Wednesday, February 8, 2017




Иванка Трамп – АНУ-ын “Тэргүүн” охин

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын том охин Иванка 35 насандаа амжилттай бизнесмэн, зохиолч, олонд нэртэй танил болжээ. Түүний хөрөнгө мөнгө 150 сая долларт хүрээд байна. Харин Цагаан ордны шинэ эзэн Д.Трамп том охиныхоо ирээдүйг хэрхэн харж байгаа бол?
Иванка Трамп олны анхааралд өртөх дуртай биш. Тэрээр өсвөр насандаа загвар өмсч, дараа нь моод, бизнес, хэвлэл мэдээлэл болон өөрийгөө хөгжүүлж төгс төгөлдөр болгох урлагийг хамарсан томоохон группын эзэн болсон юм. Эцэг нь АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч болсон тул Иванка илүү их анхааралд өртөхөөр болж байна. Д.Трамп Цагаан ордонд ирэхдээ охиноо нөхөр Жаред Кушнерийнх хамт Цагаан ордонд авчирна хэмээн мэдэгдэж байсан билээ. Иванка гэр бүлийн хамтаар Вашингтон хотын төвийн нэр хүнд бүхий Жоржтаун дүүрэгт шилжихээр төлөвлөж байх хооронд тэргүүн хатагтайд зориулан тохижуулсан Цагаан ордны өрөөг “тэргүүн” охинд гаргаж өгөх гэж байгаа гэсэн яриа гарчээ. Цагаан ордонд анх удаа ирж, анх удаа Вашингтоны улс төрийн тавцангийн төвд гарч ирсэн тэргүүн хатагтай нар төр, засгийн өдөр тутмын ёслол, ажиллагаанаас зайгаа барьдаг нь гайхалтай зүйл биш хэмээн АНУ-ын тэргүүн хатагтай нарын тухай ном бичдэг Сюзан Суэйн өгүүлж байна. Зарим мэдээллээр, тэргүүн хатагтай Меланиа Трамп амьдралынхаа “хэвийн хэмнэл”-ийг хадгалж, хүүхдүүдээ олны анхаарлаас хол байлгахын тулд нэг хэсэг Нью-Йорк хотод үлдэх шийдвэр гаргасан гэж байна.
New York Times сонин мэдээлснээр, Эрик Трампын өглөгийн сан Иванка Трамптай кофе уух эрхийг дуудлагаар худалджээ. Лондонд хөрөнгө оруулалтын бизнес эрхэлдэг Озан Озкурал гэгч АНУ-ын шинэ Ерөнхийлөгчийн Турк болон бусад орны талаар баримтлах бодлогыг тандаж мэдэх боломж хэмээн үзэж энэ эрхийн төлөө 60 мянган доллар санал болгосон юм. Үнэ хаялцсаар 72 мянга 888 долларт хүрч, энэ бүх орлогыг Теннеси дахь St Jude дахь хүүхдийн эмнэлэгт хандивлана гэжээ. Гэвч дараа нь Америкийн хамгийн нөлөө бүхий бүсгүйтэй кофе уух эрхийн дуудлага худалдааг цуцалсан юм.
Меланиа Нью-Йоркт саатаж байх хооронд, Иванка Цагаан ордон дахь албан ёсны арга хэмжээнд эцгийгээ дагалдаж, зарим үед улс орны тэргүүн хатагтайн үүргийг гүйцэтгэх бололтой. Ийм тохиолдол АНУ-ын түүхэнд нэг бус удаа гарч байсан билээ. Иванка эмэгтэйчүүдийн эрх, цаг агаарын өөрчлөлт, хүүхдийн асран хамгаалал зэрэг асуудлаар зоригтой мэдэгдэл хийж, олон нийтийг уриалан дууддаг идэвхтэй нэгэн. Хэдийгээр түүний үзэл бодол Бүгд найрамдах намын бодлоготой зөрөлдөх магадлалтай ч тэрээр Ерөнхийлөгч эцэгтээ ихээхэн нөлөө үзүүлэх чадалтай, хүчтэй эмэгтэй хэмээн тоймч, ажиглагчид үнэлж байна.

Хятадад орохдоо хурууны хээгээ өгнө

Хятадын эрх баригчид улс орны нутаг дэвсгэрт орж ирж буй гадаадын бүх иргэдээс хурууны хээг нь авч байхаар болсныг тус улсын Үндэсний аюулгүй байдлын яамнаас зарлалаа. Гадаадын жуулчин, гийчдийг бүртгэх шинэ системийг Гуандун мужийн Шэнжэн хотын олон улсын нисэх буудал дээр хоёрдугаар сарын 10-наас эхлэн туршиж үзэхээр болжээ. Оны эцэс гэхэд Хятадын хилийн бүх шалган нэвтрүүлэх боомт дээр хурууны хээ авдаг болох аж. Хятад улсад зорчихоор ирж буй 14-70 насны иргэдээс хурууны хээ авна. Харин гадаадын дипломат ажилтнууд үүнээс чөлөөлөгдөж байгаа юм. Хурууны хээ авах нь гадаадын олон оронд өргөн тархсан, дотоодын аюулгүй байдлын үүднээс ийм арга хэмжээ авч байна хэмээн Бээжингийн Засгийн газрын төлөөлөгч мэдэгдлээ.

Крымд зургаан мянган хүн гэрэлгүй хоцров

Таагүй цаг агаарын улмаас цахилгаан дамжуулах шугам хөлдөж, тасарсны улмаас Крымийн зургаан мянга орчим иргэн гэрэл, цахилгаангүй болоод байна хэмээн ОХУ-ын Эрчим хүчний яамнаас мэдээлэв. Нийтдээ 21 тосгон, суурин гэрэлгүй болоод байна. Тус хойг дээр гэрэл цахилгааны ханган нийлүүлэлт хүндэрсэн тул хоёр өдрийн турш тэг зогсолт хийхээс аргагүй байдалд оржээ. Мэргэжилтэн, инженерүүд ослын үр дагаварыг арилгахаар шуурхай ажиллаж байна.
Украинд дотоодын хямрал, мөргөлдөөн хурцадсаны дараа буюу 2014 оны гуравдугаар сард Крымийн хойг дээр бүх нийтийн санал асуулга болж иргэдийн дийлэнх олонх нь ОХУ-д нэгдэх нь зүйтэй хэмээн шийдвэр гаргасан юм. ОХУ-ын засаг захиргаа энэ шийдвэр дээр үндэслэн Украины мэдэлд байсан Крымийг өөртөө нэгтгэсэн билээ.

Афганистанд Улаан загалмайн ажилтнуудыг хөнөөжээ

Афганистаны хойд хэсгийн мужид хүмүүнлэгийн тусламж түгээж явсан Олон улсын улаан загалмайн нийгэмлэгийн зургаан ажилтан алан хядагчдын дайралтад өртөн амь насаа алджээ. Их цасанд нэрвэгдсэн тосгоны иргэдэд хүмүүнлэгийн тусламж хүргэж явсан афган иргэд байсан аж. “Исламын улс” бүлгийн хамсаатнууд энэ халдлагыг үйлдсэн хэмээн эрх баригчид үзэж байна. Халдлагын дараа хоёр ажилтан сураггүй алга болсон хэмээн Олон улсын улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөгч Томас Гласс мэдэгдлээ. Афганы хойд нутгаар ихээхэн цас орж, зарим сууринд ихэд хүйтэрч, уулын цас нурсны улмаас 100 орчим хүн амь насаа алдаад байгаа аж. 

No comments:

Post a Comment