Чарли Шин эдлэнгээ худалдана
Wednesday, November 18, 2015
Тагтаа хорт хавдрыг илрүүлнэ
Цахилгаан мэдээ, дараа нь телефон утасны харилцаа холбоо
сайжрахын хэрээр нэр хүндтэй шууданчийн үүрэг гүйцэтгэж байсан тагтаанууд хотын
гудамжинд гарч талхны үйрмэгээр хооллох болсон юм. Гэвч энэ жигүүртэн дахин
хүндтэй байр сууринд залрах бололтой.
Айова болон Калифорнийн их сургуулийн эрдэмтэн, судлаачид
тагтаа шувуу бичил дурангийн зургийг хараад л хөхний хавдрыг илрүүлэх чадвартай
болохыг олж мэдээд байна. Үүний тулд тагтааг өвчин судлал, радио рентген
зургийн чиглэлээр сургаж, мэргэшүүлбэл хавдар илрүүлэлтэд ашиглаж болох аж.
Судалгаа, шинжилгээнд оролцсон эрдэмтэд ажлынхаа үр дүнг “PLOS ONE” сэтгүүлд
нийтэлсэн байна. Эрт дээр цагаас хүнтэй нөхөрлөж ирсэн тагтааны нүд, хараа гэмтсэн
эд эсийг илрүүлэх чадвараараа хүнээс дутахгүй, бүр илүү ч байж мэднэ хэмээн
эрдэмтэд баталж байна. “Тагтаа гэмтэлтэй, муудсан эд эсийг илрүүлэхдээ
гарамгай. Зөвхөн радио рентген зургийг харуулахад л хангалттай. Тагтааны ялгах,
илрүүлэх чадвар нь байгалиас заяагдсан” хэмээн Айовагийн их сургуулийн эрдэмтэн
Эдвард Вассерман өгүүлж байна. Эрүүл, эрүүл бус эд эсийг ялгаж, хөхний хорт
хавдрыг илрүүлж чаддаг тагтааны чадварын ачаар өөр өвчнийг ч илрүүлэх боломжтой
хэмээн үзэх болов. Зураг, рентгений аргаар илрүүлдэг бусад өвчнийг ч тагтаа
илрүүлэх боломжтой байж магадгүй байна. Үүний тулд тагтаа микроскоп буюу бичил
дурангаар авсан хөхний хорт хавдрын эрүүл болон эрүүл бус эд эсийг ялгаж сурах сургалт
явуулах шаардлагатай. Зургийг, эд эсийг ялгаж чадвал тагтааг хоолоор шагнах
зэргээр урамшуулдаг аж. “Тагтаа хөхний хавдрын эд эсийг ялгаж сурахад тийм их
хугацаа орохгүй. Угаасаа байгалиас заяасан чадвараараа сурчихдаг. Харин эмч хүн
ийм чадвар эзэмшихийн тулд их хугацаа, сургалт, бэлтгэл шаардлагатай болдог”
хэмээн Вассерман онцоллоо.
Эдгээр супер тагтаануудын нэг харсан зурган дээрээ
ажиллах, ончтой байх чадвар нь 84 хувьтай байдаг аж. Анх удаа харж байгаа
зураг, рентген дээр 72 хувийн амжилт үзүүлдэг байна.
Тагтааны тархи нь чигчий хурууны хумсны чинээтэй байдаг ч
харах, илрүүлэх тал дээр хүний тархи шиг хүчин чадалтай байдаг ажээ. Эдвард Вассерманы
үзэж буйгаар, тагтаа зэрэг шувууд нь тархиныхаа өвөрмөц зохион байгуулалт, ажиллагааны
ачаар зураг, эд зүйлсийг ялгаж, ангилахдаа гарамгай байдаг. “Сүүлийн 50 жилд
хийсэн судалгаагаар, тагтаа нь хүний нүүрний хувирал, цагаан толгойн үсэг, эм
бэлдмэлийн өнгө, хэмжээ, бүр Монет, Пикассогийн уран зургийг ч ялгах чадвартай
нь батлагдсан” хэмээн эрдэмтэд хэлж байна.
Э.Моралес сайдаа ижил хүйстнээр дууджээ
Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес Эрүүл мэндийн сайд,
хатагтай Ариана Камперог ижил хүйстэн хэмээн ярьсныхаа төлөө уучлал гуйхаас
аргагүй байдалд оржээ. “Би түүнийг гомдоохыг хүсээгүй. Гей, лесби гэдэг үгийг
доромжлол гэж бодохгүй байна. Засгийн газар ч, би ч сексийн чиг хандлагын эсрэг
бодлого баримталдаггүй” хэмээн Моралес мэдэгдэлдээ дурдсан байна.
Арваннэгдүгээр сарын 16-нд хөдөө тосгодод түргэн
тусламжийн автомашин гардуулж өгөх ёслолын үеэр Ерөнхийлөгч үг хэлэхдээ “Намайг
үг хэлж байхад Камперо сонсохыг хүссэнгүй, тэр өөр эмэгтэйтэй яриад зогсож
байна. Таныг лесби гэж бодохыг хүсээгүй шүү” хэмээн хэлжээ. Төрийн тэргүүний үг
эмэгтэйчүүд, сексийн цөөнхийн төлөө тэмцэгчдийн эгдүүг хүргэжээ. Эво Моралес
ижил хүйстнүүдийг доромжилсон хэл аманд нэг бус удаа орж байв. 2010 онд “Генетикийг
нь өөрчилсөн бүтээгдэхүүн ижил хүйстэн болох явдлыг өөгшүүлж байна. Бидний
иддэг тахианы махыг эмэгтэй даавраар дүүргэсэн байдаг. Тэрийг идсэн эрчүүд
эрэгтэй хүн байхаа больдог” хэмээн мэдэгдэж байлаа. Эмч мэргэжилтэй, 29 настай
Ариана Камперо Боливийн Засгийн газрын хамгийн залуу сайд юм.
Терроризмийн эсрэг эвслийн шинэ тогтоолын төслийг өргөн
барилаа
ОХУ терроризм, тэр тусмаа “Исламын улс” бүлгийн эсрэг
тэмцэх олон улсын эвслийн тухай тогтоолын шин төслийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд
өргөн барилаа. НҮБ дахь Оросын төлөөлөгч Виталий Чуркин “Энэ бол шинэчилсэн
төсөл. Байлдааны үйл ажиллагаа явуулж байгаа улс орны Засгийн газрууд хамтран
ажиллах заалт хэвээрээ байгаа. Харин “Исламын улс”-ын эсрэг тэмцэлд хамтын
хүчээ нэгтгэх чухал шаардлагатай байгааг баримт бичигт онцолсон” хэмээн
мэдэгдлээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл шинэчилсэн тогтоолын төслийг хэлэлцэж
зөвшилцөхийг ОХУ-ын Гадаад хэргийн яам уриалав. ОХУ-ын нисэх хүчин есдүгээр
сарын 30-наас олон улсын цэргийн эвсэлд захирагдалгүй Сири дахь лалын босогчдын
байрлалыг бөмбөгдөж байгаа юм.
“Боко Харам”-ын эсрэг тэмцэлд зориулах хоёр тэрбум доллар
алга болжээ
Нигерийн Ерөнхийлөгч Мухаммаду Бухари өмнөх
Ерөнхийлөгчийн үед аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллаж байсан Самбо Дасукийг хоёр
тэрбум доллар хулгайлсан хэрэгт сэжиглэн баривчлах тушаал гаргалаа. Самбо Дасук
алан хядагч “Боко Харам” бүлгийн эсрэг тэмцэлд ашиглана хэмээн 12 нисдэг тэрэг,
дөрвөн сөнөөгч онгоц, бас бус байлдааны хэрэгсэл худалдаж авах хуурамч гэрээ
байгуулсан хэрэгт буруутгагдаж байна. Гэвч ямар ч худалдан авалт хийгдсэнгүй, х
оёр тэрбум доллар төсвөөс гарч алга болжээ. Цэрэг, армид ихээхэн мөнгө
төсөвлөсөн ч зэр зэвсэг хүрэлцэхгүй байна хэмээн цэргүүд гомдол гаргаж байсан
аж. Самбо Дасук өвчнөө эмчлүүлэхээр Их Британи явах хүсэлт гаргасан ч
зөвшөөрөөгүй юм.
“Ийм тэсрэх бөмбөгийг зөвхөн нохой л илрүүлж чадна”
ОХУ болон бусад олон улс оронд хориглогдсон алан хядагч “Исламын
улс” бүлэг Египетэд дэлбэрч сүйрсэн A321 нисэх онгоцонд тавьсан тэсрэх
бөмбөгийн зургийг нийтэлжээ. Гаазтай ундааны савыг дэлбэрэх бодисоор дүүргэж
онгоцонд оруулсан аж. Алан хядагчид эхлээд өрнөдийн авиакомпанийн онгоцыг
дэлбэлэх бодолтой байсан ч эцэст нь Оросын иргэний тээврийн онгоцыг онилсон
байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, нисэх буудал дээр ийм тэсрэх бөмбөгийг
зөвхөн тусгай сургалттай нохой л илрүүлж чаддаг аж.
Энэхүү шуугиант мэдээлэл “Исламын улс” бүлгээс эрхлэн
гаргадаг Dabiq сэтгүүлд нийтлэгдсэн юм. 12 дахь удаагаа хэвлэгдэж буй тус
сэтгүүлийн энэ дугаар бараг тэр чигээрээ Франц, Оросын эсрэг хийсэн халдлага,
дайралтад зориулагдсан байна. Лалын хэт даврагч бүлэг эхэндээ Сири, Иракийн
бөмбөгдөж байгаа өрнөдийн аль нэг орны эсрэг алан хядах ажиллагаа явуулах гэж
байжээ. Гэвч ОХУ Сири дахь “Исламын улс”-ын байрлалыг агаараас довтолж эхэлсний
дараа Оросын онгоцыг сонгож авсан аж. Египетэд унасан Оросын авиакомпанийн
онгоцны сүйрлийн шалтгаан нь дэлбэрэлт, алан хядах ажиллагаа болохыг Кремль
баталсан юм. Ерөнхийлөгч В.Путин буруутай этгээдийг олж, устгана гэдгээ
амласан. Dabiq сэтгүүлд бичсэнээр, алан хядагчид Шарм-эль-Шейхийн нисэх буудлын
аюулгүй байдлыг нэвтлэх аргыг олж, нисэх онгоцонд тэсрэх бөмбөгөө нууцаар
байрлуулсан ажээ. Нисэх онгоцонд явж байсан 224 хүн бүгд амь үрэгджээ. Бараг бүгдээрээ Оросын иргэд байсан юм.
Monday, November 16, 2015
Нью-Йорк 20 халдлагаас сэргийлж чаджээ
Сүүлийн үед АНУ-ын Нью-Йорк хотод үйлдэх гэж байсан 20
гаруй халдлагыг таслан зогсоож чадсан хэмээн цагдаагийн комиссар Уильям Брэттон
мэдэгдлээ. “Бид сайн ажиллаж байна. Хотод үйлдэх гэж байсан 20 гаруй террорист
халдлагыг таслан зогсоолоо. Парисын эмгэнэлт явдлаас бид сургамж авах ёстой.
Нью-Йоркт ийм аллага болохыг үгүйсгэхгүй” хэмээн тэрээр NBC телевизээр ярьсан
байна.
Уильям Брэттон нь АНУ-д “Супер цагдаа” хэмээн алдаршсан
юм. Бостон, Нью-Йорк, Лос-Анжелес хотын цагдаагийн газрын даргаар ажиллаж байв.
2009 онд чөлөөнд гарсан ч 2014 оны нэгдүгээр сараас хойш Нью-Йоркийн шинэ
тэргүүний хүсэлтээр дахин хотын цагдаагийн газрыг удирдах болсон юм.
“Реал” Роналдог зарахад бэлэн
Испанийн хөлбөмбөгийн “Реал Мадрид” клуб гол тоглогч
Криштиано Роналдог худалдаж авах ашигтай санал байвал сонсоё гэж байна. Эзэн
хааны клуб португал хөлбөмбөгчийг 110 сая еврогоор зарах хүсэлтэй байгаа аж.
Испанийн клуб 2009 онд “Манчестер Юнайтед”-аас Роналдог ийм үнээр авч байсан
билээ.
Роналдо багийн ерөнхий дасгалжуулагч Рафаэль Бенитесийн
арга барилыг таалахгүй байгаа аж. “Бенитес манай багт тохирох мэргэжилтэн биш.
Бид түүнтэй ямар ч цом авч чадахгүй” хэмээн тэрээр багийн эзэн Флорентино
Перест хэлсэн бололтой. “Реал”-ын бас нэг од Хамес Родригес дасгалжуулагчдаа
дургүйцлээ илэрхийлж “Явна” хэмээн тунирхжээ. Роналдогийн төлөө Францын “Пари
Сен-Жермен” болон хуучин клуб нь өрсөлдөж магадгүй байна. Р.Бенитес энэ улирлаас
эхлэн “Реал”-ыг удирдаж байгаа. Испанийн аварга шалгарууулах тэмцээнд 11
тойргийн дараа 24 оноо авч, заналт өрсөлдөгч “Барселона”-аас гурван оноо алдаж хоёрдугаарт
бичигдэж байна.
Бельги-Испанийн тоглолт цуцлагдлаа
Өнөөдөр Брюссельд болох байсан Бельги-Испанийн нөхөрсөг
тоглолт цуцлагдлаа.
Францад аймшигт аллага үйлдсэн этгээдүүд Бельгид амьдардаг байсан, халдлагыг
Бельгид төлөвлөж бэлдсэн, одоо ч дахин халдлага үйлдэх заналхийлэл гарсаар
байгаа тул тоглолтыг арга буюу цуцлав. Лалын алан хядагчдын зүгээс заналхийлэл
ирсээр байгааг Бельгийн цагдаагийн газраас сануулж, сонор сэрэмжийг улс орон
даяар дээшлүүлээд байгаа аж. Хоёр улсын хөлбөмбөгийн холбоо харилцан
тохиролцсоны үндсэн дээр нөхөрсөг тоглолтыг цуцалсан байна. Парист Франц-Германы
нөхөрсөг тоглолтын үеэр нэгэн алан хядагч цэнгэлдэх рүү нэвтрэх гэж оролдоод
чадалгүй гадаа нь бөмбөг дэлбэлсэн билээ. Олон хүн цугласан газар халдлага
үйлдэгдэх магадлал ихтэй хэмээн үзсэн тул Бельгийн тал дээрх шийдвэрийг гаргажээ.
Гвинейд Эболагийн сүүлчийн өвчтөн эмнэлгээс гарчээ
Гвиней улсад Эбола тахлаар халдварласан сүүлчийн
өвчтөнийг эмчилж дуусан эмнэлгээс гаргалаа хэмээн Reuters агентлаг уламжлав. “Эболагаар
халдварлаад байсан сүүлчийн өвчтөн эмнэлгээс гарлаа. Хоёр ч шинжилгээ хийхэд
нааштай хариу гарсан” хэмээн Эболаг эмчлэх холбооны төлөөлөгч Фоде Тасса
өгүүлэв. Үүний өмнө Эбола вирусээр халдварласан хэмээн дахин эмнэлэгт
хүргэгдсэн Их Британийн сувилагч Паулина мөн эмнэлгээс гарчээ. Тэрээр бүрэн
эмчлэгдэж Глазго дахь хатан хаан Элизабетийн нэрэмжит эмнэлгээс гарчээ.
АНУ-ын мужууд Сирийн дүрвэгчдийг хүлээж авахаас
татгалзлаа
АНУ-ын эрх баригчид 2016 онд Сирийн 10 мянган дүрвэгчийг
хүлээж авах шийдвэрээ өөрчлөх бодолгүй байна. Парист болсон халдлага, “Исламын
улс” бүлгийн заналхийллийн дараа Конгрессын зарим гишүүн дээрх шийдвэрийг
цуцлахыг шаардах болсон юм. “Бид 2016 онд 10 мянга хүртэлх дүрвэгчийг хүлээж
авах шийдвэрээ цуцлахгүй” хэмээн Төрийн департаментын төлөөлөгч Марк Тонер
мэдэгджээ. Түүний хэлж буйгаар, дүрвэгчдийг аюулгүй байдлын нарийн шалгуураар
оруулсны эцэст АНУ-д нэвтрүүлэх аж. Сирийн дүрвэгчдийг хүлээж авахгүй хэмээн
мэдэгдсэн АНУ-ын зургаа дахь муж нь Индиана болж байна. Алабама, Техас,
Луизана, Мичиган муж Сирийн дүрвэгсдийг хүлээж авахаас татгалзжээ. Зарим
улстөрчийн үзэж буйгаар, Сирийн дүрвэгсдийг хүлээж авах шийдвэрийг шүүхээр
шийдэхэд хүрэх аж.
Ерөнхийлөгч Барак Обама иргэний дайнаас зугтаж буй
хүмүүст тусламжийн гараа сунгахыг уриалсан билээ. “Бид дүрвэгсдийн өмнө хаалгаа
хаавал ёс суртахууны зарчмаасаа ухарсан хэрэг болно. Бид цагаач, дүрвэгсдийг
хүлээж авахын хажуугаар аюулгүй байдлаа сайжруулаад явах ёстой” хэмээн тэрээр
онцолсон юм. Зургаан муж дүрвэгсдийг хүлээж авахаас татгалзаад байгаа бол
Арканзас, Массачусетс, Охайо, Аризона, Айова, Иллиной, Хойд Каролина мужийн эрх
баригчид дүрвэгчдэд таатай хандахгүй гэдгээ дуулгасан байна. Дүрвэгсдийг хүлээж
авах ажлыг зохион байгуулдаг хүмүүнлэгийн байгууллагууд америкуудын шийдвэрт
сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас өрсөлдөж
буй нэр дэвшигчид ч дүрвэгсдийг хүлээж авахыг таашаахгүй байна. Тэдний нэг,
тэрбумтан Дональд Трамп “Дүрвэгсдийг хүлээж авах нь ухаангүй, галзуу алхам”
хэмээн мэдэгджээ. 10 мянган дүрвэгчийг нарийн нягт шалгах систем байхгүй хэмээн
үзэж байгаа юм. Алабама мужийн захирагч Роберт Бентли “Парист ийм халдлага
гарсны дараа манай мужид дүрвэгсдийг байрлуулах ямар ч оролдлогыг би эсэргүүцэх
болно” гэсэн бол Мичиганы захирагч Рик Снайдер “Бид цагаачлалын баялаг түүхтэй
улс. Гэвч иргэдийн аюулгүй байдал нэн тэргүүний зорилт болж байна” хэмээн
мэдэгджээ.
Sunday, November 15, 2015
Францын нисэх хүчин “Исламын улс”-ыг бөмбөгдөв
Францын нисэх хүчин өчигдөр Сирийн Ракка хот дахь хэт
даврагч “Исламын улс” бүлгийн байрлалд 20 орчим цохилт өгчээ. Ракка нь лалын босогчдын гол түшиц газар юм.
Агаарын довтолгоонд байлдааны арван онгоц оролцсон хэмээн Францын Батлан
хамгаалах яамнаас мэдэгдэв. Жихадистуудын командлалын байр, дайчилгааны төв,
зэр зэвсгийн агуулах, “Исламын улс” бүлгийн сургалтын хуаранг довтолсон байна.
Парис аймшигт халдлагад өртсөн ч Сири дахь лал босогчдын
байрлалыг бөмбөгдсөөр байх болно хэмээн Ерөнхий сайд Мануэл Валс мэдэгдсэн юм. “Исламын улс” бүлэг
үйлдсэнээ хүлээсэн халдлагад 132 хүн амиа алдаж, 350 хүн шархдаад байна. Лалын
шашныг үндэслэн байгуулагчийг доромжилж, АНУ-тай хамтран агаараас довтолж буйн
хариуг өгсөн хэмээн “Исламын улс”-ын мэдэгдэлд онцолсон байв.
Абделслам Салахыг эрэн сурвалжилж байна
Францын эрх баригчид Бельгийн 26 настай иргэн Абдеслам
Салахыг Парис дахь халдлагад сэжиглэн эрэн сурвалжилж байна. Халдлага үйлдсэн
террористуудын ашигласан автомашиныг Парисын захаас олсны дараа Салах ганцаараа
амьд үлдэж зугтсан гэсэн дүгнэлтэд хүрсэн аж. Алан хядагчдын нэг нь түүний ах
байж магадгүй байна. Зургаан алан хядагч шахидын бүсээ дэлбэлж дууссан бол,
нэгийг нь цагдаа нар буудаж унагасан аж.
Парис дахь халдлагыг Бельгийн нийслэл Брюссель орчмын
жижиг хотод бэлдэж төлөвлөсөн хэмээн үзэж байна. Тэнд алан хядагчдын нэг нь амьдардаг
байжээ. Бельгийн тал энэ хэргийг тусгайлан мөрдөн шалгаж байгаа. “Исламын улс”
бүлэгт нэгдсэн иргэдийнхээ тоогоор Бельги улс Европт тэргүүлдэг ажээ. Абделслам
Салахыг эрэн сурвалжлах ажиллагаанд Франц, Бельгийн цагдаа хамтран ажиллаж
байна. Тэрээр зэвсэгтэй байж магадгүй тул тун аюултай хэмээн цагдаагийн газраас
анхаарууллаа.
Б.Обама, В.Путин нар 35 минут ярилцжээ
Долоон настай охиндоо 45 сая еврогийн алмаз бэлэглэжээ
Хятадын баячууд бэл бэнчингээ дэлхийд гайхуулж байна. Шанхайн
таксичин байгаад тэрбумтан болсон Лю
Жикан нэгэн алмаз эрдэнийг 158 сая еврогоор үнэ цохин авч олныг алмайруулж
байв. Тэгвэл бас нэг хятад тэрбумтан Жозеф Лау саяхан Женев дахь Sotheby
дуудлага худалдаанаас “Хөх сар” хэмээх алмазыг 45 сая еврогоор худалдан авч
долоон настай охиндоо бэлэглэжээ. Тэрээр 12 каратын алмазыг худалдаж авсан
даруйдаа “Жозефины хөх сар” хэмээн нэрлэсэн байна. Жозеф Лау хоёр жилийн өмнө
26.5 сая еврогоор 16 каратын өөр нэг алмаз худалдаж аваад “Тансаг Жозефин” хэмээн
нэрлэж байв.
Хятад тэрбумтан дэлхийн үнэтэй алмаз эрдэнийг үнэ цохин
авч долоон настай Жозефин, 13 настай Зое охиныхоо нэрийг өгч дэлхийд алдаршсан
юм. 2009 онд долоон каратын алмазыг худалдан авч “Жозефины од” хэмээн нэрлэсэн
аж. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард есөн каратын алмаз эрдэнийг 30 сая
еврогоор авч “Зоегийн алмаз”, найман сая еврогоор арван каратын бадмаараг
хавчаарыг өөрийн болгож “Зоегийн улаан” хэмээн нэрлэж байв.
1951 онд Хонконгт төрсөн Жозеф Лау тэнгэр гижигдсэн
барилгуудаараа алдартай Британийн экс колонид үл хөдлөх хөрөнгийн наймаа эрхэлж
баяжсан юм. Chinese Estates Holdings компанийн гол хувьцаа эзэмшигч Forbes
сэтгүүлийн дэлхийн баячуудын жагсаалтад 114-т бичигджээ. Түүний хөрөнгө бэл
10.6 тэрбум еврод хүрчээ. Алмазын өргөн цуглуулгаас гадна дэлхийн шилдэг 10
мянган дарсны агуулах, Энди Уорхолын гараар бүтсэн Мао Зедуны поп хөрөг (16 сая еврогийн үнэтэй) түүнд бий. Жозеф Лау 2007 онд Sotheby дуудлага
худалдаанаас Пол Гагины “Te Poipoi” хэмээх уран зургийг 36 сая еврогоор
худалдаж авч байжээ.
Лау хэд хэдэн бүсгүйтэй ханилж олон хүүхдийн эцэг болжээ.
Эхний ач, зээ нь бага хүүхдүүдтэй нь чацуу. Хятадын тэргүүн баячууд эзэн хаад
шигээ хэд хэдэн эхнэртэй байх нь ердийн үзэгдэл юм. Жозеф Лаугийн худалдан
авалт алмаз эрдэнэ, урлагийн бүтээлээр хязгаарлагдахгүй. 2007 онд тэрээр Boeing
787 Dreamliner агаарын хөлгийн анхны долоон худалдан авагчийн нэг болж байв.
335 зорчигчийн багтаамжтай гайхамшигтай нисэх онгоцыг хувийн хэрэгцээндээ
зориулж авсан аж.
2012 онд Макаогийн шүүх Лауг Португалын экс колонийн
түшмэдийг 2.3 сая еврогоор хахуульдсан хэмээн хэрэгт татаж 2015 оны зун
шийдвэрээ гаргаж түүнд таван жилийн ял оноосон юм. Жозеф Лау Макаогийн нисэх
буудлын орчимд казино байгуулахын тулд авлига өгсөн нь тогтоогдсон аж. Гэвч
Макао, Хонконгийн хооронд хэрэгтэн шилжүүлж авах гэрээ байдаггүй тул Лау
шийтгэлээс зайлж чаджээ. Жозеф Лау том хүүдээ бизнесийн удирдлагаа үлдээсэн ч
хоёр жаахан охиндоо зориулж дэлхийн хамгийн үнэтэй алмазуудыг худалдаж авсаар
явна. Хятадад үүнийг эцгийн хайр гэдэг ажээ.
Subscribe to:
Posts (Atom)







