Sunday, August 30, 2015



Грект сонгууль болоход 20 хоног үлдлээ

Европын холбооны шүдний өвчин болоод байгаа Грек улсад сонгууль болоход 20 хоног үлдээд байна. Хэд хоногийн өмнө гэнэт огцорч буйгаа мэдэгдэж, хугацаанаас өмнө сонгууль зарласан Ерөнхий сайд асан Алексис Ципрас бүх санал асуулгыг тэргүүлсэн хэвээр байна. Тэрс үзэлтэн Паниотис Лафазанисийн байгуулсан шинэ эвсэл хамгийн хүчтэй өрсөлдөөнийг үзүүлэх бололтой. Грекийн парламент радикал голдуу найман намаас бүрдэх магадлал их байгаа бөгөөд шинээр бүрдэх Засгийн газар улс орноо аврах ямар хатуу арга хэмжээ авахыг хэн ч таамаглаж чадахгүй байна. Шинэ Засгийн газар бүрэлдэж чадахгүй байх ч дүр зураг харагдаж байгаа юм.
Судалгаанаас үзэхэд өнөөдөр Грекийн радикал болон консерватив намын нэр хүнд бараг ойролцоо байна. Ципрасын тэргүүлдэг Syriza нам нэгдүгээр сараас хойш долоон сар төр барихдаа олон сонгогчийнхоо итгэлийг алджээ. Алко компани тандалт явуулахад, сонгогчдын 79 хувь нь Ципраст хууртагдсан, 77 хувь нь түүний ажилд хангалтгүй гэсэн дүн тавьжээ. Энэ хооронд түүний долоон сарын настай Засгийн газрын ажлын үзүүлэлтүүд гарч байна. 25.7 хувьтай байсан ажилгүйдэл 28 хувьд хүрчээ. Грек улс ханган нийлүүлэгчиддээ төлбөр хийж чадахгүй хэвээр, долдугаар сарын байдлаар улсын нийт өр дөрвөн дүнчүүр 595 тэрбум евро байна. Энэ хугацаанд улсын төсөвт орж ирсэн орлого дөнгөж 26.8 тэрбум байсан нь төлөвлөснөөс 12.8 хувиар бага байна. Нэгдүгээр сараас хойш дөнгөж гурван тэрбум еврогийн өр барагдуулжээ.

Алексис Ципрасын засаглалын долоон сард бодлого, чиглэл тодорхой бус, Засгийн газрын муу ажиллагаа болон хөрөнгийн хяналтыг хэрэгжүүлэх бодлогын улмаас улс орны эдийн засаг улам хүндэрсэн хэмээн эдийн засагчид хэлж байна. Эдийн засгийг нэг хувиар өсгөнө хэмээн тооцоолсон ч бүтэлгүйтжээ. Грект цорын ганц нааштай зүйл байгаа нь аялал жуулчлал. Тус салбар улс орныг авч явж буй гол хөдөлгүүр болсон хэвээр байна. Энэ онд 26 сая жуулчин хүлээн авахаар тооцоолсон нь урьд өмнө байгаагүй тоо юм. Мөн Европын холбооноос үзүүлж буй гурав дахь ээлжийн тусламжийн эхнийхээр Европын Төв банкинд 3.2 тэрбум еврогийн өрөө төлсөн нь бас нэг амьсгаа авахуулж байна.

No comments:

Post a Comment