Wednesday, August 27, 2014

Үр дүнгээ өгөөгүй “Ногоон уут”-ыг дахин тараах нь ямар учиртай вэ

Ихээхэн хэл ам дагуулсан хогны ногоон уутны төсөл есдүгээр сарын 1-нээс дахин хэрэгжиж эхлэхээр болжээ. Айл өрхөөс гарч буй хог хаягдлыг цэгцлэх, ангилах, хогоо соёлтой хаяж сургах гол зорилготой хэмээн тунхаглаж байсан. Гэвч төсвөөс гурван тэрбум төгрөг зарлагадан хэрэгжүүлсэн энэхүү төсөл үр дүнгээ өгөөгүй. Тэртэй тэргүй дэлгүүрээс авсан торондоо хогоо хийгээд хаячихдаг орон сууцныханд ямар ч ахиц, дэвшилтэй юм болоогүй, гэрийн хогны саванд нь багтахгүй баахан ногоон ууттай л болсон. Харин гэр хорооллынхныг хогоо ногоон уутанд хийгээд хаяарай, ногоон уутандаа хийгээд замын хажууд сайхан тавиад бай, хогны машин ирээд л аччихна, ингэж бид хоггүй сайхан хот, гудамжтай болно гэж байсан ч тэгсэнгүй. Замын хажууд тавьсан ногоон ууттай хогыг нь үхэр, нохой мэт нь шиншлэн тарааж тэрнээсээ эс юм болж байна. Нийслэлчүүд ногоон ууттай болоод “хог хаях соёл”-той болсонгүй, хот хогноосоо салаад цэвэр цэмцгэр болсонгүй.
Гэтэл дахиад л ногоон уут тараах сураг сонсогдож, дахиад л төсвийн мөнгө тэрбум тэрбумаараа урсах нь. Ногоон уут тарааж буй бас нэг тайлбар нь үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж байна гэдэг. Одоогоор хотын захиргааны санаачилгаар хэрэгжүүлж буй хогны ногоон уут тараах төсөлд “ОБ Пласик”, “Мультипак”, “Мөнгөн пластик”, “Монгол хэвлэл” компаниуд оролцож байгаа юм байна. Эдгээр үндэсний компаниа дэмжиж, төсвөөс гурав орчим тэрбум төгрөгийг тарааж, 27 сая орчим ногоон уут хийлгэж байгаа ажээ. “ОБ Пластик” бол та бидний иддэг “Атар”, “Зууван Чех”, “Мишээл” талх болон томоохон супермаркетуудын тор зэргийг үйлдвэрлэдэг үндэсний шилдэг компанийн нэг. Харин нөгөө гурав нь үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмж гээд байх юм бараг байхгүй бололтой. Өөрөөр хэлбэл төсвөөс авсан хэдэн зуун сая төгрөгөөр хаана, ямар үйлдвэрлэл явуулдаг нь бүрхэг. Сураг сонсохноо урд хөршид очиж, хогны ногоон уут хийлгээд аваад ирдэг гэх.

Нөгөө үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, нийслэлчүүдийг хог хаях соёлд сургах төсөл нь явж явж урд хөршийн эдийн засгийг дэмжсэн хэрэг болж байна уу. Арай үндэсний компаниараа “гул барьж”, хэдэн түшмэлийн халаасны компанийг мөнгөөр тэтгэж, үндэсний эдийн засагт бус, урд хөршийн эдийн засагт хувь нэмэр оруулж байгаа юм биш биз. Хогны ногоон ууттай, уутгүй болоод л байсан. Ногоон уут тараагаад байдал огт дээрдээгүй. Тэгсээр байтал дахин төсвөөс гурван тэрбумыг гаргаж, ногоон уут тараах нь ямар учиртай юм бол. Ногоон уутанд зарцуулж буй тэрбум тэрбум төгрөгийг өөр амин чухал хэрэгтэй төсөл, хөтөлбөрт зарцуулж болох талаар сэтгүүлчид, иргэд хангалттай бичиж, дуугарч байсан. Төр засгаас Ажаа гэгээний санаачилгаар босч буй хүүхдийн эмнэлэгт амласан мөнгөө өгөлгүй “луу унжиж” байна л гэсэн. Ядахдаа тийшээ энэ мөнгийг зарцуулбал бидний үр хүүхэд, хойч ирээдүйд хэрэгтэй бус уу.   

Sunday, August 3, 2014

Хятадад газар хөдөлж 381 хүн аминд хүрээд байна

Хятадын Юньань мужийн уулын бүсэд 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 381 хүн амиа алдаж, 1800 гаруй хүн гэмтэж бэртээд байна хэмээн тус улсын эрх баригчид мэдэгдлээ. Олон байшин барилга нурсны дотор сургууль, цэцэрлэг байгаа аж. Харилцаа холбооны дэд бүтэц ихээхэн сүйрчээ. Газар хөдлөлтийн хүч хөрш Гуйяжоу, Сычуань мужид мэдрэгдсэн байна. 

Wednesday, July 2, 2014



Линдси Лохан компьютер тоглоомын компанийг шүүхэд өгчээ

Н.МӨНХЖИН

Холливудын жүжигчин Линдси Лохан Grand Theft Auto V хэмээх компьютер тоглоомын компанийг шүүхэд өгчээ. Тоглоомын нэг баатрын дүр төрх шуугиант жүжигчин бүсгүйтэй тун адилхан байсан нь ийнхүү гомдол гаргахад хүргэсэн бололтой. Лохан уг тоглоомыг зохион бүтээсэн Rockstar Games болон Take-Two Interactive компанийг Нью-Йоркийн дээд шүүхэд иргэний гомдол гаргаж өгсөн байна. Grand Theft Auto V тоглоомд Лэйси Жонас хэмээх папарацци нараас зугтдаг эмэгтэй байдаг. “Энэ дүрийг бүтээхдээ миний хувцаслалт, нарны шил, малгай, үс засалт, бүр жинсэн шортыг хүртэл дуурайлган ашигласан” хэмээн Лохан шүүхэд өгсөн гомдолдоо онцолсон байна. Grand Theft Auto V тоглоом 2013 оны есдүгээр сард худалдаанд гарснаа хойш зохион бүтээгчиддээ 800 сая долларын ашиг авчраад байгаа юм. Линдси Лохан хэдхэн хоногийн өмнө 28 хүрчээ.

Tuesday, June 10, 2014




Циркчид амьтан тоглуулахыг хориглосныг эсэргүүцэж байна

Циркийн тоглолтод амьтан ашиглахыг хориглосон шийдвэрийг эсэргүүцсэн циркийн мянга орчим ажилтан Мехико хотын гудамжинд гарч жагслаа хэмээн “ВВС” мэдээлэв. Эрх баригчдын энэхүү харалган шийдвэрийн улмаас циркийн амьтад төдийгүй циркийн жүжигчид ажилгүй хоцорно хэмээн жагсагчид үзэж байна. Шинэ хуулиар, арслан, бар, нохойг циркийн тайзнаа ашиглахыг хоригложээ. Харин далайн гахайн үзүүлбэр, бухны тулааныг зөвшөөрсөн хэвээр үлдээжээ.

Женнифер Лопес нээлтийн ёслолын дууг дуулна

Пуэрто-Рико гаралтай дуучин Женнифер Лопес куба гаралтай рэпчин Питбулл болон бразил бүсгүй Клаудиа Лейте нарын хамт хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн тоглолтын (Бразил - Хорват) өмнөх ёслол дээр “World Cup - 2014”-ын сүлд дууг дуулахаар боллоо хэмээн FIFA-гийн хэвлэлийн албанаас мэдээлэв. Ж.Лопес We are one хэмээх сүлд дууг дуулахаас татгалзсан хэмээх мэдээлэл тархсан ч тэрээр энэ мэдээллийг няцаалгүй удсан юм. Нээлтийн тоглолт “Арена Коринтианс” цэнгэлдэхэд 13-ны үүрийн 04.00 цагт (УБ-ын цагаар) болно.

Бритни Спирс, Кристина Агилерагийн нэрийг хар тамхинд ашиглажээ

Америкийн хар тамхины наймаачид өөрсдийн бараанд нэр өгөхдөө поп оддын нэрийг ашигласан байжээ. Мафийнхан нууцаар тээвэрлэдэг кокаинаа Кристина Агилера хэмээн нэрлэж, крэк хэмээх холимог хар тамхийг Бритни Спирс хэмээн нэрлэж байв. Тэд хар тамхиндаа ийнхүү нууц нэр өгснөөр хууль хяналтын байгууллагаас олон жилийн турш бултаж чадсан юм.
Цагдаагийнхан арван сарын турш уйгагүй мөрдсөний эцэст Нью-Йорк муж дахь хар тамхи наймаалагчдын томоохон сүлжээг илрүүлсэн байна. Мафийнхан поп оддын нэртэй хар тамхийг борлуулахдаа насанд хүрээгүй хүүхдүүдийг ашигладаг байжээ. Цагдаа нар 25 хүнийг баривчилж шүүхэд хүлээлгэж өгөөд байна.

Tuesday, June 3, 2014

Thursday, May 29, 2014

Сноуден жинхэнэ тагнуулчаар бэлтгэгдсэн байжээ

Тагнуулын мэдээлэл цуглуулан хадгалдаг тун хүчтэй програмд нэвтрэн хулгайлсан мэдээллээ олон нийтэд түгээсэн АНУ-ын Үндэсний тагнуулын агентлагийн (NSA) экс ажилтан Эдвард Сноуден тагнуулчаар бэлтгэгдэж, Вашингтоны тусгай алба, тагнуудын агентлагуудад нууцаар ажилладаг байснаа хүлээн зөвшөөрлөө. Америкийн NBC телевиз Москвад очиж хийж, өчигдөр эфирээр цацсан ярилцлагын хэсэг ийнхүү хэвлэлээр тараад байна. Тэрээр бага түвшний, сайн биш шинжээч байсан гэх яриаг эрс няцаасан юм.
“Би тагнуулчаар бэлтгэгдсэн. Энэ үг ямар утгатай байдаг билээ дээ, яг л тэрүүгээр буюу тагнуулчаар бэлтгэгдсэн хүн. Гадаадад дүр эсгэж тагнуулчийн ажлаа хийж, амьдарч үзсэн. Үүний тулд таньж мэддэггүй ажлаа хүртэл хийх гэж оролдож явлаа. Тэр бүү хэл, надад өөр нэртэй паспорт олгож гадаад руу явуулж байв” хэмээн Сноуден ярьжээ. АНУ-ын Төрийн департаментын нууц мэдээллийг ил болгоод эх орноосоо зугтан Орост ирж бүгээд байгаа экс тагнуулч өөрийгөө “техникийн шинжээч” хэмээн тодорхойлов. “Би хүмүүстэй цуг сууж ажилладаггүй. Би тагнуулч элсүүлдэггүй. Миний хийдэг зүйл бол Америкийн нэгдсэн улсад зориулсан үйл ажиллагааны систем, программ хангамжийг хариуцах. Би энэ ажлыг бүр багаас нь  эхлээд дээд түвшинд нь хүртэл ажиллаж байсан” хэмээн Эдвард ярилаа.
Мань эр гадаадад Тагнуулын төв газарт ч, Үндэсний тагнуулын агентлагт ч ажиллаж байсан гэдгээ онцолж хэлсэн юм. Тэрээр “мэдээллийг хадгалах” арга хэлбэр, эх үүсвэрийг хөгжүүлэх тал дээр ажилладаг байв.
Э.Сноуден АНУ-ын төрийн нууц мэдээллийг задруулсныхаа дараа эхлээд Хонконг руу зугтсан юм. Дараа нь Москвад очихдоо 1.7 сая маш нууц баримт, материалыг цахим хэлбэрээр авч очсон хэмээн үздэг. Америкийн Үндэсний тагнуулын агентлаг иргэдийн цахим шуудан, гар утасны дуудлага зэргийг хянаж, чагнадаг байсан тухай мэдээлэл ийнхүү алдагдсан юм. Вашингтоны эрх баригчид хэдэн сая иргэнийхээ интернэтийн хэрэглээг тагнахын тулд тусгай программ, хөтөлбөр боловсруулан ажилладаг нь одоо нууц биш болжээ.

Сноуден албан тушаалаа урвуулан ашигласан, төрийн өмчийг хулгайлсан, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах чанартай мэдээллийг санаатайгаар тараасан, бусдад дамжуулсан хэрэгт буруутгагдаад байгаа. Тэрээр Орост түр буюу хоёр жилийн хугацаагаар оршин суух эрх аваад байгаа билээ. Сноуден Оросыг орхиж Герман руу гарах санаатай байсан ч бүтээгүй аж. 

Wednesday, May 28, 2014