Monday, November 23, 2015



Британийн парламент Сирид ажиллагаа явуулах талаар санал хураана

Их Британийн парламент Сири дахь “Исламын улс” бүлгийн эсрэг цэргийн ажиллагаанд оролцох асуудлаар ирэх долоо хоногт санал хураахаар боллоо хэмээн Sky News телевиз мэдээлэв. Хэд хэдэн депутат, лорд Ерөнхий сайд Дэвид Кэмероныг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн аж. Лейборист намын лидер Жереми Корбин Сирид цэргийн ажиллагаа явуулахыг эсэргүүцэж байгаа юм. Их Британийн Ерөнхий сайд Д.Кэмерон Сирийн төрийн байгууллыг эвдлэх шаардлага байхгүй хэмээн үзэж буйгаа мэдэгджээ. Улс оронд террорист халдлага гарсан тохиолдолд онцгой байдлын төлөвлөгөө боловсруулж ажиллана хэмээн Кэмерон парламент дээр мэдэгдсэн байна.

ОХУ Иранд таван тэрбум долларын зээл олгоно

ОХУ Ираны хэд хэдэн төсөлд зориулж таван тэрбум долларын зээл олгоход бэлэн хэмээн Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ. Тэрээр Ираны Ерөнхийлөгч Хасан Роханитэй хэлэлцээ хийсний дараа сэтгүүлчдийн өмнө ийнхүү мэдээлсэн байна. “Үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх болно. Энэ зорилгоор Ираны талд зээл олгоход бэлэн байна” хэмээн Кремлийн тэргүүн хэллээ. Тегеран дэлхийн хийн зах зээл дээр чухал үүрэг гүйцэтгэхэд бэлэн байгааг Ираны төрийн тэргүүн онцолсон юм. Мөн Орос, Ираны Засгийн газар иргэдийн харилцан зорчих нөхцөлийг зөөлрүүлэх тохиролцоонд гарын үсэг зуржээ.

Зургаан жилийн дотор ядуурлыг устгана

Хятад улс ойрын зургаан жилийн дотор ядуурлыг ул мөргүй устгах зорилго тавьж байна. БНХАУ-ынТөрийн зөвлөлийн ядууралтай тэмцэх хэлтсийн дэд дарга Хун Танюнь ийнхүү мэдэгджээ. “Төрөөс тусгай хөтөлбөр гаргалгүйгээр ядуурлыг арилгах амаргүй. Энэ тал дээр эрх баригчдын зүгээс бүх түвшинд дэмжлэг үзүүлж, шахаж шаардах болно” хэмээн тэрээр хэллээ.
Дундад улс 1.4 тэрбум хүн амтайгаас 70 сая нь ядуурлын түвшинд амьдардаг аж.Тэдний жилийн орлого хоёр мянга 300 юанаас хэтэрдэггүй. Хятадын ядуусын ихэнх нь хөдөө, тосгодод амьдарч байна. Сүүлийн жилүүдэд Бээжингийн эрх баригчид эдийн засгийн өсөлтийг удаашруулж байгаа ядууралтай тэмцэх хүчин чармайлтаа нэмэгдүүлжээ. 2014 онд 12 сая иргэн ядуурлаас гарсан нь ихээхэн чамлалттай үзүүлэлт юм. 2011 онд 43 сая хятад хүн ядуурлаас гарч байжээ.

Охайод буудалцаан болж гурван хүн амиа алдлаа

АНУ-ын Охайо мужийн Колумбус хотод буудалцаан болж хүний амь үрэгдлээ хэмээн NBC News телевиз мэдээлэв. Орон нутгийн эрх баригчид мэдээлж буйгаар, цагдаа нар утсаар мэдээлэл хүлээж авсан даруйдаа хэргийн газар иржээ. Буудалцаанд гурван хүн амиа алдаж, 12 настай хүүхэд шархадсаныг эмнэлэгт хүргэсэн байна. Цагдаа нар энэ хэргийн учир шалтгааныг тодруулж байна. Үүний өмнө Шинэ Орлеанд мөн буудалцаан болж 16 хүн шархадсан хэмээн мэдээлж байв.


Амьтдыг хувилж олшруулах хамгийн том төвийг байгуулна

Хятад улс амьтдыг эсийн аргаар хувилж олшруулах дэлхийн хамгийн том төвийг байгуулж байна. Зүүн хойд хэсгийн Тянжинь хот дахь техник, эдийн засгийн хөгжлийн бүсийн бааз суурь дээр энэ төвийг байгуулах аж. 31.3 сая долларын өртөгтэй төсөлд Өмнөд Солонгос оролцож байна. Төвийн барилгын ажил хэдийнэ эхэлжээ. Амьтдыг хувилж олшруулдаг эрдэмтэд 2016 оны эхний хагаст шинэ үйлдвэр дээр ажиллаж эхлэх бололтой.
Шинэ төвийн гол зорилго нь албаны, цагдаагийн нохой, гэрийн тэжээвэр амьтад, уралдааны морь, мөн мах, сүүний чиглэлээр ашиглах үхэр гаргаж авахад оршиж байна. Хувилах төвийг байгуулж буй толгой компанийн тэргүүний мэдэгдсэнээр, тус төвд нэг жилд үхрийн 100 мянган үр хөврөлийг үйлдвэрлэн гаргах ажээ. Үйлдвэр нь жилд нэг сая үр хөврөл гаргах хүчин чадалтай байх юм.

Амьтдыг хувилж олшруулах санаа махны чиглэлийн мал, амьтны тоо толгойгоо өсгөх эрмэлзэлтэй малчин, аж ахуй, фермерүүдийн сонирхлыг ихээхэн татаж байна. Нохойны хувьд гэвэл Сөүлийн Үндэсний их сургууль клон буюу эсийн аргаар хувилах туршлагатай. 2009 онд солонгосууд дэлхийд анх удаа клоны аргаар нохойг гаргаж авч байжээ. Энэ нохойг нисэх онгоцны буудал, хилийн шалган нэвтрүүлэх цэг дээр мансууруулах бодис илрүүлэхэд ашиглаж байв. Хятад улс энэ чиглэлээр олон жилийн өмнөөс ажиллаж ирсэн юм. Хятад эрдэмтэд онцгой булчинтай анч нохойг бүтээсэн тухай эрдэм шинжилгээний судалгаа, өгүүллээ дэлхийн шинжлэх ухааны тэргүүлэх сэтгүүлүүдэд нэг бус удаа нийтэлж байсан билээ. Тэд мөн ямаа, хонь, гахай, сармагчин дээр тун сонирхолтой туршилт, судалгаа хийж байв. Хятад улс аварга том төсвийнхээ ачаар амьтдыг эсийн аргаар хувилах салбарт ихээхэн хөрөнгө мөнгө хуваарилжээ. 2019 онд хятадууд амьтдыг хувилж олшруулах талбар дээрх хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлэхээр байна. Амьтдыг хиймлээр хувилж олшруулах нь дэлхий дахинд ихээхэн маргаан дэгдээдэг билээ. Улмаар хүн гэдэг амьтныг хувилж олшруулаад эхэлбэл яах вэ, үүнийг зөвшөөрч болох уу гэдэг асуудал хамгийн хурцаар тавигдаж байна. 

Sunday, November 22, 2015







Хамаг мөнгөө үрээд дууссан НБА-ийн 10 од

10. Деннис Родман, 50 сая доллар.
Өнөөдөр тэрээр бүх мөнгөө барсны дээр хүүхдийн тэтгэвэрт нэг сая долларын өртэй үлджээ.

9. Кенни Андерсон, 60 сая доллар.
Гурван салалт, найман хүүхэд. Шүүхийн шийдвэрээр таван өөр эмэгтэйг тэжээсээр, эцэст нь сүйрчээ.

8. Эдди Карри, 70 сая доллар
Тэрээр мөнгөө зүгээр л цацаад дуусгажээ. Хэрхэн, юунд зарцуулснаа санадаггүй аж.

7. Деррик Кулман, 91 сая доллар.
Мань эр 2009, 2010 онд Детройтын сүйрсэн эдийн засагт туслах гэж бүх мөнгөө зарцуулаад хоосон хоцорчээ.

6. Шон Кемп, 92 сая доллар.
Тэрээр хөрөнгийнхөө ихэнхийг зургаан өөр эмэгтэйн долоон хүүхдийн тэтгэвэрт өгөөд дууссан юм.

5. Вин Бейкер, 100 сая доллар.
Мөрийтэй тоглоом, архинд хамаг мөнгө өгөөд үгүйрсэн.

4. Летрелл Спрьюэл, 100 сая доллар.
Нью-Йорк Никсийн экс тоглогч дарвуулт завь болон бусад тансаг зүйлд энэ их мөнгөө зарцуулаад, дараа нь зардлыг нь дийлэлгүй дампуурсан.

3. Антуан Волкер, 110 сая доллар.
Зодог тайлаад гурван жилийн дотор бүх мөнгөө дуусгажээ. 70 орчим түнш, найздаа тараагаад дууссан гэж хэлдэг.

2. Скотти Пиппен, 120 сая доллар.

Муу, тооцоогүй хөрөнгө оруулалт домогт Майкл Жорданы хамгийн сайн хамтрагчийг сүйрүүлжээ. Дөрвөн сая доллараар худалдаж авсан хөнгөн нисэх онгоцоо ганц ч удаа ашиглаагүй.

1.Аллен Айверсон, 200 сая доллар
Үнэт эдлэл, хувийн нисэх онгоцонд багагүй мөнгөө үрсэн. Хамгийн гол нь түүнийг тойрон эргэлдэж байсан найзууд нь Айверсоны мөнгийг ашиглаж, завшаад дуусгажээ.


Эрх баригч намын нэр дэвшигч ялагдлаа хүлээн зөвшөөрлөө

Аргентинд Ерөнхийлөгчийн сонгууль боллоо. Сөрөг хүчний нэр дэвшигч Маурисио Макри ялалт байгуулсан нь тодорхой болов. Эрх баригч намаас нэр дэвшсэн Даниэл Сциоли төрийн тэргүүний төлөөх тэмцэлд ялагдсанаа хүлээн зөвшөөрчээ. “Аргентины ард түмэн Маурисио Макрийг шинэ Ерөнхийлөгчөөрөө сонголоо. Би саяхан түүн рүү утасдаж баяр хүргэлээ” хэмээн Сциоли мэдэгдэв. Нийт саналын 70 орчим хувийг боловсруулан гаргахад Макри 53.5 хувийн санал аваад байна. Эрх баригч намын нэр дэвшигч 46.5 хувийн санал авчээ.

Гол сэжигтэнг барьж чадсангүй

Бельгийн нийслэл Брюссель хотод цагдаа, тусгай хүчнийхэн тусгай ажиллагаа явуулж 16 хүнийг баривчлан саатуулжээ. Парисын аллагын тархи гэгдэж байгаа Салах Абдесламыг хайж байгаа ч тэрээр баригдаагүй хэвээр байна. Саатуулагдсан хүмүүсээс буу, тэсрэх бодис илрээгүй ба тэднийг үргэлжлүүлэн хорих, суллах эсэхийг удахгүй шийдэх аж. Моленбек баарны орчимд цагдаа, нэгэн жолоочийн хооронд мөргөлдөөн болж буун дуу гарчээ. Жолооч зугтсан ч баривчилж чадсан байна. Парис дахь халдлагыг зохион байгуулсан гэгдэж байгаа Салах Абдеслам зүсээ хувиргасан байж болзошгүйг цагдаагийн газраас анхааруулж байна.

Цагаан хирс дэлхийд гуравхан үлдэв

Сан-Диего хотын сафари-цэцэрлэгт Нола хэмээх цагаан хирс таалал төгссөнөөр дэлхий дээр энэ төрлийн амьтан гуравхан үлдлээ хэмээн Los Angeles Times сонин мэдээлэв. Долоо хоногийн өмнөөс Нолагийн бие муудаж, сүүлийн хэдэн өдөр бүр муудсан тул амьтны хүрээлэнгийн ажилтнууд үүрд нойрсуулах шийдвэр гаргажээ.

Энэ цагаан хирс 1989 онд Зүүн Европоо Сан-Диегод ирж, тус амьтны хүрээлэнгийн төдийгүй, бүх дэлхийд зартай болсон юм. Сүүлийн 50 жилд хулгайн анчид цагаан хирсийг хядаад дуусчээ. 1960 онд цагаан хирс хоёр мянга гарч тооллогдож байв. Өнгөрсөн оны сүүлч гэхэд дэлхий дээр таван цагаан хирс үлдсэн байжээ. 


Хятадууд Канадын гоо бүсгүйд виз олгохоос татгалзжээ

Хятад улс Miss Canada гоо сайхны тэмцээнд түрүүлсэн Анастасиа Линд Miss World тэмцээнд оролцох урилга явуулахаас татгалзжээ. Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээн ирэх сард Хайнань арлын Саня хотод болох аж. Хятадад мэндэлсэн 25 настай жүжигчин бүсгүй Бээжингийн Засгийн газрын бодлогыг шүүмжилдгийнхээ төлөө Miss World тэмцээнд оролцож чадахгүй болов. Тэмцээнд оролцоход шаардлагатай Хятадын талын урилга түүнд ирсэнгүй. Орон бүрийн гоо бүсгүйчүүд Хятадын зүүн өмнөд хэсгийн халуун цаг агаартай Хайнань арал дээр сарын өмнө очсон байх ёстой. Урилгагүй хоцорсон Лин виз хүсэх эрхгүй болжээ. “Би нээлтийн ажиллагаанд, магадгүй тэмцээнд оролцож чадахгүй боллоо. Дахиад нэг хүсэлт гаргаад үзнэ. Гэвч “Дэлхийн мисс”-т оролцох боломж минь байхгүй болж байх шиг байна” хэмээн Канадын мисс Анастасиа Лин ярилаа.
Лин тавдугаар сард Канадын миссээр тодорсон юм. Тэрээр хятад дахь хүний эрхийн зөрчлийг ил тодоор шүүмжилдэг. Канадын гоо сайхны хатан хаан бие бялдрын дасгал, ёс зүйн сургаалийг бясалгалтай хослуулдаг Фалунгон хөдөлгөөнийг идэвхтэй өмгөөлдөг. Фалунгон хөдөлгөөн эхэндээ Засгийн газрын дэмжлэгийг хүлээдэг байсан билээ. Гэвч удалгүй тэдний цар нөлөө, бие даасан байдал нэмэгдэхийн хэрээр улс оронд заналхийлсэн аюул хэмээн харах болсон юм. Фалунгоны хэдэн мянган дэмжигч тус хөдөлгөөнийг хүлээн зөвшөөрөхийг шаардан жагсаж байсан нь Хятадын коммунист дэглэмийн хараанд өртөж, энэ бясалгалаар хичээллэгчид цагдаагийн мөрдөлт мөшгилтын бай болсон аж. Хятадын хуулиар, төр улсаас хүлээн зөвшөөрөгдөөгүй шашны хөдөлгөөнийг өмгөөлсөн, дэмжсэн хэнийг ч баривчлах заалттай байдаг.
Лин 2003 онд Канад руу цагаачилжээ. Хятад иргэд эрх баригчдын мөрдлөг, хавчлагад өртөж байгааг харсан бүсгүй хүний эрхийн төлөөх тэмцлээ эхлүүлсэн юм. Тэрээр Фалунгоны гишүүдийг баривчилж буй тухай кинонд оролцож, долдугаар сард АНУ-ын Конгрессын хорооны өмнө энэ сэдвээр ярьж байжээ. Miss Canada тэмцээний тэргүүн Айк Лажи “Анастасиа Лин “Дэлхийн мисс”-т оролцохгүй бол бид дэд миссээ явуулахгүй” хэмээн мэдэгджээ.
“Хятадад болдог дэлхийн гоо бүсгүйн тэмцээний оролцогчид хүний эрхийн тал дээр надтай адил байр суурьтай байдаг. Гэвч тэд виз авч чадахгүй гэж айхдаа энэ тухай ил тод ярьдаггүй. Харин би энэ талаар ил тод ярьдаг. Цуурай, үр нөлөө нь ямар байдгийг би мэднэ” хэмээн Лин өгүүлэв. Анастасиа Лин энэ онд “Канадын мисс”-т түрүүлсний дараа Хятадын аюулгүйн албаны хүмүүс эцэгтэй нь холбогдож “Охин чинь хүний эрхийн талаар мэдэгдлээ хийсээр байвал онцгүй үр дагавар гарна шүү” хэмээн сануулсан аж. Лины эцэг нутагтаа амьдардаг бөгөөд охин нь эцгийнхээ аюулгүй байдалд санаа зовних болжээ. “Эцэг маань их түгшүүртэй байгаа. Утас чагнана гэж айж байгаа тул надтай ярьж зүрхлэхгүй байна” хэмээн Канадын мисс ярилаа.

Лин байр сууриа ашиглаж Хятад дахь хүний эрхийн асуудлыг анхааралд оруулж, Азийн улс дахь хэвлэлийн эрх чөлөөний төлөө тэмцэнэ гэдгээ мэдэгдэж байна. “Би ганцаараа, хэцүү байна. Гэр бүл маань энд алга. “Дэлхийн мисс” бол олон улсын байгууллага. Эдгээр байгууллагууд оролцогчдоо өмгөөлж хамгаалахгүй бол биднийг хавчиж, гадуурхсан хэвээр байх болно” хэмээн Лин онцоллоо. Канадын гоо сайхны хатан хаан “Дэлхийн мисс”-т оролцохгүй байсан ч Хятад дахь хүний эрхийн зөрчлийг шүүмжилсээр байх болно гэдгээ мэдэгдсэн юм. “Хятадад очих боломж олдвол хүмүүс намайг хараасай гэж бодож байна. Тэд намайг мэднэ, хэдийгээр хараа хяналттай ч хятадууд ямар нэг аргаар мэдээлэл авч байгаа. Намайг жинхэнээсээ, ухамсраараа ажиллаж, хөдөлж байгааг тэд хараасай гэж хүсч байна. Тэд ч бас миний адил тэмцэж чадна” хэмээн Анастасиа Лин хэллээ.

Saturday, November 21, 2015




Бангладешт сөрөг хүчний лидерүүдийг цаазалжээ

Бангладешт 1971 онд Пакистанаас тусгаар тогтнох дайны явцад дайны гэмт хэрэг үйлдсэн сөрөг хүчний хоёр лидерийг цаазалжээ. Бангладешийн Үндсэрхэг намын намын лидер Салахуддин Кадер Чадхури, “Жамаат-и-ислами Бангладеш” лалын намын нарийн бичгийн дарга Али Ахсан Мужахид нарыг дүүжлүүрт цаазалжээ. Үүний өмнө бас хоёр төлөөлөгчөө цаазлуулаад байсан лалын нам бүх нийтийн эсэргүүцэл, жагсаалд уриалаад байна.
67 настай Мужахид сэхээтнүүд, багш, сэтгүүлчдийг хөнөөх хэрэгт турхирсан хэрэгт буруутгагджээ. 66 натай Чахудри дайны үеэр хүмүүсийг хороосон, тамлан зовоосон хэмээн үзсэн байна. Өрнөдийн орнууд үүнийг улс төрийн шалтгаантай, шүүхийн үйл явц зохих ёсны дагуу болоогүй хэмээн үзжээ.

Eagles of Death Metal-ийн менежер халдлагад өртжээ

Арваннэгдүгээр сарын 13-нд Парисын Батаклан театрт тоглож байсан АНУ-ын Eagles of Death Metal хамтлагийн гитарчин Жесси Хьюз террористууд театрын хувцас солих, будалтын өрөөнд хэд хэдэн хүнийг алсан хэмээн ярьжээ. Тэрээр эмгэнэлт явдлын дараа анх удаа хэвлэлд ам нээсэн аж. Хөгжимчний баталж буйгаар, концертэд ирсэн хүмүүс найз нөхдөө орхиж явалгүй, нэг нэгнээ дуудан алан хядагчдын сумнаас хамгаалж байсан болохоор олон хүн амиа алджээ. Батаклан театрт 90 хүн амиа алдсаны дотор хамтлагийн менежер Ник Александр болон дуу бичлэгийн компанийн гурван төлөөлөгч Томас Айад, Мари Моссер, Ману Перес нар байсан юм. Парисын халдлагын дараа Eagles of Death Metal хамтлаг тоглолтоо зогсоогоод байна.

Эль-Класикод Барса илүүрхлээ

Испанийн хөлбөмбөгийн хамгийн том, анхаарал татсан тоглолт өчигдөр боллоо. Ла Лига-ийн 12-р тойрогт эзэн хааны Реал Мадрид клуб Каталоны нэр төр Барселонаг талбайдаа хүлээж авсан юм. Заналт өрсөлдөгчөөсөө гурван оноогоор хоцорч байсан цагаанууд хожил авч хүснэгтийг тэргүүлэх зорилго тавьж байсан ч бүтэлгүйтэв. Барсагийн Суарес (хоёр гоол), Неймар, Иньеста нар гоол оруулж Рафа Бенитесийн багийг хүнд байдалд оруулав. Роналдо тэргүүтэй Реал маш муу тоглож, талбай дээрээ шившигтэйгээр хожигдлоо. Заналт өрсөлдөгчөө талбай дээрээ хожих чадваргүй Рафагийн байр суурь ч ихээхэн ганхав бололтой. Реалыг талбай дээр нь 0-4 буулган авч гайхалтай ялалт байгуулсан барсачууд зургаан онооны илүүтэй хүснэгтийг итгэл төгс тэргүүлж эхэллээ. Ерийн буланд 16-ийн гаднаас цөм цохиж оруулсан Иньестаг сэлгэгдэж талбайг орхиход Реалын фэнүүд босч алга ташин баяр хүргэжээ. Энэ удаагийн Эль-Класиког дэлхий даяар 600 сая хүн үзэж сонирхжээ.

Роберт Мугабед эхнэр нь тэргэнцэр авч өгнө

Зимбабве улсын 91 настай Ерөнхийлөгч Роберт Мугабегийн эхнэр Грейс Мугабе нөхөртөө улс орныг үргэлжлүүлэн удирдах боломж олгохын тулд хөгжлийн бэрхшээлтээ хүний тэргэнцэр худалдан авч өгөх гэж буйгаа ярьжээ. Роберт Мугабе 1980 оноос хойш улс орноо удирдаж байгаа бөгөөд хамгийн хөгшин төрийн тэргүүнээр нэрлэгдэж байна. 50 настай эхнэр нь нөхрөө ярьж чадаж байгаа цагт Ерөнхийлөгчийн үүргээ гүйцэтгэхийг дэмжиж байгаа аж. Мугабе саяхан парламент дээр үг хэлэхдээ хэд хэдэн эргэлзээтэй алдаа гаргасан тул олон хүн түүний удирдах чадварт эргэлзэх болжээ. Хоёрдугаар сард Роберт Мугабе иргэдтэй уулзаж яваад шатнаас унасан юм. Энэ явдлын улмаас түүний 30 бие хамгаалагч ажлаасаа халагджээ. 



“Исламын улс”-ын эсрэг бүх арга хэрэгслээр тэмцэхийг уриалав

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл “Исламын улс” террорист бүлгийн эсрэг тэмцэлд бүх арга хэрэгслийг ашиглахыг уриалсан тогтоолыг санал нэгтэй баталлаа. Францын талаас өргөн барьсан тогтоолыг Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн орон дэмжсэн юм. Энэ нь Сири, Ирак дахь лалын босогчдын зүгээс ирэх аюул заналхийллийн эсрэг тэмцэлд чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн анхны нэгдсэн баримт бичиг байлаа. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр санал нэгтэй баталсан тогтоолоор террорист аюул заналхийллийн эсрэг тэмцэлд шаардлагатай бүх арга хэмжээг авахыг улс орнуудад уриалж байгаа аж.
“Исламын улс” бүлгээс зохион байгуулсан хэмээн үзэж буй халдлагад өртөж, 130 иргэнээ алдсан Франц улс тогтоолын төслийг санаачилжээ. Лалын босогчдын бүлэг нь олон улсын энх тайван, тогтвортой байдалд урьд өмнө байгаагүй, асар их аюул заналыг учруулж байна, дэлхийн улс орнууд энэ аюулын эсрэг бүр аргаар тэмцэх ёстой хэмээн тогтоолд онцолсон байлаа. Францад болсон халдлагын дараа Орос болон Америк тэргүүтэй олон улсын эвслийн хооронд ойлголцолд хүрэх хүчин чармайлт идэвхжсэн юм. Дээр нь Египетэд унаж сүйрсэн Оросын иргэний тээврийн нисэх онгоц лалын босогчдын халдлагын бай болсон нь тогтоогдож “Исламын улс” бүлгийн эсрэг тэмцэлд дахин ташуур өгсөн юм. Нисэх онгоцонд бөмбөг дэлбэрч сүйрсэн болох нь шалгалт, шинжилгээгээр хөдөлбөргүй тогтоогдсон билээ. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд “Исламын улс” бүлэгтэй тэмцэх олон улсын томоохон эвслийг байгуулах шаардлагатайг цохон тэмдэглэж, энэ долоо хоногт энэ асуудлаар Кремлийн тэргүүн Владимир Путин, Цагаан ордны эзэн Барак Обама нартай ярилцаж, хэлэлцэхээр зэхэж байна. Баталсан тогтоолын үндэс суурь нь хүч хэрэглэх эрхийг олгодог НҮБ-ын дүрмийн долдугаар бүлэг биш тул цэргийн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй байгаа. Долдугаар бүлэгт олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангахын тулд цэрэг, зэвсгийн ямар хүч, арга хэрэгслийг ашиглахыг зааж өгдөг билээ. Гэвч дээрх тогтоол нь Аюулгүйн зөвлөлийн бүх байнгын гишүүдийн санаа, зоригийг нэгтгэж чадсанаараа онцлог болж байна.
Францын санаачилсан тогтоолыг ОХУ дэмжсэн нь Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг тодорхой хугацаагаар эрх мэдэлд үлдээхэд түлхэц өгч буй бололтой. Францын өргөн барьсан тогтоол Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүдийн дэмжлэгийг хүлээсэн ч Москва терроризмтай тэмцэх талаарх өөрийн тогтоолын хувилбарыг дэмжүүлэхийн төлөө ажиллана хэмээн НҮБ дахь Оросын бүрэн эрхт төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдлээ. Оросын тогтоолыг саатуулах оролдого нь улс төрийн харалган, алсын хараагүй байдлын илрэл хэмээн Оросын дипломатч үзэж байна. “Террористуудтай нэг гараар тэмцэж болохгүй. Нөгөө гарыг нь улс төрийн шалтгаанаар барьж, хориод байна. Бид тогтоолоо батлуулахын тулд шаргуу ажиллах болно” хэмээн тэрээр хэлжээ.

ОХУ-ын батлан хамгаалах, гадаад бодлогын зөвлөлийн хуралдааны тэргүүн Федор Лукьяновын үзэж буйгаар, дээр баталсан тогтоол нь дэлхийн улс орнууд терроризмтэй хамтран тэмцэх нэгдмэл санаа бодлоо илэрхийлсэн явдал ажээ. Ийнхүү терроризмын эсрэг тэмцдэг тэргүүлэх орнууд “Исламын улс”-ын эсрэг үйл ажиллагаагаа “хууль ёсны” болгох боломжтой боллоо хэмээн тоймч, ажиглагчид үзэж байна.