьж байна.

-Бухтай тулалдах урлагийн манлайлагч байх хэцүү юу?

-Шаардлага мэдээж өндөр. Байнгын хөдөлмөр, бие бялдрын бэлтгэл хэрэгтэй. Эс бөгөөд бид хэдхэн хоромд амь насаа алдах эрсдэлтэй хүмүүс. Гэвч энэ гайхамшигтай урлаг руу дайрах, довтлох явдал их гарч байна.

-Хүчирхэг, улангассан бухыг буулгаж авахдаа зовж, шаналдаг уу?

-Буулгаж авах хүртлээ уурлаж, шатах тохиолдол их гардаг. Хэтэрхий удаан тулалдаж, төвлөрч чадахаа боливол уурлаж бухимдах тохиолдол бий. Дотоод сэтгэл, дотоод хүчээрээ тулалдах нь энэ урлагийн нэг чухал хэсэг л дээ.

-Урт мэсээ дүрж бухыг үхэтхийн унагахдаа юу боддог вэ?

-Тэр бухын амины төлөө харамсдаг уу гэж байгаа бол бухтай тулалдагч хүнээс ингэж асуугаад хэрэггүй. Мэдээж эцсийн дүрэлтээ хийгээд бухыг унагахдаа тореро хүний ялалт, таашаалыг л мэдэрдэг.

-Зарим тулалдагч тулааны талбар дээрээ нулимс унагаж байгаа нь харагддаг. Та тулааны талбар дээр нулимс унагаж байсан уу?

-Билбаод очихоор сэтгэл их хөдөлдөг. Испанийн хамгийн алдартай бухын тулааны талбартаа биш, үзэгчид, баск бухын орж ирэлт, дүр төрх нь миний сэтгэлийг хөдөлгөдөг юм. Бухын чих огтлох нь намайг өдөөж, сэтгэл хөдөлгөдөггүй. (Ялсан бухтай тулалдагч үзэгч, шүүгчдийн таашаалд нийцвэл чихийг нь огтолж өгч шагнадаг)

-Мөнгө аль хэр чухал вэ?

-Мөнгөний төлөө тулааны талбарт гардаг тулалдагч байхгүй дээ. Мөнгөний төлөө бухтай тулалддаг бол урьсан залсан газар бүр очиж тулалдахсан. Би зөвхөн бухын тулааныг биширч, сайн тулалдагч болох мөрөөдлөөр л жигүүрлэж энд хүрсэн. Мэдээж мөнгө, нэр алдар дагаж ирсэн. Угаасаа Испанийн бухтай тулалдах урлаг нь эр зориг, авхаалж, хүч чадлын тулаан. Одоо ч энэ чанараа алдаагүй шүү.

-Зарим тулалдагч буханд мөргүүлж хүнд бэртэж, бүр амь насаа алдах нь ч байдаг. Энэ онд олон ч тулалдагч мөргүүлж гэмтлээ... ?

-Тийм ээ, санаа зовоохоор олон тохиолдол гарлаа. Миний сайн найз Анхель Перера, бас өөр хэд хэдэн тулалдагч хүнд гэмтэж, айдас төрүүлсэн шүү. Хэдхэн секундын дотор бүхнээ алдах аюултай байдаг. Энэ мэргэжлийнхээ төлөө хамаг бүхнээ алдаж болох ч осол, гэмтэл бүр бухын тулааныг улам агуу болгож байдаг юм.

-Та Испанийн улстөрчдөөс юу хүсмээр байна?

-Бухын тулааныг ялгаварлаж, өөрсдийн зорилгодоо ашиглахаа боль. Бухын тулаан бол барууных ч, зүүнийх ч биш, ард түмнийх. Хүссэн хүн нь ирээд үзэж болох хууль ёсны урлаг. Хүндэлж, хайрлаж, хамгаалж байх өв соёл юм. Бухын тулааныг үгүйсгэх нь өөрсдийн өв соёлоо, өөрсдийгээ үгүйсгэж байгаатай ялгаагүй.

-Таныг алуулчин гэж нэрлэхэд ямар санагддаг вэ?


-Үнэнд нийцэхгүй доромжлол. Бухын тулааныг эсэргүүцдэг хүмүүстэй уулзаад тайлбарлаад ярихаар тэдний санаа бодол өөрчлөгддөг. Бухын тулааныг аллага гэж үздэг, олон нийтийг татах гэж ашигладаг хүмүүс нь их дуугарч, энэ урлагийг тайлбарлаж таниулах ажил нь жаахан хоцроод байна уу гэж бодох юм. Биднийг муулахдаа бодит байдлаас дэндүү хазайгаад явчихдаг.