Saturday, October 17, 2015



АНУ-ын цэрэг Афганистаныг орхихгүй

АНУ-ын цэрэг 2016 оны дараа ч Афганистанд үлдэнэ хэмээн Ерөнхийлөгч Барак Обама мэдэгджээ. “Афган дахь байлдааны үүрэг даалгавар дууссан. Гэвч Афганистан улс болон ард түмнийх нь өмнө хүлээсэн үүрэг хариуцлага хэвээр үлдэж байна. Америк цэргүүд Афганистанд үлдэнэ, гэхдээ үүрэг нь өөр байх болно” хэмээн Америкийн лидер Цагаан ордонд үг хэлэхдээ онцолсон юм.
2016 оны эцэс гэхэд Афганистанд 9800 орчим америк цэрэг үлдэж, 2017 онд тэдний тоо 5000 хүртэл багасах аж. CNN телевиз мэдээлж буйгаар, АНУ-ын эрх баригчид Афганы Ерөнхийлөгч Ашраф Гани, Ерөнхий сайд Абдулла Абдулла нартай зөвлөлдсөний дараа дээрх шийдвэрийг гаргажээ. Б.Обама мөн Афганистан дахь Америкийн цэргийн командлагчтай нухацтай ярилцсан аж. 2017 онд ч цэргээ үлдээх шийдвэр нь Афганы өмнөх лидер Ахмед Карзайгаас илүү итгэл хүлээлгэдэг Ерөнхийлөгч Ашраф Ганигийн эрх мэдлийг бэхжүүлэх Вашингтоны хүсэлтэй холбоотой хэмээн үзэж байна.
АНУ амаргүй цаг үед энэ шийдвэрийг гаргаад байна. Аравдугаар сарын эхээр Америкийн нисэх хүчин олон улсын хүмүүнлэгийн “Хил хязгааргүй эмч нар” байгууллагын эмнэлгийг бөмбөгдөж 22 хүний аминд хүрсэн юм. Америкийн цэргийнхэн үүнийг харамсалтай алдаа хэмээн хүлээн зөвшөөрч, амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрт нөхөн төлбөр олгож, эмнэлгийн байрыг засварлах мөнгийг гаргахаар болжээ. Цагаан ордны тэргүүн Афганистаны Засгийн газраас уучлал гуйсан юм. АНУ, НАТО Афганы талтай хамтран дээрх хэрэг явдлыг мөрдөн шалгаж байна.
АНУ болон НАТО-гийн холбоотон орнууд 2001 оноос хойш Афганистанд байрлаж байгаа цэргийнхээ гол хүчийг эргүүлэн татжээ. Өнөөдөр америк цэргүүд Кабул болон бусад хотын ойролцоох баазад байрлаж байна. Талибуудын эсрэг тэмцэл явуулах хэрэгтэй болоод байгаа афган цэрэг, цагдааг сургах нь тэдний зорилго ажээ. “Талибан” хөдөлгөөний дайчид стратегийн чухал хот Кундузыг эзэлсний дараа АНУ-ын засаг захиргаа Афганистанд цэргээ үлдээх шийдвэр гаргасан юм. Кундуз хотыг чөлөөлөх ажиллагаанд Америкийн цэргийнхэн нэгдсэний дараа л талибуудыг ухрааж чаджээ. “Афганы цэрэг, арми аюулгүй байдлын асуудлаа дангаараа шийдвэрлэж чадахгүй гэдгийг Кундузын хэрэг явдал харууллаа” хэмээн Орчин үеийн  Афганистаныг судлах төвийн тэргүүн Омар Нессар ярилаа.
Америкийн цэргийнхэн Афганы армийг сургахад хэдэн зуун сая доллар зарцуулж 7000 цэрэг, офицерийг бэлтгэн гаргасан ч тэдний байлдах ур чадвар Ерөнхийлөгч Мохамед Нажибуллагийн дэглэмийн үеийн армийн байлдааны ур чадвартай харьцуулахад ихээхэн сул дорой байна.

Афганистан дахь нөхцөл байдал АНУ болон НАТО-гийн орнуудад маш чухал хэвээр байгаа юм. Олон улсын терроризмын эсрэг тэмцэл болон Сири дахь нөхцөл байдлыг зохицуулахад Афганистан нь ихээхэн чухал үүрэг гүйцэтгэх ёстой. Хэдхэн хоногийн өмнө НАТО-гийн гишүүн орнуудын сайд нар Брюссельд уулзахдаа зөвхөн НАТО-гийн Афганистан дахь үүрэг хариуцлагын талаар  ярилцжээ. Уулзалтын дараа НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Шаардлагатай тохиолдолд НАТО-гийн холбоотнууд Афганистанд үлдэхэд бэлэн байна” хэмээн мэдэгдсэн байна. Афганистанд бусад орны (АНУ-аас гадна) зургаан мянга орчим цэрэг байрлаж байгаа нь цэргийн ихээхэн хүчийг бүрдүүлж байгаа юм.

Wednesday, October 14, 2015





Хятад дахь санхүүгийн бус хөрөнгө оруулалт 16.5 хувиар өсчээ

Хятад дахь санхүүгийн бус хөрөнгө оруулалтын хэмжээ 2015 оны гуравдугаар улиралд 87.3 тэрбум долларт хүрлээ хэмээн тус улсын Худалдааны яамнаас мэдээлэв. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад энэ үзүүлэлт 16.5 хувиар өссөн байна.
Гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 2020 онд 500 тэрбум долларт хүрнэ хэмээн БНХАУ-ын лидер Си Зиньпин гуравдугаар сард мэдэгдэж байв. 2015 оны эцсээр санхүүгийн бус хөрөнгө оруулалт 113 тэрбум долларт хүрэх тооцоо гарчээ.

206 яст мэлхий хилээр гаргах гэж байгаад баригджээ

ОХУ-ын хоёр иргэн Сингапураар дамжуулан устах аюулд ороод байгаа 200 гаруй яст мэлхий авч гарах гэж оролдоод 15 сар хоригдох ял сонсчээ. 38 настай Максим Павлычев, 34 настай Алексей Радков нар өнгөрсөн долдугаар сард Бангладешаас Индонез рүү явж байгаад Сингапурын нисэх онгоцны буудалд саатуулагдсан юм. Тэдний авч явсан дөрвөн чемоданаас 206 яст мэлхий гарч ирснээс 27 нь үхсэн байжээ. Үлдсэн нь ус чийг дутагдсаны улмаас аюулд орсон байв.
Сингапурын мэргэжилтнүүдийн баталж буйгаар, эдгээр яст мэлхий ховор амьтны хар зах дээр 90 мянган долларын үнэ хүрэх байжээ. Амьд үлдсэн яст мэлхийнүүдийг Сингапурын зэрлэг байгалийн санд хүлээлгэн өгчээ.

Ж.Ассанжийг эмнэлэгт үзүүлэх ёстой гэв

Их Британийн тал WikiLeaks-ийг үндэслэгч Жулиан Ассанжийг эмнэлэгт аюулгүй хүргэх замыг гаргах ёстой хэмээн Эквадорын Гадаад хэргийн сайд Рикардо Патиньо мэдэгдлээ. Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд бараг гурван жил амьдарч байгаа Ассанжид эмнэлгийн тусламж шаардлагатай байгааг Патиньо онцолсон юм.
Эмч нарын хэлж буйгаар, австрали эрийн баруун мөрний өвдөлтийн оношийг нарийн тогтоохын тулд соронзон дуу авианы томограф зураг авахуулах шаардлагатай байгаа аж. Ассанж эмнэлэгт очоод буцаж ирэх боломжийг Их Британи олгох ёстой хэмээн Эквадор улс үзэж байна. Их Британийн цагдаа хэд хоногийн өмнө (Скотланд-Ярд) Жулиан Ассанжийг 24 цагаар харуулдахаа больсон юм. Гэвч сүүлд ирсэн мэдээллээр, Лондоны эрх баригчид WikiLeaks-ийг үндэслэгчийг эмнэлэгт үзүүлэх хзсэлтэд татгалзсан хариу өгчээ.

Цалингийнхаа 10 хувийг эцэг эхдээ өгнө

Хятадад нэгэн компани ажилтнуудынхаа цалингийн тодорхой хувийг эцэг эхэд нь өгөх шийдвэр гаргасан нь ихээхэн маргаан дагуулж байна. “Guanzhou Daily”-д бичсэнээр, гоо сайхны үйлчилгээ үзүүлдэг Лу Мэй компани ёс зүйн үнэ цэнийг дээшлүүлэх зорилгоор ганц бие ажилтны цалингийн 10, гэрлэсэн ажилтны цалингийн таван хувийг шууд эцэг эхэд нь шилжүүлж байхаар болжээ.
“Манай ажилтнуудын ихэнх нь хөдөө нутгаас ирсэн, тийм сайн боловсрол эзэмшээгүй залуус. Удирдлагын зүгээс Хятадын уламжлал, тэр тусмаа эцэг эхээ хүндэтгэх заншилд сургахын тулд цалингийн 10 хувийг эцэг эхэд нь өгөх шийдвэр гаргасан. Энэ нөхцөлийг зөвшөөрөөгүй хүнийг ажилд авдаггүй” хэмээн Лу Мэйн төлөөлөгч ярилаа. Тус компанийн дундаж цалин гурван мянган юань (ойролцоогоор 470 доллар) ажээ. 


Анкарад халдлага үйлдсэн хүмүүсийг нэрлэжээ

Аравдугаар сарын 10-нд Анкара хотод болсон халдлагын улмаас 99 хүн амь насаа алдсан хэмээн Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу мэдэгдлээ. 94 хүний цогцсыг ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгчээ. Зарим мэдээллээр, алан хядах ажиллагаанд 106 хүн амиа алдсан гэж байна. Туркийн эрх баригчид терроризмыг өөгшүүлэн дэмжсэн сурталчилгаа болно гэж үзсэний үндсэн дээр Анкара дахь аллагын зураг, бичлэгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацахыг хориглосон юм.
Халдлага болсноос хэд хоногийн дараа цагдаагийн газраас амиа золиослон бөмбөг дэлбэлсэн хэмээн үзэж буй хүмүүсийн нэрийг зарлажээ. Нийслэл хотод халдлага үйлдсэн хоёр этгээдийн нэг нь Юнус Амир Алагоз гэгч ажээ. Тэрээр “Исламын улс” бүлгийн гишүүн Абдуррахман Алагозын дүү юм. Абдуррахман нь Сирийн хил орчмын Туркийн Суруч хотод халдлага зохион байгуулж байсан этгээд аж. Анкарад бөмбөг дэлбэлсэн хоёр дахь этгээд нь Омер Дениз Дундар. Аллага болсон газраас ДНК-ийн дээж авч шинжилгээ хийсний дараа дээрх хоёр этгээдийн нэр усыг тодруулсан байна. Тэд хоёулаа “Исламын улс” бүлэгт харъяалагддаг хэмээн үзэж байна.

Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу Анкарад болсон халдлагад “Исламын улс” бүлгийг сэжиглэж байгаагаа мэдэгдсэн юм. Нийслэл Анкара хотын төмөр замын буудлын орчимд аравдугаар сарын 10-нд хоёр дэлбэрэлт болсон. Туркийн эрх баригчид болон курд үндэстний хоорондох цуст мөргөлдөөнийг эцэс болгохыг уриалсан хүмүүс уриа лоозон барьж жагсах үеэр бөмбөг дэлбэрсэн юм. 14 мянга орчим хүн жагсаалд оролцож байсан бөгөөд 100 орчим хүн халдлагын золиос болж амиа алджээ. Эхэндээ Туркт хориглогдсон Курдистаны Ажилчдын намын босогчдыг халдлагад сэжиглэж байсан ч тус бүлэг “Бид энд хамаагүй” хэмээн мэдэгдсэн байна. Туркийн цэргүүд Сири дахь терроризмын эсрэг ажиллагаанд оролцож байгаа нь “Исламын улс” бүлгийн дургүйг хүргэж, Туркт халдлага зохион байгуулахад хүргэсэн хэмээн үзэж байгаа аж.  

Tuesday, October 13, 2015



Орост Б.Асадыг дэмжсэн цамц худалдаанд гарчээ

ОХУ-ын нисэх хүчин Сирид тусгай ажиллагаа явуулж эхэлснээс хэд хоногийн дараа Сирийн Ерөнхийлөгчий Башар Асадыг дэмжих уриатай цамц Орост худалдаанд гарчээ. Сири дахь босогчдын байрлалд агаараас цохилт өгч байгаа зурагтай богино ханцуйтай цамц Москвагийн Тверийн гудамжин дахь “Оросын арми” дэлгүүрт зарагдаж байгаа аж.

ОХУ Крымийг нэгтгэсний дараа Путиний зурагтай цамц ихэд алдаршиж байсан юм. Өнгөрсөн оны зун Оросын “АняВаня” брэнд Кремлийн тэргүүний зурагтай Крым, Биднийг гүйцэхгүй, Тэр хамгийн эелдэг нь гэсэн бичигтэй цамц худалдаанд гаргасан нь ихээхэн амжилт олжээ. Эдгээр цамцыг гурван өдрийн дотор борлуулна хэмээн тооцоолж байсан ч таван мянган цамц нэг өдрийн дотор дууссан юм. Харин В.Путин өөрийн дүр төрхийг арилжааны зорилгоор ашиглахыг таашаагаагүй аж. 

Monday, October 12, 2015


Ираны парламент цөмийн гэрээг баталжээ

Ираны парламент зургаан улс оронтой тохиролцоонд хүрсэн цөмийн гэрээний тухай хуулийг баталснаар хүчин төгөлдөр боллоо хэмээн Тегераны IRNA мэдээллийн агентлаг уламжлав. Баталсан хуулийн дагуу олон улсын шалгагчид Ираны цэргийн байгууламжид хязгаарлалттайгаар нэвтрэх боломжтой болж байгаа юм. 161 депутат хуулийг дэмжиж саналаа өгчээ.

Өнгөрсөн долоо хоногт Ираны парламент цөмийн тохиролцооны нөхцөлийг биелүүлэх эрхийг Засгийн газартаа олгосон хуулийг дэмжин баталсан билээ. Иран болон зургаан улс орны төлөөлөл долдугаар сард цөмийн хөтөлбөрийн асуудлаар тохиролцоонд хүрсэн юм. Тегераны лидер Хасан Рохани цөмийн тохиролцоо нь том ялалт болсон хэмээн онцолсон байна. 


Малайзын ширэнгэд 46 хоног төөрөөд амьд үлджээ

Малайз улсад ширэнгэ ойд таван хүүхдийн хамтаар төөрөөд 46 хоносон 10, 11 настай хоёр охиныг амьд мэнд олжээ. Асил үндэстний хоёр охиныг Пос Тохой тосгоны ойролцоох ойгоос олоход өлсөж цангасан, хөл дээрээ ч тогтох чадалгүй болсон байв. Хэсэг аялагч тэр хавийн ойгоос хоёр хүүхдийн цогцсыг олсны дараа аврагчид эрэлд гарсан байна. Бага насны зургаан охин, нэг хөвгүүн наймдугаар сарын 23-нд сургууль дээрээ шийтгүүлэхээс зугтаж, ширэнгэ ойгоор дамжин гэр рүүгээ явжээ. Тэдний хоёр нь амь насаа алдаж, Норин Якоб, Мирсудиа Алуж хэмээх хоёр охин амьд олдож эмнэлэгт хүргэгдээд байна. Одоогоор ямар ч сураггүй байгаа гурван хүүхдийг хайсан хэвээр байгаа юм.

В.Путинийг дэлхийн лидер хэмээн хүлээн зөвшөөрөв

Оросын эрх баригчдыг шүүмжилдгээрээ алдартай АНУ-ын сенатч Жон Маккейны охин Меган Маккейн Ерөнхийлөгч Барак Обамаг Ойрхи Дорнодын хямралын улмаас АНУ-ын өмнө үүсч байгаа уриа дуудлагыг сөрөн зогсох лидерийн чадваргүй хэмээн ярьжээ. “Өнөөдөр Путин дэлхийн хамгийн хүчирхэг хүн болоод байна. Ерөнхийлөгч Барак Обаматай харьцуулах юм бол Жимми Картер хүртэл Наполеон Бонапарт шиг харагдаж байна” хэмээн Меган Fox News телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо хэлжээ. “Та нар итгэхгүй бол Путинийг хар. Тэр дэлхийн лидер.. уучлаарай, олон улсын хамтын нийгэмлэгийн лидер болжээ. Путин хөдөлж, АНУ түүний үйлдэлд хариу өгдөг боллоо” хэмээн Маккейны охин онцолсон байна. Меган Маккейн нь нийтлэлч, радиогийн нэртэй хөтлөгч юм. Тэрээр “Dirty Sexy Politics”, “My Dad, John McCain” зэрэг ном бичжээ.

Ди Каприо Келли Рорбахын гарыг гуйжээ

Холливудын алтан гоонь эр Леонардо Ди Каприо үерхээд дөрвөн сар болж буй найз бүсгүй Келли Рорбахын гарыг гуйж, гэрлэх санал тавилаа. Өнгөрсөн долоо хоногт Нью-Йоркт романтик зоог барихдаа Ди Каприо найз бүсгүйдээ “Надтай гэрлээч” хэмээн хэлжээ. “Тэд үүнийг төлөвлөөгүй байсан. Дарс уугаад, халуун дотноор ярилцаж байсан” хэмээн хосын сайн найз нь “OK Magazine” сэтгүүлд ярьжээ. Яг энэ үед 40 настай Ди Каприо 25 настай найз бүсгүйдээ “Үлдсэн амьдралаа чамтай хамт өнгөрөөхийг хүсч байна” хэмээн хэлсэн аж. Хайрт бүсгүй нь үнсэлтээр хариу барьсан байна.

Жоржтауны их сургуулийг төгссөн загвар өмсөгч Рорбах царайлаг төдийгүй тун ухаалаг бүсгүй хэмээн түүнд ойр эх сурвалжууд баталдаг. Одоо “Титаник”-ийн гол баатар дээрх мэдээллийг батлах л үлдээд байна.