Saturday, April 27, 2013







Энрико Летта Засгийн газраа бүрдүүллээ

Италийн улстөрч Энрико Летта эвслийн шинэ Засгийн газраа бүрдүүлээд байна. Леттагийн санал болгосноор, экс Ерөнхий сайд Сильвио Берлусконийн ойрын хамтран зүтгэгч Анжелино Альфано Засгийн газарт орж байгаа аж. Түүнд дэд Ерөнхий сайд болон Гадаад хэргийн сайдын суудал оногджээ. Эдийн засгийн сайдын нөлөө бүхий суудлыг Италийн төв банкны тэргүүн Фабрицио Саккоманни эзлэхээр болов.
Сайд нарын танхим өчигдөр тангараг өргөжээ. Үүний дараа Италийн парламент Энрико Леттагийн Засгийн газрыг батламжилж тэрээр Ерөнхий сайд болох юм. Зүүний төвийн үзэлтэй Ардчилсан намын орлогч дарга Энрико Леттаг эвслийн Засгийн газрыг байгуулах чадвартай хэмээн үзсэн билээ. Зүүний, барууны үзэлтэй улстөрчдийн санал зөрөлдөөний улмаас Итали улс Засгийн газраа байгуулж чадахгүй байсан юм.

Куба улс мэргэжлийн бокст тавьсан хоригоо цуцаллаа

Куба улс 51 жилийн турш үйлчилж байсан мэргэжлийн бокст тавьсан хоригоо цуцалжээ. 2013 оны арваннэгдүгээр сараас эхлэн Кубын нударгачид Хагас мэргэжлийн боксын лигийн (WSB) багт ивээн тэтгэгчтэйгээр тоглож, цалин авах боломжтой боллоо. Ийнхүү куба боксчид сард 500-3000 долларын цалин авах боломжтой болж байгаа юм. Кубад дундаж цалин 20 доллар байдаг. Арлын удирдагч Фидель Кастро 1962 онд мэргэжлийн боксыг авлигад автсан, зальхай, заваан гэж нэрлэсний дараа мэргэжлийн боксыг хориглосон юм. Куба улс сонирхогчдын бокст дэлхийн аваргаас 116, олимпийн тоглолтоос 67 медаль аваад байна.

Талибууд хаврын дайралтаа эхлүүлэв

Хэт даврагч “Талибан” хөдөлгөөн Афганистанд хаврын дайралт, довтолгоогоо эхлүүлж буйг зарлав. Талибуудын цэрэг дайны үйл ажиллагаа жил бүрийн дөрөв, эсвэл тавдугаар сард идэвхждэг. Энэ үеэр уулын цас арилдаг тул талиб босогчид уулаар бүгж үйл ажиллагаагаа идэвхжүүлэх боломжтой болдог аж. “Талибан” хөдөлгөөн хаврын дайралтын үеэр тусгай тактик баримтлана хэмээн мэдэгдлээ. Тэд олон улсын цэргийн авиа бааз, гадаадын дипломатуудын байр, өргөөг довтлохоор бэлтгэж байна.

Карл Лагерфельд анх удаа насаа хэлжээ

Дэлхийн нэртэй загвар зохион бүтээгч Карл Лагерфельд анх удаа төрсөн өдрөө хэлжээ. Тэрээр “Paris Match” сэтгүүлд ярихдаа “Ээж минь миний төрсөн өдрийг албан ёсны баримт бичиг дээр өөрчилсөн. Тэрнээс болж миний насыг төөрөгдөлд оруулсан” гэв. Лагерфельд 2008 онд 70 насныхаа ойг тэмдэглэсэн, гэвч дөрвөн жилийн дараа 79 насныхаа оыг тэмдэглэж байжээ.
“Би одоо 77 настай. 11935 оны есдүгээр сарын 10-нд төрсөн. Ээж минь төрсөн өдрийг минь өөрчилж орхисныг түүнийг нас барсны дараа мэдсэн. Тэр яагаад ингэснийг мэдэхгүй байна” хэмээн нэрт зохион бүтээгч өгүүлэв. Карл Лагерфельд Хамбургад банкны чинээлэг ажилтан Отто Лагерфельдийн гэр бүлд төржээ. 1952 онд Парист шилжин суурьшжээ. 1974 онд Лагерфельд Karl Lagerfeld Impression брэндээ гаргажээ. 1983 онд тэрээр Chanel Загварын ордны захирал болсон байна.

Босни Герцеговины Ерөнхийлөгчийг авлигын хэргээр баривчиллаа

Босни Герцеговин улсын Ерөнхийлөгч Живко Будимирыг 19 өндөр тушаалын түшмэлийнх нь хамт авлигын хэргээр баривчилжээ. Ерөнхийлөгчийг Сараево хот дахь албан өргөөнд нь баривчилсан байна. Цагдаагийн ажилтнууд төрийн тэргүүний өргөөг нэгжиж хэдэн арван хоригдлыг өршөөсөн тушаалын жинхэнэ эхийг хурааж авчээ. Ерөнхийлөгч нэг хоригдолд өршөөл үзүүлэхдээ 40 мянгаас дээш долларын хахууль авдаг байсан хэмээн үзэж байна. Живко Будимир сүүлийн нэг жилд 96 хоригдлыг өршөөсний дотор 35 алуурчин, нэг хүчирхийлэгч байгаа аж. Мөн хар тамхины хэрэгт орооцолдсон таван хүн байгаа ажээ.

Николас Мадуро Кубад очжээ

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро Кубад албан ёсны айлчлалаар очжээ. Тэрээр хоёр улсын хоорондох стратегийн түншлэлээ баталгаажуулахын тулд Кубад ирээд байгаа юм. Айлчлалын үеэр эрүүл мэнд, боловсрол, спортын салбарт хэд хэдэн тохиролцоонд гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Эдүгээ Гаванад Куба-Венесуэлийн Засгийн газар хоорондын уулзалт болж Венесуэлийн Нефть, уул уурхайн сайд Рафаэль Рамирес, Кубын Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын сайд Родриго Мальмиерк нар оролцож байна.
Венесуэль нь Боливариан хувьсгалын лидер Уго Чавесийн удирдлага дор Эрх чөлөөний арлын эдийн засаг, улс төрийн гол холбоотон болсон юм. Венесуэльд Кубын 40 мянган эмч ажиллаж, хариуд нь Каракас Гаванад хөнгөлөлттэй нөхцөлөөр нефть нийлүүлж байгаа билээ.

Vodafone өөрийн хувиа 120 тэрбумаар зарахыг хүсч байна

Британийн харилцаа холбооны Vodafone компани АНУ-ын үүрэн телефоны томоохон оператор Verizon Wireless-т эзэмшдэг хувиа 120 тэрбум доллараар зарахыг хүсч байна. Энэ тухай “Ройтерс” агентлаг уламжлав. Vodafone Verizon Wireless-ийн 45 хувийг эзэмшдэг. Харин хяналтын багцыг Америкийн Verizon Communications корпорац эзэмшдэг аж. Тус корпорац өнгөрсөн долоо хоногт Британийн компанийн хувийг 100 тэрбум доллараар худалдаж авах санал тавьжээ. Гэвч Vodafone өөрийн хувиа 120 тэрбумаас доош үнээр өгөхгүй гэсэн юм.




Турк, курдууд хэзээ эвлэрэлд хүрэх вэ

1999 оноос хойш шоронд хоригдож байгаа Курдистаны Ажилчны намын лидер Абдулла Ожалан сүүлийн үед ихээхэн идэвхтэй болж байгаа нь Туркийн Засгийн газрын сэтгэлийг зовоох болов. Тэрээр Курдын Энх тайван, найрамдлын намын парламентын депутатуудтай уулзаж ярилцсан зүйл нь ил болжээ. Энэ мэдээлэл алдагдсанаар турк, курдуудын эвлэрэлд саад гарч ирж магадгүй болоод байна. Туркийн эрх баригчид Ожаланд Курдын асуудлыг шийдэхэд оролцож буй улстөрчидтэй уулзахыг зөвшөөрсөн юм.
“Энхийн үйл явц бол маш эмзэг сэдэв. Иймэрхүү мэдэгдэл түүнд ашигтайгаар тусна гэж би бодохгүй байна. Тэр бүү хэл би хор хөнөөл учруулахгүйн тулд эдгээр зүйлсийн талаар аль болох бага ярихыг хичээж байна” хэмээн Туркийн Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган мэдэгджээ. Энэ нь Абдулла Ожалан депутатуудтай үндэстэн хоорондын харилцааны талаар ширүүхэн маргаан өрнүүлсэн тухай хэлсэн хэрэг аж. Эцсийн эцэст Ерөнхий сайд Эрдоган Курдын асуудал бэрхшээлийг шийдэхгүй бол Курдистаны Ажилчны намын лидер 50 мянган босогчийнхоо хамтаар Туркт дайн зарлана хэмээн амлаж байна.
“Курдистаны Ажилчны нам (КАН) ийм тооны дайчдыг гаргаж ирэх чадалтай, гэвч шууд биш. Гэвч курдууд ингэж цуглаж дайн өрнүүлэхэд Туркийн арми саад болох магадлалтай” хэмээн Москва дахь Карнегийн төвийн шинжээч Алексей Малашенко өгүүлэв. Курдистаны Ажилчны нам Туркийн хүн амын 18 хувийг бүрдүүлдэг курдуудын эрх ашгийг хүлээн зөвшөөрөхийг шаарддаг билээ. Хэдийгээр тус нам тусгаар тогтносон Курдистан улсыг байгуулах санаанаасаа 1999 онд татгалзсан ч курдуудад автономит эрх олгох, турк хүн амтай адил иргэний эрх эдлүүлэх, курд үндэстний сургууль нээх, курд хэл дээр телевиз, сонин эрхлэхийг зөвшөөрөхийг шаардсан хэвээр байгаа юм.
Туркийн Засгийн газар курд үндэстэн давамгайлдаг дорнод бүс нутгийн эдийн засгийг идэвхтэй хөгжүүлж байна. Гэвч тэнд хямрал, мөргөлдөөн тасрахгүй байгаа юм. Ожалан энэ хөзрөөр тоглохыг хүсч байгаа ажээ. “Эрдоган тэргүүтэй Туркийн Шударга ёс, хөгжлийн намыг бид эрх мэдэлд гаргаж өгсөн” хэмээн мэдэгджээ. 1999 онд баривчлагдсан Ожалан тэдэнд саад болоогүйн улмаас өнөөгийн Ерөнхий сайдын намынхан 2000 оны эхээр сонгуульд ялалт байгуулсан хэмээн Ожалан цаагуураа хэлсэн аж. Үүнээс гадна, Эрдоган Туркийг Ерөнхийлөгчийн засаглалтай бүгд найрамдах улс болговол Курдистаны Ажилчны нам 2014 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Эрдоганыг дэмжинэ хэмээн Ожалан ярьсан байна.
Мармара тэнгисийн Имрали арлын шоронд насаараа хоригдох ял эдэлж байгаа Курдын лидер хэд хоногийн өмнө энэ мэдэгдлээ намынхаа идэвхтнүүдэд бичгээр илгээжээ. Тэрээр захидалдаа энхийн хэлэлцээнд саад хийхгүй байхыг уриалсан байна. Мөн гал зогсоох, Курдистаны Ажилчны намын дайчдыг Туркийн газар нутгаас гаргах, Курдын үндсэрхэг намын долоон мянган гишүүнийг Туркийн нийгэмд нэгтгэх зэрэг хямрал, мөргөлдөөнөөс үе шаттай гарах саналыг тусгасан аж. Абдулла Ожалантай уулзсан депутатууд “Бид Эрдоганы эсрэг юу ч сэдээгүй, энхийн үйл явцыг бусниулах зорилго тавиагүй” хэмээн мэдэгдээд байна.
“Курдистаны Ажилчны нам хүчирхийллээс бүрэн татгалзвал өөрчлөлтийн тухай ярьж болох юм. Гэвч үүний тулд Ожалан тэргүүтэй тус байгууллага арга барилаа өөрчилж, Туркийн талтай сөргөлдөхөөс татгалзах ёстой” хэмээн Туркийн улс төрийн судалгааны SETA төвийн тэргүүн Таха Озжан ярилаа. Гэвч турк, курдууд эвлэрэлд хүрэхэд хол байна хэмээн Стратегийн үнэлгээний хүрээлэнгийн дорно дахин судлаач Сергей Демиденко үзэж байна. Мөргөлдөөнийг зогсоох цорын ганц бодит арга зам нь Туркийн зүүн нутгийн нийгэм-эдийн засгийг хөгжүүлж, курдуудыг Туркийн нийгэмд нэгтгэх үйл явцыг түргэсгэх хэмээн тэрээр үзэж байна.

“Известия”

Wednesday, April 24, 2013






Босогчид Иракийн хотыг эзэлжээ

Иракийн босогчид Багдадаас хойд зүгт 160 км-т орших Сулейман-Бек хэмээх жижигхэн хотыг Засгийн газрын цэргүүдээс эзлэн авчээ. Хотын төлөөх тулаанд Иракийн армийн таван цэрэг, арван босогч амь үрэгджээ. Дөрөвдүгээр сарын 23-24-нд Ирак даяар хүчирхийллийн давалгаа дэгдэж 128 хүн амиа алдах үеэр босогчид Сулейман-Бек хотыг эзлэхээр дайрчээ. Засгийн газрын хүчин нисдэг тэрэг ашиглан босогчдыг бөмбөгдөж байсан ч амжилт олсонгүй, хотыг алдсан байна. Үндэснтний цөөнх болсон суннитууд Ерөнхий сайд Нури Маликийг огцрохыг шаардаж, эсэргүүцлийн жагсаал хийсээр байна. Шийтүүд давамгайлсан Засгийн газар суннитуудыг хавчин гадуурхаж байна хэмээн үзэж байгаа аж.

Байшин нурж 113 хүний аминд хүрлээ

Бангладешийн нийслэл Дакка хотын захад байдаг найман давхар барилга нурсны улмаас 149 хүн амиа алдаж, 800 орчим хүн бэртээд байна. Нурангинл зуу гаруй хүн дарагдсан хэмээн үзэж байгаа юм. Осол болсон газарт цэргийнхэн, гал сөнөөгчид, цагдаа, гэмт хэрэгтэй тэмцэх элит батальоныхон ажиллаж байна.
Найман давхар байшин нурсан шалтгааныг тогтоогоогүй байна. Хэд хоногийн өмнө уг байшингийн хананд цууралт үүссэн байжээ. Хүмүүс ажлын байран дээрээ байсан өглөөний цагаар энэхүү эмгэнэлт явдал болсон юм. Энэ байшинд оёдлын цех, банк, хэд хэдэн дэлгүүр байрлаж байжээ.

Тина Тернер Швейцарийн иргэн болжээ

Америкийн алдарт дуучин Тина Тернер Швейцарийн иргэншилтэй боллоо. Тэрээр сүүлийн 20 жил энэ улсад амьдарч байгаа билээ. Швейцарьт хувийн амьдралыг ихэд хүндэтгэдэг нь нэрт дуучинд их таалагддаг аж. “Үүнээс илүү сайхан газрыг би төсөөлж чадахгүй байна” хэмээн 73 настай нэрт дуучин “ВВС”-д ярьжээ. Америкийн Теннесси мужийн уугуул Тина Тернер Швейцарийг орхих бодолгүй байна. Тэрээр Грэмми шагналыг найман удаа авч байсан юм.

Зөгийний үхэл дэлхийг өлсгөлөнд хүргэнэ

Зөгийн бөөнөөр үхэх нь дэлхий даяар ажиглагдаж байгаа нь хүн төрөлхтөнд гамшиг авчирч болохыг эрдэмтэд сануулж байна. Зөгийн аж ахуйн олон улсын холбооны ерөнхийлөгч Алимонд Жилийн хэлж буйгаар, дэлхий даяар зөгийн үхэл 20-40 хувьтай байгаа аж. Энэ шавьж зөвхөн балаараа бус, мөн цэцэгнээс цэцгэнд, ургамлаас ургамал руу нисч тоос хүртээж явдгаараа хүнд нэн хэрэгтэй амьтан юм. Дэлхий дээрх ургамлын 80 хувийнх нь цэцэглэлт, өсөлтөд зөгий тусалж байдаг нь манай гаригийн хүн амын гуравны нэгийг нь хооллож байдаг гэсэн үг. Зөгийн устаж алга болвол мах, сүүн бүтээгдэхүүн, жимс, ногооны хурц хомсдолд хүргэж болох юм. Хөдөө аж ахуйд хэрэглэж буй ариутгагч, устгагч бодис, буруу аргаар хөгжүүлж буй зөгийн аж ахуй, мөн Варроа хэмээх шимэгч зөгий бөөнөөрөө үхэх гол шалтгаан болж байгаа ажээ.

Их Британи – баруун Европын хамгийн аюулгүй орон

Олон улсын эдийн засгийн хүрээлэнгээс гаргасан судалгаагаар, баруун Европын хамгийн аюулгүй, тайван орноор Их Британи шалгарчээ. Сүүлийн арван жилд Британи дахь хүн амины хэргийн тоо баруун Европын бусад улстай харьцуулахад эрс буурсан аж. Статистик мэдээгээр, тус улсын 100 мянган иргэнд нэг хүн амины хэрэг ногдож байгаа хамгийн бага үзүүлэлт юм. Их Британи дотроо Норфолк гүнлэгийн Бродленд хот хамгийн аюулгүй газраар тодорсон байна.

Иллинойст гэмт этгээд таван хүнийг бууджээ

АНУ-ын Иллинойс мужийн Манчестер хотод 43 настай Рик Смит гэгч нэг айл руу дайран орж гал нээжээ. Тэрээр нэггэр бүлийн таван хүний аминд хүрсэн байна. 65 настай Жоан Синклер, түүний 22 настай ач охин Британни, найз залуу Рой болон түүний тав, нэг настай хоёр хүүхэд нь балмад этгээдийн халдлагад амиа алдлаа. Зургаан настай охин нь хүнд шархдаж эмнэлэгт хүргэгджээ. Алуурчин Рик Смит цагдаа нартай буудалцаж байхдаа шархдаж, эмнэлэгт очоод амьсгал хураасан байна. Спрингфилд хотоос 50 бээрийн зайтай байдаг Манчестер хот 350 оршин суугчтай. Сүүлийн 50 жилд тус хотод нэг ч аллага гарч байгаагүй амар тайван хот байжээ.




Хятадын баруун хязгаарт бослого дэгджээ

Хятадын Шинжаан-Уйгурын автономит бүсэд хууль сахиулах байгууллагын ажилтнууд болон нууц хөдөлгөөнийхний хооронд зэвсэгт мөргөлдөөн болж 21 хүн амиа алдаад байна. Цагдаа нар тэдний орон гэрт нэгжлэг хийх үеэр тулаан болжээ. Бослого гаргагчид нь хэн байсан талаар Бээжингийн эрх баригчид дуугарсангүй. Гэвч мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, үндэстний цөөнх болсон уйгурууд болон хятадуудын хооронд мөргөлдөөн болсон аж. Хятадын эрх баригчдын дарамт шахалтад эгдүүцсэн уйгурууд лалын хэт даврагчдын нөлөөнд автах нь улам их болоод байгаа юм.
Сүүлийн хэдэн жил бүс нутгийн уугуул иргэд болох уйгурууд нэг бус удаа бослого дэгдээсэн Шинжаанд хямрал, хурцадмал байдал хадгалагдсаар байна. Автономит бүс нутгийн Засгийн газрын мэдээллийн албаны төлөөлөгч мэдэгдсэнээр, өнгөрсөн мягмар гаригийн зэвсэгт мөргөлдөөнд 21 хүн амиа алджээ. Хятадын албаны эх сурвалжууд бүрэн бус мэдээлэл цацаж байна. Кашгар тойргийн Бачу хошуунд цагдаа нар зэвсэг хадгалж байгаа гэх нэгэн айлд нэгжлэг хийж эхэлсний дараа буудалцаан эхэлжээ. 15 цагдаагийн болон нийгмийн ажилтан амь үрэгджээ. “Дээрмийн бүлэг”-ийн зургаан гишүүн алуулсан байна. Найман хүнийг баривчлав. Засгийн газрын интернэт сайтад Шинжаанд болсон хэрэг явдлыг “Террорист хүчирхийллийн хэрэг” хэмээн нэрлэжээ.
Уйгурууд Шинжааны хүн амын дийлэнх олонх буюу 80 орчим хувийг бүрдүүлж байсан билээ. Гэвч 1949 онд Маогийн коммунист зэвсэгт хүчний хяналтад шилжсэний дараа Хятадын хан үндэстний урсгал Шинжаан руу чиглэжээ. Бээжингийн Засгийн газрын саяхны баримтаар, эдүгээ уйгурууд Шинжааны хүн амын 46, хан үндэстэн 40 хувийг бүрдүүлж байна. Шинжааны нийт хүн ам 22 саяаар тоологдож байна. 2009 оны долдугаар сард бүс нутгийн нийслэл Урумч хотод сүүлийн жилүүдэд гараагүй томоохон үндэстэн хоорондын мөргөлдөөн болсон юм. Энэ бослогын үеэр хятадууд голдуу 197 хүн амиа алдсан билээ. Үүний хариуд эрх баригчид уйгуруудын амьдардаг байшин барилгыг нэгжиж, өргөн баривчилгаа явуулсан юм. Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр 20 орчим уйгур үндэстнийг 2009 оны бослогын хэргээр таван жилээс бүх насаар нь хорих хүртэл ялаар шийтгэжээ. Тэднийг “Шашны хэт даврах үзэл, террорист хүчирхийллийг дэвэргэж, салан тусгаарлах үзлийг өдөөсөн террорист үйлдлийг удирдсан, зохион байгуулсан” хэмээн үзсэн байна.
Алс Дорнодын хүрээлэнгийн мэргэжилтэн Александр Ларин “Шинжаан дахь үндсэрхэг, салан тусгаарлагч хөдөлгөөн Хятадын Засгийн газрын байнгын толгойны өвчин болж байна. Эрх баригчид энэ үзлийг нухчин дарахын тулд энхийн ч, хүчирхийллийн ч аргыг хэрэглэхэд хүрч байна. Тэд ард иргэдийн амьдралыг сайжруулахаасаа илүү итгэл, үнэмшлийг нь хянах, хязгаарлахыг эрмэлзэж байна. Уйгурууд гадуурхагдаж, хавчигдсан хэвээр байна. ЗХУ задрахаас өмнө хэд хэдэн бүгд найрамдах улсад ийм нөхцөл байдал бий болчихоод байсан” хэмээн ярилаа.
Гадаадад үйл ажиллагаа явуулдаг уйгуруудын байгууллага Шинжаан дахь салан тусгаарлах үзлийг дэвэргэдэг нь нууц биш. Зарим нь шууд терроризмд уриалж байгаа нь эргэлзээ төрүүлж байгаа юм. Тэр тусмаа Дорнод Туркестаны Лалын хөдөлгөөн хэмээх байгууллага Шинжаан дахь уйгуруудыг Бээжингийн эрх баригчдын эсрэг шууд халдлага, дэлбэрэлт үйлдэхийг уриалж байна. Гадаадад төвлөрч үйл ажиллагаа явуулдаг энэ хөдөлгөөнийг БНХАУ төдийгүй АНУ, НҮБ алан хядагч байгуулага хэмээн хүлээн зөвшөөрсөн билээ.

“Независимая газета”