Saturday, October 12, 2013



Кубын дэглэм хувийн секторт аялал жуулчлалыг нээлээ

Куба улсын төрийн мэдлийн аялал жуулчлалын компани, байгууллагууд зохион байгуулалттай, бүлэг жуулчдад үйлчлэхдээ хувийн байр, зочид буудал, зоогийн газар болон бусад үйлчилгээний газартай гэрээ хийж, хамтран ажиллах боломжтой боллоо. Аялал жуулчлалын яамны энэхүү шийдвэр Засгийн газрын албан ёсны Gaceta Oficial сонин дээр хэвлэгдэн гарсан байна. Орон сууц, хажуу өрөөгөө хөлслүүлдэг, “paladar” буюу хувийн зоогийн газар ажиллуулдаг хүмүүс улсын аялал жуулчлалын салбарт үйлчилгээгээ үзүүлэхэд нээлттэй болж байна. Өдийг хүртэл Кубын Аялал жуулчлалын яам зөвхөн өөрсдийн хүчээр буюу улсын үйлчилгээгээр энэ салбарыг хариуцаж иржээ.
Кубад хувиараа жуулчин хүлээж авдаг хүмүүс байдаггүй. Улсын мэдлийн аялал жуулчлалын компаниуд болон гадаадын аялалын пүүс л Кубад жуулчин авчирдаг. Харин Кубад ирсэн жуулчдад хажуу өрөө (hostel) болон морь тэрэг, дээр үеийн ганган автомашинаар үйлчилгээ үзүүлдэг “cuentapropistas” буюу хувь хүмүүс байдаг. Засгийн газрын шинэ шийдвэрийн ачаар эдгээр хүмүүсийн мөнгө олох боломж хэд дахин нэмэгдэж байгаа юм. Хувь хүмүүстэй гэрээ байгуулж, үйлчилгээ авсан төрийн мэдлийн компаниуд төлбөрийг хөрвөх песогоор хийх аж. Эдүгээ Кубад куба песо болон хөрвөх песо гэсэн хоёр мөнгөн дэвсгэрт ашигладаг. Америк доллартай 1:1 харьцаатай байдаг хөрвөх песогоор супермаркет, баар, зоогийн газар, зочид буудал, хот хоорондын тээвэр зэрэг хамаг чухал тооцоо хийгддэг бол, куба песог хот доторх автобус, картын барааны худалдаа, зарим цайны газар, задгай зах зэрэг цөөхөн салбарт хэрэглэдэг байна.
Рауль Кастрогийн Засгийн газар арлын эдийн засгийг шинэчлэх, хөгжүүлэх бодлогын хүрээнд авч буй бас нэг арга хэмжээ нь энэ юм. Эрх баригчид хувийн бизнесийг дэмжихдээ үе шаттайгаар, хяналттайгаар хэрэгжүүлнэ хэмээн мэдэгдэж байна. Одоогийн байдлаар, 436 мянган куба иргэн Засгийн газраас зөвшөөрөгдсөн 200 орчим салбарт хувиараа бизнес эрхэлж байгаа аж. 2010 онд хувийн өмчийн салбарыг хөгжүүлэх бодлогыг албан ёсоор хэрэгжүүлж эхэлснээс хойш энэ салбарын өсөлт 18 хувьтай байна. Гэвч Кубад хувийн бизнес нийт эдийн засгийн дөнгөж хоёр хувийг эзэлж байгаа юм.

Эрх чөлөөний арал дээр хувийн өмч хөгжиж буйн нэг тод үзэгдэл нь төрөөс хараат бус зоогийн газар болон жуулчдад хөлслүүлэх эрхтэй хувийн орон сууц олширсон явдал юм. Сүүлийн гурван жилд тус арал дээр хоёр мянга хоёр зуу гаруй зоогийн газар, зургаан мянга гаруй өрөөтэй мянга орчим хувийн орон сууц бий болжээ. Кубад хувиараа ирсэн жуулчдын бараг тал хувь нь хувь хүмүүсийн орон сууц, өрөөг хөлсөлдөг байна. Учир нь эдгээр нь хямд байхын зэрэгцээ тун тохилог байдаг ажээ.

Wednesday, October 9, 2013





Dreamliner-ийн “00”-д асуудал гарч Домодедовод газарджээ

Japan Airlines компанийн Boeing-787 Dreamliner агаарын хөлгийн ариун цэврийн өрөөнд доголдол илэрсний улмаас Москвагийн Домодедово нисэх буудалд ослын буулт хийв. Онгоцонд 144 зорчигч, экипажийн 10 гишүүн байжээ. Авиа компанийн төлөөлөгч мэдэгдсэнээр, “00”-ийн өрөөнүүд жагсаалаас гарснаас гадна хоол халаах төхөөрөмж нь ажиллагаагүй болоод байжээ. Boeing-787 Dreamliner Москвагаас Токиогийн зүг хөөрөөд хоёр цагийн дараа ийнхүү буцаж газардсан байна.
Дэлхий даяар 50 орчим Dreamliner агаарт хөөрч буйн 24 нь Japan Airlines компанид харъяалагддаг. 2013 оны эхээр тус агаарын хөлгүүдийн зай цэнэглэгч доголдож бүх нислэг нь зогсч байжээ.

В.Кличко жүжигчин Хейдентэй сүй тавилаа

Украины нударгач Владимир Кличко Америкийн жүжигчин Хейден Панеттьеритэй сүй тавьжээ. Хейден “АВС” телевикийн ток-шоуд оролцохдоо бөгжөө үзүүлж, Кличкотой сүй тавьснаа зарласан байна. Харин тэд хэзээ хуримаа хийхээ товлоогүй байгаа аж. Хейден Панеттьери “Баатар”, “Нэшвилл” зэрэг телевизийн цуврал кинонд тоглож алдаршсан нэгэн. Тэрээр мэргэжлийн боксын дэлхийн аварга Кличкотой 2009 оноос хойш уулзах болжээ. Тэд 2011 онд нэг хэсэг салсан ч 2013 онд харилцаагаа сэргээсэн юм.

Цэргүүдийн ар гэрт нөхөн төлбөр олгохыг сэргээжээ

Амь эрсэдсэн цэргүүдийн ар гэрт олгох нөхөн төлбөрийг үргэлжлүүлэн олгох хуулийн төслийг Цагаан ордон батлав. Энэ хуулийг Ардчилсан нам санаачилж, санал нэгтэй баталсан ч Сенатаар дэмжигдэх эсэх нь тодорхойгүй байна. Америк цэрэг амь насаа алдвал Пентагон ар гэрт нь гурав хоногийн дотор 100 мянган долларын нөхөн төлбөр олгодог. Төсвийн маргааны улмаас засаг захиргааны ажил зогссоны дараа энэ төлбөр бас зогсоод байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ явдалд гүнээ харамсаж буйгаа илэрхийлээд аль болох хурдан шийдвэрлэх шаардлагатай хэмээн мэдэгджээ.
Засгийн газар “хаагдсанаас” хойш 26 цэрэг амь эрсэдсэн ч ар гэрт нь нөхөн төлбөр олгоогүй байна. Ар гэрийнхэн нь мөн амь үрэгдсэн газарт нь улсын зардлаар очих эрхтэй байдаг. Нөхөн төлбөр олгогдохгүй байгаа ч Засгийн газраас оршуулгын зардлыг даасан хэвээр байна.

Хожиж буй багийн хөлбөмбөгчид их гэмтдэг

Хожиж буй багийн хөлбөмбөгчид гэмтэл авах нь их байдаг хэмээн Шведийн эрдэмтэд тогтоожээ. Судалгааны үр дүн British Journal of Sports Medicine сэтгүүл дээр хэвлэгдсэн байна. Эрдэмтэд FIFA-тай хамтран 2002, 2006, 2010 оны дэлхийн аваргын тэмцээнд дүгнэлт хийсэн аж. Хожигдож буй багийнхан илүү түрэмгий, зэрлэг тоглодог учраас ийм байдал үүссэн гэдэг дүгнэлтэд хүрчээ. Тоглогчид чөлөөт цохилт, завсарлагын дараа их гэмтдэг нь тогтоогдсон байна. Шведийн эрдэмтэд хоккейн спортын гэмтэл бэртлийн талаарх судалгаандаа оржээ.

Ливийн Ерөнхий сайдыг баривчлав

Өчигдөр Ливийн Ерөнхий сайд Али Зейданыг үл мэдэгдэх этгээдүүд машинаас нь хүчээр буулган авч явлаа, Ерөнхий сайд Триполи дахь зочид буудалд байхдаа хулгайлагдлаа гэсэн мэдээлэл түгж байлаа. Гэвч түүнийг Ливийн Ерөнхий прокурорын газрын тушаалаар төрийн нууцтай холбоотой хэргээр баривчилсан нь тодорхой болов. Засгийн газрын тэргүүнийг саатуулах ажиллагаанд Дотоод хэргийн яамны ажилтнууд оролцжээ. Түүнийг мөн авлигын хэрэгт буруутгаж магадгүй байна.

Э.Сноудений эцэг хүүтэйгээ уулзахаар Москвад иржээ

АНУ-ын тагнуулын албаны нууцыг задалсан Эдвард Сноудений эцэг Лон Сноуден хүүтэйгээ уулзахаар Москвад иржээ. Эцэг Сноуден АНУ-ын эрх баригчдын хүнд суртлын улмаас хүүтэйгээ уулзахаар ирж чадахгүй байсан юм. Тэрээр АНУ-ын төрд тэрсэлсэн хүүтэйгээ хаана уулзах нь тодорхойгүй байна.
Лон Сноуденийг “Шереметьево”-д газардахад хүүгийнх нь өмгөөлөгч Анатолий Кучерен тосч авчээ. Кучерен сүүлийн хэдэн сарын турш үйлчлүүлэгчтэйгээ уулзаагүй хэмээн мэдэгдэж байна. АНУ-д Э.Сноудений эсрэг эрүүгийн хэрэг үүсгэжээ. Түүнийг тагнуул хийсэн, улсын өмч, төрийн нууц хулгайлсан хэмээн буруутгаж байгаа бөгөөд 30 хүртэл жилээр хорих ял төлөвлөсөн байна. 


Түвдэд үндэстэн хоорондын мөргөлдөөн дахин дэгдлээ

Түвдэд бугшсаар байгаа үндэстэн хоорондын мөргөлдөөн дахин сэдрээд байна. Хималайн бүсийн тус нутагт өнгөрсөн бүтэн сайнд аюулгүйн хүчнийхэн жагсагчид руу гал нээж 60 орчим хүнийг шархдуулсан тухай түвдүүдийн эрхийг хамгаалагч байгууллагуудаас мэдээлж байна. Хятадын үндэсний баяр аравдугаар сарын 1-нд болоход эрх баригчид түвд иргэдийг Хятадын далбааг мандуулахыг шаарджээ. Үүнийг эсэргүүцсэн нэг түвдийг баривчлан хориод байсан аж. Биру хот дахь түвдүүд түүнийг суллахыг шаардан жагсаал хийх үеэр дээрх мөргөлдөөн болсон байна.
Түвдүүд тэр залууг суллахыг шаардан Засгийн газрын нэгэн байрны өмнө цуглахад хятад цагдаа нар нулимс асгаруулагч хий, бороохой ашиглан жагсагчдыг зодож, занчиж эхэлжээ. Иргэд эсэргүүцэн үймээн дэгдээх үеэр гал нээсэн хэмээн Лондонд төвтэй Free Tibet байгуулагаас уламжилж байна. Шархадсан 60 орчим хүнээс хоёр нь хүнд байдалтай байгаа аж. Сүүлийн үед аюулгүй байдал сахиулагчдын зүгээс түвдүүдтэй зэрлэг балмад харилцах явдал эрс нэмэгдэж байгааг Free Tibet баталж байна.
Хятадын цагдаа нар эсэргүүцлийн жагсаалыг хатуу ширүүнээр нухчин дардаг ч галт зэвсэг хэрэглэх нь тун ховор байдаг. Түвдүүдийг дэмждэг, АНУ-д төвтэй International Campaign for Tibet (ICT) байгуулага “Эрх баригчид ямар зэвсэг ашигласан нь тодорхойгүй ч 60 орчим хүн шархадсан нь батлагдсан” хэмээн мэдээлэв. Харин Биру хотын цагдаагийн газрын ажилтан France Presse агентлагт ярихдаа “Эсэргүүцлийн жагсаал болоогүй, ямар нэг хүн шархдаж бэртээгүй” гэсэн байна. Аравдугаар сарын 1-нд Засгийн газрын ажилтнууд түвд сүм хийд, айл өрхийг гадаанаа Хятадын далбааг мандуулахыг шаардсан аж. Гэвч зарим түвдүүд үүнийг эсэргүүцсэний улмаас жижиг мөргөлдөөн үүсч, хэд хэдэн хүнийг баривчлаад байсан аж.
2008 онд Түвдийн нийслэл Лхаса хотод хятад үндэстний эсрэг томоохон жагсаал болж мөргөлдөөн үүсч олон хүн амиа алдсан билээ. Тэр цагаас хойш Хятад, Түвдийн олон мужид Бээжингийн харгис бодлогыг эсэргүүцсэн 120 орчим түвд хүн өөрийгөө шатаагаад байна. Хятадын коммунист намын лидерүүд солигдох үед эсэргүүцлийн энэ хэлбэр дээд цэгтээ хүрсэн ч сүүлийн хэдэн сард эрс буураад байгаа юм. Далай лам салан тусгаарлагч үзэл бодлоо түгээхийн тулд түвдүүдийг ийм байдлаар турхирсаар байна хэмээн Бээжин буруутгасаар. Гэвч 1959 оноос хойш эх нутгаасаа дүрвэн Энэтхэгт амьдарч байгаа Нобелийн шагналт Дээрхийн гэгээнтэн “Би түвдүүдийг ийм зүйлд турхираагүй, харин ч үүний эсрэг байгаа. Түвдүүд өөрсдийн итгэл үнэмшил, шийдвэрээр ийм үйлдэл хийж байна. Ийм цөхөрсөн үйлдлийг зогсоох хүч надад алга” хэмээн мэдэгдсэн аж.

Түвд иргэд Засгийн газраас тавьдаг хатуу хяналт, хязгаарлалтад сэтгэл дундуур байхын зэрэгцээ шашин, соёлын уламжлалыг нь хавчин боож байгаад илт дургүйцдэг. Мөн Бээжингийн эдийн засгийн бодлого нь голдуу хан үндэстнүүдэд ашиг тусаа өгдгийг шүүмжилсээр байна. Харин төвийн эрх баригчид “Түвдүүдийг хараат байдлаас нь гаргаж, хөрөнгө оруулалт хийн, эдийн засгийг нь хөгжүүлж, ард иргэдийнх нь амьдралыг сайжруулж байна” хэмээн мэдэгддэг аж. Гадаадын сэтгүүлчид Түвдэд ажиллах хориотой байдаг тул тэнд юу болж байгааг хараат бус байдлаар хүргэх боломжгүй байдаг. Түвд нь олон зууны өмнөөс Хятадын нэг хэсэг байсан хэмээн Хятад улс үздэг бол, түвдүүд “1950 онд Хятадын цэрэг орж ирэх хүртэл Түвд нь тусгаар үндэстэн байсан” хэмээн учирладаг. Мао Зедуны армийн цэргүүд 1950 онд Түвдэд нэвтрэн орж бүс нутгийг “тайван замаар чөлөөлсөн” хэмээн Бээжингийн эрх баригчид онцолдог аж.

Tuesday, October 8, 2013






Зорчигч бие даан нисэх онгоцыг газардуулав

Том биш нэгэн нисэх онгоцны цорын ганц зорчигч нисэх онгоцоо Хамберсайдын нисэх буудалд бие даан газардуулж чаджээ. Нисэгч нь ухаан алдсан байжээ. Нисэх буудлын диспетчерийн албаны хоёр мэргэжилтэн холбоогоор заавар өгсний дагуу онгоцыг амжилттай газардуулсан байна. Зорчигч эр тайван байж, диспетчерийн зааврыг яг таг биелүүлсэн тухай хэвлэлд бичжээ. Тэрээр нислэгийн туршлагатай ч нисэх онгоц газардуулж үзээгүй байсан аж. Харин нар өмнөөс хүчтэй гялбаж байсны улмаас мань эр гурав дахь оролдлогоороо онгоцыг газардуулсан байна.

Азербайжанд Ерөнхийлөгчийн сонгууль боллоо

Азербайжанд Ерөнхийлөгчийн сонгууль болж, санал авах хэсгүүд өчигдөр 07.00-18.00 цаг хүртэл ажиллажээ. Төрийн тэргүүний сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Ильхам Алиев, сөрөг хүчний нэгдсэн нэр дэвшигч Жамиль Гансанли тэргүүтэй арав орчим хүн өрсөлдөж байна. Азербайжан улсын 125 сонгуулийн тойргийн зургаан мянга гаруй хэсэгт санал авч дууссан ба ноцтой зөрчил, будлиан гарсангүй хэмээн Сонгуулийн хорооноос мэдээлэв. Одоогийн Ерөнхийлөгч И.Алиев 2003 оноос хойш улс орноо удирдаж байгаа билээ.

АНУ Египетэд цэргийн тусламж үзүүлсээр байна

АНУ Египетэд цэргийн тусламж үзүүлсээр байх болно хэмээн АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс мэдэгдлээ. “CNN” телевизээр “АНУ Египетэд үзүүлдэг цэргийн тусламжаа зогсооход бэлэн байна” гэсэн мэдээлэл явсны дараа Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Кейтлин Хэйден дээрх мэдэгдлийг хийжээ.
Вашингтон удахгүй Каирт үзүүлэх ээлжит цэргийн тусламжийнхаа талаар мэдээлэл хийхээр бэлтгэж байна. Ерөнхийлөгч Б.Обама ч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индэр дээрээс Египеттэй сайн харилцаагаа үргэлжлүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэсэн юм. АНУ жил бүр Египетэд 1.23 тэрбум долларын цэргийн тусламж үзүүлсээр байна.

Н.Мадуро онцгой эрх мэдэл хүсч байна

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро парламентдаа хандаж, “эдийн засгийн дайн” болон авлигатай тэмцэхэд шаардлагатай байгаа онцгой эрх мэдэл олгохыг хүсчээ. Энэ тухай “El Nacional” сонин мэдээлэв. Тэрээр энэ хүсэлтээ парламентын танхимийн индэр дээрээс илэрхийлжээ.
“Авлига, далд эдийн засгийг зогсоохгүй бол улс оронд социализм байгуулж чадахгүй” хэмээн Мадуро онцолсон байна. Гадаад, дотоодын империалист хөрөнгөтнүүд Венесуэлийн эсрэг эдийн засгийн дайн өрнүүлж байна хэмээн тэрээр үзэж байгаа аж.

Б.Нетаньяху Грекийн эдийн засагт хөрөнгө оруулахыг уриалав

Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху эх орныхоо бизнесмэнүүдэд хандаж Грекийн эдийн засагт хөрөнгө оруулахыг уриаллаа. Тэрээр Грекийн Засгийн газрын тэргүүн Антонис Самарастай уулзсаны дараа Грек дахь эдийн засгийн хямралыг даван туулах тэмцэлд ихээхэн ахиц гарч буйг онцлон тэмдэглэжээ.
“Израиль улс Грект хөрөнгө оруулахыг уриалж байна. Удахгүй энэ урсгал нэмэгдэх болно. Ухаалаг бизнесмэнүүд тэнд хөрөнгө оруулалтаа эхлүүлээд байна” хэмээн Нетаньяху ярилаа. Афины эрх баригчдын хэт үндсэрхэг “Алтан үүрийн гэгээ” намын эсрэг явуулж буй бодлогыг Израилийн Ерөнхий сайд дэмжжээ. Тус намын лидер фашизмийг эсэргүүцэгч хөгжимчин Павлос Фиссасын амь насанд хүрсэн хэргээр баривчлагдаад байгаа юм.

Facebook-ийн эзэнт гүрэн өргөжсөөр

-Тус компани ажилтнуудаа зориулж хот байгуулахаар болжээ-

Марк Цукербергийн Facebook эзэнт гүрэн улам хүчирхэгжиж, өргөжин тэлсээр байна. Гэхдээ энэ удаа нийгмийн сүлжээндээ бус, харин газар дээр бодит бүтээн байгуулалт хийхээр болжээ. Залуухан Цукербергийн үүсгэн байгуулсан компани Калифорни дахь Menlo Park хэмээх газар ажилтнууддаа зориулж, 394 орон сууцтай бүхэл бүтэн хотхон барихаар шийджээ. 35 студитэй, 208 нэг өрөө, 139 хоёр өрөө байртай орон сууц болон бусад албаны өргөө, барилга байгууламжийг босгох ажил энэ сард эхлэх юм. Мөн компанийн өндөр албан тушаалтнуудад зориулсан гурван өрөө байр 20 орчим байх ёстой.
Хоёр жилийн дотор дуусгах энэ төсөлд 120 сая доллар зарцуулах бөгөөд хотхоны нийт талбай 40 мянган метр кв газрыг эзлэх аж. Ажилтнууд хотхоны Их хаалга буюу Facebook-ийн ерөнхий штаб дээр ирээд тэндээс унадаг дугуйгаар, эсвэл явганаар хотхон руу нэвтэрнэ.
Уг газрыг эзэмшдэг St. Anton Partners фирм Facebook-ийн хотхоны зураг төслийг гаргажээ. М.Цукербергийн шинэ хот нь дэлгүүр, зоогийн газар, иогийн танхим, алжаал тайлах төв, хувцас угаалга, унадаг дугуй засвар, амьтны эмнэлэг, асаргаа, зугаалгын өргөн чөлөө гээд бүх л талаараа үлгэр жишээ байх юм. “Wall Street Journal” энэ төслийг XX зууны эхэн үеийн company towns буюу “компанийн хот” хэмээх чиг хандлагатай зүйрлэсэн байна. Сүүлийн үед томоохон пүүс, компаниуд ажилтнууддаа зориулсан хотхон байгуулах нь ихэсчээ.

“Би чамд хайртай”-г вьетнамаар хэлэх боломжгүй

“I love you”, “Je t'aime”, “Yo te amo”, “Би чамд хайртай”. Хайрлах, дурлах нь зайлж болшгүй мэдрэмж, сэтгэл хөдлөл. Хүн гэгч амьтан үүнийгээ үгээр илэрхийлж, гаргаж чаддаг. Гэвч хайр дурлалаа илэрхийлж, хэлж болдоггүй нэг хэл байдаг нь вьетнам юм. Вьетнам хэлээр “Би чамд хайртай” гэж хэлж болдоггүй. Вьетнамууд чинь хайрлаж, дурладаггүй хүмүүс юм уу гэтэл тийм биш, зүгээр л үүнийг илэрхийлэх үг байдаггүй аж.
Вьетнам хэлэнд “би”, “чи” гэдэг үг байдаггүй гэвэл та итгэх үү. Харин нас сүүдрийг нь тооцоод би, чи-гийн оронд том ах, сайн ах гэдэг үгийг хэрэглэдэг аж. Тэгэхээр “Би чамд хайртай” гэж хэлье гэвэл “Том ах сайн ахад хайртай” гэж хэлэх болчихоод байдаг гэнэ. Хэлний энэхүү онцлог байдлын улмаас Вьетнамд зүгээр л чамд хайртай, дуртай гэсэн сэтгэлээ илэрхийлэх тал дээр бэрхшээл үүсдэг байна. Энэ нь хайр дурлалыг ил тод зарладаггүй, хөгшин хүмүүсийг ихэд хүндэтгэдэг уламжлалтай холбоотой бололтой.

Германы тэргүүн ноён Иоахим Сауэр

Германы тэргүүн ноён буюу канцлер Ангела Меркелийн нөхрийг Иоахим Сауэр гэдэг. Тэрээр Берлины Хумбольдтийн их сургуулийн квант химийн багш, даруухан, чимээгүй амьдралтай нэгэн. Иоахим ч, Ангела ч өмнө нь гэр бүлийн амьдралтай байсан. Тэд Ардчилсан Герман дахь нэгэн Шинжлэх ухааны академи дээр танилцаж, 1998 онл гэрлэжээ.
Сауэр алба, ёслолоос бусад цагт гэргийгээ дагалдаж, олны хараанд өртөх дургүй. Тэрээр өмнөх гэрлэлтээсээ хоёр хүүхэдтэй, хоёр ачтай. Иоахим Ангелаг хэний ч танил биш байхад нь танилцаж, ханилжээ. Дараа нь Ангела Меркел Германы Христосын ардчилсан намын дарга болж, 2005 онд Германы анхны эмэгтэй канцлер болсон юм. Сауэр сонгодог хөгжмийг шүтэн бишрэгч ажээ.


Б.Обама: Өрийн дээд хязгаарыг нэмэхгүй бол цөмийн бөмбөг л гэсэн үг

“Шалтаг, шалтгаан тоочиж ханалаа. Сенат аль хэдийнэ баталчихсан төсвийг тийм, эсвэл үгүй гэж санал хураах цаг боллоо. Конгресс Засгийн газрын зогсолтыг дуусгангуут өр, төлбөрөө барагдуулах асуудал дээр анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй байна” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч бүгднайрамдахчуудад хандаж ширүүн сануулга өглөө. Тэрээр Засгийн газар “хаагдаад” найм хоносны дараа энэ мэдэгдлийг хийхдээ “Хэлэлцээ хийнэ, гэхдээ айлган сүрдүүлэлт дор хийхгүй” хэмээн онцолжээ.
Нөгөө талаар, Цагаан ордны тэргүүн улс оронд тулгарч буй эрсдэлийг хүлээн зөвшөөрөхдөө шулуун, шударга байхыг хүсчээ. “Хэрвээ Конгресс өрийн дээд хязгаарыг өсгөхгүй бол АНУ 200 жилийнхээ түүхэнд анх удаа санхүүгийн үүрэг хариуцлагаа биелүүлж чадахгүйд хүрээд байна. Бүгд найрамдах нам төсөв батлахгүй хааж боож байгаа нь цөмийн бөмбөгөөр наадаж буйтай адил. Цөмийн бөмбөг хэрэглэвэл ямар аюултай байдаг билээ” хэмээн Обама хэлэв. Ийнхүү Ерөнхийлөгч зартай хөрөнгө оруулагч Уоррен Баффетийн адилаар өрийн талаарх маргааныг цөмийн бөмбөгтэй зүйрлэв. Энэ хязгаарыг нэмж, Вашингтон аравдугаар сарын 17-ноос өмнө санхүүгийн үүрэг хариуцлагаа биелүүлэхгүй бол засаг захиргааны одоогийн зогсолтоос ч долоон дор юм болно хэмээн Б.Обама санууллаа.
“Олонхийн саналаар баталчихсан зүйлийг унагаж, хүчингүй болгохыг шаардаж болохгүй. Үүгээр далимдуулж хаана, зогсооно гэж айлгах нь буруу юм. Конгрессын гишүүд ажлаа хийхийн оронд өөр зүйл нэхэж шаардах ёсгүй. Конгресс өрийн дээд хэмжээг нэмэхгүй бол АНУ төлөх ёстой өрөө төлж чадахгүйд хүрнэ” хэмээн Ерөнхийлөгч сануулсаар байна. Өр, төсвийн асуудлаар хоёр нам тохиролцоонд хүрч чадахгүй бол засаг захиргаа дахин зогсолтод орох аюул нүүрлэж байгаа аж. Төсөв батлах гэдэг нь Барак Обамагийн санаачилсан эрүүл мэндийн даатгалын шинэ хуулийг хамт батлана гэсэн үг. Бүгд найрамдах нам Б.Обамагийн шинэчлэлийг бүтэлгүй болгохын тулд энэ төсвийг батлахгүй хэмээн гүрийж, эсвэл эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийн хэрэгжилтийг дахин нэг жилээр хойшлуул хэмээн тулгаж байгаа аж.
Б.Обама дээрх мэдэгдлийг хийхээсээ өмнө Төлөөлөгчдийн танхимийн тэргүүн, бүгднайрамдахч Жон Бонертэй утсаар ярилцаж зөвлөлджээ. Сенатаар баталчихсан төсвийн талаар санал хураалт явуулахыг Ерөнхийлөгч хүссэн байна. Өрийн дээд хязгаарыг нэмж, Засгийн газрын үйл ажиллагаа дахин сэргэсний дараа Цагаан ордны тэргүүн Бүгд найрамдах намтай хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн юм. Зөвхөн Конгресс өрийн дээд хэмжээг нэмэгдүүлэх эрхтэй бөгөөд эс тэгвэл АНУ-ын эдийн засаг болон дунд ангийнханд ноцтой үр дагавар учирна хэмээн эдийн засагчид үзэж байна. 

Monday, October 7, 2013

1-р нүүрний мэдээ шөө...



Зуутын шинэ доллар гүйлгээнд орлоо

АНУ-ын Холбооны нөөцийн алба өчигдрөөс эхлэн илүү өндөр түвшний нууцлалтай зуун долларын дэвсгэртийг гүйлгээнд орууллаа. Шинэ дэвсгэрт нь хэвлэмэл бус, сүлжмэл гурван хэмжээст хөх туузтай. Эргүүлж нөгөө талаас нь харахад дэвсгэрт дээрх бэх нь ногоон өнгөөр солигдох аж.  Баруун дээд булан дахь 100 гэсэн цифр мөн шаргалаас ногоон болж солигдоно.
Зуутын доллар нь АНУ-ын хил хязгаараас гадна хамгийн ихээр хуурамчаар үйлдвэрлэгддэг аж. 2012 онд АНУ-д 9.7 сая, гадаадад 56.8 сая хуурамч доллар илэрсэн байна.




Э.Сноуден Москвад дэлгүүр хэсч явна

АНУ-ын тагнуулын сүлжээний хамаг нууцыг дэлгээд зугтаасан Эдвард Сноуден хэд хэдэн улс дамжин нуугдсаны эцэст Орост оршин суух эрхтэй болсон билээ. Тэрээр улс төрийн орогнол олж авснаасаа хойш Москва дахь Шереметьево нисэх буудлыг орхин гарч сураг алдраад байсан юм. Тэгвэл тэр цагаас хойш Сноуден анх удаа олон нийтийн өмнө үзэгдлээ. Тэрээр Москва дахь нэгэн дэлгүүрээс худалдаа хийгээд гарч явахдаа гэрэл зурагчийн дуранд олзлогджээ. Өмгөөлөгч Анатолий Кучерений мэдэгдэж буйгаар, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг болон Тагнуулын төв газрын экс ажилтан Эдвард Сноуден одоогоор эрх чөлөөтэй байгаа ч хувийн хэд хэдэн бие хамгаалагчтай явж байгаа аж.
Сноуден дэлгүүрийн тэргэн дээр бараагаа түрэн “америк стиль”-ээр гарцгүй газраар зам хөндлөн гарч байгаа нь хальсанд буужээ. Ямартай ч тэрээр Оросоос явалгүй, нийслэлд нь суурьшин амьдарч байгаа нь нотлогдов бололтой. Сноуден 2013 оны зургадугаар сард АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн PRISM тагнуулын програм болон бусад нууцыг “The Guardian”, “The Washington Post” сониноор дамжуулан дэлгээд эх орноосоо зугтаасан юм.

Хойд Солонгос армиа бэлэн байдалд оруулав

Өмнөд Солонгосын тал АНУ-тай хамтарсан цэргийн хээрийн сургууль хийх гэж байгаатай холбогдуулан Хойд Солонгосын арми өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ. “АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Вашингтон хэзээ ч Хойд Солонгосыг довтлох санаа агуулаагүй гэж мэдэгдэж байсан нь худлаа боллоо. АНУ хээрийн сургуульд оролцох гэж байгаа нь үүнийг нотлон харуулж байна” хэмээн Пхеньяны төлөөлөгч мэдэгджээ.
Хойд Солонгосын цэргийн анги, нэгтгэлүүд Америк, Өмнөд Солонгосын цэрэг, техникийн хөдөлгөөнийг алдалгүй хянаж, ямар ч тохиолдолд цохилт өгөхөд бэлэн байна хэмээн мэдээлж байна. Хээрийн сургуульд АНУ-ын “Жорж Вашингтон” тээгч хөлөг онгоц оролцох гэж буй нь Пхеньян дургүйг хүргэж байгаа аж. “АНУ Солонгосын хойгийг зэвсэггүй бүс болгохыг хүсч байгаа бол энэ алхмаа өөрсдөөсөө эхэлж хийх ёстой” хэмээн Хойд Солонгосын эрх баригчид мэдэгдэв. Өмнөд Солонгос, АНУ, Японы хамтарсан цэргийн хээрийн сургууль өчигдөр эхэлж гурван өдөр үргэлжлэх ёстой байсан ч бүс нутгийг дайрсан далайн шуурганы улмаас хойшлоод байна.  

“Аль-Кайда”-г дэмжсэн америк иргэн 14 жилийн ял сонслоо

Миссури мужийн шүүх “Аль-Кайда” байгууллагад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн АНУ-ын иргэн Халид Уазанид 14 жилийн ял оноолоо. Уазани лалын алан хядагч байгууллагад 23 мянган доллар шилжүүлж, цаашид ч санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр зэхэж байсан нь нотлогдсон юм. Мөн тэрээр Ойрхи Дорнод руу явж лалын дайчдын эгнээнд элсэхээр бэлтгэж байжээ.
Уазани террорист бүлгийг санхүүжүүлснээ хүлээж, мөрдөн байцаалтад туслахаа илэрхийлсэн тул прокурорын газраас шаардаж байсанчлан 65 жилийн ял авахаас зайлсхийжээ. Түүний мэдүүлгийн тусламжтайгаар хоёр хамсаатныг нь баривчилж чадсан байна. Мароккогийн уугуул Халид Уазани 2006 онд АНУ-ын иргэн болж байжээ.

Камбожид үер буужээ

Камбожийн бүх газар нутгаар аадар бороо үргэлжлэн орж, хэд хэдэн мужид үер буужээ. Байгалийн гамшиг 83 хүний аминд хүрсний 34 нь хүүхэд байна хэмээн “Reuters” агентлаг мэдээлэв. Үер 120 мянган га тариалангийн талбайг сүйтгэж, 800 мянган гэр бүлд хохирол учруулаад байна. Олон тооны орон сууц, сургууль, сүм хийд эвдэрч сүйджээ. Засгийн газраас цэргүүдийг дайчилж, гамшигт өртсөн бүс нутагт тусламж үзүүлж байна.

Г.Каспаров, К.Илюмжинов нар ФИДЕ-гийн тэргүүнд нэрээ дэвшүүллээ

Эстонийн нийслэл Таллин хотод Дэлхийн шатрын холбооны (ФИДЕ) ерөнхий чуулган эхлээд байна. ФИДЕ-гийн Ерөнхийлөгчийн суудалд одоогийн тэргүүн Кирсан Илюмжиновоос гадна шатрын 13 дахь дэлхийн аварга Гарри Каспаров нэрээ дэвшүүлсэн нь хамгийн онцлох үйл явдал боллоо. ФИДЕ-гийн Ерөнхийлөгчийг сонгох сонгууль 2014 оны наймдугаар сард болох юм. Энэ үеэр Тромс хотод дэлхийн шатрын олимпиад болох ажээ.

Иран улс Facebook, Twiiter-ийг сэргээхгүй

Иран улс Facebook, Twitter нийгмийн сүлжээнд холбогдох эрхийг сэргээх гэж байна гэсэн мэдээллийг тус улсын Мэдээлэл, харилцаа холбооны сайд Махмуд Ваези няцаалаа. “Facebook, Twitter нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцлахгүй” хэмээн тэрээр албан ёсоор мэдэгджээ. Ираны Ерөнхийлөгч Хасан Рохани Америкийн “NBC” телевизэд ярихдаа Ираны энгийн иргэдийн интернэтэд орох эрхийг хязгаарлах талаар дурдсан юм. Үүний дараа сайд дээрх мэдэгдлийг хийжээ. Өнгөрсөн есдүгээр сард Иранд Facebook, Twitter санамсаргүй тохиолдлоор нээгдсэн ч тэр даруйд нь буцааж хаасан билээ.

Японд 115 нислэг цуцлагдав

Японы зүүн хойд хэсгийн Кюшю арал дээр онц байдал зарлаад байна. Ойртон ирж буй “Данас” далайн шуурганы улмаас 115 нислэгийг хойшлуулжээ. Ихэвчлэн Японы төвийн нутгаас Кюшю, Сикоку арал руу хийдэг нислэгүүд цуцлагдсан аж.
Өчигдөр Кагошима мужийг дайрсан хар салхи цахилгаан дамжуулах шугамыг гэмтээж 17 мянган байшин гэрэл цахилгаагүй болжээ. Далайн шуурганы хурд секундэд 60 метр хүрч байна. Шуурга болж буй бүс нутагт далайн давалгаан өндөр арван метрт хүрчээ.