Sunday, December 6, 2015



Нейл Робертсон UK Championship-т түрүүллээ

Мэргэжлийн снукер биллиардын гурван том тэмцээний нэг болох UK Championship (нөгөө хоёр нь World Championship, The Masters) Лондон хотод болж Австралийн Нейл Робертсон аваргаллаа. Тэрээр аваргын төлөө Хятадын Лиан Венботой өрсөлдөж 10-5 харьцаагаар ялалт байгуулан энэ тэмцээнд хоёр дахь удаагаа түрүүлж аваргын цом, 150 мянган паундын эзэн боллоо. Тэрээр зургаа дахь тоглолтод снукерийн хамгийн дээд 147 оноог авсан тул дахин 44 мянган паундын чек гардаж авчээ.
Британи бус тоглогчдоос хамгийн том амжилтад хүрсэн Нейл Робертсон 2010 онд дэлхийн аварга болсон юм. Мөн 2012 онд The Masters-т, 2013 онд UK Championship-т анх удаагаа түрүүлснээр мэргэжлийн снукерийн гурван том тэмцээн буюу Triple Crown-ий эзэн болсон юм. Стивен  Хендри, Ронни О’Салливан        
зэрэг арван тоглогч л Triple Crown-ий эзэн болж байжээ.



Б.Обама “Исламын улс”-ыг устгахаа амлав

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама телевизээр тусгай мэдэгдэл хийхдээ Калифорнийн Сан-Бернардино хотод олон хүн буудсан хэрэг явдлыг террорист халдлага хэмээн нэрлээд “Исламын улс” бүлгийн эсрэг цэргийн хүч хэрэглэх зөвшөөрөл олгохыг Конгрессоос хүслээ. “Энэ бол гэм зэмгүй хүмүүсийг хорооход чиглэсэн террорист үйлдэл байлаа. Энэ хэргийг үйлдсэн Сайед Фарук, Ташфен Малик нарыг гадаадаас ямар нэг террорист бүлэглэл удирдаж, зааварласан нотолгоо байхгүй байгаа ч энэ нь АНУ-ын эсрэг хуйвалдааны нэг хэсэг гэдэг нь тодорхой байна” хэмээн Цагаан ордны тэргүүн онцлов.
Б.Обама мөн терроризмын аюул бодитойгоор заналхийлж буйг тэмдэглээд лалын босогчдын эсрэг дайны шинэ үеийг эхлүүлж, ялалт байгуулах болно гэжээ. “Бид “Исламын улс” болон бидэнд хор хохирол учуулахыг оролдож байгаа ямар ч бүлгийг устгах болно. Америкийн цэргүүд бүх дэлхий даяар террористуудыг ангуучилсаар байх болно” хэмээн мэдэгдлээ. АНУ-ын Ерөнхийлөгч Сан-Бернардинод болсон хэрэг явдлыг дахин сануулж “Алан хядагч эмэгтэй манай улсад хэрхэн нэвтэрснийг судалж, визгүй зорчих, виз олгох журмыг эргэн хянахыг Төрийн департамент болон Дотоодын аюулгүй байдлын яаманд даалгалаа” гэв. Сан-Бернардинод гал нээж олон хүний аминд хүрсэн Ташфен Малик хэмээх эмэгтэй нь Саудын Арабаас АНУ-д ирсэн пакистан үндэстэн ажээ.

Живсэн хөлөг онгоцноос олдсон эрдэнэсийг тэрбум доллараар үнэлжээ

Колумбид далайн ёроолоос олдсон Испанийн “Сан Хосе” хөлөг онгоцны эрдэнэсийг нэг тэрбум доллараар үнэлж байна. Энэ тухай тус улсын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос мэдээлжээ. Уг хөлөг онгоцноос далайд живсэн хамгийн их хэмжээний алт, эрдэнэс олдсон хэмээн үзэж байна. Испанийн V Филипп хааны флотын “Сан Хосе” хөлөг 1708 онд Колумбын Картахена боомт хотоос холгүй далайд живсэн юм. Уг хөлөг онгоцонд алт, мөнгөн зоос, маргад эрдэнэ, үнэт металл ачсан байжээ. Яг энэ хөлөг онгоцны талаар Нобелийн шагналт Колумбын зохиолч Габриель Гарсия Маркесийн “Тахлын үеийн дурлал” романд гардаг билээ.

150 хос зэрэг гэрлэжээ

Энэтхэгийн Гужарат мужид 150 хос оролцсон гэрлэх ёслол болов. Бөөнөөр гэрлэх ёслолын зардлыг алмааз эрдэнийн наймаа эрхэлдэг энэтхэг бизнесмэн  Махеш Савани даажээ. 2008 онд түүний нэгэн ажилтан хоёр охиныхоо хуримын ёслолын өмнөхөн нас барахад тэрээр эцгийн үүргийг өөртөө авч охидынх нь хуримын зардлыг гаргаж байжээ. Үүнээс хойш Санави жил бүр эцэг нь нас барсан ядуу гэр бүлийн охидын хуримын зардлыг нь даадаг болсон юм. 150 хосын гэрлэх ёслол, цайллагын зардал 50 сая рупи (750 мянган доллар) болсон хэмээн мэдээлж байна. Тэдний хуримын ёслолд 100 мянга орчим зочин оролцжээ.


Яков Кедми: Туркийн хамгийн том бэрхшээл нь курдууд

Анкара Оросын Су-24 онгоцыг устгахаас сар хагасын өмнө Оросын онгоцыг буудаж унагахаар төлөвлөсөн байж болзошгүй талаар WikiLeaks сайт Twitter хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Энэ тухай мөн fuat avni гэдэг нэрээр бичдэг Туркийн эх сурвалж блогоороо дамжуулан мэдээлж байв. “Туркийн Ерөнхийлөгч Эрдоган Орос, Туркийн харилцааг дайны ирмэг дээр аваачихын тулд Сири дахь Оросын онгоцыг сөнөөхөөр зэхэж байна” хэмээн турк блогч мэдээлж байжээ. Туркийн Засгийн газрын төлөвлөгөөг илчилдэг энэхүү эх сурвалжийн мэдээлэл ихэвчлэн үнэн болж таардаг ажээ.
Турк улс яагаад ийм түрэмгий бодлого баримталж байгаа талаар Израилийн “Натив” тусгай албаны тэргүүн асан Яков Кедми “КП”-д ярьж байна.

-Эрдоган яагаад ийнхүү түрэмгий авирлаж байна вэ. Ямар шалтгаан байна?

-Зөвхөн түрэмгий биш, бас өдөөн хатгасан авир гаргаж байна. Израильтай мөн ингэж харилцаж, маш хурц байдалд хүргэж байсан. Тэрээр Газын зурвас руу явж байсан хөлөг онгоцнуудыг дагалдуулан флотоо илгээнэ хэмээн ил тод мэдэгдэж байсан. Израиль “Танай флотод харамсалтай биш бол тэг тэг” хэмээн тайван хариулж байлаа. Ингээд л бүх юм зогсож байсан.
Нөгөө талаар, түрэмгий үг нь түүний арчаагүй, ямар нэг юм хийх чадваргүй байдлыг нь халхавчилж байгаа юм. Иймэрхүү зан байдлыг сэтгэлзүйчид сайн мэддэг. Ард түмэндээ харагдаж, өртөхөөр ямар нэг юм хийх чадал түүнд алга. Зөвхөн үгээр л ажлаа явуулж байна. Гэвч хамгийн гол нь энэ нь Эрдоганы үг биш, харин түүний үзэл суртал юм. Турк улсын лалын шашны соёл иргэншлийг дэлхий даяар түгээх нь Туркийн түүхэн зорилго гэж үздэг үзэл суртал л даа. Тэр эрх мэдэлд гарч ирсэн цагаасаа л энэ бодлогыг явуулах болсон. Эрдоган арабуудад “Османы эзэнт гүрэн та нарыг колончлоогүй. Туркийн зорилго бол арабуудыг Европын соёл иргэншлээс ангижруулах” гэж ярьдаг юм. Тэрээр өөрийгөө арабын уламжлалт үнэ цэнэт зүйлсийг Европоос хамгаалагч гэж харагдуулахыг хүсдэг. Өрнөдийн ертөнцийг эзлэх нь Туркийн түүхэн даалгавар гэж тэр үздэг бололтой. Цагтаа Османы эзэнт гүрэн үүнийг гүйцэлдүүлэх гэж Вена хүртэл явсан ч чадаагүй. Араб, лалын ертөнц дахь түүний нэр нөлөөний гол үндэс нь “Лалын ахан дүүс” нам юм. Эрдоган өнөөдөр энэ намын гол ивээн тэтгэгч, эзэн нь юм. Тиймээс тэрээр Египет дахь төрийн эргэлт болон Ерөнхийлөгч Мурсийг дэмжиж, үр дүнд нь эрх мэдэлд “Лалын ахан дүүс” нам гарч ирж байсан. Тиймээс л тэр Тунис дахь төрийн эргэлтийг дэмжсэн. Сирид энэ намын ард зогсож байдаг туркменуудыг дэмжиж байна. Тиймээс Эрдоган Сирид Башар Асадыг зайлуулах гэж оролдсон. Учир нь Асад “Лалын ахан дүүс” намыг идэвхтэй няцаадаг юм.

-Туркийн дотоодын нөхцөл байдал тун амаргүй байдаг нь Эрдоганы ийм бодлого явуулах нэг шалтгаан гэж үзэх нь бий. Тэрээр иргэдийнхээ анхаарлыг өөр тийш нь хандуулахын тулд...?

-Турк бол олон үндэстний, олон итгэл үнэмшлийн орон. Туркийн хамгийн том бэрхшээл нь курдууд юм. Тус улсын бүрэн бүтэн байдал, тогтвортой байдал үндэстний цөөнх болсон курдуудын зан байдлаас ихээхэн хамаардаг. Анкарагийн нэг зорилго бол курдуудыг нухчин дарах. Курдистаны Ажилчны нам Сирид үүсч бий болсон. Курд үндэстнүүд түүний эсрэг чиглэх вий гэдгээс Эрдоган айдаг юм. Тиймээс тэрээр “Исламын улс” бүлэгтэй тэмцэх шалтгийн дор Сири дахь курдуудыг бөмбөгдөж, курдуудтай холбоотой нөхцөл байдлыг хурцатгасан л даа. Аюул заналыг хараа бараатай болгож, Турк дахь курдуудыг нухчин дарах нь түүнд хэрэгтэй байгаа.

Saturday, December 5, 2015



Лондоны метронд хутга барьсан этгээд "Сирийн төлөө" хэмээн дайрчээ

Лондоны метронд хутга барьсан этгээд зорчигчид руу дайрч гурван хүнийг шархдууллаа хэмээн SkyNews мэдээлэв. Тэрээр "Сирийн төлөө" хэмээн хашгирч байсан аж. Цагдаа нар цахилгаан буугаар балмад этгээдийг аюулгүй болгож баривчилжээ. Хүзүүндээ хутгалуулж хүнд шархадсан нэг хүн эмнэлэгт хүргэгдлээ. 29 настай араб гаралтай эр "Сирийн төлөө, тан нарын цус ихээр урсах болно" хэмээн хашгирч Лейтонстоун буудлаас гарч ирсэн хүмүүс дайрсан аж. Хууль сахиулах байгууллага үүнийг алан хядах ажиллагаа гэж үзжээ.
Арванхоёрдугаар сарын 3-нд Британийн "Торнадо" сөнөөгч онгоц Сирид анхны цохилтоо өгч "Исламын улс" бүлгийн нефть олборлох дэд бүтцийг бөмбөгдсөн юм. Үүнээс өмнө Лондон зөвхөн Иракийн газар нутаг дээр довтолгоо явуулж байсан билээ. Их Британийн парламент Сирийн газар нутаг дээрх лалын босогчдын байрлалд агаараас цохилт өгөх асуудлыг арван цагийн турш хэлэлцэж олонхийн саналаар дэмжсэн юм.

Грекийн парламент ирэх оны төсвийг батлав

Грекийн парламент олон улсын зээлдэгчдийн шаардлагыг хангахын тулд зардлыг мэдэгдэхүйц багасгаж, татварыг нэмсэн 2016 оны төсвийг сайшаан баталжээ. Санхүүгийн үндсэн хуулийг 153 депутат дэмжиж, 145 нь эсэргүүцсэн байна. Баталсан хуулийн дагуу төрийн зардал 5.7 тэрбум еврогоор багасах бөгөөд үүнд 1.8 тэрбумын тэтгэвэр, 500 сая долларын батлан хамгаалах зардал орж байгаа аж. Энэ онд эдийн засгийн нийт хэмжээ 1.5 тэрбум еврод хүрсэн байна. Мөн татварыг хоёр тэрбум еврогоор нэмэгдүүлж байгаа юм. Ерөнхий сайд Алексис Ципрас, шинэ төсөв нь нийгмийн шударга ёсыг эрхэмлэж байгаа Засгийн газрын хувьд хүнд даалгавар байх болно гэжээ. Олон улсын зээлдэгчид Афины эрх баригчдыг эдийн засгийн хатуу бодлогоо хэрэгжүүлэхийг шаардаж байна.

Оюутнууд хичээлдээ буу авч явах санааг шүүмжилжээ

Виржини мужийн захирагч Терри Маколифф халдлагаас сэргийлэхийн тулд багш, оюутнуудыг хичээлдээ буу авч явахыг уриалсан Либерти их сургуулийн захирал Жерри Фолуэллийг хатуухан шүүмжилжээ. Тэрээр сургуулийн захирлын уриалгыг "Бодлогогүй, жигшүүртэй" хэмээн нэрлэв. Захирал "Олон хүн буу авч явснаар тэдгээр лалуудыг бидэн дээр ирэхээс нь өмнө учрыг нь олж болно" хэмээн хэлсэн аж.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшихээр өрсөлдөж байгаа Дональд Трамп Калифорнийн Сан-Бернардинод болсон халдлагад сэжиглэгдэж байгаа Саид Фарукийн төлөвлөж байсан халдлагыг ээж, эгч хоёр нь мэдэж байсан хэмээн ярьжээ. Сан-Бернардино хотод арванххоёрдугаар сарын 2-нд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвд буудалцаан болжээ. Цагдаа нар мэдэгдэж буйгаар эхнэр, нөхөр болох Саид Фарук, Таштен Малик нар гал нээж 14 хүний аминд хүрч, 17 хүнийг шархдуулсан юм.   

Венесуэльд парламентын сонгууль боллоо

Арванхоёрдугаар сарын 6-нд Венесуэльд парламентын сонгууль боллоо. Ерөнхийлөгч Уго Чавес багтаж байсан, одоогийн төрийн тэргүүн Николас Мадуро тэргүүлдэг Социалист нам сүүлийн 17 жилийн турш парламентын сонгуульд ялалт байгуулжээ. Энэ удаагийн сонгуульд сөрөг хүчнийхэн ялалт байгуулж магадгүй байна. Сөрөг хүчний нэр хүнд хотуудад өндөр байгаа аж. Одоогийн парламентад Мадурогийн нам 167 суудлын 99-ийг эзэлж байгаа юм. 


Лалын босогчид Афганы дөрвөн мужийг эзэлжээ

Террорист "Исламын улс" бүлэгт үнэнчээ илэрхийлсэн нэг мянга 600 орчим лалын босогч Афганистаны зүүн хэсгийн дөрвөн мужийн газар нутгийг эзлэн авлаа хэмээн The Times сонин мэдээлэв. Лалын босогчид Пакистантай хил залгаа нутаг дээр шинэ халифат улс байгуулах зорилготой байгаа хэмээн бичжээ. Хэт даврагчид Афганистаны газар нутаг руу сэмхэн нэвтэрч дараа нь газар нутгийг нь эзлэн авснаа зарлажээ. "Исламын улс" бүлгийнхэн мөн ийм тактикаар ажиллаж байсан билээ. Афганд нэвтэрсэн лалын босогчид энэ ажиллагаанд удаан бэлтгэсэн нь тодорхой байгаа аж. Тэд дөрвөн мужийн газар нутгийг эзэлснээ зарласны дараа Афганистаны томоохон хот болох Желалабад руу хөдөлсөн мэдээ ирж байна. Алан хядагчид энгийн иргэдийг буудаж, тамлан зовоож, цаазалжээ. Мянга орчим афган гэр бүл орон гэрээ орхин зугтаасан хэмээн The Times сонин уламжлав.
"Исламын улс" бүлгийн хамсаатан, сүлбээтнүүд амжилттай давшиж байгаа нь Америк, Их Британийн цэргүүд Афганистаныг орхин гарсан, мөн Афганистан дахь "Талибан" хөдөлгөөнийхэн хоорондоо хагаралдаж хүч нь сарнисантай холбоотой ажээ. "Талибан", "Аль-Кайда"-тай нягт холбоо сүлбээтэй байсан босогчид "Исламын улс" бүлгийн талд орох болсон байна.
Иракт үүссэн "Ирак болон Левантын лалын улс" буюу "Исламын улс" террорист бүлэг нь бүтэц, зохион байгуулалтаа өөрчлөн, өргөжүүлснээр Сирийн иргэний дайнд ихээхэн амжилт олжээ. Дараа нь Иракт буцан ирж 2014 оны зун маш богино хугацаанд Иракийн хойд хэсгийн үлэмж газар нутгийг эзэлсэн юм. Тэд хэдхэн өдрийн дотор Мосул, Тикрит хотыг эзэлж, цааш давшсаар нийслэл Багдад хотод 100 км ойртож иржээ. Үүний хамтаар Сирийн зарим газар нутгийг эрхшээлдээ оруулсан "Исламын улс" бүлэг Ирак, Сирийн газар нутгийн дамнасан "Лалын халифат" улс байгуулж буйгаа зарласан билээ. Иракт ихээхэн нөлөөтэй "Жебхат ан Нусра" болон бусад цөөнгүй террорист бүлэг "Исламын улс"-тай нягт хамтран ажилладаг.

Гэвч сүүлийн үед Парист болсон аймшигт халдлага, Египетэд алан хядагчдын үйл ажиллагааны золиос болон сүйрсэн Оросын онгоцны хэрэг явдал "Исламын улс" бүлгийн эсрэг олон улсын тэмцлийг идэвхжүүлэхэд хүргэжээ. Франц, ОХУ-ын онгоцууд Сири дахь лалын босогчдын байрлалд цохилт өгсөөр байгаа бол, үүн дээр Их Британи нэмэгдэн орж ирэв. Тэр тусмаа ОХУ-ын сөнөөгч онгоцууд Сири дахь "Исламын улс"-ын байрлалыг бөмбөгдөж эхэлснээс хойш тус улс дахь лалын босогчдын бааз, суурь ихээхэн суларсан хэмээн үзэж байна. Зарим эх сурвалж мэдээлж буйгаар, Оросын цэргүүд Сирийн хойд хэсгээр газраар давшиж лалын босогчидтой байлдаж байгаа ажээ. 

Tuesday, December 1, 2015




Таж Махалыг индуистуудад өгөхгүй

Лалын шашны удирдагч Шах Жаханы зарлигаар боссон Таж Махал бунхан нь үнэн хэрэгтээ индуист шашны сүм хэмээн хэсэг хуульч шүүхэд хандсан ч Энэтхэгийн Засгийн газарт ялагджээ. Алдарт бунхан байдаг Арга хотын зургаан хуульч “Таж Махал нь анхнаасаа Шива бурхны сүм байсан нотолгоо олдлоо” мэдэгдэж уг сүмийг индуист шашны сүм хэмээн хүлээн зөвшөөрүүлэхээр шүүхэд ханджээ. Гэвч бунхныг сүм маягаар ашиглаж байсан ямар ч баримт олдоогүй хэмээн Энэтхэгийн Соёлын сайд Махеш Шарма мэдэгдлээ.
XVII зуунд агуу моголуудын хаант улсын удирдагч Шах Жахан 14 дахь хүүхдээ төрүүлэх гэж байгаад нас барсан хайрт гэргий Мумтаздаа зориулж энэ бунхныг босгосон юм. Дараа нь Шах Жахан өөрөө гэргийнхээ хажууд мөнх нойрссон билээ. Түрэг-монголын байлдан дагуулагч Доголон Төмөр буюу Тамерланы үр удам болох агуу моголууд нь лал шашинтай хүмүүс байжээ. Гантиг чулуун цогцолбор бунхныг босгох ажил 20 жил үргэлжилж 1653 онд дуусчээ. 1983 онд ЮНЕСКО Таж Махалыг дэлхийн соёлын өвд бүртгэж авсан байна. Таж Махалыг өдөр бүр арван мянган хүн үзэж сонирхдог ажээ.

Цукерберг бүх хөрөнгөө сайн үйлст зарцуулна

Facebook нийгмийн сүлжээг үндэслэгч Марк Цукерберг, түүний гэргий Присцилла Чан нар компанийн хувьцааныхаа 99 хувийг сайн үйлст зарцуулна хэмээн амлалаа. Тэд дөнгөж хорвоод мэндлээд буй охиндоо зориулж бичсэн захидалдаа энэ тухай онцолсон аж.
“Бид ирээдүй үеийнхээ орчин, нөхцөлийг сайжруулахын төлөө зүтгэдэг бусад хүмүүстэй нэгдэж Facebook-ийн хувьцааныхаа 99 хувийг хандивлахаар боллоо. Энэ салбарт ажилладаг хүмүүс, тэдний зарцуулж буй нөөц баялагтай харьцуулахад энэ нь өчүүхэн хувь нэмэр байж болох ч бид тэдэнтэй хамтран ажиллахыг хүсч байна” хэмээн Цукерберг, Чан нар мэдэгдэв. Тэд арванхоёрдугаар сарын 1-нд охинтой болсноо зарласан юм. Макс хэмээн нэрлэсэн охин нь илүү сайн, гоё дэлхийд амьдрах ёстой хэмээн үзэж байгаа аж.
Цукерберг эртний найз бүсгүй Присцилла Чантай 2012 оны тавдугаар сард гэрлэсэн билээ. Хятад гаралтай америк бүсгүй Чан хүүхдийн эмч мэргэжилтэй аж. 31 настай Цукерберг Facebook сүлжээг үүсгэн байгуулсны зэрэгцээ Facebook Inc компанийн хувьцааны 24 хувийг эзэмшдэг. Тэрээр 2010 оны гуравдугаар сард Forbes-ийн тэрбумтнуудын жагсаалтад орж иржээ. Өнөөдөр түүний хөрөнгө дөрвөн тэгбум долларт хүрчээ.

АНУ цагаачлалын бодлогоо өөрчлөхгүй

АНУ Кубад хамаатай цагаачлалын бодлогоо өөрчлөх бодолгүй байна хэмээн Төрийн департаментаас мэдэгдлээ. Өнөөдөр Вашингтон Кубын хувьд хүйтэн дайны үеийн цагаачлалын бодлого буюу Америкийн газар нутаг дээр хөл тавьсан куба иргэнд оршин суух зөвшөөрөл олгодог бодлогоо баримталсаар байгаа юм. Куба иргэдийг соронз мэт татаж, хууль бус цагаачлалыг гааруулсаар байгаа энэ бодлогоо даруй цуцлахыг Кубын тал шаардсаар байна. Кубаас далайгаар аялсаар Флоридад очдог куба цагаачид эдүгээ Төв Америкийн орнуудаар дамжин АНУ-д  хүрэх гэж оролддог болжээ. 


Башар Асад Эрдоганы төгсгөлийг зөгнөв

Туркийн нисэх хүчин Оросын Су-24 онгоцыг сөнөөсөн нь Ерөнхийлөгч Режеп Таип Эрдоганы эвлэршгүй байдалтай холбоотой хэмээн Сирийн Ерөнхийлөгч Башар Асад үзэж байна. Тэрээр Чехийн телевизэд өгсөн ярилцлагадаа ийнхүү онцолсон аж. Оросын тал Сирид цэргийн ажиллагаа явуулах болсон нь Анкарагийн лидер Эрдоганы уурыг барсан хэмээн Асад үзэж байна. “Эрдоган Сирид бүтэлгүйтэж, түүний террорист бүлэглэлүүдийн гар хөл хумигдсанаар улс төрийн төгсгөл нь ирж байна. Одоо ямар ч тохиолдолд Эрдоган хүчний хуваарилалтыг өөрчилж чадахгүй. Терроризмын эсрэг дайн үргэлжилсээр байна. Үүнд Оросын дэмжлэг улам хүчтэй байх болно” хэмээн Дамаскийн удирдагч хэлжээ.
АНУ тэргүүтэй эвслийн хүчин “Исламын улс”-ын эсрэг агаараас довтолж байсан тэр үед террористууд хүчирхэгжиж, “Исламын улс” улам өргөжиж, тэдний эгнээнд дайчин элсүүлэх явдал дэлхий даяар тархсан хэмээн Сирийн Ерөнхийлөгч өгүүлэв. Харин Оросын бөмбөгдөлтийн үр дүнд Сири дахь “Жебхат ан-Нусра” болон бусад террорист бүлэглэлүүдийн үйл ажиллагаа хумигдах болсон юм. Террористуудад хөрөнгө мөнгө нийлүүлж, дайчин элсүүлж байгаа гол суваг нь Туркээр дамжиж, Саудын Араб, Катараар ивээн тэтгүүлж байгаа хэмээн Асад үзэж байна. Терроризм, алан хядлагыг ялан дийлэхийн тулд ханган нийлүүлэлтийн эдгээр сувгийг хааж, устгах хэрэгтэй гэв. Асад сөрөг хүчний тухай ингэж ярьжээ. “Жинхэнэ сөрөг хүчин улс орон дотор л бүрэлдэж бий болох ёстой. Франц, Катар, Саудын Араб, Америк, эсвэл Их Британид үүссэн тэдгээр сөрөг хүчин нь эх оронч хүмүүс биш ээ. Харин улс орон доторх зэвсэгт сөрөг хүчин нь террористуудаас ялгаагүй”.
Дамаскийн Засгийн газар үндэсний эвлэрлийн үйл явцын хүрээнд зэвсгээ хураалгаж, энхийн амьдралд эргэн ирсэн дайчдад өршөөл үзүүлнэ хэмээн амлаж байна. Өршөөлийг бүрэн гүйцэд үзүүлж, ямар нэг хэргээр буруутгахгүй аж. Арван жилийн дараа Сири улс ямар байх вэ гэсэн асуултад “Энэ хугацаанд терроризмыг ялан дийлж, олон талт, олон үндэстний нийгмийг хадгалан үлдэх нь гол зорилго юм. Харин миний хувь заяа Сирийн ард түмний хүсэл зоригоор хамаарна. Дайн болж байгаа бол чи ажлаа хийж улс орноо хамгаалах ёстой. Эс бөгөөс чи урвагч” хэмээн хариулжээ.  
ОХУ Ерөнхийлөгч Башар Асадын хүсэлтээр есдүгээр сарын 30-наас Сирид цэргийн ажиллагаа явуулж, лалын босогчдын байрлалыг агаараас довтолж байгаа билээ. “Исламын улс”, “Жебхат ан-Нусра” зэрэг олон улсад хориглогдсон террорист бүлгийн эсрэг тэмцэлд Сирийн Засгийн газарт дэмжлэг үзүүлж байна. Оросууд Сирид цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш лалын босогчид ихээхэн хохирол амсаад байна.