El
Clasico-г үзсэн минь
2010 оны арваннэгдүгээр сар. “С1” телевизийн Амарсайхан
бид хоёр гэж нэг л El Clasico ярьсан хүмүүс байлаа. Ажил дээрээсээ мессенжерээр
“За, хэзээ явах вэ, одоо энэ улирлын Camp Nou дахь Барса-Реал Мадрид-ыг үзье,
виз гарчихвал очоод асуудалгүй, тэнд “Барса”-гийн гишүүний (socio) үнэмлэхтэй танилууд зөндөө байна, хоёулаа бараг билет ч авалгүй цэнгэлдэх рүү орчихно”
гэж нэг нэгээ онгироосоор бараг л хоёр жил болоод байсан байх. Нэг өдөр дахиад
л мессенжердэв. Амараа “За, ерөөсөө одоо явцгаая, би “С1”-ээс бид хоёрын
зардлыг дааж байгаа гээд бичиг хийлгээдхэе. Тэгээд Чехийн элчин дээр ороод
Шенгений виз аваад л сүнгэнэчихье. “Хурд” хамтлагийнхан Европ руу аялан тоглолт
хийхдээ Чехийн элчингээс виз авсан байна лээ” гэж байна. “За тэг, би Испани руу
танилууд руугаа яриад El Clasico-гийн билет буюу цэнгэлдэхийн суудлыг жилээр нь
захиалчихсан байдаг үнэмлэхийг нь “бат араанд” нь хийгээдхэе” л гэлээ. Тийм
үнэмлэхтэй хүмүүсийн үнэмлэхээр өөр хүн орж болдог юм. Тэгээд л танилуудаасаа
хоёр үнэмлэх олно гээд тооцоолчихсон хэрэг. Энэ бол 2010 оны арваннэгдүгээр
сарын 29-ний Camp Nou дахь El Clasico-гоос долоо хоногийн л өмнө өрнөж буй
яриа.
Испани руу ч эрчимтэй холбогдов. Эхнэр, нөхөр хоёр socio
байдаг юм. Тийшээ ярьтал “Өө, Нямка ирж Эль Класико үзэх гээ юу, тэг тэг. Манай
эхнэрийн үнэмлэхээр ор. Харин би өөрөө үнэмлэхээрээ орж үзнэ” гэв. Амраад
үнэмлэх олох санаатай өөр хэд хэдэн хүмүүс рүү ярьтал “Өө, тийм чухал тоглолтыг
бид нар өөрсдөө” үзнэ гэдэг байгаа. За яахав очиж байгаад учрыг нь олно доо гэж
хоёулаа ярилцлаа.
Шенгений виз ч “нүд ирмэхийн” зуур бүтэв. Яг жилийн өмнө
бас л Эль Класико үзэхээр эхнэр, жаахан охиныхоо хамт УБ дахь Герман элчин рүү
ороод виз авч чадаагүй болохоор “Чехийн элчин бас юу гэдэг юм бол доо” гэж би
дотроо жаахан түгшингүй л байснаа нуух юун. Гэтэл зурагтаар орой болгон гардаг
нүүрний буянтай хүн чинь өөр юм аа. Чехийн элчингийн консул Таборска гэдэг
залуувтар хүүхэн бид хоёроос визний ярилцлага авхаар болов. Ярилцлагын
кабинд нь эхлээд Амрааг ороод ир гэлээ. Мань хашир ороод л “За бид хоёр Чех,
Герман, Франц, Испани улсын том том цэнгэлдэхээр орж нэвтрүүлэг, бичлэг
бэлтгэнэ. Чехээр орж Прагийн алдарт “Спарта”, “Славиа” багуудын үүх түүх,
цэнгэлдэхийг сурвалжилна. Энэ хоёр бол агуу баг, Прагийн дерби бол бас л
“аймаар” дербинүүдийн нэг” энэ тэр гээд л авч өгч байна аа. Тэгтэл консул
хүүхэн шилнийхээ цаанаас гарч хаалгаараа гарч ирээд Амраа бид хоёртой гар барьж
баяр хүргээд “Та Чехийн хөлбөмбөгийг маш сайн мэдэж байна. Манай нөхөр спортын
гэрэл зураг сонирхдог хүн байгаа. Очоод уулзаарай. Чамд тусална” гээд бүр уяраад
явчихдаг юм байна. Би гэдэг хүн тэр визний ярилцлага энэ тэрд орсон ч үгүй, бид
хоёрын виз шууд “ОК” болж байгаа нь тэр. Аав, ээж минь хоёулаа ажиллаж байсан
Чех улсын элчин сайдын яам, консулаас Шенгений виз авсандаа баярлаж, билэгшээж
байлаа.
Амраа бид хоёр визээ авахдаа 24-нд ниснэ гэчихсэн байдаг.
Гэтэл виз нь 22-нд гарч байдаг. Нэг хоногийн дотор жаахан мөнгө олж авах
санаатай гараад л жирийлээ. Телевизийн хүн ч яахав “Танайхыг нэвтрүүлгийнхээ
дундуур зад рекламдаад өгнө” гээд зардал, халаасныхаа мөнгийг зовлонгүй олсон
бололтой. Би ч яахав замын зардал, жаал жуулхан халаасны мөнгө олж авлаа.
Тэгээд л Испанийн Барселона хот руу ниссэн дээ. Барселоны
El Prat нисэх буудал буугаад гарч иртэл бид хоёрын чемодан гарч ирсэнгүй.
Москва дээр буугаад Шереметьевогийн лайтай урт хоолойгоор чадал мэдэн гүйсээр
арай гэж дараагийн онгоцондоо амжиж суухдаа “Чемодан ч энэ онгоцонд орж амжаагүй
байх даа” гэж бодож байсан минь алдсангүй. Амраа телевизийн хүн болохоороо
бичлэг энэ тэр хийх гээд байдаг, ачаагаа иртэл гурав хоног Барселонаар “гудамж
метрлэж” өдөр бүр Camp Nou дахь Барса-гийн албан ёсны дэлгүүрээр орсон гэж
байгаа.
Бид хоёр Эль Класико болохоос дөрөв хоногийн өмнө
Барселонад очсон ч Амраагийн билет буюу socio-гийн үнэмлэх бүтэхгүй л байлаа.
Бүх танилууд руугаа яриад тусыг эс олов. Улирлын хамгийн чухал тоглолт учраас
кассан дээр билет байхгүй. Харин дамын билет бол байна аа, 250, 300, 500 евро
гэж байлаа. Тэгсээр Амраа тоглолт болох өдөр 350 еврогоор дамын билет авсан юм.
Харин гоё суудал таарсан байна лээ дээ, хажуугийн голын секторт хоёр клубын
удирдлагууд суудаг тавцангийн ойролцоо. Тэндээс Camp Nou-гийн талбай үнэн гоё
харагддаг юм байна лээ.
Миний суудал хаалганы ард ташуу байдалтай, өндөр нь
дундуур хавиар таарав. Мань нь нөгөө танилынхаа socio-гийн үнэмлэхээр үнэгүй
орчихсон хэрэг л дээ. За тэгээд цэнгэлдэхийн уур амьсгал гэж үнэхээр яриад байх
ч юм байхгүй. Барса-гийн хамгийн заналт өрсөлдөгч, тэгээд каталанууд гэж “майр”
үндсэрхэг үзэлтэй, Реал Мадрид-ыг бол дарангуйлагч, бидний мөнгийг завшигч,
тусгаар тогтнолд садаа бологч Мадридын төвийн Засгийн газрын баг гэж үздэг
болохоор үнэн заналтай хашгиралдана. Хөлбөмбөг сонирхогчид 5:0 ээр дууссан энэ
тоглолтыг санаж байгаа биз. Барса-г жинхэнэ төгс төгөлдөр тоглолт үзүүллээ гэж
мэргэжилтнүүд санал нэгдэж байсан. Реал-ынхан ч шар нь гозойж, Рамос тоглолтын
төгсгөлд Мессигийн хойноос гүйж байхдаа санаатайгаар шилбэ рүү өшиглөн унагаж,
шууд улаан хуудас авсан даа. Тэгээд зогсохгүй Барса-гийн тоглогчид бүчээд
авахаар Пуйолийг шууд мангасдан унагааж билээ. Талбайг орхиод гарч байхдаа
өөдөөс нь ирж бас “цор цор” гэсэн Шавиг бас л мангасдаад хаясан. Яахав Рамосын
энэ үйлдэл спортын бус байсан ч хүмүүс иймэрхүү хэрүүл маргаанд бас дуртай
байдаг юм байна лээ.
За тэгээд Барса-Мадрид-ын тоглолтын дундуур хэрүүл тэмцэл
тасрахгүй юм. Роналдо хажуугаар гарсан бөмбөгийг тоглолтод оруулахаар авах
гэтэл Пеп Гвардиола албаар бөмбөгийг өгөлгүй займчуулж маяглаад Роналдод түлхүүлсэн.
Тэгсэн цэнгэлдэхэд цугласан Барсагийн фэнүүдийн харааж хашгиралдаж байгааг
ээ.....
Ер нь тэд Роналдог нэг нүдээрээ ч үздэггүй юм билээ.
Халаалт хийх гээд л гарч ирэнгүүт нь шүгэлдээд л “Энэ португал бол янхны хүүхэд”
гээд л хашгираад байх юм. Тоглолтын турш ингэж хашгирсан даа. Бүр цэнгэлдэхэд
орж ирсэн арван хоёр, гуравтай жаалууд хүртэл ингэж хашгирахыг сонсоод сонин л
санагдаж байлаа. Сантьяго Бернабеуд Эль Класико болохоор Мессиг бас л янз
бүрээр “газар дор ортол нь” харааж зүхдэг гэсэн.
Муу Моуриньогийн үйлийг нь үзчих юм байна лээ. “Моуриньо,
сандлаасаа босооч”, “Моуриньо, театр руугаа тонил” гээд л Кубын “Гуантанамера”
гэдэг дууны аяан дээр дуулаад байх юм. Моуриньо ч сандлаасаа босолгүй байсаар
тоглолт дууссан. Мань эр Челси-д байхдаа Барса-тай Аваргуудын лигт таарч
байсан. Месси “Стамфорд Бриж”-ийн буланд бужигнуулж байхад Асиер дель Орно ч
билүү тоглогч гулсаж орж ирээд Мессигийн хөлийг хугалах нь уу гэтэл Месси
дээшээ үсрэн самбаачилж гэмтэхээс сэргийлж байсныг санаж байгаа биз. Тоглолтын
дараа Моуриньо “Месси сайхан жүжиг үзүүллээ. Барселона ч театруудаараа алдартай
л даа” гэж ёжилсон мэдэгдлээ хийж байв. Барса-гийн фэнүүд үүнийг нь
марталгүйгээр “Театр руугаа зайл” хэмээн орилж байсан нь тэр. Барса-гийн бут
ниргэлтээр өндөрлөсөн тоглолт ямар болсон талаар нурших нь илүү байх. Тоглолт
дуусаад цэнгэлдэхээс гарч явахад гудамжаар дүүрэн Барса-гийн фэнүүд. Гэтэл нэг
нөхөр “А Ronaldo le hemos dado por el
culo” хэмээн тэнхээ мэдэн хашгирч байна. Бусад нь сонсоод хангалуун
инээмсэглэх аж. Үгчилбэл “Роналдогийн бөгсөөр нь сайхан хийж өглөө дөө” гэж
байгаа нь тэр.
Ямар ч байсан Барса-Реал Мадрид-ын тоглолт бол аргагүй л
дэлхий нийтийн анхаарлыг татсан тоглолт юм байна. Барса 5:0 оор хожсоныг ч
хэлэх үү, фэнүүд тун додигор. Амраа маань ч Барса-гийн фэн болохоор испаниар
Manita
буюу 5:0-ийн “амьд” гэрч болсондоо нүүрэнд нь
мишээл тодроостой.
Тоглолтын өмнө
болон дараа нь Испанийн спортын том сонинууд болох “Marca”, “As”
ёстой бичих шиг л болно доо. 100 хуудастай сонины 80 нь Эль Класикогийн бичлэг,
сурвалжлага, хэвлэлийн хурал, үйл явдал, зураг сэлтээр дүүрэн. Уншаад уншаад
уйдамгүй сурвалжлага гэвэл тэрийг л хэлнэ.
Ингэж л нэг гайхамшигтай Эль Класико үзсэн дээ. Үүний
дараа миний бие Испанийн нийслэл Мадрид хот болон алдарт Сантьяго Бернабеуд
тоглолт үзэхээр, Амраа Франц, Герман, Чехээр орж сурвалжлагаа үргэлжлүүлэхээр
салж билээ. Дараа нь нутаг буцахдаа Шереметьевогийн нисэх буудал дээр таарч тус
тусын сонин сайхнаа хуучилсаар Монголдоо ирэхэд сайхан байлаа.
Хөлбөмбөгт шимтэн дурладаг хүний хувьд нэг мөрөөдлөө
биелүүлсэн. Харин жинхэнэ нэг том мөрөөдөл үлдсэн нь цуутай Anfield-д
хөл тавьж, копуудын хамтаар You’ll never walk alone-оо дуулж, хайртай багийнхаа
тоглолтыг үзэх. Нэг л сайхан өдөр энэ мөрөөдөл биелэх нь дамжиггүй билээ. We’ll
Never walk alone!
Б.Нямдорж
KopNyamka
No comments:
Post a Comment