Monday, December 14, 2015



Ф.Жиральди: АНУ-д Туркийн агаарын хүчний бааз хэрэгтэй

Женевт ОХУ, АНУ болон НҮБ-ын төлөөлөгчид уулзаж Сирийн асуудлаар ярилцаж байна. ТТГ-ын терроризмтэй тэмцэх хэлтсийн шинжээч асан, Council for National Interest хүрээлэнгийн захирал Филипп Жиральди ярьж байна.

-Та Туркийг сайн мэддэг. Туркийн Ерөнхийлөгч Эрдоган Сирийн мөргөлдөөнд ямар зорилго агуулж байна вэ?

-Эрдоган “Исламын улс” бүлгийн эсрэг дайтахгүй байгаа. Тэрээр Курдын асуудлын улмаас Башар Асадын тэргүүлдэг Сирийн Засгийн газрын эсрэг тэмцэж байна. Курдуудын асуудал нь Эрдоганыг зовоодог цорын ганц сэдэв л дээ. Курдууд тусгаар улсаа байгуулахыг хүсвэл тэд Туркийн газар нутгийн гуравны нэгийг эзэлж магадгүй. Энэ нь мэдээж Эрдоганд шөнийн хар дарсан зүүд. Түүний Сирид хийж буй зүйл нь гагцхүү үүнтэй холбоотой юм. Туркийн цэрэг Иракт нэвтэрсэн, тэд хаана байна вэ? Курдууд байдаг Мосулд л байна.

-Эрдоган Сирид өөрсдийн ашиг сонирхлыг л хамгаалж, лалын бүлгүүдийг дэмжиж байна гэдгийг Америк мэдсэн байх. Гэвч яагаад үүний өмнө нүдээ таглаад байна вэ?

-АНУ Туркийн асуудал дээр ацан шалаанд ороод байна л даа. Турк байхгүй бол Сирийн бодлого байхгүй болчих гээд байна. Америкууд Сирийг бөмбөгдөхийн тулд Туркийн агаарын хүчний бааз хэрэгтэй. Хэрвээ тэд Персийн булан дахь баазаас нисэх юм бол Сирид арван минут л үүрэг гүйцэтгээд буцах болчихоод байдаг. Харин Туркийн газар нутаг дээрээс хөөрвөл Сирид нэг цаг ажиллагаа явуулах боломжтой байдаг.

-ОХУ Эрдоган болон түүний хүүг Сири дахь лалын босогчдоос нефть худалдаж авдаг хэмээн буруутгасан. Таныхаар, энэ аль хэр үнэний ортой вэ?


-Үнэн, энэ нь аль хэдийнээс тодорхой болсон. Бензин ачсан машинууд хаагуур явж, мөнгийг яаж шилжүүлж байгааг бүгд харсан. Иран улс хориг арга хэмжээнд байхад туркууд мөн ингэж нефть авч байсан. Тэд Ираны нефтийг авч, энэ ажиллагааг мөн л Эрдоганы хүү зохион байгуулж байсан. АНУ Турктай сайн харилцаагаа хадгалахыг хүсч байх шиг.  

Saturday, December 12, 2015




Америкийн компани ажилтнуудаа 100 мянган доллараар шагнана

Байгалийн хий, нефть олборлолт эрхэлдэг Америкийн хувийн томоохон компанийн нэг Hilcorp Energy бүх ажиотнаа шагнах болсноо зарлав. Оны эцсээр тус компанийн 1381 ажилтан тус бүр 100 мянган доллар авахаар болсныг компанийн зүгээс зарлалаа. Hilcorp Energy таван жилийн өмнө олборлолтоо хоёр дахин нэмэгдүүлэхдээ компанийн захирал, тэрбумтан Жефри Хилдебранд ажилтнууддаа 50 мянган доллар авч зөвхөн автомашинд зарцуулах уу, эсвэл өөр зорилгод зарцуулах 35 мянган долларыг бэлнээр авах уу гэсэн шагналын сонголт санал болгож байжээ.
Энэ онд тус компани нефтийн олборлолтоо хоёр дахин нэмэгдүүлж өдөрт 150 мянган баррель олборлох болсонтой холбогдуулж ажилтнуудаа 100 мянган доллараар шагнах шийдвэр гаргасан байна. “Энэ бол жинхэнэ бэлэг” хэмээн Hilcorp Energy-д арван жил ажиллаж байгаа нарийн бичиг Аманда Томсон хэллээ. Hilcorp 1989 байгуулагдсан, төв байр нь техас мужийн Хьюстон хотод байдаг. 2015 онд тус компани Fortune-ийн 100 шилдэг компанийн жагсаалтад гурав дахь удаагаа багтжээ. Компанийн захирал Хилдебранд 5.6 тэрбумын хөрөнгөтэй, Америкийн 100 тэрбумтны нэг ажээ.

Парисын клуб Кубын дөрвөн тэрбум долларын өрийг цуцлав

Зээлдэгчдийн Парисын клуб Кубын гадаад өрийн нэг хэсэг болох дөрвөн тэрбум долларыг цуцлахыг зөвшөөрлөө хэмээн Францын Сангийн сайд Мишель Сапен мэдэгдэв. Тэрээр Гаванатай хийсэн тохиролцоог “Куба болон олон улсын санхүүгийн байгууллагуудын хооронд шинэ эрин үе эхэллээ” хэмээн нэрлэжээ. Куба улс үлдсэн 2.6 тэрбум долларын өрийг 19 жилийн дотор төлж барагдуулах үүрэг хүлээж байна. Куба, Америкийн харилцаа сайжирсны дараа тус арал дээр хөрөнгө оруулах сонирхол нэмэгдсэн тул зээлдэгчид өрийн бүтцийг дахин шинэчлэх сонирхолтой байгаа юм.

Хойд Солонгосын охидын хамтлаг Хятадад тоглосонгүй


Дан охидоос бүрдсэн Хойд Солонгосын “Моранбон” поп хамтлаг Хятадад тоглохоор ирсэн ч тоглолтоо хийлгүй нутаг буцжээ. Хамтлагийн охид Бээжинд товлосон концертоосоо хэдэн цагийн өмнө Бээжингийн нисэх буудал дээр очиж Пхеньян руу буцаж нисчээ. Тэд Хятад, Хойд Солонгосын харилцааг сайжруулах зорилгоор Бээжинд гурван концерт тоглохоор ирж, хятадууд ч ихээхэн сонирхож байсан юм. Концертыг цуцалсан шалтгаан тодорхойгүй байна. “Моранбон” нь Хойд  Солонгосын хамгийн алдартай поп хамтлаг юм. Хамтлагийн гишүүдийг улс орны лидер Ким Чен Ун сонгодог гэсэн яриа байдаг. “Моранбон” хамтлаг цахилгаан хийл, гитар зэрэг янз бүрийн хөгжмийн зэмсгээр солонгос болон өрнөдийн дуу дуулдаг ажээ.


Цаг агаарын өөрчлөлтийн асуудлаарх бага хурал өндөрлөв

Парист цаг агаарын өөрчлөлт, дэлхийн дулаарлын асуудлаарх бага хурал өндөрлөж, оролцогчид эцсийн тохиролцооны төслийг боловсруулан гаргажээ. Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус дээрх тохиролцоо батлагдвал түүхэн баримт бичиг болно хэмээн мэдэгдэв. Төслийн дагуу 2020 он гэхэд агаар мандалд цацдаг хорт хаягдлын эсрэг тэмцэлд хөгжиж буй орнуудад 100 тэрбум долларын тусламж үзүүлэх юм. Ингэснээр дэлхийн дулаарлыг сааруулахад ихээхэн хувь нэмэр болно хэмээн Фабиус үзэж байна.
Төслийн дагуу дэлхийн улс орнууд дулаарлын хэмжээг үйлдвэрлэлийн өмнөх эрин үеийн хэмжээнд барьж, 1.5-2.0 градусаас илүү нэмэхгүй байх үүрэг хүлээж байна. Бага хурлын оролцогчид хоёр долоо хоногийн турш эрчимтэй хэлэлцээ хийсний эцэст төгсгөлийн баримт бичгийг боловсруулж чаджээ. Хамгийн сүүлчийн хуралдаан хагас сайны шөнө төлөвлөснөөс 16 цагийн дараа дууссан юм. Парисын бага хуралд дэлхийн 195 орны төлөөлөгч оролцжээ.
Одоо энэ баримт бичиг агаар мандалд цацагддаг хорт хаягдлын 55 хувийг “хариуцдаг” 55 улсын парламентаар батлагдсанаар хүчин төгөлдөр болох юм.
Хөгжингүй болон хөгжиж буй хамгийн олон улс орон цаг агаарын өөрчлөлт, дэлхийн дулаарлын асуудлаар ийнхүү анх удаа тохиролцоонд хүрч байна.
Агаар мандал дахь хорт хийн цацалт, хаягдлыг бууруулахад баян орнууд нь ядуу орнууддаа туслахаар тохиролцлоо. 2020 он хүртэл энэ зорилгоор 100 тэрбум доллар хандивлахыг зөвшөөрсөн нь хамгийн том амжилтад тооцогдож байна. Дэлхийн улс орнууд хэдийгээр тун чухал тохиролцоонд хүрсэн ч амлалтаа биелүүлээгүй улс орнуудыг хэрхэн шийтгэх талаар ярьсангүй. “Одооноос эхлэн бид эх дэлхийгээ аврах жинхэнэ бааз, суурьтай болж байна. Дэлхий даяараа ийм тохиролцоонд хүрэх зайлшгүй шаардлагатай байсан” хэмээн Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус цаг агаарын өөрчлөлтийн асуудлаарх бага хурлын үр дүнг нэгтгэн дүгнэхдээ онцолсон юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Парисын тохиролцоог “Эх дэлхийгээ аврах хамгийн шилдэг боломж” хэмээн нэрлэжээ. “Манай үеийнхэн цэвэр эрчим хүч дээр үндэслэсэн эдийн засгийн хэдхэн давуу талыг харж байна. Ажлын байр, мөнгөний эдийн засаг зэрэг. Магадгүй бид амжилт ололтоо амьдралд бүрэн хэрэгжүүлж чадалгүй хорвоогоос явж болно. Гэхдээ аймшигтай юм юу ч алга” хэмээн тэрээр хэлжээ. Хамгийн гол нь эх дэлхийгээ дараагийн үедээ хамгийн сайнаар хадгалан үлдээх бат итгэл юм хэмээн Обама онцолж байна. 

Tuesday, December 8, 2015



Нууранд нуугдсан хулгайч матрын идэш болов

Флорида мужид айл ухсан хэрэгт сэжиглэгдэж байсан этгээд матрын идэш болжээ. Арваннэгдүгээр сарын 13-нд Берфут-Бей тосгоны иргэд хоёр этгээд айл ухаад явж байгааг цагдаа нарт мэдээлсэн байна. Цагдаа нар хулгайч нарын эрэлд гарсан ч хэнийг ч барьж чадаагүй аж. Энэ хэрэг явдлын дараа Палм-Бей  хотын 22 настай Мэтью Риггинс сураггүй алга болсныг гэр бүлийнхэн нь дуулгажээ. Арав хоногийн дараа түүний цоцгсыг нуураас олсон аж. Тэр нууранд нэг аймшигтай матар жижүүрлэж байдгийг хотын цагдаагийн дарга ярьж байв. Риггинс матрын довтолгоонд өртөж нууранд живсэн болохыг тогтоожээ. Гурван метр урт матрын хотоодноос түүний биеийн зарим хэсэг гарч ирсэн байна.
Риггинс арванхоёрдугаар сарын 13-нд найз хүүхэн рүүгээ ярьж Берфут-Бей тосгонд хулгай хийх гэж байгаагаа хэлжээ. Дараа нь тэрээр дахин утасдаж, цагдаа нарт хөөгдөж байгаагаа амжиж дуулгасан аж. Цагдаа нарын үзэж буйгаар, Риггинс үнэрч нохойноос нуугдах гэж нуур руу ороод матрын идэж болжээ.

Венесуэлийн сөрөг хүчин парламентад олонх болов

Венесуэлийн сөрөг хүчин Үндэсний ассамблейн 167 суудлын ихэнхийг авчээ. Сонгуулийн хорооноос гаргасан мэдээллээр, сөрөг хүчний эвсэл парламентад 109 суудлыг авч, уугуул иргэдийн гурван төлөөллийн хамтаар олонх болж чаджээ. Ерөнхийлөгч Николас Мадурогийн тэргүүлдэг Социалист нам 55 суудал авчээ.
Ийнхүү энэ удаагийн сонгуулиар Уго Чавесийн социализмын төгсгөл ирлээ хэмээн тоймч, ажиглагчид үзэж байна. Парламентад олонх болсон сөрөг хүчин Ерөнхийлөгч Николас Мадурог улс орныг сүйрүүлсэн хэргээр огцруулж магадгүй байгаа аж.

АНУ визийн дэглэмээ чангатгав


АНУ-ын Конгрессын доод танхим визийн дэглэмийг чангатгахыг дэмжлээ хэмээн Reuters уламжлав. Доод танхимийн 407 гишүүн визийн шаардлагыг дээшлүүлэх хуулийн төслийг дэмжиж, ердөө 19 нь эсэргүүцжээ. Арваннэгдүгээр сарын 13-нд Парист болсон халдлагын дараа улс орны аюулгүй байдлыг дээшлүүлэх хуулийг хоёр дахь удаагаа чангатгаж буй нь энэ юм. Мөн саяхан Калифорнийн Сан-Бернардино хотод аймшигтай халдлага болсон нь түлхэц өгчээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Сан-Бернардиногийн хэрэг явдлын дараа ард түмэндээ хандаж мэдэгдэл хийхдээ визийн дэглэмийг эргэн хянана хэмээн онцолсон юм. 


Куба, АНУ хамгийн эмзэг асуудлаараа хэлэлцээ хийнэ

АНУ, Кубын төлөөлөгчид Гавана хотод уулзаж, хоёр улсын хоорондох харилцааг хэвийн болгох үйл явцын хамгийн эмзэг асуудал болох кастрист дэглэмд хураалгасан өмч хөрөнгийн нэхэмжлэлийн асуудлаар хэлэлцээний ширээнд суулаа. АНУ-ын Хууль зүйн департаментын хороогоор хүлээн зөвшөөрөгдсөн зургаан мянга орчим пүүс компани, хувь хүний тухайн үеийн нэг тэрбум 900 сая доллар, одоогийн ханшаар найман тэрбум долларт хүрч болох нэхэмжлэлийг хэлэлцээний ширээн дээр тавьжээ. Энэ жагсаалтад Кубын хувьсгалын дараа Фидель Кастрогийн эрх баригч дэглэмд хураалгаж хохирсон гэж байгаа үйлдвэр, ферм, аж ахуй, орон сууц зэрэг бараг бүх төрлийн өмч хөрөнгө, бизнес байна. Хоёр талын харилцааны хамгийн эмзэг асуудлаар анх удаа хийж буй уулзалтаар АНУ-ын шүүхийн Кубын эсрэг шийдвэр, тогтоол, Вашингтоны Засгийн газрын шаардлагын талаар хөндөн ярилцах аж. АНУ-ын Хууль зүйн департаментаас хүлээн зөвшөөрч, Кубын Засгийн газраас буцааж авах ёстой гэдэг эд хөрөнгөний дүн, тоо хэмжээг Гаваны эрх баригчид хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.
Нөгөө талаар, Кубын Засгийн газар Вашингтоны олон жилийн хориг арга хэмжээний учруулсан хор хохирлыг сөргүүлэн нэхэмжилж байгаа аж. 1961 онд Кочинос буланг эзлэх гэж оролдохдоо учруулсан иргэдийн амь наснаас авахуулаад 1976 онд Кубын нисэх онгоцны эсрэг үйлдсэн халдлага (70 гаруй хүн амиа алдсан)-ын хохирлыг арилгахыг АНУ-аас шаардаж байна. Вашингтон хагас илүү зууны турш Эрх чөлөөний арлын эсрэг дайсагнан харилцахдаа хэдэн зуун тэрбум долларын хохирол учруулсан хэмээн Гавана үзэж байгаа ажээ.
Хамгийн урт удаан, хэцүү бэрх үргэлжлэх төлөвтэй байгаа өмч хөрөнгө, эзэмшилтэй холбоотой асуудлаарх хэлэлцээний эхний алхмыг хийж байна хэмээн Төрийн департаментаас мэдэгдэв. Өмч хөрөнгөө хураалгаж хохирсон гэж байгаа иргэдийн асуудал, нэхэмжлэлийг шийдэхгүйгээр Куба, Америкийн харилцааг хэвийн болгох боломжгүй хэмээн олон хүн үздэг билээ. “Дипломат харилцаагаа сэргээснээр дараагийн чухал асуудлыг хэлэлцэх, ярилцах боломжтой болж байна” хэмээн Вашингтоны мэдэгдэлд онцолжээ. Гаванад ирсэн АНУ-ын төлөөлөгчдийг Төрийн департаментын хуулийн зөвлөх Мэри Маклеод ахалж байна.

Кубын хувьсгалын дараа өмч хөрөнгөө хураалгасан хамгийн тод, алдартай жишээ нь Havana club ром дарсны бизнес юм. 1862 онд Кубын Сантьяго хотод Факундо Бакардийн үүсгэн байгуулсан ром дарсны гэр бүлийн үйлдвэрийг Кубын хувьсгалын дараа эрх баригчид улсын мэдэлд хурааж авчээ. Чихрийн нишингээс гаргаж авдаг Кубын ром дарс нь дэлхийд ихээхэн алдаршсан ундаа билээ. Фидель Кастрогийн дэглэмд үйлдвэр, бизнесээ хураалгасан Бакардийн гэр бүл брэнд нэрээ авч Кубыг орхиж эхлээд Пуэрто-Рико дараа нь Бермудын арал дээр төвхнөж Bacardi дарсны бизнесээ үргэлжлүүлэн хийх болжээ. Тэд Кубад үүсгэн байгуулсан Bacardi дарсаа үйлдвэрлэсээр байгаа ч хосгүй үнэр, амтыг нь өгдөг байсан Куба арлын хөрс, агаарын нөлөө байхгүй болсон гэдэг. Кубын эрх баригчид Bacardi дарсны үйлдвэрийн суурин дээр шинээр ром дарс үйлдвэрлэж La Havana Club нэрээр гаргасан нь дэлхийн алдартай хатуу идээний нэг болсон юм.

Monday, December 7, 2015



Ж.Осборн: Сирид цэрэг оруулаад хямралыг шийдэж чадахгүй

Британи, эсвэл Америкийн хуурай замын цэргийг Сирид байрлуулаад “Исламын улс” бүлгийн үүсгэж буй аюул заналхийллийг арилгаж чадахгүй хэмээн Их Британийн Сангийн сайд Жорж Осборн Нью-Йорк хотод АНУ-ын олон улсын харилцааны зөвлөл дээр үг хэлэхдээ мэдэгдлээ. Сирийн урт хугацааны ирээдүйг Ерөнхийлөгч Башар Асадтай төсөөлөхөд хэцүү, гэвч Дамаскийн дэглэмийг тэр чигээр нь огцруулна гэсэн үг биш хэмээн тэрээр онцлов. Их Британийн тал “Исламын улс” бүлгийн санхүүгийн урсгалыг хааж, үзэл суртлыг нь хориглож байгаа аж. Хэд хоногийн өмнөөс Их Британи Сири дахь лалын босогчдын эсрэг агаарын довтолгооноо сэргээсэн юм.

Eagles of Death Metal Парист буцаж ирлээ

Калифорнийн Eagles of Death Metal хамтлаг Парист дахин тоглолт хийжээ. Тэд уржигдар U2 хамтлагийн хамт Парисын Сена мөрний эрэг дээрх AccorHotels Arena талбайд 20 мянган хүний өмнө тоглолтоо сонирхуулсан байна. Eagles of Death Metal арваннэгдүгээр сарын 13-нд Парисын “Батаклан” театрт тоглож байхад террористууд дайран орж 90 хүний аминд хүрсэн юм. Ирландын U2 хамтлаг тус театрт дараа өдөр нь тоглох ёстой байжээ.
Боно 1959 онд Жак Брелийн зохиосон алдарт “Намайг битгий орхиоч” дууг дуулахдаа Францын далбаатай гарч ирж, арын дэлгэц дээр нь халдлагын золиос болсон хүмүүсийн нэр гарч байв.

Оросын хориг есөн тэрбум долларын хохирол учруулна

ОХУ-ын хориг арга хэмжээ Туркийн талд есөн тэрбум долларын хохирол учруулах тооцоо гарлаа хэмээн Туркийн Ерөнхий сайдын орлогч Мехмет Шимшек мэдэгдлээ. Мөн Туркийн эдийн засаг 0.3-0.4 хувиар унана хэмээн тооцоолжээ. Оросын хориг арга хэмжээ аль хэдийнэ хэрэгжиж, орос жуулчдын хөл татарч, барилгын хамтарсан төсөл дээр хүндрэл үүссэн хэмээн Шимшек хэллээ. Су-24 онгоцтой холбоотой хэрэг явдлын улмаас ОХУ Туркийн эсрэг хориг арга хэмжээ авч, лооль, өргөст хэмх, жүрж, усан үзэм, лийр, тахианы мах зэрэг Туркийн 17 хүнсний бүтээгдэхүүнийг импортлохыг хоригложээ. Хориг арга хэмжээ 2016 оноос эхлэн хэрэгжиж эхлэх юм. Мөн ОХУ ард иргэдээ Турк руу аялахгүй байхыг уриалж, эрчим хүчний салбар дахь хамтарсан томоохон төслүүдээд зогсоохоор болжээ.

Перл-Харборын 74 жилийн ойг тэмдэглэв

Хавайн Оаху арал дээр Перл-Харборыг довтолсны 74 жилийн ойд зориулсан үйл ажиллагаа боллоо. 1941 оны арванхоёрдугаар сарын 7-нд Японы онгоцууд Перл-Харбор дахь АНУ-ын тэнгисийн цэрэг, агаарын хүчний баазыг довтолж дөрвөн тээвэрлэгч хөлөг онгоц, гурван хэрэгч онгоц, 200 гаруй нисэх онгоцыг сөнөөсөн юм. Довтолгоонд хоёр мянга 400 хүн амиа алджээ. Энэ өдөр АНУ Японд дайн зарлаж, дэлхийн II дайны оролцогч болсон билээ. “Аризона” тээвэрлэгч хөлөг онгоц живсэн газарт дурсгалын хөшөө босгож, цэцэг өргөсөн байна. “Аризона” дээр байсан 1400 цэргийн албан хаагчаас дөнгөж 200 нь амьд гарсан юм. 


“Хий үзэгдэл хөлөг”-ийн оньсого үргэлжилсээр

Японы Хоншю арал орчимд хөвж явсан хөмөрсөн хөлөг онгоцон дотроос дөрвөн цогцос гарч иржээ. Энэ нь сүүлийн үед Японы эзэмшлийн уснаас олдох болсон “хий үзэгдэл хөлөг” хэмээн нэрлэгдээд байгаа хөлөг онгоцнуудын сүүлчийнх нь болж байна. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн бүтэн сайнд Аймори мужийн Сай тосгоны Ушитаки боомтоос өмнө зүгт 10 км-т олдсон модон хөлөг онгоц нь 12.5 метр урт. Хаанахын, хэний хөлөг гэдгийг тогтоох ямар ч боломжгүй ч их бие дээрх “Hangul” хэмээх бичиг болон бусад шинж тэмдгээрээ аравдугаар сард энэ хавиас олдсон хөлөг онгоцуудтай адилхан байгаа юм. Сүүлд олдсон хөлөг онгоц нь нэлээн хэд хоног далайгаар хөвсөн, Хойд Солонгосоос ирсэн байж магадгүй хэмээн Аймори мужийн эргийн харуулын төлөөлөгч ярилаа.
Сүүлийн хоёр сарын дотор Японы эрэг орчмоос залуургүй хөвж явсан 12 модон хөлөг онгоцыг илрүүлээд байна. Тэдний заримаас нь 22 хүний жиргэж тасдсан цогцос гарч ирсэн хэмээн Японы эргийн харуул, цагдаагийн газраас мэдэгдэв. Бүх цогцсыг жижиглэж салгасан ба хоёр нь толгойгүй байсан аж. Мөн нэг хөлөг онгоцноос зургаан гавал гарч иржээ. Хамгийн эхний “хий үзэгдэл хөлөг”-ийг аравдугаар сард олсны дараа арваннэгдүгээрт сард ар араасаа олдох болсон юм. Японы тал эдгээр хөлөг онгоцнууд хаанаас гарч ирээд байгаа, дээр нь явж байсан хүмүүст юу тохиолдсоныг тогтоохоор ажиллаж байна. Одоогоор Хойд Солонгосыг хамгийн түрүүнд сэжиглэж байгаа аж. Арваннэгдүгээр сарын 20-нд Японы баруун эргийн Важима хотоос холгүй олдсон гурван хөлөг онгоцны нэг нь “Солонгосын ардын арми” гэсэн бичигтэй байжээ. Тэр хөлөг онгоцноос арван хүний жижиглэж тасдсан цогцос олдсон юм. Бас нэг хөлөг онгоцноос Хойд Солонгосын далбааны хэсэг гарч ирсэн хэмээн NHK телевиз мэдээллээ.

“Хий үзэгдэл хөлөг”-үүд нь төөрч, далайд жолоодлогогүй болсон загасчны хөлөг онгоцууд хэмээн таамагласан бол, урвагчдыг тээвэрлэж явсан байж магадгүй хэмээн үзэх хүмүүс ч байна. Хойд Солонгос дахь хүнд бэрх амьдралаас зугтаж, эрх чөлөө хайсан хүмүүс байж магадгүй хэмээн Chatham House улс төрийн хүрээлэнгийн захирал Жон Нилсон-Райт үзэж байна. Хойд Солонгосоос зугтсан хүмүүс Япон тэнгисийн хамгийн хэцүү замыг сонгосон байх магадлалтай аж. Зүүн Хятадын тэнгис нь харуул хамгаалалт их байдаг тул тэр замыг сонгох дүрвэгчид бараг байдаггүй ажээ. Янз бүрийн цогцостой, эзэнгүй “хий үзэгдэл хөлөг”-үүдийн оньсого Японы эрх баригчдын толгойны өвчин болоод байна.