Saturday, August 29, 2015



Египетийн шүүх гурван сэтгүүлчийг шийтгэв

Египетийн шүүх Катарын “Аль-Жазира” телевизийн гурван сэтгүүлчийг шийтгэж хорих ял оноолоо. Тэднийг зөвшөөрөлгүй ажилласан, төр улсад хохирол учруулсан баримт материал тараасан хэмээн буруутгажээ. Шүүхийн сандалд Канадын иргэншил аваад удаагүй байгаа египет гаралтай Мохамед Фахми, Бахер Мохамед нар суусан байна. Гурав дахь шүүгдэгч, Австралийн иргэн Питер Грест хоёрдугаар сард Египетийн газар нутгаас хөөгдсөн бөгөөд түүнд эчнээ ял оноосон аж.
Эдгээр үнэнч лал шашинтнууд яагаад Египетийн төрийн дайсан болон хувирав?
Энэ гурав өмнө нь Ерөнхийлөгч асан Мохамед Мурситай нягт холбоотой ажилладаг байсан “Лалын ахан дүүс” байгууллагад тусалсан, хамтарч ажилласан хэргээр 7-10 жилийн ял сонсож байжээ. 2013 онд Мурсийг эрх мэдлээс түлхэн унагаж, хэрэгт татсаны дараа “Лалын ахан дүүс” хөдөлгөөнийг терроризмийн хэрэгт буруутган, үйл ажиллагааг нь хориглосон юм. Сүүлийн 30 жилийн турш Египет болон хөрш лалын орнуудад ихээхэн нэр нөлөөтэй байсан энэ байгууллага ийнхүү төгсгөл болсон билээ. Канад улс өөрийн иргэнээ даруй суллахыг Египетийн эрх баригчдаас шаардаж, Австралийн иргэн Грестийн адилаар Египетээс гаргаж явуулахыг хүсчээ.
Каирийн шүүхийн гаргасан шийдвэр хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд дахин довтолсон явдал боллоо хэмээн “Аль-Жазира” телевизийн удирдлага мэдэгдэв. “Энэ бол Египетийн шүүхийн системийн түүхэн дахь хар өдөр боллоо. Ажлаа хийж явсан сэтгүүлчдийг шийтгэсэн нь байж боломгүй” хэмээн тус телевизийн мэдэгдэлд онцолжээ. АНУ-ын эрх баригчид Египетийн шүүхийн шийдвэрт ихээхэн санаа зовниж, гайхаж буйгаа илэрхийлээд, шийдвэрийг эргэн харахыг эрх баригчдад хандан уриалжээ. “Чөлөөт хэвлэлийг мөрдөж, мөшгиж, шүүхээр шийтгэж байгаа нь ихээхэн маргаан дагуулж байна. Ардчилсан хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг чөлөөт хэвлэлийг ийнхүү залхаан цээрлүүлж байгаа нь туйлын буруу” хэмээн Төрийн департаментын төлөөлөгч Жон Кирби мэдэгджээ.

Цэргийн эрх баригчид Ерөнхийлөгч Мохамед Мурсийг гэрийн хорионд оруулж, улмаар эрх мэдлээс зайлуулсны дараа лалын хөдөлгөөний олон мянган гишүүнийг баривчилсан юм. Тэдний зуу орчимд нь цаазын ял оноосон билээ. Египетийн шинэ лидер Абдель-Фаттах аль-Сиси радикал үзэлтнүүд, мөн аядуу лалуудын эсрэг хатуу бодлого баримталж байгааг дэлхий нийт ихээхэн шүүмжилж байгаа. Тэрээр  мөн либерал сөрөг хүчин, иргэний нийгмийн хөдөлгөөнийг хавчин хяхаж, хүчний байгууллагуудын эрх мэдлийг нэмэгдүүлэх болсон юм. Каирийн шүүх тавдугаар сарын 16-нд Ерөнхийлөгч асан Мурси болон түүний 105 хамсаатанд ялын дээд хэмжээ оноосон билээ. Мохамед Мурсийг 2011 онд “Лалын ахан дүүс” хөдөлгөөний лидерүүд шоронгоос оргоход хамтарсан хэргээр шийтгэсэн юм. Лалын олон лидер шоронгоос мултарснаар Египетэд аллага, хүчирхийлэл гаарсан хэмээн шүүх үзжээ.

No comments:

Post a Comment