Tuesday, May 3, 2016

Өчигдөр үлдсэн хоёр мэдээг нэмээд оруулаарай...


Тед Круз сунгааг орхилоо

Техас мужийн сенатч Тед Круз Индиана мужид болсон сунгаанд ялагдсаны дараа Бүгд найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сунгааг орхиж буйгаа зарлав. “Ялалтад хүрэх зам харагдаж байгаа үед нэр дэвших эрхийн төлөө өрсөлдсөөр байх болно гэдгээ хэлж байсан. Өнөөдөр энэ зам хаагдсаныг гунигтайгаар мэдэгдж байна” хэмээн куба гаралтай улстөрч хэллээ. Тэрээр тэрбумтан Дональд Трампын гол өрсөлдөгч байсан юм. Ийнхүү Бүгд найрамдах намаас Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь тодорхой болоод байна. Өнгөрсөн долоо хоногт зүүн хойд хэсгийн таван мужид болсон сунгаанд тэрбумтан ялалт байгуулжээ.

Рокийн домгууд Калифорнид тоглоно


Пол Маккартни, Rolling Stones, Боб Дилан, The Who, Рожер Уотерс, Нил Янг зэрэг рокийн домгууд аравдугаар сард Калифорнид болох Desert Trip рокийн их наадам дээр дуулахаар болжээ. Гурван өдөр үргэлжлэх тоглолтыг тайзтай ойрхон үзэх тасалбар 1599, нэг өдрийнх нь 200 доллар. The Who хамтлагийн дуучин Рожер Долтри “Бидний үе өнгөрч байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бид цаг үеийнхээ сүүлчийн хүмүүс болж байна. Рокерууд урт насалдаггүй юм шиг байгаа юм” хэмээн ВВС-д ярилаа. Он гарсаар Принс, Дэвид Боуи зэрэг рок одод нөгөө ертөнц рүү оджээ. Калифорнийн рок наадмыг Боб Дилан, Rolling Stones нээж, хоёр дахь өдөр Пол Маккартни, Нил Янг, сүүлчийн өдөр нь буюу аравдугаар сарын 9-нд Рожер Уотерс, The Who хамтлаг тайзан дээр гарах ажээ. 



Хуан Мартин Гевара: Ахыг минь устгах шийдвэрийг АНУ гаргасан

Хуан Мартин Гевара (72 настай) нь домогт Эрнесто Че Геварагийн дөрвөн дүүгийн хамгийн бага нь. Тэрээр “Миний ах Че” ном бичсэн нь Францад хэвлэгдээд байна. “El Pais” сонин түүнтэй уулзаж ярилцжээ.

-Че нас бараад хагас зуун өнгөрсөн ч Гевара хэмээх овог Франц зэрэг улс оронд сонирхол татсан хэвээр байгаа нь танд гайхалтай санагдсан уу?

-Ахын минь нэр Францад аль хэр түгсэнийг үнэлж цэгнэхэд арай эрт байна. Францад анх удаа л ирж байна. Итали, Болив, Кубад ах минь их алдартай байдгийг сонсож, харж явлаа. Намайг Чегийн дүү гэдгийг мэдээд хүмүүс их сонирхдог. Ах минь миний хувьд үргэлж үлгэр дууриал байсан.

-Та номдоо Че хэмээх домгоос зайлсхийхийг хичээсэн ч таны бага насны дурсамжууд бас л энэ тал руу хазайсан байсан...?

-Би Чегийн үзэл бодлыг дагадаг хүмүүсийн нэг. Би өөрийгөө марксист-ленинист-геварист гэж тодорхойлно. Гэвч энэ номдоо би Эрнесто Гевараг гэр бүлийн нэг гишүүн, нэр алдарт хүрэхээсээ өмнө ямар хүн байсан юм гэдгийг харуулахыг зорьсон. Че энгийн нэг тариачин, эсвэл өөр үзэл бодолтой, Фидельтэй танилцаагүй байсан бол ямар байх байсан бэ? Тэр нас барснаасаа хойш үлгэр домог болсноос илүүтэй үзэл бодол, байр суурь нь миний сонирхлыг их татсан.

-Таны бодлоор түүнийг хэн алсан бэ? Тагнуулын төв газар уу?

-1967 оны аравдугаар сарын 9-нд Боливийн Ла Игера сургууль дээр түүний аминд хүрсэн болив цэргийн нэрийг бид мэддэг, тэр бол түрүүч Марио Теран. Түүнтэй хамт куба гаралтай Америкийн иргэн, ТТГ-ын ажилтан Феликс Родригес байсан. Родригес Че Геварагийн цогцосны зургийг авсан. Ахыг минь устгах шийдвэрийг АНУ гаргасан гэдэгт би эргэлздэггүй. Гэвч хэн тушаал өгснийг тодруулах л хэрэгтэй. Че үхсэнийхээ дараа домог болон хувирсан.

-Тэр юун дээр алдсан юм бэ?

-Тэр алдаа гаргасан л даа. Боливт Коммунист намын, уурхайчдын дэмжлэгийг авна гээд итгэчихсэн байсан. Мөн өөрийн хүчиндээ хэт эрдсэн, урвалтыг тооцоолоогүй.

-Түүний хувьсгалч үзэл санаа алдаа руу хөтөлсөн юм биш биз?

-Харин ч эсрэгээрээ. Асуудал капитализм, империализмд байгаа гэдэгт тэр улам итгэсэн байсан. Капитализмын хямралын үед гол хохирогчид нь ядуус, хөгжил буурай орнууд байдаг. Хэн ч, ямар ч шийдэл санал болгодоггүй.

-Шийдэл нь марксизм байсан юм бол яагаад коммунист дэглэмд орсон орнууд түүнийгээ устгаад, байхгүй болгочихов оо?

-Социализм боломжтой юу гэж надаас асуувал би социализм гэж юу вэ гэж асуултаар хариулна. Че үүнд хариулт өгөх гэж оролдсон юм. Тэрээр Хятад, Зөвлөлт холбоот улс, зүүний эвслийг шүүмжилсээр дууссан. Геваризм бидэнд өөр зам заасан, гэвч хэн ч тэр замаар явж эцэст нь хүрсэнгүй.

-Гэвч Че Гевара Кубын хувьсгалт шүүхийн дарга байх үед Кубын эрх баригчид улс төрийн өрсөлдөгчдөө цаазалж, албадан хөдөлмөрлөх хуаран руу цөлж байсан...?


- Албадан хөдөлмөрлөх хуаран гэдэг нь ТТГ-ын зохиосон зүйл. Че маоист байсан, сталинист байгаагүй. Тэрээр Кубын Засгийн газар дотроос Кубын сталинист арга барилын эсрэг тэмцэж байсан юм.

Monday, May 2, 2016

Трамп ахыг гол болгоод гусаарай...... 





Д.Трамп Хятадыг буруутгалаа

Бүгд найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр горилж байгаа тэрбумтан Дональд Трамп Индианад болсон цуглаан дээр Хятадын худалдааны бодлогыг хатуу шүүмжилжээ. Түүний хэлж буйгаар, хятадууд дэлхийн түүхэнд хамгийн том хулгай хийж байгаа аж. “Хятад улс манай орныг дахиад хүчирхийлэхийг бид зөвшөөрч болохгүй” хэмээн Трамп мэдэгджээ. Тэрээр Бээжингийн эрх баригчид бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг хямд байлгаж, дэлхийн зах зээлийг татахын тулд юаний ханшаа доогуур барьж байгааг шүүмжилсэн юм. Хятадын бодлого Америкийн бизнесийг сүйрүүлж, ажлын байрыг устгаж байна хэмээн Трамп үзэж байна. Тэрбумтан нэр дэвшигч Бээжинг энэ бодлогоос нь татгалзуулж дөнгөнө хэмээн амлажээ. Ерөнхийлөгч болвол илүү сайн болзолтойгоор Хятадтай тохиролцоонд хүрнэ гэж амлав.
Он гарсаар Хятадын Ардын банк юаний ханшийг байнга бууруулсаар иржээ. Зарим шинжээч үүнийг валютын ханшийг өөртөө ашигтайгаар эргүүлэх ээлжит оролдого хэмээн буруутгаж байгаа бол, нөгөө хэсэг нь дотоодын эдийн засгийн хямралын улмаас юаний ханшийг унагаж байна хэмээн үзжээ.

Амьдрал байж болох гурван гариг олджээ

Одон орон судлаачид Нарны системд харьцангуй ойрхон, амьдрал оршин тогтнож байж магадгүй гурван гариг илрүүлснээ зарлалаа. Судалгааны үр дүн Nature сэтгүүлд хэвлэгдсэн байна. Эдгээр гурван гариг мөсөн одой оддыг тойрон эргэлдэж, 39 гэрлийн жилд нэг тойрог хийдэг бөгөөд хэмжээгээрээ дэлхий болон цолмон гаригтай дүйнэ. Бельгийн их сургуулийн эрдэмтэн Майкл Гиллоны хэлж буйгаар, одон орон судлаачдад Нарны системээс гадна амьдралын химийн ул мөрийг илрүүлэх хосгүй боломж гарч ирж байгаа аж. Учир нь шинэ гаригууд нь дэлхийд хангалттай ойрхон оршиж байгаа, тиймээс тэдгээрийн агаар мандлыг орчин үеийн технологийн тусламжтайгаар судлан, шинжилж болох ажээ. Оддын ажиглалтын түүхэнд анх удаа ийм хосгүй боломж гарч ирж байгааг Nature сэтгүүл онцоллоо.

Сөрөг хүчин Ерөнхийлөгч Мадурог огцрохыг шаардав

Венесуэлийн сөрөг хүчин Ерөнхийлөгч Николас Мадурог огцруулах эсэх бүх нийтийн санал асуулга явуулахыг шаардахад хэрэгтэй нэг сая 800 мянган иргэний гарын үсгийг цуглуулж чаджээ. Үндсэн хуулийн дагуу, ийм санал асуулгыг явуулахад дөрвөн сая хүний гарын үсэг хэрэгтэй. Ийнхүү сөрөг хүчин эхний давааг амжилттай давж, хоёр дахь кампанит ажлаараа дөрвөн сая гарын үсэг цуглуулах хэрэгтэй болов. Сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгч Николас Мадуро болон өмнөх удирдагч Уго Чавесийг эдийн засгийн хямрал, хоол хүнсний гол бүтээгдэхүүний гачигдалд буруутгаж байгаа юм. Ерөнхийлөгч Николас Мадурогийн бүрэн эрхийн хугацаа 2019 онд дуусна.

Ираны шашны лидер англи хэлний эсрэг байна

Ираны шашны лидер, аятолла Али Хамени шинжлэх ухаанд англи хэл давамгайлж байгааг шүүмжилжээ. “Шинжлэх ухааны хэл зөвхөн англи байх ёсгүй. Зөвхөн англи хэл дээр суурилах нь зөв биш юм. Испани, франц, герман, эсвэл дорны хэлнүүд мөн л шинжлэх ухааны хэл мөн. Маргаашнаас англи хэл сурахаа зогсоо гэж бид хэлж чадахгүй ч цаашдаа энэ асуудлыг зохицуулаад явах хэрэгтэй. Харамсалтай нь манай улсад англи хэл өргөн тархаж байна. Хүүхдүүд цэцэрлэгт англи хэл сурч байна. Энэ нь перс хэлэнд хор хөнөөлтэй байна” хэмээн Али Хамени Тегеранд болсон багш нарын уулзалт дээр хэлжээ. “Зөвхөн зэвсэг үйлдвэрлэхийн тулд улсын сүр, хүч байдаг юм биш. Шинжлэх ухаан, үндэсний онцлогийг хөгжүүлэхэд ч үүнийг ашиглах хэрэгтэй” хэмээн Ираны шашны удирдагч нэмж өгүүлэв.

Хималайд 16 жилийн өмнө алга болсон уулчдын цогцсыг олжээ

16 жилийн өмнө Хималайн ууланд авирч байгаад сураггүй алга болсон Америкийн уулчин Алекс Лоу, Дэвид Брижес нарын цогцсыг олжээ. 1999 оны аравдугаар сард Лоу зураглаач Брижесийн хамтаар найман мянга гаруй метрийн өндөр Шишапангма оргил руу авирч байгаад цасан нурангид дарагдан амиа алджээ. Хоёр уулчин өнгөрсөн долоо хоногт тэдний цогцсыг олж, Алекс Лоугийн бэлэвсэн эхнэр рүү утасдаж мэдэгджээ. Женнифер Лоу-Анкер тэднийг хувцас, хэрэглэлээр нь таньсан аж. Цогцсууд одоо ч цасан хонгил дор байгаа бөгөөд Женнифер хүүхдүүдийнхээ хамтаар тийшээ очихоор төлөвлөж байна.
40 настай Алекс Лоу тухайн цаг үеийнхээ шилдэг уулчдын нэг байсан юм. Тэрээр олон уулчдыг аварч нэрд гарсан байв. Алекс сайн найз Брижестэй хамт Хималайд авирч байгаад цасан нурангид дарагджээ. Хамт явж байсан Конрад Анкер мөн нурангид дарагдсан ч амьд үлдсэн билээ. Шишапангма нь өндрөөрөө дэлхийд 14-т ордог уул юм.

Пиццан хайрцагтай пицца

Нью-Йоркийн Бруклин дүүргийн Vinnie's пиццаны газар цэсэндээ пиццан хайрцагтай пиццаг нэмлээ хэмээн ABC News мэдээлэв. Хогийн цэг, хогийн савнууд ердийн картонон хайрцгаар дүүрч байгаад анхаарал хандуулсан зоогийн газрынханд ийм бүтээгдэхүүн гаргах санаа төржээ. Хэрвээ захиалагч хүсвэл пиццаны хайрцгийн мөн пиццагаар хийж мөнгөлөг цаасанд ороож өгөх аж. Vinnie's пиццаны газрынхан үргэлж ер бусын санаа сэдэж байдаг. Өнгөрсөн онд хэд хэдэн мини пиццагаар бүрсэн пицца гаргаж олныг алмайруулж байв. Мөн “Адал явдлын цаг”, “Pokemon” хүүхэлдэйн кино, “Оддын дайн” киноны сэдэвтэй, дуучин Принс таалал төгссөнд зориулж Rest In Pizza, Prince хэмээх өвөрмөц пицца гаргаж байжээ. Саяхан бас Америкийн 44 Ерөнхийлөгчид зориулсан хоолоор үйлчилж байсан юм.

Зэрлэг адууг буудаж устгахаар төлөвлөжээ

Австралийн зэрлэг адууны тухай домог, дуу, шүлэг их бий. 1890 онд яруу найрагч Банжо Петерсон брамби буюу зэрлэг австрали адууг бийрийн үзүүрээр шүлэглэн алдаршуулж байв. Австралийн зэрлэг адууны эх нутаг гэгддэг Өмнөд Уэльс мужийн эрх баригчид энэ амьтныхаа 90 хувийг буудаж устгахаар төлөвлөөд байна. Зэрлэг адуу бүс нутгийн эмзэг эко системийг сүйтгэж, байгаль орчинд хор хохирол учруулж байна хэмээн үзжээ. Гэвч Ногоон тивийн цастай, уулархаг нутагт амьдардаг алдартай зэрлэг адууг буудаж устгахыг амьтан хамгаалагчид эрс эсэргүүцэж байна. Дуу, шүлгэнд мөнхөрсөн брамби зэрлэг адуу 2000 оны Сиднейн олимпийн нээлтийн ёслолд оролцож байв.
Ууланд нутагладаг зэрлэг адуу нь усны системийг сүйтгэж, ус, цөөрөмд амьдардаг төрөл бүрийн амьтдыг мөхлийн ирмэгт хүргэж байна гэж үзжээ. Өмнөд Уэльс мужийн захиргаа ойрын 20 жилд зургаан мянга орчимд хүрээд байгаа зэрлэг адууг 600 болгож цөөрүүлэхээр төлөвлөж байна. 

Sunday, May 1, 2016




Багдадад мөргөлийн улмаас эсэргүүцлийн хөдөлгөөн зогсчээ

Иракийн парламентын ордныг дайрч эзэлсэн шийт шашны лидер Муктада Садрыг дэмжигчид эсэргүүцлийн жагсаалаа зогсоож буйгаа зарлалаа. “Эсэргүүцлийн хөдөлгөөнийг зохион байгуулах хороо Багдад дахь “Ногоон бүс”-ээс жагсагчдаа эргүүлэн татаж байна” хэмээн жагсагчид мэдэгдэлдээ онцолжээ. Жагсагчид мөргөл үйлдэхийн тулд эсэргүүцлийн жагсаал, цуглаанаа зогсоосон хэмээн ВВС агентлаг дамжуулав. Багдад дахь эсэргүүцэл, эмх замбараагүй байдлын улмаас Ираны эрх баригчид тавдугаар сарын 1-ний бүх нислэгийг цуцалсан байна.

Adonia хөлөг онгоц Куба орохоор хөдөллөө

Сүүлийн 50 жилд анх удаа зорчигч тээврийн хөлөг онгоц Куба орохоор Флорида мужийн Майами хотын эргээс хөдөллөө хэмээн Channel News Asia мэдээлэв. Аялагч, жуулчдад зориулсан аварга том хөлөг онгоц өчигдөр орон нутгийн цагаар 16.00 цагт хөдөлсөн ба түүнд 700 орчим зорчигч аялж байна. Тэдний ихэнх нь Куба орноор аялах гэж буй америк жуулчид аж. Мөн эх орноо орхин Америк руу гарсан цөөнгүй куба иргэн ах дүү, төрөл садантайгаа уулзахаар явж байгаа юм. Adonia хөлөг тавдугаар сарын 3-нд Гаваны боомтод орж ирэх бололтой. Дашрамд сонирхуулахад, АНУ Кубаас кофе импортлохыг зөвшөөрчээ. Вашингтоны засаг захиргаа Кубын эсрэг хориг арга хэмжээг зөөлрүүлж байгаа ч хагас зууны өмнө тавьсан худалдааны хориг хүчин төгөлдөр үйлчилсэн хэвээр байна.

Б.Обамагийн том охин Харвардад элсэнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн том охин Малия 2017 онд Харвардын их сургуулийн оюутан болохоор шийджээ. Тэрээр энэ оны зургадугаар сард дунд сургуулиа дүүргэх бөгөөд нэг жил олон нийтийн ажилд өөрийгөө зориулахаар болжээ. Малия сургууль, соёлоо нэг жил завсарлах болсон тухай Цагаан ордноос мэдээлсэн байна. 17 настай Малия эцэг, эхийнхээ араас замнаж Харвардын их сургуульд хууль, эрх зүйгээр сурах гэж байгаа аж. Малия, түүний 15 настай дүү Саша нар эдүгээ Вашингтон дахь нэр хүндтэй Сидуэлл хувийн сургуульд сурч байна. Ерөнхийлөгч Б.Обама албанаасаа буусны дараа түүний гэр бүл охин Сашаг дунд сургууль төгстөл нь Вашингтонд үлдэхээр болжээ. Үүний дараа төрөлх Чикагодоо очиж амьдрах бололтой.


Английн хатан хаан ямар эрх, ямбатай вэ?

Английн хатан хаан II Элизабет хэдхэн хоногийн өмнө 90 нас сүүдрийг зооглож, насны их ойг нь Британи даяар өргөн тэмдэглэсэн билээ. Шекспир, Биг-Бен, Битлз-ийн адилаар Их Британийн нэг билэгдэл болсон хатан хааны амьдралын өвөрмөц хэв маяг, сонирхолтой эрх ямбын талаар цухас танилцуулъя. Түүний нөхөр, Эдинбургийн гүн Филипп 94 настай, тэд дөрвөн хүүхэд, найман ач, зээ, таван гучтай. Мөн II Элизабет дөрвөн нохойтой бөгөөд тэднийгээ насны дарааллаар нь тусгай жороор бэлдүүлсэн хоолоор өөрийн гараар хооллодог аж. II Элизабет 1952 оны хоёрдугаар сарын 6-нд Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улс, Канад, Австрали, Шинэ Зеланд болон Хамтын нөхөрлөлийн бусад орны хатан хаанаар өргөмжлөгдсөн билээ.

1. Хувийн бэлэн мөнгөний машинаас хүссэнээрээ мөнгө авч болно

 II Элизабет 700 орчим өрөөтэй Букингемийн ордонд амьдардаг. Тэрээр өглөө эрт дасгал болгон ордноор алхангаа ордон дахь хувийн бэлэн мөнгөний машинаас мөнгө авахаар явдаг аж. Хатан хаанд хэзээ ч бэлэн мөнгөний хэрэг гардаггүй ч тэрээр ордондоо хэзээ ч хүссэн хэмжээгээрээ авч болох бэлэн мөнгөний машин байрлуулсан юм. Сонирхуулахад хатан хаан нэг бус ордон, өргөөтэй. Лондон дахь Букингемийн ордноос гадна Беркшир, Шотландын Эдинбург, Умард Ирландын Даун гүнлэгт албан ёсны ордонтой. Мөн Сандринхем, Балморал гэсэн ажлын өргөөтэй.

2. Жолооны үнэмлэхгүй автомашин жолоодож болно

17 нас хүрч байж, жолоочийн үнэмлэх авч автомашин жолоодох эрхтэй болдог эх орон нэгтнүүдээсээ ялгаатай нь хатан хаан Элизабет ямар нэг бичиг баримтгүйгээр жолооны ард суух эрхтэй. Жолооны үнэмлэхгүй автомашин жолоодож, энэ нь хууль зөрчдөггүй цорын ганц хүн нь тэр юм. Их Британид жолооны үнэмлэхийг хатан хааны нэрийн өмнөөс олгодог. Хэрвээ хатан хаан жолооны үнэмлэх авахаар болвол өөрөө өөртөө зөвшөөрөл өгнө гэсэн үг. Тиймээс түүний автомашин ямар нэг номер, бүртгэлгүй байдаг.
Английн хатан хаан автомашин жолоодож чаддаг, их ч дуртай аж. Элизабет 1945 онд дэлхийн II дайн дуусахаас хэдхэн сарын өмнө 19 насандаа жолооны үнэмлэх авчээ. Тэрээр Эмэгтэйчүүдийн туслах корпуст элсч ачааны автомашин жолоодож, дугуйг нь сольж сурсан юм.

3. Бичиг баримтгүй аялана

Хатан хаанд жолооны үнэмлэх шаардлагагүй шалтгааныг дурдсан. Мөн ийм шалтгаанаар паспорт түүнд хэрэггүй ажээ. Их Британид паспортыг хатан хааны нэрийн өмнөөс олгодог. Хатан хааны гэр бүлийн бүх гишүүн, тэр тусмаа хунтайж Чарльз хүртэл гадаад явахдаа паспортоо биедээ авч явах үүрэгтэй байдаг.
1952 оны эхээр Элизабет, нөхөр Филиппийн хамтаар Австрали, Шинэ Зеланд руу явахдаа замаараа Кени улсаар оржээ. Тэнд байхад эцэг, хаан VI Жорж өөд болсон гунигтай мэдээг хүлээж авчээ. Мэдээж энэ нь эмгэнэлийн мэдээ байсан ч нөгөө талаар Элизабетийн хувьд хаан ширээнд сууж буй баярын мэдээ байсан билээ.

4. Төрсөн өдрөө жилд хоёр удаа тэмдэглэнэ

Хатан хаан 1926 оны дөрөвдүгээр сарын 21-нд мэндэлжээ. Энэ өдөр тэрээр ердийн төрсөн өдрөө тэмдэглэдгээс гадна хатан хааны албан ёсны төрсөн өдөр (зургадугаар сард) гэж байдаг ажээ. Анх 1748 онд II Жорж хааны төрсөн өдрийг албан ёсоор тэмдэглэсэн байна. Тэр цагаас хойш хааны төрсөн өдрийг зун тэмдэглэх болжээ. Энэ онд хатан хааны албан ёсны төрсөн өдрийг зургадугаар сарын 4-нд тэмдэглэхээр болж, Их  Британи болон Хамтын нөхөрлөлийн орнуудад цэргийн сүрлэг жагсаал хийхээр болсон байна.

5. Эрүүгийн хариуцлагад татагдахгүй

Хатан хааныг баривчилж, түүний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэж, шүүхийн хариуцлагад татаж болохгүй. Шалтгаан нь тун энгийн. Баривчилгааг хатан хааны нэрээр явуулдаг тул мэдээж түүний нэрийн өмнөөс өөрийг нь баривчилж болохгүй. Мөн ийм шалтгаанаар тэрээр шүүхэд гэрчээр оролцож болохгүй. Хатан хаан II Элизабет татвар төлөх үүрэггүй ч 1992 оноос хойш сайн дураараа татвар төлж байгаа юм.

6. Австралийн Засгийн газрыг огцруулж, Канадын парламентыг тараах эрхтэй


Мэдээж тэр үүнийг хэзээ ч хийхгүй ч техникийн хувьд ийм боломж, эрх байдаг ажээ.