Tuesday, June 25, 2013



 

 

Ли Пен: Дундаж цалин Бээжинд 800-900 доллар, Шанхайд 1000 доллар байна

 

Хятад бол XXI зууны үзэгдэл. Үүнийг Хятадын загварыг дэмжигчид ч, эсэргүүцэгчид ч няцаадаггүй. Геополитикийн талбар дээр маш сайн тоглодог. Харин ард түмнийхээ амьдралын түвшинг доошлуулсны хүчинд эдийн засгийн үсрэнгүй хөгжилд хүрсэн гэх яриа бий. Хятадын гайхамшгийг бүтээгч энгийн иргэн яаж амьдардаг вэ. Энэ талаар энгийн хятад иргэн, жуулчдын хөтөч Ли Пен “Правда”-д ярьж байна.

 

-Ли, Хятадын улс төр, эдийн засгийн байдлыг хэрхэн дүгнэх вэ?

 

-Эдүгээ Хятадын гол зорилго нь эдийн засаг болж байна. Дэлхий даяар хямрал нүүрлэж, Хятад ч өөрийн гарцаа хайж байна. Өмнө нь Хятад Азийн бусад улсын адилаар зөвхөн өөрийнхөө төлөө ажиллаж байсан. Бидний цаг үед бүх юм өөрчлөгдөж, Хятад улс Европ, Америкийн зах зээл рүү чиглэж байна. Улс төрийн хувьд бол Хятад улс Япон, Вьетнамтай газар нутгийн маргаан өрнүүлж, таагүй байдал үүсээд байна. Энэ асуудлыг мэдээж дипломат аргаар шийдвэрлэх хэрэгтэй. Хятад улс хэнтэй ч харилцаагаа хүндрүүлэхийг, тэр тусмаа дайтахыг хүсэхгүй байна. Ингэвэл эдийн засагт л муугаар нөлөөлнө.

 

-Энэ бол глобал дүр зураг. Харин газар дээр, амьдрал дээр хятадууд хэрхэн амьдарч байна вэ?

 

-Энгийн хятад иргэд өнөөдөр сайн амьдарч байна. Сүүлийн 30 жил улс оронд эдийн засгийн хувьсгал хэмээн нэрлэгдсэн том өөрчлөлт гарсан. Эдгээр он жилүүдэд өөрчлөлт шинэчлэл тун хурдан явагдсан. Хятад дахь амьдралын одоогийн түвшнийг таван жилийн өмнөхтэй харьцуулахад л асар их ялгаа харагдана. Эдийн засгийн хөгжилтэй хамт ирсэн олон асуудалтай тулгарах нь иргэдэд амаргүй байсан байх. Дэд бүтэц нь хангалттай хөгжөөгүй хөдөөний хотууд гарч ирлээ. Экологийн асуудал хажуугаар нь босч ирж байна. Нэг зүйлийг тэмдэглэн хэлэхэд, манай улсад эмнэлгийн үйлчилгээ сайн хөгжиж байна. Хүмүүс эмчилгээний зардлын 15-20 хувийг л төлдөг. Бусдыг нь улс хариуцаж байна.

Дундаж цалингийн тухайд, Бээжинд 800-900 доллар. Шанхайд арай илүү 1000 доллар. Том биш хотуудад дундаж цалин 300-400 доллар байна. Хятадад “Нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлого хэрэгждэгийг мэдэх байх. Би үүнийг дэмждэг. Гэр бүлийн нэг хүүхэд шаардлагатай бүх анхаарал халамжийг авч байна. Сайн хооллож, сайн хүмүүжүүлж байна. Нөгөө талаас, энэ нь тэдний зан аашинд нөлөөлж эрх дураараа, хувиа хичээсэн хүн болгодог. Орчин үеийн залуус ер нь нийтэч биш, ихэнх нь интернэтээр харилцахыг эрхэмлэдэг. Гэвч хятад залуус сайн боловсрол эзэмшдэг.

 

-Үйлдвэрлэл хөгжсөнөөр хөдөөнөөс хот руу орох урсгалыг бий болгодог...?

 

-Тэд илүү цалинтай ажилд орох гэсэн ганцхан шалтгаанаар л хөдөөнөөс хот руу орж ирдэг. Гэвч том хотод ирж байгаа хүмүүст арай өөрөөр ханддаг л даа. Үүний хажуугаар том хотын хүмүүс хөдөө шилжих, жижиг биш хотод амьдрах эсрэг урсгал бас байна. Агаар нь цэвэрхэн хөдөө нутагт ямар нэг аж ахуй эрхлээд амьдрах хүсэлтэй хотын иргэд их байна.

 

-Хятадын ололт амжилт коммунист нам болон коммунист сургалтын хятад хувилбартай холбоотой байдаг. Энгийн иргэд нь ийм санаа бодлыг хуваалцдаг уу?

 

-Өмнө нь энгийн иргэнд зөвхөн амьдралынх нь түвшин чухал байсан. Одоо хүмүүс улс төрийг илүүтэй сонирхож, зурагт үзэж, интернэтээр хэсэж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой болсон. Ер нь, хятад иргэд коммунист намд сайн ханддаг. Намын үйл ажиллагааг, жишээ нь интернэтээр шүүмжлэх нь гэмт хэрэг биш. Гэхдээ сэтгэл хөдлөлөө дэвэргэлгүй, зарим хэм хэмжээг сахих хэрэгтэй. Эс бөгөөс хуулинд харшилж магадгүй.

 

-Хятад нь аялал жуулчлалын хөлд дарагдсан улс. Жил бүр 100 сая жуулчин ирдэг. Олон түүхэн хөшөө дурсгалыг устгаагүй, байгалийн сайхныг сүйтгээгүй бол илүү олон жуулчин ирэх байсан байх даа?

 

-Дэлхийн олон хүн Хятад орныг бараан дүнсгэр, хоцрогдсон, түгжигдсэн улс, хүмүүс нь найрсаг, сайн, хөгжилтэй биш гэсэн ойлголттой байдаг. Харин энд ирээд аялж үзээд энэ бодол нь бүрэн өөрчлөгддөг. Надаас гадаадын жуулчид байнга асуудаг, хулгай хийсэн хүний гарыг тайрдаг хууль байдаг уу гэж. 100 жилийн өмнө л ийм зүйл байсан. 100 жилийн өмнө АНУ-д хар арьстныг нохойтой зүйрлэж, цагаан арьстнуудтай хамт нэг газар орохыг хориглож байсантай адилхан. Манай Засгийн газар гадаадын жуулчдыг татахын тулд маш их ажил хийдэг.

 

-Та нар Америкт хэрхэн ханддаг вэ?

 

-Хятадууд бид АНУ-д тийм ч дуртай биш. Яагаад гэвэл Америк бол Японы холбоотон. Мөн Хятадын эсрэг үзэлтэй Вьетнамыг зарим асуудал дээр дэмждэг. Дэлхийн II дайны дараа америкууд Хятадын Сенкаку арлыг Японд шилжүүлж өгсөн. Үүнээс болж Хятад, Япон хоёр газар нутгийн маргаан дэгдээж байна.

 

-Хятад иргэд ямар өөрчлөлтийг хүсч байна вэ?

 

-Амьдралын нөхцөлийг сайжруулаасай  гэж хаа сайгүй хүсч байна. Хятадуудын ихэнх нь Тайвань арлыг буцаад Хятад улсын бүрэн эрхт газар нутаг болоосой гэж хүсдэг. Эрх баригчид энгийн иргэдийг сайн халамжилдаг. Орлого багатай иргэдэд олон тусгай сургууль, эмнэлэг барьсан. Эдүгээ улс орны зүүн хэсэг нь баруунаасаа илүү хөгжсөн. Тиймээс баруун нутаг руу шилжин амьдрах гэж байгаа залуу хүмүүсийг төрөөс ихээхэн дэмждэг.

 

-Залуусын амьдралын гол зорилго юу байна?

 

-Ширээн дээрээ юу тавих вэ гэдэг үргэлж хамгийн чухал зүйл байсаар ирсэн. Томоохон тулгамдсан асуудлын нэг бол орон сууц. Орон сууц маш үнэтэй байна, олон хүнд тэнд орох боломж алга. Хэн нэг нь орон сууцанд амьдарч байгаа бол өв залгамжилж авсан гэсэн үг. Ихэнх хүмүүс байр худалдаж авах чадваргүй байна. Хятадад нэг уламжлал байдаг. Өөрийн гэсэн орон гэр бол чиний үндэс суурь гэдэг. Орон байртай хүн цаашдаа тайван амьдарч чаддаг. Тиймээс хятадуудын хувьд байр, орон гэр маш чухал. Орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч нөхцөл нь хатуу. Сарын хамтын орлого нь 2000 мянган доллараас хэтрэхгүй гэр бүлд энэ орон сууцыг олгодог ч дарга, түшмэлүүд замаас нь аваад дамлаж зарах нь их.

 

-Хятад иргэд хаана амарч, аялаж байна вэ?

 

-Сүүлийн 10 жилд хятадууд Европ, Америк руу их аялах болсон. Баян хятадууд гадаадад үл хөдлөх хөрөнгө, заримдаа бүхэл бүтэн гудамжийг худалдан авч байна. Хятадын хүн амын нэг хувь нь саятан. Тэгэхээр нэг сая 500 мянган саятан байна гэсэн үг. Гэхдээ тэдний ихэнх нь өөрсдийн хөдөлмөрөөр бус, улсын хөрөнгийг үнэгүй шахам авч баяжсан хүмүүс.

Энгийн иргэдийн хувьд гадаадад амрана гэдэг их үнэтэй. Тиймээс дийлэнх нь амралтаараа гадаад явж чаддаггүй. Харин дотооддоо их аялж байна. Хайнань зэрэг дэлхийн хэмжээний амралт зугаалгийн газар их гарч ирсэн. Тийшээ их явдаг.

Wednesday, June 19, 2013







Хойд Солонгос Приморийн хязгаарт хөрөнгө оруулна

Хойд Солонгосын эрх баригчид ОХУ-ын Приморийн хязгаарын хөдөө аж ахуйн салбарт нэг сая долларын хөрөнгө оруулалт хийхээр зэхэж байна. Хойд солонгосууд эрдэнэ шиш, буурцгийн тариалангийн хөгжлийг дэмжихээс гадна амьтан үржүүлгийн төсөлд хамтран ажиллах сонирхолтой байна. Мөн Пхеньян аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлжээ. Хойд Солонгост уулын цанын бааз байгуулахад тусламж хэрэгтэй байгаа аж. “Хятадын жуулчид Хойд Солонгост улам олноор ирэх боллоо. Үүний хажуугаар Приморийн хязгаарын иргэд манайд байнга зочилж байгаасай гэж хүсч байна” хэмээн Хойд Солонгосын консул Им Чон Ир мэдэгдлээ.

Хэвлэлийн магнатыг тусгай албаны тэргүүнээр томилсондоо хүлцэл өчив

Болгарын Ерөнхий сайд Пламен Орешарский хэвлэлийн магнат Делян Пеевскийг Үндэсний аюулгүй байдлын агентлагийн даргаар томилсондоо уучлал хүслээ. Засгийн газрын тэргүүн өөрийн санаачилгаар энэ албан тушаалд хэвлэлийн магнатыг томилсон бөгөөд “Энэ нь алдаатай шийдвэр байжээ” хэмээн мэдэгдэв. Өчигдөр Болгарын парламент Пеевскийг санал нэгтэйгээр Үндэсний аюулгүй байдлын агентлагийн даргаас чөлөөлжээ.
Дээрх томилгоог эсэргүүцсэн хэдэн мянган хүн нийслэл Софи хотын гудамжинд гарсан юм. Эрх баригчид эсэргүүцлийн хөдөлгөөнийг намжаахын тулд Пеевскийг даруй огцруулав. Тусгай албанд ажиллаж байсан туршлагагүй Пеевский өөрийн медиа холдингийн эрх ашгийг л хамгаалж ажиллана хэмээн шүүмжилж байсан юм. Жагсагчид зөвхөн Пеевскийг огцруулах биш, Засгийн газар бас огцрох ёстой хэмээн шаардаж байна.  

С.Берлусконийн ялыг хэвээр батлав

Италийн Үндсэн хуулийн шүүх Ерөнхий сайд асан Сильвио Берлусконид Миланы шүүхээс оноосон дөрвөн жилийн ялыг хэвээр баталлаа. Тэрээр Mediaset холдингийн хэргийг дахин хянаж үзэхийг хүсч Үндсэн хуулийн шүүхэд хандсан ч түүний хүсэлтийг няцаажээ. Миланы шүүх 2012 оны аравдугаар сард Берлусконийг татвар зувчуулсан хэрэгт буруутгаж дөрвөн жил хорих ялаар шийтгэсэн юм. Мөн таван жилийн турш төрийн алба хашихыг хоригложээ. Экс Ерөнхий сайдыг бас нэг шүүх хурал хүлээж байгаа. Тэрээр насанд хүрээгүй охиныг садар самуунд уруу татсан хэргээр шүүхэд дуудагдаад байгаа билээ.

Э.Катчер М.Кунис нар сансарт гэрлэнэ

Холливудын нэрт жүжигчин Эштон Катчер, Мила Кунис нар гэрлэхээр шийдсэн, тэр тусмаа бүр сансарт гэрлэхээр шийдсэн тухай Америкийн хэвлэлүүд мэдээлж байна. Мила гэр бүлээ албан ёсоор баталгаажуулах хүсэлтэй байгаа аж. Катчер гэрлэхийг зөвшөөрсөн ч ер бусын маягаар гэрлэлтээ бүртгүүлэх санал тавьсан аж. Сансарт гэрлэх саналыг Эштон Катчер гаргасан бөгөөд Мила Кунис одоохондоо үүнд бэлэн бус байгаа бололтой. Алдарт хос энэ мөрөөдлөө биелүүлэхийн тулд сансрын аялал жуулчлал эрхэлдэг Virgin Group-т ханджээ. Тэд сансарт зургаан минут байхын тулд 200 мянган доллар төлөх юм.

Хятадад уйгуруудыг яллав

Хятадын шүүх Шинжаан-Уйгурын автономит бүсэд дэгдсэн үндэстний, шашны мөргөлдөөнд оролцсон 11 хүнд 3-6 жилийн хорих ял оноожээ. Шүүхээс ял сонссон хүмүүс нь бүгд үндэстний цөөнх болсон уйгурууд байна. Тэдний зарим нь интернэтээр “Лалын ариун дайн”-ы уриалгыг тараасныхаа төлөө ийнхүү шийтгүүлж байгаа аж. 2009 онд Шинжаан-Уйгурын мужид үндэстэн хоорондын мөргөлдөөн дэгдэж 200 орчим хүн амь насаа алдсан билээ.

Туркийн цагдаа нулимс асгаруулагч хийгүй болжээ

Стамбулын төв цэцэрлэгийг байхгүй болгож худалдааны төв барих шийдвэрийг эсэргүүцсэн турк иргэд хоёр долоо хоногийн турш эсэргүүцлийн жагсаал хийсний эцэст эрх баригчид дээрх шийдвэрээ цуцалсан билээ. Жагсагчидтай хайр найргүй тэмцэж байгаа Туркийн цагдаагийн газар нулимс асгаруулагч хийний нөөцгүй болжээ. Тиймээс Үндэсний аюулгүй байдлын удирдлага жагсагчидтай тэмцэх тусгай арга хэрэгсэл худалдаж авах тендер зарлахаар шийдсэн байна. Мөн хамгаалалтын бүхээгтэй, усан буутай тусгай тээврийн хэрэгсэл, буудахад зориулагдсан дээгүүрээ нээлхийтэй “Scоrpion” хуягт машин худалдаж авахаар болсон байна.




Башар Асад: Босогчдыг зэвсгээр хангасныхаа лайг амсана шүү

Сирийн Ерөнхийлөгч Башар Асад “Өрнөдийнхэн босогчдыг зэвсгээр хангасныхаа үр төлөөсийг эдлэх болно. Энэ нь Хуучин тивд ядуурлыг улам дэвэргэж, терроризмийг өөгшүүлэх болно” хэмээн мэдэгдлээ. Тэрээр Германы “Frankfurter Allgemeine Zeitung” сонинд ярилцлага өгөхдөө ийнхүү онцолжээ. “Хэрвээ европууд Сирийн босогчдын бүлгүүдэд зэвсэг нийлүүлсээр байвал Европын арын хаалга террористуудаар дүүрч, Европ тив үр төлөөсийг нь амсах болно. Терроризм эмх замбараагүй байдлыг үүсгэдэг. Эмх замбараагүй байдал ядуурлыг үүсгэнэ. Ядуурал нь Европ чухал зах зээлээ алдаж байгаатай адил юм. Үүний хоёр дахь үр дагавар нь Европт шууд терроризмийг авчирна” хэмээн Асад ярилаа. Сирийн сөрөг хүчинд зэвсэг нийлүүлснээр террорист бүлгүүдийг дайн байлдаанд бэлтгэж, улмаар тэдэнд Европт аллага, халдлага үйлдэх хаалгыг нээж өгнө хэмээн үзэж байна. Сирийн Ерөнхийлөгч Франц, Их Британи зэрэг Дамаскийн эсрэг дайсагнасан байр суурь баримталдаг орнуудыг буруутгаад, тэд террористуудыг л зэвсэглэхийг хүсч байна гэжээ. Сирийн армийн цэргүүд босогчдын эсрэг тэмцэхдээ химийн зэвсэг ашигласан гэх АНУ, Их Британи, Францын буруутгалыг Башар Асад эрс няцаав. “Парис, Лондон, Вашингтонд энэ талаарах ядаж ганц нотолгоо байвал тэд дэлхий даяар гаргаж тавих байсан” хэмээн Асад өгүүлэв.
Өрнөдийн зарим улс орон Сирийн эрх баригчдыг химийн зэвсэг хэрэглэсэн хэмээн буруутган шалтаглаж байгаагийн ард Сирийг цэргийн хүчээр дайрах санаархал нуугдаж байгаа хэмээн тэрээр үзэж байна. “Химийн зэвсэг хэрэглэсэн гэх бүх яриа, мэдэгдэл нь Сирийн талаарх ээлжит гүтгэлэг юм. Тэд цэргийн довтолгоо хийх шалтгаа олж ядаж байна” хэмээн Сирийн удирдагч Германы хэвлэлд ярилаа. “Таны бүрэн эрхийн хугацаа 2014 онд дуусахаас өмнө огцрох уу” гэсэн асуултад Башар Асад “Би хугацаанаасаа өмнө огцрох ямар ч боломж, шалтгаан байхгүй. Сирийн Ерөнхийлөгч гол асуудал, бэрхшээл болоод байгаа юм биш. Зүгээр л надаар шалтаглаж эрх мэдэлд гарах гэсэн хүмүүсийн явуулга. Ерөнхийлөгч нь ард иргэдийнхээ тусын тулд огцор хэмээн өрнөдийн орнууд шаардаж байна. Тэр ард иргэд гээд байгаа хүмүүс нь террористууд болчихоод байна. Ийм террористуудад зай тавьж огцорно гэж байхгүй” хэмээн хариулав.
Сирийн Ерөнхийлөгч Башар Асад Орос, Ираны зүгээс үзүүлж буй цэргийн болон дипломат тусламжийг зөвтгөж, хамгаалж байна. Сирийн иргэний дайн, хүчирхийлэлд террорист босогчид л буруутай гэдэгт тэрээр эргэлзэхгүй байгаа юм. Сирид иргэний дайн дэгдээд хоёр жил гаруй болоход 94 мянган хүн амиа алдсан хэмээн НҮБ тооцоолжээ. Дайн тулааны улмаас орон гэрээ орхин дүрвэсэн хүний тоо хэдэн зуун мянгад хүрээд байна.


Найман ихрийн эх хүүхдүүдээ үзэн ядаж байна

Н.МӨНХЖИН

Америк бүсгүй Нади Сулеман 2009 оны нэгдүгээр сард найман ихэр төрүүлж дэлхийд нэрээ цуурайтуулсан юм. Хэдийгээр тэрээр хиймлээр үр тогтоолгож ид шидээр гэмээр найман ихэр төрүүлсэн ч бүгд эсэн мэнд өсч торниж байна. Өмнө нь зургаан хүүхэд төрүүлээд байсан Нади бүсгүй эдүгээ 14 хүүхэдтэйгээ том бус, даруухан байранд амьдарч байна.
Тэрээр анхандаа жаргалтай байсан ч хүүхдүүд нь том болох тусам зовлон нэмэгдэж байгааг In Touch Weekly сэтгүүлд ярьжээ.
“Би хүүхдүүдээ үзэн ядаж байна. Тэднийг хараад зэвүү хүрдэг болсон. Зургаан том нь жинхэнэ “дайснууд” болсон. Би тэднийг хянаж чадахгүй байна. Ийм олон хүүхдийг өсгөх цаг зав үнэндээ алга. Би их ядарч, бухимдах боллоо. Заримдаа угаалгын өрөөндөө түгжиж байгаад цөхөрсөндөө уйлж байна. Чимээгүй, тайван байхын тулд тэнд хэдэн цагаар суудаг. Заримдаа амиа хорлодог ч юм уу гэж бодох боллоо” хэмээн Нади Сулеман ярьжээ. Тэрээр бүх хүүхэддээ хайртай, гэхдээ тэднийг төрүүлсэндээ харамсч байна хэмээн өгүүлэв. Нади хэзээ ажиллаж байгаагүй, нөхөрт гарч байгаагүй бөгөөд хүүхдүүдээ тэтгэмж, тусламжаар тэжээсээр иржээ. 35 настай калифорни бүсгүй эхэндээ энд тэнд уригдан гайгүй мөнгө олж байсан ч яваандаа орлогогүй болж, өрөнд оржээ.
Долоо хоногийн дотор 10 мянган хүн Нигерийг орхижээ

Нигерийн Засгийн газрын цэрэг, лалын “Боко Харам” бүлгийн дайчид байлдсаар байгаа бүс нутгийг сүүлийн долоо хоногийн дотор 10 мянган энгийн иргэн орхин дүрвэлээ хэмээн “Аль-Жазира” телевиз мэдээлэв. Камерун, Чад улс хилээ нээж дөрвөн мянга орчим дүрвэгчийг хүлээж аваад байна. “Боко Харам” бүлэг 2002 оноос хойш Засгийн газрын эсрэг зэвсэгт тэмцэл өрнүүлж байгаа юм: Өчигдөр гэхэд л тэд нэгэн сургууль руу довтолж есөн сурагчийн аминд хүрчээ.

“Талибан”-тай шууд хэлэлцээ хийнэ

АНУ ирэх долоо хоногт Катарын Доха хотноо “Талибан” хөдөлгөөнтэй шууд яриа хэлэлцээ хийхээр болжээ. Хэлэлцээний явцад цэргийн олзны хүмүүсийг солилцох талаар хөндөх аж. Мөн Вашингтоны эрх баригчид талибуудад хандан “Аль-Кайда”-тай холбоо сүлбээгээ таслах, Афганистаны Үндсэн хуулийг хүлээн зөвшөөрөхийг шаардах бололтой. Уржигдар НАТО-гийн цэргийн хүчин Афганы арми, цагдаад улс орны аюулгүй байдлын хяналтыг шилжүүлж өгсөн юм. Катарт болох хэлэлцээнд Афганистан оролцоно хэмээн мэдээллээ. 

Tuesday, June 18, 2013





Дүрвэгсдийн тоо 45.2 саяд хүрэв

2012 онд дэлхий даяар дүрвэгсдийн тоо 45.2 саяд хүрлээ хэмээн НҮБ-ын дэргэдэх Дүрвэгсдийн асуудал хариуцсан хорооноос мэдэгдлээ. Энэ нь сүүлийн 18 жилд байгаагүй өндөр үзүүлэлт юм. Өнөөдөр 15.4 сая 937 мянган хүн гадаад руу дүрвэж гарсан бол, 28.8 сая хүн эх нутаг дотроо шилжиж, дүрвэж амьдарч байна. НҮБ-ын илтгэлд энэ онд Сири улсаас дүрвэсэн хүмүүсийн тоог оруулаагүй аж.
Иргэд орон гэрээ орхин дүрвэх гол шалтгаан нь дайн юм. Нийт дүрвэгсдийн 55 хувь нь дайн байлдаантай байгаа Афганистан, Сомали, Ирак, Сири, Суданы иргэд байгаа ажээ. Дүрвэгсдийнхээ тоогоор Афганистан улс сүүлийн 32 жилийн турш тэргүүлж байна. Дөрвөн дүрвэгч тутмын нэг нь афган хүн байдаг аж. Афганистаны дүрвэгсдийн 95 хувь нь Пакистан, Иранд очиж толгой хоргоддог байна. 2012 онд
Пакистан хамгийн их дүрвэгч
(1.6 сая) хүлээж авчээ. Араас нь Иран (868 мянга), Герман (598 мянга) орж байна.

Оршуулган дээр бөмбөг дэлбэлжээ

Пакистаны Хайбер мужид амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлж 18 хүний аминд хүрлээ. 50 орчим хүн шархаджээ. Амиа алдсан хүмүүсийн дунд “Шударга ёс” намын депутат Имран Мохман байна. Тэрээр халдлагын гол бай байсан хэмээн цагдаагийн газраас мэдэгдэв. Мохман бие даан нэр дэвшиж парламентад сонгогдсоныхоо дараа тус намд элсчээ.
Тавдугаар сарын 19-нд Пакистанд “Шударга ёс” намын дэд тэргүүн, хатагтай Захра Шахид Хусейн алуулсан юм. Гурван залуу гэрийнх нь гадаа отож байгаад Захрагийн толгой руу нь буудаж хөнөөсөн билээ. Намын лидер Имран Хан энэ аллагад эрх баригчдыг буруутгасан байна.

Тагнах програм 50 халдлагыг зогсоож чаджээ

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн тэргүүн Кит Александр “Цахим тагнуулын програмын тусламжтайгаар 2001 оноос хойш үйлдэгдэх гэж байсан 50 гаруй халдлагыг таслан зогсоосон” хэмээн мэдэгдэв. Нью-Йоркийн хөрөнгийн бирж рүү халдах гэж байсныг ийм аргаар зогсоосон аж. Цахим шуудан, серверүүд рүү нэвтэрч цуглуулсан мэдээллийг 20 гаруй орны эрх баригчид ашигласныг генерал хэллээ. Америкийн тагнуулын албад телефон утас, интернэтийн компанийн хэрэглэгчдийн талаарх мэдээллийг цуглуулдаг тухай ТТГ-ын ажилтан Сноуден дэлгэж шуугиан дэгдээсэн билээ. 2009 оны есдүгээр сард Лондонд болсон “Их-20”-ийн уулзалтын үеэр Британийн тусгай албад Туркийн дипломатуудын телефон яриаг чагнаж, компьютер рүү нь нэвтрэн мэдээлэл хулгайлсан тухай Сноуден хэвлэлд ярьжээ.

Ж.Ассанж Эквадорын Элчин сайдын яамыг орхихгүй

Wikileaks-ийг үндэслэгч Жулиан Ассанж өөрт нь тулгаж буй хүчингийн гэмт хэргийн буруутгалыг цуцалсан ч Лондон дахь Эквадорын элчин сайдын яамны байрыг орхиж явах бодолгүй байна. Тэрээр өөрийг нь АНУ-д шилжүүлж өгөхөөс их айж буйгаа сэтгүүлчдэд ярьжээ. Эквадорын Гадаад хэргийн сайд Рикардо Патиньо Британийн зиндаа нэгт сайд Уильям Хейгтэй уулзаж Ассанжийн хувь заяаны талаар хэлэлцээ хийсэн ч бүтэлгүй болжээ. Эквадор улс Ассанжид орогнол олгосон хэвээр байх болно гэдгээ мэдэгдсэн байна.

Хаягдсан хүүхдийг гэр бүлдээ авахыг хориглов

Хятадын эрх баригчид хаягдсан хүүхдийг гэр бүлдээ авахыг хориглосон хууль баталлаа. Гудамжинд хаягдсан хүүхдийг олсон хүмүүс цагдаагийн газарт аваачиж өгөх ёстой хэмээн Хятадын Иргэний хэргийг эрхлэх газраас мэдэгдэв. Засгийн газрын “Нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлогын улмаас угсаа залгамжлах эрэгтэй хүүхдийг эрхэмлэдэг гэр бүлүүд дөнгөж төрсөн эмэгтэй хүүхдийг гудамжинд орхих нь элбэг байдаг. Мөн энэ бодлого нь улс оронд хүүхдийн наймаа цэцэглэхэд түлхэц болж өгчээ.