Tuesday, October 20, 2015

Өчигдөр илүү гарсан материалаа гол болгоод хусаарай



АНУ энхийн хэлэлцээ хийх бодолгүй байна

АНУ-ын тал Хойд Солонгостой энхийн гэрээ байгуулах яриа хэлэлцээг эхлүүлэх бодолгүй байна хэмээн Хойд Солонгосын асуудал хариуцсан Вашингтоны тусгай төлөөлөгч Сон Ким мэдэгдлээ. “Энхийн гэрээ байгуулах боломжийн талаар ярилцах санал Хойд Солонгосоос гарсан. Харин АНУ иймэрхүү хэлэлцээнд орох сонирхолгүй байна” хэмээн тэрээр хэлжээ. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах зургаан талт хэлэлцээ амжилттай болвол энхийн гэрээний тухай яриа хэлэлцээг эхлүүлэх урьдчилсан нөхцөл болж магадгүй хэмээн Америкийн тусгай төлөөлөгч үзэж байна. Гэхдээ Пхеньян цөмийн зэвсэггүй болно гэсэн тодорхой амлалт өгсөн тохиолдолд л хэлэлцээний талаар ярьж болох аж. Хойд Солонгос цөмийн хөтөлбөрийн талаарх яриа хэлэлцээг сэргээх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн юм.

Ах дүү Кастрог шоглож зураад шийтгүүлжээ

Кубын удирдагч Рауль Кастро, Фидель Кастро нарыг шоглосон гудамжны зураач Данило Малдонадо арван сар хоригдсоны эцэст суллагдлаа. Гудамжны зургаар алдаршсан Малдонадо өнгөрсөн намар Фидель, Рауль нэртэй хоёр гахайг зурж байгаад цагдаа нарт саатуулагдсан юм. Зураач залууд ямар нэг хэрэг тулгаагүй ч арван сар хорьжээ. Хүний эрхийн Amnesty International байгууллага Гаваны эрх баригчдад хандаж шүүх, мөрдөн шалгалтгүйгээр хүмүүсийг хорьж, саатуулахаа зогсоохыг уриалав. Эрх баригчид Малдонадо болон бусад албан бус уран бүтээлчдийг Вашингтоны хөлсний этгээдүүд хэмээн нэрлэдэг аж. Харин зураачийг дэмжигчид “Орчин үеийн урлагийн хүн ямар ч сэдвээр зурж, туурвих эрхтэй” хэмээн мэдэгдэж байна.

Канадад сөрөг хүчин сонгуульд яллаа

Канадад болсон сонгуульд сөрөг хүчний Либерал нам ялалт байгуулжээ. Жастин Трюдогийн тэргүүлдэг нам холбооны парламентын ихэнх суудлыг авчээ. Трюдо есөн жил Ерөнхий сайдын алба хашиж буй Консерватив намын Стивен Харперийг залгамжлахаар болж байна. С.Харпер ялагдлаа хүлээн зөвшөөрч Ж.Трюдод баяр хүргэжээ. Либерал намын гишүүд, дэмжигчдийн өмнө гарч ирсэн Трюдо “Өөрчлөлт, шинэчлэл хийх цаг болсныг канадууд энэ сонголтоороо харууллаа” хэмээн онцлов. Канадын шинэ эрх баригчид Сирийн эсрэг цэргийн ажиллагаанд оролцохоо зогсооно хэмээн мэдэгджээ.

Стамбулд лалын босогчдыг нууцаар бэлтгэдэг байжээ


Туркийн тусгай албаныхан Стамбул хотод “Исламын улс” бүлгийн дайчдыг бэлтгэдэг нууц төвүүдийг илрүүлээд байна. Терроризмын эсрэг тэмцэх хэлтсийн ажилтнууд Стамбул хотын 13 хаяг, байршилд нисдэг тэрэгний тусламжтайгаар дайралт хийжээ. Узбек, тажик үндэстэн голдуу 53 хүнийг баривчилсны 29 нь насанд хүрээгүй залуус байв. Лалын босогчдыг бэлтгэх ажиллагааг ихэвчлэн байр, орцны хонгилийг түрээслэж явуулдаг байжээ. Хүүхэд залууст “Исламын улс” бүлгийн эзэлсэн газар нутаг болон лалын халифат улс байгуулах тухай ярьж сэнхрүүлдэг байсан аж. Мөн байлдах ур чадварын бэлтгэл хийлгэж байгаад Сири, Ирак дахь дайн байлдааны үйл ажиллагаанд оролцуулдаг байсан бололтой. 

Monday, October 19, 2015

Араб хэлний цагаан толгой итгэмээргүй амархан байдаг ч үгсийн сан, дуудлага нэн адармаатай. Арабууд хоолойны угаар ярьж буй мэт (гах гух гэж байгаа мэт) сонсогддог нь үгний эхэнд гэхэд л гурван гийгүүлэгч орох тохиолдол их байдагтай холбоотой. Араб хэлтэй орнуудын дуудлага, аялга өөр байдаг тул хоорондоо ойлголцдоггүй.
Польш хэлээх 40 сая хүн ярьдаг ч өөр олон хэлтэй харьцуулахад үүнийг хоёрдогч хэлээрээ сурсан хүн тун цөөхөн байдаг. Сурахад хэцүү зүйлсийн эхнийх нь дуудлага. Сześć буюу сайн уу гэдгийг зөв хэлэхэд тун амаргүй. Мөн дүрэм хэцүү. Бараг бүх хэлэнд эр эм хүйс гэж байдаг бол польш хэлэнд үгийг долоон хүйст хуваадаг ажээ.

Хятадын албан ёсны хэл мандарин буюу стандарт хятад хэлээр жинхэнэ ярьдаг хүмүүс нь Сычуань мужийнхан ажээ. Тэнд мандаринаар маш гоё буюу аялгуутай, дуулж, шүлэг уншиж буй мэт ярьдаг гэж байгаа. Энэ хэлний хамгийн хэцүү зүйл нь мэдээж аялга, дуудлага. Хятад хэлийг хичээнгүйлэн сурсан гадаад хүмүүс зөв дуудлагагүйн улмаас ойлголцохгүй тохиолдол их. Мэдээж ханз үсэг адармаатай, залхуутай.  




Хятадын генетикийн компани бяцхан гахай зарж эхэллээ

Хятадын генетикийн BGI компани өсч томордоггүй бичил бяцхан гахайг нэг бүрийг нь 1000 паундаар (гурван сая төгрөг) зарж эхэлжээ. Micropig phenomenon алгын чинээ гахай тэжээх нь сүүлийн үеийн хамгийн эрэлттэй, ашигтай бизнесийн нэг болоод байна. Хайр хүрмээр жижигхэн (аяганы цайны хэмжээтэй) гахайг олон хүн худалдаж аваад байна. Гэртээ байлгахад тохиромжтой, цүнхэндээ хийгээд аваад явж болдог тул хүмүүс ихээхэн сонирхож байгаа аж. Бичкэн гахайг тэжээдэг алдартнаас дурдвал Майли Сайрус, Рич Даймонд, Пантела нарыг хэлж болно.
Харин амьтан хамгаалах нийгэмлэгүүд болон био ёсзүйчид Хятадын компанийн бизнест санаа зовниж байна. Хятадууд гахайн генетик, гарвал зүйг өөрчилж, өсч томордоггүй гахай гарган авч арилжааны зорилгоор ашиглаж байгаа нь буруу хэмээн тэд үзэж байна.
Гахайг эсийн аргаар хувилж гаргахаас өмнө өсөлтийн дааврыг нь идэвхгүй болгодог нөлөөлөгчийг ашигладаг. Ийнхүү эл амьтны бие организм өсөлтийн дохио, зааврыг хүлээн авахаа больж өсч томрохоо больдог аж.

450 кг татдаг байсан бүсгүй анхны усны хувцсаа худалдаж авчээ

Нэг хэсэг 450 кг жинтэй болж таван жилийн турш босч чадалгүй орондоо хэвтсэн Катрина Рейдфорд (38 настай) уйгагүй хөдөлмөрийнхөө ачаар 230 кг хасч анхныхаа усны хувцсыг худалдаж авчээ. Турахгүй бол амьсгалахад ч бэрх болоод байсан Флоридагийн уугуул эмэгтэй хатуу чанд дэглэм баримтлахаас өөр аргагүй болсон юм. Хэдийгээр Катрина алхаж, усанд шумбаж байгаа ч 70 кг унжмал арьснаасаа салах хэрэгтэй байна. Тэрээр үүнд шаардлагатай 10 мянган долларыг олохын тулд GoFundMe сайт дээр хандив цуглуулахаар шийджээ. “Би одоо илүү жаргалтай, өөртөө итгэлтэй байна. Удаан хугацаагаар орондоо хэвтлээ. Жингээ хасч босч явдаг боллоо. Би ойрхон гүйж, долоо хоногт 3-4 удаа фитнесст явж байна” хэмээн 12 настайдаа л ээжээсээ том болж, 25 наснаасаа 400 кг татах болсон Катрина өгүүлэв. Амттан, чихэр жимсэнд донтож, нууцээр идсээр байгаад ингэж таргалсан аж.
Америк бүсгүй босч чадалгүй хэвтэж байхдаа идэхээс өөрийг үл хийж, өдөр, шөнийн турш интернэтээр хэсдэг байв. “Энэ бол миний амьдралын хамгийн хэцүү, муу үе. Би сэтгэлээр унаж, үхэхийг хүсдэг байсан. Одоо би энэ илүүдэл арьсыг дүр төрхөө гоё болгох бус, эрүүл мэндийнхээ төлөө авч хаях хэрэгтэй байна” хэмээн хэллээ. Одоогоор түүний нэр дээр 1100 доллар цуглаад байна.

Оскар Писториус суллагдлаа

Найз бүсгүйгээ хөнөөсөн хэргээр таван жилийн ял сонссон Өмнөд Африкийн паралимийн тамирчин Оскар Писториус нэг жил хоригдсоны эцэст суллагдлаа. Тэрээр үлдсэн ял шийтгэлээ Претори хотод өвөөгийнхөө гэрт хорионд өнгөрөөх юм. Писториусыг мөн сэтгэцийн эмчилгээ хийлгэх, зэвсэг эзэмшихгүй байх гэсэн болзолтойгоор сулласан байна.
Гүйлтийн төрөлд гялалзаж, паралимпоос зургаан алтан медаль авч байсан Оскар Писториус 2014 оны аравдугаар сараас шоронд ял эдэлж эхэлсэн юм. Тэрээр найз бүсгүйгээ дээрэмчинтэй андууран буудсан хэмээн шүүхэд мэдүүлсэн ч түүнийг санаатайгаар хэд хэдэн удаа буудаж амь насанд нь хүрсэн хэмээн олон хүн үздэг. Хиймэл хөлтэй Писториус 2012 оны Лондоны олимпод эрүүл тамирчдын хамтаар уралдаж байжээ.

Үхлийн тариа дуусч цааз хойшилжээ

АНУ-ын Охайо муж үхлийн тарилганы нөөцгүй болсны улмаас цаазын ялын гүйцэтгэлийг 2017 он хүртэл хойшлуулаад байна. Мужийн захиргаанаас мэдэгдэж буйгаар, цаазлуулах ёстой 12 хоригдолд энэхүү завшаах тохиов. Охайо муж дээрх тариа, бэлдмэлийн нөөцөө дуусгасны дараа нөхөж авах гэж оролдсон ч шаардлагатай химийн бүтээгдэхүүн гадаадаас орж ирэхгүй байгаагийн улмаас бүтэлгүйтсэн аж. Америкт 32 муж цаазыг ялыг ашигладаг. Цаазын ялын гүйцэтгэлээр Техас муж тэргүүлдэг ажээ.

Дэлхийн шилдэг хөтөчийг шалгаруулжээ

Английн Guardian сонин жуулчдын дэлхийн шилдэг арван хөтөчийг шалгаруулжээ. Хамгийн шилдэг хөтөчөөр Бельгийн Стефан де Греф тодорлоо. Тэрээр Камбожийн Ангкор сүмийн тайлбараар мэргэшсэн нэгэн аж. Бээжин хотоор хоол ундны хөтөл-тайлбарлагч хийдэг Лиллиан Чоу, Босни Герцеговина улсад жуулчдыг авч явдаг Нено Новакович нар эхний гуравт багтжээ. Дэлхийн шилдэг арван хөтөч-тайлбарлагчид Оросын Феликс Мальцев багтсаныг ихэд онцолж байна. Москва хотод жуулдыг хүлээн авч “Мосфильм” киностуди, музей зэргээр авч явдаг Мальцев мөн “Сталины Москва”, “Еврейн Москва” зэрэг тусгай аялалыг зохион байгуулдаг. Орос хөтөч англиар тайлбараа хийж, Борис Пастернак, Осип Мандельштам, Марина Цветаева нарын шүлгийг англиар уншиж өгдөг байна. Зөвхөн түүний мэргэшсэн, тусгай тайлбар, яриаг сонсох гэсэн хүмүүс гадаадаас захиалгаа өгч ирдэг ажээ.

Хамгийн хэцүү арван хэл

Foreign Service Institute-ээс дэлхийн хамгийн хэцүү арван хэлний жагсаалтыг гаргажээ. Ингэхдээ төрөлх англи хэлтэй хүмүүс сурахад хэмгийн хэцүү гэдэг шалгуурыг гол болгожээ. Хэцүү дүрэм болон маш олон үсэг, дүрстэй (ханз)-гээрээ япон, солонгос хэл тэргүүлсэн байна. Монгол улс болон Хятадын өмнөд хэсгийн зургаахан сая хүн ярьдаг монгол хэл кирилл болон дээрээсээ доошоо бичдэг хуучин бичигтэй, хамгийн олон эгшигтэй гэдгээрээ хэцүү хэлэнд багтсан ажээ.

1.    Япон
2.    Солонгос
3.    Араб
4.    Польш
5.    Гүрж
6.    Мандарин хятад
7.    Унгар
8.    Тай
9.    Монгол
10. Финн



Sunday, October 18, 2015





Цагаачлалыг эсэргүүцэгчид сонгуульд манлайлж байна

Швейцарийн парламентын сонгуульд үндсэрхэг-консерватив үзэлтэй Швейцарийн ардын нам 28 хувийн саналаар тэргүүлж байна. Тус нам парламентын 200 суудлын 60-ыг авах нь тодорхой болжээ. Цагаачлалыг хатуу ширүүн эсэргүүцдэг Швейцарийн ардын намын ялалт нь Европыг нөмрөөд байгаа дүрвэгсдийн давалгаатай холбоотой хэмээн улс төр судлаачид үзэж байна. Хоёр дахь хүчирхэг улс төрийн хүчнээр цагаачлалын асуудлаар аядуу байр суурь баримталдаг Социал-демократ нам (18 хувь) тодорчээ. Либерал нам 16 хувийн санал авлаа. Сонгуулийн дүнгээр парламент дахь хүчний хуваарилалт холилдож барууны төвийн үзэл давамгайлна хэмээн үзэж байна. Дөрвөн том нам эвсэл байгуулах нөхцөл бүрджээ. Швейцарьт 1950-аад оноос хойш эвслийн Засгийн газар тасралтгүй төр барьж байгаа юм.

Ламар Одом ухаан орж, хөдөлж эхэлжээ

Гурав хоногийн турш ухаангүй байсан НБА-ийн хоёр удаагийн аварга Ламар Одом ухаан орж, орноосоо өндийх боллоо хэмээн хэвлэлүүд мэдээлэв. Тэрээр ярьж, инээмсэглэх болсон хэмээн Huffington Post сонин уламжлав. 35 настай сагсанбөмбөгчийн бие мэдэгдэхүйц сайжирч байгаа ч буцаад муудах магадлалтай хэмээн эмч нар санууллаа. Л.Одом Лас-Вегас хотын Sunrise эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн хэвээр байна. Тэрээр цөөн хэдэн үг хэлж чадаж байгаа ч ихэвчлэн дохио зангаагаар харилцаж байгаа аж.
Los-Angeles Lakers-т тоглож НБА-ийн аварга болж байсан Одом аравдугаар сарын 13-нд ухаан алдаж хиймэл амьсгалын аппарат залгуулсан юм. Түүнийг зүрхний дутагдалд орсон, бөөр үрэвссэн, унахдаа толгой, тархиндаа гэмтэл авсан хэмээн эмч нар оношилжээ. Ламар Одом хар тамхи болон бэлгийн чадвар дээшлүүлэх эм  бэлдмэл хэрэглэсэн нь цусны шинжилгээгээр тогтоогдсон байна. Сагсанбөмбөгчийг Невада мужийн “Love Rancho” хэмээх улаан дэнлүүний газарт ухаангүй байхад нь олсон юм.

Саудын Арабын нефтийн нөөц эрс өсчээ

Саудын Арабын түүхий нефтийн арилжааны нөөц 326.6 сая баррельд хүрсэн нь 2002 оноос хойшх дээд үзүүлэлт болж байна. Эр-Рияд дэлхийн нефтийн томоохон экспортлогч боловч өнгөрсөн наймдугаар сард экспорт 7.27 сая баррелиас (өдөрт) 7.1 сая баррель болж буурчээ. Түүхий нефть нөөцлөгч орнууд 2015 оны тавдугаар сард дээд үзүүлэлтэд хүрч, зургадугаар сард өдөрт 10.56 сая баррель нефть олборлосон нь 1980 оноос хойшх хамгийн өндөр үзүүлэлт юм. Саудын Араб Европын зах зээлд гаргах нефтийнхээ хэмжээг нэмэгдүүлж эхэллээ хэмээн Bloomberg мэдээлэв.

Хамгийн өндөр мод хаана байдаг вэ?

Дэлхийн хамгийн өндөр мод хаана байдаг вэ, ямар төрлийн мод вэ гэсэн асуултад GEO сэтгүүл хариулт өглөө. АНУ-ын Калифорни мужид ургадаг Hyperion хэмээх мод хамгийн өндөрт тооцогдож байна. 2006 онд Сан-Францискогийн хойд хэсгийн Рэдвүд үндэсний дархан цаазат газраар зугаалж явсан хоёр аялагч энэ модыг олсон аж. Hyperion гэдэг нь эртний Грекийн домогт гардаг газар, тэнгэрийн бурхан буюу Дээрээс хардаг гэсэн утгатай үг ажээ.
Зогсолтгүй ургасаар байгаа энэ мод нь 115 метр өндөр, Нью-Йорк дахь Эрх чөлөөний хөшөөнөөс 20 метр нуруулаг гэсэн үг. Нийтдээ 526 метр куб эзэлхүүнтэй, 700-800 жилийн настай хэмээн судлаачид үзэж байна. Жуулчид, сониуч хүмүүсийн хөлд экосистем нь талхлагдахаас сэргийлж дэлхийн хамгийн өндөр мод яг хаана байгааг нууцалж байгаа юм. Харин хамгийн бүдүүн мод нь 14 метрийн диаметртэй Tule хэмээх мод   . Эрдэмтэд энэ модыг хоёр мянган жилийн настай хэмээн үздэг. Tule модны сүүдэрт 500 орчим хүн элбэг багтдаг ажээ.

400 жилийн настай сүм усны мандал дээр гарч иржээ

Мексикийн Чиапас муж дахь нэгэн усан сангийн мандал дээр 400 жилийн настай сүм гарч иржээ. Улс орны зүүн өмнөд хэсгийг нөмөрсөн ган гачгийн улмаас усны түвшин 24 метрээр доошилсны дараа живсэн сүмийн ихээхэн хэсэг ил гарсан байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, уг сүмийг XVI зуунд Испанийн колончлогчид барьжээ. Усны мандал дээр сүмийн ханан хэсэг гарч ирсэн нь зарим газраараа 10 метрт хүрч байна. Нийтдээ 61 метр урт, 14 метр өргөнтэй сүм ажээ.

Энэ сүм 1960-аад оны үед холгүй барьсан далангийн улмаас усанд автаж живсэн байна. 1540-өөд онд Мексикийн Чиапас мужид хэсэг санваартны хамт анх ирсэн хамба лам Бартоломе де лас Касасын санаачилгаар энэ сүмийг босгосон хэмээн үздэг ажээ.


Чилийн аврагдсан уурхайчны хайрын түүх

Таван жилийн өмнө 700 метрийн газрын гүнд 69 өдрийн турш боогдсон Чилийн 33 уурхайчныг хэрхэн гайхамшигтайгаар аврахыг дэлхий нийтээрээ харсан билээ. Аврах ажиллагааг цэнхэр дэлгэцээр харсан дэлхийн хүмүүсээс ганцхан эмэгтэй л аврагдсан нэг уурхайчинтай алс холоос холбогдсоор эцэст нь гэрлэжээ. Сан Хосегийн уурхайн гүнээс 16 дугаарт аврагдсан Чилийн уурхайчин, жолооч Даниел Эррера, герман бүсгүй Мелани Мейер нар хувь заяагаа холбож Чилид суурьшсан ч анхны хүүхдээ өлгийдөж авахаар Германд ирээд байна.
“Тийм ээ, би зурагтаар түүнд дурласан” хэмээн Германы өмнөд хэсгийн 24 мянган оршин суугчтай Вейнгартен  хотын уугуул бүсгүй ВВС-д ярьж байна. “Би хол явж, онгоцоор нисэх дургүй. Өмнө нь үргэлж л 33-ын бүлэгтэй хамт ийш тийшээ явдаг  байлаа. Энэ удаа ганцаараа, англи хэл ч мэдэхгүй энд ирлээ. Ямар аймшигтай юм болж, амь насаа алдах гэж байснаа мартдаггүй. Одоо Германд эхнэрийнхээ гэр бүлтэй танилцахаар ирээд байна” хэмээн Эррера өгүүлэв.
11 мянган км-ийн алсад байсан Мейер ажлаасаа ирээд Германы N24 телевизээр аврах ажиллагааг үзэж байв. Эррера татагч бүрхүүлээс хэрхэн гарч ирж, ээжийгээ тэврэн авч “Зүгээр ээ, ээж ээ, одоо бүх зүйл өнгөрсөн” хэмээн хэлж байгааг харсан аж. “Даниелийн инээмсэглэж байгааг хараад нэг л онцгой сэтгэгдэл төрсөн. Яг ямар гэдгийг нь мэдэхгүй, сонин сэтгэгдэл төрсөн. Би хүүтэйгээ, эгчтэйгээ хамт байсан. Энэ уурхайчин надад таалагдаж байна гэж тэд нарт хэлсэн” хэмээн Мелани ярилаа. Герман бүсгүй сургуульд үзэж байсан испани хэлээ ашиглаж Facebook-ээр Эррератай холбогдож, ярилцах гэж оролдсон байна. Чили залуу Мелани Мейерийг уурхайчдаас ярилцлага авах санаатай хэвлэлийн хүн гэж үзээд хариу өгөхгүй байсан аж. “Тэр явдлын дараа маш олон хүн надад ойртохыг оролдож байсан. Гэвч Мелани тэр олон хүнээс шаргуу зангаараа ялгарч байлаа. Би интернэтийн хайр дурлалд итгэдэггүй байсан. Гэвч тэр намайг өөрчилж чадсан” хэмээн чили уурхайчин Даниель Эррера хэллээ. “Би их шаргуу хүн. Эхэндээ миний анхны сэтгэгдэл зөв байж уу гэдгийг л мэдэхийг хүссэн. Би алдаагүй байсан, тэр яг л миний төсөөлж байсан шиг хүн байсан” хэмээн герман бүсгүй ярьж байна.
Мелани хэд хэдэн удаа Чилид очиж, дүрстэй ярилцаж, зурвас солилцсоны эцэст тэр хоёр гэрлэжээ. Эррера телевизийн камер дагуулан хайрт бүсгүйгээ нисэх буудалд тосч гэрлэх санал тавьсан юм. Сүйт залуугийн ээж нь Меланиг халуун дотноор хүлээн авч “Манай гэр бүлийн нэг хэсэг болж байгаа хүнийг адилхан хайрлаж энэрэх болно” хэмээн хэлжээ.

Тэд нэг жилийн өмнө гэрлэж Чилийн Санта-Круз хотод суурьшсан байна. Эррера сэтгэл зүйн эмчилгээ хийлгэсний дараа эргээд уурхайдаа ажиллах болсон юм. “Би Сан Хосе уурхайд хийж байсан ажлаа хийж байна. Газрын гүн рүү орохоо болиод аюулгүйн стандарт дээр ажиллах болсон. Сайхан бүсгүйтэй учирч, ханилж эцэг болох гэж байна. Гомдох юм алга” хэмээн Даниел Эррера өгүүлэв. Германд нэгэн компанид 17 жил нарийн бичгээр ажилласан Мелани Чилид уурхайд бичиг цаасны ажилд оржээ. “Би уурхайчны эхнэр тул зарим үед ажлын шаардлагаар тусдаа байх нь бий. Ганцаараа өнгөрүүлж буй өдрүүд надад хэрэгтэй л дээ. Герман хүмүүс ийм байдаг. Бид өөрсөддөө цаг гаргаж байх хэрэгтэй” хэмээн ярилаа. Харин 32 настай чили залуу “Хөндөхийг хүсдэггүй дурсамжууд бий. Гэвч их сонин. Тэр эмгэнэлт явдал надад сайн зүйл авчирсан. Тэр ослын ачаар л би энэ бүсгүйтэй танилцаж, гэр бүл зохиолоо. Миний амьдрал сайн тал руугаа өөрчлөгдсөн” хэмээн өгүүлж байна. 

Saturday, October 17, 2015




Биг Бен дөрвөн сар зогсож магадгүй

Лондоны алдарт Биг Бен цамхагийг бүрэн сэргээн засварлах ажилд 29 сая паунд шаардлагатай, эс бөгөөс цамхагийн цаг бүрэн зогсож магадгүй хэмээн Daily Mail сонин мэдээлэв. Сэргээн засварлалт дөрвөн сар үргэлжилнэ хэмээн үзэж байна. Энэ үеэр цамхагийн дөрвөн талд байгаа цагны зүүг зогсоох аж. “Биг Бен цамхагийн цагны зүүний араа, дүүжинд асуудал гараад олон жил болж байна. Эдгээр доголдлыг засахгүй бол цаг хэзээ ч зогсож магадгүй болсон. Бүр ноцтой эвдрэл ч гарч болзошгүй” хэмээн Британийн парламентад илгээсэн мэргэжилтнүүдийн илтгэлд дурджээ. Алдарт цаг ойрын хоёр гурван жилд зогсож магадгүй байгаа нь Британийн парламентын нэр хүндэд муугаар нөлөөлнө хэмээн үзэж байна. Парламентаас засварын төсвийг баталж өгвөл цагны бүтцийг сэргээн засах ажилд хамгийн их ажил, хугацаа орох ажээ.

Лондоноос Нью-Йорк хүртэл нэг цаг ниснэ

Airbus компани нэг цагийн дотор Лондоноос Нью-Йорк хүрч чадах агаарын хөлгийн зохиогчийн эрхийг авлаа хэмээн Fox News мэдээлэв. Уг нисэх онгоцыг “Concorde-2” хэмээн нэрлэжээ. Энэхүү дуунаас хурдан онгоц гурван тусдаа хөдөлгүүртэй байх ба эдгээрийн ачаар агаарын урсгалыг зүсч өнгөрөх чадвартай байх юм. Хэвлэлд бичиж буйгаар, шинэ агаарын хөлөг нь анхдагч “Concorde”-оос гурав дахин илүү хурдтай нисэх ажээ. Цагт 1354-2179 км хурдалдаг дуунаас хурдан “Concorde” нисэх онгоц 2003 онд нислэгээ зогсоосон билээ. Airbus эхний ээлжинд шинэ “Concorde”-ийг цэргийн зорилгоор ашиглах бололтой. Харин хэзээ арилжааны зорилгоор ашиглаж эхлэх нь тодорхойгүй байна.

Самурай 160 км/цаг-ийн хурдтай бейсболын бөмбөгийг хоёр хуваажээ

Самурай Исао Мачи тусгай төхөөрөмжөөр 160 км/цаг-ийн хурдтай буудсан бейсболын бөмбөгийг ядах юмгүй цавчиж хоёр хуваажээ. Япон эр маш хурдтай нисэн ирсэн жижиг бөмбөгийг нарийн, оновчтой сэлэмдэн хувааж байгаа бичлэг интернэтэд тавигдсан байна. Самурай буудагч төхөөрөмжөөс есөн метрийн зайд зогсож байсан аж. Цөөнгүй хүн энэхүү хосгүй ур чадварын гэрч болжээ.

Словенид нэг өдөрт гурван мянган дүрвэгч ирлээ

Гурван мянга орчим дүрвэгч Хорватын хилийг давж Словенид орж ирлээ хэмээн тус улсын STA агентлаг уламжлав. Цагдаа нар дүрвэгчдийн давалгааг зохицуулахад армийнхан туслана хэмээн Словенийн Ерөнхий сайд Мирослав Церар мэдэгдсэн байна. Унгар улс Хорватаас орж ирэх цагаачдын урсгалыг зогсоохын тулд Хорваттай залгаа хилээ хаасны дараа Словени руу орж ирэх дүрвэгсдийн тоо нэмэгджээ. Словенийн төмөр замын удирдлага Хорваттай холбогддог замын хөдөлгөөнөө зогсоосноо албан ёсны веб сайтаараа дамжуулан мэдэгдээд байна.
Сири болон Ойрхи Дорнод дахь дайн мөргөлдөөнөөс зугтсан иргэд Турк, Болгар, Серб, Македоноор дамжин Унгар, Австри, цаашлаад Герман руу орох болсон нь Европын холбоонд ихээхэн бэрхшээл учруулах болжээ. Европын холбоо дүрвэгсдийг хувааж авах талаар шийдвэр гаргасан ч Унгар, Чех, Словени зэрэг улс хүлээн зөвшөөрөхгүй байна.