Saturday, February 11, 2017

Рок-н-ролл мөхөв. Яагаад Ливерпүүлийг Юрген Клопп ч, Стивен Жеррард ч аврахгүй вэ?

Хөлбөмбөг дахь хамгийн алдартай дуу болон хувирсан “Улаанууд”-ын сүлд дуу You’ll never walk alone үнэндээ Ливерпүүлийг байлдан дагуулсан юм. Аваргуудын лигийн сүлд дууг хүртэл даван цуурайтдаг Анфилдын учир шалтгаан, тэмүүлэл нь түрэмгий фанатуудын бус, хөлбөмбөгийн ч бус харин эв нэгдэлд  уриалсан хүнлэг уриа дуудлагатай тэрхүү дууны үгэнд нь байдаг билээ. Тиймээс л энэ дэлхийн бүх хөгжөөн дэмжигч ямар багийг дэмжиж буйгаа үл тоон энэ дууг хүндэтгэн хайрладаг.
Ливерпүүл романтик буву дэврүүн, гэгэлгэн хот. Энэ хотын тугчин, сахиус нь хүртэл романтик байхаар заяагджээ. Тэр гунигтай байж болохгүй, хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж байх ёстой. Тиймээс тэрхүү сүлд дууг сэтгэл зүрхнээс нь өөрийн эрхгүй оргилсон хүчээр эхлүүлдэг Ливерпүүлийн фанатууд өршөөж уучилдаггүй. Энэ баг уйтгартай, эсвэл байх ёстойгоосоо илүү хувьсгалч, өвөрмөц бус болчихвол Ливерпүүл хот Их Британийн газрын зурагнаас арчигдаж алга болох биз.
Брендан Рожерсийн үед утгаа алдаад байсан Ливерпүүл 2015 оны аравдугаар сард шинэ рокертой болов. Юрген Клопп анхны хэвлэлийн хурал дээрээ л Битлз хамтлагийн нэгэн дуунд гардагчлан “Би энгийн нэгэн” (I’m Normal one) гэсэн гал цогтой мэдэгдлээрээ сэтгүүлчдийг сортолзуулж, копуудын сэтгэлд шууд хүрсэн билээ. Хамгийн сонирхолтой нь Клопп бүр эсрэг дүрээр домог болсон юм. Тэрээр ямар ч энгийн нэгэн бус, харин энгийн, хэвийн бус гэдгийг бүгд ойлголоо.
Клопп аврагч байх “ялтай” ирсэн. Түүний зэрлэг гоё ч гэмээр эрч хүч, сэтгэл татам инээмсэглэл, камерийн өмнө тайван, нухацтай байж чаддаг зэрэг нь “Аврагч”-ийн дүр төрхөнд нь чимэг болж өгдөг. Тэрээр чангаар, мөн аймшигтайгаар “Ливерпүүл өөрийн дасгалжуулагчаа олсон” нэмээн зарлажээ. Яг л хүсч, тэмүүлж байсан хайртаа олсон мэт л. Мэдээж таатай ч бас хариуцлага хүлээх нь ойлгомжтой.
Эндээс Юргенд саад гарч ирэв. Тэрээр тэнгэрээс газар дээр бууж ирсэн ч агуу дуучид, хөгжимчид олны хашгираан, галзуурал дор рок-н-роллын түүхийг бүтээдэг Вудстокийн тайз нь Ливерпүүл клуб биш байсан юм. Ливерпүүл хөлбөмбөгийн клуб нь юуг, яаж, хэнд зориулж тоглохоо огтхон ч ойлгодоггүй, рокер хэмээх нэрэндээ ташууран мансуурсан хүмүүст л тохирох жижигхэн, нууцлаг, гэхдээ зөвхөн тэдэнд л ойлгомжтой философ дээр суурилж, тэр л философоор нэвт шувт тэжээгдсэн ямар нэг илүү хүчирхэг, илүү далайцтай, жинхэнэ нөлөө бүхий зүйл болж таарсан юм.
Ливерпүүл улирлыг сайн эхлүүлсэн ч улмаар суларч, хүснэгтийн адаг хавийн багуудад хожигдож, Клопп хэвлэлийн хурал дээр хүртэл “Би энэ тэнэг хожигдлыг мартаж чадахгүй” хэмээн мэдэгдэл хийх болов. Тэрээр сэтгүүлчдийн өмнө “Бидэнд тоглогч худалдаж авах хэрэг байхгүй” хэмээн мэдэгдэхдээ үнэн бодит байдлыг өөрийн эрхгүй хүлээн зөвшөөрсөн юм. Хөлбөмбөгийн тоймчид ч “Тэрээр Ливерпүүлийн хүнд нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрсөн ч гаднаа ил гаргахгүй байна” хэмээн ярьж байв. Гэвч топ-клубыг тодорхойлж, дүрсэлж байсан түүний энэхүү дэврүүн яриа, арга барил нь амжилтын үнэрийг мэдрээд алдсан Европа лигийн финалд замхарч, авах байсан цомоо авч чадаагүй юм.
Европ лигийн финалд хожигдсоны дараа Жейми Каррагер “Юрген, зүүн захын хамгаалагч худалдаж аваач жж” хэмээн Твиттертээ бичиж байв. 2016/17 оны улиралд Клопп довтолгоондоо ганган тоглогчдыг авч, улирлыг гайхалтай эхлүүлэв. Мане, Виналдум хоёр Коутиньо, Фирмино дээр хүч нэмж, тэд ПЛ-л түрүүлж магадгүй нь гэсэн яриа дахин эхлэлээ. Тэд Контегийн Челсийг Стамфорд Брижд нь нухаж, шинэ оны өмнөхөн Гуардиолагийн Ситиг булшлав. Рок-н-ролл буцаад ирсэн мэт л санагдав. Яг л Каррагерийн хүсч байсан рок.
Нэгдүгээр сар хүртэл Ливерпүүлд ямар нэг асуудал гарна гэж хэн ч нухацтай бодоогүй нь лавтай. Хүүхдүүд гүйж, хөгжөөн дэмжигчид дуугаа дуулж, Normal one-ий хөрөг байрандаа залраастай байхад хэн ингэж бодно гэж.. !! Гэтэл сүүлийн есөн тоглолтод ердөө л нэг хожиж, ПЛ-ийн лидерээс 10 оноогоор хоцорч, Аваргуудын лигийн эрхээ алдаж ч магадгүй байрлалд ирээд байна. Гэнэт тэнгэр хөмөрсөн мэт л олон юм орвонгоороо эргэв. Рожерс Аваргуудын лигт оруулж байсан. Ливерпүүлд хаалгач алга. “Майнц”-аас ирсэн хүн, Минолье нарын хооронд өрсөлдөөн алга, хоёулаа муу. Челсигийн хаалган дээр зогсохын төлөө Тибо Куртуа, Петр Чехийн өрнүүлж байсан өрсөлдөөнтэй харьцуулах ч юм биш.
Нэг мэдэхэд л Ливерпүүл 22 тоглолтод 27 гоол алдчихсан тууж явах аж. ПЛ-д 16-д яваа Мидлборо зэрэг Английн Премьер лигийн долоон баг үүнээс бага гоол алджээ.
Английн ПЛ-ийн түрүүг нүцгэн сэтгэл зүй, сэтгэлийн хөөрлөөр авах боломжгүй гэдгийг ойлгосон биз. Фергюсон Видичем-Фердинанд, Манчини Компани, Моуриньо Терри-Кэйхил, тэр бүү хэл Раньери Морган-Хут гэсэн хамгаалалтын тогтвортой сайн ноён нуруугаар авч байсан. Гэтэл Ливерпүүлд сүүлийн таван жилд ийм тогтвортой, бат бэх хамгаалалт байсангүй.
Амжилт бүрийн ард бат бэх суурь байдаг. Анфилдэд тэрхүү суурь буюу хамгаалалт алга. Энэ бол яваад, сурсны эцэст олж авдаг дээд боловсролтой адил. АПЛ-ийн аваргын төлөө тэмүүлж буй клуб бүр энэ суурийг бий болгох ёстой байдаг. Суурийг сүлд дуу, эсвэл Энгийн Клоппын хөргөөр бүтээхгүй, харин ухаж суулгаж бий болгодог. Тэд гитар, бөмбөр тоглож, дуулж чаддагүй байсан бол Битлз төрөн гарч, хувьсгал хийхгүй байсан.
Клоппт эхнээс л ингэж нэрлэчихсэн болохоос тэр аврагч биш. Энд Рожерс ч, Далглиш ч аврагч биш. Ливерпүүлд Гуардиолаг, Жеррардыг, эсьэд бүр Пол Маккартнийг ч авчирч болно. Харин хэн ч тусалж чадахгүй.

Тиймээс рок-н-ролл нь фон, хавтас, эсвэл түүх байж болох ч түшиг тулгуур бол биш. Байлдааны нэр хоч нь Газар дээрх ганцхан дуу авиа, нэр биш. Хотын дэврүүн, романтик байдал оргил цагийн замын түгжрэлийг арилгахгүй. Яагаад гэвэл, мөрөөдөгч, цөхөрсөн, гэхдээ хувьтай Ливерпүүл клубыг Ливерпүүлээс өөр хэн ч аврахгүй.

No comments:

Post a Comment