Алтайд аз нь гийсэн анчин Бенни
2004 он юм байна аа. Осетийн Беслан хотод 9-р сарын 1-нд
сургуулийн нээлт дээр Чеченийн алан хядагчид нэвтрэн баахан хүүхэд, эцэг эхийг
барьцаалаад чөлөөлөх ажиллагааны үеэр 350 орчим байх аа, хүн амиа алдаад аймаар
юм болсон.
Үүний дараахан Испанийн хоёр анчин ирдэг юм. Бернардо,
Гильермо гээд 50, 60 гарсан хоёр баагий. Тэд Барселонагаас Аэрофлотын онгоцоор
Москвагаар дамжаад ирж. Тэгсэн Бесланы хэрэг явдлын улмаас Барселонагийн нисэх
буудал дээр Оросын онгоц бууны онцгой зөвшөөрөл гэнэт нэхээд байхгүй юм чинь
онгоцонд оруулалгүй аваад үлджээ. Бесланы хэрэг явдлыг дараа хяналт шалгалтаа
бүр чангатгасан юм байна лээ. Тэгээд буугүй хоёр нөхөр сайхан маасайчихсан бууж
ирдэг юм байна. Тэгээд ачаагаа авах гэтэл бас байдаггүй, төөрөөд алга болжээ.
Ингээд буу ч үгүй, чемодан ч үгүй паскаа ганзагласан хоёр анчин тосч авлаа
өөөө...
Маргааш нь Ховд явах ёстой. Бууны эрэлд гарлаа.
“Нью-Жуулчин” компанийн захирал Нэргүйн болон Пан Зоригоо хэмээх нөхрийн бууг
олж авлаа. Гэтэл ердөө л есхөн сумтай. (Анчид ер нь 40 сумтай ирдэг л дээ).
Дахиад сумны эрэлд гарлаа. Амралтын өдөр байсан тул эрсээр эрсээр арай хийж нэг
хайрцаг, 20 ширхэг, сум олж авлаа. Тэгээд л Ховд руу нислээ дээ. Ховд хотод
буугаад Үенч сум дахь отог руу явахаасаа өмнө захаар орж анчид ганц нэг хувцас,
солионы гутал нтр авч байна. Ууланд өмсөх гутал, хувцас юу ч байхгүй юм чинь.
Оройдоо Үенчийн хавцал дахь Аригаагийн (Ариунболд) отог
дээр ирээд маргааш өглөө нь хоёр орчуулагч нэг нэг анчнаа аваад хоёр тийшээ
андаа гарлаа даа. Гол зорилго бол тав хоногийн дотор нэг нэг тэх (янгир)
унагах. Би Бернардог, Жагаа ах Гильермог аваад 29 сумаа хувааж аваад нутгийн
газар анчдаа дагуулаад үүрийн таван цагийн үед андаа гарлаа. Манай баг нэлээн
яваад уул руугаа өгсөөд явж байтал, арай үүр цайгаагүй байсан, машины гэрэлд
шууд л хоёр чоно ороод ирлээ. Хангайд машины гэрэлд чоно орж ирэхээр зугтчихаад
байдаг, харин Алтайд гэрэл рүү хараад зогсчихдог л доо.
Анчнаа буулгаад за бууд л гэлээ, чоно зуу орчим метрийн
зайд л байсан. Бенни (Бернардо) чоныг бууныхаа дуранд оруулж чадалгүй жаал
мунгинаад нэг оруулж аваад “За, буудлаа” гэж байна. Би дурангаар хараад зогсож
байлаа. Гайхал саарлыг дурангаар харахад яг наашаа хараад л зэвүүн гоё харагдаж
билээ. Манай хүн ч тасхийлгэлээ, чонын хойд хөлийг оножээ. Уул өөдөө өгсөх гээд
зогсож байсан чоно нэг гаслаад шууд л буцаад уруудаад харайлгалаа. Харамсалтай
нь бид дахин олж харж чадсангүй алдчихсан юм. Бид бүгдээрээ, Бенни бүр ч их
харамсаж, шогшроод л....
Ангаа үргэлжлүүлж өдөржин явсан холоос хэдэн тэх харж
явсаар эхний өдөр дуусав. Дараагийн өдөр арав гаран тооны тэх харж сайн ойртож
чадахгүй байсаар нар хэвийлгэж, отог руу буцах замдаа нөгөө талаас нь олж харж
аваад жаал харж зогсов. Тэхүүд бараг 700-800 метрийн зайтай, уулын бараг орой
дээр байсан. Бенни буудчих уу гээд байхаар нь нэг тэхийг зааж өгч байгаад бууд
бууд л гэлээ. Мань хүн хоёр гурав ч буудаад оносонгүй, сүүлд нь манай газарч
анчин Заяа бууг нь шүүрч авснаа хоёр ч буудаад хаялаа. Оноогүй ээ. Ангийн гурав
дахь өдөр буу дуугаргасангүй, ангаа хайж, дурандаж явсаар дууслаа.
Харин дөрөв дэхь өдөр хэдэн сайхан амьтан олж аваад араас
нь мөшгилөө дөө. Нэг уул даваад орсон сүргийн араас явсаар байгаад давсан
газраас нь өнөө хэдийг олоод авлаа шүү. Тэд давж нэлээн уруудаад хэсэг хадан
дунд ороод хэвчихэж. Мань хэд дурандаад л, алийг нь буудах уу гэж ярилцаад л
сууж байлаа. Нэлээн байж байгаад нөгөөдүүл чинь босоод идээшлэх маягтай
болохоор нь нэгийг зааж өгч байгаад буудууллаа. Гэтэл оносонгүй, тэхнүүд үргэн
давхиж, доод жалга руу гэхдээ бидний доогуур ташуу маягтай давхилаа. Гүйж
байхад Бенни бас хоёр, гурав буудаад л авлаа. Онодоггүй ээ. Тэхнүүд жалга руу
орж харагдахаа болив. Цаад талын энгэр рүү гарахыг хүлээж суутал гарч ирсэнгүй.
Заяа “Эд нар энэ доор хурчихлаа” гэж байна. Бид ч буудсан газраасаа жалга дөхөн
уруудасхийгээд, суугаад амраад явж байлаа, хад асгагүй цагаан энгэрээр. Гэтэл
доод талын хэдэн чулууны араас эвэр цухуйж нөгөө тэхнүүд чинь ар араасаа гараад
ирлээ шүү. Бид ч, газарт анчин, Бенни бид гурав, ил цагаан газар дээр шомбойж
суугаад хөдөлгөөнгүй боллоо. Гэтэл өнөө гайхлууд чинь ар араасаа үсэрч гарч
ирснээ яг биднийг чиглээд, зарим идэсхийгээд л тайван яваад байдаг юм байна,
ердөө л зуу гаран метрийн зайтай. Сэмээрхэн Беннид хэлж бууг нь бэлдүүлж
байгаад нэг тэхийг бууд гэлээ. Мань эр буугаа өвдгөн дээрээ тавьж шагайж
байгаад л аваад хаялаа даа... Гэтэл бас оносонгүй. Өнөөдүүл хөндлөн урдуур
гүйхэд нь дахиад нэг сум тавьтал урд талын хааг нь хуга буудаж, тэх ч годройтож
унаснаа доголоод л цаашаа давхилаа. Нэмээд хоёр гурав ч буудсан байх, тэгж байж
тэхээ унагаж авлаа даа. Дараа нь манай газарч залуу хэлж байсан. Тэх нарны
өөдөөс юм хардаггүй гэж. Нөгөө тэхнүүд бидний өөдөөс л яваад байсан, тэгсэн
бидний яг чанх араас, тэхнүүдийн өөдөөс нар тусч байсан болохоор тэд нар ил
шовойгоод сууж байсан биднийг хараагүй юм байна лээ.
Тэхээ янзалж эвэр, толгойг нь салгаж аваад нэлээн хойно
уулын энгэрт байгаа машин руугаа зүтгэлээ. Заяа мах авна гээд тэхний хоёр гуяыг
нь салгаж аваад эвэрний хоёр үзүүрт өлгөөд зүтгэв. Буун дуунаар гарч ирдэг тас
шувууд биднийг холдов уу үгүй юу эргэлдэн буугаад найраа эхлэвэй.....
Ангаа хийчихсэн додигор улсууд Баян Алтайдаа талархаад
машиндаа суун уруудаад буулаа даа, үдээс хойш дөрвөн цагийн хавьцаа. Хоорондоо шан пан гээд буу халаад л, Бенни
эхний өдөр буудаж алдсан чонондоо харамсаад л “Гайхал чоно чи дахиад гараад
ирдэг ч болоосой” гээд л хашгирч явтал урд сууж явсан газарч Заяа “Чоно, чоно”
гээд л хашгирлаа. Уулнаасаа буугаад ам руу орох гээд явж байсан. Хоёр чоно цаад
энгэрээр гүйж явна даа. Ам руугаа буугаад амаа өгсөөд гишгэ л гэлээ, жолооч оо.
Сайн гишгэж өгдөггүй шүү... “Үгүй чи
жаахан гишгээд өгөөч” гэж Заяа бид хоёр нийлж хашгирсаар чоно гүйж явсан
зэгстэй энгэрт дөхөж зогсоод бүгд машинаасаа үсрэн бууцгаалаа. Нээрээ нэг
зүйлийг хэлэхээ мартаж, тэхээ агнасны дараа бид ердөө л гурван сумтай үлдчихээд
ингэж отог руугаа буцаж явсан юм.
Хараад зогсож байтал цаад энгэрийн өвс, зэгс хөдөлж нэг
чоно явж байгаа нь мэдэгдлээ. Анчнаа бэлэн байгаараа гээд л байлдааны бэлэн
байдалд орлоо. Өнөө чоно ч зэгс хөдөлгөсөөр захад нь гараад ирэв.
Бенни машины арын запас дугуйн дээр буугаа тавьж хараалж
байгаад л панхийлгэлээ. Нам авжээ. Чоно тэр доороо л унаад өгсөн. Ойрхон ч
газар байсан даа, 40-50 метр. Сэмээрхэн алхаад яваад очтол жижгэвтэр чоно
гэдсэндээ зад буудуулаад газар дээрээ нам явжээ. Тэхээ агнаад бууж явахдаа нэг
сумаар чоно нам буудсан Бенни хашгирч гуаглаад л сүйд болж байна. Тэгсэн анх
удаа чоно унагаж байгаа нь тэр юм байж, арга ч үгүй биз. Монголчууд чоно алсан
хүнийг одоо л анчин боллоо гэж хэлдэг дээ. Гадаадын лайтай буу үүрсэн анчид
таван тивд бараг бүх анг агнасан мөртлөө чоныг бол агнаж үзээгүй л байдаг юм,
бараг бүгдээрээ.
Тэх, чоно унагасан баатрууд отог руугаа дахин хөдлөв.
Бенни ч асар их баяртай, ганцаараа хашгирч яриад л “Одоо нэг үнэг гараад ирдэг
ч болоосой, тэгвэл ай яая аа....” гээд л орилж байна. Гэтэл ингэж хэлж дуусав
уу үгүй юу нэг үнэг машины урдуур хөндлөн гараад хажуугийн энгэр рүү гараад
явдаг юм даа..... Машин ч шаасан гадас мэт зогсож, Бенни үсэрч буугаад
хажуугийн энгэрээр давхиж буй (гүйж биш бүр давхиж явсан юм шүү... ) үнэгийг
дагуулж шагайж байгаад л буудсан чинь үсэртэл нь авдаг юм даа... Очоод үзтэл
хөөрхий үнэгийг бараг авах юмгүй болтол нь зад буудсан байж билээ.
Ингээд Дөлгөөн (жолооч), Заяа, Бенни бид дөрөв ангийн
дөрөв дэх хоногт нэг өдөрт л тэх, чоно, үнэг унагаад отог дээрээ баатарлаг
амьтад буусан даа. Жагаа ах дагуулж явсан Гильермо дөрвөн өдөр хоосон, эцсийн
буюу тав дахь хоногт азаа үзнэ дээ гээд л байж байсан. Нээрээ Бенни үнэг буудаж
унагчихаад буугаа толгой дээрээ өргөөд эргэлдэж бүжиглээд л “Хөөрхий Гильермо,
хөөрхий Гильермо” гээд л бахдалтай нь аргагүй хашгираад байж билээ. Тэд нар
чинь унагасан ангаараа, том жижгээрээ их өрсөлдөнө л дөө.
Маргааш нь манай баг анд гарсангүй амрав. Ангаа хийгээгүй
Гильермо, Жагаа ах нар эцсийн өдрөө гарлаа даа. Маргааш өглөө нь Ховд явахгүй
бол болохгүй, онгоцноосоо хоцорно. Энэ өдөр тэнгэр бүрхэг, бороо дусагнаастай,
уууландаа манан ихтэй байсан тул бүгд л Гильермог яах бол гэж бодож байлаа.
Харин үд өнгөрөв үү үгүй юу нөгөөдүүл чинь машиныхаа гэрлийг асааж, дохиод л
ороод ирлээ. Мэдээж ангаа хийсэн учраас ийнхүү эрт, гэрэл мэрэлтэй орж ирж
байгаа хэрэг. Тэгсэн Гильермо манай анчныхаас нэлээн том эвэртэй сайхан амьтан
унагасан байсан шүү. Их азтай, манантай юу ч хараглахгүй нэг орой дээр гарахаар
явган өгсөж явтал өдөр 11 цагийн үед манан сарниад тэндээс нь хэдэн тэх гараад
ирсэн юм байна лээ. Баян Алтай бол тэгээд өгөх хүндээ хишгээ өгдөг л дөө.
Ховдоос УБ-т онгоцоор буухад хоёр анчны чемодан ирчихэж.
Бөөн баяр! Чемонданаа онгойлгож онгоцонд танилцсан испани залуу хосод jamon
буюу гахайн утсан мах гаргаж “Май май, ав” гэж өгөөд л “Паа, шинэ өмднүүд” гэж
орилоод л, ха ха....
Маргааш хөвчийн ан буюу бор гөрөөс агнахаар
Амарбаясгалант хийд рүү гараад шидлээ. Тэндхийн “Амарбаясгалант” баазад
байрлаж, тэр хавийн уул хөвчөөр бор гөрөөс, чоно агнадаг юм. Тэнд дөрвөн өдөр
ан хийхэд манай Бенни эцсийн өдөр ганц бор гөрөөсөө унагасан бол, Гильермо хоёр
дахь өдөр л нэг дор хоёр чоно унагаад, дараа нь бор гөрөөс, дорго хүртэл
агнасан юм даа. Алтайд ялан дийлсэн манай анчин Бенни Сэлэнгэд ирээд нөгөөхдөө
“нам тавиулсан нь” энэ. Нэг юм хэлэхэд, доргоны мах янзын гоё юм байна лээ, яг
л тарвага. Тэр өвчихдөө үелүүлсэн өөх, махны амт гээд яг тарвага юм байна лээ
шүү.
Испанид хөл газар хүрэлгүй тансагласан нь
Хэдэн жилийн өмнө Испани явснаа бичмээр санагдлаа л даа.
Аян замын тэмдэглэл хэмээн улаан буландаа өнгө нэмж, мөн хажуугаар нь өөрийгөө
рекламдангаа... хэ хэ...
2010 оны, арваннэгдүгээр сар. “С1”-ийн гэх Амараа андтай
хэрхэн Эль-Класико, бүр тэрэн дотроо Барса Реал Мадридын 5-0 оор нам авдаг
тоглолтыг хэрхэн амьдаар нь үзсэнийг зарим нь мэдэх байх, энэ тухай тусад нь
бичиж байсан л даа.
Тэр үед бодож санасан ч юм байхгүй, сайхан гар явдаг
байж, нөгөө мөрөөдлөөрөө жигүүрлэж диваажинд амьдарна гэдэг шиг л юу бодож
төлөвлөж, ирээдүйгээ харсан ч юм байхгүй сайхан гар... Амраа бид хоёр
мессенжердэж нэг нэгнээ худлаа үнэн дөгөөж, онгироож байгаад л явчихсан л даа.
Тэр үед мөнгө төгрөг, хуримтлал ч гэж байсангүй. Гэнэт виз гараад, мөнгөний
эрэлд гараад арайхийж л онгоцны зардал болох 950 доллар олж авсан. Кармааны
мөнгө гэвэл уртаашаа 350 доллар, 100 евротой явсан даа, хөөрхий. Одоо бодохоор
өөрийгөө өрөвдөх ч шиг, шоолох ч шиг.. Амраа бол мэдээж овоо мөнгөтэй явсан,
телевизийн хүн ивээн тэтгэгч энэ тэртэй нь мэдээж.
Тэгээд Аэрофлотоор Москвагаар дамжин Барселона хотын
Эль-Прат нисэх буудалд газардахад Анабель хэмээх галзуу найз хүүхэн маань (надтай
яг чацуу) тосч авсан даа. Амрааг Барселонад амьдардаг танил монгол хүүхэн тосч,
хостель буюу хамгийн хямдхан буудал руу авч явж байгаа юм... хэ хэ... Манийг нь
болохоор каталан хүүхэн тосч машиндаа суулган шууд л гэр рүүгээ авч явсан даа..
Онгоцны буудлын Arrival-аар гарч ирэхэд хоёр талаас бид хоёр чинь бөөн хашгираан орилоон болж
тэврэлдэн авч билээ. Анабель бол 2005 онд Монголд нөхөртэйгээ аялж байсан, бид
Хөвсгөлд нэг бааз дээр таараад сайхан танилцаж, буу халж анд нөхөд болсон л
доо. Анабелийн нөхөр Хесус маш их ажилтай тул нет мээт ордоггүй, Анабель
офисийн ажилтай болохоор бид хоёр байнга л мессенжерддэг байж билээ. Тэгээд л
бие биенээ магтана “Чи бол хамгийн хөөрхөн, сайн хүүхэн” л гэнэ. Намайг бас “Чи
хамгийн сайхан, хөөрхөн монгол залуу” л гэнэ. Янз бүрийн юм ярьж буу халах
завсраа нэг нэгнээ ингэж магтдаг байж билээ. Хөвсгөлийн бааз дээр танилцаад
орой гэрт нь орж одод түгтэл буу халаад гарч ирэхэд тэнгэр дүүрэн од, Анабел,
Хесус хоёр дуу “Ваав, ямар гоё юм бэ” гээд л дуу алдаад явчихна. Дараа нь
харилцаж байхдаа “Бид одо түгтэл буу халаад л... оддыг харж дуу алдаад
л...” гэхээр “Тийм ш дээ, ямар гоё
байлаа” ... л гэдэг. Тэгээд л чи ирээч, хэзээ ирэх гэж байна, байр сав, хоол
унд, унаа унаш бүгд бэлэн. Ирээч ээ л гээд байдаг байлаа. Би ч очно оо, очно
гэсээр байгаад таван жил харилцсан даа.
Тэгээд ч очсон. Уул нь 2009 онд эхнэр охинтойгоо явах
гээд Германы элчингээс виз гараагүй, дараа жил нь ганцаараа явцан л даа. Тэгээд
л очсон, дуу шуугиантай тосч аваад гэртээ аваачсан. Аа тийм, гэртээ
аваачахаасаа өмнө Тибидабо гээд Барселона хотыг алган дээрээ тавьсан мэт
тольддог уулын оргил дээр гаргасан юм байна шүү. Испанийн Каталон мужийн
нийслэл зүгээр л алган дээр, Камп Ноу нтр бол зүгээр л хамар дор байгаа мэт
харагдаж байсан. Тэгээд л гэрт нь очоод гэвтцэн. Хесусынх 3 давхар нийтийн орон
сууцанд боловч нэг айл 0-3 давхар хүртэл босоогоор нь эзэмшдэг юм байна лээ.
Подвалд нь хоёр машины гарааш, нэг давхарт нь гал тогоо, зочны өрөө, хоёр
давхрын хоёр жигүүрт нь нэжгээд унтлагын өрөө, гурван давхар нь тэр чигээрээ боди,
жим. Би нэг унтлагын өрөөг нь эзэлж байгаа юм. Тэр хоёр завгүй ажилтай ч намайг
бас авч явсөөн. Барселоны хотын төвөөр зугаалж, гүнцэг барьж, дэлгүүр хэсч
мэсээд л. Тэгээд би өглөө гараад л явдаг юм. Амраатай, Батчимэгтэй уулзаж
Барселона, Камп Ноу, далайн эрэг, 1992 оны олимп болсон Монтжиук уул, хотхон
энэ тэрээр хэснэ. Аа нээрээ нэг монгол айлд зочилсон юм байна. Тусгаар
тогтнолын өдөр таараад тэнд хүүтэйгээ амьдардаг Туул эгчийнд очлоо. Арайхийж
нэг дэлгүүр олж аваад жаал жуул бэлэг, вино нтр аваад орлоо. Туул эгч ч үнэхээр
амттай сайхан хуушуур, сүүтэй цай хийж маниусын дайлаад сайхан хууч хөөрч
суугаад их сайхан байсан.
Мэдээж Барселона хотод үзэж харах юм барагдахгүй. Бид
хоёр 11 сарын 24-нд очлуу даа. 29-н ч боллоо. Гол зорилго болох Эль-Класико руу
явлаа. Мань чинь нээрээ урьд өдөр нь Каталоны парламентад ажилладаг эхнэр,
нөхөртэй яриад түншийн үнэмлэхээр нь Барса-Мадрид үзэхээр болцон байсан л даа.
Цэнгэлдэхийн суудлыг жилээр нь авчихдаг фэнүүд байдаг даа. Мань хос хоёулаа
тийм үнэмлэхтэй, тэрийгээ уншуулаад л ордог. Муу хүний заяа завагт гэгчээр тэр
хоёр хоёулаа Каталоны парламентад ажилладаг, Эль-Класикотой өдөр Каталоны
парламентын сонгууль болоод эхнэр нь толгой өндийх завгүй ажилтай байж
таараад.. Өө, Нямка миний үнэмлэхээр үз үз л гэсэн... Угаасаа эхнэр нь стадионд
тоглолт үзэх зав байхгүй байсан юм байна лээ. Мэдээж хөлбөмбөг үзүүлж, гэртээ
байлгаж байгаа хүмүүстээ ноолууран ороолт, монгол архи, жижиг сажиг монгол
сувенир авч очихоо мэдэлгүй яахав, тийм үү... хэ хэ.
Жоан Карлес, Эстер
хоёр ч хөлбөмбөг үзүүлэхээсээ өмнө хуучин Барселонагаар авч явж, тансаг
зоогонд оруулж билээ. Их л гоё, тансаг хоолтой газар байсан. Санамсаргүй
тооцооны хуудсыг нь харахад 97 евро гарцан байсан л даа. Гурван хүн хоол идэхэд
иймэрхүү гарч байсан. Манайхаар бол Moderm Nomads
маягийн зиндааны газар юм уу даа. Тэгээд бас Анабель, Анабелийн аав ээж хоёр нь
намайг авч давхиж, Барселона хотоос 50 км-ийн зайд байдаг Монсеррат хэмээх
ариун дагшин, үзэсгэлэнтэй уул руу гарч, бас л гоё газар хооллож ундалж явсан.
Монсеррат нь яг манай Тэрэлж шиг хад хясаатай их гоё, маш том уул, дээрээ маш
том, гайхалтай сүмтэй.
Барса- Мадрид тоглолтын талаар тусад нь бичсэн тул энд
бичихгүй. Ингэж л Барселона хотод өөд уруугүй, өглөө үдэшгүй дайлуулж цайлуулж,
хөл газар хүрэхгүй найм хонож, Амраа Франц руу, би чинь Мадрид руу явбаа...
Барселонагаас явахад Анабель, Хесус хоёр ихэр хүүхдийн тоглоомон тэрэг,
эвлүүлдэг тоглоом, вино юу юу ч билээ дээ баахан бэлэг өгөөд. Сүүлдээ por favor, por favor хэмээн заримаас татгалзаж нтр... хэ хэ... Ачаа ихэдвэл илүү ачааны мөнгө
төлөхгүй л гэж... ха ха.
Мадридад их хөгтэй. Сурсан зангаараа Мадридад бас л нэг
айлд бууна хэмээн төлөвлөсөн байлаа. Монголд хоёр ч удаа ирж аргаль угалзын ан
хийж байсан эхнэр нөхөр хоёрын бууна. Чадахгүй бол бас нэг анчныд бууна
гэчихсэн байлаа, хэ хэ... Хоёуланд нь би
хамт явж байсан. Хоёр дахь удаа ирэхдээ зөвхөн намайг хэлмэрчээр авч явна гэж
ирсэн хүмүүс л дээ. 60 орчим насны, аав ээж шиг минь хүмүүс. Увс руу угалзын
анд явахад хамт явна гэсэн монгол талын захирал маань хадмынх нь бие муудаад
араас чинь очий гээд үлдсэн. Би тэр
хоёрыг авч Увсын Сагилд очоод эхний өдрөө л ангаа хийчихээд буцаад ирж
билээ. Маш том угалз унагасан, тун ч сэтгэл хангалуун, гарын мөнгө бол букаа их
өгч байгаа юм чинь. Эхнэр нь “Нямка бол бидний сахиусан тэнгэр, ангийн тэнгэр”
нтр гээд л...
Мадридад энэ хоёр дээрээ очно гэчихсэн байлаа.
Барселонагаас гарахаас нэг өдрийн өмнө утсаар ярьсан чинь “ Бид нар Трухильод
байна” гэж байна. “За би яваад очно оо” л гэлээ. Трухильо нь Мадридаас 400-500
кмийн зайтай жижигхэн хот л доо. Мань хоёрын нэг гэр нь тэнд, гэр ч гэж
шилтгээн л дээ, маш том. Нөгөө гэр нь Мадридад байдаг. Нөхөр нь өв залгамжилсан
том газрын эзэн, Испанийн бухын тулаанд ашигладаг toro bravo буюу зоригт бухны фермтэй.
Автобусаар Мадридад буулаа, нэг үүргэвч, нэг том чемодан,
бас Анабелийн бэлэг гэж нөгөө гараар дүүрэн нөхөр Мадридын гудамжаар жаал
алхлаа. Бас нэг анчинтай ярих гэсэн ч утас нь болж өгсөнгүй. “За яахав,
Мадридад нэг буудал олж ганц хоночоод” маргааш Трухильо явъя гэж бодлоо.
Хямдхан хостель байдаг юм болов уу гэсэн чинь олдох ч үгүй юм байна лээ, тэр
гудамжнаас нь. Интернэтээс л урьдчилж судалж, ярьж очихгүй бол газар дээрээс нь
хямдхан хостель нтр олно гэж гонжийнжоо гэдгийг яс махандаа мэдэртэл ойлгосон
доо. Ачаагаа чирч явсаар байгаад
Сантьяго Бернабеу орлоо. Нар зөв нэг тойрч, дэлгүүрээр нь орж Реалын өмсгөл,
бараа мараа сонирхов. Үргэлжлүүлэн бэдэрч, 16.00 цагийн үед л дээ, за нэг
буудал олж орохгүй бол гудамжинд хонох биз гэж бодоод нэг гайгүй буудал байхаар
нь орлоо. Ресепшнээс “Танай хамгийн хямда өрөө ямар үнэтэй вэ” гэхэд
компьютерээ жаал ухаж байснаа “Манай хамгийн хямд өрөө 180 евро” гэв. 350
доллар, 100 евротой явж байсан хүн чинь тархин дундуураа сзхдүүлсэн мэт болж
бушуухан буцаж гарав.
Яадаг юм билээ, бас нэг анчин руу залгана аа гэж шийдээд
утсаар ярих газар хайлаа. Сантьяго Бернабеугийн яг замын эсрэг талд Congreso de Madrid ч билүү нэг ордон байна. Таксофон байж юуны магад гээд орлоо. Үүдний харуул
сахалтай нэг өвөө маркийн хүн “Яах гэж байна” хэмээн хэрэг зориг асуув. “Утас
байвал утсаар ярих гэсэн юм” гэтэл “Байхгүй” гэв. За за гээд эргэтэл “Яаралтай
юм уу” гэж байна. Яаралтай л гэж наалаа. “За за, тэгвэл тэр буланд очоод нэг
таксофон байгаа, ярь ярь” гэв. Очоод нэг анчин залгах гээд утсыг хайгаад
олдоггүй, чемоданаа ухлаа, хамаг байдаг юм онгичиж... Цаан сууж байсан хоёр
хүүхэн хараад байдаг, утсаа олсонгүй, бантсандаа нөгөө анчин эхнэр, нөхөр рүү
залгая хэмээн халаасанд бэлэн байгаа цаасаа гаргаж ирээд залгав. Нөхөртэй нь
ярьтал “Нямка, бид нар Мадридын гэртээ ирцэн байна, хүрээд ир ээ” гэдэг байгаа.
Ёстой усгүй цөлд бэдэрч, харангадаж яваад ус олсон мэт баярлаж “За за, одоохон
очлоо” л гэлээ. Утсаар яриулсанд талархлаа хэмээн мөнгийг нь төлөөд тарааж
хаясан юм хумаа эмхлэн гадаа гараад шууд л такси зогсоогоод л явцан... хэ хэ.
Нөгөө хоёр дээр ирлээ. Орон сууцанд боловч лифт нь эртний
мэт нээх гоё, гэр ч гэж гэр, хичнээн ч өрөөтэй юм, гэрийн үйлчлэгчтэй. Надад
нэг өрөө зааж өгч, гэрийнхээ түлхүүрийг өгөөд “Хөргөгчинд ундаа, жимс, зууш
бүгд байгаа. Хүссэнээрээ аваад гарч болно. Өдөр хоол иднэ гэвэл хэлчих. Хоол
хийгээд байж байна. Найз хүүхэн Маке руу яриад чамайг Мадридаар авч яв гэж
хэлье”....
Маргааш найз хүүхэн нь ирээд охиноо дуудаад (охин
нь бараг миний үе), охин нь машинтайгаа нөхөртэйгээ ирээд л намайг чинь бас л
тансаглуулсаан.... Атлетико Мадридын стадионы дэлгүүрээр орж “Хүүхэд чинь
хэдтэй вэ, энэ таарах уу” гээд гоё гоё цамц, футболк авч өгөөд, Asador Fronton гээд Реалынхны ордог нээх гоё ресторанд оруулаад л... Зөндөө юм үзүүлсээн..
Хааны ордон, Алмудена сүм, Plaza Mayor буюу манайхаар Сүхийн
талбай гээд л.... Би зарим өдөр ганцаараа тэнэж Zara
мара орж бас жижиг сажиг худалдаа хийнэ л дээ.
Тэгээд Ла лигийн дараагийн тойргийн Реал-Валенсиа
тоглолтыг алдарт Сантьяго Бернабеуд үзсэн дээ. Роналдо хоёр гоол хийж хожсон. Энэ
тоглолтыг бас л үнэгүй үзчихсэн. Нэг анчин (Реалын фан, жилийн
үнэмлэхтэй) руу яриад л үнэмлэхий авч байгаад л орчихсон доо. Тэр Камп Ноу, Сантьяго
Бернабеу бол үнэхээр гайхалтай, дуу алдмаар гоё стадион. Угаасаа хөлбөмбөгийн
тоглолт үзэх гол зорилго байсан л даа. Ингэж л Испанид 14 хонож, олон сайхан юм
үзэж, гоё гоё тоглолт үзэхдээ ёстой л хөл минь газах хүрээгүй дээ. Хүний урманд
байранд, хоолонд, хөлбөмбөгт ганц ч евро гаргаагүй.
Сонирхолтой байх болов уу гэж л үүнийг бичлээ. Мөн хэл
сайн сурвал юунд хүрч болдгийг ... ха ха..
ойлгосон биз дээ. Муу хэлнийхээ, хөлбөмбөгийнхөө буянаар л явсан дөө.
Дахиад явна аа, эхнэр хүүхэдтэйгээ. Намайг баярлуулсан хүмүүст бүгдэд нь гоё
бэлэгтэй очно л гэж боддог юм.
No comments:
Post a Comment