Monday, September 5, 2016




Бохир агаар Алцгеймер өвчин үүсгэдэг

Бохирдсон агаар нь Алцгеймер буюу ой санамжаа алдах өвчний нэг хүчин зүйл байж болохыг Британийн эрдэмтдийн шинэ судалгаа нотолж байна. Британи дахь Алцгеймерийн өвчнийг судлах төвийн мэргэжилтнүүд хүний тархины эд эсэнд булчирхайн соронзон ислийн жижиг хэсгүүд байдгийг илрүүлжээ. Агаар нь ихэд бохирдсон хотод амьдардаг хүмүүсийн тархины эд эсэн дахь хорт бодисын хэмжээ хавьгүй их байсан аж.
Хүний тархины эд эсэн дахь булчирхайн соронзон ислийн жижиг хэсгүүд болон ой санамжаа алдах өвчний хооронд шууд хамаарал байгааг судалгаагаар тогтоогоогүй ч хүрээлэн буй орчны бохирдлын нөлөөг цаашид судлах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тархины эд эс, нэхдэст хуримтлагддаг соронзон чулуу нь тархины эд эсийг гэмтээдэг бодис бүрэлдэх нөхцөлийг бий болгодог ажээ.

Рики Мартин: “Хүсэл байвал би эмэгтэйчүүдэд ч нээлттэй”

Нэрт дуучин Рики Мартин ижил хүйстэн гэдгээ хүлээн зөвшөөрсний дараа олон шүтэн бишрэгчид нь сэтгэлээр унаж байсан билээ. Гэвч бүх юм өнгөрчихөөгүйг Мексикийн “Fama!” сэтгүүл сануулж байна. Р.Мартин эмэгтэй хүнийг ч хүсдэг, харилцаа үүсгэсэн ч болно хэмээн тус сэтгүүлд ярьжээ. “Би ижил хүйстэн. Би эрэгтэйчүүдэд дуртай. Гэвч би сексээс таашаал авахдаа бүрэн эрх чөлөөтэй, нээлттэй байдаг. Тиймээс би хүсэх л юм бол эмэгтэй хүнтэй жаргаж чадна. Харин эмэгтэй хүнтэй хамтран амьдарна гэж огт боддоггүй. Эрчүүд л миний сонголт” хэмээн Мексикийн сэтгүүлд илэн далангүй өгүүлжээ. Пуэрто-Рико гаралтай нэрт дуучин эдүгээ иран найз залуу Жван Иосефийн хамт Испанийн Ибиза аралд амарч байна.

Кабулд дахин дэлбэрэлт болжээ

Афганистаны нийслэл Кабул хотод нэг хоногийн дотор гурван ч дэлбэрэлт болжээ. Сүүлчийн дэлбэрэлт, халдлагын дараа буудалцаан болсон хэмээн мэдээлж байна.
Өчигдөр Кабулд болсон хоёр дэлбэрэлтэд 30 хүн амиа алдаж, 100 орчим хүн шархдаж бэртжээ. Сүүлчийн дэлбэрэлт ямар хохирол учруулсан талаар мэдээлэл ирээгүй байна. Эхний халдлагыг алсын удирдлагын тусламжтайгаар үйлдсэн бол, хоёр дахь халдлагыг амиа золиослогч этгээд зохион байгуулжээ. Амь үрэгдсэн хүмүүсийн дунд нэг генерал, цагдаагийн өндөр албан тушаалын хоёр офицер байгаа аж. Эхний дэлбэрэлтийн дараа аюулгүй албаны олон ажилтан ирж цугласны дараа амиа золиослогч этгээд бөмбөгөө дэлбэлсэн байна. Халдлагын хариуцлагыг “Талибан” хөдөлгөөн хүлээн зөвшөөрчээ.

Крым дахь амралтын газар Европын шилдгээр шалгарчээ

World Travel Awards байгууллагаас ОХУ-ын хамгийн шилдэг зочид буудал, амралт сувилалыг шалгаруулж Италийн Сардини арал дээрх арга хэмжээний үеэр шагнал гардуулжээ. Крым дахь амралт-сувиллын Mriya Resort & Spa зочид буудал Европын хамгийн шилдэг амралт-сувилал гэсэн өргөмжлал хүртсэн юм. Оросын хамгийн шилдэг зочид буудлаар Москвагийн Ritz-Carlton, хамгийн өвөрмөц загвар, шийдэлтэй зочид буудлаар Санкт-Петербургийн Rossi Boutique Hotel & SPA, шилдэг бизнес зочид буудлаар Москвагийн Swissotel Krasnye Holmy шалгарчээ. Хамгийн шилдэг амралт-сувиллын газраар Сочигийн Radisson Blu Paradise Resort шалгарч өргөмжлөл авлаа. World Travel Awards-ийн шалгаруулалтаар, ОХУ-ын Санкт-Петербург хоёр жил дараалан Европын хамгийн шилдэг аялал жуулчлалын хотоор тодорчээ. 


Филиппины Ерөнхийлөгч Б.Обамаг “Зулбасаг” гэжээ

Филиппины жолоог атгаад хоёрхон сар болж буй Ерөнхийлөгч Родриго Дутерте гэмт хэрэгтнүүдтэй өршөөлгүй хатуу аргаар тэмцдэг төдийгүй хатуу ширүүн, маргаан дагуулсан мэдэгдлээрээ алдартай нэгэн ажээ. 1989 онд тус улсад Жаклин Хамилл хэмээх австрали эмэгтэй хүчирхийлэлд өртөн амь насаа алдсаны дараа Р.Дутерте “Би тэр эмэгтэйн төлөө харамсаж байна. Гэхдээ тэр их хөөрхөн бүсгүй байсан. Хотын дарга эхнийх нь байх байсан юм” хэмээн мэдэгдсэн нь ихээхэн шуугиан дэгдээж байсан юм. 1989 онд Дутертег Давао хотын дарга байхад шоронгоос оргосон этгээдүүд сүмийн таван номлогчдыг барьцаанд авсны дотор Жаклин бүсгүй байсан юм. Дутертегийн тушаалаар барьцааны хүмүүсийг хүчээр чөлөөлөх явцад 16 хүн амиа алдсан билээ. Филиппины шинэхэн Ерөнхийлөгч мөн “Хүний тоонд оруулах ёсгүй хүмүүсийг буудаж алах хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн нь бас л шуугиан дэгдээж байсан аж. “Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг ээ? Юуны түрүүнд би шударга, ил тод байхыг хүсч байна. Гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүс хүн төрөлтөн мөн үү? Хүн, хүн төрөлтөн гэдэг тодорхойлолтыг надад хэлээд өгөөч. Би гэмт хэрэгтнүүдийн эсрэг дайн өрнүүлэх болно. Алж хяддаггүй дайн гэж байдаггүй биз дээ” хэмээн Родриго Дутерте нэгэн цэргийн ангид зочлох үеэрээ онцолж байв.
Тэрээр өнгөрсөн даваа гаригт дахин нэг эрс, хатуу мэдэгдэл хийлээ. Зүүн өмнөд Азийн улс орнуудын холбоо буюу Лаост болж буй АСЕАН-ий дээд хэмжээний уулзалтын хүрээнд АНУ, Филиппины лидерүүдийн уулзалт болохоос хэдхэн цагийн өмнө Родриго Дутерте мэдэгдэл хийхдээ Цагаан ордны эзнийг “Өлөгчний хүүхэд” хэмээн нэрлэжээ. Барак Обама Филиппин дахь хар тамхины наймааны эсрэг цуст дайныг шүүмжлэн, Манилагийн эрх баригчдыг бодлогыг буруутгасны дараа Филиппины Ерөнхийлөгч ийнхүү хариуг нь барьжээ. Дутерте эрх мэдэлд гарч ирснээсээ хар тамхины наймаа, мафийн эсрэг тун хатуу бодлого баримталж, хоёрхон сарын дотор хоёр мянга 400 орчим хүн амь насаа алдаад байгаа билээ.
“Та хүндэтгэлтэй хандаж сурах хэрэгтэй. Би бол тусгаар тогтносон, бүрэн эрхт улсын Ерөнхийлөгч. Би асууж, мэдэгдэл хийгээд зогсохгүй ээ. Өлөгчний зулбасаг минь, энэ дээд хэмжээний уулзалт дээр би чамайг хараах болно” хэмээн Дутерте Лаос руу мордохоосоо өмнө мэдэгдсэн байна. Үүний дараа Хятадад болсон “Их-20”-ийн уулзалтын дараа АСЕАН-ий чуулганд оролцохоор ирсэн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Филиппины лидер Р.Дутертетэй хийхээр төлөвлөөд байсан уулзалтаа цуцалсан юм.

Родриго Дутерте Давао хотын дарга байхдаа гэмт хэрэгтнүүдийн эсрэг хайр найргүй тэмцэж “Шийтгэгч” гэдэг хочтой болжээ. Тэрээр хотын аюулгүй байдлыг хамгаалах эргүүл, харуулын бүлгийг ажиллуулан гэмт хэрэгтнүүдийг өчиггүй баривчлан буудаж, Давао хотыг айдас хүйдсийн хот болгож байсан аж. Тэрээр Филиппины Ерөнхийлөгч болсныхоо дараа энэхүү харгис, хатуу бодлогоо үргэлжлүүлж байгаа нь ихээхэн маргаан дагуулсаар байна. НҮБ-ын шинжээчид Манилагийн Засгийн газарт хандаж филиппин иргэдийг шүүхийн шийдвэргүй баривчилж, хорьж, цаазалж байгааг зогсоохыг шаарджээ. 

Sunday, September 4, 2016

Хойд Солонгос гурван пуужин туршлаа


Хойд Солонгос Япон тэнгис рүү гурван баллистик пуужин харвалаа хэмээн “Ионхап” агентлаг БНСУ-ын Штабын дарга нарын нэгдсэн хорооны эх сурвалжаас иш татан мэдээлэв. Пуужинг Хойд Солонгосын зүүн эргийн Хванжу нутгаас өчигдөр 12:14 цагт харвасан байна. Пхеньян наймдугаар сарын 24-нд шумбагч хөлөг онгоцноос баллистик пуужин харван туршсан юм. KN-11 загварын энэхүү пуужин 480 км зам туулаад Япон тэнгист унасан билээ. Хойд Солонгосын эрх баригчид энэ оны нэгдүгээр сард цөмийн туршилт хийсэн бол, хоёрдугаар сард хиймэл дагуул тээгч пуужин харвасан юм. Эдгээр нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчсөн тул тус улсын эсрэг хориг арга хэмжээг чангатгасан аж.

Б.Обама В.Путин хоёр тусдаа уулзлаа

Хятадын Ханжоуд болж өнгөрсөн “Их-20”-ийн уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Кремлийн тэргүүнд хандаж ганцаарчилсан уулзалт хийх санал тавьсан хэмээн зарим эх сурвалж мэдээлэв. Оросын талын төлөөлөгчид энэ тухай “Интерфакс” агентлагт уламжилжээ. Цагаан ордны эзэн өөрөө Путин дээр ирж дээрх саналыг тавьсан бололтой. Хэдийгээр хоёр улсын лидер “Их-20”-ийн уулзалтын хүрээнд уулзаж ярилцсан ч тусдаа яриа өрнүүлэх нь дээр гэж үзсэн аж.
ОХУ, АНУ-ын Ерөнхийлөгч нар хамгийн сүүлд 2015 оны арваннэгдүгээр сард Парист болсон цаг агаарын өөрчлөлтийн асуудлаарх бага хурал дээр уулзсан билээ. Энэ онд Путин, Обама нар хэд хэдэн удаа утсаар ярилцсан юм. Хятадын Ханжоу хотод болсон “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтын гол сэдэв нь шинэ технологид тулгуурласан эдийн засгийн хөгжил байсан юм.

Өчигдөр хоёр орны тэргүүн ганцаарчилсан уулзалт хийлээ. Тэдний хэлэлцэх сэдвийг албан ёсоор зарлаагүй ч Обама, Путин нар Сирийн мөргөлдөөн дахь АНУ, ОХУ-ын оролцооны талаар голчлон ярилцсан хэмээн хэвлэлүүд мэдээлж байна. Хоёр улсын лидер энэ талаар тохиролцоонд хүрэх гэж оролдсон ч үр дүнгүй болсон хэмээн зарим эх сурвалж уламжиллаа. Уулзалтад Кремлийн тэргүүнийг Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ерөнхийлөгчийн зөвлөх Юрий Ушаков нар дагалджээ. Үүний өмнөхөн С.Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар уулзаж ярилцсан юм.
 



Фредди Меркури 70 хүрч байна

“Бурхны элч” хэмээн алдаршсан Queen хамтлагийн гоцлол дуучин, хөгжмийн зохиолч Фредди Меркури 70 насыг зооглож байна. Тэрээр бидний цэнхэр гаригаас аль хэдийнэ явсан ч тэрээр амьд сэрүүн төдийгүй олимп, дэлхийн тэмцээнд түрүүлсэн баяр хөөр бүрийн дараа түүний дуулсан “We are the Champions” дуу эгшиглэдэг нь жам болсон билээ.
Фредди Меркури нэрээрээ дэлхийд алдаршсан Фаррук Булсара 1946 оны есдүгээр сарын 5-нд тэр үед Британийн ивээлд байсан Занзибарын хаант улс буюу одоогийн Танзани улсад энэтхэг гаралтай гэр бүлд мэндэлжээ. Гэвч тэрээр дэлхий нийтэд сод авьяасаа гайхуулж, олон сайхан дуу бэлэглэсний дараа цэл залуухан 45 насандаа өвчнөөр хорвоог орхисон билээ. Rolling Stone сэтгүүлээс гаргасан “Дэлхийн шилдэг 100 дуучны жагсаалт”-д Меркури 18-д бичигдсэн юм. Queen хамтлагийн хамгийн том амжилт олсон 17 дууны 10-ыг нь буюу “Bohemian Rhapsody”, “Seven Seas of Rhye”, “Killer Queen”, “Somebody to Love”, “Good Old-Fashioned Lover Boy”, “We Are the Champions”, “Bicycle Race”, “Don't Stop Me Now”, “Crazy Little Thing Called Love”, “Play the Game” дууг Меркури зохиосон юм.

Хоёр мянган авлигачинаас 1.1 тэрбум доллар хураажээ

Хятадын эрх баригчид 2014 оноос хойш гадаад руу зугтан гарсан хоёр мянга гаруй авлигачныг баривчлан авчирсан хэмээн China Daily сонин Хятадын коммунист намын Сахилга батын хорооны мэдэгдлээс иш татан мэдээлэв. “Гадаад руу зугтан гарсан авлигач түшмэлүүд, хил давж алга болсон хууль бус мөнгөний урсгал хууль сахиулах байгууллагад ноцтой хохирол учруулж, эдийн засгийн хөгжлийг боомилж байна” хэмээн Сахилга батын хорооны олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Цай Вэй мэдэгдлээ. Гадаад орнуудад бүгсэн авлигач нарыг баривчлан авчирч хууль бусаар олсон 1.1 тэрбум долларын орлогыг хураасан байна. Баривчлагдаж ирсэн хүмүүс дотор төрийн чухал алба хашиж байсан 342 хүн байгаа аж.

Турк-Сирийн хилийг “Исламын улс”-аас чөлөөлжээ

Туркийн арми болон Сирийн чөлөөт армийн цэргүүд Турк-Сирийн хилийг “Исламын улс” террорист бүлгийн дайчдаас чөлөөллөө хэмээн Anadolu агентлаг уламжлав. “Евфратын бамбай” хэмээх тусгай ажиллагааны явцад хил орчмын тосгон сууринг чөлөөлөөд байгаа аж. “Евфратын бамбай” цэргийн тусгай ажиллагааг Турк улс наймдугаар сарын 24-нд эхлүүлсэн билээ. Мөн Сирийн Ар-Раи хот орчимд босогчдын бүлэг Туркийн армийн дэмжлэгтэйгээр “Исламын улс” бүлгийн хяналтад байсан хэд хэдэн тосгон, сууринг чөлөөлжээ. Ирак, Сирийн газар нутагт “Исламын улс” террорист бүлгийг байгуулан ихэд нэр нөлөөтэй болоод байсан хэт даврагчид сүүлийн үед хүнд хүнд цохилт амсч нэр нөлөөгөө алдсаар байна.

Б.Обама В.Путинд тусдаа уулзах санал хүргүүлжээ

Хятадын Ханжоуд болж өнгөрсөн “Их-20”-ийн уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Кремлийн тэргүүнд хандаж ганцаарчилсан уулзалт хийх санал тавьсан хэмээн зарим эх сурвалж мэдээлэв. Оросын талын төлөөлөгчид энэ тухай “Интерфакс” агентлагт уламжилжээ. Цагаан ордны эзэн өөрөө Путин дээр ирж дээрх саналыг тавьсан бололтой. Хэдийгээр хоёр улсын лидер “Их-20”-ийн уулзалтын хүрээнд уулзаж ярилцсан ч тусдаа яриа өрнүүлэх нь дээр гэж үзсэн аж.
ОХУ, АНУ-ын Ерөнхийлөгч нар хамгийн сүүлд 2015 оны арваннэгдүгээр сард Парист болсон цаг агаарын өөрчлөлтийн асуудлаарх бага хурал дээр уулзсан билээ. Энэ онд Путин, Обама нар хэд хэдэн удаа утсаар ярилцсан юм. Хятадын Ханжоу хотод болсон “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтын гол сэдэв нь шинэ технологид тулгуурласан эдийн засгийн хөгжил байсан юм.

Палестинууд шуудангаа Израилиар дамжуулахгүй

Палестины засаг захиргааны шуудангийн үйлчилгээг шинэчлэх, палестинуудад хаягласан захидал, илгээмжийг Израилиар дамжуулахгүй шууд палестинуудад хүргэж байхаар болов. Энэ тухай санамж бичигт Израилийн Засгийн газар, Палестины автономийн удирдлага гарын үсэг зуржээ. Өмнө нь палестинуудад хаягласан шуудан, илгээмж заавал Израилийн шуудангийн албаар дамжсаны дараа эзэддээ хүрдэг байсан юм. Санамж бичгийн дагуу, эдүгээ захидал, илгээмжийг Иордантай залгаа хилийн Алленби шалган нэвтрүүлэх боомтоор дамжуулан Палестины газар нутаг руу оруулах ажээ. Мөн Палестины автономийн орон нутгийн шуудангийн албад санхүү, мөнгөний шилжүүлгийг бие даан хийхээр болсон байна.

Хятадууд Парист жагсчээ

Францын нийслэл Парис хотын төвд хэдэн зуун хятад гаралтай иргэн гудамжинд гарч цагдаа нар ази цагаачдыг илүү сайн харж, хамгаалах ёстой хэмээн шаарджээ. Тэдний олонх нь “Бүгдэд аюулгүй байдал” гэсэн бичигтэй цамц өмссөн байв. Франц дахь хятадуудын нэгдлийн гишүүн, 49 настай Шаолин Жан хэд хоногийн өмнө алуулсны дараа тус улс дахь хятадууд “Цагаачдыг, ази хүмүүсийг хамгаалах ёстой. Аюулгүй байдлыг бүгдэд” хэмээн уриалж, кампанит ажил өрнүүлж байгаа юм. Наймдугаар сарын 7-нд үл мэдэгдэх гурван этгээд Жан болон түүний танил руу халдаж зоджээ. Ихэд бэртсэн Жан хэд хоногийн дараа нас барсан юм. Сүүлийн үед Парист ази гаралтай иргэдэд халдах, зодох явдал эрс нэмэгдсэнийг жагсаалд оролцогчид анхааруулж байв. 

Wednesday, August 31, 2016





Бразилийн тал гурван улсаас элчин сайдаа татлаа

Бразил улс Дилма Руссефийг Ерөнхийлөгчийн эрх мэдлээс түдгэлзүүлж, хэрэгт холбогдуулан шалгах болсныг эсэргүүцэн шүүмжилсэн Венесуэль, Болив, Эквадороос элчин сайдаа татжээ. Энэ шийдвэрийг Бразилийн Гадаад хэргийн сайд Жозе Серра гаргасан байна. Бразилийн Ерөнхийлөгч Руссефийг эрх мэдлээс түдгэлзүүлж, гэмт хэрэгт буруутгахаар бэлтгэж байгааг Латин Америкийн зарим орон шүүмжилсэн юм. Бразилийн эрх баригчид улс орныхоо Ерөнхийлөгчид импичмент тулгасны дараа Болив тус улсаас элчин сайдаа эргүүлэн татсан билээ.
Энэ зуур Бразилийн Сенатын шийдвэрээр Мишель Темерийг Ерөнхийлөгчөөр томилсон байна. Тэрээр 2018 он хүртэл буюу Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль хүртэл улс орныг удирдах юм.

Galaxy Note 7-ийн нээлтийг дахин хойлуулав

Samsung компани шинэ бүтээгдэхүүнийхээ чанарын шалгалтыг үргэлжлүүлж байна гэдэг шалтгийн дор Galaxy Note 7 ухаалаг утасны нээлтийг дахин хойшлууллаа хэмээн Reuters мэдээлэв. Гэвч тус компани яг ямар шалгалт, туршилт явуулж буйгаа зарласангүй. Өмнөд Солонгосоос ирж буй мэдээллээр, зах зээлд гаргахаар зэхээд байгаа Galaxy Note 7 ухаалаг утасны зай дэлбэрсэн хэд хэдэн тохиолдол гарчээ. Hyundai Securities-ээс мэдэгдэж буйгаар, Galaxy Note 7 гар утсанд гарсан доголдлыг хоёр долоо хоногийн дотор засч шийдвэрлэнэ гэв. Galaxy Note загварын шинэ гар утасны зарим жижиг эд ангийг шинэчилж, микросхемийн байрлалыг солихоор болж байгаа тухай эх сурвалжууд уламжиллаа.

Жимсний шүүс уусан 50 гаруй хүн шар өвчний халдвар авчээ

АНУ-д халдвартай египет гүзээлзгэнэтэй жимсний шүүс уусан 50 гаруй хүн шар өвчний халдвар авлаа хэмээн Huffington Post сонин уламжлав. Халдвартай жимсний найрлагыг Виржини мужийн Tropical Smoothie Cafe-д зарж байсан юм. Орон нутагтаа нэлээд алдартай тус газар Египетээс ирсэн гүзээлзгэнээр холимог жимсний шүүс буюу smoothie хийсэн нь ийнхүү олон хүнд аюултай өвчин халдаах үндэс болжээ. Халдвар авсан хүмүүсийн талыг нь эмнэлэгт хүргээд байна. Үүний улмаас жимсний чанар, худалдаанд тавих хяналт, шалгалтыг чангатгажээ.

Хамгийн үнэтэй загвар өмсөгчид

Forbes сэтгүүл дэлхийн хамгийн үнэтэй загвар өмсөгчдийн жагсаалтыг шинэчлэн гаргав. Бразил бүсгүй Жизель Бундхен хамгийн өндөр орлоготой загвар өмсөгчөөр нэрлэгдсэн байна. Тэрээр 2015 оны зургадугаар сараас хойш нэг жилийн хугацаанд 30 сая доллар халаасалжээ. Хоёрдугаар байрт мөн л бразил бүсгүй Адриана Лима 10.5 сая долларын орлогоор жагссан байна. Лима Victoria's Secret-ийн хамгийн үнэтэй “Сахиусан тэнгэрүүд”-ийн нэг юм. Кендалл Женнер, Карли Клосс нар 10 сая долларын цалин, шагнал авч гуравт жагссан байна. Өнгөрсөн оны жагсаалтад тавд бичигдэж байсан Оросын Наталья Водянова 5.5 сая долларын орлогоор аравт оржээ.

Дубайд хамгийн том битүү зугаа цэнгээний хүрээлэн нээгдлээ

Арабын нэгдсэн эмират улсын нийслэл Дубай хотод дэлхийд хамгийн томд тооцогдох битүү дээвэртэй зугаа цэнгээний цэцэрлэгт хүрээлэн нээгдлээ. Нээлтэд Дубай хотын дарга, Арабын нэгдсэн эмират улсын Ерөнхий сайд, хааны удмын Мохаммед бен Рашид аль-Мактум оролцлоо. Нийт 28 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх шинэ байгууламжийн төслийн өртөг нэг тэрбум доллар хэмээн CNBC мэдээлэв. IMG Worlds of Adventure зугаа цэнгээний цогцолбор нь бүс нутагтаа анхных юм. Төслийг санаачлагчдын үзэж буйгаар, тус цогцолбор аялал жуулчлалыг татах бас нэг түлхүүр болж өгөх ажээ. Нэг дээвэр дор дэлхийн зартай Cartoon Network болон Marvel компанийн танхим, кино театр, IMG Group-ийн Lost Valley-Dinosaur Adventure үлэг гүрвэлийн цэцэрлэг, мөн IMG Модот өргөн чөлөө гэсэн дөрвөн том цэцэрлэг цуглажээ. Зугаа цэнгээний шинэ цогцолбор жил бүр 20 саяаас доошгүй жуулчин хүлээж авна хэмээн тооцоолж байна.

Wednesday, July 6, 2016




Б.Обама П.Порошенко нар уулзахаар болов

АНУ-ын лидер Барак Обама, Украины Ерөнхийлөгч Петр Порошенко нар НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд Варшавт уулзаж ярилцана хэмээн АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Бен Родс мэдэгдлээ. “Украины газар нутгийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт статусыг дэмжих дахин нэг боломж гарч ирж байна. ОХУ-ын тал хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул Минскийн тохиролцоог мөрдөж, Оросын эсрэг хориг арга хэмжээг хадгалахад бэлэн гэдгээ илэхийлэх нь чухал” хэмээн тэрээр онцолжээ. Дээд хэмжээний уулзалтын үеэр НАТО-Украины хорооны хуралдаан болж Обама, Порошенко нараас гадна Их Британи, Франц, Итали, Германы лидерүүд оролцох ажээ.

DuPont компани 5.1 сая долларын нөхөн төлбөрт уналаа

АНУ-ын химийн томоохон үйлдвэр DuPont тус үйлдвэрийн химийн аюултай бодистой ус хэрэглэж хорт хавдартай болсон гэх нэг иргэний гомдлоор 5.1 сая долларын нөхөн төлбөрт унаад байна. Охайо мужийн Колумбус хотын шүүх, DuPont компани ундны усны эх үүсвэр болсон тефлоныг үйлдвэрлэхдээ перфторакт хүчил хэмээх химийн бодис ашиглаж усыг бохирдуулсан хэмээн үзжээ. Виржини мужийн Паркерсбург хотын ойролцоо тус компанийн үйлдвэр байдаг аж.
Үйлдвэрээс холгүй орших хотод амьдардаг 56 настай Давид Фриман тус компанийн үйлдвэрлэсэн усыг хэрэглэсээр хорт хавдартай болсон хэмээн шүүхэд гомдол гаргасан юм. DuPont компани перфторакт хүчлийн хор хөнөөлийг мэдсээр байж усны үйлдвэрлэлд ашигласан, мөн химийн бодисын үлдэгдлээ Охайо гол руу асгаж байсан хэмээн шүүхээс үзэж, Фриманд 5.1 сая долларын нөхөн төлбөр олгох шийдвэр гаргажээ.

Месси ял сонссон ч давж заалдана

Испанийн шүүхээс дэлхийн шилдэг хөлбөмбөгч Лионель Месси болон түүний эцэг Хорхе Мессид 4.1 сая еврогийн татвараас зайлсхийсэн хэмээн тус бүр 21 сар шоронд хорих ял оноолоо хэмээн Каталоны El Periodico сонин мэдээлэв. Мөн хоёр сая еврогоор торгохоор болсон аж. Хоёр жилээс бага ял шийтгэл, тэгээд ч анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон хэмээн үзээд заавал шоронд эдлэх шаардлагагүй ажээ. Нэрт хөлбөмбөгч 2007, 2008, 2010 онд орлогоо нуун дарагдуулж татвараас зайлхийсэн, санхүүгийн хууль бус ажиллагаа явуулсан хэрэгт холбогдсон юм. “Бид шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байна. Давж заалдах шатанд бид буруугүй гэдэг үндэслэлээ гаргаж тавина. Месси хууль зөрчөөгүй” хэмээн хөлбөмбөгийн өмгөөлөгч мэдэгджээ.

Финландад 14 мянган гадаадын иргэн жимс хураана

Энэ зун Финландад жимс хураах ажилд гадаадаас 14 мянган ажилчин ирэхээр боллоо хэмээн тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдээлэв. Финланд улс сүүлийн хэдэн жилд гадаадаас жимс хураагч нарыг авч байна. Гадаад ажилчдын ихэнх нь Украин, Тайландаас ирэх аж. Тайландын Хөдөлмөрийн яам гэхэд л гурван мянга 500 иргэндээ Финландад ажиллах зөвшөөрөл олгож, визийг нь авч өгчээ. Жимс хураах улирал таримал нэрс болдог долдугаар сарын дундаас эхэлж есөн сар хүртэл үргэлжилдэг аж. 2014 онд байгуулсан хэлэлцээрээр, Финландад жимс хураах ажилд дайчлагдсан гадаадын иргэн бүх татвараа төлсний дараа өдөрт 30 еврогийн цалин авах юм.

Испанид Сан Фермин эхэллээ

Испанийн Памплона хотод жил бүр уламжлал болсон хотын төвийн гудамжаар бух гаргаж хүмүүс хамт гүйдэг Сан Фермин баяр эхэллээ. Долоо хоног үргэлжилдэг энэ баяраар Испани болон дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс дуулж, бүжиглэж, галын наадам хийдэг. Баярын хамгийн гол хэсэг нь бухын тулалдааны урлагт тусгайлан үржүүлж буй бухнуудыг гудамжинд гаргаж хүмүүсийг хөөлгөж, хамт гүйх ажээ. Бухнууд болон хүмүүс нийтдээ 850 метр газрыг гүйж туулаад бухын тулааны талбарт орж ирснээр дуусдаг. Нэрт зохиолч Эрнест Хэмингуэй Сан Фермин баярыг дэлхий нийтэд алдаршуулж байсан билээ. 1911 оноос хойш энэ баярын үеэр 19 хүн буханд мөргүүлж, дайруулсны улмаас амиа алдсан байна.