Tuesday, March 26, 2013








Дээврээс унасан чулуу орос жуулчны аминд хүрчээ

ОХУ-ын Приморийн хязгаарын оршин суугч эмэгтэй Хятадын Суйфэнь хотод аялж яваад золгүй тохиолдлоор амиа алджээ. Түүнийг гудамжаар алхаж явахад дэлгүүрийн дээврээс унасан чулуу толгойг нь онож амь насанд нь хүрчээ. Тэрээр дэлгүүр рүү орсон найзыгаа хүлээгээд зогсож байсан аж. Хятадын цагдаа энэ хэрэг явдлыг шалгаж байна. Орос жуулчныг санаатайгаар хөнөөсөн байж болзошгүй хэмээн цагдаа нар үзэж байгаа аж.

Жулиа Пирсон АНУ-ын Нууц албыг удирдана

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Жулиа Пирсоныг төрийн тэргүүний аюулгүй байдлыг хариуцдаг Нууц албаны тэргүүнээр томиллоо. Нууц албанд штабын даргаар ажиллаж байсан Ж.Пирсон энэ албыг толгойлж буй анхны эмэгтэй хүн болов. АНУ-ын Нууц албаны өмнөх тэргүүн Марк Салливан өнгөрсөн хоёрдугаар сард огцорсон билээ. Тэрээр энэ албыг долоон жил удирдсан аж.
АНУ-ын Нууц алба нь Ерөнхийлөгч болон түүний гэр бүлийг хамгаалдаг. Мөн экс Ерөнхийлөгч нарын аюулгүй байдлыг хариуцаж, америк доллар, төрийн облигацийг хуурамчаар үйлдэхийн эсрэг тэмцдэг ажээ.

Арабын орнуудын нэгдэл Сирийн сөрөг хүчинд зэвсгээр туслана

Арабын орнуудын нэгдлийн дээд хэмжээний уулзалт Катарт болж, Сирийн сөрөг хүчинд зэр зэвсгийн тусламж үзүүлж болно гэсэн шийдвэр гаргалаа. Үүний зэрэгцээ Арабын нэгдэл дэлхий дахинд хандан Сирийн Үндэсний хувьсгалт эвслийг Сирийн хууль ёсны цорын ганц төлөөлөгчөөр хүлээн зөвшөөрөхийг уриалав. Сирийн сөрөг хүчнийхэн Катарт болсон уулзалтаар Арабын нэгдэлд албан ёсоор суудалтай болсон байна. Ийнхүү Сирийн сөрөг хүчнийхэн арабын лигт албан ёсоор нэгдсэнээр нэгдлийн гишүүн орнуудаас тусламж авах боломжтой болж байгаа юм.

Пап лам Франциск тансаглалаас татгалзаж байна

Ромын католик шашны шинэ лидер Франциск Ватиканы ордон дахь пап ламын өргөөнд шилжин суурьших бодолгүй байна. Пап ламын хэвлэлийн төлөөлөгч Федерико Ломбарди “Пап лам Франциск гуравдугаар сард пап ламыг сонгох хуралд ирэх үеэрээ байрлаж байсан Domus Santa Martha зочид буудалдаа амьдарч байна. Ойрын үед тэндээс нүүх бодолгүй байна” хэмээн мэдэгдэв. Шинэ пап Франциск шилжин суурьшихыг хүсэхгүй байгаа өргөө нь 12 өрөөтэй, зочдыг хүлээн авах том танхимтай юм. Франциск бас хувийн лимузинээс татгалзсан билээ. Мөн Ватиканы Клементины танхим дахь пап ламын сэнтийг энгийн суудлаар солихыг хүсчээ.

Флоридад газар цөмөрсөөр байна

АНУ-ын Флорида мужид газар доорх ээлжит нүх гарч иржээ. Сүүлийн 30 хоногт АНУ-ын газар нутаг дээр гэнэт газар цөмөрч том нүх гарсан дөрөв дэх тохиолдол бүртгэгдэв. 2.5 метр өргөн, гурван метр гүн нүх Флоридагийн Сеффнер дахь хоёр байшингийн дунд бий болжээ. Хоёрдугаар сарын сүүлчээр эндээс гурван км-ийн зайд мөн газар цөмөрч бүхэл бүтэн байшин нурж байсан юм. Тэр үед Флоридагийн оршин суугч Жефф Буш гэрийнх нь доор үүссэн 30 метр гүн нүх рүү унаж алга болжээ. Тэрээр энэ үеэр унтаж байсан аж. Гуравдугаар сарын дундуур Миссури дахь гольфийн талбайд газар гэнэт цөмөрч гольфчин эр нүх рүү унах шахсан байна. “Флоридад дахиж ингэж газар цөмөрнө. Газар доорх нүхний улирал эхлээд байна” хэмээн геологч Жонатан Артур “АР” агентлагт ярилаа.

Бухтай гүйлтийн үеэр хоёр хүн амиа алдлаа

Колумбийн хойд нутагт бухнуудыг талбайд гарган хөөцөлдөн нааддаг уламжлалт Корралеха баяр болжээ. Харамсалтай нь энэ баярын үеэр буханд мөргүүлсэн хоёр хүн амиа алдаж, 44 хүн гэмтэж бэртсэн байна. Бух 46 настай эрийн зүрх рүү нь эврээ “дүржээ”. Бас нэг эр буханд мөргүүлж, гишгүүлсний улмаас эмнэлэгт очоод амьсгал хураасан байна. Бухтай наадах баяр Колумбид 1819 оноос хойш уламжлал болсон юм. 2012 онд нийслэл Богота хотын дарга хотын газар нутаг дээр бухтай наадахыг хориглосон ажээ.

Гэрийн үйлчлэгчдэд иргэншил олгохоо больжээ

Хонконгод гадаадын иргэд гэрийн үйлчлэгч, тогооч, цэвэрлэгч, хүүхэд асрагчаар долоон жил ажиллаад Хонконгийн иргэншил авдаг байсныг эрх баригчид болиулжээ. Хонконгод ирж эдгээр ажлыг хамгийн ихээр хийдэг филиппин иргэд “Энэ шийдвэр арьс өнгөөр ялгаварласан үйлдэл боллоо” хэмээн эсэргүүцлийн жагсаал хийжээ. Долоон жил ажиллаад иргэншил авдаг хуулийг цуцлаагүй бол 100 мянган филиппин иргэн Хонконгийн иргэн болох байсан хэмээн Хонконгийн эрх баригчид мэдэгдлээ.




Бага Жорж Буш хамгийн үнэтэй экс Ерөнхийлөгч

2008 онд Ерөнхийлөгчийн сэнтийг орхисон бага Жорж Буш эдүгээ амьдарч буй АНУ-ын экс лидерүүдээс хамгийн үнэтэй, зардал өндөртэй Ерөнхийлөгчөөр тодроод байна. 2012 онд түүнд улсаас 1.3 сая доллар зарцуулсан хэмээн The Inquisitr мэдээлэв. Нийтдээ экс Ерөнхийлөгч Ж.Бушийн тохь тух болон бусад хэрэгцээнд 3.7 сая доллар зарцуулаад байгаа юм.
Хүү Жорж Бушийн жилийн тэтгэвэр 200 мянган доллар. Түүний албан өргөөний түрээсэнд улсаас 400 мянган доллар төлдөг. Утасны төлбөрт нь 85 мянга, томилолтод нь 60 мянган доллар зарцуулж байна. Хоёрдугаар байрт Билл Клинтон оржээ. Түүний зардалд улсын төсвөөс жилд нэг сая орчим доллар гаргаж байна. Зардлын гол хэсэг буюу 442 мянган доллар түүний Нью-Йорк дахь албан өргөөний түрээсэнд явдаг аж. Том Жорж Буш “үнэ цэнэ”-ээрээ гуравт орлоо. Түүний зардал 850 мянган долларт эргэлдэж байна. 1981 онд Ерөнхийлөгчийн суудлаас буусан Жимми Картер 500 мянган долларын зардлаар “сүүл мушгижээ”.
Экс төрийн тэргүүнүүдийг байнга дагалдаж явдаг бие хамгаалагчдын зардал энд ороогүй. Ерөнхийлөгч нарын аюулгүй байдлын зардлыг чанд нууцалдаг ажээ. АНУ-д Ерөнхийлөгч нараас гадна тэдний бэлэвсэн эхнэрүүд улсаас тэтгэмж авдаг. Тэд нарт жилд 20 мянган доллар өгдөг байна. Гэвч Ерөнхийлөгч Рональд Рейганы эхнэр Нэнси Рейган энэ мөнгөнөөс татгалзаж байжээ.
Экс Ерөнхийлөгч нарын жил тутмын зардлыг 200 мянган доллараас хэтрүүлэхгүй байх хуулийн төсөл өнгөрсөн онд Сенатаар хэлэлцэгдсэн ч дэмжлэг авч чадаагүй юм. Өнөөгийн Ерөнхийлөгч Барак Обама саяхан төсвийн зардлыг албадан бууруулах зарлигт гарын үсэг зурсан билээ. Зардлыг багасгах төлөвлөгөөг аль 2011 онд Ерөнхийлөгч болон Конгресс санхүүгийн дампуурлаас сэргийлэх хэлэлцээг хийж байхдаа боловсруулсан билээ. Б.Обамагийн засаг захиргаа ойрын арван жилд төрийн зардлыг 1.2 их наяд доллараар бууруулахаар төлөвлөжээ. Энэ онд гэхэд л зардлыг 85 тэрбум доллараар буруулахаар ажиллаж байна.

Monday, March 25, 2013





Б.Березовскийн амьсгаа боогдож өөд болжээ

Оросын бизнесмэн Борис Березовский амьсгаа нь боогдсоны улмаас нас барсан хэмээн Британийн цагдаагийн газраас мэдэгджээ. Түүний биед 25-нд задлан шинжилгээ хийсэн мэргэжилтнүүд ийм дүгнэлт гаргасан байна. Эмнэлгийн үзлэгээр түүний биед ямар нэг хүч хэрэглэсэн гэх шинж тэмдэг илрээгүй аж. Гэвч ямар нэг бодист хордсон эсэхийг үргэлжлүүлэн шалгаж байна. 67 настай Березовский Беркшир дахь гэртээ нас барсан байхыг өнгөрсөн бямба гаригт олсон юм. Энэ үеэр түүний гэрт нэг хамгаалагчаас нь өөр хэн ч байгаагүй ажээ.

Амиа золиослогчид цагдаагийн газрыг довтолжээ

Афганистаны Жалалабад хот дахь цагдаагийн газар руу амиа золиослогч долоон этгээд довтолж, таван цагдаагийн аминд хүрчээ. Автомашин жолоодож явсан нэг этгээд цагдаагийн газрын хаалгыг дэлбэлж, дараа нь хоёр этгээд нэвтрэн орж бөмбөг дэлбэлсэн байна. Үлдсэн дөрвөн алан хядагчийг цагдаа нар утсгажээ. “Талибан” хөдөлгөөнийхэн энэ халдлагыг үйлдсэнээ хүлээв. Тэд афган цагдаа нарыг сургаж буй гадаадын, Израилийн багш нарыг онилсон гэдгээ мэдэгджээ.

Boeing 787 Dreamliner-ийн туршилт амжилттай боллоо

“Боинг” компани зорчигч тээврийн Boeing 787 Dreamliner нисэх онгоцыг амжилттай туршлаа хэмээн мэдээлэв. Аккумляторын сайжруулсан системтэй нисэх онгоц туршилтын хоёр цагийн нислэгийг амжилттай хийжээ. Японоос хөөрөх гэж байсан Boeing 787 Dreamliner нисэх хөлгийн аккумляторт доголдол гарсны дараа АНУ-ын иргэний нисэхийн газар энэ нисэх онгоцыг хөөргөхийг түр хориглоод байсан юм.

АНУ Израильд 40 тэрбум долларын цэргийн тусламж үзүүлнэ

АНУ Израильд 2018-2027 онд 40 тэрбум долларын цэргийн тусламж үзүүлэхээр болов. 2017 он хүртэл АНУ жил бүр Израильд гурван тэрбум долларын цэргийн тусламж үзүүлж байх гэрээ эдүгээ үйлчилж байна. Энэ гэрээ дууссаны дараа тусламжийн хэмжээ ийнхүү нэмэгдэж байгаа аж. Вашингтон гадаад дахь цэрэг дайны санхүүжилтын хөтөлбөрийн (Foreign Military Financing, FMF) хүрээнд Израильд ихээхэн хэмжээний тусламж үзүүлсээр иржээ. 1998-2007 онд жил бүр 2.4 тэрбум, 2008-2017 онд жил бүр 2.9-3.1 тэрбум долларын тусламж үзүүлж байгаа юм.

Дэлхийн II дайны үеийн шумбагч хөлгийг олжээ

Норвегийн Берген хотын ойролцоох Хойд тэнгисийн ёроолоос Германы U-486 шумбагч хөлгийг оллоо хэмээн тус хотын тэнгисийн музейн захиргаанаас мэдэгдэв. Шумбагч хөлгийг дайсны радарт орохоос сэргийлэхийн тулд хиймэл каучук материалаар бүрсэн байжээ.
U-486 шумбагч хөлөг нь 1945 оны дөрөвдүгээр сарын 12-нд Британийн шунгагч минад өртөн живжээ. Экипажийн гишүүд бүгд амь үрэгдсэн аж. U-486 сүйрэхээсээ өмнө Америкийн 763 тэнгисийн цэргийг авч явсан Бельгийн хөлөг онгоцыг буудаж живүүлээд байсан юм.

Сирийн Ерөнхийлөгч Б.Асад амь үрэгдсэн үү

Арабын ертөнцийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Сирийн Ерөнхийлөгч Башар Асад алуулсан хэмээн мэдээлж, үүний дараа энэ мэдээлэл өрнөдийн хэвлэлээр цацагдаад байна. Гэвч ямар ч албан ёсны нотолгоо байхгүй байгаа юм. New York Daily News мэдээлж буйгаар, Сирийн лидерийг өнгөрсөн бямба гаригт Мехди Якоби гэгч иран бие хамгаалагч нь буудан хөнөөжээ. Башар Асадын цогцсыг Дамаскийн эмнэлэгт хүргэж, Сирийн зэвсэгт хүчнийхэн эргэн тойрныг нь хамгаалалтад аваад байгаа бололтой.
Гэвч Сирийн Москва дахь элчин сайд дээрх мэдээллийг няцааж “Манай Ерөнхийлөгч эрүүл саруул, ажлаа хийж байгаа. Тэр үхсэн гэдэг нь худал” хэмээн “Новости” агентлагт ярьжээ. Сирийн армийнхан ч Асадын үхлийн талаарх мэдээллийг няцааж байна. “Энэ худлаа. Израилийн хэвлэлүүд эхлээд энэ цуу яриаг тараасан. Үүнээс гадна Асадад иран бие хамгаалагч байхгүй” хэмээн Сирийн армийн төлөөлөгч мэдэгдсэн байна.




Баячууд уйлж байна, гэхдээ бууж өгөхгүй нь

Дэлхийн санхүүгийн хямрал нийгмийн анги давхаргын тэгш бус байдлыг улам өдөөж, баячууд, ядуусын хоорондох ялгаа улам нэмэгдсээр байна. Санхүү, эдийн засаг амар амгалан байх үед хөгжингүй орнуудад бусдын дарвуулт хөлөг онгоц, орд харшууд сөрөг сэтгэгдэл төрүүлдэггүй байсан. Гэтэл өр шир нэхэгдэж, санхүүгийн хямрал нүүрлэсэн өнөө үед хөрөнгөлөг зарим иргэдэд “таагүй” хандах болжээ. Тэр тусмаа, олон үе дамжин хуримтлагдсан гэр бүлийн орлого бус, харин одоо олж буй цалин, орлогын асуудлыг нь хөндөх болсон байна. Томоохон банкнуудын топ-менежерүүд цалин, шагналыг сая саяаар нь авч байхад хэрэглэгчид нь ашиг авахгүй, харин бүр мөнгөө алдаад дуусч байгааг ойлгоход бэрхтэй. Нийгмийн шударга ёсыг эргүүлэн тогтоох оролдлогоор далимдуулан олон орны удирдагчид хоосорсон төсвөө дүүргэхийн тулд баячууд руу дайрч, тэднийг хөрөнгөө бусадтай хуваахыг тулгах болов. Мэдээж тэд үүнийг идэвхтэй эсэргүүцэж буй нь тодорхой. Энэ тэмцэл алдаг оног амжилттайгаар нэлээд хэдэн жил үргэлжилж байна.
АНУ-ын Сенат өнгөрсөн долоо хоногт баячуудад зориулсан татварын хэд хэдэн хөнгөлөлтийг цуцлах заалттай төсвийн тогтоолыг баталжээ. Тухайн үедээ Америкийг золтой л санхүүгийн дампууралд хүргэчихээгүй энэ санаачилгадаа Барак Обама амаргүй даваа туулан байж хүрлээ. Дээрх тогтоолыг батлах санал хураалтын өмнөх мэтгэлцээн 13 цаг үргэлжилж, дөнгөж нэг саналын илүүгээр батлагджээ. Гэвч АНУ-ын парламентын доод танхим өчигдөр нийгмийн хөтөлбөрийн зардлыг багасгах тогтоолыг батласан юм. Харин энэ тогтоолд нь баячуудад үзүүлдэг татварын хөнгөлөлтийг арилгах талаар тусгагдсангүй.
Францад баячуудаас нэмэлт татвар хураах гэсэн оролдлого бүтэлгүйтээд дуусч байх шиг. Ерөнхийлөгч Франсуа Олланд жилд нэг сая еврогоос илүү орлоготой иргэдэд 75 хувийн татвар оноох саналтай байгаа ч Төрийн зөвлөл үүнийг 66, бүр 60 хувь болгон бууруулахыг зөвлөжээ. Ингэвэл татварын шинэ системийг Үндсэн хуулийн зөвлөл батлах магадлал нэмэгдэх ч бас л эсэргүүцэлтэй тулгарах бололтой. Шинэ арга хэмжээний ачаар цугларах мөнгө нь санасан хэмжээнд хүрэхгүй хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Ф.Олланд жилд 20 тэрбум еврог татвараас цуглуулна гэж амласан бол энэ нь дөнгөн данган 210 саяд л хүрэх бололтой. Ерөнхийлөгчийн санаачилга улс орны нэр хүндэд муугаар нөлөөлж, хөрөнгөлөг иргэд татварын шинэ хууль батлагдахыг хүлээлгүй улс орноо орхин явах болсон билээ.
Социалистуудын лидер Франсуа Олланд нэг сая еврогоос илүү орлоготой иргэдэд 75 хувийн татвар ногдуулна хэмээн амлаж сонгуульд ялалт байгуулсан юм. Тэрээр Элисейн ордонд ирэнгүүтээ амлалтаа биелүүлэхээр зохих хуулийн төслийг боловсруулав. Гэвч өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Үндсэн хуулийн шүүх дээрх хуулийн төсөлд хориг тавьжээ. Гэр бүлийн татварыг эхнэр, нөхөр хоёулаа төлдөг Францад хувь хүн хэрхэн татвар төлөх нь маргаан дагуулж байна. Засгийн газрын мэргэжилтнүүд үүнийг тооцож, гэр бүлийн хамтын орлогоос татвар авна гэсэн аж. Тэгвэл татварыг эхнэр нь төлөх үү, нөхөр нь төлөх үү. Хэн нь ч төлөхгүй хэмээн хэлэх хүмүүс байна. Одоо нэг саяын орлоготой хүнийг баян гэх үү, хоёр саяын орлоготой хүнийг баян гэх үү хэмээн ид маргалдаж байна.
Францын төрийн байгууллагууд маргалдсаар байх хооронд иргэдийн татварын бодлогод хандах хандлага өөрчлөгджээ. Өнгөрсөн хавар хүн амын 60 хувь нь баячуудад өндөр татвар оноохыг дэмжиж байсан бол эдүгээ энэ үзүүлэлт 53 хувь болж буурчээ. Зарим хүн, баячуудыг дарамталж шахсанаар, гадаад руу хөрөнгө, капиталаа алдаж, ажилгүйдлийг нэмэгдүүлнэ хэмээн үзжээ. Жүжигчин Жерар Депардьегийн араас өөр олон хөрөнгөлөг францууд гадаад руу гарна хэмээн ажиглагчид үзэж байна.